Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголын анхны өрийн бичиг
2013 оны 4 сарын 26 [Уншсан тоо: 121821]
Облигаци уу? Болзоот уу?

Барон Унгерны гаргасан “Бага болзоот” хэмээх нь Монголын анхны мөнгөн тэмдэгт мөн гэсэн андуурал их байна. Үнэндээ бол “болзоот” нь мөнгөн тэмдэгт бус өрийн бичгийн баталгаа байв. Унгерн улааныхантай байлдахын тулд Азийн морин дивизээ санхүүжүүлэх шаардлагатай болж, мөнгө босгохын тулд богино хугацаат өрийн бичгийг гаргасан байж болно, хэрэв ялаад ирнэ гэж бодсон бол шүү дээ. Үүнээс үүдсэн “болзоот” Бароных гэсэн андуурал байна. Гэвч болзоотыг Бароныг хүрээнээс явснаас хойш нэг, эсвэл хоёр сарын дараа гаргасан ба ардын засаг төлбөрийг нь хоёр жилийн дараа буюу 1923 онд төлж дуусгасан байна.



Барон Унгерн голдуу цэргийн зорилгоор Хүрээнд элдэв үйлдвэр, засварын газар, холбооны газар нээж байсан ба дивиздээ зохих сэлбэлт хийгээд гуравдугаар сарын эхээр умард зүгт аялан байлдахаар оджээ. Тэрээр хамгийн сүүлд 3 сарын 21-нд Хүрээнээс гарч явсан ба Оросод бутцохигдоод ухарч 6 дугаар сарын 18-нд Сундуй гүний дивизионтой явж байхдаа П.Е.Щетинкины корпуст баригджээ. Юун “болзоот”-той мантай л явсан хэрэг.

Өрийн бичгийг 1921 оны 4-р сарын 20-ноос 10-р сарын 20-н хүртэл зургаан сарын хугацаатай гаргажээ. “Облигацид гарын үсгийн зураг талбигсан” Сангийн яамны сайд Чин ван Г.Лувсанцэвээн Богд эзэн хаантанаа Олноо өргөгдсөний 11 оны 4 дүгээр сарын 17-нд айлтган “Засгийн газрын баталгаат тэмдэгт гаргах тухай” мэдэгдэж зөвшөөрөл эрсэнд Богд хаанаас дөрөв хоногийн дараа “уг хүссэн ёсоор болгогтун” хэмээн мутарласнаар Монгол Улсын Засгийн газар өрийн бичиг гаргажээ. Гэхдээ энд тооллын уламжлалаас шалтгаалсан нэг сарын зөрүү байгааг хойно тайлбарлая.

“Бага болзоот” магадгүй Монголын Засгийн газрын анхны “үнэт цаас” юм. Тэр үед ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч хэн байлаа гэж ойлгодог ч өр тавьсан нь Богдын, өгсөн нь Ардын засаг байв. Энэ болзоот нь коммунист түүхээр хэрчин заагласан эсрэг тэсрэг төрийн тухай ойлголтыг няцаах, Монголын төр засгийн уламжлал, хэлхээ холбоог харуулсан нэгэн баримт юм. Жилийн зургаан хувийн хүүтэй, хагас жилийн хугацаатай өрийн бичгийн баталгаа л даа. Харин тэр хагас жилд нь лав л өмнөх зуун жилд тохиогоогүй олон үйл явдал Монголд болжээ. Тухайн үед “облигаци” гэдэг үгийг “болзоот” хэмээн орчуулжээ. Тэгэхээр нэгд “бага болзоот” Бароных биш, хоёрт бага болзоот мөнгөн тэмдэгт биш.

Энэ түүхээс үзвэл хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт 1992 оноос “хувьцаа” гэдэг үгээр анх “орж ирсэн” бус 1921 онд “болзоот” хэмээх үгээр Монгол үгийн санд оржээ. Өнөөдөр л бид өөрийгөө хөгжчихсөн гэж ойлгоод байна, гэтэл энэ зууны эхээр манай хэд санхүүгийн зах зээлд ухаантайхан тоглож байсан бололтой. Өнөөдөр л гэхэд манай олон хүн “облигаци” буюу өрийн бичгийн баталгааг “мөнгөн тэмдэгт” хэмээн андуурч байна. Ингэх учир нь уг облигацийн ар талд “Энэхүү бага болзоот баталгааны тэмдэг болбаас аливаа албаны газрууд, бүх гааль татварын зэрэг дор бэлэн мөнгөний зүйлтэй адил, тооны ёсоор авмуй” гэж бичсэнээс болсон бололтой. Угаасаа облигацийг ингэж хэрэглэдэг. Харин дор нь “Үүнийг эзэмшигчийн төлбөрийг үндэсний (орон нутгийн) валютаар төлнө” гэж англиар бичсэнийг ухаж ойлгох хүнгүй удсан бололтой. Мөнхүү дор нь “100 долларовъ” гэж бичсэнийг шууд америк эсвэл мексик доллар (аман ярианд “таягт” гэдэг металл мөнгө) гэж ойлгоод байна. Гэтэл яахаараа доллар манай үндэсний мөнгөн тэмдэгт байдаг билээ? гэсэн асуулт гарах нь зүй, үүнийг хойно тайлбарлая.

Дэлхийн II дайны дараа БНМАУ-ын Засгийн газар цөөнгүй удаа облигаци тарааж иргэдийн гар дээрх бэлэн мөнгийг цуглуулж, гадаад худалдаа, худалдааны хангамж, хөрөнгийн дутагдлыг нөхөхөд хэрэглэж байсан түүх буй. Түүхээс ганц л үнэн үлдсэнийг хэлэхэд лав л өнөөг хүртэл “облигацийн” талаар Монголчууд тов тодорхой ойлголтгүй л байна. Өнөөх Ж.Цэвээний “Үлгэрлэвээс Швейцарь лугаа адил хөгжих” гэдэг шиг “Үлгэрлэвээс манай Засгийн газрын авсан “бонд” лугаа адил” өрийн бичгийн нэгэн зүйл баталгаа цаас юм. “Овилгоонз” гэдэг нэг гоё сугалаа байсан, сүүлд хүүхэд тоглоод дуусгасан энэ тэр гэж ярьдаг нь коммунизмын жилүүдэд манай Засгийн газраас удаа дараа гаргасан “Улсын зээллэгийн баталгааг” хэлж байгаа юм. Феодализмын үед ч, коммунизмын үед ч өрийн бичиг гаргаж баталгаа тарааж байсныг бодвол “бонд” шинэ юм биш ажээ.

Анхны облигаци ба анхны мөнгөн тэмдэгт


Облигаци 10, 25, 50, 100-ын дэвсгэрээр гарч байсан бөгөөд 10, 25-тын дэвсгэртийг “Бага болзоот”, 50, 100-тын дэвсгэртийг нь “доллар” хэмээн нэрийддэг байжээ гэдэг авч ингэх нь учир утга багатай. Бүгдээрээ л “бага болзоот” гэсэн нэртэй байх ба ингэж нэрлэхийн учир нь орчин үеийнхээр “богино хугацаат” гэсэн утгыг агуулсан бололтой. Харин өрийн бичгийн нэрлэсэн үнийг үндэсний мөнгөн тэмдэгтгүйн улмаас доллараар илэрхийлсэн бололтой гэж таамаглаж болох. Гэвч яагаад заавал доллар гэж?

Энд ч бас нэгэн учир бий. Ардын намынхан 7 дугаар сарын 6-нд Хүрээг чөлөөлсөн гэдэг. Гэтэл Монголын анхны мөнгөн тэмдэгт “доллар” нэрээр 8 дугаар сарын 20-доор гүйлгээнд оржээ. Хоёр жил гүйлгээнд байлгаад улаантнууд С.Данзанд “Та ч цаашаагаа л яваад байдаг болжээ дээ” гэж сүрдүүлсээр хураан авч устгасан энэ мөнгөн тэмдэгтийг өдгөө “Данзангийн доллар” гэж нэрийддэг. Учир нь доллар дээр Сангийн яамны сайд С.Данзан гэж бичсэн буй. Хожим Данзантан өөрөө анхдугаар “Үндсэн хууль” батлахын өмнөхөн долларынхаа араас явсан. Энэ доллар бол гарцаагүй Монголын анхны үндэсний мөнгөн тэмдэгт мөн.

7 дугаар сард нийслэлийг эрхэндээ аваад яам тамгаа байгуулж, өмнөх Засгийн газраас эрх аваад тэгээд ахархан хугацаанд АНУ-д үндэсний мөнгөн тэмдэгтээ хэвлүүлж амжих уу? Данзангийн доллар “Хулдаас мэт зузаан бөх цаасан дээр өнгө үзэмж төгс гайхалтай хэвлэсэн” мөнгө байжээ. Басхүү мөнгөн тэмдэгтийн зургийг гаргах, батлах гэх мэт учир бий. Мөн холбогдох нь “Бага болзоот” өрийн бичигт дүрсэлсэн таван нүдэт хээ тэргүүтэн билэгдлүүд Данзангийн долларт хас суурин дээр дүрслэгдэн оржээ. Ингэж бодвол Мандшир хутагтын Засгийн газар үндэсний мөнгөн тэмдэгтийг хэвлүүлэхээр бэлтгэсэн байсан ба өрийн бичгийг буцаан авах тэр цагт мөнгөө өөрөөр хэлбэл доллараа гүйлгээнд оруулсан байна гэж тооцсон бололтой. Коммунизмын үеийн суртлаар Богд хаан ба Ардын намынхан дайсагналцаж байсан гэсэн ойлголт сууснаас биш үнэндээ тэд маш орой нягт холбоотой байсныг сүүлийн үед бүгд мэдэх болсонтул нурших хэрэггүй буй за.

Болзоотын болзоо


Энд 5/0384 гэсэн серийн дугаартай 100 долларын нэрлэсэн үнэ бүхий облигацийн зураг байна.

Нүүрэн талд: Монгол Улсын сангаас олноо өргөгдсөний арван нэгдүгээр он арван сарын хорин хүртэл хэмээх хугацаагаар гаргасан бүгд нэгэн зуун хувиас зургаан хувийн хүү үржүүлж бүхий бага болзоот БАТАЛГААНЫ ТЭМДЭГ.

Энэхүү баталгааны тэмдгийг тушаасан хүнд уг тогтсон болзоо: Сангийн яамнаас нэгэн зуун янчааны бэлэн мөнгөний зүйлийг гүйцэтгэн төлмой. Үүний тул гарын зураг талбисан Сангийн яамны тэргүүн сайд (мутрын тэмдэг даржээ, ажиглавал Лувсанцэвээн сайдынх мөн бололтой). Сангийн яамны зөвлөх түшмэл (Орос гарын үсэг байна, зөвлөх нь Лаврев хэмээх орос байсан гэдэг ч гарын үсэг төсгүй санагдав). Нийслэл хүрээ. Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он, дөрвөн сарын хорин.

Дор нь англиар “Mongolian government’s treasure. 6% provisionary obligation. 100 dollars”, оросоор “6% краткосрочное обязательство Монгольской Государственной Казны. 100 долларовъ” гэжээ.

Ар талд “Энэхүү бага болзоот баталгааны тэмдэг болбаас аливаа албаны газруудад (бүх гааль татварын зэрэг дор) бэлэн мөнгөний зүйлтэй адил, тооны ёсоор авмуй. Баталгааны тэмдгийг энэ он, арван сарын хориноос эхлэн сангийн яамнаа бэлээхэн мөнгөний зүйлээр солиулан хураамуй хэмээх болзоон дор үл тушаасан тэмдгийг дараа болох таван жил дотор солиулж болохоос гадна хэрэв мөнхүү цагт сольж үл чадсан тэмдэг болох аваас хэрэгсэх үгүй болмуй. Баталгааны тэмдгийг баригчдад нэгэн зуун янчаан тутмаас нэг жил дор зургаан янчааны хүү үржүүлэн ашиг болгомуй. Хэмээсэн ашгийг сар дараалан өнгөрөөсөн сар бүр бодож харин тэмдэг гарснаас эхлэн нэгэн жилийн хүүгээс хэтрүүлэхгүйгээр олгомуй. Энэхүү хүү болбаас баталгааны тэмдгийг бэлэн мөнгө зүйлээр солиулахын цагт хамтаар сангийн яамнаас гүйцэтгэн төлмой” гэжээ. Дээр нь Сангийн яамны баталгаа гэсэн бичигтэй тамга даржээ.

Хоёр талд нь зурхайн цифрээр 100 гэж бичсэн ба тэмээний зурагтай байна. Дор нь англиар “Payable to the bearer on demand in local currency on or after novomber 20th 1921” (Үүнийг эзэмшигчийн төлбөрийг орон нутгийн (үндэсний?) мөнгөн тэмдэгтээр 1921 оны 11 дүгээр сарын 21-нээс төлнө), оросоор “Срокъ обмена на наличную валюту 20 ноября 1921 г”  (Төлбөрийг 1921 оны 11 сарын 2О-ноос валютаар төлнө) гэжээ. Энд бас нэг анхаарал татсан хэсэг байгаа нь Монгол бичгээр 10 дугаар сарын 20 хүртэл гэсэн атал Орос, англи бичигтээ 11 дүгээр сарын 20 гэсэн байна”. Энд Олноо өргөгдсөний тооллын зөрүү гарч байж тун болзошгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улс тусгаар тогтнолоо 1911 оны 12 дугаар сарын 29-нд зарласан тул европын 1911 оны 12 дугаар сарыг Олноо өргөгдсөний нэгдүгээр оны нэгдүгээр сар гэж тооцоод шууд 1912 оны 1 дүгээр сарыг буюу ердөө гурав хоногийн дараа Олноо өргөгдсөний хоёрдугаар оны нэгдүгээр сар” гэж тоолсон байх учиртай. Чухам иймээс 1921 он олноо өргөгдсөний 11 дүгээр он, дөрөвдүгээр сар нь тавдугаар сар болох юм. Тиймээс болзоотыг яг үнэндээ 1921 оны 5 дугаар сарын 20-ноос эхлэн арилжжээ гэж үзэж болохоор байна. Ингэвэл Баронаас бүр хоёр сараар алсарна. 

Энэхүү мөнгөн тэмдэгтийг малаар баталгаажуулж гаргасан ба 10-т нь хонины, 25-т нь үхрийн, 50-т нь морины, 100-т нь тэмээний зурагтай нь үүний баталгаа, бас малаар сольдог байсан гэх нь ташаа агаад тэр үеийнхнээ дэндүү бүдүүлэгт тооцсон хэрэг болно. Учир нь Сангийн яамны баталгаатай, үндэсний долларын үнэтэй байна. Гагцхүү ялгах, үнийг тодруулахад малын зураг хэрэг болсон бололтой. Болзоотын модон барыг Хүрээний модон барын даамал сийлбэрч “хар гарт” хэмээх Лувсангомбо урласан байна. Анхны мөнгөн тэмдэгт Данзангийн долларын зургийг ч энэ хүн гаргасан байх магадлалтай юм.



Бароны өрийг Бодоо төлөв

Монголын мэдээллийн “МонТА” агентлагаас эрхлэн гаргасан байсан 7 хоног тутмын хураангуй сэтгүүлийн орос хувилбарын 1923 оны 2 дугаар сарын 25-ны ням гаригийн 69 дугаарт нэгэн мэдээ байна. Засгийн газрын үйл ажиллагаа буланд, “Облигацийг хураана” гэсэн мэдээг бүрэн эхээр нь сийрүүлбэл “Унгерний үед гаргасан богино хугацаат зээлийн сугалааг (тоймч Д.Даваажав ингэж монголчилжээ) хүлээн авахыг зогсоож, хүлээн авсан облигацуудыг устгах тухай хүсэлтийг Сангийн яам тавьжээ. Сугалааг солих явдлыг зогсоох нь хүн амын аж ахуйд аливаа тасалдал гаргахгүй гэж үзээд Засгийн газар Сангийн яамны хүсэлтийг хүлээн авахаар шийдвэрлэжээ” гэсэн байна.

Мөн 1923 оны 4 дүгээр сарын 29-ны мэдээнд “Ойрын ирээдүйд Өргөөгийн дунд сургуульд хоёр давхар том барилга барьж өгнө. Барилгын төсөвт 50 000 доллар төсөвлөөд байна” гэжээ. 

Энэ мэдээнээс үзвэл Засгийн газрын облигацийн төлбөрийг Ардын засаг болзсон ёсоор зургаан хувийн хүүтэйгээр 1923 оныг хүртэл доллараар яг хоёр жил төлжээ. Одоо олон хүний нүд оройдоо гармуй, Бароны өрийг ардын засаг төлөх ямар учир буй? Тэр үед Ерөнхий сайд Д.Бодоо байсан. Манзшир хутагттай нэг нутгийнх болохоороо... энэ ч арай дэндэнэ ээ.

Эндээс гарцаагүй дараах дүгнэлт гарч байна. “Бага болзоот” хэмээх баталгаат өрийн бичгийг Барон Унгернийг явсны хойно Монголын Засгийн газар санхүүгийн хүндрэлээ шийдэх зорилгоор гаргасан байна. Нөгөө учраар Барон Унгерн улсын бүх орлогыг дайны зардалд авч явсны хойно хоосорсон сангаа тэтгэх ухаан сийлж, энэхүү облигацийг гаргасан ч юм бил үү? Тухайн үед Засгийн газарт гадаад дэмжлэг гэх юм байсангүй, зээллэг өгөх ч орон байхгүй.

Хятадтай байлдаж хөөн гаргасан, улаан Оростой хутагтын Засгийн газар харилцаагүй, тэр ч байтугай облигац нь дам утгаараа АДБНУ-тай хийсэн дайныг санхүүжүүлэх хэрэгсэл болсон байхыг ч үгүйсгэхгүй. Япон Сүй Шүжаныг дэмжсэн учраас Монголчууд дүргүйцэж харилцахаа байсан, харин санхүүгийн хувьд Америк баримжаатай болохыг хичээж байжээ. 1921 оны 4 дүгээр сард гаргасан өрийн бичгээр боссон мөнгөөр Ардын засаг ч тэнхрэх бололцоо олжээ.

Харин анхны мөнгөн тэмдэгтийн зураг, эхийг бэлэн болгоод “Сангийн яамны тэргүүн сайд Данзан, хүү сангийн нярав Даваа” гэсэн бичигтэй гаргасан байна. Өөрөөр хэлбэл долларын зургийг ардын хувьсгалаас өмнө гаргаж, хэвлэхийг ардын хувьсгалын дараа хэвлэжээ. Учир нь доллар дээр “Олноо өргөгдсөний” бус Монгол Улсын 11 дүгээр онд хэвлэв гэжээ. Шинэ засаг байгуулмагцаа дорнын уламжлалаар оны цолыг ингэж өөрчилсөн юм. Мөнхүү долларын дээр хүүгийн няравын нэрийг хэвлэсэн нь “бага болзоот”-ын хүүг төлөх учирт байж болзошгүй байна. Бага болзоот ба Данзангийн долларын хээ зохиомжийг харвал ийм л байхаас аргагүй. Гагцхүү “облигацийг” хүрээнд модон бараар хэвлэж байсан, долларыг гадаадад хэвлүүлсэн тул өнгө үзэмж, чанарын хувьд өөр мэт харагдаж болзошгүй. Г.Лувсанцэвээн болон С.Данзангийн албан тушаал яг адил бичигдэж байгааг анзаарсан байх. Дурдсан Сангийн яамны тушаал гарч Бага болзоотын төлбөрийг зогсоосны дараа Данзангийн долларыг гүйлгээнээс гаргаж, хураан устгасан нь цаг хугацааны хувьд таарч байна. Магадгүй Богдын дэргэдийн хүмүүс облигаци, концесс, төмөр замаар Ардын засгийнхныг Америктай холбоод тавьчих гэж үзээд бараагүй байх.

Одоо тодруулах нь “Бага болзоот” облигаци хэдэн хувь борлогдсон, хэчнээн хэмжээний мөнгө цугласан, түүнийг юунд зарцуулсан зэргийг тогтоох учиртай байх. 1923 оныг хүртэл хоёр жил төлж барагдуулахыг бодоход овоохон борлосон байх талтай юм. Хожим 1950-1970 оны эцэс хүртэл хэд хэдэн удаа облигаци гаргасныг бодвол бас ч муугүй туршлага байж болох талтай.

Өнөө Хачиг Луузангийн үхэн хөөцөлддөг “Язрах шахтлаа таргалсан есөн сайхан шар нь” тав нэгбүр нь цэн цагаан мөнгөний ханштай 25 долларын үнэтэй, жилийн 6 хувийн хүүтэй, 9 ширхэг облигац биш биз?

“МонЦаМэ” тойм сэтгүүл. 2013. № 04
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив