Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
А.Баатархуяг: Бондын хүү гэнэт өссөн нь Монголын сурталчилгаа сул байгааг харуулсан
2013 оны 1 сарын 15 [Уншсан тоо: 86954]
“МонЦаМэ” агентлагийн дарга А.Баатархуягтай ярилцлаа.

-Ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Хувийн телевизэд ажиллах, төрийн мэдлийн мэдээллийн агентлагийг удирдахад ялгаа байна уу?
- Адилхан хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг утгаараа нэг талаараа амар байна. Уянга бид хоёрт нэг бодол байсан. Улс орон тогтворжоод ирэхээр төр иргэдийнхээ ухамсрыг сөрөг мэдээллээс хамгаалах гол зорилт тавигддаг. Монгол Улс “Хүйтэн дайны” үед мэдээллийн дайны нэг фронтод явж ирсэн. Хүйтэн дайн дуусч дэлхий дахинд лебариал тогтолцоо ялаад 20 гаруй жил өнгөрсөн ч мэдээллийн ялангуяа гадаадад чиглэсэн урсгалыг зохицуулах, иргэдээ мэдээллээс хамгаалах асуудал тун чухал хэвээр байна. АНУ хүйтэн дайнд ялаад хамгийн том хоёр агентлагаа хувьчилсан ч хориод жилийн дараа АНУ-ын гадаад суртал нэвтрүүлэг нь доголдож байгааг ойлгоод хоёр агентлагаа буцаагаад улсын мэдэлд авчихлаа.

Дэлхийн I дайны дараа Франц улс улсынхаа гадаад сурталчилгааг хувийнханд өгснөөс II дайнд ялагдсан гэж үздэг. Хувийнхан Францын соёл, урлагийг гайхалтай сурталчилсан ч гадаад улстөрийн суртал нэвтрүүлэг муудсанаас тэр. Тэр үеийн соёлын сурталчилгаа өнөөгийн Францын имиж болсон ч дайнд ялагдсан эзлэгдсэн нэртэй л байна. Та Францын талаарх төсөөллөө нэг бод доо. Харин монголчууд 20 жил шилжилтийн үеийг туулахдаа амжиргаагаа аятайхан болгочихьё, амьдралд хөлөө олчихьё гэж явлаа. 22 жилийн дараа эдийн засаг ч өслөө, амьдрал ч харьцангуй боломжтой болоод ирлээ. Одоо улсынхаа нэр хүнд, имиж, дэлхий дахинд эзлэх байр суурь, нөлөөг таниулах зорилго зайлшгүй тулгарч байна. Дэлхийд өрсөлдөхөд энэ тун чухал. Энэ тал дээр Ерөнхийлөгчийн идэвх чармайлт л одоохондоо ялгарч байна.

“МонЦаМэ” бол дэлхийн анхны агентлагуудын нэг. Азид ёстой нөгөө “Ардын засаг ч хаа байлаа, авдаг өгдөг нь ч юу билээ” гэж байхад Монгол хэдийнээ агентлагтай болсон байж. Ардын засаг тогтохоос дөрвөн сарын өмнө хувьсгалын тухай анхны мэдээг 1921 оны 3 сарын 20-нд “МонТа” агентлагийн уламжилснаар “РосТа” дэлхий дахинд цацсан байдаг. Хэрэв нарийн судалбал агентлаг байгуулсан түүх бүр 1912-1914 он хүрч магадгүй юм билээ.    

Ийм нэр хүндтэй байгууллагын үйл ажиллагааг өндөр түвшинд буцааж сэргээх шаардлага байна. Ингэж байж Монгол Улсыг дэлхий дахинд зөв таниулна. Одоо бол Монголын талаар мэдээлэл авахаар ирсэн гадаадын сурвалжлагч захын хүнээс авсан сөрөг мэдээллээ дэлхийн нэр хүндтэй сонин дээрээ нийтэлчихдэг. Ингээд л Монголын хүүхдүүд траншейнд, оросууд хаяад явчихсан чинь байшин нь балгас болчихсон, талын нэр тараад суучихсан хүмүүс гэсэн имиж бүрдсэн. Гадаадын албаны хүмүүс ирэхээр өндөр, өндөр байшинтай, машин нь гудамжиндаа багтахаа больчихсон, хэрэглээ өндөртэй улс харагддаг. Ялгаа байгаа биз. Оросын “HTB” сувгийнхан их өрийг тэглэхийн өмнө Улаанбаатарт ирж сурвалжлага хийхдээ “Юун өр цайруулах вэ? Улаанбаатар бол “Дорнын Лас Вегас” болчихож, Оросууд бид буруу дүгнээд байна” гэсэн мэдээ цацаж байсныг олон хүн санаж байгаа байх. Бодит байдал ба төсөөллийн зөрүү ийм л юм. Харин одоо бид шинэ Монгол Улс гэж хэн болох, ямар амжилттай явааг дэлхий дахинд харуулах хэрэгтэй. Ийм бодолтой байгаагаа хэлэхэд Н.Алтанхуяг сайд “Бидэнд “шинэчлэлийн” гэдэг тодотгол  өгсөн. Тиймээс шинэ санаачлагыг дэмжиж томилгоо хийж байгаа, чи наадхиа хэрэгжүүл” гээд шийдвэр гаргасан.

-Н.Алтанхуяг сайд таны шинэ санааг үнэлж томилсон юм байна. Харин УИХ-ын гишүүн эхнэрийн нөлөө байсан гэх яриа гадуур байсан. Ер нь МҮАН-ын зүгээс ч юмуу, өөр ажлын санал ирж байв уу?

-МҮАН-ын зүгээс санаа тавьж Б.Батцэрэг дарга Ч.Улаан сайдтай ярьж Татварын дэдээр ажилла гэсэн санал тавьсан. Тэгэхэд “Би наад салбарыг тань мэдэхгүй” гээд татгалзчихсан. Шинэ үеийн бидэнд чаддагаа хийх, энэ улсад хэрэгтэй газарт нь ажиллах зарчим бий. Түүнээс энэ нь илүү өндөр алба, ашигтай гэж хандах ёсгүй. Энэ нийгэм маань өөрөө мэргэжилтнүүдийн нийгэм учраас ямар мэргэжилтэй байна, түүнийгээ л сайн хийх ёстой. Үүнээс өмнө Л.Гантөмөр сайд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ирвэл хамтаръя гэж байсан. Дийлэхгүй байх л гэсэн. Уянгаагийн нөлөө гэж яривал бид хоёрт өмнө хэлсэн санаа л байсан.

-Таныг ажлаа хүлээж авахаас өмнө “МонЦаМэ” агентлагийнхаа үүргийг гүйцэтгэж чадаж байж уу? Юунаас ажлаа эхэлж байна вэ?
-Олон жилийн соёл, туршлагатай байгууллага гэдэг өөр. Жишээлбэл, орон нутгийн мэдээллийг авдаг цорын ганц сүлжээг хадгалж үлдсэн байна. Мэдээлэл цуглуулах ажлаа яс хийдэг ч түгээх тал дээрээ жаахан хоцрогдож. Мөн хүйтэн дайны үеийн коммунист уламжлалаа барьж хэвлэмэл бүтээгдэхүүн гаргах тал дээр бүх анхаарлаа хандуулдаг байж. Хүйтэн дайны үед коммунист системийн орнууд хэвлэлээр гол үзэл суртлаа хийж, барууныхан радио телевизийг өргөн ашигладаг байсан тэр л уламжлал. Яахав, интернэт хувилбарын эхний захиалгаа аваад эхэлчихсэн байна. Тиймээс анх ирээд л сайт, мэдээллийн шинэ технологид гол хүчээ тавих ёстой гэж бодсон маань зөв байсныг Ази номхон далайн орнуудын агентлагуудын удирдах зөвлөлийн хуралд оролцох үеэр батлагдсан. Энэ тал дээр барууныхан ч, гуравдагч орнууд ч, пост коммунист орнууд ч гарааны харьцангуй ижил нөхцөлд байна. Байгаа бүх нөөцөө эхний ээлжинд техникийн шинэчлэл, сургалтад чиглүүлж байна.

Харин боловсон хүчний асуудал алга. Би “22 жил “МонЦаМэ” агентлагийг “мартчихсан” нь сайн хэрэг болжээ” гэж хошигнодог. Хуучны үзэл суртлын байгууллага гээд мартчихсан учраас эрх баригч намууд бужигнуулсангүй. Одоо буцаагаад үйл ажиллагааг нь шинэ түвшинд гаргахад л Монголын гадаад суртал нэвтрүүлгийн байгууллага болох боломжтой хэвээр байна. Аливаа улсад олон улсад мэдэгдэл гаргах эрхтэй гуравхан байгууллага л байдаг юм билээ. Засгийн газар, Гадаад хэргийн яам, гуравт мэдээллийн агентлаг. Тиймээс гадаадад мэдээлэх нь манай гол үүрэг. Гэхдээ зөвхөн улстөрийн гадаад харилцаанд тулгуурладаг хуучин уламжлалаа орхиж, өргөн хүрээтэй харах ёстой байх. Тиймээс Засгийн газрын мэдэлд байх нь зүйтэй юм билээ. Гэхдээ дотоодын манипуляцид ашиглагдах боломжгүй.

Агентлагаас дотоодод монгол хэлээр мэдээлэл түгээх эрхийг ардчиллын зарчим хааж байгаа юм. Тэр орон зай бол чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагуудынх байх ёстой. Гэхдээ одоо байгаа бүтцээ харвал орон нутгийн мэдээллээр бусад хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг хангадаг байсан системээ сэргээх ёстой юм билээ. Манай үндэсний тодотголтой хэвлэл мэдээллийн байгууллагууд дөрвөн уулын дундах мэдээг л орон даяар цацаж байна. Тиймээс эхний ээлжинд Үндэсний өдөр тутмын сонин, телевизүүдтэй гэрээ байгуулж орон нутгийн мэдээллээр хангах нь зөв гэж бодож байна. Зарчмын хувьд тэд “МонЦаМэ”  мэдээлж байгааг л дурдахад хангалттай. Энэ нь өөрөө манипуляцаас хамгаалж байгаа юм.

-Шинэ дарга ажлаа аваад багаа бүрдүүлнэ гэдэг. Таны хувьд багаа бүрдүүлэх шаардлага байна уу?

-Чиг үүрэгтэй холбоотойгоор үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, үр дүнг өсгөхөд чиглэсэн бүтцийн бага сага өөрчлөлт хийж байна. Гэхдээ хүн халаагүй. Нийт ажилтнуудын 70 гаруй хувь нь мэдээллийн үйл ажиллагаандаа төвлөрсөн үнэтэй боловсон хүчин шүү дээ. Хүн халах амархан, харин ажиллуулах нь чухал.

-Гадаадад улсаа яаж сурталчилах вэ?
-“МонЦаМэ” гадаад мэдээлэх ажлаа явуулж л байсан. Дэлхийн 30 гаруй улсын 40 гаруй мэдээллийн агентлагтай холбоотой ажиллаж байна. Жилд хагас сая хэвлэмэл бүтээгдэхүүнийг дөрвөн хэлээр түгээж байна. Дэлхийн мэдээллийн агентлагуудын сүлжээнд өдөр тутам 50 гаруй гарчиг мэдээ оруулж байна. Үүнийг дөрвөн хэлээр, жилийн бүх хоногоор үржүүлбэл хэд гарч байна? Үүнийгээ илүү сайжруулах, үр дүнтэй, зорилго чиглэлтэй болгох шаардлагатай. Монголын мэдээллийг илүү сонирхдог, тэр хэрээр түгээсэн мэдээлэл бүр улсад үр ашигтай байдаг болгох хэрэгтэй. Мэдээ болгон зардалтай бүтээгдэхүүн. Гадаадад мэдээлэх, гадаад мэдээний редакцийн үйл ажиллагааг сайжруулах, сайтынхаа хурдыг нэмж, гадаадаас хандах хандлагыг илүү сайн болгохын тулд ажиллах ёстой.

АНУ-ын талаар дэлхий дахин бичиж байгаатай адил Монголыг дэлхий нийт сонирхдог байхын тулд ажиллах шаардлага байгаа. Манайхаас гаргаж байгаа мэдээллийг гадныхан албан ёсны хэрэгцээнд сайн ашигладаг юм байна. Цаашид дэлхийн хүн амд энгийн түвшинд хүргэхийн төлөө ажиллана. Жишээ нь жуулчдыг татах, хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг зөв мэдээллээр хангах гэх мэт.

-Улсынхаа талаар ямар мэдээлэл гаргах ёстой юм бол. Цензур байх уу?
-Цензур байхгүй. Дэлхийн нийтэд өөрийн улсаа сурталчлах зорилгод л бүхнийг нийцүүлэх ёстой. Гэхдээ хуучны улстөрийн суртал нэвтрүүлгээс орчин үеийнх огт өөр гэдгийг л маш зөв ойлгож ажиллах ёстой. Би хүмүүстээ хэлдэг. “Та нар бол сэтгүүлчид биш суртал нэвтрүүлэгчид. Бидний өрсөлдөөний талбар дотоодод биш гадаадад байна. Ямар ч мэдээг гадаадын хүн уншаад Монголыг сонирхох тэр өнцгөөс л бичих ёстой” гэж. Гэхдээ худал мэдээлж болохгүй, манай сайн өрсөлдөгчид “Синхуа”, “Итар Тасс”, “Ройтерс”, “Коидо” Монголоос мэдээлэл авч л байгаа шүү дээ. Түвэгтэй, бэрхшээлтэй асуудлыг мэдээлэхдээ, жишээлбэл, хөрөнгө оруулалтад ийм түвэгтэй асуудал байгаа. Үүнийг  шийдэх хувилбаруудыг хэлэлцэж байна гэж мэдээлж болно. Хэрэв бид худал мэдээлбэл нэр хүндээ алдана, энэ бол эцэстээ улсын нэр хүнд шүү дээ. 

АНУ гэхэд нуух зүйл байхгүй, гэхдээ нэр хүндтэй улс хэвээрээ л байдаг. Бидний хувьд ч ийм зарчим барина. Гэхдээ дотооддоо шийдчих гал тогооны хэрүүлээ заавал гадаадад сонсгох шаардлага байхгүй биз дээ. Хөрөнгө оруулалт татах, улс төрийн гадаадад харилцаагаа сайжруулах, соёлын өв, үндэсний онцлогоо тод томруунаар онцгойлох, жуулчдыг татах, Монголын эдийн засгийн хөгжлийг зөв сурталчилах, хууль сурталчлах, зарим ташаа мэдээллийг засах чиглэлд нийцүүлж ажиллах ёстой.

-Чингис бондыг гадаадын зах зээлд гаргахад танай агентлаг ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Нэг зүйлд харамссан. Уг нь манайхан бонд 3.8 хувийн хүүтэй борлох байсан юм билээ. Гэтэл яг бонд арилжихын өмнөх баасан гарагт Хонконг даяар сөрөг сурталчилгаа яваад эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг үл тоомсорлодог, хөрөнгө оруулагчдыг хавчин гадуурхдаг хүчин Засгийн газарт хүчтэй, нөлөөтэй болсон гэх сөрөг мэдээлэл түгээсэн учраас хүү нь 4.1 гараад Испанийн түвшинд хүрчихсэн. Манай улсын гадаад сурталчилгаа сул байгааг, дээрээс нь цаг хугацааны хүчин зүйлийг сайн тооцож байгааг нь харвал дотоодын сайн зөвлөгч гадныханд байж болзошгүйг тэр үйл явдал харуулсан.

“МонЦаМэ”-гийн хувьд шууд арга хэмжээ авах боломж байгаагүй. Нэгд би өөрөө ч энэ талаар гуравхоног хоцорч мэдсэн, ажлаа аваад арав гаруй хонож байсан. Мэдлээ ч өнөөгийн нөхцөлд нөлөөлөхүйц ажиллагаа явуулж чадах нь юу л бол? Гадаад суртал нэвтрүүлэг тогтвортой байсан нөхцөлд л “контр-пропанганда” амжилт олдог тийм л сургамж. Манай гадаад сурталчилгаа тогтвортой сайн, зөв мэдээлэл хангалттай байсан бол зээлдэгчид гэнэтийн мэдээлэлд итгэж савахгүй, бондын хүү өсөхгүй байсан. Ядаж сарын өмнө энэ чиглэлээр “МонЦаМэ”-д үүрэг чиглэл өгсөн бол яах байсан бол? Гэхдээ энэ “МонЦаМэ” эсвэл төрийн буруу биш. Бид 20 жил ахуйтайгаа л зууралдаад явчихаж, энэ бонд том үзүүлэх сургуулилт боллоо. Манай гадаад имиж ямар хэврэг байгааг харууллаа. Гэхдээ Испанийн түвшинд тогтоно гэдэг бас ч муу үзүүлэлт биш л дээ гэж тайвшрах юм. Байнга мэдээллээр хангаж, тордож байж зөв имиж тогтдог. Энгийнээр бол Монгол Улс өөрөө өдөр бүр сонгуульд оролцож байгаа мэт ажиллах ёстой. Бид хөрөнгө оруулагчдын сонголтонд орох гэж зүтгэж байгаа шүү дээ.

Нэг өдөр л мэдээллийн экспанс хийгээд нэн таатай имиж бүрдүүлэх боломж байхгүй ч нөгөө талаас ийм эрсдлийг зайлуулах, саармагжуулах боломж бол бий. Эдийн засгийн хувьд өндөр хөгжиж байгаа, хөрөнгө оруулахад найдвартай. Хөрөнгө оруулагчдыг үзэн яддагтаа биш улсынхаа эрх ашгийг хамгаалах гэсэн алхам хийж байгаа гэдгийг ойлгуулах ёстой. Ардчилсан зарчмаар асуудлыг хэлэлцэж шийддэг гэдгийг ойлгуулах ёстой. Ийм л тогтвортой дүр төрхийг дэлхий нийтэд суулгачихсан байх ёстой юм гэдгийг өнгөрсөн үйл явдал харууллаа.

-Дараагийн удаа бонд гаргахад дэлхий нийт гэнэтийн, захиалгатай мэдээлэлд савахгүй байх баталгааг та одоо амлаж чадах уу?
-Одоо бондын зарцуулалтыг мэдээлнэ. Гэхдээ Монголын эрх ашигт нийцсэн үнэн мэдээлэл шүү. Төмөр замын асуудлын зөрчилдөөнийг гэхэд эдийн засгийн үр ашгаас үзэхэд ийм байна, аль аль талаасаа нухацтай хэлэлцэж байгаа тухай, тэгээд гарсан үр дүнг нь мэдээлнэ. Үүний эцэст л гадныхан зөв ойлголттой болох учиртай. Тэгэхгүй гэв гэнэт эцсийн шийдвэр мэдээлэх нь эвгүй байдал үүсгэдэг талтай. Бонд гаргах үеэр Н.Энхбаяр даргыг шилжүүлсэн асуудлыг хүртэл зөв мэдээлэх шаардлага гарч байгаа юм. Энэ мэтээр удаан бөгөөд нямбай, Засгийн газартай нягт уялдаатай шаргуу ажиллаж байж л үр дүн гарна. Одоо манай улсад гадаадад мэдээлэх чиглэлтэй хоёрхон газар байна. Нэг нь манайх, нөгөөх нь Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн алба. Эднийг л сайн тордох хэрэгтэй л дээ. Түүнээс “CNN”,” BBC”, “CCTB” шиг мэдээллийн хүчирхэг дамжуулагч бий болгох боломж одоохондоо алга.

-Хөрөнгө оруулагчдын тухайд Монголын хуулийн орчин тогтворгүй гэсэн ойлголттой байдаг. Жишээ нь энэ ойлголтыг яаж залруулах ёстой бол?

-Авлига, хээл хахууль, гадны лоббиноос болоод холбогдох хуулиудаа хэт зөөлрүүлж, түүндээ үндэслэж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас улсад ашиг багатай гэрээ байгуулагдаж байсныг тухайн үед хөдөлгөөнүүд шүүмжилж байсан. Үнэндээ хөрөнгө оруулалт, тогтвортой байдлын гэрээг хийхдээ хуулиа зөөлрүүлэлгүй, байгаа орчныг нь тогтвортой хадгалах гэрээ хийсэн бол ийм байдалд орохгүй байсан. Иргэний хөдөлгөөнийхөн үүнийг л шүүмжилж байсан. Томоохон хөрөнгө оруулагчид ч хэт таатай нөхцөл нэхэхгүй. “Рио-Тинто” шиг том компани аливаа улсын авилгад идэгдсэн албан тушаалтнуудтай хуйвалдаад өөртөө хэт таатай нөхцлөөр “луйврын гэрээ” байгуулчихлаа гэвэл нэр хүндэд нь муу. Үнэндээ “Рио Тинто” өөрсдөө ийм хэт таатай нөхцөл бий болгоогүй, “Айвенхоу майнз”-ын нөхцөл дээр л гэрээ байгуулсан шүү дээ. Гэрээгээр гол хүссэн зүйл нь хуулийн орчныг л тогтвортой байлгах шүү дээ. Гэтэл манай тухайн үеийн эрх баригчдын хэт таатай болгосон хуулийн орчныг бодит түвшинд ойртуулах бодлогоор гэрээг өөрчлөе гэсэн шаардлага нь асуудал үүсгээд байна. Үүнийг л зөв ойлгуулах шаардлага байна. Ингэхгүй бол сунжраад дараа дараагийн асуудал үүснэ. “Саус гоби сэндс”-ийн асуудал үүний зөвхөн нэг нь. Зэсийн үнэ унаж, нүүрсний экспорт гэнэт зогсохоор Засгийн газарт мөнгө хэрэгтэй болно. Түүнийгээ олон улсын хөрөнгийн зах зээлээс өрийн бичгээр босгосон, гэтэл гэнэтийн мэдээлэл бондын хүүг өсгөж байна. Үүнийг зохицуулах байнгын бэлтгэлтэй байх ёстой.

-Дэлхий нийт Монголын талаар уул уурхайгаас гадна ямар мэдээлэл сонирхож байгааг судалсан уу? Танай агентлагаас ямар төрлийн мэдээлэл илүү хүсч байгаа бол?

-Ажлаа аваад хамгийн түрүүнд өгсөн даалгавар энэ. Судалгаагүй мэдээлэл цацаад байвал хий эргэнэ л гэсэн үг. Мэдээллийн тоо биш чанар чухал. Монголын уул уурхайн чиглэлийн мэдээллийг хамгийн их, дараа нь эдийн засаг, улс төр, соёлын асуудлыг сонирхож байгаа гэсэн ерөнхий багцаа байгаа. Үүнээс нарийн судлах шаардлага байна. Аялал жуулчлалын маш сайн бүтээгдэхүүнийг маш сайн сурталчлахын тулд ямар чиглэлд, юуг нь илүү сонирхож байгааг нь судалж, аль хэл дээр түлхүү түгээхээ шийдэх хэрэгтэй. Мөн болсон үйл  явдлын араас дагаж мэдээлэх биш асуудлаа угтаж тавих ёстой. Бонд гаргана гэхэд сарын өмнөөс угтаж мэдээллээ эрчимжүүлж байх шаардлагатай. Цагаан сар, наадмаас хэдэн сарын өмнө төлөвлөгөө гаргаад анхаарал татсан мэдээллийг түгээх ёстой. Одоохондоо.

Яаралтай гадаадад PR чиглэлээр сургууль төгссөн дотоодын боловсон хүчин, найзууд, ажил хэргийн нөхөд, мөн хуучин нийгмийн үед гадаад суртал нэвтрүүлгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай үе үеийнхэнтэй уулзаж Монголын имижийн талаар ярилцаж, зөвлөх хэрэгтэй байх. Хүйтэн дайны үеийн манай суртал нэвтрүүлгийнхэн бас ч арвин туршлагатай байх шүү. Бид л өөрсдийгөө тоодоггүй болохоос. Үүний дараа бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчидтай зөвлөж Монголын имижийг тогтоочихвол, бас байнгын үйл ажиллагааны төлөвлөгөө гаргачихвал ч “Хандах зүг өөрөө тогтоно” биз дээ.

-“Трабозвар батаар”-ын хэрэг Монголыг дэлхий нийтэд багагүй сурталчиллаа. Энэ мэтээр дэлхий нийтэд болж байгаа Монголтой холбоотой үйл явдлыг анхаарч, алийг нь “чулуу” болгох вэ гэдэгт бас анхаарна биз?
-Улс төрд сайн мэдээ эсвэл муу мэдээ гэж байдаггүй реклам л гэж байдаг гэсэн зарчим бий шүү дээ. Батаарын хэрэг агуулгаараа муу мэдээ. Тэгсэн атлаа Монгол бол үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгийг дэлхийд тод томруун харууллаа. Сонирхолтой нь АНУ, Монголоос махчин үлэг гүрвэлийн яс их олддог, БНХАУ-аас өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн яс их олддог гэж Р.Барсболд гуай ярьж байсан. Айлчлалаар явж байхад өмнөд хөрш маань “Манайх өвсөн тэжээлт үлэг гүрвэл” гэж ярих дуртай юм билээ. Өөрөөр хэлбэл аугаа том гэхдээ аюулгүй гэсэн үг л дээ. 

Агентлагаас энэ долоо хоногоос эхлэн Монголын тухай гадаадын хэвлэлд гарч байгаа бүх мэдээллийг цуглуулж брошюр болгоод Засгийн газарт оруулж байгаа. Ерөнхий сайдыг манай ажилтай танилцах үеэр анхныхыг нь барилаа. “Экономист” сэтгүүлийн судалгаагаар Монгол улс хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн ба 2013 онд аман хүзүүнд орох магадлалтай тухай мэдээлжээ. Таагүй мэдээ ч байна билээ. Гурав хоногийн дотор Монголын талаарх мэдээллийг цуглуулахад найман нүүр товхимол гарч байна. Үүнийгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газарт оруулж өглөө. Монголын нэр ямар байдлаар дэлхий дахинд түгж байгааг мэдэх, ямархуу мэдээллийг аль аль эх сурвалжаас түгээж байгааг мэдэхэд их хэрэг болно. Манайх англи, орос, япон, хятадаар мэдээлэл хайж байна, испани, солонгос хэлээр ч мэдээлэл шүүх боломж байна.

-Таны бичсэн улстөр-эдийн засгийн, асуудал дэвшүүлсэн нийтлэл манай сонинд гардаг байсан. Одоо өөрийн байр сууриа бичих нь хэр оновчтой байх бол?
-“Эрх чөлөө байхгүй кайфгүй байна” л гэж наргиад байгаа. Гэхдээ асуудал байгаа бол бичиж л таарна. Даанч цаг, зав бага байна. Одоо бол үндэсний эрх ашгаа нэн тэргүүнд тавих шаардлагатай болсон. Эрх чөлөө хязгаарлагдах ч бас хог юм байна шүү. Ч.Нэргүй ахын орчуулсан “Ленин” номыг уншихад чөлөөтэй бичиж байсан үеэ санагалзах гэж үзэж л байна билээ.

-Танай эхнэр хаврын хавсаргатай өдөр өлсгөлөн зарлаад явдаг тэмцэгч эмэгтэй байсан бол одоо УИХ-ын гишүүн. Та ч мэдээллийн агентлагийн дарга. Хувийн амьдралд өөрчлөлт гарч байна уу. Ямар ч байсан өлсгөлөн зарлаж байхад нь нэг нөхөр аминд нь заналхийлэх вий гэсэн айдасгүй амар байгаа байх.

-Нэг их ялгаа алга. Хүүхдүүддээ л цаг гаргаж чадахгүй юм. Уянга УИХ-ын гишүүн. Би зөвлөх нь байгаад больж байна.  УИХ-д дөрвөн жил популизм хийгээд гарна гэвэл бидний олон жил тэмцсэний хэрэг гарахгүй. Шинэчлэлийн салхийг 22 жил хурааж хуримтлуулсан сайн муу үнэртэй хуулийн орчинд оруулах нь манай Уянгын үүрэг шүү дээ. 

Хувь аюулгүй байдлын хувьд санаа зовох нь бага ч, ажилдаа санаа зовох нь их юм. Танай сонин дээр Хашка “Уянга, Бат-Үүл нар нар мэдэгдэл гаргадаг биш хэрэгжүүлдэг хүмүүс болсон” гэж бичсэн биз дээ. Зарчмын шинжтэй том хууль гаргана гэдэг амар ажил биш. Өнөөдөр бол иргэний хөдөлгөөнийхөн улс төрийн нэгэн үе гэдэг утгаараа улсад юу хийж чадахыг харуулах нэг боломж. Бид ажиллах ёстой, юу хийж чаддагаа харуулах ёстой. Тийм учраас улс төрийн хариуцлага гэж том зүйл байна.

-Эмэгтэй гишүүд юм бүхэнд хошуу дүрж, цагаан сараа яаж тэмдэглэхийг хүртэл зааж байх юм. Тогоо шанаганы асуудлаас хол байхыг эхнэртэй зөвлөж байна уу?
-Цагаан сарын асуудалд Уянга оролцоогүй. Тэнд оролцох ямар хэрэг байна. Уянгын “ноцолдож” байгаа асуудал арай өөр. Түрээсийн асуудал байна, төсвийн мөнгөөр банкуудын хадгаламжийг баталгаажуулах хугацааг сунгахгүй гэж зүтгэсээр байгаад санасандаа хүрлээ. Уг нь ингэснээр бүх хадгаламж эзэмшигчдийг эрсдлээс хамгаалдаг мэт авч  банзууд нь нурчихдаг гэмтэйг бид олон удаа шүүмжилсэн дээ. Тэгээд л том багагүй сүйрдэг. Оронд нь хадгаламжийн даатгалын хуулийг дэмжлээ.

Туулыг бохирдуулж байгаа ноос угаах үйлдвэрүүдэд арга хэмжээ авахаар хөөцөлдөж байна. ҮАБЗ-ийн гишүүдийн мэдлэг туршлагыг улсдаа ашиглах талаарх хуулийн төсөл үнэхээр чухал асуудал. Монголын талаарх бүх мэдээллийг мэдэж байгаа хүнийг алдаад байж болохгүй. Энэ төрийн уламжилж ирсэн нууцыг хадгалах, цаашид зөвхөн төрд ашиглах асуудал бий. Нөгөө талаас шийдвэр гаргаж буй хүн ирээдүйд амьдралын өчүүхэн ч гэсэн баталгаатай байвал илүү зоримог шийдвэр гаргахад нь дэм болох болов уу гэж бодож хийсэн хууль. ҮАБЗ-ийн гишүүн байсан хүн төрөөс өөр газар “зөвлөх л” хийж болохгүй. Тэд ийм хувь заяатай гэдгээ анхнаасаа л сонгох шаардлага тавьж байгаа. Харин энэ хоригийн хариуд төрийн зөвлөхийн ажлыг сайдын цалинтай санал болгож байгаа юм. Зарим нь юу ч хийж болохгүй гэж хорьсон мэт ойлгоод байна билээ. Манай хүн байнгын хороон дээр унасан хуулиа УИХ дээр гаргаад л ирж байгаа биз дээ?

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив