Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ялалтын тухай яриа
2013 оны 5 сарын 9 [Уншсан тоо: 118097]
Ялалтын баярын өмнөх өдөр улстөр-эдийн засаг судлаач Х.Болорболдтой уулзаж ярилцсан юм. Ардчилсан нийгэмд олон ургальч үзэл дэлгэрсэн учраас диссидентгүй байх ёстой гэж ойлгодог ч бас тийм биш юм гэдгийг энэ хүн харуулдаг учраас ярилцахад сонирхолтой. Тэр л дэлхий даяар өрнөсөн “оккупай” хөдөлгөөнийг Монгол сурталчлагч гол хүн байсан. Түүний орчуулсан “Эдийн засгийн алуурчны наманчлал”, “Эдийн засгийн алуурчдын золиосууд” “Эрин цагийн дуудлага” “Сүйрлийн үрүүд” номууд нэг талаас болж байгаа, нөгөө талаас болж магадгүй үйл явцыг сануулсаар байгаа ч “неолиберал” үзэл сурталд автсан Монголчууд анзаарахгүй л байна. “Сүйрлийн үрүүд” номд нь сануулсаар байтал Генийн өөрчлөлттэй хүнс импортлох хууль гаргалаа. “Гардасил” вакцинаар бүх охидоо тарилаа. Гэвч ямар ч ажил хоосон өнгөрдөггүй тул түүний хийсэн ажлын нөлөө байгаа учраас гэрээнүүдийг хянаж, лиценц олголтыг цэгцэлж,өөрийн толгойгоор асуудалд хандах оролдлого газар авч байна. “Бид тэнэг учраас чадахгүй, боломжгүй” гэсэн үгс ховордож л байна. Ялалтын 68 жилийн ой тохиож байгаа тул түүний сайтад сүүлийн үед ихээхэн зай эзлэх болсон сэдвээр нэг ярилцах санаа төрөв.

Яриагаа түүхэн ой санамж, “Эх оронч үзэл” гэсэн ойлголтоос эхэлбэл ямар бэ?  

Ард түмний түүхэн ой санамж гэдэг бол бид бүхэн өнөөдрийн энэ аж байдлаа ойлгох, маргаашийн ирээдүйдээ тэмүүлэх тэр зөв чиг баримжаагаа олж харахын үндсийн үндэс юм. Түүхэн ой санамжаа самруулж үгүй хийлгэсэн ард түмэн гэдэг бол үндсээ тасдуулсан хөөрхийлөлт мод гэсэн үг. Тиймээс түүхэн үнэн гэдэг бол чухамдаа ард түмний өнгөрсөн одоо ба ирээдүйг холбож байдаг тэр амин үндэс нь шүү дээ. Мөн түүхэн ой санамж бол ард түмний дотроо тээж явах учиртай биеийн дархлаа нь гэсэн үг мөн бөгөөд ард түмнээ, залуу хойч үеэ, Эх орноо хайрладаг, Эх орондоо зүтгэхийг амьдралынхаа хамгийн том утга учир гэж үздэг, тэгээд Эх орон-Гэр бүл-Хойч үеийнхээ төлөө шаардлагатай бол зарим зүйлээ золиослоход бэлэн тийм хүмүүс болгон хүмүүжүүлэхэд тун их ач холбогдолтой байдгийг хүн төрөлхтний бүх түүх нотолсон. Ийм байж л төр улс оршин тогтнож ард түмэн хөгжиж дэвшдэг. Ер нь “Эх орон” гэдэг бол бидний гэр бүл, бидний ах дүү амраг садан, найз нөхөд өнөөгийн бидний амьдралыг болон хойч үеийн маань ирээдүйг багтаасан, ард түмний хувьд “эхийн хэвлий” шиг ойлголт, ариун үнэт зүйл шүү дээ. Иймд Эх орон ба түүхэн ой санамж хоёр бол нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж байдаг бие биегүйгээр оршин тогтнох боломжгүй мөнхийн бодит байдал юм. Бидний амьдралын энэ амин үндсүүд үрүү сүүлийн 20 гаруй жил “даяарчлагчид буюу даяар эзэрхийлэн түрэмгийлэгчид” элдэв башир аргуудаар дайрч ганхуулж байгааг бид одоо ойлгож ухамсарлах цаг болсоон. Дахин товчоор хэлэхэд, Эх орон ба Түүхэн ой санамж бол төр улс, ард түмэн оршин тогтнох, түүхэн энэ буухиаг хойч үедээ шилжүүлэн өгөх, цаашдын хөгжил дэвшлийг хангах үндсийн үндэс юм. Ялангуяа монголчууд бид ядаж өнгөрсөн 100 жилийн түүхийн үнэнийг бас сайн мэдэхгүй байна.

-Сүүлийн үед “эх оронч” байхыг хоцрогдсон тэнэгийн шинж гэлцэх болжээ. Адгийн шааруудын хоргодох сүүлийн оромж гэх мэт.

Эх орон гэдэг бол зарим нэг гадна талаас буруу ишлэгдсэн этгээдүүдийн ярьдаг шиг хоосон үг, хоосон ойлголт огтхон ч биш ээ. Энэ төөрөлдсөн зарим нэг хүмүүст хандаж хэлэхэд та бүхний амаар харийн хүмүүс алсын зорилгоо яриулаад зүтгүүлээд байгаа хэрэг шүү гэдгийг хэлмээр байна. Улс Эх орон, ард түмний түүх бол төр улс, ард түмнийг нэгтгэж нягтруулдаг өөрсөддөө итгэх итгэл, урам зориг нь юм. Өнгөрсөн түүхээ алдаж гээсэн ард түмэн өнөөдрөө ойлгодоггүй, иймээс маргааш нь маш бүдэг, эмзэг болдог байна. Чухамдаа ийм зорилгоор түүхийн үнэнг бүдэгрүүлэх, үгүйсгэх ингэж итгэлийг нь ганхуулж ард түмнийг харанхуй сүрэг болгохын тулд Эх оронгүй, Үнэт зүйлүүдгүй, Үндэстний үзэл санаагүй болгохын тулд түүхийг нь мушгин гуйвуулахыг ороддог. Ер нь түүхгүй болгосон хүн сүргийг маллахад хялбар байдаг юм байна л даа. Ер нь космополит либералчдад ийм ойлголт, ийм ёс суртахуун, ийм үнэт зүйлүүд гэж байдаггүй. Тэд эрх чөлөө гэж бахирч хуурч байгаад ард түмнээ цөлмөж, улс эх орныхоо нөөц баялгийг харийнхантай нийлж гадагш зөөдөг. Тэдэнд зөвхөн эд агуурс, хөрөнгө мөнгө л улам их хэрэгтэй, тэд хаана гэдэс цатгалан амар жимэр сэм амьдарч байна, тэнд  “эх орон” нь байдаг гэж ойлгодог. Хүн эцэг эхээ голдоггүйн адил Эх орноо ширвэдэг бол хүн-адгуус гэсэн үг ээ.

-Таныхаар эх оронч байх гэдэг нь..

Эх оронч байх гэдэг бол ухаалаг, эрдэм мэдлэгтэй, хариуцлагатай хамгийн гол нь чин сэтгэлээсээ байхыг, монгол хүнээ мэдэрч байхыг шаарддаг. Бусдыг бурханчлан тахих эсвэл үзэн ядаж туйлшрах, аливаа юмыг дэндүү хялбарчлан үзэх бол жинхэнэ эх оронч зүтгэл, сэтгэл биш ээ. Харин Эх орныхоо “дайсан” нь болж байгаа нь тэр. Ер нь зарим хүмүүс улстөр, эдийн засаг, түүхийг хичнээн бага мэдэх тусмаа төдийчинээн маш хялбаршуулсан ойлголт төсөөлөлтэй байдаг ба маш туйлширсан, эрс тэс байр суурьтай байдаг. Иймээс бид хүн төрөлхтний өнгөрсөн түүхийг өөрийн Эх орны түүхтэйгээ холбож судалдаг, ололт амжилтуудаа мэддэг, алдаа сургамжууддаа бодит үнэн зөв үнэлэлт дүгнэлт хийдэг, тэгээд дор бүрдээ улс Эх орондоо чадлынхаа хирээр зүтгэдэг байх ёстой гэж бодож байна. Энэ нь гэр бүлээ, өөрийгөө март гэсэн үг огт биш (либералчид яг ингэж мушгидаг!), харин Гэр бүлийг чинь багтааж байгаа Том бүл чинь Эх орон чинь юм шүү гэдгийг л хэлээд байгаа хэрэг. Зүйрлэвэл, гэр бүл чинь Эх орон гэдэг том модны, түүнээс шим тэжээл авч нөмөрт нь байдаг нэг ногоон навч нь юм.  Энэ модыг чинь авгалдайнууд нүхэлж мэрж байна!

-Ялалтын баярыг сүүлийн жилүүдэд эргээд өргөн тэмдэглэх болж байна. Нэг талаас ОХУ хямралаа шийдэж байгаагийнх байх. Гэхдээ 67 жилийн өмнөх энэ түүхийг янз бүрээр тайлбарлаж байгаа?


Түүх бол “олон ургальч үзэл”-ээр тайлбарлах гэж гөрддөг, гүтгэдэг, уран сайханжуулан гуйвуулж болдог эд биш ээ. Ард түмний түүхийг ингэж гүтгэн гуйвуулж бузарлах бол хүнд гэмт хэрэг, ийм учраас зарим улс оронд бүүр эрүүгийн хуулийн хамгаалалтанд авсан байдаг. Агуу Эх орны, чөлөөлөх дайн бол яах аргагүй Зөвлөлтийн ард түмний баатарлаг тэмцэл, Агуу ялалтын түүх юм. Энэ дайн бол Монголын ард түмний нэн шинэ түүхийн нэг чухал үйл явдал, том сорилт байсан. Энэ том дайн бол Зөвлөлтийн ард түмний хувьд Эх орон Гэр бүл итгэл үнэмшлээ хамгаалах, Европ тивийг нацист-фашистуудаас чөлөөлөх дайн байсан бол Монголын ард түмний хувьд хөршдөө - холбоотондоо тусалж дэмжих бас өөрийн улс эх орныхоо аюулгүй байдлыг хангах дайн байсныг өнөөгийн бид ойлгох учиртай. Тэр үед Хойд Хятадыг эзлээд байсан Японы эзэн хааны Квантуны 1,3 сая цэрэгтэй арми манай яг зүүн хаяанд байрлаж байсан юм шүү дээ. Японы цэргийнхний түрэмгийлэл, аймшигтай хүнлэг бус хайр найргүй хими бактерлоги, биологийн туршилтууд - хядлагад хятадууд 33-35 сая хүнээ алдсан нь түүхэн бодит баримт. Тэд үед монголчууд хэдүүлээ байсныг, бид улс орноо бие даан хамгаалах цэрэг, зэвсэг техникийн чадамжгүй байсныг тооцож үзэх юм бол энэ дайн монголчууд бидний хувьд орших -эс оршихын асуудал байсан. Энэ бол тусдаа томоохон сэдэв биз ээ. Чухамдаа ард түмний түүхэн ой санамжийг нь бүдэгрүүлэх, мөнхийн хөршүүдийг нь үзэн ядуулах цаашилбал хүүхэд залуусынх нь толгойд Эх орон – Түүхэн ой санамжийнх нь яг эсрэг, худлаа дэгс ойлголт төсөөлөл суулгах нь хэнд ирээдүйд ашигтай вэ. Ойлгомжтой байх аа гэж бодож байна. Иймээс одоо оршин эс оршихын асуудал дахиад л тулгарсан байгааг бид олж харах ёстой болчихоод байна.

-Таны ubman.mn сайтад дэлхийн II дайны тухай ховор баримтат кино, өгүүллүүд олон байна, энэ талаар их сонирхдог бололтой?  


Манайд аваад уншчих ном харьцангуй бага, гаднын “төслийн” номууд голдуу  байгаа. Манай зарим цөөн хэдхэн нөхдүүд өчнөөн олон ном байсаар атал чухамдаа нэг бол илэрхий урвагчдын, эсвэл нэг театрын найруулагчийн санаанаасаа зохиосон “уран сайхны бүтээл”-ийг нь түүж орчуулчихаад түүхэн бодит баримтат ном мэт сурталчлаад байгааг юу гэж ойлгох вэ? Энэ чинь нөгөө олон ургальч үзэл нь үү? Чамайг тэгвэл хэн ч гэж гүтгэсэн бай дараа нь “энэ чинь олон ургальч үзэл шүү дээ” гэж мурьж болох нь ээ! Эх орны дайны үеийн түүхийг гол гүтгэн гуйвуулагчдын нэг бол Виктор Суворов гэдэг нэрийн доор нуугдаж байгаа Владимир Резун гэгч эх орондоо тэрсэлсэн урвагч юм. Тэр зөвлөлтийн цэргийн тагнуулын албаны ажилтан байсан ба 1970-аад оны дундуур анх гадаад томилолт авч  Щвейцарьт ажиллаж байхдаа Барууны “хэрэглэгчийн” гоё амьдралд нь шунаж байгаад британийн тагнуулын албаны хараанд өртсөн байдаг. Тэд түүнийг хүүхнээр урхидаж бас эд мөнгөний шуналтай, аймхай хулчгар байдлыг нь ашиглан өөртөө элсүүлэн эх орноосоо урван тэрслэхэд хүргэж чадсан юм. Тэр одоо Лондонд зугтан гарсан байгаа бөгөөд тэднээс ийм гүтгэлэг гуйвуулгын номууд захилгаар бичиж амь зууж байгаа. Үүнийг нь мэдсэн төрсөн эцэг нь хүртэл түүнийг эх орноосоо урвасанд нь хараан зүхэж хүүгээ гэж үзэхгүй болсон гэдэг. Ийм л этгээд “Сталины ЗХУ Герман уруу дайрч бүх Европыг эзлэх гэж байсан, харин Гитлер амжаад дайрчихсан”, “Коммунист ЗХУ ба фашист Герман хоёр яг ижилхэн байсан” гэх мэтийн үлгэрийн номуудаа бичиж түүнийг нь маш их пиардаж тарааж байгаа. Энэ бүхэн тэгвэл хэний захиалгаар вэ, яах гэж тэр вэ, энэ бүхэн хэнд ашигтай вэ гэх мэт олон асуултуудыг хойноосоо дагуулж байгаа.

-Хоёр ч ном нь орчуулагдсан шүү дээ, хэллэгээс нь эхлээд сонирхол татах л номууд байна билээ? “Аквариум” нь, бас “Гитлер яагаад амиа хорлов?” ч билүү нэрээр бас нэг ном нь...

1978 онд Их британид зугтаж очныхоо дараа улс эх орноо гүтгэсэн ном нийтлэлүүдийнх нь автор болж нэрийг нь ашиглахыг зөвшөөрсөн гэдэг. Түүний нэрээр гарсан эхний номууд болох “Мөс зүсэгч”, “Аквариум” зэрэг нь англи хэл дээр анх бичигдсэн ба энэ үед В. Суворов-Резун ном бичих хэмжээнд англи хэл мэддэггүй байсан байна. Энэ “бүтээлүүдийг” нь британийн тагнуулын албаны захиалгаар ЗХУ-ын эсрэг сэтгэлзүйн дайн явуулахад зориулж бичүүлсэн гэдэг. Түүний ганц нэг ном манайд гарсан байгаа. Ер нь түүний зарим ийм “бүтээлүүдтэй” нь танилцаж байсаан. Хэрэв өөр олон ном уншсан, түүхэн баримтат кинохроникууд үзсэн хүнд бол үнэхээр “хэцүүхэн уран сайхан” байна билээ.

-Чухам юу нь буруу гэж, зугаатай л номууд ...

Суворов-Резуны номууд нацист Герман ба ЗХУ хоёр хоёулаа дэлхийн II дайныг өдөөсөн хэрэгт адилхан буруутай гэж батлахыг оролддог. Энэ бол шал худлаа, увайгүй гүтгэлэг юм. Энэ худал гүтгэлгийг нь фашистын цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн олон улсын Нюрнбергийн шүүх хурлын материалуудыг уншиж танилцаад шалгачихаж болноо. Бас 1948 онд ЗХУ-д хэвлэгдсэн “Түүхийг гүйтгэн гуйвуулагчид” гэдэг түүхийн лавлах номыг унших хэрэгтэй. Ер нь нэр хүндтэй судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлүүд, баримтат кинохроникууд нилээд бий. Энэ ном, лавлахад бичсэн байгаа түүхэн бодит баримтуудыг үгүйсгэх, няцаахыг барууны шинжээчдийн хэн нь ч оролдоогүй. Тэнд гарцаагүй түүхэн бодит албан ёсны баримтууд байгаа тул үүнийг зүгээр л таг чиг өнгөрөөчихийг, мартуулахыг хичээж байгаа. Мөн фашист Герман ба ЗХУ хоёрыг яг ижилхэн улсууд байсан мэт энэ номууддаа гөрддөг. Энэ номнуудыг бичүүлсэн хүмүүс гитлерийн Герман “дээд цагаан арьстан” гэдэг номлолыг тулгаж байсан байхад ЗХУ ба социалист орнууд “ард түмнүүдийн найрамдал, энхтайван” гэдэг зарчмыг мөрдлөг болгож байсныг үгүйсгэхийг оролдож байгаа. Энэ хоёр системийн үзэл суртал, нийгэм-эдийн засгийн тогтолцоо нь шал өөр байсныг бидний үеийнхэн, бидний эцэг эх, ахмадууд бүгд мэдэж байгаа шүү дээ. Харин өөрсдийгөө, өөрсдийнхөө хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд тэмцэхээс өөр аргагүй болж байсан юм шүү дээ. Энэ урвагч тэнд амь зуухын тулд бүүр давраад дэлхийн II дайнд ЗХУ ялаагүй, харин ялагдсан гэж гөрдөхийг оролдож байгаа. Үүнийгээ ЗХУ-ын гарз хохирлыг дэндүү их байсан, энэ ялалтын үнэ цэнэ дэндүү их байсан учир ер нь ялагдсан гэж ойлгуулахыг оролддог. Хэрэв албан ёсны эх үүсвэрүүдээс харвал Германы цэргийн түүхчид тэдний 10 цэргийн 8 нь дорнод фронт дээр алагдсан, немцүүд 7 сая 400 мянган хүнээ алдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бас германы талд байлдаж Сибирийн баялгийг хуваан цөлмөхийг, евразийн бусад ард түмнүүдийг боолчлохыг хүсч байсан баруун европын бараг бүх орны цэргийн гэмт хэрэгтнүүд тэнд ясаа тавьсан байдаг шүү дээ. Энэ урвагч, түүний цаад эзэд ер нь хүний өөрийн жирийн хүмүүсийг малууд гэж боддог, ийм байгаасай гэж хүсдэг бололтой. Ийм “бүтээлүүд” нь энэ Агуу ялалтанд зөвлөлтийн арми, ард түмний оруулсан шийдвэрлэх түүхэн үүрэг ролийг багасгах бүдгэрүүлэхийг, цаашид яг эсрэгээр ойлгуулахыг түүхэн ой санамжийг нь арчихыг гол зорилгоо болгож байгаа нь харагддаг. Юуны тулд вэ гэдэг нь эхнээсээ тодорхой байгаа биш үү?!

-Үгүй яахав дээ, хүйтэн дайны үед суртал нэвтрүүлгийн зорилгоор бичсэн л бай, урвасан тагнуулч, узбек ч бишүү бага ястан гэдгийг нь мэдээд л авчихад бүх юм тодорхой болно биз дээ. Зүгээр гагцхүү тэр номууд манайд шилэгдэж орчуулагддаг нь анхаарал татаж болох юм, гэхдээ энэ бол зайлшгүй үйлдэл гэхээсээ илүүтэй санамсаргүй тохиол байх магадлал нь өндөр шүү дээ? Тэртэй тэргүй коммунизмын жилүүдэд энэ ном системд хаалттай л байсан.

-Хүйтэн дайн–мэдээлэл, сэтгэлзүйн дайн хэзээ ч зогсоогүй ээ. Энэ дайныг албан ёсоор бидэнд зарлаагүй, гэхдээ тодорхой биеэ даахыг эрмэлзэж байгаа, хамтын амьдралын үзэл сурталтай байсан улс орнуудын эсрэг, бидний хойч үеийн эсрэг сэмхээн улам хүчтэй явуулж байгаа. Коммунизм байхгүй болчих юм бол бумбын орон болох мэт сурталчилж байсан биш үү. Гэтэл энэ бол “үзэл суртал”. “Чөлөөт” хэвлэл бол зөвхөн хэрэгсэл нь. Харин зорилго нь бол улс орнуудын байгалийн болон хүн хүчний нөөц баялагийг нь л эрхшээлдээ оруулахад оршдог. Одоо бүүр ёс суртахуунаасаа, Эх орон ард түмнээсээ “эрх чөлөөтэй” болсон энэ урвагчид Агуу их эх орны дайныг баатарлаг бус байсан мэт ярьж бичиж харин урвагчдыг, СС-ийн талд орж харгис цагдаа нь болж эх орон нэгтнээ тамлан тарчлааж буудан алах үүргийг гүйцэтгэж байсан увайгүй этгээдүүдийг агуу их хүмүүс байсан мэт бичиж байгаа. Зөвлөлтийн цэргийн дарга нарыг авъяаслаг жанжин удирдагчид байгаагүй мэт харин цэргүүдийнхээ амь насыг хайр найргүй бүрэлгэгчид байсан мэт түүхийн үнэнийг гүйвуулж байгаа. Оросын нутаг дэвгэр дээр энгийн номхон хүмүүсийг бөөнөөр буудан хороож Герман, Чех уруу боолын хөдөлмөрт туун аваачиж байсныг партизануудаас өшөөгөө авч байсан мэт бичих болсон юм. Ингэж партизануудыг өөрийн ард түмнийхээ дайснууд болон хувирсан байсан гэж гүтгэх болсон. Ленд-лизийн нийлүүлэлтүүд Ялалтын шийдвэрлэх хүчин зүйл байсан мэт гуйвуулан гүтгэж бичих болсон юм. Ийм гүтгэлгийн зориуд номуудыг бичихдээ архивын материалуудыг сайн судлахгүй, тэр түүхэн бодит материалуудад үндэслэж цаг хугацааны хронологийг нь мөрдөхгүйгээр харин ном бичихээсээ өмнө урьдчилан томъёолсон нэг зорилгодоо тохируулан элдэв “зориудын” ном,  нийтлэлүүд, шар сонины нийтлэлүүдийг хүртэл бүүр нэг өнцгөөс шилэн авч ишлэлүүд хийж, тэрбайтугай уран сайхны бүтээлүүдийг өргөн ашиглаж байгаа.

-Одоо Барууны орнууд дэлхийн II дайнд хамгийн их хувь нэмэр оруулсан орон гэж бичих ярих болсон...


Америкийн албан ёсны эх үүсвэрүүдээс үзвэл дэлхийн II дайны үед АНУ ленд-лизийн хөтөлбөрөөр нийт 46 тэрбум долларын бараа материал, зэвсэг, машин тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийснээс Их британи 30 тэрбум 270 сая долларын, харин ЗХУ 9,8 тэрбум долларын бараа, материал, тоног төхөөрөмжийг алтаар худалдан авсан байгаа. АНУ дэлхийн II дайны жилүүдэд 192 мянган онгоц үйлдвэрлэснээс ЗХУ 17 мянгыг нь ленд-лизээр худалдан авч энэ дайнд хэрэглэсэн байдаг. Харин ЗХУ өөрөө 112 мянган нисэх онгоц үйлдвэрлэсэн байдаг. Иймээс түүний Ялалтанд оруулсан хувь нэмэр ямар ч харьцуулашгүй юм.

-Та яг Геогий Константинович шиг л ярьж байна, “Дуртгал бодол” номдоо яг ингэж бичсэн байдаг.

Хэн ярьж бичихээс үл хамаараад үнэн нь л энэ шүү дээ. Бас Германы “Барс” танк хамгийн хүчирхэг танк байсан мэт бичих болсон ч 88 мм-ийн их буутай энэ танк нарийн гинжтэй тул намгархаг, шаварлаг сул хөрстэй газарт маневр муутай, болхи танк байжээ. Иймд Т-34 танкын 76 мм-ийн их бууг эхлээд 85 мм-ийнх болгосон. Дараа нь бүүр 100 мм-ийн их буутай болгосон юм. Оросын хүнд танк, өөрөө явагч их буунууд КВ, ИС-үүд сайн танкууд байсан. Жирийн хүн бол Т-34 дунд танкийг КВ хүнд танкаас кино, фото зургаар нь ялгаж чадахгүй. Курсын дэргэд болсон энэ дайны хамгийн том танкын тулаанд ЗХУ-ын улаан арми ялсан нь түүхэн баримт шүү дээ.

-Торгуулын батальон гэдэг уран сайхны киног үзсэн биз дээ?

Оросын зарим нэг цөөн нэр бүхий кино найруулагчид ч гэсэн уран сайханжуулсан, энэ түүхийг гөрдсөн элдвийн кинонууд хийдэг. Бас үнэнийг өгүүлсэн, олон сайхан кинонууд ч их байдаг. “Торгуулийн батальон” гэдэг киног ТВ-ийн сувгуудаар өргөн сурталчилж гаргасан нь ард түмний зүй ёсны эсэргүүцэлтэй тулгаргасан байдаг. Тэнд торгуулийн сумангийн л дайчдын цус, амь насаар, тэднийг зольж энэ Агуу ялалтыг байгуулсан мэт харуулах гэж оролддог. Эх орны дайн эхэлсний дараа шоронгоос 420 мянган хоригдлыг сулласан ба тэд бүгдээрээ ч фронтод яваагүй үйлдвэрлэлд ч олноор шилжсэн юм. Энэ нь торгуулийн сумангууд фронтын бие бүрэлдэхүүний 1-1,5%-ийг бүрдүүлж байсан.

-Сталин, Берия тэргүүтэн манай Халимагуудыг хэлмэгдүүлсэн шүү дээ? Би “Монголын халимаг” учраас энэ явдалд жаахан эмзэглэдэг.

Энэ чинь зориуд тараасан хоосон домгуудын нэг нь. Харамсалтай нь, энд жижиг үндэстэн ястны синдром гэх үү дээ нэг төөрөгдөл их нөлөөлсөн байдаг. Ер нь жижиг үндэстнүүд эдийн засгийн чадавхи, цэрэг армийн хүчин чадлын улмаас өнөөгийн энэ хүчтэй нь хүчгүйгээ геоулстөрийн эрх ашгийнхаа улмаас өөртөө нэгтгэдэг, нөлөөндөө оруулдаг, зарим нь бүр колоничлон шимдэг дэлхий дээр дангаар бие даан оршин тогтнох хэцүү. Нэг бол эдний талд, нөгөө бол тэдний талд, дор хаяж холбоотон нь байх гэсэн үг. Харин нэг тал нь алс холоос хайр найргүй цөлмөн колоничлодог, нөгөө нь өөрийн гэр бүлдээ багтаан хамтдаа аюулгүй байдлаа ханган оршин тогтнож хөгжиж дэвждэг. Халимгууд иргэний дайны үед ч хоёр хуваагдаж улаантан цагаантны аль алинд нь байлдаж л байсан.

-Аун Сан Су Чи манай Бирмчүүд хөх толботой төрдөг гэхээр жаахан судлаад үзтэл “Мон” гэж үндэстэн хүн амын 5 шахам хувь юм уу, байдаг юм байна. Эзэнт гүрний үед Бирмд хаанчлаад 500 орчим жил тогтноод унасан манайхны л угсаа юм билээ. Вьетнамын “мон”-гууд дайны үед бас л Америкчуудыг дэмжээд цусаа холиулж, үндэстний хувьд устчихаж, цөөхөн нь АНУ-д яг халимгууд шиг аж төрдөг юм уу даа.  Харин Бирмд үлдчихэж л дээ.

-АНУ бол 50 гаруй улс (өөрийн хуультай штат) нэгдсэн гүрэн шүү дээ. Бас ХБНГУ байна, 30 гаруй улс-мужаас бүрддэг. Гэвч тэд нар өөрсдөө ийм байж ЗХУ-Оросыг болохоор “ард түмнүүдийг шоронд хорьж байна” гэж дайрч гол нь бутарган ганц нэгээр нь залгихыг хүсч ирсэн... Тэр үеийн халимагуудын зарим цөөн хэсэг нь Гитлерийг чөлөөлөгчөө гэж харж төөрөлдөж байсан байдаг. 1941-1943 онд Дон, Ижилийн сав газрууд фашистуудад эзлэгдсэн байсан Халимаг АССР-ийн цэргийн насны эрчүүдээс цөөнгүй нь гитлерийн цэргийн дүрэмт хувцсыг нь өмсөж Халимагийн морьт корпус хүртэл байгуулагдаж фашистуудын талд байлдаж зарим хэсэг нь харгис цагдаа, залхаан цээрлүүлэлтийн салаануудад нь багтаж аймшигтай зүйлүүд хийж явсан юм билээ. Ингээд 1943 онд Сталинградыг чөлөөлсний дараа халимагуудыг нутгаас нь нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон байдаг. Учир нь дайны хатуу ширүүн үед давшиж явсан Улаан армийнхан фашистуудад тусалж дэмжиж байсан тэр хүмүүсийн тосгон суурингуудыг үйлдсэн нүглийнх нь төлөө арччих аюул байсан, нөгөө талаар “араас нь хутгалж” мэдэхээр ухвар мөчид хүмүүс тэдний дунд бас байсан гэж үзсэн учир фронтын шугамаас холдуулж Сибирь үрүү ажилд цөлсөн гэдэг. Дайны хүнд хүчир үед нүүлгэн шилжүүлэх үед замдаа хүмүүс үхэж үрэгдсэн. Гэвч дайны дараа тэд буцаад л нутагтаа ирсэн юм. Тэднээс олон халимагууд эх орныхоо төлөө баатарлагаар байлдаж ЗХУ-ын баатар болсон хүмүүс ч олон байдаг. Ер нь халимгууд Түрктэй ч, Францтай ч Оросыг хамгаалж байлдаж л байсан. Иймд үндэс угсаа нэгтнийхээ тухай хэт мушгиж ярих нь эх орон нэгтнүүдэд нь таатай сонсогдохгүй л байх. Түүхийг сургаар биш судалж байж л итгэдэг үнэмшдэг байх ёстой. Түүх хар цагаан өнгөөр байдаггүй ээ. Иймээс ЗХУ 27 сая хүнийхээ амиар Эх орны чөлөөлөх энэ дайнд Агуу ялалт байгуулсан нь маргашгүй үнэн юм.

Энэ бүх түүх биднээс хичнээн их холдох тусам, тэр дайны ахмад дайчид, ар талд баатарлагаар ажиллаж байсан хүмүүсийн үе яваад өгөх тусам энэ түүхийг гүтгэн гуйвуулагчид улам олон худлаа үлгэр домгууд зохиож залуу үеийн тархийг угааж түүхэн ой санамжийг нь арчихаар санаархаж байна. Яагаад гэдгийг одоо та бүхэн мэддэг болсон гэж найдаж байна.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив