Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Систем гацлаа, удахгүй өөрөө өөрийгөө эвдэх болно
2012 оны 4 сарын 10 [Уншсан тоо: 47047]
Гарц чинь байхад...

Хурандаа нар аа, та нарыг тушаал өгсөн улстөрчдийг илчлээд ялгүй өнгөр гээд байгаа юм биш үү, “цаадуул чинь”. Гэтэл та нар “Биднийг цэргийн зүйл ангиар яллах гэлээ” гэж зөрж зүтгээд байх юм. Цэргийн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн нь та нарт тушаал өгсөн хүнийг илчлээд ялгүй өнгөрөх боломж олгож байна шүү дээ. Цэрэг хүн заавал тушаал биелүүлэх ёстой, биелүүлснийхээ төлөө биш, биелүүлээгүй тохиолдолд яллуулдаг учраас чухамхүү наад “цэргийн зүйл анги” чинь л авралын гарц шиг харагдаад байна даа.

Хэрэв тушаал өгөгчдийг илчилбэл буцаагаад энгийн зүйл заалтаар яллах боломж байхгүй, учир нь энэ хэргийг өмнө нь “Албан ажилдаа хайнга хандсан” гэсэн “энгийн иргэнд” хамаарах зүйл ангиар шалгаад, шийдээд, өршөөчихсөн байна. Тиймээс санаа зоволтгүйгээр буудах тушаал өгсөн хүмүүсээ л нэрлэчихээч. Асуудал тэгээд л “конец”. Ингэхгүй цахдаад байвал...

7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр алагдсан таван иргэний амь нас нь Монголын ардчиллыг үнэ цэнэтэй болгосон юм. Монголчууд сонгуулийн луйвар булхайг эсэргүүцээд, ийм үнээр ардчиллыг хамгаалж үлдсэн юм. Иргэд саналаа луйвардуулахгүйн төлөө, өөрийн үзэл бодлоо хамгаалж тэмцсэн юм. Хэдийгээр тэднээс тав нь алагдсан ч Монголд ардчиллыг амь насаараа дархалсан юм.

Зүй нь өнөөдөр МАН-ын илүү гоёмсогоор сүндэрлэсэн “Тусгаар тогтнолын ордны” өмнөх талбайд алагдсан таван хүний дурсгалд зориулсан хөшөө босгох ёстой, хэрэв Г.Мөнхбаяр улсын газрыг өөрийн мэт сэтгэж өгөхгүй байгаа бол ордных нь ханан дээр нь тэдний дурсгалд зориулсан гэрэлт самбар байрлуулах ёстой юм. Энд “Ардчилыг хамгаалсан таван хүн үрэгдсэн” гэсэн бичигтэй.

Шатсан байшинг буцаагаад бүр гоёор, бүр өндөр, бүр бөх бат барьчихаж болж байна, тэр ч байтугай дараагийн сонгуулийн луйвраас нь өмнө шүү. Харин алагдсан залуус босч ирээгүй, шархадсан залуус бүрэн эдгээгүй. Хүний үнэ цэнэ ийм юм.

Ардчилсан хувьсгалаа цус урсгалгүй хийсэн ч хорин жилийн дараа ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахад таван хүний амь шаардсан байна. Энэ бол ардчиллын гажуудлыг засах ард түмний хүсэл эрмэлзлийн үнэ цэнэ билээ.



Хариуцлага амилах цаг 

Олон жил эрх баригчид хүлээдэггүй, “дархлагдсан хулгайчийн” тогтолцоо Монголд бий болсныг олон нийт шүүмжилж тэмцсэн. Сонгууль луйвардаад, улсын хөрөнгө шамшигдуулаад, төрөөс төрсөн тэрбумтан болоод, нисдэг тэрэг унагаад, гадаадын тагнуулын байгууллагатай холбоо тогтоогоод огт хариуцлага хүлээдэггүй дархлагдсан эрх баригчидтай болсны хар гай л ингэж гарсан юм.

Тэд хариуцлага хүлээдэггүй, хариуцлагаас зугтдаг, хуулийн завхруулдаг, хуулиас дээгүүр эрх мэдэлтэй болсон, гагцхүү түүнийгээ хамгаалж иргэдээ буудсан шүү дээ. Хэрэв таван хүний амь насны хэрэг хариуцах эзэнгүй болж “Зоригийн хэрэг” “Зоригтнуудын хэргээр” дараагийн хуудсаа нээвэл энэ улс оронд хүний үнэ цэнэ устах нь байна.

Хэрэв энэ хэрэг замхарвал улс оронд ардчилсан сонгууль явагдах ямар ч боломж үлдэхгүй юм. Төрийн эрх мэдлийг гартаа авсан дураар дургигчид луйврын сонгууль хэмээх дарангуй эмгэнэлт жүжгээ айдас хүйдэсгүй найруулсаар байх болно. Өнөөдөр тэднийг айлгаж буй цорын ганц үйл явц бол 7 сарын 1-ний хэрэг явдлыг шүүх энэ хурал. 

Ядаж 2008 оны сонгуулийн булхайг эсэргүүцсэн иргэдээс алагдсан таван хүний амь нас 2012 оноос хойш сонгууль шударга явагдах баталгаа болох учиртай. Сонгогчид санал өгөхдөө тэр таван хүний тухай бодож, тэд юуны төлөө амь эрсэдсэнийг санаж явах учиртай юм. Чухам тийм учраас энэ хэргийг ирэх сонгуулийн өмнө заавал шийдэх ёстой.

Тушаал биелүүлэхгүй байх эрх

Дарга нар нь улстөрчдийн тушаал биелүүлсэн хэргээр асуудлаа шийдүүлэх гэж байхад цагдаа нар аанай л тушаалаар тэднийгээ өмөөрч байгааг харахад 71-ийн хэрэг явдал цагдаагийн байгууллагад ямар ч сургамж өгөөгүй нь бололтой байна. Ардчилсан нийгмийн нэг чухал мөн чанар нь алдаанаасаа суралцах, алдаагаа давтахгүй байх боломжид оршдог. Гэвч үүний цаана ахиад “тушаал өгөгчид” сүүдэгнэж байна. Тушаал өгч хүн буудуулчихаад түүнээсээ мултрахын тулд тушаал өгч цагдаа нарыг жагсааж байгаа тэр үл үзэгдэгч гарууд, нууц ноёд хэн бэ?

71-ийн хэрэг явдлын (МАН-ынхан ингэж ярьдаг юм байна) хариуцлагыг төрийн өмнөөс хамгийн түрүүнд хүлээх учиртай байгууллага бол ХЗДХЯ юм. Өнөөдөр ХЗДХЯ прокурор, шүүхийг эсэргүүцэж байгаа нь, тус яамны харъяа ЦЕГ цагдаа нараа шүүхийн эсрэг турхирч байгаа нь ямар зорилготой вэ? Нарийндаа тус яам болсон үйл явдлаас сургамж аваагүйгээр барахгүй, бүлэглэлийн дарангуйлагч тогтолцоог үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа нь ил боллоо. Хэрэв энэ нь сайдаасаа хамааралтай бол тэр сайдыг үтэр түргэн зайлуулах ёстой.

Улс оронд бий болсон эмх замбараагүй байдлын хариуцлагыг хэн хүлээдэг нь тодорхой. Юуны өмнө ХЗДХ-ын сайд, хэрэв ХЗДХ-ын сайддаа хариуцлага тооцож чадахгүй бол Ерөнхий сайд. Ийм ноцтой шалтгаанаар Засгийн газар хариуцлага үүрч тарах ёстой.

Яах гэж иргэд татварын мөнгөөрөө Засгийн газрыг санхүүжүүлдэг вэ? Өөрсдийгөө буудах сумны мөнгийг төлөх гэж татвар төлдөг гэж үү? Яг ийм учраас 71-ийн хэрэг явдлын дараа Засгийн газар хариуцлагаас мултрахын тулд ялагдсан сөрөг хүчинтэйгээ хамтарсан Засгийн газар байгуулсан юм. МАНАН бол нэн тэргүүнд 71-ийн хэргийг далдлах зорилготой байсан бөгөөд сонгуулийн өмнө МАНАН сарнимагц далдалж байсан хэрэг нь илэрч байгааг бид харж л байна шүү дээ. Хэрэв өнөөдөр энэ хэрэг нэг тийш болж шийдэгдэхгүй бол 71-ийн хэрэг явдлын хариуцлагыг хамтран дарагдуулснаараа, удаашруулснаараа АН бас хариуцлага хүлээх ёстой.

Энэ удаад хамаг муу муухай нэрийг ахиад л цагдаа нар зүүж байна. Луйварчдын байрыг хамгаалснаараа тэд бас л муу нэр зүүсэн. Эцсийн дүндээ эрх баригчид цагдаа нараар хамаг муу муухайгаа хаацайлдаг зуршилтай болсон байна. Ардчилсан хувьсгалын индэр дээрээс жүжигчин Батзаяа урлагийнхныг төлөөлж үг хэлэхдээ “Бид ямар жад бамбай юм уу?” гэж байсан. Хорин жилийн дараа цагдаа нар яг ингэж асуух эрхтэй.

Эцсийн дүндээ хэн хохирдог вэ? Жирийн ард түмэн, бас тэр ардтүмний нэг хэсэг болсон цагдаа нар. Авилгыг хэн өөгшүүлсэн бэ? Цагдаа нар. Ард түмний эсэргүүцлийн хэн дарсан бэ? Цагдаа нар. Яагаад? Төрөөр тэжээлгэж, төрийн хувцас өмсдөг учраас гэж тайлбарладаг. Гэвч тэжээгч, хувцаслагч нь тэр төрийн нэрээр хаацайлагдсан гэмт этгээдүүд биш харин буудуулж хохирсон иргэд. Ийм л нэр хоч “тушаал биелүүлсэн” цагдаад оногдож байна. Гэтэл энэ бүхэнд эгэл жирийн цагдаа нар ямар ч хамаагүй. Харин тэднийг удирдаж байсан офицерууд буруутай.

Өнөөдөр цагдаа нар мөн л тушаалаар офицеруудаа хамгаалж байна. 71-ийн хэрэг явдлын дараа “Цагдаа нар заавал тушаал биелүүлэх үүрэггүй” гэдгийг мөн ч олон ярьсан авч өнөөдөр бахь байдгаараа л байна. Тэдний энэ ухамсаргүй үйлдэл нь 7 сарын 1-нд яг ийм ухамсаргүй байдлаар “тушаал биелүүлснийг” нотлоод байна. Цагдаа цаашдаа тушаал биелүүлээд л байх уу? Тиймээс яг энэ үйл явдлын өрнөл дундаас цагдаа нар “Бид тушаал биелүүлэхгүй” гэж хэлэх эрхээ эдлэх боломж олдож байгааг ашиглаасай. Хэрэв одоо л ашиглахгүй бол эрх баригчид амтшаад дараа дараагийн улам ноцтой үйлдэлд цагдаа нарыг турхирахад бэлэн байна. Хамгийн хоржоонтой нь тушаалаар хурандаа нарыг хамгаалж байсан цагдаа нар нэг л хоромд мөн л тушаалаар хамгаалж буй обьектоо баривчлаад ганц худаг руу илгээчихэж байна. Энэ нийгэм хэнбугайд ч болов найдах юм ганц ч үлдсэнгүй. Энэ бол найдваргүй тогтолцоо.

Шийдэл


7 сарын 1-ний хэрэг явдлын хариуцлагыг хурандаа нар үүрээд гарвал нийгэмд тун аюултай, маш буруу жишиг тогтох нь байна. Х.Тэмүжиний тараасан баримт үнэн бол тэдний нэг нь хүүхэд буудсан хэргээр яллуулах нь тодорхой байна. С.Бодровын “Чингис хаан” киноны нэг сюжет байдаг юм. Тэмүжин Тангудын шоронгоос оргож тал нутагтаа ирэхдээ “Монголчууд ямар байна вэ?” гэж Бөртээс асуухад “Бүр дордсон, хүүхэд ч өрөвдөхөө больсон шүү дээ” гэдэг. Яг тийм харгис бурангуй цаг үе эргээд ирчихэж.

Гэвч асуудлын гол нь “Биш ээ, цаад эзнийг нь” гэдэгт л байгаа юм. Улс төрчид дураараа дургиж, иргэдийг хамгаалах үүрэгтэй цагдаа нарыг зэвсэглэж, иргэдийнх нь эсрэг турхирсан бол тэдэнд л хариуцлага тооцох ёстой. Хэрэв хурандаа нар шүүхэд “Улстөрчид тушаал өгөөгүй” гэж мэдүүлбэл дур мэдэн иргэдийг буудсан, таван хүний амь хохироосон ялыг хурандаа нарт оноох ёстой болчихоод байна.

Энд улстөрийн хариуцлага л хамгийн чухал. Хэрэв улстөрчид хаацайлагдаж, цагдаагийн байгууллагын эрх мэдэлтнүүд дур мэдэн иргэдээ хөнөөсөн бол тэднийг хууль бус үйлдлийг хязгаарлаж чадаагүйнхээ төлөө наад зах нь тэр үеийн ХЗДХ-ийн сайд, Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой биз?

Яаж ч бодсон энэ бол “цэвэр улстөрийн асуудал”. Цаашид хүний амь хөнөөлгөхгүй байх жишиг гагцхүү улстөрчдөд хариуцлага тооцсоноор л тогтоно. Ардчилсан нийгэмд ардчилсан зарчмаар ард түмнийхээ саналаар сонгогдчихоод ард түмнээ бууддаг тийм улстөрч байх ёсгүй. Гэтэл буудчихаад байна!?

Энгийнээр бодоход энэ улсад ардчилсан зарчим огт байхгүй болсон байна. Ардчилсан бус нийгэмд, ардчилсан бус зарчмаар сонгогдчихоод, өөрийг нь сонгоогүй хүмүүсийг буудсан байгаа биз? Ардчилсан нийгэмд сонгогчид хэнд ч, хэзээ ч өөрсдийг нь алах эрхийг өгдөггүй. Хэрэв ийм улстөрчид цаашид гэм зэмгүй яваад байх юм бол ардчилал огт байхгүйтэй адил. Хэрэв энэ хэрэг явдалд улстөрийн хариуцлага тооцож чадахгүй бол сонгуульд санал өгөх ч хэрэг алга. Саналаа хамгаалж буудуулснаас огт санал өгөөгүй нь дээр. Хэрэв асуудал шийдэлгүй өнгөрвөл 2008 оны 7 дугаар сарын 1-нд эрх баригчид төрийн эрхийг хүчээр булаан авснаа батлах болно. Тэр өдөр бол цуст эргэлтийн өдөр байх болно.

Улстөрийн шүүх

Би энд шүүхийг өмөөрөхгүй, өмөөрөх ч хүсэл алга. Шүүх шударга ажилладаг гэдэгт би л лав огтхон ч итгэдэггүй. Шүүх яаж шийдвэр гаргадгийг би өөрөө мэдэхийн дээдээр мэднэ. Чухам энэ шүүх 2008 онд хоёрдугаар хагасаас олон зуун хүнийг алх цохин шоронд илгээж байсныг тэд, тэдний ар гэр, бас бид мартаагүй байна.

Цагдаагийн хурандаа нарт тохиолдож байгаа тэр бүх “хууль зөрчсөн” үйл явцууд тэгэхэд ч явагдаж л байсан. О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарт хэрэгтэйгээ танилцах ийм л богино хугацаа олдож байсан. Өмгөөлөгчид нь, зөвхөн тэдний ч биш, хоригдсон 700 гаруй иргэний өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ өмөөрөх боломж туйлын хязгаарлагдмал байсан. Гэвч хэргийг шийдээ л биз дээ. Чухам энэ чинь л системээ эвдлэн нураах болно. Шүүхийн ажиллагаа тасралтгүй үргэлжилбэл цагдаад гацаа үүснэ, цагдаагийн ажиллагаа үргэлжилбэл шүүх, прокурор гацна.

О.Магнай, Ж.Батзандан нарт “цэргийн” биш ч “терроризмын зүйл ангиар” ял тулгаж л байсан. Хэрэв зүйл анги нь “үнэхээр зөв” зүйлчлэгдсэн бол хоёр өндрийг онгоцоор мөргөж шатаасан этгээдүүдтэй хамт ОУ-ын террористуудын жагсаалтад тэднийг багтаачих тийм л мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Өнөөдөр хурандаа нар яг О.Магнай нарын аргаар “өвчний учир” хоригдохгүйг хичээж байна. Шударга ёсны төлөө тэмцсэн залуусыг “алингаа алдаж байна” гэж адлаж шоолж байсан нөхөд өнөөдөр “хурандаа нар” алингаа алдаж байна гэж шоолохгүй л байна. Энэ бол “Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг л байхгүй юу.

О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарын ард бараг л хүн үлдээгүй байсан. Зуу зуугаар нь хорьж, алах ял зааж нийгмийг айлган сүрдүүлж, хэвлэлүүдийн амыг барьж, дэмжлэггүй болгохыг оролдож байсан нөхөд өнөөдөр яг өөрсөд дээрээ зовлонгоо авч байна. Үйлийн үр гэж энийг хэлдэг байхгүй юу. Үйл боловсрохын цагт үүд хоймрын ялгаа байдаггүй юм байна.

Эцсийн дүндээ “Хурандаа нарын хэргээс” хамгийн их айж байгаа нь МАН. Сонгууль дөхөж байхад кампанит ажилд зарцуулах хөрөнгөө “шүүхийн хурлын эсрэг” цацаад баларч байна. Ахин хэлэхэд хурандаа нар аа, та нар тушаал өгсөн эзнээ заагаад өгөхөд л хэргээс мултарна. Хэрэв ингэхийг хүсэхгүй бол 2012 онд МАН та нарыг хамгаалах чадваргүй болох нь бараг л тодорхой болчихоод байна. “Монголын нууц занаа” гэгчээс айж, тушаал өгөгсдийг нэр төр, бие сэтгэлээрээ хаацайлах гэж байгаа хурандаа нар ирж буй цагийн салхийг мэдрэхгүй л байна даа. Шүүх ажиллагаа яаж ч байсан хурандаа нарт ял оноож л дуусах байх, тэгээд торны цаанаас жиргүүлэх гэж үзэх байх. Тэгвэл хурандаа нар гомдсондоо “хамгаалагчдаа мэдүүлээд эхэлнэ”.

Гэхдээ, “Тунгаан бодоцгоо таминь”. Та нарын халуун зэвсгээр хамгаалж үлдсэн тогтолцоо чинь ямар хурдтайгаар нуран унаж байгааг анзаарахгүй байна уу? АТГ авилгачдыг хаацайлдагаасаа татгалзахгүй бол өөрөө сүйрнэ, шүүх хурандаа нараар “тушаал өгөгчдийг” хэлүүлэхгүй бол өөрөө сүйрнэ, цагдаа нар улстөрийн бүлэглэлийг хамгаалбал өөрсдөө сүйрнэ, прокурор яллах дүгнэлтээ буруу үйлдсэн бол бас сүйрнэ. Улс оронд буу зэвсэг, айдас хүйдсээр бус хууль журам, олгогдсон эрхээр эмх журам тогтоодог байгууллагууд сүйрвэл улс орон тэр чигээрээ хаост орж, тогтолцоо бүхлээрээ сүйрэн унана.

Төрийн институциуд өөрөө тасралтгүй явагдаж байх учиртай төрийн үйл ажиллагааг гацаагаад эхлэхээр энэ том машин инерцээрээ өөрөө өөрийгөө эвдэж сүйтгээд нийгмээрээ нуран унана. Нэг араа гацахад хүчээр зүтгүүлбэл бүр араагаа хядаж хаяад тогтолцоо нь өөрөө таг зогсдог ийм л механизм шүү дээ, төр гэдэг чинь. Ингэж гацаах шалтгаан нь хууль цөөн бүлэглэлд үйлчилдэггүй, олонхид хатуу үйлчилдэг болсон тэр гажуудсан тогтолцоонд байгааг харцгаа. Тэр хууль нь үйлчилдэггүй хэсэгтээ үйлчлэх болоход хүчээр гацаахыг оролдсоноос тогтолцоогоо эвдэн сүйтгэхдээ тулаад байна.

Тиймээс би хувьдаа баярлаж байна. Энэ адгийн тогтолцоо эвдрэн сүйрээсэй. Хэн хэний чинь зөв, хэрүүлээ үргэлжлүүл, улам өргөжүүл. Улам гүнзгий ухалц. Ингэхийн хэрээр намагжсан нийгмийн ёроолд хуримтлагдсан өмхий хий дэгдэж, эрүүл агаартай исэлдээд өчүүхэн очинд л дэлбэрэх болно, энэ дэлбэрэлт бузар муухай намгийг ууршуулах болтугай. Улстөрчид сонгуулийн хуулиа батлаж чадахгүй нийгмийн хөрсөнд динамит булчихаад дээр нь сууж байна. Системийн хямрал системийн сүйрэл болон хувирч байна, нэгэнт хэрэггүй систем эртхэн сүйдсэн нь дээр дээ. Одоо бол системийг аврах асуудал биш, системийн сүйрлээс аль болох хохирол багатай гарах цаг. Харин хэн сэлгэн залгах вэ?


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив