Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тамгалсан бууриа сахиж, тангарагласан төрдөө зүтгэгчид
2012 оны 10 сарын 9 [Уншсан тоо: 128086]
Саяхан Монголын анхны чөлөөт телевиз “25 дугаар суваг” телевизийн 16 жилийн ой болж өнгөрлөө. Ардчиллын гол тулгуур нь чөлөөт хэвлэл энэ тэр онол чойр ч яахав. Зөндөө л ярьж байна. Гагцхүү хүний амьдралын түүх их сонин юм. “25 дугаар суваг” телевизийг дөрвөн хүн байгуулсны нэг нь З.Алтай. Урд өмнө ямар До яам лугаа адил хүний гурван үеийн түүхийг нарийвчлан судлаж байсан биш. Саяын сонгуулиар нэгд ажил амьдралд хөл тавьж, бие хүн болон төлөвшихөд дэм тус болсон хүний хувьд хоёрт, “цэргийн хувьд” туслах ёстой учраас долоо хоног нухаж нэг жижигхэн брошюр бичиж билээ. Тэгээд бодож байх нь ээ уг нь тусласан шиг туслаад үүнийгээ клубынхээ сайтад тавьчихдаг байж. Мунхгийн ухаан үдээс хойш гэж. Авгай өрсөлдөөд, ажилдаа түүртээд мартчихаж. Сонгуулийн үеэр нэр дэвшигч З.Алтай сонгогчидтойгоо уулзахаар “Цайз” орчимд явж байтал нэг нөхөр жолоочоос нь “Энэ хүн чинь хэн билээ, харсан хүн байх чинь, жүжигчин бил үү?” гэж авсан гэж байгаа. Нөгөө “247” кинонд гардаг шиг юм болохгүй юу. Ардчилсан нийгэмд ямар “Нам засгаас шилдэг тэргүүний сэхээтнүүдээ үзэл суртлын өндөр хэмжээнд хүндэтгүүлэх” кампанит ажил хийх биш. АНУ-д сенаторуудаа бүр танихгүй.

Харин таньдаг нэгэнд нь энэ хүний гурван үеийн намтрын дэлгэрэнгүйг хүргэж байна. Гурван үеийн түүх коммунизмын үед голдуу “Ядуу...уу... малчны хүүхэд” гэж эхэлдэг бол З.Алтайн түүх сэхээтний, хувьсгалчийн намтраар эхэлж байна. Жинхэнэ хүрээ хүний түүх. Харин хүрээ хүнийг манайхан жаахан тэгсхийж харах гээд байдаг талтай, яаж ийгээд. Хүрээний хүн нутаггүй тул аргагүй. Харин З.Алтай гэдэг хүний удам судрыг бол хол хөөвөл хойшоо хил гараад явчихаж байна. Ээжийн тал нь Өвөрхангай чигт тогтож байна. Өөрөө бол хотын, бүр гуравдугаар үеийн хотын хүн. Үүнээс гадна энэ хүний гурван үеийн түүх нь Монголын орчин үеийн төр- нийгэм, утга зохиол, анагаах ухааны түүхтэй холбогдох тул олон нийтэд хүргэе гэж чухалчилав.

З.Алтай нь орон нутгийн сонгуульд дэвших нь байтугай тэр талаар бодоо ч үгүй байгаа тул “улстөржсөн”хэсгийг хаслаа. Гарчиг энэ тэрийг нь өөрчилсөнгүй. Жаахан сүртэй үг халил хааяа нааж явж болзошгүй, тийм бол тэр нь маний л санаа тул тэгсгээд мартчихаад түүхийн үзэгдэл үйл явцыг нь голлон анхаараарай. Заримдаа бид гэмгүй хүнийг бичээд инфомания этгээдүүдийн бай болгодог гэмтэй л дээ.    


Гавъяат болсон нь

Нэг хөгжилтэй түүхээр эхлүүлье. З.Алтайн чөлөөт хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Соёлын гавъяат зүтгэлтэн” цолоор шагнав. Гэтэл тэр цолоо гардаж авсан түүх нь бөөн бужигнаан болсон.

Ерөнхийлөгч шагнал гардуулахаар хүмүүсийг цуглуулчихаад яг гардуулах гэтэл З.Алтай байдаггүй ээ. Шагналыг нэрийн дарааллаар гардуулдаг учраас “А”-гаар эхэлсэн хүн нь байхгүй болохоор саатжээ. Монголын Телевизийн холбооныхон ордноор шагналд тодорхойлсон хүнээ хайгаад бөөн юм болж. Гэтэл ажлынхаа өрөөнд хуулийн төсөл хараад сууж байж. “ТВ-5”-ийн захирал Д.Сарангэрэл гүйж ороод “Шагналаа авахгүй юу хийгээд суугаад байгаа юм” гэж аашилжээ. Мань хүн “Юун шагнал, байнгын хороогоор орох хуулийн төсөл хараад сууж байна” гэж бүр уурыг нь хүргээд, чирэгдээд гарчээ.

Тэгээд болоогүй очоод шагналаа гардахдаа олон хүн удаасандаа сандраад, Ерөнхийлөгчийн өмнө очингуутаа “цээжээ түхийлгээд” номхон зогсохын оронд “Юу байна” гээд гар барьсан байгаа юм. Ерөнхийлөгч инээгээд “Юмгүй ээ” гээд гар барьчихаад цолны тэмдэг зүүжээ. Тэгээд дахин гар барьж баяр хүргэжээ. Шагнал авах гэж байгаагаа өөрөө ч мэдээгүй, телевизийнхэндээ ч хэлээгүй, бүр ар гэрийнхэндээ ч хэлээгүй байгаа юм. Тодорхойлсон холбоо нь гишүүн юм чинь мэдчих байх гээд орчихсон байж л дээ.
    
Гэтэл нөгөө “хэнхэг” нь шагнал магналаа огт мэдээгүй, хууль зурсан шиг сууж байдаг. Манай мэдээний алба ч үймж, сурвалжлах хэсгээ “Соёмбот” танхим руу гүйлгэж, хүү нь яарч сандраад цэцгийн баглаа аваад орох гэтэл урьдчилж мэдэгдээгүй гээд ордны үүдний харуулд саатаж бөөн юм болох зуур шинэхэн гавъяат сэмхэн бултаад ахиад л өрөөндөө бүгчихсэн байгаа юм. Салбараасаа төрсөн шинэ гавъяатаас ярилцлага авах гэсэн телевизүүд араас нь эрж, хайж байж олоод ярилцлага авч, дараа нь цэцгээ гардуулж, ахиж дуудаж байж телевизийн хамт олноос баяр хүргэж билээ. Анзаарсан хүн бол мэднэ, бүх шагнал авсан хүн “Соёмбот” танхимийн үүдэнд, цагаан сүлдний өмнө л төр засагтаа талархаад байсан, харин З.Алтай гавъяат өрөөндөө ярьж байсныг.

Одон шагналыг үнэлдэг ч бай, эс үнэлдэг ч бай хамаагүй, ямар боловч З.Алтай бол удам судрынхаа түүхэнд гавъяат цолоор шагнуулсан гуравдугаар үеийн хүн юм. Анхныхыг нь түүний эцэг талын өвөө Монголын орчин үеийн анхны сэхээтнүүдийн нэг, шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, төр-нийгмийн зүтгэлтэн (энэ шагналын магтаал биш ерөөсөө л ийм юм билээ), Мөрдэндэвийн Ядамсүрэн 1935 онд хүртсэн юм. Ээжийн нь аав мөн л Монголын анхны орчин үеийн сэхээтнүүдийн нэг, нэрт зохиолч Донровын Намдаг 1961 онд Урлагийн гавъяат зүтгэлтэн цол, З.Алтайн эмэг эх Дугарын Дэнсмаа 1976 онд Хүний гавъяат эмч цол хүртжээ.
 
Хоёрдугаар үед З.Алтайн аав Монголын уулын спортыг үндэслэгч Раднаабазарын Зориг 1965 онд Монгол Улсын гавьяат багш болсон билээ. Монголын чөлөөт хэвлэлийн түүхнээ анхны чөлөөт телевизийг үндэслэгчийн хувьд үлдсэн З.Алтайн дээд удам сударт Монголын орчин үеийн нийгмийн олон салбарын анхдагчид, үндэслэгчид бий. Энэ гэр бүлийн түүхэнд утга зохиол, уулын спорт, рашаан судлалын салбарыг үндэслэгчид бий. “Сайн хүний үр сүүтэй гүүний унага” гэж Монгол үгэнд ярьдаг.

Гэхдээ нийгмийн нугалаа нугачаан дунд аугаа их түүхт амьдрал, хатуужил тэмцлээрээ аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байсан юм. Энэ гэр бүлийн түүх бол Монголын XX зууны түүхийн гайхалтай тусгал, домог мэт амьдралын түүх билээ. Түүхийн нэг судлагдахуун ч байх. Сонирхолтой гэхээс илүүтэй сургамжтай, ирээдүйд зайлшгүй мэдэж байх ёстой гэсэн үүднээс энэ гэр бүлийн түүхийн цомгийг эргүүлье. Салахын аргагүй гайхалтай түүх бий. Зовлонгийн далайг гэтлэж, жаргалын уулын оргилд гарч, үл шантран нэгэн үзүүрт сэтгэлээр улс үндэстнийхээ төлөө зүтгэж явсан домогт хүмүүсийн түүхийг хүргэх гэж байна. Энэ хүмүүсийн амьдрал, тэмцэл, бүтээл туурвилын олон арван боть, судалгаа шинжилгээний бүтээл, илтгэл, эрдэм шинжилгээ болоод түүхэн баримтууд бий. Гэхдээ л энэ бүхнийг нэгэн дэвтэрт оруулсан удаа байхгүй юм билээ. Өнөөдөр энэ гэр бүлийн түүхийг зангидагч нь УИХ-ын гишүүн Зоригийн Алтай учраас энэ түүхийг хураангуйлан хүргэх үүрэгтэй байх.
          
Хувьсгалын холбоочин Өндөр Дугарын охин

Энэ баатарлаг эмэгтэйн амьдралын түүх гэр бүлийнхээ төдийгүй Монголын түүхийн амьд тусгал болдгийг хүмүүс мэддэггүй. Мэргэжлийн хүрээнд л гавъяат эмч гэж хүндлэгдэж байснаас амьдрал тэмцэл нь түүхэнд үлдээгүй. Гэвч 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш Монголын түүхийн цагаан толбыг нөхөн тодруулахын хэрээр энэ хүний амьдралын сургамжит түүх тодорсоор байна.

Албан мэдээ шүүвэл: Дугар овогтой Дэнсмаа. Дэд эрдэмтэн. Төрсөн газар: “...”,  Мэргэжил: Хүний их эмч. Диссертацийн сэдэв: “БНМАУ-ын сувиллууд ба "Улаанбаатар"-ын эрдэс, нүүрсхүчлийн хийтэй рашаанаар цусны даралт ихдэх өвчнийг эмчлэх туршлага нэвтрүүлэх нь”. Он: 1962, Салбар: Анагаах. Бүтээлүүдийн жагсаалт “Бальнеологические здравницы МНР. Краткий справочник. УБ., 1960, 43 стр.  Улаанбаатарын рашаан сувилал. УБ., 1964, 40 хууд.
-Шинэ бүтээл. Д.Дэнсмаа. С.Шатар, Т.Долгорсүрэн "Шилмүүсний анхилуун хандмал бэлтгэх арга" 1976, № 119 гэж л байгаа.


Дугарын Дэнсмаа 1908 онд Хиагтын Дээд шивээ хотод төржээ. Түүнийг нэг ойтой байхад аав, ээж нь Богдод мөргөхөөр Нийслэл хүрээнд ирээд нутаг буцаж чадалгүй суурьшсан байна. Дэнсмаа гуайн аав “Өндөр” хэмээх Дугар нь сонгоол буриад, жанжин Ардын намын нууц бичиг баримтыг хүрээнд байсан хувьсгалчдад хүргэж өгдөг гол хүн, жанжны итгэлт хүн байжээ. Д.Дэнсмаа гуайг 12 настай байхад аав нь цагааны цэрэгт буудуулан нас баржээ.

Айл хөрш байж, хувьсгалын үйл хэрэгт тусалж явсан Дугарын ганц охин Дэнсмааг сургууль соёлын мөр хөөхөд жанжин Д.Сүхбаатарын гэр бүл онцгойлон анхаарчээ. Д.Дэнсмаа 1923 онд байгуулагдсан Хүрээний бага сургуульд суралцаж төгсөөд байхад намын төв хорооноос дууджээ. Дуудсан ёсоор очтол Монгол Ардын Намын Төв хорооны ажилтан “Д.Сүхбаатарын гэр бүл, түүний дотроос Янжмаа гуай танай гэр бүлийн талаар талархан дурсдаг. Манай нам шударга ариун хувьсгалчдын үр садыг хайрлан хүндэлдэг учраас чамайг энэ удаа зориудаар дуудан ирүүлж, уулзаж байгаа юм. Улсаас эмэгтэй хүнд анх итгэл найдвар хүлээлгэж байгаа нь энэ шүү. Нам засгийн хариуцлагатай үүргийг биелүүлж, сайн сурч чадах уу? Сайн бодоод шийдвэрээ гаргаарай” гэсэн байна. Ийнхүү 17-хон настай Д.Дэнсмаа 1925 онд Москвагийн Дорно дахины хөдөлмөрчдийн эв хамтын сургууль (Коммунистический Университет Трудяшихся Востока буюу КУТВ)-д суралцахаар эх орноосоо морджээ.

КУТВ-ийг амжилттай төгсөж ирээд Намын төв хорооны эмэгтэйчүүдийн хэлтэс, НАХЯ-ны харьяа Дотоодыг хамгаалах газар хэсэг хугацаанд ажиллаад Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн захирал, Санхүүгийн сургуулийн захирал зэрэг алба хашжээ. Тусгаар тогтнолоо шинэ тулгар олж, хөл дээрээ босохоор тэмцэж байсан Монгол Улсад шинжлэх ухааны эмнэлэг, мэргэжил олгох сургууль гээд цоо шинэ байгууллагууд ар араасаа байгуулагдаж, тэр бүхнийг дагаад боловсон хүчин бий блж, бас дутагдаж байв. 1935 онд Намын төв хорооноос Д.Дэнсмааг дуудан, Хүний бага эмчийн сургуульд сургаж, эмнэлэгт ажиллуулах болсноо дуулгажээ.

Хүний бага эмчийн сургуульд хоёр жил суралцаад 1937 онд төгсөх үеэр Монголын түүхийн эмгэнэлт үе хэлмэгдүүлэлтийн давалгаа нөмөрчээ. Хэлмэгдүүлэлт тэргүүний сэхээтнүүдээс эхэлсэн билээ. Түүний нөхөр Ерөнхий сайдын дэд шадар (орлогч) сайд, Гадаад хэргийн дэд сайд, Бүх цэргийн жанжны хоёрдугаар орлогч, ЗХУ-д элчин сайдаар ажиллаж байсан Гончигийн Самбуу байв. Г.Самбуу агсныг “хувьсгалын эсэргүү” хэмээн баривчилж, Д.Дэнсмааг эсэргүүгийн гэр бүл хэмээн үзэж ажилгүй болгожээ. Энэ цагаас тэрээр хүний хэрээс давсан зовлон зүдгүүрийг чухамхүү эмэгтэй хүнд байтугай эр хүнд ховор заяах тэвчээр, зоригоор даван туулсан юм.

Монголын армийн анхны генералуудын нэг Г.Самбуугийн түүх

Г.Самбуу нь Монголын цэргийн анхны генералуудын нэг юм. 1936 оны хоёрдугаар сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан 14-р хурлаас “МАХЦ-ийн дарга, улс төрийн ажилчдад алдар цол олгох” тогтоолд: “ … анх 11-р (1921) онд ардын партизан цэргийг байгуулсан цагаас эхлэн удаа дараа байлдан тэмцэж, туйлын их цусан гавъяаг байгуулснаар үл барам он удтал цэргийн удирдах тушаалыг хүлээж, Ардын цэргийн зохион байгуулалтыг бэхжүүлэн өргөтгөж, цэргийн байлдааны ба техникийн хийгээд улс төрийн сүр хүчийг удирдан зузаатгаж, энэ 15 жилийн дотор ба одоо хүртэл тус улсыг гадаад, дотоодын дайсан самуунаас батлан хамгаалах цэргийн хэрэгт олон гавъяатайгаар зүтгэж буй нөхдөд зохих алдар цолыг сайшаан шагнаж олгох нь чухал хэмээн үзэж, Улсын бага хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлөөс Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын 2-р орлогч, цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Г.Дэмид, Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1-р орлогч Х.Чойбалсан нарт “БНМАУ-ын маршал” (Өрлөг жанжин) цол, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны 1-р орлогч О.Дашчиравт Цэргийн ерөнхий комиссар цол, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны 2-р орлогч Г.Самбуу, Жанжин Штабын дарга Ж.Малж нарт корпусын захирагч цолыг” шагнаж олгожээ. Энэхүү бригад командлан захирагчаас дэслэгч жанжин хүртлэх цол нь тухайн үеийн армийн жишгийн дагуу манай зэвсэгт хүчинд хэрэглэгдэж байсан генерал цол болно. Харамсалтай нь генерал цолтонтой дүйх эдгээр цэргийн дарга нарын ихэнх нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн шуурганд үрэгдсэн гашуун түүхтэй ба хэлмэгдүүлэлт энэ хүмүүсээс эхэлсэн гашуун түүхтэй. Улсын өрлөг жанжин Г.Дэмид, дэслэгч жанжин О.Дашчирав, Г.Дамба, Д.Өлзийбат гурвуулаа, корпус командлан захирагч, түүнтэй адил цолтон 15 хүн бүгдээрээ, дивиз командлан захирагч, түүнтэй адилтгах цолтон 26 хүний 22 нь, бригад командлан захирагч 47 хүний 36 нь улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртөн, хилс хэргээр амь насаа алдаж, цөөнх нь олон жил шорон гянданд хоригдон үрэгджээ. Дашрамд дурдахад 1939 оны Халх голын дайнд Монгол-Зөвлөлтийн армийг командалсан дэлхийн алдарт жанжин Г.К.Жуков Г.Самбуу гуайн адил корпус командлагч цолтой байсан юм.

Монголын Ардын армид өөрчлөлт хийсэн нь Зөвлөлтийн улаан армид өөрчлөлт хийсэнтэй холбоотой байв. 1935 оны 11 сарын 23-нд Зөвлөлтөд анх маршал цолыг бий болгож, таван хүнд шагнасан байв. И.В.Сталин Улаан армид цэвэрлэгээ явуулахдаа, Улаан армийн анхны таван маршалын гурвыг буюу К.Е.Ворошилов, С.М.Будённый хоёроос бусдыг В.К.Блюхер, А.И.Егоров, М.Н.Тухачевский нарыг цаазлан хороосон нь Монгол Ардын армид явуулсан харгис цэвэрлэгээний урьдач нөхцөл байсан юм. Тухайн үед Монгол Улсын дорнод хязгаар үймээнтэй, Японы милитаристууд 1932 оны 2 дугаар сарын 19-нд тоглоомын “Манж-го” улсыг байгуулж, Монгол Улсын хил хязгаарт өнгөлзөж байв.

Г.Самбуу агсан зүүн хязгаарын будлианыг зохицуулах, дайнаас сэргийлэх зорилгоор Япон, Манжго улстай хийсэн Манжуурын гурван талт хэлэлцээрт БНМАУ-ын төлөөлөгчдийг тэргүүлж оролцсон байна. Хэлэлцээрт Монголын талаас Самбуу, Догсом, Дамба, Догсүрэн нар, Манжгогийн талаас Ли Жин, Японы талаас Сакурай, Сайто, Иногучи нар оролцож 1935-1937 онд таван удаагийн уулзалт болсон байна. Аман мэдээгээр Ерөнхий сайд П.Гэндэн “Орос Япон нь хоёр байлддаг л юм байгаа биз, Монгол, Манж хоёр эвийг сахих ёстой” гэж зааварчилсан гэдэг. Монголын талын төлөөлөгчид баривчлагдан цаазлуулсны адил Манжийн төлөөлөгч Ли Жинийг Япончууд баривчлан буудан хороосон байна. Бага буурай улсуудын энх амгалан орших эрмэлзэл их гүрнүүдэд хамаагүй байжээ. Ийнхүү их гүрнүүдийн дайны бэлтгэл их хядлагаар эхэлсэн байна. Манжуурын хэлэлцээр таслагдаж, Монгол-ЗХУ харилцан туслалцах гэрээ байгуулснаар хожим Халх голын дайн эхэлсэн билээ. 

Г.Самбуу агсныг баривчилахад Д.Дэнсмаа гуай охин С.Мааяагийн хамт үлджээ. С.Мааяа гуай бол Монголын анхны эмэгтэй хөгжмийн зохиолч, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны анхны нарийн бичгийн дарга, манай хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн болсон билээ. Г.Самбуу агсныг баригдсаны дараа Д.Дэнсмаа гуай Монголын уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Мөрдэндэвийн Ядамсүрэнтэй ханилжээ. М.Ядамсүрэн гуай бол З.Алтайн өвөө, Р.Зориг гуайн төрсөн эцэг юм. Их ч авъястай, эрдэм билэгтэй М.Ядамсүрэн бол Монголын ховор сэхээтний нэг байжээ.

Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Мөрдэндэвийн Ядамсүрэн


Гуч, дөчөөд онд явагдсан их яргалалд тэр үедээ өрнөдийн орнуудад эрдэм боловсрол эзэмшсэн идэрхэн, гуч дөчөөд насны эрдэм боловсролтой залуучууд өртсөн. Тэдний нэг нь Монгол улсын ерөнхий прокурор агсан Мөрдэндэвийн Ядамсүрэн байлаа.

М.Ядамсүрэн Их шавийн Хэрлэн цагаан эргийн отог буюу Түшээт хан аймаг, одоогийн Хэнтий аймгийн нутагт Их шавийн зайсан Мөрдэндэвийн хөвүүн болон төржээ. М.Ядамсүрэнгийн ээж Дуламсүрэн нь эртний уран зохиол, үлгэр, түүх сайн мэддэг номтой хүн байж, хүүгээ ном сургахад анхаарч тухайн үеийнхээ төр, нийгмийн зүтгэлтэн, бичгийн хүн Б.Цэрэндоржид шавь оруулжээ.

Тэрээр тухайн үеийн Монголын сэхээтний төвлөрөл болж байсан Амгаланбаатар хотод соёлтой гэр бүлийн орчинд хүмүүжиж өссөн байна. Одоогийн Баянзүрх дүүргийн нутаг, Амгаланбаатар хот хувьсгалын өмнө манай бичиг соёлын төв байв. Эрдэм мэдлэгтэй хичээнгүй сайд Б.Цэрэндорж, МАХН-ын дарга баруунтны удирдагч Ц.Дамбадорж, дэд дарга Н.Жадамба /мөн баруунтан гэгдэж хэлмэгдсэн/, их жанжин Д.Сүхбаатар, манай орчин үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдорж, зохиолч С.Буяннэмэх нарын Монголын сор болсон хүмүүс эндээс төрсөн билээ.

Зургаан наснаасаа бичиг үсэг заалгаж гэрийн боловсрол эзэмшээд, арваад насандаа отгийн албанд дайчлагдан улмаар Шанзовын яаманд туслах бичээч хийж, тэр үеийн нөлөө бүхий хүмүүсээр заалган дорнын боловсрол эзэмшиж, манж, хятад хэл сурсан нь дээр дурдсан бичиг соёлын томчуудтай танил дотно бас багш шавь, анд нөхрийн холбоотой  байсны ач буян бизээ.

М.Ядамсүрэн 18 наснаас Адын засгийн газар албан хааж, 1924 онд ЗХУ-ын Москва хотноо КУТВ-д суралцан орос хэл, бичигтэн болж, 1928 онд төгсөн ирээд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны суртлын эрхлэгч, намын сургуулийн багш, аж ахуйн яамны эрхэлсэн түшмэл, хэлтсийн эрхлэгч, шинжлэх ухааны академид эрхлэгч, 1931 онд шүүх явдлын яамны зохион зааварлах хэлтсийн эрхлэгч, дэд сайд, Улсын хууль хамгаалагч Ерөнхий прокурор зэрэг өндөр албыг хашиж явсан. Тухайн цагт шинэ төрд боловсролтой сэхээтэн цөөн тул нэгэн ажилд томилж түргэн дадлагажуулаад эрдэм ухаан, хичээл зүтгэлийг харгалзан дэвшүүлдэг байсны дээр авъяаслаг хичээнгүй хүмүүс олон салбарт шинэ цагийн бодлогыг хэрэгжүүлж байв. 

“Улаан эрдэмтэн” хэмээн олноо алдаршсан Бархасын Банзрагч “Би Ядамсүрэнтэй хамт Зөвлөлтөд Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд сурч байлаа. Бидэнд Октябрийн хувьсгалын удирдагчид, алдарт эрдэмтэд хичээл зааж байсан. ЗХУКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, нэрт эдийн засагч, онолч Николай Бухарин улс төрийн эдийн засгийн ухаан, түүхийн материализмын хичээл зааж байлаа. Тэр багшийн уран гоё хэллэг, цэвэр цэмцгэр байдал, эелдэг боловсон ааш нь биднийг бишрүүлж, их ч юм сургасан даа. М.Ядамсүрэн надаас нэг анги дээгүүр байсан. Тэрбээр их чармайлттай, ихийг сурах эрмэлзлэлтэй, орос хэлийг гойд сурсан, юм бүхэнд авхаалжтай ухаалаг залуу байсан” гэж ярьжээ.

Мөрдэндэвийн Ядамсүрэн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч анхны 16 зохиолчийн нэг ба 1936 онд анхны “Улсын алдарт гавъяат” уран зохиолч гурван хүний нэг, цолоо Сономбалжирын Буяннэмэх, Ширнэнгийн Аюуш нарын хамт хүртсэн юм. Гэвч хожим түүнийг “хувьсгалын эсэргүү хэрэгт оролцон хэлмэгдсэн” шалтгаар шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч гэж нэрлэхийг хоригложээ. Гэвч түүх түүнийг мартуулаагүй юм.

1929 онд 1 сарын 9-ний өдөр Намын Төв Хорооноос Уран зохиолч нарын анхны бүлгэмийг албан ёсоор үүсгэн байгуулжээ. Хуралд нам эвлэлийн ажилтнууднаас гадна зохиолч, уран бүтээлчид оржээ.

Анхны зохиолчдыг дурдвал КУТВ-ын Дунгарын Чимид (1904-1932, зохиолч), Төв хорооны Суртлын хэлтсийн буюу “Суртлын” Гэндэн, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга, хожим зүүнтний удирдагч болж хэлмэгдсэн Өлзийтийн Бадрах (1895-1941), хожим академич, 1986 онд Ардын уран зохиолч болсон нэрт эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн Цэндийн Дамдинсүрэн (1908-1988), бас Өвгөөдэй хэмээх Дамдинсүрэн, Анхны ардын гавъяат уран зохиолч Содномбалжирийн Буяннэмэх (1901-1937), Улсын алдарт гавъяат дуучин Магсар хурцын Дугаржав (1893-1946), зохиолч Г.Навааннамжил (1882-1954), Л.Цэндсүрэн, суут эрдэмтэн, 1946 онд Төрийн төрийн шагнал хүртсэн зохиолч Бямбын Ринчин (1905-1977), Дашдэмбэрэл, Шагдарнэрэн, толь зүйч Ядамжавын Цэвэл (1902-1984) нарын 16 хүн оролцжээ. Энэхүү анхны бүлгэмийн 5 тэргүүлэгчид С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, М.Дугаржав, Б.Ринчин нарыг сонгожээ.

1929 онд Монголын Зохиолчдийн анхны бүлгэмд Герман, Францаас хавар, намар дуудагдан ирсэн их зохиолч Дашдоржийн Нацагдорж, бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдорж (1910-1966), Насан-Очирын Наваан-Юндэн (1908-1985), эрдэмтэн судлаач Балдангийн Содном (1908-1979), Б.Доржсүрэн (1909), Донровын Намдаг (1911-1982) нар элссэн байна. 1930 онд 9 сарын 9-нд МАРЗ гэгдэж байсан Монголын хувьсгалт зохиолчдын холбооны Төв товчооны тэргүүлэгчдийн хурал болж, Товчооны даргаар М.Ядамсүрэн, нарийн бичгийн даргаар Д.Нацагдорж нарыг сонгон “МАРЗ” нээх зар тунхаг гаргажээ. МАРЗ хэмээгч нь Монгол Ардын Революционист (Хувьсгалт) Зохиолчид хэмээх үг ажээ.

1930 онд 9 сарын 25-нд Монголын залуучуудын Эвлэлийн төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар МАРЗ-ийн ажлыг дэмжин бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хэлэлцэн жинхэнэ тэргүүлэгчдэд Л.Цэндсүрэн, Б.Банзрагч, Д.Нацагдорж, орлогчид М.Дугаржав, М.Ядамсүрэн нарыг баталж, даргаар Л.Цэндсүрэнг, нарийн бичгийн даргаар Д.Нацагдоржийг сонгожээ. 1930 онд 11 сарын 28-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх товчооны хурлаар Монголын зохиолч нарын холбоо (МАРЗ) албан ёсоор байгуулсныг зарлажээ.

1931 онд 1 сарын 15ны хурлаар МАРЗ-н тэмдгийн төслийг хэлэлцэн, нэрийг МАРЛ (Монгол Ардын Революционист Литературист (Хувьсгалт утга зохиолч)) болгон өөрчилжээ. Тус хуралд М.Ядамсүрэн, Өлзий-Очир, Б.Банзрагч, Лоорой, их зохиолч Д.Нацагдорж, Ч.Дашням, Н.Наваан-Юндэн, бага Т.Нацагдорж, Цэдэн, Ө.Чимид, Раднаабазар, С.Буяннэмэх, Гомбо нарын 14 хүн оролцож Уран сайхны чуулган нэрт хурлыг анх байгуулж, даргаар С.Буяннэмэхийг томилж, нарийн бичгийн даргаар Нацагдорж, тэргүүлэгч гишүүнээр Өлзий-Очир, М.Ядамсүрэн, Гомбо нарыг сонгожээ.

1934 онд 10 сарын 12-нд Монголын үндэсний зохиолчдын хуучин шинэ гишүүдийн хурлыг хийж уран зохиолчдын шинэ товчоог сонгов. Товчооны даргад С.Буяннэмэх, нарийн бичгийн даргад Төмөрийн Нацагдорж, тэргүүлэгчдэд Өлзий-Очир, М.Ядамсүрэн, театрын дарга Гомбо, тэргүүлэгчдийн орлогчид Ө.Чимид, үйлдвэрчний Чимид нарыг сонгон баталжээ. Энэ үес тус холбоо тамга тэмдэг хэрэглэх болж эхний 23 үнэмлэхийг олгожээ.
  
1936 онд 10 сарын 7-нд хотын зохиолчдын хурал болж, тус хурлаас Монголын уран зохиолчдын төв холбоог есөн тэргүүлэгчтэй болгож даргад Р.Пүрэв, орлогчид Жаргалсайхан, нарийн бичгийн даргад Д.Цэвэгмид, гишүүдэд С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Сэнгэдорж, Дашням, Цэдэнжав, Доржсүрэн нарыг оруулжээ.

М.Ядамсүрэн 1937 онд хэлмэгдэх хүртлээ богинохон хугацаанд төрийн нүсэр ажлаас гадна олон нийт соёл эрдэм шинжилгээний байгуулагад удирдах ажил хийж явахдаа өөрийн авъяасдаа хөтлөгдөн “Ухваргүй ярилцаан”, “Байцаагчийн ширээний өмнө”, “Анхаарч биширсэн чавганц, атаархан хорссон лам хоёрын үнэн байдал” өгүүллэг, “Гурван хүүхэн”, “Залуу хос” тууж, “Цоожтой хаалганы цаана”, “Халхын баатар” жүжиг, “Майн нэгэн”, “Баатар Сүх”, “Хавар”, “Уран сайхны хөгжил”, “Манай уран сайхан”, “Замаа алдсан Жамъянмядаг”,  Дөрвөн цаг“, “Эмэгтэй Соль” зэрэг шүлгүүд зохиосон байна. Тэрээр утга зохиолын олон төрөл зүйлээр бүтээл туурвихын зэрэгцээ урлаг уран зохиол судлалын ба суртал нэвтрүүлгийн хэд хэдэн өгүүлэл “Эрэгдэндагвын эсэргүү бүлгийн хэрэг”, “Герман жолоочийн хэрэг” зэрэг хуулийн суртал нэвтрүүлгийн номнуудыг тус тус бичжээ. Мөн “Үзэсгэлэн гоо” зэрэг сайхан дууны үгийг зохиожээ.

Тэрээр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэгэнд тооцогдож байсан авч зохиол бүтээлийн зарим нь хойч үед үлдээгүй юм. Түүний бичсэн “Таван жин алт” зохиол тухайн үедээ их нэрд гарч байсан бөгөөд хожим эсэргүү хэмээн цаазлагдсаных нь дараа түүний бүх зохиолыг устгаж шатаахад үрэгджээ. Энэ зохиолын талаар 1960-аад онд нэг сөхөгдөж яригдсан ба манай утга зохиол судлаачид Улсын Төв номын сангийн архиваас хайгаад олоогүй байна.

Тэр ч байтугай сонин хэвлэлд нийтлүүлсэн нийтлэл, өгүүллүүдийг нь хүртэл нэгбүрчлэн хайчлан авч устгасан байна. Тэрээр бичиг утга зохиолын албыг ч хариуцлагатай хашиж байв. “Залуучуудын үнэн” сонин, сэтгүүлийн гишүүн, уран сайхны зөвлөлийн дарга, “Үндэсний соёлын зам” сонины эрхлэгч, Улсын төв театрийн дарга зэрэг ажлыг чадамгай эрхэлж, удирдаж байжээ. Тэрбээр 1934 онд бичсэн “Ардын үндэсний соёл боловсролын хөгжлийн 13 жил“ хэмээх томоохон нийтлэлдээ “... бидний соёл боловсрол бол феодалын ёс суртлыг эвдэн ард түмнээс өөрөө шинэчлэн зохион байгуулж буй соёл боловсрол болох тул түүний хөгжлийн зам нь феодал, манжийн журмаас хол гадуур байх ёстой” гэж бичсэн нь үлджээ. М.Ядамсүрэн хувьсгалт соёл боловсролын ажилд онц гавъяа бүтээлтэйгээр зүтгэсэн учир 1936 онд Аж үйлдвэрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ. М.Ядамсүрэн МАХН-ын VIII, IX их хурлаас Намын төв хорооны хянан шалгах төв комиссын гишүүнээр сонгогджээ. Ийнхүү ид гялалзаж явсан 33-хан насандаа оргилдоо хүрч ширүүссэн их аллага, яргалалд өртөж, 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө баривчлагдсан аж.

Агуу их Дашдоржийн Нацагдорж цэл залуухан 31 насандаа, Содномбалжирийн Буяннэмэх 36 насандаа, Мөрдэндэвийн Ядамсүрэн 34 насандаа, Ширнэнгийн Аюуш 30 гаруйхан насандаа улс төрийн хэрэгт гүтгэгдэн амиа алдаж, Цэндийн Дамдинсүрэн, Донровын Намдаг, Бямбын Ренчин нар мөн л хилсээр гүтгэгдэн шоронд хоригдон хэлмэгдэж, монголын уран зохиолын өргөө  эзэнгүй, оюун санааны ертөнцөд харанхуй хаанчилж эхэллээ.

Аль болох арга эвийг хичээгээрэй

М.Ядамсүрэн 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү бослогод их харамсаж, Архангайн Тариатын хүрээний бослогыг даралцахаар явсан аж үйлдвэрийн яамны сайд, КУТВ-т хамт сурч байсан, зохиолч, дотнын найз Гомбын Содномд “Чи аль болох олон хүний цус урсгахгүй, тайван замаар ухуулан сэнхрүүлж зохицуулах замаар арга эвийг хичээгээрэй” гэж захисан байна. Г.Содном их хичээсэн авч хэт хорссон босогчид Г.Содном сайдыг орос эмч Немогийн хамт алжээ.

Бослогыг дарсны дараа М.Ядамсүрэн хуульчийн дагуу эсэргүү бослогын толгойлогч гүрэмч Самбуу дүвчин, чойжин Буриад, жанжин Түгж, Жамц нарын хүмүүсийг яллахад улсын яллагчаар оролцсон байна. Тэрээр бослогод зорилгогүй оролцсон, хүчинд автагдаж дайчлагдсан хүмүүсийн амийг өршөөх тал дээр баттай зогсож байсныг бид мэдэх юм” гэж “Улаан эрдэмтэн” Б.Банзрагч гуай ярив.

Шүүх хурлын завсарлагаар хуулийнхан болон босогчид хоорондоо ярилцаж нэгэндээ өсөрхөлгүй гэдгээ ойлголцож байжээ. Хурал завсарлахад Самбуу Дүвчин “Ядамсүрээн…!?” гэж дууджээ. Тэр хоёр богинохон хугацаанд ярилцахад төгсгөлд нь Самбуу: “Хэрэв бид засгийн эрх авсан бол та нарыг ялгаагүй цаазлах л байсан, та нар ялсан учраас бид цаазлагдах байх, энэ бол бидний мэдэл бус төрийн хэрэг” гэж байжээ.

Аавыг чинь замаас нь баривчилсан байх аа

Аавыг нь хэрхэн баривчилсан талаар Р.Зориг гуай өгүүлэхдээ “Аав гадаадад  ажлаар явж байсан, бид маргааш ирнэ дээ гээд тэсч ядан хүлээж байлаа. Тэгтэл маргааш өглөө нь ДЯЯ-ны ногоон малгайтай хүмүүс манайд ирээд авдар сав хамаг юмыг лацдаад битүүмжлээд явсан. Энэ яаж байгаа юм бэ? гэхэд Ичинхорлоо эгч /алдарт дуучин, жүжигчин/ “Аавыг чинь замаас нь баривчилсан байх аа” гэлээ. Түүнээс хойш хар өдрүүд эхэлж бид хүнд байдалд орсон” гэжээ.

Нөгөөдөр нь ДЯЯ-ныхан ирж гэр орон бүх юмыг хурааж, бид гудамжинд хаягдлаа. Эмээ ээж минь бидэнд жижиг гэр, ор дэвсгэр, аяга таваг өгсөн. Удалгүй нялх биетэй ээж минь бас баривчлагдаж, эгч Маяа бид хоёрыг эсэргүүний хүүхэд гээд сургуулиас хөөсөн” гэжээ.

Манжуурын хэлэлцээрийн тавдахь уулзалтанд оролцогч Засгийн газрын төлөөлөгчдийг 1937 оны есдүгээр сард Гадаад явдлын яамнаас яаралтай дууджээ. Яг тэр үед Коминтернээс “Үндэсний эрх ашгийг хэт дээгүүр тавьж байна” гэж матуулсан Ерөнхий сайд П.Гэндэнг огцруулж, А.Амарыг Ерөнхий сайдаар томилжээ. Х.Чойбалсан цэргийн яамны сайд болсноор “Их баривчилгаа” гэгчийг эхлүүлсэн ба 1937 оны 10 дугаар сард “Онцгой комисс” гэгчийг байгуулснаар их хядлага эхэлжээ. Энэ учир шалтгаанаар 1937 оны есдүгээр сарын 10-нд дуудсаны дагуу хойд хилийн Алтанбулагаар орж ирсэн М.Ядамсүрэн нарыг хил дээрээс шууд баривчлан саатуулж хилс хэрэг тулгажээ.

Албан ёсны мэдээгээр онцгой комисс татан буугдталаа буюу 1939 оны 4 сарын 22-ныг хүртэл 25785 улстөрийн хэргийг хэлэлцэж, 81,4 хувийг нь буюу 20 099 хүнийг цаазалж, 5739 хүнд хорих ял оноожээ. Нам төрийн удирдлагаас 25, Армийн дээд удирдлагаас 187, мөн 16361 ламыг цаазалжээ.
 
1937 оны 9 дүгээр сарын 11-ны Дотоодыг хамгаалах яамны удирдах ажилтны зөвлөгөөн дээр Х.Чойбалсан хэргийг 25 хоногт багтаан дуусгах чиглэл өгчээ. Лхүмбийн хэргээс хойш Гэндэн-Дэмидийн удирдлагатай бүлэг тагнуулын ажиллагааг үргэлжлүүлсээр ирсэн байна. Байцаахдаа асуудлыг эрс хатуу тавьж, эргэлзэх буюу хайрлах хэрэггүй, хүчтэй ажиллахыг даалгая” гэжээ. Хэргийн Ерөнхийд нь хянах үүргийг Х.Чойбалсан өөртөө авчээ. Маршал Г.Дэмидийг Зөвлөлтөд “Тайга” өртөөнд хөнөөснөөс гурав хоногийн дараа 1937 оны наймдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод гэнэт газардсан Зөвлөлтийн Дотоодыг Хамгаалах Ардын Комиссарын орлогч Фриновоский гэгч этгээд "Заговор" буюу "Хуйвалдаан" гэж томъёологдсон хэрэгт холбогдох 115 хvний нэрсийн жагсаалтыг ДЯЯ-ны сайд Чойбалсанд биечлэн гардуулж, "хамгийн аюултай дайсан" гэж тооцон барихаар тохиролцжээ. Жагсаалтын 104-т М.Ядамсүрэнгийн нэр байжээ. Анхны 12 хүнийг бөөнд нь цаазалснаар “Заговор” хэрэгжиж “Онцгой комисс” ажиллаж эхэлсэн юм.

Р.Зориг гуай ярихдаа, “14 эсэргүүний хэргийг “Бөмбөгөр” театрт олны өмнө таслах юм гэнэ гэсэн яриа тарав. Би аавыгаа хармаар байдаг ч хүүхэд болохоор орж чадахгүй, гэсэн ч орой болтол гадаа нь зогсож олны яриаг чагнадагсан” гэжээ.

Баривчлагдсанаас нь хойш 41 хоногийн дараа буюу 1937 оны аравдугаар сарын 21-нд М.Ядамсүрэн нарын 14 хүнд “... хувьсгалт нам засгийг устгахын тулд зэвсэгт бослогод бэлтгэж, нам засгийн удирдагчдийг алж хороох ажлыг зохион байгуулсан” зэрэг зохиомол хэрэг тулгаж шүүх цаазны бичгийн 9, 43, 44, 45-р зүйл ангийн 1-д зааснаар буудан алсугай” Онц бүрэн эрхт комиссын дарга Х.Чойбалсан гэсэн 04 тоот  тогтоолыг баталж, бүх хөрөнгийн хураах шийдвэр гаргаад тэр шөнө нь Сонгино уулын хойд сүүдэр талын нэг аманд аваачиж бууджээ.

Улсын прокурор М.Ядамсүрэн агсныг цаазалснаас хойш хууль ёсыг сахиулахын төлөө тэмцсэн УДШ-ийн таслах газрын олон ажилтан, улсын прокурор Ж.Дэндэв, Ч.Чойдогсүрэн, Н.Борхүү, С.Пунцагдорж нарыг 1941 оныг хүртэл хилсээр дээд хэмжээ оноон шийтгэсэн байдаг.

Бөмбөгөрт хэргийг нь тасалсан 14 эсэргүү дайсан гэгч нь хэн байв? Буудсан дарааллаар бол:

1. Гончигийн Самбуу. Ерөнхий сайдын орлогч, бүх цэргийн жанжны 2-р орлогч,
     корпус командлагч. Нас 36
2. Лхамхүүгийн Дарьжав. Бүх цэргийн жанжны I орлогч, Армийн комиссар. Нас 46.
3. Жигдэнгийн Малж. Армийн жанжин штабын дарга, корпус командлагч. Нас 33.
4. Мөрдэндэвийн Ядамсүрэн. Улсын Ерөнхий прокурор. Нас 34.
5. Цэндийн Баттөмөр. Ардыг гэгээрүүлэх яамны сайд. Нас 37
6. Чоймболын Өлзий-Очир. Засгийн газрын нарийн бичгийн дарга. Нас 37
7. Даржаан Жамъянжав. Хуягт бригадын дарга. Нас 32
8. Лувсандашийн Дэндэв. Бүх цэргийн эмнэлгийн газрын дарга. Нас 33
9. Дамдины Яндаг. Намын ТХ-ны тэргүүлэгч, Монгол тээхийн дарга. Нас 35
10. Ёндонгийн Жигжид. Хоршоодын Төв холбооны дарга. Нас 40
11. Банзрагчийн Очирбат. Цэргийн гар үйлдвэрийн дарга. Нас 54
12. Цэрэнгийн Өлзий. Цэргийн яамны хэлтсийн дарга Нас 56.

Харин эсэргүү 14-өөс азаар амьд үлдсэн хоёр хүн УБХ-ын нарийн бичгийн дарга Д.Ламжав, Дорнод аймгийн дарга М.Шагдар нарт “улаан арав” буюу 10 жил хорих ял оноожээ.

Р.Зориг гуай удтал хөөцөлдсөний эцэст аавынхаа буудуулсан тэр газрыг ДЯЯ-ны төлөөлөгч байсан Лувсандагва гэдэг өвгөнөөр заалган мэджээ. Тэр газарт 1992 онд буудуулсан хүмүүсийн гэр бүл, үр  хүүхдүүд очиж гэрэлт хөшөө босгосон байна. Тэр үеэр Лувсандагва гуай нэг сонин зүйл дурдсаныг сийрүүлбэл, “... Хүмүүсийг цаазлахын өмнө энэ газрыг хамгаалалтад авч хэдэн цэрэг нүхийг нь ухсан юм. Би тэгэхэд ДЯЯ-ны тусгай даалгаварт хянагч байлаа. Тэр өдөр нэг морьтой жаахан хүүхэд давхиад ирсэн, уг нь мал эрж явсан юм билээ. 13 настай тэр жаал хүүхэд насны сониуч зангаар олон хүн машин байхаар ирсэн байх. Гэтэл ДЯЯ-ны ерөнхий комендант “маахуур” хэмээх Дамба, “Амьд гэрч үлдээж болохгүй” гээд хүүг барьж хүлээд, шөнө нь буудаж тэр нүхэнд хамт булсан юм, одоо энэ нүхэнд 12 биш 13 хүний шарил байгаа” гэж өчсөн аж.  

Цаазлах ажиллагааг нам төрийн өндөр албаныханд харуулах ажлыг зохион байгуулсан ба маршал Х.Чойбалсан нэлээд гутруу халамцуу ирж агсамнах байдалтай байсан нь их хядлагыг гардан хийх үйлтэй ажилд гар дүрэх болсноо мэдсэнтэй холбоотой гэж зарим гэрч ярьдаг. Ерөнхий сайд болоод удаагүй А.Амар гуай цаазын гүйцэтгэлийг нүд халираад харж чадалгүй машиндаа ороод суучихсан байсан гэдэг.

“Кутовка нь тэссэн шүү”

Д.Дэнсмаа гуай дотроо олонтаа ингэж бодсон болов уу. Хэлмэгдлийн үед Д.Дэнсмаа нарын шорон гянданд хоригдож тарчлан зовсон бүсгүйчүүдийн нэр мэр сэр тодорсоор байна. Д.Дэнсмааг эсэргүүний эхнэр хэмээн 1938 онд баривчлан 9 cap шоронд хорьсон аж. Д.Дэнсмаа гуай нөхрөө хилсээр баригдсаныг эсэргүүцэж, Засгийн газрын ордонд орж, шатан дээрээс нь үсэрч байсан гэдэг.

Мөн тэр үед эсэргүүний гэгдсэн эхнэр жүжигчин Д.Ичинхорлоо, дивиз командлан захирагч Д.Жамъянжавын гэргий дуучин Дэвээ нарыг Улсын төв театраас хөөжээ. Жүжигчин Д.Ичинхорлоо гуай хүү Р.Зоригийг нь дагуулан явж М.Ядамсүрэнгийн амийг гуйж маршал дээр орох гээд чадаагүй гэдэг. Маршал өөрөө бүү оруулаарай гээд зугтаад байсан гэдэг. Аргаа барсандаа Д.Ичинхорлоо гуай маршалыг үзвэр үзэхээр ирэхэд нь төв театрын тайзан дээр  “Гоолингоо” хэмээх дууг үсээ задгайлан дуулж байжээ. Дорнын уламжлалд үсээ задгайлан дуулах нь бэлбэсрэлийн ёс гэдэг.

Дуучин Дэвээ хэмээх бүсгүй бол “Хөх торгон дээл” дууны гол баатар, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Догсомын гэргий Жинжий Бадамын ойрын хамаатан ажээ. Жинжий Бадам Дэвээ хотод татан авч Амгалангийн театрын дуучин болгоод байхад нь маршал их очдог байсан гэж хуучуул ярьдаг.

Маршал Г.Дэмидийн гэргий Б.Навчаа, түүний эгч Б.Зинаг ч баривчлан хорьж байсан билээ. Б.Зинад цаазын ял оноосон ч 10 жил хорихоор болж амь хэлтрүүлсэн аж.

“Хувьсгалын эсэргүү учир буудан алсугай!” гэх хамгийн хүнлэг бус цааз хүртсэн найман бүсгүйгээс Д.Дунгаржид, Б.Навчаа нар жирэмсэн байсан нь түүх бичлэгт тэмдэглэгдэн үлджээ. Маршал Дэмидийн гэргий тэр үед хэвлийдээ 6 сартай хүүхэд тээж байжээ. Б.Навчаа “Байз, би үсээ засаадахая” гэж хэлээд санчигаа илбэнгээ буудуулан унасан гэдэг.

Хэлмэгдсэн бүсгүйчүүлийн нэг болсон Намын төв хорооны бүсгүйчүүдийн хэлтсийн ажилтан Д.Дэнсмааг 1938 онд төрөөд удаагүй нялх биетэй байхад нь эсэргүүний эхнэр, хуйвалдаанд оролцсон хэмээн баривчилмагцаа кастер хэмээх хүйтэн зооринд хийжээ. Өвлийн хүйтэнд галгүй гэрт хэдэн сар хорьсонд эхийнхээ сүүг ханатал хөхөж амжаагүй нялх хүүхэд нь энджээ. Д.Дэнсмаа хоригдож байсан тухайгаа “До яамны хашаанд байдаг чандмалан барьсан гэрийн нэгэнд Д.Намдаг гуай, Ц.Дамдинсүрэн гуай нар, нөгөөд нь би ганцаараа хоригдож байлаа. Өвөл хөлдөж үхэхгүйн тулд мөсөөр биеэ арчаад, үсэрч дэвхцэж, ганцаараа бүжиглэдэг байсан” хэмээжээ. Хожим Д.Намдаг гуайн охин Д.Дарьсүрэнтэй хүү Р.Зориг нь ханилан суусан ба УИХ-ын гишүүн З.Алтайг төрүүлсэн юм.

Зүүн гэрт нь дандаа оюутан залуус хоригдож байж. Тэд дуу шуутай, “Хилс хэргийг чинь хүлээхгүй, нүхний чинь аманд “ура” хашгираад үхнэ” гэж хашгирдаг байж. Тэднийг шөнөөр цаазлахаар ачихад хувьсгалын дуу дуулсаар оддог байжээ. Д.Дэнсмаа гуайг байцаалтад явахад нь “Кутовка аа, битгий бууж өг, хилс хэрэг хүлээж болохгүй шүү” гэж хашгирдаг нь сэтгэлийн дэм өгдөг байжээ. Байцаалтад: “Чи эмэгтэй эсэргүүчүүдийн удирдагч мөн. Удахгүй Япон ирэхэд бослого гарган буудуулсан нөхдийнхөө өсийг авна. Тэгээд японд очно” гэж ярьдаг чинь үнэн үү? гэж тулгадаг байжээ. Нэгэн удаагийн хатуу байцаалтын дараа ухаан алдаж унаад сэрэхэд нь Цэенрэгзэн гэдэг хүн “Хөөе Дэнсмаа энэ эмийг уу” гээд нэг юм атгуулчихаад явсан. Гэтэл тэр нь гурван ширхэг ёотон байж билээ. Тэр л миний голыг дэвтээж их ач тусаа өгсөн гэж ярьдаг байжээ. Маршалтай хамт шоронгийнажилтай танилцаж явсан нэгэн орос сургагч ч тус болохыг хичээж байсан талаар хожим Д.Дэнсмаа гуай ярьдаг байжээ.

Байцаагч нь “Цоохор” Цэнд, “нохой” Д.Сэнгээ хоёр байжээ. Д.Сэнгээ “Тагтаа” шүлэг, “Аюуш” туужийг бичсэн авъяаслаг зохиолч яруу найрагч авч базаахгүй ажил хийдэг байснаас хожим нэр нь бүдгэрсэн юм. Тэрээр Б.Ринчин гуайд зориулан “Далан настьанд даруулга хэрэгтэй” хэмээх шүлэг ч бичиж байжээ. Ханилсан нөхөр, нялх үрээ харгислалын шуурганд алдсан түүнд шантармаар үе олон тохиолдсон ч хүү охин хоёроо бодоод тэвчдэг байсан Д.Дэнсмаад байцаагчид “Хүү охин хоёр чинь машинд дайруулж үхсэн” гэж хэлж, сэтгэл санаагаар дарамтлан биеэ гаргуунд хаяж хэргээ хүлээнэ гэж тооцсон дарамт учруулах буюу олон хоног нойр, хоолыг нь хасаж харгисладаг байжээ. “Кутовка аа, бууж өгч болохгүй” гэх захиас, заримдаа хоригдож буй гэрийн нь цоорхойгоор тосонд чамарлан хуйлсан талх орж ирдэг байсан зэрэг л түүнийг сэтгэлээ барин хилс хэрэг хүлээлгүй гарахад их дэм болсон гэдэг.

Эсэргүүцлээ илэрхийлж, гэрийн янданг амандаа бариад дуулахад хоригдогсод баярлаж, байцаагчид нь дэлбэртлээ уурладаг байжээ. Мөн тэр яндангаа чихэндээ барьж, Майн баярын жагсаал, хоригдсон хүмүүсийн яриаг сонсож урам ордог байжээ. Хааяа эргэлт ирэхэд нь цайг нь гэрийн бүрээсэнд шингээж биеэ цэвэрлэж, улсын хөрөнгө сүйтгэсэн гэгдэн чангалуулдаг байжээ.

Нэг өдөр байцаагч нь дуудаж “усанд ор” гэхэд нь “Үхэхдээ цэвэр цэмцгэр үхье” гэж бодоод гайгүй сайн угааж, угаалгын газар хураалттай байсан эрэгтэй хүний урт ямбуу өмд гурвыг давхарлаж өмсөөд очтол “Суллалаа” гэж мэдэгджээ. Ийнхүү 1938 оны намраас 1939 оны хавар хүртэл есөн сар харгис хатуугаар эрүүдүүлсэн ч хилс хэрэг хүлээлгүй тэсч гарсан баатарлаг эмэгтэй юм. 

Хүнд нөхцөл, харгис хатуу эрүү шүүлтийн дор хагас жил гаруй байцаагдаад 1939 оны зун суллагдаж, хүү Зориг, охин Маяа хоёртойгоо амьд мэнд уулзжээ.

“До” яамны шоронгоос суллагдаад гартал хоёр хүүхэд нь ашгүй сайн хүний асрамжинд байжээ. Тэр нь Монголын циркийн урлагийг үндэслэгч Ж.Раднаабазар гуай байсан гэдэг. Ж.Раднаабазар гуай л хааяа хуягийг нь аргалж, амт шимтэй хоол нууцаар залгуулж байсныг мэдээд баярласандаа ханилсан гэдэг. Хэрэв тэгээгүй бол До яамныхан өлсгөлөнгөөр хавчиж хилс хэрэг хүлээлгэх, хүлээхгүй аваас өлсгөлөнгөөр үхүүлэх ч байсан биз. Тэд ханилж ахин дөрвөн хүүхэд төрүүлж, амьдрал нь тэгшрэх үед Ж.Раднаабазар агсан учир битүүлгээр, автомашины ослоор зуурдаар нас баржээ. Ингээд Д.Дэнсмаа гуай зургаан хүүхдээ өсгөж, боловсролтой хүн болгохын төлөө бүх амьдралаа зориулаад зогсохгүй улс орондоо ч ихийг бүтээсэн юм.

Монгол циркийг үндэслэгч

Монгол циркийг үндэслэн байгуулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазар 1912 онд Түшээт хан аймгийн Дайчин чин ван Ханддоржийн хошуу буюу өнөөгийн Булган аймгийн Халиун сумын Хар хужирын голд Жамьянгийн долоон хүүхдийн отгон нь болон мэндэлжээ. Түүнийг нэг ойтой байхад аав нас барж, ээж нь амьдралаа залгуулахын тулд нутгийн баян Дагва тавнангийн мал сүргийг хариулан өдөр хоногийг өнгөрөөж байтал хүүхдүүд нь халдварт өвчин тусаж, баян эзэн Дагва тавнан тэднээс сэжиглэн буурин дээрээ хаяж нүүжээ.

Ээж Соном үлдсэн хэдэн малаа барьц болгож, гүрэм ном уншуулсан боловч тус болсонгүй. Том хүү нь нас нөхцөв. Дараа хавар нь Ж.Раднаабазар нутгийн гэлэн Лувсандоржид шавь орж, нэг үгээр тэдний зарц болсон байна. Нэг өдөр ламын эхнэр түүнийг гал их түллээ хэмээн загнаж, багш лам нь ажил муу хийлээ, ном сурсангүй хэмээн зоджээ. Зодуулж, занчуулсаар тэвчээр нь барагдсан хүү шоголтой номоо тогоотой будаа руу нь шидчихээд зугтсан гэдэг. Ингээд Ж.Раднаабазар 1925 онд 12 настайдаа Булган хан уулын хошуунд байгуулагдсан бага сургуульд орж шинэ цагийн эрдмийн мөр хөөв.

Хүү сургуулийн завсар чөлөөгөөр хошууны клубт очиж уран сайхан сонирхож, сүүлдээ “Ушаандар хаан” жүжигт гардаг хүүхдийн дүрд тоглосон нь түүний уран бүтээлийн эхлэл байжээ. Дагва тавнанд зодуулж, Лувсандорж гэлэнд зарцлагдаж байсан хүү 1928 онд бага сургуулиа төгсөж, Нийслэл хүрээнд очиж суралцахыг хүссэн өргөдлөө хошууныхаа эвлэлийн байгууллагад гаргав. Ингээд Багш нарын довтолгооны сургуульд орж, 1930 онд сургуулиа амжилттай төгсчээ. Ж.Раднаабазар тэр үеэс биеийн тамир, спортыг онцгой сонирхох болов.

1930 оны хоёрдугаар сарын 10-нд БНМАУ-ын Ардын гэгээр үүлэх яамнаас Буриад Монголын Дээд-Үд (одоогийн Улаан-Үд) хотноо байгуулсан Монгол рабфакт 70 хүүхэд явуулсны дотор нам, төрийг олон жил удирдсан Ю.Цэдэнбал, гавьяат багш С.Дашиймаа, академич Б.Ширэндэв, Ж.Раднаа базар нар багтжээ. Рабфакийг онц дүнтэй төгссөн хэсэг хүүхдийг 1934 онд Москва, Ленинград хотоор аялуулахад Ж.Раднаабазар мөн явсан аж.

Тэрбээр энэ үед ЗХУ-ын Ардын гэгээрүүлэх Комиссариатын (яамны) Дорно зүгийн сургуулийн хэрэг эрхлэх хэлтсийн дарга н.Понамеровтой уулзан циркийн сургуульд суралцах хүсэлтэйгээ хэлж, өргөдөл бичсэнээр 1934 онд Москвагийн циркийн сургуульд хоёр сарын курст суралцан энэ урлагийн анхны мэдэгдэхүүнтэй болжээ. Ж.Раднаабазар эх орондоо ирээд Улсын төв театрт жүжигчнээр ажиллах хугацаандаа МХЗЭ-ийн Төв хорооны дэргэд байгуулсан Уран биеийн тамирын сургуулийг удирдаж, багшлахын зэрэгцээ Ардын эрүүлийг хамгаалах яамны дэргэдэх Ардын биеийн тамирыг сайжруулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.

Уран биеийн тамирын сургууль бол Монгол циркийн үр хөврөл байсан юм. Тус сургуулийнхан богино хугацаанд шамдан суралцаж, 1935 оны аравдугаар сараас Улсын төв театр, клуб, Улаан булангаар явж циркийн үзүүлбэр багтаасан тоглолтоороо тухайн үеийн залуусын анхаарлыг татаж, үзэгчдийн талархлыг хүлээжээ.

ЗХУ-ын циркийн жүжигчдийн урлагийн бригадын 1930-аад оны эхээр Монголд хийсэн   тоглолт, Уран биеийн тамирын сургуулийнхны тоглолтыг үзээд циркийн урлагийг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн шийдсэн төр засгийн тэргүүнүүд 1936 оны сүүлчээр Төв театрын жүжигчин Ж.Раднаабазар, Д.Гомбо, Л.Нацаг нарыг ЗХУ-д циркийн мэргэжлийн сургуульд явуулснаар Монголд циркийн анхны мэргэжилтнүүдийг бэлтгэжээ.

Ж.Раднаабазар ЗХУ-ын циркийн сургуульд суралцаж байхдаа акробат, илбийн үзүүлбэр, улс төрийн шог зураг, амьтан сургах аргад бие даан суралцжээ. Түүний идэвх, оролдлого, авьяас, зохион байгуулах чадварыг Зөвлөлтийн циркийн сургуулийн багш нар өндөр үнэлдэг байжээ. 1938 оны зургадугаар сарын 23-нд Ж.Раднаабазар сургуулиа төгсөж, Москва хотын В.И.Лениний одонт I циркт Зөвлөлтийн алдарт жүжигчин Н.М.Румянцев, В.Эдар нарын уран бүтээлчтэй хамтарсан тоглолт хийжээ.

Тэрбээр энэ өдөр тэмдэглэлдээ: “16-17 нас хүртэлх амьдрал, одоо Москвагийн их циркт сонин үзүүлбэр тоглож буйгаа эргэцүүлэн бодоход хүний өсөн хөгжих зам туйлын сонирхолтой харагдаж байна. Ийм аз заяаг хэн надад олгов хэмээн бодоход нам засгийнхаа ачийг бодон бодон сэтгэл минь баярлаж байна. Үхэхээсээ өмнө нам засаг, ард түмэндээ заавал нэг тустай зүйл бүтээх нь миний үүрдийн бат зорилго мөн юм” гэжээ.

Ж. Раднаабазар 1939 оны есдүгээр сараас эхлэн Монголд цирк байгуулах талаар Зөвлөлтийн мэргэжилтэн А.М.Волошинтой захидлаар санал солилцсонооор, 1941 оны долдугаар сарын 10-нд Яармагийн дэнж дэх дугуй театрт Монгол Улсын анхдугаар цирк нээлтээ хийсэн юм. Нөхдийн хамт зорьж зүтгэсний үрээр 1940 онд Циркийн сургуулийг нээж, үндэсмний циркийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлснээр Монголын циркийн урлагийн хөгжил бат бөх суурьтай болсон байна. Ийнхүү тэрбээр Монгол үндэсний цирк, Циркийн сургуулийг үндэслэгч болжээ. Хожим циркийн сургуулийг Ж.Раднаабазарын нэрэмжит болгожээ. 

Монголд циркийн урлагийг бий болгож, хөгжүүлэхэд А.М.Волошин, А.И.Чивов, С.И.Маслюков нарын ЗХУ-ын арав гаруй мэргэжилтэн, Москва хотын В.И.Лениний одонт I циркийн хамт олон чин сэтгэлээсээ тусалсныг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. Тангарагласандаа хүрч эх орон, ард түмэндээ хэрэгтэй зүйл хийхийг зорьсоор Циркийн сургууль, монгол циркийг үүсгэн байгуулах их ажлын ард гарахдаа Ж.Раднаабазар дөнгөж 29 настай байв. Тэрээр дэлхийн түүхнээ циркийн сургууль байгуулсан хоёр дахь хүн болсон юм.

Ж.Раднаабазар орос хэлэнд ялангуяа бичгийн хэлэнд гаргууд хүн байсан ба Монголын циркийн тоглолтын хөтөлбөрийг өөрөө зохиож найруулдаг, үзүүлбэрээ дүрсэлж зурдаг, морь сургаж, баавгай тоглуулдаг, өөрөөр хэлбэл циркийн бүхий л ажлыг гардан хийдэг байсан гэдэг. Богино хугацаанд үндэсний циркийг үндэслэн байгуулж, асар их оюун ухаан, хөдөлмөр зарсныг нь үнэлж, 1943 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин цолоор шагнажээ.

Энэ цагаас хойш Монголын циркийн урлаг хөгжин цэцэглэж, дэлхийд эхний тавд орох болсон арвин түүх эхэлжээ. Ялангуяа Монголын үндэсний циркийн давтагдашгүй онцлог болсон уран нугаралт, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр дэлхий дахинаа алдаршжээ. Ж.Раднаабазар агсан өөрөө биечлэн акробат, хүч тамирын номерийг үндэслэгч болон оролцож байсан түүхтэй. Монгол бол хүчирхэг эрсийн орон юм. 

Үеийнхэндээ үлэмжийн их авьяас билэгт хэмээн дурсагддаг эгэлгүй хүн цэл залуу 35 насандаа 1947 онд зүтгэж явсан их үйлс, тэрсхэн зургаан хүүхэд, халамжит ханиа орхин харамсалтай тохиолоор хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний гэргий, хүний гавьяат эмч Д.Дэнсмаа асан нөхрийнхөө алтан шарилын өмнө өвдөг сөгдөн, “Раднаа минь даанч яав даа. Би хүүхдүүдийг чинь хүний зэрэгтэй болгон өсгөж, ганц биеэр зүтгэхээ тангараглая” хэмээсэн гэдэг.

Гавъяат эмч Д.Дэнсмаа

Д.Дэнсмаа гуай зургаан хүүхдээ өсгөн бойжуулахын тулд  ажиллахын хажуугаар суралцаж, 1951 онд Монгол Улсын их сургуулийн анагаах ухааны сургуулийн анхны төгсөгчдийн нэг болж, хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Түүнийг намын төв хорооноос Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Дотоодыг хамгаалах газрын эмнэлэгт томилон ажиллуулав. Хар ихтэй тэр цагт тэрбээр “Чекист нөхдөө сувилж эмчлэх ариун үүргийг хүлээхэд надад үнэхээр сонин ба бахархаж баярлууштай санагдсан” нам, төрөөс итгэл хүлээлгэсэнд баярласан сэтгэлээ илэрхийлж байна гээд ажлаа гарамгай сайн хийжээ. Дотоодыг хамгаалахын эмнэлэгт хэдэн жил ажиллаад МҮЭ-ийн Төв зөвлөлд шилжин, рашаан сувилал хариуцсан итгэмжлэгдсэн эмч болжээ. Ардын эмнэлгийн хүрээлэн байгуулагдахад уламжлалт эмчилгээг сэргээсэн Ц.Хайдав эрдэмтэнтэй гар нийлж, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар олон жил ажиллажээ.
Эмчилгээний рашаан гэдэг ойлголт шинжлэх ухаанд байгаагүй шахам тэр үед Д.Дэнсмаа өвчнийг илааршуулдаг ид шидтэй усыг шинжлэх ухааны үүднээс судалж, эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвижээ. Тэрбээр рашаан усыг шинжлэх ухааны судлагдахуун болгосноос гадна рашаан сувиллыг түшиглэн амралтын газар байгуулж, бүтээн байгуулалт хийсэн, рашаан судлалын боловсролыг АУИС-ийн сургалтын хөтөлбөрт оруулсан гавьяатай.

Д.Дэнсмаа “Хужирт”, “Улаанбаатар”, “Оргил” зэрэг томоохон рашаан сувиллын ажлыг сайжруулах үүрэг аван томилогдож очоод үүргээ “онц” дүнтэй гүйцэтгэсэн, “Жанчивлан” рашаан сувиллын барилгыг бариулахаас эхлээд бүх ажлыг нь удирдан хийж, уг рашаан сувиллыг хөл дээр нь босгожээ. Монголын рашаан сувиллын бүтээн байгуулалтад гар бие оролцон шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үндсийг тавьсныг нь төр, засаг үнэлж 1976 онд Монгол Улсын гавьяат эмч цолоор шагнажээ. Ийнхүү Д.Дэнсмаа гуай зовлонг сөрж, төрийн хүндэтгэлийг өөрийн хөдөлмөр, гавъяа зүтгэлээр буцаан авсан хүн юм. Тэрээр өсөрхөлийг өсөрхөлөөр хариулаагүй, улс орныхоо төлөөх их хөдөлмөр зүтгэлээр хариулсан ажээ. Д.Дэнсмаа гуайг хожим цагаатгасанд гавъяат эмч болсноосоо ч илүү баярлаж гэр бүлийн бяцхан цайллага хийж тэмдэглэсэн гэдэг. Тэр чухамхүү үүнийг л хүлээж байжээ.

Хэлмэгдүүлэлтийг тэрээр маш уужуу ухаанаар давж гарчээ. Д.Дэнсмаа агсныг байцааж байсан цоохор Цэндийнх насаараа тэдний хөрш явжээ. Дотоодыг хамгаалахын Д.Сэнгээгийн гэргий Ира Д.Дэнсмаа гуайтай үй зайгүй найзууд байсан тул гэр бүлээр үе үе хамт наргиж, цэнгэж хундагатай архиа тулгаж явжээ. Д.Дэнсмаа гуай “Цаг үе нь тийм байсан юм аа, энэ хүмүүс өөр яах ч аргагүй байсан, тиймээс үүргээ л гүйцэтгэсэн” гэж ярьдаг байжээ.

Маршал Ж.Раднаабазар гуайг өнгөрсний дараа хүүхэд тус бүрт нь сар бүр 100 төгрөгийн тэтгэмж олгох тогтоол гаргаж байжээ. Энэ бол магадгүй Г.Самбуу, М.Ядамсүрэн агсны төлөө үр хүүхдүүдэд нь төлсөн хожмын төлөөс байсан байх.   
Д.Дэнсмаа гуай хатуужил зоригоор хүнд бэрх цагийг туулж, сайн цагийг үзэж, насны эцэстүр хүүхднийхээ сайн сайхан явааг харж жаргаж амьдарсан хүн юм. Ийм аугаа хэрнээ эгэлгүй хүмүүсийн амтдралын замнал дээр Монгол төрийн ээдрээт түүх бичигдэж байсныг дурсан санаж, хүндлэн дурсах учиртай юм.  Тэр амьдралын бэрхэд бууж өгөөгүй, сөрж амьдарсан аугаа эмэгтэй байсан юм.

Тэрээр хэлмэгдлийн хар шуурганд алдсан нэгээс бусад зургаан хүүхдээ эх орондоо хэрэгтэй чадварлаг, эрч хүчтэй хүмүүс болгон өсгөн хүмүүжүүлжээ. Миний хамгийн том охин нь циркийн  анхны жүжигчдийн нэг, анхны эмэгтэй хөгжмийн зохиолч С.Маяа, анхны том хүү нь уулын спортын анхны мастер, гавьяат багш Р.Зоригт. Гуравдах охин нь анагаах ухааны дэд доктор, профессор Р.Энхтуяа. Дөрөвдүгээр хүү нь “Монгол кино” үйлдвэрийн баримтат киноны зураглаачаар ажиллаж байсан Р.Занабазар. Удаах нь хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Р.Энхбазар. Ардын жүжигчин Долгорын дуулдаг “Эр хүн” ээждээ зориулж зохиосон “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дуу, “Бүсгүйчүүд”, “Манайд ирээрэй” нэвтрүүлгийн дуу, “Инээмсэглэл” хамтлагийн олон дууг зохиосон хүн юм. Отгон нь хэл бичгийн ухааны дэд доктор Р.Нарантуяа.

Миний аав юм юм үзсэн сүр эр шүү дээ

З.Алтай гишүүн аавыгаа ингэж “магтдаг”. Р.Зориг гуайн дурсамж үнэхээр юм юм үзсэнийг илтгэдэг. Р.Зориг гуайн ярьж байна.

Нэг өдөр сургуулийн хашаан дотор хүүхдүүдийг жагсаагаад “Өнөөдөр энэ сургуулиас ардын дайснуудын хүүхдүүдийг зайлуулна” гээд 11 хүүхдийг хөөсөн. Тэдний нэгд би орчихлоо. Сургуулиасаа хөөгдсөн хүн ямар олигтой байхав. Энэ үед нэрмээс болж ээжийг минь эсэргүүний эхнэр гээд Дотоод яамнаас баривчиллаа. Бид гэр орон бүх зүйлээ хураалгаж, орох орон, оочих аягагүй хоцорсон. Одоогийн траншейний хүүхэд шиг явсан даа. Энд тэнд хоноглож, цөөнгүй сар ёстой үйлээ үзэж билээ. “Ээ хөөрхий, Ядамсүрэнгийн хүүхэд байна. Аав нь алуулчихсан, ээж нь шоронд сууж байгаа” гээд л хавь ойрын сайхан сэтгэлт ойр дотны хүмүүс аяга хоол өгнө. Нэг шөнө үлгэр жишээ нэгдүгээр дунд сургуулийн багш Лянхуа гуай /сүүлд гавъяат багш болсон/ сэм ирээд ”Хүн амьтны хөл татарсан хойно манайд очиж хоол унд идэж ууж бай” гэж сайхан сэтгэлээр хандаж билээ. Хүмүүсийн өгсөн боов, боорцог, еэвэн мэтээр голоо зогсоож, зарим өдөр Сүхбаатарын талбайн модон индрийн дотор орж, хоног төөрүүлж унтчихна.

Би ганц эгчтэй хүн. “Таксин цоохор машин” хэмээх олны сайн мэдэх дууны хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч С.Маяа. Эгчийг ээжийн минь танилууд гэр орондоо байлгаж буян болдог байсан гэжээ. С.Мааяа гуайн дурсан ярьснаар “1937 оны наадмаар нэг өндөр хүн “Энэ эсэргүүний хүүхэд явж байна” гэж их айлгасан гэдэг. С.Мааяа гуай өөрийн төрсөн эцэг Монголын анхны генералуудын нэг Г.Самбуу гуайгаар овогложээ.

Р.Зориг гуайн дурсамжийг үргэлжлүүлье. “Ингэж явтал ээж минь шоронгоос суллагдаж, циркийн урлагийн үндэслэгч Ж.Раднаабазар гэдэг хүнтэй гэрлэсэн. Офицерийн сургуульд бүртгүүлж орох гэсэн чинь элсэлт хариуцсан дарга нь нялх балчир намайг “Чи хоёр нүүр гаргаж байна, эсэргүүний хүүхэд гэдгийг чинь мэднэ шүү” гэж загнаж, хөөгдөж  ч явлаа гэжээ. Гэвч миний хойд эцэг намайг офицерийн сургуульд оруулж, Ядамсүрэн овгийг минь сольж, Раднаабазарын Зориг гэх болсон юм. Тэр ачлалт хүний буянаар эсэргүүний гэж гадуурхагдаж, байсан миний бие хүнд зовлонг гэтэлсэн түүхтэй” гэжээ. Офицерийн сургуульд ороход нь Ж.Лхагвасүрэн жанжин, Ж.Раднаабазар гуайтай нэг нутгийн хүн байсан учраас туслажээ.

Д.Дэнсмаа гуайг зургаан хүүхдээ өсгөж, хүний зэрэгт хүргэхэд айл хөрш буриад Бадамын гэргий Патаа ахай хэмээх хөгшин их тусласан гэдэг. Мөн л хэлмэгдлийн шуурганд өртсөн Вампилын Бадам 1910 оны орчимд улмынхаа голомтыг түшиж Монголд ирсэн хүн юм.

Гайхалтай нь тэрээр унадаг дугуйгаар Улаанбаатарт иржээ. Тэрээр нэг хэсэг айлын оёдлын машин, дугуй, цаг засах зэргээр амь зууж явсан гэдэг. Тэгтэл: “Манай Их хvрээнд гарын дvйтэй, цаг засдаг буриад залуу байна” гэсэн мэдээ Богд Жавзандамба хутагтын сонорт хvрчээ. Элдэв оньсон техник сонирхдог Богд хаан Бадамыг дуудан ирvvлж дэргэдээ байлгах болсон бөгөөд төдөлгvй жолоочоо болгосон байна. Ийнхүү В.Бадам Монголын анхны жолооч болсон түүхтэй. Хааны жолоочоор гурван жил ажилласныхаа дараа В.Бадам Телефон утасны хороонд механикаар ажиллажээ. 1921 онд Vндэсний Ардчилсан хувьсгал ялсны дараа В.Бадам Богд хааны жолоочоор дахин ажиллаж байгаад 1924 онд хааныг таалал төгссөний дараа зургийн болон цаг засварын газар ажиллуулж байжээ. 1935 онд Кино зургийн хороо байгуулагдахад фото зурагчин, кино механикийн ажлыг хийж байв. Кино хороонд ажиллахын зэрэгцээ Монголын анхны кино механикчид болон фото зурагчдыг бэлтгэхэд хvчин зvтгэж байсан бөгөөд энэ утгаар нь тvvнийг Монголын анхны фото зурагчин төдийгvй кино механик болон зурагчдын багш мөн гэж vзэхэд буруудахгvй байх. М.Ядамсүрэн нарыг баривчилсан 1937 оны есдvгээр сарын 10-ны шөнө 73 хvнийг баривчилахад В.Бадам орсон байна.

Онцгой Бvрэн Эрхт 1937 оны аравдугаар сарын 25-ны өдрийн анхдугаар хурлаас В.Бадамын хөрөнгийг хурааж, буудан алах ялаар шийтгэжээ. Тvvний хүүг хожим эсэргvvний хvvхэд, улс төрийн хувьд найдваргvй этгээд хэмээн ажлаас нь халж, Аж vйлдвэрийн комбинатыг шатаасан хэрэгт холбогдуулан барьж цаазалсан байна. В.Бадамын гэргийн Патаа ахай нэгд нөхөр нь хамт баригдсан, хоёрт нэг нутаг усны хүний хувьд Д.Дэнсмаа гуайд тус дэм болж хүүхдүүдийг нь өсгөхөд туслажээ.

Энэ зуур хүүхдүүдийг нь эсэргүүний хүүхэд гэсэн гадуурхал олон жил дагажээ. Р.Зориг гуай ярьж байна. “1954 оны дөрөвдүгээр сарын 27-нд Сүхбаатарын талбай дээр Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд дугуйн аялал зохион байгуулах боллоо. Би ч дугуйн аялалд явна гээд хувцас оёулж, чамгүй бэлтгэлээ. Тухайн үед их сургуулийн 3-р курсийн оюутан байсан юм. Явах гэж байтал Спорт хорооны орлогч дарга Дамбий дуудлаа. Дугуйгаа орхиод гүйн очтол “Хөөе, чи чинь Раднаабазарын хүүхэд биш юм уу? “Эсэргүү 14”-ийн нэг Ядамсүрэнгийн хүүхэд гэж байна. Чамаас болж бөөн юм боллоо. Ардын дайсны хүүхдийг хил давуулж болохгүй гэж дээрээс тушаал өгсөн. Чи одоо гэртээ харь” гэсэн. Ийм дарамт шахалт цагаатгалыг дуустал үргэлжилжээ.

Р.Зориг гуай амьдралын хэцүү хатуу үед дээрэлхүүлэхгүй, дарлуулахгүй гэсэндээ боксоор хичээллэж эхэлсэн нь спортын амжилтын гараа байжээ. Нударгаараа хүч үзэж, хүнтэй тэмцэх гээд гайгүй ч боксчин болжээ. Энэ бол тэртээ 1946 оны үйл явдал. Монголын спортын түүхэнд олимпийн алтан медальт боксын спортын үндсийг ухвал, Р.Зориг 1958 оныг хүртэл 10 жил Монгол Улсын аварга боксчны алтан бүсийг хадгалсан байна. Нэг гадаад нөхөр Монголчууд бөх барилдуулаад түрүүлсэнд нь “Бат-Эрдэнэ”, хоёрт орсонд нь “Мөнх-Эрдэнэ” гэдэг цол өгдөг юм байна гэж ярьснаар бол тухайн үед боксын аваргад түрүүлсэнд нь Зориг гэдэг цол өгдөг гэж ойлгохоор байжээ.

Чухам тиймээс З.Алтай: “Намайг бодвол миний аав чинь зодоон хийвэл ч хийчихнэ, цохиод унагавал ч унагачихна, юм юм үзсэн сүр эр шүү дээ. Мундаг залуу байсан” гэж хэлжээ. Р.Зориг гуай тэр үедээ цууд гарч байж, одоогоор бол “од” болохгүй юу. Ганцхан спортоор ч “од” явсангүй, МУИС-ын оюутан байхдаа Польшид болсон дэлхийн залуучууд оюутны их наадамд шалгарч оролцохдоо тавимал хоолойгоор дуулж, олныг хуйлруулж явжээ. Эсэргүүний хүүхэд олон улсын арга хэмжээнд шалгарч оролцоход багагүй авъяас шаардахыг тооцвол шагггүй дуучин байжээ. Тэгэхэд л эхнэр Н.Дарьсүрэн нь бүжигчин байж, тэнд танилцаж, гэрлэсэн гэдэг.  

Олны дунд түгээгүй яриагаар бол маршал Х.Чойбалсан цонхоор харж байтал гудамжны хэдэн танхайчуудыг нэгэн залуу ганцаараа болгож тавьсан гэдэг. Тэгээд маршал туслахаа дуудаж, “Энэ хэн гэдэг хүн бэ?” гэхэд циркийн Раднаа л байна гэсэн гэдэг. Энэ хүн нь Р.Зориг гуайг өөрөөрөө овоглосон аав нь шүү дээ.

Р.Зориг гуай хүүгээ ч чанга эр болгож хүмүүжүүлэхийг зорьжээ. Р.Зориг гуай Монголын уулын спортын анхдагчдын нэг, хүүхдүүдээ төрөх үед ёс юм шиг Монголын аль нэгэн оргилд зогсож байдаг байжээ. Тэгээд л хүүдээ Монголын ноён оргилуудыг асаасан Алтайн нурууны нэрийг хайрласан түүхтэй юм билээ. Өөрийн бүх хүүхэддээ уулын нэр өгсөн байдаг юм. Тэрээр дурсахдаа “Би нэг л юманд харамсаж байдаг, хүүхдүүдээ төрөх үед хэзээ ч дэргэд нь байж, муу ханьдаа аяга шөл дөхүүлж өгөөгүй золиг шүү дээ” гэдэг. Харин ямар азаар түүнийг дэлхийн алдартай оргилуудын нэгэн дээр зогсож байхад нь хүүхэд нь төрөөгүй юм. Аягүй бол Гималай, Памир, Тартарын нурууны нэр өгчих ч байсан юм бил үү?

З.Алтай гишүүн ярьж байна. “Миний аав зовлон үзсэн, багаасаа ажил амьдралаа зохицуулж, өөрөө шийдвэр гаргаад сурсан хүн болохоор хүүхдүүдээ үнсэж таалаад, нялуураад байхгүй. Эр хүн шиг л үзнэ. Аав “Залгамжлагч” нийгэмлэгийн даргаар хэдэн жил ажилласан. Социализмын үед хагас, бүтэн сайнд ажилчин, албан хаагчдыг Хүрэлтогоот, Хандгайт, Богинын аманд байгууллагаар нь хүчээр аваачиж нийтийн биеийн тамираар хичээллүүлдэг байлаа. Автобусаар хүмүүсээ зөөнө. Тэрийг зохион байгуулахдаа намайг дагуулна. Надад хүүхдийн жижиг цана, эсвэл тэшүүр аваад өгчихнө. “Наадахаараа өөрөө гулга” гээд л орхидог. Тэгээд л өдөржин хаана ч явдаг юм мэдэхгүй. Би хөлдөж үхэх шахавч өөрийгөө аргацаагаад л. Хааяа нэг дуудаж хуушуур аваад өгчихнө. “Энийг ид” гээд л болоо. Хүний энхрийлэлд ороод, зааж сургаад байдаггүй учраас хүүхэд эрт бие даачихдаг юм байна. Би бас бие даасан үзэлтэй болж төлөвшсөн. Хүмүүс аав, ээжийн сургаал энэ тэр гээд ярьдаг. Би тэрийг сайн ойлгодоггүй юм. Аав биднийг “ингэ, тэг” гээд сургаж сүйд болоод байсангүй. Тийм болохоор би хоёр хүүхдэдээ нэг их сургаал айлддаггүй. Тэр дэмий юм шиг. Хүүхэд өөрийнхөө үзэл бодол, шийдвэрээр, бие даагаад л амьдраг л дээ. Насаараа надтай цуг амьдрах биш. Нийгмийн хөгжлийн нугачаа нэгэн гэр бүлийг үр удмаа чанга хатуу, нугаршгүй зоримог болгон хүмүүжүүлэхэд хүргэжээ. Магадгүй энэ хүмүүжил хожим З.Алтайг Монголын анхны чөлөөт ардчилсан телевиз байгуулах, түүнийхээ төлөө цуцалтгүй ажиллах эрч хүчийг өгсөн байх.
 
Р.Зориг 1955 оноос боксын хажуугаар уулын спортоор хичээллэж, Отгонтэнгэр, Алтайн ууланд авирч томоохон амжилт гаргажээ. Монгол Улсад спортын мастер гэдэг цол бий болгож анхныхыг нь уулынханд өгсөн байна. Р.Зориг гуай анхны спортын мастеруудын нэг, 1956 оны “№ 02” үнэмлэх түүнд бий. Тухайн үед комисс мастер цолын анхныхыг уулынханд өгөх үү, шатрынханд өгөх үү гэж маргаж, эцэст нь Монголын хамгийн өндөр оргилд гарсныг бэлгэшээж уулынханд өгөхөөр болжээ. 2004 онд уулын спортын ОУХМ цол авсан байна.

Р.Зориг гуайн уг мэргэжил нь түүхийн багш. 1956 онд МУИС төгсөөд МУИС, ТИС, ХААИС зэрэг олон сургуульд багшилж байгаад 1990 онд Багшийн их сургуулиас тэтгэвэрт гарсан. Тиймээс Р.Зоригт 1965 онд Монгол Улсын гавъяат багш цол олгожээ.

Р.Зориг Биеийн тамир спорт хорооны орлогч дарга байхдаа 1961 онд дэлхийн олимпийн хороонд элсэх өргөдөл бичиж 1962 онд Монгол Улс дэлхийн олимпийн хорооны гишүүн болжээ. Энэ цагаас Монголын тамирчид олимпод оролцох эрх нээгдсэн юм. Р.Зориг гуай “Ах нь дөнгөж наян гуравтай л байна, яахав, хоёр эсэргүүний хүүхэд ингээд утаагаа гаргаад мэнд сууж л байна” гэж ярьдаг.

Германд сурсан тул 7 жил хорьсон

З.Алтайн ээжийн тал ч бас л “эсэргүүний удам”. З.Алтайн ээж Монгол Улсын хүний гавъяат эмч Намдагийн Дарьсүрэн гуай бол манай утга зохиолын сонгодог төлөөлөгч, орчин үеийн театрын урлагийг үндэслэгчийн нэг Донровын Намдагийн охин юм. Донровын Намдаг гуай баруунтны үед Германд сурсан Монголын оюутан залуусын нэг байсныхаа төлөө хэлмэгдсэн билээ. Хэлмэгдлийн хар жилүүдэд Монголын сэхээтнүүдийн аль л өнгөтэй өөдтэй бүхнийг баривчлан хэлмэгдүүлж байсан билээ. Гэвч тэд баатарлагаар сөрөн гарч, зохиол бүтээлээ туурвиж, нэр алдраа дуурсгаж, төрийн хүндэтгэлийг буцаан авсан юм.

Д.Намдаг Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын хүн. Гэвч эцэг нь өртөөний албанд татагдаж одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байх үест Олноо өргөгдсөний анхдугаар он, Манжийн ноёрхол нуран Богд хаант засаг төр тогтсон 1911 оны намрын дунд сарын шинийн найманд, эцэг Донровын гэрт (24 насанд) мэндэлжээ. Манжийн төр мөхөж Монголын төр мандахад эцэг Донров уугуул нутаг Тарагт сумандаа нэг настайд нь буцан иржээ.

Багадаа гэрээр нутгийнхаа Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр монгол бичиг заалгаж,
1920 онд хошууныхаа бага сургуульд оржээ. 1924 онд 13 насандаа МXЗЭ-д гишүүнд элсжээ. 1925 онд Арвайхээрийн хошуунаас МХЗЭ-ийн IV их хуралд төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатарт ирж, ардын засгын анхны дунд сургуульд элсэн сурах урилга авчээ. Засгийн эрхэнд баруунтнууд гарч, шинэ цагийн боловсон хүчнийг зөвхөн Зөвлөлтөд бус Герман, Франц зэрэг өндөр хөгжсөн орнуудад бэлтгэхийг чармайж эхэлжээ. Ж.Цэвээний хэлсэнчлэн “Үлгэрлэвээс Швецарь лугаа адил хөгжих” бодлогын эхлэл болж 1926 онд 15 наснаас Герман улсын дунд сургуулийн 3-р ангид хэлний бэлтгэлд сурав.

1927-1929 онд Герман улсын Берлин хотноо Вихэрсдорф (Berlin, Wickersdorf) сургуульд Бадарч, эмэгтэй Батсүх, Гомбо, эмэгтэй Хаалай, Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд, эмэгтэй Сэрханд, Пагмадулам, Цэвээн нарын 10 нөхрийн хамт суралцахдаа тус сургуулийн коммунист залуучуудын холбооны гишүүн болжээ. Германд гурван жил сурч, дунд сургуулиа дүүргээд “Эд барааны техникумд” орсон ч 2 сарын дараа Монголд дуудагдан буцжээ. Учир нь энэ үед Засгийн эрх “баруунтнуудын” гараас “зүүнтний” гарт оржээ. Дуудагдаж ирээд Улаанбаатарт дунд сургуулийн багшаар ажиллажээ.

1932 онд Зүүнтнүүдийн нугалаа, завхрал, хамтралжуулах бүтэлгүй оролдлогыг эсэргүүцсэн бослого Хөвсгөл, Завхан, Архангайд гарч хагас жил үргэлжилжээ. Үүний дараа улс орон даяар баривчилгаа эхэлжээ. 5 сарын 16-нд Дотоодыг хамгаалах яамнаас “Манж-го улсын 1 жил ой тэмдэглэсэн, тайж Д.Нацагдорийн банкет” хэмээх зохиомол хэрэгт их зохиолч Д.Нацагдорж, их зохиолч С.Буяннэмэх, Донровын Намдаг нарын 12 хүнийг улс төрийн хилс хэрэг тулган баривчилж, таван сар байцаажээ. Ашгүй энэ зуур хэт зүүнтний нугалаа завхралыг илчлэгдэж, “Шинэ эргэлтийн бодлого” хэрэгжиж эхэлснээр цаг зөөлөрсөнд суллагджээ.

1934 онд Германд байхын танил Д.Нацагдоржтой хамтран, Монголын анхны “Учиртай гурван толгой” дуурийг тайзнаа найруулан тавьсан хүн юм. Тэрээр Д.Нацагдоржийнд хэрэг болгон очиж, “Учиртай гурван толгой” дуурийг захиалан бичүүлсэн түүхтэй.

1937 онд С.Буяннэмэх баригдаж, Д.Нацагдорж нас барав. Д.Намдаг асар их хөдөлмөрлөж, хэлмэгдлийн хар өдрүүдийг даван гарсан авч 1941 оны 10 дугаар сарын 9-нд буюу Зөвлөлтөд Герман халдсаны дараа “Германы эсэргүү тагнуулын байгууллагын идэвхтэй гишүүн” хэмээн хилсээр баривчилжээ. Улсын илгээлтээр Германд сурснаас өөр буруу байсангүй, гэвч тэр хар сэртэй цагт баруунтны үед Германд сургууль төгссөн залуус бүгд хэлмэгдсэн түүхтэй.

Есөн жилийн дараа хоёр дахиа баригдсан Д.Намдагийг  1943 оны 12 сарын 18 хүртэл хоёр жил мөрдөн байцаасны эцэст, 7 жил хорих ял оноож Төв засанд хорьжээ. 1947 оны наадмийн өдөр 7 жил шоронд суулгаад суллажээ. Гэвч энэ өдрөөс хойш дахин 11 жилийн турш 1958 он хүртэл сонгуулийн, хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарлаж байжээ.

Энэ талаар Д.Намдаг гуайн охин УИХ-ын гишүүн З.Алтайн ээж Д.Дарьсүрэн гуай төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч Дөнгөтийн Цоодол гуайд ярьсныг толилуулъя.

Д.Цоодол:
- Аавыг тань Дотоод яам барьж аваад явлаа. Та тэр үеийг нь санадаг уу?


Д.Дарьсүрэн:
-Аав 1941 онд баригдаж долоон жил суусан хүн шүү дээ. Гэхдээ ногоон малгайтнууд ааваар минь бүр 1932 оноос эхэлж оролдсон байгаа юм. 1932 онд бариад, хэсэг хориод, байцаагаад гаргасан юм гэсэн. 21-тэй, юу ч хийгээгүй, германд төгссөн нь л буруу байсан юм байх даа. Би нөгөө аюулт 1937 онд төрсөн. Аавыг сүүлд баригдахад дөнгөж дөрөвтэй байсан байх нь. Яаж барьсныг нь санадаггүй юм. Шөнө л юм гэсэн. Хулгай, муу явдал харанхуйд гардаг юм чинь.

-Танайх тэр үед хаана байсан бол?

-Одоогийн Улсын их сургуулийн урд театрын ажилчдын сууц гэж хашаа, дотор нь байшин гэрүүд байсан. Тэнд л байхаас өөр хаачихав. Манайх байшин, гэрүүдийн аль алинд байсан. Эхлээд байшинд, мэдээж дараа нь гэрт. Тэр үед Улаанбаатар одоотой зүйрлэх юмгүй хүн цөөхөн. Гандангийн өндөр Жанрайсэгээс өөр сүр бараатай юм ховор. Хятадын морин тэрэг сүлжсэн, тэндхийн аймаг, эндхийн аймаг гэдэг, тэр нь ч тарж санганасан үе байжээ.

-Аав яваад өглөө. Хэдүүлээ яаж амь зуух вэ?

-Ээжийг Найдангийн Гажидмаа гэдэг. Гурван хүүхэдтэйгээ хоцорч байгаа юм. Өвөө Найдан баян хүн байлаа. Гурван хашаатай, нэгийг нь надад зориулж авсан гэдэг. Тэр бас ааваас ч өмнө баригдсан. Ямар азаар юм, ээж тэр үед “Үнэн” сонинд орчуулагчаар ажилладаг байсан юм. Ц.Дамдинсүрэн, Бидэръяа гуай хоёртой авахуулсан зураг нь байдаг юм. “Үнэн” сонинд ажилладаг нь бидний амьдралд хэрэг болсон. Одоо бодоход дөрөвдүгээр ч бил үү, хаалттай дэлгүүр байсан. Картаар орно. Үгүйдээ талх маслаа авна. Одоо болтол санаанаас гардаггүй тэвэр дүүрмээр том цагаан талх зардагсан. Хятадуудын л хийсэн юм байж л дээ.

-Аавтайгаа уулздаг байв уу, та нарыг уулзуулдаг ч гэх юм уу?

-Жилд нэг бил үү, хоёр удаа уулзуулна. Тэр уулзалтыг ёстой үхтлээ хүлээдэгсэн. Уулзах амаргүй ээ, эхлээд Засгийн газар орж нэг өрөөнөөс (тэр үед Засгийн газар одоогийн УБИС-ийн байранд байсан) эргэлтийн зөвшөөрөл авна. Нэл хивс дэвссэн өргөн гантиг шаттай тийм гоё газрыг анх удаа харж байлаа. Ээж гурван хүүхдээ дагуулаад орно. Бид гуравт л зөвшөөрөл өгнө. Гарч ирээд Батцагаан руу явна. Батцагаан гэдэг чинь том, дан цагаан байшин байсан юм. Бид аавтайгаа уулзана гээд бөөн баяр болно. Ээж минь биднийг монгол дээлээр гоёж очдогсон. Аавдаа өгөх юухан хээхнээ өвөртлөөд орно. Чихэр, хаалттай дэлгүүрээс авсан ганц шоколад ч юм уу байна даа. Манай дүү Гэрлээ их ховдог. Нэг удаа бид гурвын авч очсон шоколаднаас тэр мэрж байж шүдний ором гаргачихаад, аав түүнийг хараад хүүхдүүдээ их өрөвдсөн гэж сүүлд ярьдагсан.

-Ээж чинь тусдаа ордог байв уу, эсвэл…?

-Үгүй, ээжийг хэзээ ч уулзуулж байгаагүй. Хүүхдүүдээ хүргэж өгчихөөд гадаа л хоцорно.

-Эргэлт бол эрхбиш байсан биз дээ?

-Тэр ч нэг юм байсан. Гэхдээ их сүртэй, харгис муухай. Эргэлт оруулах, авах улсын ард нэг урд нь нэг буутай харуул явна. Эргэлтийн юмыг нэг модон гэрт оруулаад лангуу шиг юман дээр асгуулж үзнэ. Юу л байна, том хутгаар хага хага зүсэж үзнэ. Талх, боов, мах, хонины сүүл, цагаан идээ бүгдийг шүү! Шалгаад шуудай, хүүдийд нь буцааж хийнэ. Бутлаад, дээр дор нь оруулаад хаяна. Хог шиг юм болоод орж байгаа биз.

-Эргэлт тэгдэг байж, та нар аавтайгаа яаж уулзахав, удаан уулзуулах уу?

-Ёстой үгүй дээ. Уулзуулах байр нь дотроо өндөр сараалжтай. Сараалжны завсар маш жаахан, нэг талаар сараалж нь хүүхдийн нуруунаас өндөр, тэгээд зай нь бага. Түүгээр өлийж сараалжны тэр жаахан зайгаар аавдаа үнсүүлнэ. Олон юм ярих тух байхгүй, гарах болчихно.

-Ээж нь тэр их хугацаа, долоогийн долоон жилд аавтай нь уулзаагүй юм уу?

-Арай ч үгүй байх. Гэхдээ уулзсаныг нь би мэдэхгүй дээ. Харин аав өөрөө…

-Юу гэсэн?

-Аав герман хэл мэддэг, өөр тийм хүн ховор, тэрнийхээ ачаар Засгийн газар үе үе аваачиж юм орчуулуулдаг, хэлмэрч хийлгэдэг. Үүний хүчинд хар ажил нэг их хийгээгүй гарлаа гэж ярьж байсан юм гэнэ лээ. Би Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен энэ тэр шиг хэл мэдэх биш. Тэр хоёрыг шоронгоос аваачиж зөндөө юм орчуулуулдаг байсан. Би яахав, германаар орчуулга хийдэг байлаа гэж аав сонины сурвалжлагчид ярьдаг байсан юм билээ. Тэгэхдээ зарим үед хар ажил хийж байсан байх аа. Жишээ нь Туул голоор сал татаж байсан. Тэр үедээ хоёр удаа гэртээ оройн цагаар гарч ирсэн удаатай. Хуягууд нь их буянтай сайн улс таарсан юм байх, тэд аргалаад явуулдаг байсан хэрэг.

-1941-1947 он гэхээр дайны нөхцөл байдал ядахад таарчээ. Ганц ээжийн цалин хувцас урах насандаа гурван хүүхэдтэй яаж болж байсан юм бол гэмээр…

-Харин тийм ээ. Ямар өөд байхав, нэг талаас эд материалын хувьд хүнд, нөгөө талаас юу ч байгаад нэмэргүй аав байхгүй, мэдээ орчихсон хүүхдүүд сэтгэл санаагаар муу ээжийгээ шаналгаж гүйцэлгүй яахав. Манай нэг шүүгээнд аавын өвлийн, хавар зуны хоёр пальто байсан юм. Би аавыгаа санахаар тэр пальтог нь үнэрлээд, аавын үнэр гээд ээжийнхээ сэтгэлийг улам ч зовооно. Сүүлдээ ээж тэр пальтонуудыг зарчихсан. Мөнгөний хэрэг болоо биз. Ямар сайндаа тэгэв гэж.

-Гэхдээ монгол түмэн байна даа, эцэг нь “далд” байгаа юм өдий хэд хэдэн хүүхэдтэй гээд танил нөхөд, ах дүүгээс чинь эрхбиш тусалж байсан болов уу?

-Аавын аав Донров өвөө, эмэг ээж Норов нарын тус их ээ. Өвөл тав зургаан тэмээ ачаатай хаа хол Өвөрхангайгаас ирнэ. Уур цан савсуулаад манайхны хашаанд тэмээнүүдээ уяж хэвтүүлчихээд сүртэй сайхан. Өвөө, эмээ хоёр тэр хүйтэнд үхтэл үр л гэж явсан биз хөөрхий. Өвлийн идэш, цагаан тос, өрөм, шар тос, хонины сүүл их авчирна. Аавд тэр сүүлнээс нь эргэлтэд их оруулна. Өвөг аав, эмэг ээж зузаан зузаан үстэй дээлтэй, нэхий өмдтэй. Хүүхдүүд бид их шоолно. Хүн тус буян болж явахад тэр. Зэллэсэн тэмээд босохоор доогуур нь орж гараад л хүүхдүүд болоод тэр дээ. Тэгж нэг удаа ирээд буцахдаа эмэг ээж минь замдаа хатгаа болоод нас барсан юм. Хүүгээ гэж яваад л тэр дээ. Өөр бас заавал хэлэх ёстой нэг юм байна.

-Та нарт тус болж байсан олон түмний тухай юу?

-Биш юм аа. Тэр үед чинь эсэргүүгийн гэр оронд орох хүн байгаагүй байх, хүн болгон л цаагуур явна. Нүүрээ буруулна. Харин миний түрүүн хэлдэг ээжийн талын өвөг аав Найдангийн тухай хэдэн үг хэлье. Баян хүн байсан гэж би хэлсэн шүү дээ. Нээрээ сүрхий хөрөнгөтэй байсан юм байна лээ. Тэр нь бидэнд муу юм болоогүй, их тус болсон. Би санадаг юм, манайд хээ хуартай нэг их гоё төмөр ор байлаа. Найдан өвөөгийн хөгшин, ээжийн ээж Ханд гэж байсан юм. Эмээ тэр орны хөндий толгойг хааяа ухаад жижиг жижиг гулууз алт гаргаж ирдэг, алтаа зарж бидний хоол унднаас өгдөг байлаа. Бид хэдийн амьдрал байгаа нь тэр, дайны үед ямар юм олдож байсан биш, тэр орны толгой бидний олон хоногийн хоол, өмсөх зүүхийг залгуулсан юм шүү.

-Тэгж байтал аав нь шоронгоос гараад ирлээ. Мөн ч их баярлаж таараа?

-Ямар зүг байхав. Би арван нэг хүрчихсэн юмны наад цаадыг мэдэхтэйгээ болчихсон байжээ. 1947 оны долдугаар сарын 11-ний орой гараад хүрч ирсэн. Надад бол аавын шоронгоос гарахын дэргэд улсын наадам юу ч биш байсан байх аа. Гэхдээ их зовлонтой. Аавыг гарахаас өмнөхөн ээж нэг хүнтэй суучихсан байсан. Ингээд аав минь авгай ч үгүй, орох орон ч үгүй болсон байж. Аав “Би яахав, болно биз. Урьдаар ажилд орж, гэр оронтой болж байгаад Дарьхүүгээ авна” гэсэн юм. Аав яагаад тэгдэг байсан юм, намайг Дарьхүү гэж дууддаг байлаа. Тэгж намайг авна гэснээс нь болоод би аавыгаа их хүлээсээн. Гадаа гэрийнхээ хаяанд суугаад харуулдаад байдаг байснаа мартдагг үй. Аав байдаггүй ээ. Яаж байх билээ. Ажилгүй, гэр оронгүй хүнийг тэгтлээ хүлээнэ гэдэг хүүхдийн л явдал. Бүр 1961 онд “Цаг төрийн үймээн”-ээрээ Төрийн шагнал авч шагналаараа гэр авч төвхнөсөн юм шүү дээ аав. Тэгж явах үедээ Баасан ээжтэй суусан юм билээ. Баасансүрэн ээж усны тасалбар зардаг байсан юм гэнэ лээ. Эгэл бор айлын, царайлаг сайн хүн явсан юм. Бидэнд их сайн хандана.

-Ааваа шоронд явахад гурван хүүхдийн том нь та байжээ. Хожим сургууль соёлоор хэр явцгаав?

-Дүү Төгөлдөр цөмийн химийн, дүү Гэрлээ цахилгааны инженер болсон. Би 1960 онд анагаах төгссөн, хүний их эмч. Цөмөөрөө ажилтай албатай, нэр төртэй сайхан явцгаасан юм аа.

-Та Баасан ээжийнхээ тухай ярилаа. Таны ээжтэй суудаг хүн хэн гээч байсан юм бол…?

-Мандир гээч хүн. Орост төмөр замын дээдэд сурч байгаад ээжтэй суугаад буцаж яваагүй юм гэсэн. Ер нь ямар учиртай юм бүү мэд. Бид азтай хүмүүс. Баасан ээж тэр Мандир адилхан сайн хүн. Бидэнд элдэв хохигнуур зан гаргасан удаа байхгүй. Биднийг өсгөх, сургууль соёл төгсгөхөд байдгаараа оролцсон улс аа.

-Одоо хоёулаа аавын нь тухай хэдэн үг сольё. Аав нь тэр том зохиолч, бүтээлээ хэрхэн бичдэг байв даа?

-Аав ер нь их чамбай, миний боддогоор герман стильтэй хүн байсан санагддаг. Дуугүй бодоод л явдаг. Тэгээд бичдэг. Хүн болгонд тийм юм тэгж тэгж бичнэ, бичлээ гээд зарлаад явахгүй дээ. “Цаг төрийн үймээн”-ээ үргэлжлүүлэх үү гэхэд үгүй үгүй гэдэг. Харин Бөртэ хатны тухай бичнэ гэдэг байснаа бичээгүй, завдаагүй байх. Гоёж хээнцэрлэх ч үгүй. Нэг муу хуучин дугуй цагаан малгайтай. Сүүлдээ тэр нь оройгоороо цоорчихсон. Түүнийг нь солиулах гээд Эрдэнээ бид хоёр чадаагүй дэг. Та нар ч мэдэх байх Батсүмбэрт овоо тохилог хэдэн жил суусан. Гаднаа гэртэй, шилэн дарлагатай, хоёр гурван үнээтэй аятайхан байсан байх. Зун манайхаас эхлээд хүүхдүүдийнх нь хүүхдүүд сүү тарганд гээд шавчихдаг байлаа.

-Гол найз нар нь хэн хэн байсан юм бол?

-Хар малгай Жамбал хамгийн сайн найз нь, түүнийгээ юм л бол ярина. Хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнтэй их ходий. Харилцан гэр орноороо очилцоно. Яруу найрагч Явуухулан, ардын зураач Цүлтэм нартай их ойр, гэр оронгүй байхдаа тэдний хоёрынд сууж байсан юм билээ. Их сургуулийн англи хэлний багш Н.Доржготов нагац нь юм. Одоо ч бидэнтэй холбоотой байгаа.

-Явуу багш Намдаг ах гэж нэрлэдэг хамаатан шахуу юм ярьдаг байлаа.

-Тийм тал бий байх. Тэр хоёрын уг удам нь Ар, Өвөрхангай. Явуугийн эцэг Бэгзийнх Завханд очиж нутагласан. Тэнд ойр дотно явцгаасан гэдэг. Аавын аав Жимээ Өвөрхангайн Тарагтаас Завханд өртөө хийж очоод тэндээ хэдэн жил болсон юм гэнэ лээ. Тэр үед нь аав 1911 оны намрын дунд сарын шинийн найманд Завхан голын хөвөөн дээр төрсөн гэж өөрөө ярьдаг байсан юм.
Д.Дарьсүрэн гуай ингэж ярьжээ. Энэ гэр бүлийн амьдрал яг л Д.Намдаг гуайн нэгэн жүжгийн нэр шиг “Ээдрээ” нугачаа дүүрэн байсан ч бүхий л зовлонг даван туулж, үр хүүхдээ нэр төртэй, улс орондоо ач тустай хүмүүс болгон хүмүүжүүлснийг та уншлаа. УИХ-ын гишүүн З.Алтай Д.Намдаг өвөөгийнхөө тухай ингэж ярьжээ.

Сурв:
-Таны нагац аав Төрийн шагналт, зохиолч Донровын Намдаг гуай. Нагац ааваа бол Та мэднэ биз?


З.Алтай:
-Нагац аав намайг оюутан болох хүртэл байсан. Би сэтгүүлч болох санаатай Москвагийн улсын их сургуульд орчихсон. Өвөө намайг дэмжинэ. Энэ гэр бүлээс нэг нь ч гэсэн үзэг цаас нийлүүлээд худал, үнэн бичдэг хүн болбол зүгээр гэж боддог байсан байх л даа. Манайхаас өөр сэтгүүлч байхгүй л дээ. Нээрэн, манай дүү Оргил сэтгүүлчээр төгссөн. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй. Өвөөгийн гэр Урт цагааны урдхан талд байдаг байлаа.

-Хуучны таван давхар цагаан байрууд байдаг, тэнд үү?

-Тийм ээ, нэг давхарт нь. Дүнсэн тамхи ороогоод татдаг хүн байсан. Гэрт нь очиход олон зохиолч ирчихсэн жигтэйхэн их утаан дунд юм яриад л суудаг. Юу ярьдаг байсан юм, бүү мэд. Чөлөөт уран бүтээлч хүн л байсан. Нэг муу нэхий дээлтэй, энд тэнд нь тамхины галаар цоолчихсон, эрүү малгайтай. Өвөл ороолт ч зүүхгүй энгэр задгай явдагсан. Хөдөөгүүр их явдаг. Голын эргээр ганцаараа юм яриад алхаад л байна. Бодвол зохиолынхоо дүр рүү ордог байсан юм болов уу даа. Өрөөндөө юмаа бичиж суухдаа ганцаараа инээж, хөхөрч ч байх шиг. Бид зун зусланд өвөөгийнд гарна. Өвөө их ажилсаг, шаардлагатай хүн л дээ. Ногоо тарина, түүнийг нь бид усална. Биднээр ажил их хийлгэнэ ээ. Тэгэхэд нь эмээ хүүхэд амраасангүй гээд тэр хоёр үзэж тардагсан. Германд сургууль төгссөн болоод тэр үү, европ соёлтой айл байсан. Хоол идэхдээ заавал хутга, сэрээ зэрэгцүүлж тавина. Вискиг хундаганд багаар хийгээд, тамшаалж уудагсан...

УИХ-ын гишүүн З.Алтай ийм эгэл хэрнээ аугаа хүмүүсийн голомтыг нэр төртэй үргэлжүүлэн бадрааж яваа хүн юм. Шинэ, орчин үеийн Монгол Улсын төр нийгэм, утга зохиол, анагаах ухааны суутнууд нэгэн гэр бүлд цугласан ийм түүх тун ч ховор буй за. Энэ гэр бүлийн түүх бол хэлмэгдэн зовсон ч хийж бүтээхийн төлөө зорьж тэмүүлж, улс орноо хөгжүүлэхийн төлөө нэгэн биеийн амрыг үл харан, гомдож гутрахыг мартан хийж бүтээж, нэр төртэй амьдарсан хүмүүсийн түүх билээ.

Хорин тавын Алтай

Нийгмээ бүрэн мэдэрсэн хүний хийж бүтээж буй зүйл нэг тийм зөн билигтэй болчихдог юм аа. 1980-аад оны сүүлчээр Монгол телевизэд сэтгүүлч З.Алтайн “Цаг үе залуучууд” нэвтрүүлэг гарч эхлэснээр нийгэмд өөрчлөлтийн үе айсуйг зөгнөж байлаа. Нийгмээ дагнан магтдаг байсан телевиз нэг л өөр шүүмжлэлт өнгө аястай томоохон нэвтрүүлэг гаргаад эхэлсэн нь айсуй цагийн чимээ байжээ. Нэвтрүүлэг нь эхлэхэд цагнууд наашлаад л, цагийн зүү их яарсан шинжтэй хурдан хурдан эргээд л, цаана нь хөрөнгөтний хөгжим гэж хорьдог байсан барууны алдартай рок хамтлаг “Пинк плойд”-ын “Тiме” дууны ая яваад л байдаг. Юунд тэгтлээ яарч байв аа? Одоо бодоход ардчилсан хувьсгалын цагийг түлхэж байжээ.

Зөвлөлтийн нөлөөгөөр дагуул Монгол улсад өөрчлөн байгуулалт өрнөж, ил тод байдал, олон ургальч үзлийг тунхаглаад байв. Хувьсгалаас гурван жилийн өмнө энэ нэвтрүүлэг гарч нийгмийн сэтгэл зүйг их өөрчлөлтөнд алсаас бэлтгэснийг өдгөө дундаас дээш насныхан мэднэ. З.Алтай сэтгүүлч тэгж явахдаа хожмын ардчилсан хувьсгалын лидерүүдээс нийгмийг шүүмжилсэн ярилцлага авах гэхэд татгалзаж байжээ. Тэр үед хувьсгалын лидер зүгээр л санхүүч байсан хэрэг.

Нийгмийн гажуудлыг их эртнээс мэдэрч энэ мэдрэмжээ нийтэд түгээдэг цөөхөн хүн байдаг. Ийм хүмүүс бол голдуу сэтгүүлч, зохиолч, урлагийнхан, сэтгэгчид байдаг. Оросод А.Солженицын, В.Высоцкий гээд л… Бид гадаадыг их сайн мэддэг хэрнээ дэргэдэхээ хэзээ л мэддэг байлаа даа. Харин хувьсгалыг гардан хийгчид бол огт өөр төрлийн хүмүүс. Гэхдээ тэдний гавъяаг бууруулах гээгүй юм шүү, сүүлчийн хэсэг илүү их эрсдэлтэй тулдаг, гэхдээ сэтгэгчидгүй бол тэд олон нийтийн сэтгэл санааг эртнээс бэлтгээгүй бол хувьсгалт өөрчлөлт, шинэчлэлт хэзээ ч амжилтанд хүрдэггүй. Хувьсгалчид бол бэлтгэгдсэн олон нийтийн өмнө ил тод ажилладаг. Харин тэднийг даган боссон ард түмэн яагаад босов гэдгээ огт ойлгодоггүй. Гэвч тэдний зургаа дахь мэдрэхүйд эрслэн босох ухамсарыг суулгасан хүмүүс байдаг юм.

Монголын тийм хүмүүсийн нэг бол Зоригийн Алтай юм. Ийм хүмүүс ямар ч улс төрч, тэр байтугай намаас илүү дэвшил нийгэмдээ авчирч, хувийн хариуцлагаа ухамсарлаж, хэнээр ч шахуулж шаардуулалгүй үүргээ бүрэн биелүүлж, нийгмийнхээ захиалгыг гүйцэтгэдэг бөгөөд тэд үүнийгээ зүгээр л ажлаа хийж байна гээд чимээгүй яваад байдаг гэмтэй. Тэд өөрсдийн хүсэн хүлээж байсан шударга үнэний төлөө зогсолтгүй ажилласаар л байдаг. З.Алтай яг ийм замаар 25 жил явжээ. Тэр эхлээд улсын телевизэд, дараа нь өөрийн хувийн телевизээр энэ ажлыг хийж явсан юм.

“Ломоносов төгссөн” лут сэтгүүлч 1982 онд Монголын үндэсний телевизэд хуваарилагдан ирсэн нь З.Алтай гэдэг залуу. Өөр хаана ч очих билээ, яг нарийн мэргэжлээр, телевизийн сэтгүүлчийн анги төгссөн тул улсдаа өрөө төлж, улсад ганцхан телевиз байдаг тэнд л орох учиртай. Сэтгүүл зүйн салбар хөгжиж, сэтгүүлч мэргэжлийг мэргэшүүлэн төгсгөж эхэлсэн нь энэ. Хойно, Москвад сайн сургууль төгссөн энэ тэр бол хамаагүй, тиймээс мэдээний редакцид сурвалжлагчаар томилж хоёр, гурван жил мэдээнд гүйжээ. Дараа нь Оросод төгссөн хэл устай гээд гадаад мэдээний албанд бараг ганцааранг нь зоочихжээ. Өглөө 8.00-д ирж цагаа бүтргүүлээд орой болгон сууна. Социалист орнуудын 13-14 телевизтэй орой 23.00 цагийн үед мэдээлэл солилцдог байжээ. Гаднаас өөрийн орны мэдээллийг дүрстэй, дуутай нь явуулдаг. Түүнийг нь орчуулж, мэдээлнэ. Социалист орнуудын гол хэл нь Орос хэл. Хариуд нь Монголын талаар мэдээ өгнө. Ганцаархнаа өдөр болгон л ажиллана. Цалин мөнгө нь нэмэгдсэн юм байхгүй ч, хийх л ёстой гэсэн ойлголттой ажиллаж байжээ. Ингэж “хэнхэглэсний” хүчинд тэндээ гурван жил гаруй ажиллаад зургаан жилийн дараа л “Залуучууд, спорт, цэрэг, эх орны нэвтрүүлгийн редакцийн даргаар” суга дэвшжээ. Дээр нь телевизийн эвлэлийн үүрийн дарга гэдэг лут албатай болжээ.

Телевизийг байгуулалцсан гэж даналздаг атамануудын даргаар “жаахан бацаан” очсон гэдэг. Редакци нь их том, учир нь тэр үед Монгол Улс “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай байсан ба Хятад лугаа байлдахад ч бэлэн дайчин улс болоод байсан юм. Мань том дарга өрөөндөө яваад ортол телевизийн “Асс”-ууд нүдний булангаар ч хараагүй гэдэг. Хоолойгоо засаад, жаахан хулчийсхийгээд “Би танай даргаар ирлээ” гэхэд шатар нүүж, тамхи баагиулж суусан хоёрын нэг нь эрүүгээрээ нэг халцархай шар ширээ рүү дохижээ. Тэгсгээд чимээгүй очоод суучихаж. Тэгээд л үзэж эхэлжээ. Жилийн дараа уран бүтээлчдээ ширээ тойруулаад суулгачихдаг, шинэковуудаа гадна хүрээнд нь суулгачихаад уран бүтээлийн галзуу мэтгэлцээн хийдэг хамт олонтой болж авчээ. Уран бүтээлч хүмүүс халдахад ширүүн ч ханилахад түшигтэй. Дарга үлгэрлэх ёстой тул шөнөжин ажиллаад үүрээр монтажныхаа өрөөнд сонинд дэвсэж нүдний хор гаргаад өглөөний шуурхайгаас өмнө амжиж босож, ажил цуглахаас өмнө нүүрээ угааж, үсээ норгож самначихаад хуралдаа орж явчихдаг байжээ.

Гэтэл эвлэлийн үүрийн дарга, залуучуудын редакцийн дарга нэг болохгүй юм хийгээд эхэлжээ. “Хонх” хэмээх албан бус хамтлагийн “Албан тасалгааны цонхоор, Амьдрал сайхан харагдана” гэж эхэлдэг дуунд одоогоор бол клип хийгээд цацаж ч байх шиг. ЗХУ-БНМАУ-ын хил дээрх Асгатын мөнгөний орд руу явах замд одоо гавъяат жүжигчин болсон, Б.Дашдондог гэж хэн ч мэдэхгүй залуу гитар дарангаа “Ганцхан заяах нутаг минь та билээ” гэж дуулж суух. Цаагуураа юу хэлээд байна? Дорнодын талд хэдэн мянгаар нь хядаад цэргийн машинуудад оцойтол ачсан цагаан зээрийг өрөвдөж ч байх шиг. Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн янзага нь машиныг тойрч майлж гүйгээд л. Цус нь урсаж, сүү нь савирсан шарагчингууд машины тэвшин дээр амьгүй. Цус, нулимс, сүү гурав зэрэг урссан тийм зураглал мартагддаггүй юм билээ. Хорин жилийн дараа Алтай захиралаас нүдэнд харагдаад байдаг тэр янзага яасан бэ? гэж асуухад хар эрчээрээ давхиж ирээд байлдааны машины дугуйг хүзүүгээ хуга мөргөөд үхсэн, бид барьж авах гэж багтарч унатлаа гүйгээд чадаагүй гэж харамсан ярьж билээ.

Энэ бол армийн хүнс бэлтгэж байсан намар оройн цаг. Мах хөлдөм хүйтэн эхэлмэгц цэргийнхэн АКА-гаар зэвсэглээд зээр хядаж эхэлдэг байсан, хүнс бэлтгэдэг тийм нэг групптэй таарсан нь энэ юм. Ингэж явахдаа Дорнодын цагаан зүгээ алдан төөрч, цасан шуурган боогдоод үхлийн ирмэгээс азаар амьд гарсан гэдэг. Дулаан байх гэж нормалдсаар муу жаран есийнх нь бензин дуусчээ. Хуучин 69-ийн кабин гэдэг малын саравчнаас ялгаагүй сийгнэ. Тэгээд үхжээ гэж шийдээд камертаа бүгдээрээ гэрээслэлээ камераараа бичүүлээд хальсаа нандигнан боогоод байсан ганц ноосон хөнжлөөрөө ганц эмэгтэйгээ ороогоод эрчүүд нь тойроод хэвтээд өгч.

Ухаан балартдагийн даваан дээр эрлийн машин азаар олж авчээ. Түүнийг хотод ирэхэд “Алтай минь чи яах гэж тэгж болох болохгүй юмны хойноос тэнэж явсан юм, зүгээр л болж бүтэж байгаа юм харуулаад дайлуулж цайлуулаад явж болох л байсан, үхэх нь байна шүү дээ” гэж олон нөхөд нь үглэж сургаад угтсан гэдэг. Гэвч хэн ч мэддэггүй ийм амь өрссөн явдлын цаана нийгмийн эрх ашиг байдаг. Ингэж хийсэн нэвтрүүлгийг нь жирийн үзэгчид киноноос илүүтэй тэсэн ядан хүлээдэг юм билээ.

“ЖААГ”-ынхны туулсан зааг

1990 оны Ардчилсан хувьсгалын дараа шилжилтийн үед завсрын хоёр танхимтай парламент байгуулагдсан. Одоо Э.Бат-Үүл нар яг ийм төрийн бүтэц хэрэгтэй байж гэж байнга ярьдаг болоод байгаа билээ. Ямар боловч коммунист дэглэмээс салсан Монголын төрийн байгууллыг шинэ залуу хүмүүсээр сэлбэх шаардлага Монголын төрд тулгарсан юм.

Монголчууд тайван хувьсгал хийсэн. Үүнд З.Алтайн “Цаг үе залуучууд” нэвтрүүлгийн нөлөө ч байсан. Цаг үе залуучуудын талд байна. П.Жасрай, Л.Лантуу нарыг 1985 онд Улс төрийн товчоонд орж ирэхэд товчооны гишүүд “Энэ жаахан хүүхдүүд юу хийж яваа юм?” гэж байсан гэдэг. Гэтэлтэр жаахан хүүхдүүд нь 54, 55 настай байж. Насаараа төрийн өндөр албанд хадагддаг хуучинсаг дэглэмд цус сэлбэх түүхэн шаардлага бий болсон юм. Өнөөдөр З.Алтай товчооны гишүүний насанд хүрч байна.

Гэтэл Румынд цуст хувьсгал хийгдэж, Н.Чаушескуг цаазласны дараа шинэ парламент бүрдүүлэхийн тулд “Улс үндсээ аврах фронт” байгуулж шилдэг сэхээтнүүдээ радио, чанга яригчаар дуудан цуглуулж байсан гэдэг. Харин хоёр танхимтай ардын хуралд олон залуус орж ирсэн юм. Тэгэхэд З.Алтай өнөөгийн тойргоосоо АИХ-ын депутат болж байжээ.  
 
1990-1992 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар ажиллаж Үндсэн хуулийг батлалцангуутаа “мэргэжлийн өвчин” нь хөдлөөд улс төрөөс холдоод явчихжээ. Депутат байхын зэрэгцээ мэргэжлээрээ ажиллаж л байсан юм, учир нь нийгмийн сэтгэл зүйг мэддэг мэдэрдэг хүн төр засагт шаардлагатай байжээ. 1990-1991 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэлийн албаны даргын ажлыг хийжээ. Монголд анх удаа Засгийн газар мэдээллийн монополиос татгалзаж, ардчилсан зарчмаар ардтүмэн олон нийттэй харилцах эх суурийг тэгэхэд З.Алтай тавьсан юм. Тэндээсээ мөн л Монголын төрийн бүтцэд бий болсон цоо шинэ институц Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанд туршлагатай боловсон хүчний хувьд томилогдон очжээ.

Одоо л хэвлэлийн албаны ажил өндөр зиндаанд үнэлэгдэхээ больсноос биш тухайн үед З.Алтай Радио телевизийн Улсын хорооны даргын хувьд эдгээр ажилд томилогдож байжээ. Улсын хороо гэдэг бол яамны статустай байгууллага байсан юм. Өөрөөр хэлбэл сайдын зиндаатай алба л даа. Гэвч үндсэн хууль баталчихаад би нийгмийн шилжилтийн үед улстөрийн хувьд хийдгээ хийлээ, одоо баталгаажуулахад өөр зүйл, цоо шинэ зүйл хэрэгтэй гэж бодсон байх. Чөлөөт хэвлэл бол Ардчиллын дөрвөн тулгуурын нэг.

Гэтэл өнөөх сайд маань 1993 онд тэр гэнэтхэн ажлаас чөлөөлөх өргөдлөө өгөөд чөлөөт телевиз байгуулах гээд дөрвөн нөхрийн хамт үзэж таржээ. Ноолуурын наймаа ч хийж, халаалтын радиатор ч зөөж, анхны шоуг зохион байгуулж, ер юм юм л хийсэн гэдэг. Анхны диско клуб байгуулчихаад мань “сайд” өөрөө тасалбар түгээгч болж үзсэн гэдэг. Тэд шинэ үеийн сэтгүүл зүй ямар байх талаар өөрийн гэсэн бодолтой, аль аль нь энэ чиглэлд эрт орж ажилласан туршлагатай хүмүүс байсан түүндээ найдаж ажил алба, байгаа бүхнээ орхиод эрсдэл хийхийг зориглосон хүмүүс билээ.

З.Алтай сайд эхлээд Туулын хөвөөнд А.Авирмэд сэтгүүлчтэй уулзаж мөрөөдлөө ярьжээ. А.Авирмэд сэтгүүлч багшийгаа уруу татжээ. А.Авирмэд агсан Д.Галсанжаргал сэтгүүлчийг “багш” гэж нэрийднэ. Бас телевизэд сайн инженер хэрэгтэй учраас Л.Жаргалсайхан инженерийг уруу татжээ. Ингээд нэрсийнхээ эхний үсгийг нийлүүлээд “ЖААГ” ХХК байгуулжээ. Тэд шууд телевиз байгуулчихаагүй юм.

Эхлээд Залуучуудын соёлын төвд өрөө түрээслэж тэндээ “Цагаан шонхор” радиогаа байгуулаад Монголын үндэсний радио дуусмагц залгуулаад 23.00 цагаас нэг цагийн нэвтрүүлэг орон даяар цацаж эхэлсэн юм. Тухайн үед Монголд албан ёсоор зөвшөөрсөн ганцхан радио өргөн нэвтрүүлгийн станц байсан юм. Тэр үеийн хүмүүсийн амьдралын хэмнэл ондоо, эрт унтдаг байсан боловч “Цагаан шонхор” радиог сонсохын тулд нойроо нэг цаг хугаслахыг тоодоггүй байсан юм.

Дараа нь Соёлын төв өргөөний ариун цэврийн өрөөг тохижуулаад Монголын анхны хэт богино долгионы ФМ-107 радиог байгуулжээ. Тэд радиогоо байгуулж, эфирээ цацаж эхэлсний дараахан нэг их ганган машинтай нөхөр ороод иржээ. Тэгээд “Би германаас ирсэн хүн, миний машин хэт богино долгионы радиотай, монголд дуугардаггүй байсан юм. Гэтэл сая гэнэтхэн танай радио ороод ирлээ, би ч баярласан гэж юүхэв” гэжээ. Тэгээд барууны эстрадын дуутай 30 гаруй СД бэлэглэсэн тэр хүн бол одоогийн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу ажээ. Тэр үед дэлхий дахин хүйтэн дайн, үзэл суртлын системийн ялгаанаас болоод радиогийн долгионыг хүртэл хуваасан байсан юм. Урт дунд долгион социализмынх, харин хэт богино долгион капитализмынх байжээ. Монгол хүйтэн дайны энэ ханыг анх цөмлөгчид бол “ЖААГ”-ийнхан байсан юм. Тэр ч байтугай телевизийн систем хүртэл өөр, социалист орнууд секам, месекам байсныг энэ хүмүүс л өөрчилж анхны барууны системийг Монголд нэвтрүүлжээ.

Монголд чөлөөт хэвлэлийн бодит туршлага байхгүй, тэр тусмаа телевизийн менежмент маркетинг гэдэг цоо шинэ, огт оргүй байхад энэ салбарт түрүүлэн орж, бэрхшээл саад бүхнийг өөрийн төрөлх хурц ухаанаар даван туулж, өнөөгийн зэрэгт хүргэсэн гавъяа хамгийн түрүүнд З.Алтай болоод түүний нөхдөд ноогдох учиртай билээ. З.Алтай чөлөөт телевизийн уран бүтээл, нэвтрүүлгийн бодлого, телевизийн удирдлага менежментийн шанг анхлан татсанаараа Монголын хэвлэлийн түүхнээ үлджээ. Уг нь “Алтайгийн 25” баймаар атал, хүмүүс “25-ын Алтай” гэдэг болчихжээ. Монголын анхны чөлөөт телевиз 15-хан жилийн түүхтэй, З.Алтайн амьдралын 15 жил энэ телевизэд зориулагджээ.              

Үргэлж 25-тай Алтай

Уг нь ингээд л зогсчихмоор. Хийлээ, бүтээлээ, түүхэнд нэрээ үлдээлээ. Гэвч зогмохгүй л байна. З.Алтай “Биеэ засаад, телевизээ зас, телевизээ засаад төрөө зас” гэдгээр замнажээ. Гэр оронд төдийлөн санаа тавихгүй, ажил гэж зүтгэсээр. Гишүүн болоод ч өөрчлөгдсөн юм алга. Ер нь дэлгэцээр байнга хардаг хүнээ насжиж байгааг анзаардаггүй юм шиг байгаа юм. Гэхдээ төрх нь бус хүний мөн чанар яг хэвээрээ байсан юм. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн байгуулагдаж нийгэмд бөөн бужигнаан дэгдэхэд, харин З.Алтай сэтгүүлч хөдөлгөөний дөрвөн залууг уриад бүтэн цагийн ярилцлага хийсэн юм. Ярилцлагад орохынхоо өмнө ганцхан асуулт тавьсан гэдэг. “Та нар няцахгүй биз?”  Ингээд нийгмийн шинэчлэл албан ёсны болж, хэвлэл мэдээллийн нөлөө бүхий хэрэгслээр дамжин хүлээн зөвшөөрөгдөж, улс орон ухрах араагаа сольж, урагшлах гэж дэвхцэж эхлэв.

“25 дугаар суваг” телевиз цагийн мөнхөд нэг тийм шударга телевиз нэртэй байсан. Эхлээд гарахад нь Ардчиллын дуу хоолой гэж магтаад сүйд болсон. Дараа нь Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрыг гайгүй сайн шүүмжилж байсан тул МАХН-ын телевиз гэж үзэж чадахаа байсан. Гэтэл МАХН Засгийн эрхийг үнэмлэхүй барьсан 2000-2004 онд ганц энэ телевиз шударга үнэний дуу хоолой болж, Засгийн газрыг шүүмжилж байв.

Тэгээд эцэст нь хүмүүс “Өө энэ телевиз найгүй шударга телевиз байгаа юм” гэдэг болж билээ. Үргэлжийн мөнхийн шударга байх гэдэг хэр хэцүүг цөөхөн хүн мэднэ. 2004 оны сонгуулийн өмнөхөн З.Алтай АН-аас гарлаа гэсэн мэдэгдэл олон хүнийг гайхшируулсан. Уг нь хонжоо харсан хүнд бол ардчилсан хүчний эвсэл ялах нь тодорхой байхад жаахан гүрийчихсэн бол болох шүү дээ. Гэхдээ З.Алтай захирал, “25 дугаар суваг” телевизэд ирж байсан дарамт шахалтыг хүмүүс мэддэггүй юм. Эрх баригчид хэтэрхий тал барилаа гэж хуулийн болоод хууль бус дарамт шахалт өдөр алгасалгүй үзүүлж байв. Аргаа бараад л намаасаа гарч байгаа хэрэг шүү дээ. Өөрийгөө бол гаргуунд нь хаясан хэрэг, гэхдээ телевизээ авч гарч байгаа юм. Улс орон нэг хүний дарангуйлал руу гулсаж байсан тэр жилүүдэд тракторчдын баривчилгаа, Л.Гүндалайг баривчилсан бичлэг, Ц.Нямдоржийн тагнуулын материал авилгын асуудлууд энэ л телевизээр л олон нийтэд хүрч байв. Тэр үед МАХН-ынхан “Ямар азаар “25 дугаар суваг” телевизэд орон нутагт цацах эрхийг нь өгчихөөгүй юм бэ?” гэлцэж байсан. Орон нутагт цацах эрхийг өгөхгүй хэчнээн удаасныг хүмүүс мэдэхгүй.

Ноцтой юм болсон нь цацах станцыг нь хэт өндөр хүчдэлд залгаж шатааж байв. Тагнуулынхан шалгаад эзнийг нь олоогүй. Телевизийг гаргахгүй гэж эцсийн аргаа хэрэглэсэн нь тэр. Тэгэхэд телевизийн удирдлагууд цацах станцынхаа хагас чадлаар нэвтрүүлгээ цацаж байгаад тавхан хоногийн дотор асар их зардал гаргаж сэлбэгээ онгоцоор татаж байлаа. Ингэхгүй бол үзэгчид хохирно. Харин бид хохирох яах вэ? гэсэн. Энэ бүхнийг хүмүүс мэдэхгүй, З.Алтай захирал ер нь мэдүүлье ч гээгүй. Түүнд нэг тийм бардам зан байдаг юм, өөрт учирсан бэрхшээлийг өрөөлд нялзаадаггүй. Харин үзэгчид болохоор “Та нар яагаад наад телевизээ гаргахгүй байна, эрх баригчдад худалдагчдчихаа юу?” гэж утас улайстал утасдаж, загнаж л байсан. Хажуугаар нь “25 бол хамгийн муу тоног төхөөрөмжтэй” гэж цуурхал тараана. Тухайн үед тийм тал байсныг шударгаар хүлээдэг, яагаад гэвэл телевиз шударга байсан учраас санхүүгийн хориг дор удаан амьдарсан. Гэхдээ болохоос болохгүйг хүртэл явсаар тэр хүнд бэрх цагийг даван гарсан юм.

2004 оны сонгуулиар ардчилсан хүчин З.Алтайг түшиж, МАХН бусад телевизийг эзэгнээд сонгуульд оролцсон. “25 дугаар суваг” зөвхөн хотод л гарч байв. Сонгуулийн дүн гарахад хотын 40 тойргийн тэн хагасыг эвсэл авлаа. Харин орон нутагт олон тойрог алдав. Тэгэхэд ардчилсан хүчнийхэн “25 дугаар суваг” орон нутагт гардаг байхгүй яав даа?” гэж амаа барьж байсан. Гэвч Ардчилсан хүчин гармагцаа З.Алтайд итгээгүй. Яагаад гэвэл энэ шударга нөхөр биднийг эрх баримагц маргаашнаас нь л шүүмжилнэ гэж мэдсэн. Яг тэр ёсоор болж шүүмжилж эхэлсэн. Ер нь телевизийн араншин бол захирлынх нь араншин байдаг юм. “25 дугаар суваг” бол хатуу, шийдэмгий, хэлэх ёстойгоо хэлчихнэ, зуйраад байхгүй, эрс шулуухан. Тиймээс энэ телевиз хэзээд шударга үнэний талд байсан, мөнгө хөөдөггүй байсан, үүнийхээ төлөө хохирсон, гэхдээ нэр хүндээ алдаагүй юм.

Одоо нэг зүйлийг асуух ёстой. Хэрэв тэр зурвасхан цаг үед З.Алтай худалдагдчихсан бол яах байсан бол? Тэр цаг үед улс орон буруу тийшээ явчих шахсаныг телевизүүдээс ганцхан “25 дугаар телевиз” мэдэрч, улдан чангаасаар өдий зэрэгтэй үлдээсэн юм. Анхны чөлөөт телевизийн хувьд өнөөдөр “25 дугаар суваг” телевиз буурь сууж байна. Илүүтэй бодлогын чиглэлийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Харин З.Алтай нэг зарчим барьдаг. Аливаа телевизийн бодлогод хэн ч нөлөөлөх ёсгүй, тиймээс өөрөө гишүүн болоод телевизийн бодлогод оролцохоо больсон. Гэхдээ сурсан ажлаа хийж төрийн ажлын ядаргааг тайлдаг учраас долоо хоногтоо чуулгангүй нэг өдөр телевиз дээрээ ирж уран бүтээлийн ажилд орж тайвширдаг болжээ.  

Хүрээ хүн

Энэ дөрвөн уулын дунд дөрвөн үеэрээ суусан хүн сая хүнтэй нийслэлд хэд бол? Мань хүн Монголын хотжилтын түүхийн амьд жишээ. З.Алтай бол тэр чигээрээ, мах цусаараа хотын хүн. Удмаараа дөрвөн уулын дунд амьдрах хугацаанд төр ч дөрвөнтөө солигджээ. Манжийн үеэс Богд хаант Монгол Улсын үед, БНМАУ-ын үе, одоо Монгол Улсын үе. Дөрвөн Үндсэн хууль солигджээ. Эртний Хятадын үгэнд хүний хамгийн хүнд зовлон бол “Төр солигдох үед амьдрах” гэдэг.

Харин энэ хүний удам дөрвөн төрийн нүүрийг үзэхдээ зовлон туулсан ч амьдарч буй нийгмээ сайн сайхан болгохын төлөө эндээ л тэмцэж, амжилт олж байсан юм. Өнгөрсөн зуунд Монголын удамт язгууртнуудыг бүгдийг хядан устгасан. Харин шинэ үеийн сэхээтнүүд тэр нугачаан дунд бүдэрсэн ч уналгүй босч ирсэн юм. З.Алтайн дээд үе энэ хядлага хэлмэгдэл дундуур хутганы ирэн дээгүүр сөрөн босч иржээ. Одоо З.Алтайд тэр тэмцэгч зан чанар нь удамшиж, бас л нийгмийн төлөө шударгаар зүтгэж яваа юм. Ийм ч учраас аливаа бэрхшээл тохиолдоход бэрхшээж шантраад байдаггүй, харин ч бүхий л боломж чадлаа дайчлаад даваад гарчихдаг, ер нь баргийн юмыг бэрхшээлд тооцоод байдаггүй зантай болсон байх. Тэр бол үр удмаа чанга хатуу хүн болгон хүмүүжүүлэхийнтөлөөтэмцсэн гурван үеийнхний бодол санааны биелэл. Энэ хямралтай хүнд үед ийм хүн, тэр тусмаа ашиг харж, аль байдгаа тавиад туучихдаггүй ийм хүн хэрэгтэй байна санж дээ, Монголчууд минь.

Барагдашгүй эрч хүч, өндөр боловсрол, авъяас чадвар, эрдэм ухаан энэ гэр бүлийн түүхэнд багтжээ. Алс өрнөдөөс 100 жил зөөсөн Монголын орчин үеийн соёл иргэншлийн бүхий л өв З.Алтайд удамшсан юм. Тиймээс тэр хэнтэй ч харьцуулшгүй орчин үеийн хүн юм.

Олон хүн “Алтай чи шударга хүн, улс төрд орооч” гэж ятгадаг байсан. Мань хүн “Аа, тэр заваан юмнуудтай хутгалдаж яадаг юм” гэдэг байсан. Мань эрийн тэвчээр барагдаж, тэгж хэлдэг байсан хүмүүсийн магнай хагарч билээ. Уг нь З.Алтай телевизтэйгээ байвал энэ нийгэмд илүү их тус болно, тус болж ч байсан гэх байх л даа. Гэвч телевиз нь одоо нэгэнт чиг баримжаа байр сууриа олсон, хамтран зүтгэгчид нь ч гэсэн З.Алтайгаас нэг их өөрцгүй найгүй шударга нөхдүүд л дээ.

Тэгээд олсон жаахан мөнгөөрөө “Цагаан шонхор” радио байгуулж, Монголын радиогийн нэвтрүүлэг дууссаны дараа дараа шөнийн 23-24 цагийн хооронд нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна. Радиогаа байгуулаад олон ч газар дамжиж, өрөө түрээслэж явжээ. Тэр ч байтугай соёлын төв өргөөний подвалд ариун цэврийн өрөөг нь засаж янзлаад сууж үзжээ.

Энэ бол мөн л Монголын анхны чөлөөт радио байлаа. Энэ радио удалгүй Монголын анхын богино долгионы радио болсон түүхтэй. Хүмүүс “25 дугаар суваг телевиз” яаж зүтгэж байгуулсныг тэр бүр мэддэгүй юм билээ. Нэг л өдөр байгуулчихсан мэт боддог. Нэг орой нэвтрүүлгээ дуусгаад гарах гэж байтал герман машин унасан нэг нөхөр ороод иржээ. Тэр хүн би Германд л богино долгионы радио сонсож байлаа. Миний машины радио богино долгион л барьдаг юм. Сая ирээд радиогаа асаасан чинь Монголд богино долгионы станц байгуулагдчихаж, баярлаад та нартай уулзах гэж ирлээ, та бүхэнд бэлэглэх гэсэн юм гээд 30 гаруй хөгжмийн диск барьжээ. Энэ хүн бол Нарантуулын Сайхансамбуу байсан гэдэг.  
 
З.Алтай анх ярилцсан хүнд адармаатай, бэрх ч юм шиг зантай. Тэгсэн атлаа ойртож танилцахаар хүн чанараар бялхаж байна. Аливаад заримдаа бүр дэндүү гэмээр зарчимч. Ахуйгаа нэг их бодохгүй, баяжиж хөлжих тухайд бүр ярих ч юмгүй дургүй. Баяжлаа гээд яах юм, би болохгүйдээ яачихаав гэж зөрнө. Энэ нэг тийм сэхээтний зан байх. Гэхдээ маш зөөлөн сэтгэлтэй өрөвчхөн. Амьдралаа яриад тусламж гусан хүнд үгүй гэхгүй, гэхдээ саяар нь өгөх мөнгө байх биш, жишээлэхэд л өнгөрсөн жил ядарч зүдэрч яваагаа хэлээд гуйсан Тунгалагийнд Алтантүрүүг хонуулаад их тусласан. Хөөрхий эмэгтэй ядаж л хоёр хүүхдийнхээ ирээдүйд итгэлтэй нүд анисан байх даа.  

Нэр төрөө эрхэмлэдэг ч алдар нэрэнд шунахгүй. Заяаных байх, тэр нэр төр алдар нэр нь ирээд наалдчихдаг бололтой юм. “Ахуйгаа боддоггүй хүнд төрийг даатга” гэж эртний мэргэд хэлсэн нь үнэн үг. Хийж бүтээсэндээ сэтгэл хангалуун, баяжихгүй ч, ядрахгүй ийм хүн. Хүнд хамгийн чухал юм бол хүн чанар. Улстөрдхүн чанар байдаггүй гэдэг худлаа. Хүн чанартай хүн л улстөрд байх ёстой.

З.Алтай гишүүн болоод баяжиж сүйд болно гэж өрсөлдөгчид нь харж байсан байх. Гэвч амьдардаг байрандаа, телевиз нь бахь байдгаараа, чөлөөт өрсөлдөөн дунд өрсөлдсөөр л. Жил бүр УИХ-ын гишүүд тэрбумаар мөнгө авлаа л гэдэг. Үнэндээ З.Алтай авсан мөнгө бүгдийг нь тойрогтоо цутгасан. УИХ-ын гишүүний мөнгөнөөс сүүлчийн зоосыг нь хүртэл тойрогтоо наахын тулд дүүрэгийн түшмэлүүдтэй хүртэл хэрүүл хийж явсан. “Хөөе, найзууд аа, аль болох ихийг наад дүүрэгтээ наана шүү, идэж ууж, шамшигдуулна гэж л байхгүй шүү”. Гишүүн болоход нь Телевизийн холбооноос авч өгсөн бага иддэг, дизель учраас өвөлдөө жаахан дааруулдаг хар машинтайгаа л жийж явна.

Удам дамжин “Тамгалсан бууриа сахиж, тангарагласан төрдөө зүтгэсэн” хүмүүсийн алдар бадартугай! Ард түмэн минь дэмжээрэй.




                         

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив