Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
НАХИСАН ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР БИЙ БОЛОХ НЬ
2012 оны 1 сарын 17 [Уншсан тоо: 29533]
МАНАН “АНА МАНА” болсон уу?

МАНАН-гаас АН салсны /гэр бүлийн утгаар нь шууд ойлгож болно/ дараа дахиад хамтарсан Засгийн газар байгуулдаг юм байна. Энэ удаад МАН дахь С.Батболд-С.Баярын фракц /цаашид товчлоод “С” фракц гэе/ У.Хүрэлсүх, М.Энхболдын фракцтай хамтарсан Засгийн газар байгуулж байна.

71-ийн хэрэг явдлыг нуршилгүй өгүүлэхэд С.Баяр Засгийн газраа байгуулахдаа МАН-аас дан ганц өөрийн талынхныг оруулсан юм. Дараа нь Сү.Батболдод залгамжлуулахдаа ч энэ бүтцээ хадгалсан. Үр дүнд нь нам засаг хоёр нь салж, Сү.Батболд парламент дахь МАНАН-гийн бүлэгт дулдуйдан Засгаа тогтоож байсан юм. Төсөөтэй юмс төсөөтэй юмсаа төрүүлдэг зарчмаар Засгийн газрыг эсэргүүцэгчид ч “нам дамнасан” бүтэцтэй болж, Д.Зоригтоор дамжуулан цөмөх гэж оролдоод барахгүй болохоороо Ерөнхий сайдыг нь унагах замаар Засгийн газраа унагахыг оролдож үзсэн.     Гэвч Засгийн газар амь бөхтэй байв. Учир нь АН-ын бүлгийн олонх Засгийн газрыг дэмжиж байлаа. Гэв гэнэт Н.Алтанхуяг таван сайдаа аваад салаад явчихаар Засгийн газар сууриараа ганхаж байна. Таван сайд зургаан дэдийн төдий асуудал биш, үүний цаана парламент дахь АН-ын бүлгийн дэмжлэг салж байгааг анзаарах ёстой.

Монгол парламентын засаглалтай улс, тиймээс Засгийн газар парламентаас хараат байх учиртай. “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн намуудын тухай хуулийн заалтаар Засгийн газрыг хянах үүргийн зарим нь намуудад шилжсэн билээ. Тиймээс АН хамтарсан Засгаас гарснаа “Ардчилал-шударга ёсны төлөөх алхам” гэдгээ батлах гэж байгаа бол, үнэхээр Засгийн газраас гарах шалтгаан нь “Юу ч хийгээгүй, тэр тусмаа юу ч хийлгээгүйд” байсан бол одоо л сөрөг хүчний үүргээ биелүүлэх ёстой. Юу ч хийгээгүй, юу ч хийлгээгүй нөхдийг зайлуулах ёстой.

АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах санал тавих л юм бол Засгийн газар мянган бурханаар хүрээлүүлээд ч тэсэхгүй нь. АН-ын ҮЗХ-ны хурал дээр Н.Алтанхуягийг МАН-ын Засгийн газрыг хамгаалахгүй байхыг тулган шаардаж байсан. АН-ынхан ийм бүтэлгүй Засгийн газарт намаа чирч оруулан шившигт хутгасан Н.Алтанхуягтай хариуцлага тооцъё гэвэл өөрийг нь огцрохыг шаардахаар Засгийн газрыг нь унагах нь илүү хялбар бөгөөд өөрсдийнх нь тайлбарт нийцтэй юм. “Алтан гадас”-ын идэвхтэй гишүүн Эрхэмбаяр гэгч ҮЗХ-г уриалахдаа “Түүх давтагдаж байна, хэдэн жилийн өмнө яг энэ өдөр МАХН-ынхан гэрээгээ зөрчин Ц.Элбэгдоржийн ЗГ-ийг унагаж байсан, өнөөдөр бид өсөө авах цаг” гэж байсан. Үнэхээр өсөө авах гэж байгаа бол нэгмөсөн одоо Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-аар оруулахад болно. Тиймээс “өсөрхөж байгаа нэрээр” ҮЗХ-оор Засгаас салах шийдвэр гаргуулах бус Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргуулах ёстой байсан юм. Тиймээс сая болдог ҮЗХ бол жүжиг.

АН дахь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан гэж цээжээ дэлдэгчид ч “Манай нам мань хөгшний өвөрт байхдаа сэмхэн амлалтаа биелүүлсэн” гэж популизм хийхийн оронд үнэхээр Засгийн газрыг байгуулсан гэрээ Сү.Батболдын хэлээд байгаа 82 хувьд хүрч биелээгүй юм бол Засгийн газрыг огцруулах ёстой шүү дээ. Гэтэл арай л “Тэр даага яахав, идэг ээ, идэг” гэсэн адуучны тухай онигоог ярьсангүй л дээ.

Гэхдээ юмыг яаж мэдэхэв, сайдуудын асуудал УИХ-д орж ирээгүй байна. УИХ-д орж ирмэгц сайдуудыг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд сөрж ЗГ-ийг огцруулах санал гаргах боломж “алдаагаа ухаарсан сөрөг хүчин” АН-д бий юм. Үүнийг хийж чадах эсэхээс АН үнэхээр сөрөг хүчин болсон уу? Аль эсвэл дахин хамтрахын тулд түр салсан уу? гэдгийг үнэхээр ана мана үзэлцэх хүсэлтэй байгаа юу? гэдгийг харчихаж болно. Тэр ч байтугай ЗГ-ийг огцруулах санал хураалт явуулах үеэр хэн нь Засгийн газрыг төлөө санал өгч байгаагаар АН дахь хуйвалдагчдыг илчилчихэж болно. Хэрэв ЗГ-ийг дэмжиж санал өгвөл тэр хүн дахин дэвших эрхгүй болох юм. Учир нь сонгуульд МАН-ыг сөрж орох зорилготой үй олон хүн намдаа 50 саяа тушаачихаад байгаа шүү дээ.

Тэргүүн шадарын золио

Харин Сү.Батболд нэг талынх нь хана баганатайгаа өм, цөм явчихсан гэрээ нураачихалгүй авч үлдэхээр чармайж байгаа билээ. Гэхдээ их л бэрх байх бололтой, сонгуулийн өмнөх улстөрийн шуурганд тэсч үлдэхэд.

Засгийн газар тэсч үлдэхийн тулд хамгийн түрүүнд Ерөнхий нарийн бичгийн даргынхаа аяыг олох ёстой. Нам доторх зөрчилдөөн эцсийн цэгтээ тулаад байгааг бүгд л мэдэж байгаа. Дарга генсек хоёр хөтлөлцөөд зугаалсан төдийгөөр эв нэгдэл хангагдчихдаг бол Сү.Батболд Н.Алтанхуягтай хөтлөлцөөд гүйх байсан юм.

Эхний цохилт Ерөнхийлөгчөөс ирсэн. Ерөнхийлөгч Тэргүүн шадар сайдын орон тоо байх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийллээ. Энэ бол маш зөв зарчим. Хоёр шадар сайд гэдэг бол хамтарсан Засагт л байх ёстой алба. Нэгэнт хоёр Ерөнхий сайд байх боломжгүй учраас шийдэл нь энэ байсан юм. Уг нь нэг шадар байхад хангалттай мэт авч Ерөнхий сайдын эзгүйд Засгийн газрын бүх эрх мэдэл цөөнхид автоматаар шилжих аюултай учраас олон улсын практикт голдуу ингэж шийддэг нь “стандарт”.

Харин өнөөдөр дангаараа Засгийн газар байгуулж байгаа МАН-д Тэргүүн шадар сайд ямар хэрэгтэй вэ? Ажигласнаар Сү.Батболд С.Баярыг Тэргүүн шадар сайдаар томилуулснаараа ар талаа батлахыг хичээжээ. Н.Алтанхуяг яг ийм үүрэгтэй байсан. Н.Алтанхуяг цөөнхийн бүлгээс ар талаа хамгалж байсан бол энэ удаад Тэргүүн шадар сайд хэнээс Засгийн газраа хамгаалах вэ? Өөрийнхөө намаас.

С.Баяр намаасаа Засгийн газраа хамгаалж чадах авч энэ албанаас татгалзах гурван үндэслэл бий. Нэгд, тэр Сү.Батболдыг томилогч болохоос дэмжигч биш, тиймээс өөрийгөө энэ богино хугацаанд В.Путины маягийн сэлгээгээр илчлэхийг хүсэхгүй байна. Учир нь тэр дахин Ерөнхий сайд болох хүсэлгүй. Нөгөөтэйгүүр Монгол Ерөнхийлөгчийн бус парламентын засаглалтай. Тиймээс нэг дэх үндэслэлээс хоёр дахь үндэслэл урган гарч байна. Хоёрт, Сү.Батболдын арыг хамгаалснаараа намаасаа тасрахыг хүсэхгүй байна. Сү.Батболдын унхиагүй байдлаас болоод тал нь сүйрчихээд байгаа Засгийн газрын төлөө улстөрийн капиталаа алдахад түүнд хайран байгаа л даа. Хэрэв ингэвэл 2012 онд нам нь ялагдаад, ард түмний хүчний тэнцвэр хадгалах сонирхолд дөрөөлөн Ерөнхийлөгчид дэвшихэд нам нь эсрэг ажиллавал түүн шиг эмгэнэл үгүй юм. Унхиагүй Засгийг унагаад бүх эрхээ аваад зүтгэсэн бол бид ялах байсан гэж У.Хүрэлсүх зүтгэвэл тун эвгүй байдал үүснэ. Учир нь У.Хүрэлсүх “Намын нэрийг сольсноороо ялагдвал ялагдлын хариуцлагыг би хүлээнэ” гээд ам алдчихсан, өнөөдөр энэ үг нь “Сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ” гэсэн хураангуй ойлголт болчихсон байна.

Гурав дахь нь бодит үндэслэл. Ерөнхийлөгч Тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгох саналаа илэрхийлсэн нь 2013 оны өрсөлдөгч С.Баяр Сү.Батболдыг аврахаар тэр суудалд очвол хориг тавина гэсэн үг юм. Энэ бол бодтой томоохон сүйрэл гарцаагүй мөн. С.Баяраас болоод Засаг унасан, ийм ойлголт нийгэмд түгвэл хамтарсан Засгийн газрыг сүйрүүлсэн ял Сү.Батболдод бус С.Баярт очиж наалдах гээд байна. Тиймээс дөрөв дэх буюу хамгийн үнэмшилтэй үндэслэл, эрүүл мэндийн шалтгаар Тэргүүн шадар сайдаас соёлтой татгалзах ёстой.

Гэхдээ С.Баяр шиг улстөрийн технологич аливаа нүүдлээ огт хожоогүй хийнэ гэж юу байх вэ? Тиймээс Тэргүүн шадар сайдын суудлыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд /чухам түүнд/ найр тавьж, бараг л дургүй ламд дарж байгаад сахил хүртээхээ мэдэлгүй яахав. Одоо У.Хүрэлсүх Засгийн газрын бөгсийг хамгаалах үүрэгтэй боллоо. Хэрэв томилогдвол шүү дээ. Наана нь АН-ын бүлэг У.Хүрэлсүхийг шаардлагагүй орон тоонд томилохгүй гэж зүтгээд Ерөнхийлөгч дэмжвэл Засгийн газар унасан хариуцлага түүнд наалдана. У.Хүрэлсүхээс болж Засгийн газар уналаа. Тэгээд дараагийн Засгийн газрыг байгуулахдаа тулбал лав л У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох ямар ч шансгүй болж байна. У.Хүрэлсүх үүнийг мэдсэн бололтой өөрийн оронд МАСЗХ-ны найз Я.Содбаатарыг явуулах гэж үзээд чадсангүй.

У.Хүрэлсүхэд үүнээс татгалзаж болохгүй ноцтой шалтгаан байна. Өнөөг хүртэл түүнийг дагаж, ингэснээрээ Засгийн газартайгаа зөрчилдөж өлөн зөлмүүн явсан намын бага хурлын гишүүд, залуучуудын амбиц түүнийг гарцаагүй нүхэнд унагаж байна. Залуусын хувьд зүгээр л намтартаа нэг үг, “сайд”, эсвэл “дарга” гэж бичүүлэх нь илүү чухал байгаа юм. Энэ бол улстөрийн начингуудад ядаж л чимэг байхгүй юу. Тиймээс “Та ор, бид дэмжинэ”. Гэвч тэдний дэмжлэг гэж юу байх вэ? Их сайндаа л цагаан оймс толгойдоо уяад жаал жагсана биз дээ? Шийдлийг одоо нам биш, парламент гаргана.

Тиймээс У.Хүрэлсүхээс шийдэмгий хүн бол Засгийн газраа унагаад, АН-ын бүх дайралтаас намаа авч гарах төдийгүй, ичихгүй ирж наалдчихаад хэлэлгүй салж явснаараа бүхэл бүтэн Засгийн газар унагасан АН-ынханд бүх ичгүүрийг наачихаж болох л байв. АН-ынхан биднээр ажил хийлгээгүй гэж хашгирч байхад хариуд нь “Та нар ажиллаж чаддаггүй, хариуцлага ч хүлээж чаддаггүй л байхгүй” гэж баалах боломж байгаа юм.

АН сонгуулийн жил ҮЗХ дараалан хуралдуулж, Их хурлаа хийгээд түүнийгээ акц болгоод сонгуульд орохоор бэлтгэж байна, харин МАН ч хариуд нь яг ингэх боломж бий, тэгээд амлалт биелээгүйн хариуцлагыг фронтын шугам давуулаад шидчих боломжтой. Тиймээс Тэргүүн шадар сайдын орон тоонд У.Хүрэлсүх очно гэдэг дахиад л хамтарсан Засгийн газар байгуулагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл МАН-ын Засгийн газар “С” фракц ба “У.Хүрэлсүх-М.Энхболдын фракцын” хамтарсан Засгийн газар. Дахин хэлэхэд Тэргүүн шадар сайд гэдэг хамтарсан Засгийн газарт л байдаг албан тушаал юм.

Шинэ Засгийн бүтэц

С.Баярцогтыг Сангийн сайд болоход үүнээс дордох шугам үгүй гэж бодож байтал дорддог юм байна гээч хөөе. Д.Хаянхярваа Сангийн сайд болно гэнэ шүү. Нөгөө “Хонгор” Хярваа. Ядаж Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болсон бол хамаагүй дээр байсан юм. Их сайнаар бодоход энэ нөхөр эдийн засаг мэдэхгүйнхээ хэрээр “Дотоодын эдийн засгийн алуурчин” л болохгүй юм даа.

Ж.Энхбаярын аав Батлан хамгаалахын сайд байсан учраас хүү нь чадна гэж үзжээ. Монголын улстөр бол Манж маягийн феодалын улстөрийн систем болохыг яруу тодоор батлав. Горимын санал байна, Ю.Цэдэнбалын хүү Зорикийг урьж Ерөнхий сайд болгоё. МАН-ын 44 дотроос Ц.Батбаяр л цэрэгт явж жаварт хацраа хайруулсан эр тулдаа БХ-ын сайдад нэр дэвшсэн ч цолыг нь генералууд голжээ дээ.

Говь-Алтайн төвд дулааны шугам татсан туршлагаараа Ц.Дашдорж ЗТБХБ-ын сайдад дэвшжээ. Тэр Х.Баттулгын хэмжээнд ажиллаж чадах уу? Тэртэй тэргүй ажиллахгүй Засгийн газарт чимэг нэмэх төдий хүмүүсийг, тэр тусмаа гарах шансгүй нөхдөө оруулаад сонгуулъя гэж тооцоогүй байлтай. Шалтгаан нь ойлгомжтой, Засгийн газрыг сөрж дуугардаг нөхдийг шингээж байна. Парламентаас хамгаалалт хийж байгаа болохоос үлдсэн жаахан хугацаанд юм хийх ямар ч шинж төлөв алга.

Энд нэр дурдсан хүмүүсээс Ц.Батбаяр, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар нар Н.Энхбаярт хандтай. Тиймээс Ц.Дашдоржоор Ц.Батбаярыг цохиж байна. Ж.Энхбаяр залуучуудын фракц, уг нь МАСЗХ-ны угшилтай авч У.Хүрэлсүхийг дагахгүй, Д.Бямбацогттой нийлж Засгийн газраа шүүмжилж явсан “шинэ фракцын” хүн. Парламентад энэ хоёроос гадна Х.Тэмүжин, Лу.Гантөмөр, Ж.Сүхбаатар нар нам дамнасан бяцхан бүлэглэл үүсгээд байсан юм. Гэхдээ Засгийн газар бүрдэх нөхцөл алга, тиймээс магадгүй эд бүгдээрээ золиос болж магадгүй байна. Өөрөөр хэлбэл шинэ Засгийн газрыг хэвлийд нь нухах гэж байна. 

Олзуурхууштай нь Э.Бат-Үүлийн лүндэн батлагдсангүй. Мань эр Засгийн эрх С.Баяраас Сү.Батболдод шилжих үед “Бид Засгаас гарч болохгүй, хэрэв гарвал манай Н.Батбаяр, С.Эрдэнэ, З.Энхболд мэтийн нөхөд зөрөөд Засгийн газарт орчих гээд байна” гэж байсан шүү.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив