Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Зөөлөн хүчирхийлэл
2012 оны 10 сарын 8 [Уншсан тоо: 96761]
Одоо нэг л алхам

Монголд коммунист эринг төгсгөхөд нэг л алхам дутуу байна. Тэгэхгүй бол Монголд 23 жилийн өмнө хувьсгал ялж коммунист дэглэмийг “унагасан” ч “коммунизмын сүнс” төрийн ордонд шүглэчихээд салахгүй удлаа. Стэнфордынхон ирж ном уншаад л...

Коммунистуудын голомт болсон МАН сонгуулийн өмнө болон дараа дараалсан хүнд цохилт авлаа. Улаанбаатарт нэг ч суудал авсангүй. Намынхаа нэрийг сольсноос хойш “мордохын хазгай” гэгч болсон, гай ганцаар ирдэггүй. Ер нь бол МАХН (МАН) Ардчилсан хувьсгалын дараах шилжилтийн үед хүнд бэрх үед зохих үүргээ гүйцэтгэсэн. Хэрэв улсын заяа гэж байдаг бол улс орон энэ намын бүхий л боломжийг шавхан ашигласан, одоо бол шар үс, олгой шиг илүүдэл эрхтэн болчихжээ.  

Их өрийг тэглэх хүртэл энэ намын жижиг сажиг алдаа эндлийг нүдээ аниад өнгөрөөж болох байв, тэр цагаас хойш энэ нам төрийн уламжлалыг хадгалагч байхаа больсон. Тэгээд ч энэ их өрийг тэглэсэн ганц гавъяа нь одоо оноож байгаа ялтайгаа хамт Н.Энхбаяр ба түүний намын өмч болсон бөгөөд тэр үеийн Сангийн сайд нь түүнтэй хамт байна. МАХН-ын төрийг орлогч шинж чанар нь Б.Даш-Ёндон, П.Жасрай, Б.Энэбиш нараас намын удирдлагыг шинэ үеийнхэн, Ардчилсан хувьсгалын удирдалчидтай нэг үеийнхэн авсан тэр цагаас асар хурдан арилан баларсаар одоо мөргүй болоод байна. Нийгмийн шилжилт хэтэрхий эрсдэлтэй, хэт хурдан явахдаа өмнөх нийгмийн үед ард түмний бүтээж босгосон бүхнийг үнс нурам болгох аюулаас МАХН аврах үүргээ ч гүйцэтгэж чадаагүй. Өөр өөр нийгэмд амьдарч байсан ч гэсэн нутагт ардчилсан хувьсгалаас өмнө ч, хойно нь ч Монголчууд л амьдарч байгаа шүү дээ. Ард түмэн бүтээн босгосон бүхнээ нүдэн дээр нь сүйрэхийг харах ямар л сайн байв гэж?

Чухам үүнд коммунистуудын сайн тал байсан ч, үүнийгээ хийж чадаагүй учраас хэнд хэрэггүйтүүхийн хог болох зам руугаа явжээ. Магадгүй тэр үеийн МАХН-д эхэндээ сэтгэл зүрх, алгуур шилжилт хийх үзэл санаа байсан л байх, гэхдээ л эсэргүүцэх л гэж Ардчилсан хүчний “цочир шилжилтийг” эсэргүүцсэн учраас, тэр сүйтгэлийн тоормос системтэй бус байснаас овоохон сүйтгүүлээд дууссан. Дараа өөрсдөө нэмж сүйтгэсэн. Эцэст нь өөрөө сүйрч байгаа МАН-ын өнөөгийн байдлыг дүгнэж үзье.

        1.МАН-ын санхүүгийн сүйрэл

Улс-төр эдийн засгийн суурь нь нуран унасан тэр цагаас МАХН динозавр болсон. Ардчилсан хүчинтэй хамгийн түрүүнд хийсэн тохироог санацгаая. МоАХ-ын салбар зөвлөлүүдийг татан буулгасны хариуд МАХН үйлдвэр аж ахуйн газруудыг удирдан чиглүүлдэг намын хороодоо татан буулгасан билээ. Тэр цагаас МАХН засаг захиргааны хуваарийг дагасан бүтэцтэй болсон. Энэ бол орлогогүй, зардалтай бүтэц.

Үйлдвэр аж ахуйн газруудад хяналтаа алдсаныхаа дараа улсын өмчид тулгуурласан эдийн засгийн бааз сууриа хувийн өмчид тулгуурласан бааз суурь болгохыг хичээхдээ өмч хувьчлалыг гацааж байснаасаа гэнэт татгалзаж, хувьчлал, банк-санхүүгийн үй түмэн луйвар булхайг эрчимтэй  зохион байгуулалттай хийснээр энэ нам улстөрийн үзэл санааг тээгч биш, прагматик хуйвалдагчидын үүр, төрийн мафи болон хувирсан юм. Нагаржунайгаас Бадамжунай хүрсэн өөрчлөлт, Бадамдоржоос Нямдорж хүрсэн уламжлал хоёр л гэх үү дээ. Агуулгаар нь авч үзвэл шилжилтийн эхэн үед өмнөх нийгмийн эдийн засгийн бааз суурийг эвдэлгүй алгуур шилжилт хийх ёстой гэсэн номлол энэ намд байсан, харин эрх мэдэл шинэ үед шилжсэн тэр цагаас “гагцхүү өөртөө өрсөн хувьчлах” өрсөлдөөнд оржээ.      

Хувьчлалыг эдийн засгийн агуулгаар бус улстөрийн зорилгоор хийсэн учраас социалист нийгмээс “цохисон” эдийн засгийн бааз нь ирээдүйгүй хог новшны цуглуулга болж, МАХН-ынхны хувьчилж авсан бүхэн сүйрч байв. Намын байгууллагад аж ахуй удирдах боловсон хүчний нөөц байсангүй. Захиргаадалтын үеийн улстөрийнхнөөс сайн бизнесмэн төрөхгүй л дээ. Ийм нөхцөлд намаа санхүүжүүлэхийн тулд банк-санхүүгийн салбарт томоохон луйвруудыг зохион байгуулж байв. ”ХОТШ”, “Сэргэн босголт”-оос эхэлсэн энэ санхүүгийн махинаци нь ХЗХ-ны хэрэг, “Хадгаламж” банкны луйвар, “АНОД”-ын дампуурлаар дуусгавар болов. Дараа нь Уланбаатарын газрын наймаа, ашигт малтмалын лицензийн наймаа цэцэглүүлсэн ч нийгмийн хөгжлийн явцад сүйрсээр... Эцэст нь нам хэмээх асар том динозаврыг тэжээхийн тулд шинэ тутам тодорсон бизнесүүдийг намдаа татаж эхлэв. Ийнхүү өөрчлөлтийг гацаагч байсан нам өөрчлөлтийг гажуулагч болон хувирчээ.

Энэ бүхний эцэст МАХН-д улстөрийн үзэл санаа бус мөнгө бүхнийг шийдэх болсон ба намыг санхүүжүүлэгч “даймондууд” нь 2010 онд намын эрх мэдлийг улстөрийнхнөөс худалдан авснаар бүрмөсөн мөхөх замдаа оржээ. Бодат байдалд МАХН зүүний ч бус, олигархуудын нам болсон юм. Харсаар ийм байхад намынхаа нэрийг сольсон нь ямар ч үр дүнгүй алхам болсны дээр намаасаа хөөгдөж ганцаардсан Н.Энхбаярт улстөрийн тоглолтын талбар гаргаад өгчихснөөс нам нь хуваагдаж дуусав. МАН урд өмнө нь санхүүжилтээ улстөрийн аргаар шийдэхийг оролддог байснаа, улстөрийг санхүүгээр шийдэхийг оролддог л болж хувирчээ. Ингэснээр УДШ-ийн бүртгэл дэх бичгээс өөр “улстөрийн” байгууллага гэх ямар ч шинж тэмдэг үлдсэнгүй.

Эрхбиш намыг худалдан авагсад “шинэ Монголчууд” учраас коммунист уламжлалаа тээршааж эхэлжээ. Ходоодны нь мухарт өмнөх нийгмийг үл тоомсорлох үзэл байдаг учраас намыг худалдан авагчид МАХН нэрийг сольжээ. Ингэж дураар авирласнаараа намынхаа хөгцөрсөн ч, гүнзгий суурь болсон хуучинсаг хатуу үзэлтнүүдээ шившиглэж орхисон юм. Тэд өөрийн намынхны шударга бус бүхнийг намын гишүүн учраас коммунист араншингаараа тэсч байсан, харин АН-ын шударга бус үйлдэл бүрийг чин сэтгэлээсээ үзэн яддаг тийм л “шударга” хүмүүс байсан юм шүү.

“Бүхнийг мөнгөөр...” гэсэн шинэ номлол намыг сүйрүүлжээ. Мөнгө багатай улстөрийнхөн нь намын жагсаалт гэгчид чихэлдэн байж улстөрийн тавцанд үлдсэн бол мөнгөтэйнүүд нь тойргуудад “мөнгөөр уйлаад” ч гарч чадсангүй. Сонгогчид ядуу, прагматик болсон, ялахад гурван хүчин зүйл хэрэгтэй энэ бол “Мөнгө мөнгө бас дахин мөнгө” гэсэн “Сү-Мэ”-гийн эвслийн шинэ номлол бутниргүүллээ. Энэ сонгуулиас үлдсэн өв нь намын хуучин ба залуу үеийнхний хуваагдал. Мөнгөтэй хэсгээ дагасан угсаа залгамжлах хүсэлтэй баярхуу залуус, улстөрийнхний дэмжлэгтэй хийрхүү залуусын зөрчил үлджээ. Одоо парламентад “улстөрийнхөн” илүү олон үлдсэн учраас улстөрийн гэхдээ коммунист маягийн гөжүүд алхамууд л гарч байна.

Намын удирдлага солигдоход тэртээ 1996 онд Н.Энхбаяртай хамт намын эрх мэдлийг авч байсан “улстөрийн кадр” дэвшин гарч ирлээ. Генсек нь тэр үеийнхнийг идэвхтэй дэмжигч нэрийг нь мартчихаагүй бол МАСЗХ гэгч МХЗЭ-ийн сүнс байгаад арилсан байгууллагын идэвхтэн. МАН гэв гэнэт хув хуучин нам болж хувирчээ. Нөгөө шинэчлэгдэж байгаа намын бэлгэдэл залуус яасан?

Ялагдсан МАН санхүүгийн хүндрэлд оров. Гишүүдийнхээ тоог нэмэх ухамсаргүй өрсөлдөөнд ороод эцэст нь тэднийгээ тэжээх чадваргүй нам болжээ. Хэрэв Засгийн эрхийг авсан бол эрхбиш хоногийн хоол залгуулах байсан авч ялагдсанаараа төрийн мөнгөний эргэлтийн судалд зүүг нь гүнзгийхэн шаасан санхүүжилтийн “дуслын систем” нь тасарчээ. Хөрөнгөтнүүд прагматик зангаараа мөнгөө аваад АН руу эргэв. Харин намдаа үлдэгсэд нь ашиггүй хөрөнгө оруулалтаас татгалзаж байна. Чухам ийм учраас орон нутгийн сонгуульд ялахын тулд газрын албаны экс даргыг хотын намын даргаар тавьж байна. Энэ бол санхүүжих арга ядсан арга, ийм санхүүгийн нөөцөөр нам орон нутагт ялах уу?

Уг нь нэг хэсэг газар зараад л намаа санхүүжүүлэх байх гэж бодсон байх. Гэвч АН орон нутгийн сонгуулийн үеэр МАН-ын санхүүжилтийг таслая гэвэл Сандуйн ах дүү амраг садныхаа нэр дээр авсан газрын бэлэн жагсаалтыг үндэслэн цагдаад өгвөл барж. Ийнхүү МАН нүүрсээ зарж чадахаа байсан Монгол Улсаас долоон дор санхүүгийн хямралд орлоо.

        2.Гадаад хүчин зүйлийн сүйрэл

Одоохондоо Монголд АНУ, БНХАУ л их найрсаг байна. Сонгуулийн дараахан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчлав. Түүнийг Роза Отунбаева “дагалдан” ирсэн бөгөөд Хиллари “Монголын ардчиллыг бид дэмжиж өөд нь татна” гэдгээ харуулсан бол Р.Отунбаева нь Азид хамгийн үлгэр жишээ Монголын ардчиллын замаар улс орноо хөтлөж байгаагаа харуулжээ. “Стан”-уудаас авторитар дарангуйллаа өнгөт хувьсгалаар халж, парламентын, зарим ангиллаар олон намын ардчиллыг хөгжүүлж байгаа дундад Азийн нүүдэлчин улсын хувьсгалын загалмайлсан эх.

Тун удалгүй Ф.Фукуяма тэргүүтэй Стэнфордын эрдэмтэд ирж Монголчуудын “тархийг угаав”. Хямарч байгаа ч хамгийн ирээдүйтэй дэглэм бол либерализм ажээ. Мань эрдэмтэд хүнд нь тааруулав уу, бид тэгтлээ боловсорчихов уу, ямар боловч лекцүүд нь гайхалтай санагдсангүй. Ф.Фукуяма Монголыг Орос-Хятадын “Захиргаадалтын капитализм”-аар замнахгүй байхыг тойруу замаар ятгав. Хариу нь хэн Орос, Хятадыг дуурайх гэсэн юм бэ? Асуултыг англиар асуугч бүсгүй “Би АНУ-д төгссөн хуульч, танай хуулийг яг хуулбал бид АНУ болчих байхаа тээ?” гэж асуусныг сонсоод цаадуул нь лаг лекц уншчихлаа л гэж бодсон байх даа. Ийм онигоо байдаг. Аргентиний Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчээс оюутан асуужээ. Манай бүх хууль АНУ-ын хуулийг яг хуулсан атал бид яагаад АНУ болдоггүй юм бол? Хариуд нь “Яагаад гэвэл АНУ-д АНУ-ын ЭСЯ байдаггүй байхгүй юу”.  

Харин С.Краснер “Үндэсний улстөрчиддөө бүү итгэ, ашигт малтмалаас олж буй мөнгөө гадаадад хадгалуул. Ингэхдээ сан байгуулах ба санг 7 хүн удирдана, танайхаас гурав, гадаадаас дөрвөн хүн томил, тэгээд заавал дөрвөн саналаар асуудлыг шийддэг болбол хөгжинө, тэгэхгүй бол танайхан (С.Баярцогт шиг л гэж би ойлгосон) тараагаад хаячихна” гэхчилэн ярив. Тэгж ч мөнгөө луйвардуулахгүй шүү.

Гайхалтай нь тэдний араас сүүл даран БНХАУ-ын төлөөлөгч Дай Бангуо орж ирэв. Монголыг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцуулахаар урьсныг мэдээд “Монголчуудын ухаанд нь ухна үхчихэж, Монгол юу юм бэ? Татаад дууссан тамхины иш шиг ямар ч хэрэггүй улс” гэж Хятадууд уурлаж байсныг бодвол мань эр “иш татахаар” ирээгүй л байх. Бас л уул уурхай.

Ерөнхийдөө араас нь уншвал барууныхан “Нүүрсээ Хятадад хямдхан зараад хураасан жаахан мөнгөө барууныханд өгчих” л гэцгээж. Харин Хятадууд “Монголыг барууныхан татаад дууслаа бидэнд иш л үлдэх вий” гэж байна. Хоёулаа миний хүү гэдэг шиг, хоёулаа л... Харин гуравдагч, тодорхой хэлбэл Монгол хаана байна?

Монгол хоёр системийн дунд савлаж байна. Сүүлийн үед Монголд либерализмыг шүүмжлэх хандлага илт газар авч байна. Үүнийг нь коммунизмаа санагалзсан хэрэг гэж үзэж байх шиг. Орос, Хятад, барууныхан хун хавчаахай зурхай шиг Монголыг гурван тийш чангаана. Бид дороо дэвхэцсээр.

АНУ-ын төрийн нарийний айлчлалын дараа Ардчилсан нам илүү шийдэмгий ажиллаж эхлэв. Н.Энхбаярыг өмөөрч утсаар ярьсан туслахынхаа алдааг Хиллари хатагтай өөрийн биеэр ирж залруулсан тул Н.Энхбаярт зохих ялыг оноожээ. Азийн хамгийн ахмад коммунист намуудын хувьд найзархаж байсан ХКН-ын анхаарал Япон руу эргэжээ. Япон Хятадын хүйтэн дайн оргилдоо тулж байна. Ийм нөхцөлд МАН-ын гадаад дэмжлэг илэрхий суларч байгаа нь дамжиггүй.

МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэх боломж нь ХКН-аас амласан 300 сая ам.долларын баталгаанд байсан юм. АН-ын мөрийн хөтөлбөр ч энэ боломжийг тооцсон байсан авч АН Засгийн эрхэнд гарсны дараа БНХАУ эдийн засгийн хориг эхлүүлжээ. Монголын гол экспортын бүтээгдэхүүн нүүрсийг авахаа байжээ. Таван толгойн ордын ашиглалтын гэрээ гацаж байх зуур ОХУ БНХАУ-д төмөр замаар нүүрс нийлүүлэх томоохон гэрээнүүдийг хийсэн учраас БНХАУ Монголын хямдхан нүүрсийг авахгүй байлаа гээд хүндрэл үүсэхээргүй боломжоо бүрдүүлж авчээ.

Манайхан Хятадууд зөвхөн металлургийн хэрэгцээнд зориулсан нүүрс авч байна гэж боддог боловч үнэндээ коксийн экспортоо нэмэгдүүлэхийн тулд Монголоос нүүрс авдаг байсан юм. Засгийн газар хүндхэн шалгуурыг давах хэрэгтэй болжээ. Хятадын боомилолтыг тэсч гарахын тулд барууны хөрөнгө оруулагчдыг үргээхгүйг хичээж байна. Энэ хэрээр АН-ын баруунтай тогтоосон харилцаа улам өргөжиж байхад МАН үнсэнд хаягдсан шалз болж хувирчээ.

Интернационалтайгаа явах уу?

МАН-ынхан одоо ёстой “Интернационал”-аа дуулж байна. “Энэ бол бидний эцсийн эрс тулаан, МАН-тайгаа Монголчууд давшина” Хаашаа? МАН яаж ч бодсон эцсийн дүндээ ХКН руу л чирнэ. МАН задран бутарсаар эцсийн зогсоолдоо тулжээ. Иргэний улстөрийн хүчнүүд “Уг нь бид улстөрийн томоохон орон зай эзлэе гэсэн бол өнгөрсөн хугацаанд уг нь АН руу л дайрдаг байж. Тэгсэн бол сулыг нь хүчтэйтэй нь хамтарч дарах байж” гэж дүгнэж байв. Гэвч иргэний хөдөлгөөнүүдийн дарамт шахалт хүчтэй байж, МАН тэсч үлдэхийн тулд АН-ыг халхавч болгохыг оролдож байсан. АН МАН-ын түшиг тулгуур байсан ч өнгөрсөн сонгуулийн өмнө тулгуур салгаж аваад явжээ. АН салмагц МАН эвдрэн сүйрч байна. МАХН хуваагдсанаар бахархалт төмөр мэт бөх бат эгнээ нь хэврэгшин сарнижээ. Энэ бол их том ололт юм шүү. Сүүлийн жилүүдэд оргилсон иргэний хөдөлгөөнүүд сунжирсан хүндхэн тэмцлийнхээ явцад хуучин нийгмийн үлдэгдэл МАН-ыг бутниргэхэд бүхий л боломжоо шавхжээ. Тэр ч байтугай Н.Энхбаяр МАХН-ыг байгуулахад Иргэний хөдөлгөөнүүд идэвхтэй дэмжсэн нь МАН-ын хуваагдлыг эрчимжүүлэх, МАХН-д илүү олон гишүүн ноогдоход сүрхий нөлөө үзүүлсэн юм. 

Сонгуулийн үеэр Н.Энхбаярыг чөлөөлсөн нь АН-ын сонгуулийн тактик байсан гэж таамаглаж байна. Ингэснээрээ МАН-ыг бүр ч ноцтой хуваах зорилготой байсан, харин дараа нь сонгуульд ялмагцаа хэрэгцээ нь дууссан Н.Энхбаярыг буцаагаад цоожилж байна.

Одоо МАН тэсч үлдэхийн тулд МАХН-тай ойртох боломжийг эрэлхийлж байна. Харин МАХН үүнийг мэдэрч, эргэж нэгдэхдээ илүү ашигтай байрлал эзлэхийн тулд богино хугацаанд өсч томрохыг эрмэлзэж байна. Ингэснээр эн тэнцүү нөхцлөөр эргэж нэгдэж болох л юм. Тактикийн хувьд МАН МАХН-тай ойлголцсоноороо орон нутгийн сонгуульд нэгдмэл суурьтай орж амжилт олох байх гэж найдаж байна. Харин МАХН орон нутгийн сонгуульд Ардчилсан нам, ардчилсан хүчний намуудтай эвсвэл МАН-ын суурийг хуваагч, хуучинсаг МАХН-истуудын сэтгэлийг татах чадвараа алдаж сүйрэх аюулыг мэдэрч байна.

Тиймээс нэгд МАН-д дагаар орохгүй, хоёрт АН-д бас дагаар орохгүйн тулд орон нутгийн сонгуульд дангаар оролцохыг эрмэлзэж байгаа ба энэ нь Ардчилсан нам, Засгийн газрыг бүрдүүлж буй эвслийнхэнд бас дахин ялах боломжийг олгож байна. Чухам иймээс МАХН-ын дангаар сонгуульд оролцох эрмэлзлийг АН-ын зүгээс хорьж, хаахгүй байна. Эцсийн дүндээ энэ бол МАХН-ыг МАН-ын эсрэг хоёр удаа ашиглах л тоглоом. Сонгуулийн дараа МАН ч, МАХН ч хэрэггүй болно.
 
Алсын үр дүнг харвал энэ 2012 он Монгол дахь хуучинсаг баримжаатай улстөрийн хүчнийг цэвэрлэх он болох юм. МАН УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа намын удирдлагаа солихдоо томоохон алдаа гаргасан. Залуучууддаа итгээгүй, хув хуучны кадруудыг намын толгойд гаргасан байна. Ийм үед нам дахь дундаас дээш насныхан МАХН-ыг дагахад намын эгнээнд хамгийн олон тоотой үлдсэн залуучуудынхаа хор шарыг хөдөлгөжээ. Залуучууд нь намын эрхийг авах хүсэлтэй байгаа, УИХ-ын сонгуулийн дараа үүнийгээ хангалттай илэрхийлсэн ч үл тоосон учраас одоогийн энэ удирдлагаа “шилжилтийнх” болгохын тулд орон нутгийн сонгуульд намаа ялагдуулахаас буцахгүй байна. Хоёр сонгуульд дараалан ялагдвал МАН-ын удирдлага дахь хуучны ноёрхол бүрмөсөн төгсгөл болох юм.

Хэврэгхэн шүхэр доор...

УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа МАН-ын удирдлагууд нүүгэлтэн айсуй гай зовлонг харсан юм. Н.Энхбаярыг авилга шамшигдуулалтын хэргээр ялласан нь удахгүй өөрсдийнх нь толгой дээр аянга буухын цондон болжээ. Н.Энхбаярын эсэргүүцлийн дарахын тулд хэргийг нь өргөжүүлэх ба ингэх тусам энэ эргүүлэгт МАН-ынхан улам олноор хамагдах болно.

Одоохондоо ганцхан хүнийг яллах гээд байгаа нь олон нийтэд өрөвдөх сэтгэл төрүүлж байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвших магадлалтай лидерүүдийг нь Энхбаярдаад эхэлбэл байдал засрашгүй түвшинд хүрнэ. Чухам ийм шалтгаанаар МАН-ын хууччуул булай булхайг нь дарах өөрийн хүмүүсийг удирдлагаар үлдээхийг хичээж байна. Харин цаадуул нь Н.Энхбаяртай нэн даруй ойртохыг эрмэлзэж байна. Гэхдээ Н.Энхбаярт ч гомдол бий, хүнд хэцүү цагт өмгөөлж хамгаалахын оронд гарыг барилцаж, хөлийг нь хүлэлцэж байсан шүү дээ. МАН-ын удирдлагыг залуучууд авбал эрх мэдлийг эргэлт буцалтгүй гартаа авахын тулд нэр хүнд нь унасан өмнөх үеэ золихоос ч буцахгүй гэдгийг МАн-ын толгойд байгаа улстөрийнхөн мэдэхийн цаагуур мэдэж байгаа билээ.

Ер нь шударга ёсыг бодвол өмнөх бүх алдаа гажуудлыг бурууг ганцхан Н.Энхбаяр үүрээд гарч таарахгүй, эрхбиш ардчилсан нийгмийн үнэр орсон 20 жилийн гажуудал учраас хамтын хариуцлага хүлээлгэхээс өөр гарц байхгүй юм. Ганцхан Н.Энхбаяр гэдэг хүнийг загалмайд хадаж олон нийтийг айлгахгүй нь ойлгомжтой, тэгж яривал Христийг цовдлохдоо хажууд нь хоёр хулгайч дүүжлээ биз дээ? Тун удахгүй олон нийт ганцхан Энхбаярыг бус хамсаатнуудыг нь ядаж дөрвийн бүлгээс эхлэн шалгахыг шаардаж эхлэх нь ойлгомжтой.

Ийм хавханд орсон учраас МАН ямарваа эрс хөдөлгөөн хийж чадахгүй байна. Дан ганц айдас ноёрхсон намын удирдлагаа зүхэж байгаа гишүүдийнхээ өмнө ч нэр төрөө унагасаар байна. Энэ бол гарцаагүй сүйрэл юм. Үүнийг мэдэрсэн намын удирдлагууд нь эсрэг талынхантайгаа улам бүр гүнзгий контактад орохыг эрмэлзэж байна. Тэр ч байтугай аль эрт одоо намын удирдах зөвлөлд маш нөлөөтэй байгаа нөхөр Иуда болж хувираад намын доторхи бүхий л асуудлыг ховлодог болсон. Тэрээр яаж ийгээд хвлэх үйдвэрийн газрын хэргээс мултарч дөнгөсөн гэж бодож байгаа ч эцсийн дүндээ сүйрлийн цохилт яг түүний бүлэглэлд ирнэ гэдгийг мэдэж л байгаа шүү дээ.

Зарим нэгэн мэдээллээр бол найман хүнийг цоожлохоор шалгаж эхэлсэн. Цохилт хайр найргүйгээр хотын бүлэглэлд ирэх болно. Тэр ч байтугай энэ бүлэглэл амиа аврахаар АН-д шургалуулсан хүнээ ч чирээд орох байх. Хотын бүлэглэл сүйрвэл МАН-д ямар ч найдлага үлдэхгүй нь тодорхой.

Бүлэг ямар хэрэгтэй вэ буюу амь тэмцэж буй МАН

МАН-д бүлэг амин чухал хэрэгтэй байна. Наад зах нь бүлэг байгуулбал намдаа суудлын мөнгө авах болно. Ядарсан цагт энэ ч бас мөнгө л дөө. Нүсэр том аппаратаа өлөн зэлмүүн ч гэсэн байлгаад байх мөнгө.

Гэхдээ буланд шахагдсан араатны араншин улам бүр илрэх болсон МАН сөрөг цохилт өгөх оролдлогоо таслаагүй. Сонгуулийн дүнгээр хоёрхон суудлын зөрүүтэй байгаа учраас парламентад яаж ийгээд “38+1” гэсэн бүлэглэл бий болгохыг эрмэлзэж байна. Үүний тулд яахаас ч буцахгүй нь тодорхой. Гэхдээ МАН сонгуульд ялагдсан шокноосоо гарч чадаагүй байхдаа хийсэн буруу алхамаасаа болж бүлэггүй болсон алдаагаа засах чадваргүй болчихоод байна. Бүлэг байгуулагдахгүй, АН-ынхан бүлэг л байгуулчих юм бол МАН Засгийн эрх авахаар шунана гэдгийг тооцож байгаа. Тиймээс халтирсан дээр нь дараад байх ёстой.

Одоо түүх буцаж эргэж байна. Нэгэн цагт АН-ыг бүлэггүй болгож байсан тэр зовлонгоо үйлийн үрээр өөрсдөө амсаж байгаа юм. Бас 1996 оны сургамжаа мартаагүй АН-ынхан хотын намын хороог нь сүйтгэхийг хичээж эхэлнэ. 1996 онд М.Энхсайхан МАХН-ыг устгахыг эрмэлзэхдээ Лениний музейг нь хурааж авахыг оролдсон. Гэвч АХЭ-ийн дотоод хагарлаас болоод тэр нь бүтээгүй ба одоо тэр үйлдлээ гүйцээх ёстой. Монголд байгаа музейн зориулалттай цорын ганц барилгыг МАН хүчээр өөртөө үлдээсэн ч эцэстээ мөнгөний шуналаас болж хуйвалдаж худалдсан учраас гарцаагүй алдахдаа тулаад байна.

АН илүү шийдэмгий байгаа ба коммунист дэглэмийн билгэдлүүд рүү зоригтой дайрч байна. Лениний хөшөө ба музей хоёрын үзэл суртлын холбоосыг сайн мэдэж байгаа. Ийм өргөн хүрээтэй дайралтын өмнө МАН тэсэх нь юу л бол. Үнэндээ Лениний хөшөгтойрсон хэдэн янхан л хөөрхий сартваахийн сэрэг дүрийг хамгаалахгүй юм бол хэн ч аврахгүй болчихоод байна.

МАН-ын зарим удирдлага хямралын үеийн Засгийн газар аж ахуйн ажилтай ноцолдоод толгой өөд татах ч сэхээгүй болно гэж тооцсон авч өөр нөхцлийг тооцоогүй юм. Ерөнхий сайд-намын дарга завгүй ч Ерөнхийлөгч улстөрийн үйл ажиллагаа явуулах бүрэн чөлөөтэй байна. Дээр нь хотын удирдлага хүч нэмэхээр гарцаагүй байдалд орж байна.

Одоо бол жор тун нь таарсан зөөлөн хүчирхийлэл л МАН-ыг архивын хавтсанд хийчих боломжтой. Хавтгайруулахгүй, гэхдээ хайрлахгүй. Өнгөрсөн 20 жилийн булай булхай бүхнийг илчлэхийг тэсэн ядан хүлээж буй олон нийтийг хямралын зовиураас салгах бага зэргийн адал явдалт жүжиг л МАН-ыг хангалттай нураахаар байна.

МАН устсанаар Монголд ардчилсан дэглэмд бүрэн дүүрэн шилжих агаад улстөрийн удаан бөгөөд зовиуртай шилжилтийг цэглэнэ. Барууныхны итгэдэггүй хуучин коммунист нам билгэдэлтэйгээ устан алга болсноор Монгол Улс үзэл санааны огт өөр “жинхэнэ барууны” ертөнцөд дэвшин орох юм.

Ардчилсан нам эрх баригч хүчний байр сууринд баттай зогсох бөгөөд неолибералчлал, глобальчлалын сөрөг нөлөөний эсрэг зүүнтнүүд коммунистууд биш үндэсний үзэлтнүүд л сөрөн зогсох тийм эрин үед орох болно. Уламжлал, үзэл санааны хэлхээ холбоогоороо дамжуулан нөлөөгөө хадгалсаар байгаа, мөн нөлөөгөө тэлсээр байгаа хоёр хөршийн уламжлалт бодлогод ч том өөрчлөлт гарах тэр хугацаанд Монголчуудад амьсгаа авах, эдийн засгийн шилжилтээ дуусгах нэг том боломжийг авчрах болно. 



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив