Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Атаархах зүйл үгүй ч ... - 2
2013 оны 9 сарын 10 [Уншсан тоо: 112896]
Пёнъяаны “Сингапур” дэлгүүр

“Хэдунхуаг” үзэж дуусмагц буудалдаа ирлээ. Одоо миний чөлөөт цаг. Цагаа харвал 16.30 болж байна. Орой 18.30-д СМТА-ийн дарга хоол өгөх учраас наана нь амжиж юм үзэх хэрэгтэй. “Юм үзнэ” гэдэг нь албан ёсны хөтөлбөрөөс гадуур жирийн иргэдийн амьдрал, байдлыг жаахан ч гэсэн бодит байдлаар нь үзэх гэсэн сэтгүүлчийн хорхойсол. Нөгөөтэйгүүр би дөрөв хоногт яаж ч гүйгээд “жуулчны нүдээр л” энэ орныг харна л даа, гэхдээ л зүгээр сууж болохгүй.

Нэгэнт сэтгүүлч ухаантай юм бол хаалттай, үлгэр домгийн мэт гэгддэг энэ орны эгэл амьдралд яаж ийгээд нэвтрэх, түүнийгээ олон нийтэд хүргэхийг бодсон маань айлчлалын төлөвлөгөөнд орсон чухал ажил. Хэдийгээр төрийн албан ёсны ажлаар яваа ч гэсэн сайн ч муу ч сэтгүүлч нэрийг 10 гаруй жил зүүж яваа, ажлынхаа сайн мууг нь мэдэрсэн мэргэжилдээ дуртай хүний хийх ёстой ажил мөн биздээ. Гэхдээ сэтгүүлчид байдаг нэг зарчим бий, “Хэрэв чи хаа нэгтээ очих гэж байгаа бол сайлах ба муулахаа урьдчилж төлөвлөхгүй байх ёстой”.

БНАСАУ-ын ГХЯ-ны орчуулагч, МУИС-ийг төгссөн Ри Сон Ил гэдэг залуу, СМТА-ийн ажилтан эмэгтэй Сун И, жолооч гурав манай баг. Монголын талаас ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Д.Энхсайхан дагалдаж яваа. Албан арга хэмжээнд Умардын машинтай, бусад цагт ЭСЯ-ны машинтай жирийгээд байх нь тэр. Солонгосчуудын маань гутлын өсгий эргэдэг хаалганы цаана оров уу үгүй юу элчингийн “Great Wall” жийпэнд үсрэн сууж, усан бороон дундуур Пёнъяаны дурын хүнсний дэлгүүрт орохоор жирийлгэв. Манай ЭСЯ-ынхан нэгд хямд, хоёрт бензин бага иддэг ч үзэмжтэй болохоор Хятад жийп албандаа авчээ. Олон төрлийн машин нэвтрээгүй Умардад гэлтгүй аятайхан загвартай машин юм, гэхдээ хэврэг бололтой. Умардууд бас унах дуртай бололтой юм билээ.

Бас Умардын өөрийнх нь “Энхтайван” нэртэй үйлдвэрийн суудлын автомашин байна. Загвар нь гологдохооргүй орчин үеийнх, СМТА-ийн орлогч асфальтан саарал өнгийн машин унаж ирснийг сонирхсон. Жилдээ 15 мянгыг үйлдвэрлэдэг гэсэн байх. Өөрсдөө шууд үйлдвэрлэх бус хятадаас зарим сэлбэгийг импортлож угсардаг гэж сонсов, зөвхөн хөнгөн тэрэг бус трактор, троллейбус, автобус хийж байна. Пенъяаны гудамжаар шинэ троллейбус явж байгаа нь “үндэсний үйлдвэрлэл” ажээ.

Их дэлгүүр гэж умардын заншил ёсоор өмнөө томоохон талбайтай хоёр давхар цагаан байшин байна. Ортол нэгдүгээр давхар нь хүнснийх, хоёрдугаар давхар нь барааных ажээ. Яг төвталбайн дэргэд гадаадынхан голдуу ордог их дэлгүүр бий, тийшээ оръё гэсэн ч би “Аль болох гадныхан ордоггүй жирийн дэлгүүрт л ормоор байна” гэсэн тул энд ирсэн хэрэг. Үүдэндээ сагстай, касс нь яг л манайд байдаг шиг электрон. Өлсгөлөнд нэрвэгдсэн орон гэдэг ойлголтыг “шалгах” гэж эхлээд хүнсний тасгаар оров. Яг л манай “соц” үеийн дэлгүүр, ижил төрлийн барааг том зааланд их гоё өржээ. Манайд хүнсний “найман нэрийн бараа” гэж нэг ойлголт байдаг биз? Энэ найман нэр төрлийн бараа байвал ард түмэн гэдэс цатгалан байна гэсэн үг л дээ.Одоо болтол найман нэрийн барааны зөвшөөрөл олгодог энэ тэр бол өмнөх “өлсгөлөн” нийгмийн л ойлголт шүү дээ.

Будаа байна, гурил байна, нарийн боов байна, архи байна, ногоон шилтэй пиво байна, чихэр байна, тамхи байна, жимс байна. Бүгд маш нямбай савласан, гялгар ууттай, гагцхүү нэр төрөл цөөн юм. Хүнсний хангамжийн гол үзүүлэлт бол мах. Хэрэв махгүй бол хүн ам уургийн дутагдалтай, сульдаатай байна гэсэн үг. Тиймээс хамгийн гол нь мах.

Мах хаана байна? Дэлгүүрийн талбайн голд хөлдөөгчинд байна шүү. Тэр ч байтугай олон нэр төрлөөр. Асууж гарав. Тахианы мах, загасны мах, гахайн мах. Би саваагүйтээд тэмээн хяруулын мах байна уу? гэж асуув. Худалдагч нь жаахан гайхаж, байхгүй гэлээ. Д.Энхсайхан бас гайхаж, “Та яагаад тэмээн хяруулын мах асуугаад байгаа юм?” гэлээ. Би хэдэн жилийн өмнө Умардад очсон телевизийнхээ найруулагчаас махны асуудлаа шийдэхийн тулд тэмээн хяруулын аж ахуй хөгжүүлж байгаа тухай сонссоноо л “ажил хэрэг” болгож хөглөж байгаа царай нь энэ. Малын мах бол үнэндээ ховор ажээ. Үхрийн мах килограмм нь найман долларын үнэтэй байдаг гэнэ. Монголын үнэтэй ойролцоо л доо, гэхдээ эндхийн цалинтай харьцуулбал үнэтэй, маш үнэтэй гэсэн үг.

Цалингийн тухай тодруулахгүй бол хүмүүс төөрөлдөж магадгүй. Албан ёсны ханшаар Умардын 99,88 вон нэг ам.доллартай тэнцэнэ. Хүн амын дундаж цалин албан ёсны ханшаар 150 орчим доллар гэнэ. Гэтэл хар зах дээр нэг ам.доллар 7600 вон. Ингээд тооцохоор дундаж цалин 2 доллар орчим болж байна. Гэвч энэ бол гайхаад байх юм биш, Монголд ч гэсэн доллар албан ханш нь 4 төгрөг 80 мөнгө байхад хар зах дээр 450 төгрөг байсан, гэтэл хамгийн бага цалинтай цэвэрлэгч 180 төгрөг авдаг байсан, тэр хүн хагас доллар хүрэхгүй л цалинтай гэсэн үг. Монголчууд дунджаар 20 ам.долларын цалинтай байсан 1991-1992 оны үеийн л үзэгдэл. Тэр үед нэг доллараар лааз кола авч уугаад сарын цалингаараа тансаглачихдаг байсан хэрэг. Гагцхүү доллар гүйлгээнд үндэснийх нь мөнгөн тэмдэгтийг орлодоггүй, тэгээд ч Умардын вон хөвөгч ханшгүй учраас энэ ханш чухамдаа ард түмэнд падлийгүй л дээ. Тэгээд л валютын ханш энэ тэр хамаагүй тул хоёр доллараар амьдраад байдаг хэрэг.

Нөгөө картын бараа гэдэг шиг хэрэгцээт хувцас, хүнсийг нь улсаас хангачихаар цалин цавууг цуглуулж байгаад өөр зүйлд зарцуулдаг байх. Тийм болохоор ч юм уу, дэлгүүрийн бараа овоохон үнэтэй санагдсан шүү. 5 килограммаар савласан сайн чанарын тутарга (цагаан будаа) 56 900 вон байсан. 7,5 ам.доллар буюу кило будаа 1,5 ам.доллар. Дашрамд шар будаа, цагаан будаа гэдэг бол Төвдөөс дам авсан үг. Монголоор цагаан будааг тутарга, шар будааг амуу гэдэг.

Хоёрдугаар давхарт нь урсдаг шатаар гарлаа. Хуучны ойлголтоор өргөн хэрэглээний аж үйлдвэрийн бараа сонирхов. Хүүхдийн тоглоомноос эхлээд хөргөгч, керамик плитка, спортын хэрэгсэл бүгд л байна. Гагцхүү бүгдээрээ Хятадынх. Чанарын хувьд манай зах дээр зардаг бараануудтай дүйцэхүйц юм уу. Дараа нь Монголд ирээд Умард дахь сэтгэгдлээсээ арайхан салаагүй үедээ бараа туруу харж явахад манайхны хэрэглээний чанар их дээшилсэн нь анзаарагдав. Гэхдээ бүхнийг өөртөө үйлдвэрлэдэг байх гэж бодсон маань алдаа байж, аж үлдвэрийн бараан дотроос лав Умардын үйлдвэрийн бараа олж харсангүй.

Ямар чихэр авалтай биш, тэгсгээд тэндээс гарав. Би амихандаа коммунизмын жилүүдэд манай дэлгүүрүүдэд алаглаж байдаг асан шувуутай янжуур харж явлаа. Монголд очоод хүний гар цайлгавал “залуу нас нь санагдана” гэж бодсон хэрэг. Шувуутай янжуур алга, ойролцоог нь асууж байгаад тэмээн хяруулын зурагтай янжуур ганц хайрцгийг аваад гарав. Тэмээн хяруулын мах хараагүй ч тамхийг нь авлаа. Тамхи хямдхан. Ер нь Умардууд бол улаан тамхичин байж магадгүй юм билээ. Удирдагчдийн нь зурагт хүртэл хуруундаа янжуур хавчуулаастай. Бараг удирдагчид нь тамхинд дуртай байсан учраас хорьдоггүй мэт сэтгэгдэл төрсөн. Пенъяанаас холгүй “Мансёндэ” цогцолбор буюу Ким Ил Сун гуайн аавын гэрт ч гэсэн тамхины ургамал байдаг, тэднийх тамхи тариалж зардаг байсан юм билээ.

Гэхдээ жаахан бодвол бид өөр нийгмийн орчинд дасчихаад заавал хуулиар хориулж байж л “хорьсон” гэж ойлгодог болж “инженерчлэгдсэн” байх магадлалтай. Коммунизмын жилүүдэд манайд ч тамхийг хамаагүй л зардаг байсан. Ишийг нь хромныхоо түрий шиг гармошиглаж, утааг нь цагираг болгон үлээж татдаг ах нарыг хараад шохоорхож,  аав ээжээсээ нууж орос цэргүүдээс нэг төгрөгөөр авч ганцыг татдаг, татах ч гэж дээ нэг хоёр сороод нус нулимсандаа хутгалдаад хаядаг байсан “Анчны”, “Хилчний” папирос, навчиндаа шарласан ногоон цаастай махор, задрахаараа аавын “момбсааны” цэнхэр цэцэгний зурагтай хайрцагт ордог шар алаг нүүртэй боодолтой дүнс, “Цагаан далайн суваг”, “Казбек” буюу манайхны нэрлэснээр “Хар морьт”, тэгээд “BT”, Солонгос янжуур бүгд л санаанд байна.

Гагцхүү тамхи муухай болохыг бидэнд байнга ойлгуулдаг байсан ба дэлгүүрийн худалдагчаас авахуулаад хүн бүр хяналт тавьдаг байсан учраас л “ухамсраараа” тамхинаас хол өсдөг байсан. Нэг тамхи сорчихоор аав ээжээсээ айгаад сонин зажилж, амаа угааж сүйд болдог байгаагүй юу. Том хүн харвал нуугдаж зугтчихдаг, аав ээжид хэлчих вий гэж ухаан алддаг байсан. Ажилд орсон буюу цэрэгт яваад ирсэн ах нар л “тамхины мөнгөтэй” болж тамхи татаж, “эцэг эхийн хараа хяналт”-аас гардаг байсан. Цэргийн цалин сарын 10 төгрөг буюу гурван “Беломор”-ны мөнгө гэж ирээд л ах нар ярихыг амаа ангайн сонсдогсон.

Архи нь ч хатуу, пиво нь ч хатуу, амт нь нөгөө “Тунгалаг” шиг, үүнийг мэддэггүй хожим ардчилал эрх чөлөөний үрээр цэл залуугаараа пивонд орсон залуус дүү нартаа их ойртуулж ойлгуулбал “Боргио”-рхуу амттай гэсэн үг. Ийм нэг дэлгүүрээр ороод гарсан. Монголд ялангуяа бидний насныханд дандаа боддог нэг асуулт байдаг даа? Хэрэв хармаан дахь мөнгөтэйгээ социализмынхаа үед буцаад очвол яах бол? Цалингаа авчихаад халаасандаа 200 мянган төгрөгтэй халамцуу алхаж яваад нэг гудамж тойрсон чинь “соцлийзм байвал...?” Талх дээд тал нь төгрөг 70 мөнгө, элэгний нухаш бас 1 төгрөг 30 мөнгө, тамхи 3 төгрөг, янжуур 6 төгрөг, архи 38 төгрөг. Пиво шил нь 2,60. Аа яа яа. “Иж” мотоцикль 7000 төгрөг, “шаахай 72” 13000 аан? Явж өгнө биз?

Умардад очоод үз. Тэгээд л ойлгоно, би нуршаад яахав. Нэг хар цагаан кинон дундуур л туучаад байсан шүү, ер нь бол.

Тэндээс Пёнъяаны хамгийн үнэтэй тансаг дэлгүүр буюу хар яриагаар “Сингапур дэлгүүр”-т хүрэв. Д.Энхсайхан намайг юм худалдаж авч магадгүй гэж бодсон уу, үнэтэй тансагдуу дэлгүүрүүдээр дагуулж яваад байх шиг санагдав. Энэ дэлгүүр нь үлгэрлэвээс хорооллын “Ачтан” дэлгүүрийн аль нэг давхрыг санагдуулам. Түрээсийн бололтой шахцалдсан лангуунууд. Үнэт эдлэлээс авахуулаад манай дундаж төвшнийхний хэрэглэдэг цэвэр гангаар хийсэн сав суулга, торгон зангиа, Умардын хүн орхоодойтой энгэсэг, лэнсий бараа сэлт. Хагас цагт бүрэн танилцаж дуусав.

Гадаа бороо татарч байна. Чухам тэнд л Пёнъяанд харсан цорын ганц жинстэй бүсгүйтэй таарсан. Үүдэнд нь авсан тамхиа амтлангаа гудамжаар хөлхөх хүмүүсийг ажин зогсов. Тамхи нь хатуу, шүүлтүүр нь сийрэг. Гудамжин дахь хүмүүс хурц, хурц өнгөтэй богино түрийтэй усны гутал өмсчээ. Нормынх бололтой. Нэг  малгайгүй цэрэг ахлагчаа царайчлан малгайнх нь саравчнаас үс түүх мэт халамжлана. Комендатад баригдаж л дээ хог чинь. Нөгөөх нь малгайг нь сугавчлаад алхчихаар дагаад л гүйгээд байх юм. Очоод дэглүүлэх байх даа, зайлуул.

Ингэж “дэлгүүр хэсээд” буудал хүрэх зам зууртаа нэгэн усан бассейнаар дайрав. Улаанбаатарын “Выставка” буюу одоогийн “Сарны титмийн” хэрийн байшин. Дотроо кафе, караоке, спортын танхимуудтай. Хоёр давхарт нь гараад шилэн халхавчны цаанаас бассейныг нь харав. Арваад хүн сэлж байна. “Орой ирж сэлэх үү?” гэж байна, би ч усанд чулуу л гэсэн үг тул больё доо л гэв. Урьд нь энэ бассейн зөвхөн дотоодынхонд үйлчилдэг байсан, дараа нь гадаадынханд үйлчилдэг болсон, ингэхдээ манай дугаарын хязгаарлалт шиг тэгш, сондгой өдрүүдээр нь ялгаж үйлчилдэг байснаа өнгөрсөн жилээс хамаагүй оруулдаг болсон ажээ. Манай ганц усан спорт сургалтын төвийн даргаар Арслан очсоноос хойш сүүлийн 10-аад жилд анх удаа ашигтай ажиллаж, орлого нь хэдэн арав ч юм бэ дахин өссөн тухай яриа санаанд оров. “Яагаад ашигтай болчихов, маркетингийн ямар нууц байна?” гэж асуутал “Ямар юмных нь нууц маркетинг байхав, мөнгө идээгүй л байхгүй юу” гэж хариулсан гэсэн. Гарах замд баахан цагаан цамцтай балтгар хүүхнүүдтэй холилдчихов. Тэд Японы солонгосчууд агаад “эх орон”-тойгоо танилцаж яваа аж.

Явсаар буудалдаа ирлээ. Замдаа дөрвөн замын уулзварт 30 секунд түгжирснийг эс тооцвол замд саадгүй явлаа. “Дэлгүүрийг нь үзчихлээ, маргааш хоёулаа эндэхийн энгийн гуанзанд хооллоё” гэсэн санал гаргавал Д.Энхсайхан шууд “Хэрэггүй байх” гэлээ. “Нэгд тэмдэггүй бол таныг оруулахгүй, хоёрт таны гэдэс өвдөнө” гэж байна. “Яагаад гэдэс өвдөнө гэж, хоол нь тийм чанаргүй юм уу?” гэвэл “Үгүй л дээ, харин ус л таарахгүй болов уу!” гэж байна. “Яадаг юм маргааш хоолны цагаар оролдоод үзье” гэж бодсон ч маргааш өглөө нь босмогцоо “ардын хоолноос” шууд татгалзахаар шийдэв. Учир нь гэдэс өвдөөд хоночихож. Миний л хэнэггүйнх л дээ.

СМТА-ийн даргын барьсан зоогийн үеэр нэлээд дугтарч, дөнгөж өрөөндөө ортол ЭСЯ-нд нэг онгоцоор очсон зочид маань цуглаад байна гэж дуудсан тул давхиж очоод сонин сайхан, ажил төрөл, төрсөн сэтгэгдэл ярингаа нутгийн рашаан нэмж хүртээд ирж унтсан юм. Шөнө ам цангахаар нь хөргөгчөө нээвэл цэвэр усгүй тул крантны түүхий ус ахиухан туучихсанаас ийм юм болов. Үнэхээр ус таарахгүй юм билээ. Харин хоол унднаас бол гэдэс эвгүйрхээгүйгээр барахгүй амтанд нь орох янзтай.

Бас бид цаг ямагт цэвэр ус, савласан цай, ундаагаар өөрийгөө угжиж явсаар амархан цангадаг болчихжээ. Хөргөгчинд шүд угаах зориулалттай ганц цэвэр ус байсныг зориулалтаар нь хэрэглэж цамаархсанаас л ийм юм боллоо. Ядаж буудлын кафенаас ус ундаа авах талаар санаагүй нь бэлэн юманд дассаных. Одоо яая гэхэв.

Зоог ба бэлэг.

“Корё” буудлын ресторанд тусгай өрөөнд СМТА-ийн дарга зоог өгөв. Захиалгын иж бүрдэл нь буудлын үйлчилгээний нэг. Бас Монголчууд хатуу рашаанд дуртайг тооцож, өөрсдөө ч буцдаггүй бололтой байна. Гурван шил архи байна, ихэд үзэмжтэй тэр хатуу архийг “Манай Кэсонд хийсэн юм” гэж магтана.

Хоол унд элбэг дэлбэг нэр төрөл олон, дорны уламжлалаар олон хоол өгч зочноо хүндэтгэж байна. Бүгдийг барах юм биш, харин кимчи нэмж захив. Үнэхээр амттай шүү.

Ёолонгосын дарга нар хуучны манай дарга нар шиг төвшин, бас тааруулаад хүртэх дуртай бололтой. Ким Чан Гуан дарга санчигнаасаа бууралтсан, төлөвхөн номын хүн. Армид таван жил алба хаасан, Ким Ил Суны Төв сургуулийн философийн анги төгссөн. Агентлагийнхаа дотоод мэдээний сурвалжлагчаас дарга болтлоо 25 жил ажилласан хүн юм. Дарга нар нь Ким овогтой байдаг юм болов уу? Батлаж чадахгүй, аягүй л бол Ким овогтны дарангуйлалд орсон гэж мушгиж болзошгүй юм билээ, хэнд ч билээ ярьтал шууд ийм дүгнэлт хийх гэж оролдсон шүү. Харин СМТА-ийн дарга бол яг л ном журмаараа дэвшсэн жинхэнэ мэргэжилтэн болох нь намтар ба ярианаас нь илт мэдэгдэж байна.

Хоолны үеэр бас ажлынхаа талаар, мэдээлэл солилцох техникийн асуудлыг хөндөв. Тэр асуудлыг хариуцсан ажилтнууд зохицуулна биз ээ гээд хундага өргөв. Яриа хөөрөөг илэн далангүй болгох үүднээс би ч нэг их цэмцэгнээд байсангүй ээ. Хятадууд хоолны үеэр ажил ярих дуртай байдаг, харин Умардууд бол ажил ярих гээд байхгүй, энгийн яриа хөөрөө өрнүүлэх талтай юм.

Олон хүн Умард бол Хятадын нөлөөний улс учраас хятадархуу байх гэж төсөөлж байгаа бол алдаа юм. Ер нь бол өөрийнхөөрөө байх, Солонгосоороо байх эрмэлзэл давамгай. “Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүрдэг” гэдэг шиг онигоо гарах ямар ч нөхцөлгүй. Коммунист системийн үед ч яг энэ араншингаараа ЗХУ-аас басхүү зайгаа бариад байсан байж магадгүй л хүмүүс юм. Тэнд “коммунизм” гээд л зүтгэж байхад энд алс дорнод “Чүче” гээд л сууж байсан хэрэг. Монголд нэг аман яриа байдаг санаанд оров. Н.С.Хрущев Ю.Цэдэнбал дарга, Ким Ил Сун даргыг хоёр талдаа суулгаад манай хоёр хүргэн гэж хэлсэнд удалгүй Ким дарга орос эхнэрээ буцаасан гэнэ билээ гэлцдэг байгаагүй юу. Үнэн эсэх нь бүү мэд ч Умардуудын зан төлвийг маш зөв тодорхойлсон яриа юм гэж бодогдов.

Агентлагт 2012 онд улс орондоо болсон үйл явдлыг товчоолсон хоёр боть бэлэглэв. Дээхнэ үеийн Лениний ботирхуу хатуу хүрэн хавтастай, зураг, мэдээллийн өндөр агуулгатай СМТА агентлагаас хэвлэдэг хураангуй, ажилд их тус болно. 

Д.Энхсайхан их олзуурхаж, дараа нь номоо уншуулаарай гэж хүсэв. Ийм номыг зөвхөн албан хэрэгцээнд хэвлэж тараадаг ажээ. Умардын хөрөнгө оруулалтын хууль олддоггүй гэнэ, нэгэн яармагийн үеэр гэнэт худалдсан нь дороо алга болсон бөгөөд олддоггүй гэж элчингийнхэн маань ярьж байсан. Тиймээс ийм албан мэдээллийн товхимлууд маш үнэ цэнэтэй. Өөрөөр хэлбэл ямарваа мэдээлэл үнэ цэнэтэй газар. Харин тэр бүхнийг СМТА зангидаж байдаг.

Ер нь бол коммунист засаглалтай орнуудад мэдээллийн агентлаг өндөр эрх мэдэлтэй. Улсын гарч орж буй бүхий л мэдээллийг шүүж, боловсруулж байдаг. Өнөөдөр СМТА-аас гадна “Синхуа” ийм өндөр зиндаатай байна. ОХУ-ын “ИТАР-ТАСС” улсын мэдлийнх болсон. Манайхан л агентлагийг тоодоггүй, тоохгүй ч гэж шилжилтийн үе тул бараг л илүү ачаа аятай хэдэн жил явж ирсэн ч харин одооноос анхаарч байна. АНУ чөлөөт хэвлэлийн бэлэг тэмдэг л дээ, гэхдээ л улсын мэдлийн хоёр ч агентлагтай, хүйтэн дайнд ялаад “армиа тараасан” ч саяхнаас төрийн нарийн бичгийн даргын мэдэлд буцааж цуглуулсан. Мэдээллийн агентлагууд Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад Гадаад харилцааны яамны харъяанд, парламентын засаглалтай орнуудад Засгийн газрын харъяанд байдаг ерөнхий жишиг байна.

Саяхан АНУ-ын гадаад яам Москва дахь “Америкийн дуу хоолой” радиогийн захирлыг солив. Чөлөөт хэвлэлийн галт бамбар болсон улс төрийн мэдлийн радиотай, түүнийхээ даргыг төрөөс сольж байгааг хэлэхэд олон хүн гайхаж байх шиг байна билээ. “ОХУ-д АНУ-ын нэр хүндийг өргөх тал дээр тааруу ажилласан” гэсэн шалтгаанаар сольсон байна. Бид л нэг их сайхан гэгээн бурханлиг дэлхий ертөнцөд амьдарч мэт төсөөлж байгаагаас биш улс орнууд суртал нэвтрүүлгээ хаяагүйгээр барахгүй бүр маш өндөр түвшинд хүргэж хөгжүүлж байна. Тэр тусмаа өрнөдөд. Хэдийгээр “Марксистууд бол үзэл суртлын мастерууд” гэж Гитлер хүртэл “Миний тэмцэл”-дээ цохон дурдсан байдаг ч эцсийн эцэст “хүйтэнд дайн-мэдээллийн дайнд” өрнөдийнхөн л ялсан шүү дээ. Энэ сэдэв мэдээж бидний ярианы нэг сэдэв байсан нь ойлгомжтой.

Коммунист тогтолцоотой орны жишгээр СМТА бол шууд Солонгосын Хөдөлмөрийн Намын харъяа байгууллага. Улсдаа “үзэл суртал-мэдээллийн хамгийн хүчирхэг зэвсэг”. Ким Ил Сун дарга “Мэдээллийн хэрэгсэл бол улсын нүд чих юм” гэснийг Умардынхан дурдах дуртай юм.

Мэдээж Хөдөлмөрийн намын Төв хороо, түүний харъяа байгууллагууд бол өндөр статустай. Харин Засгийн газар бол аж ахуй хөтлөх үүрэгтэй болсон учраас сайд нар өндөр зиндаанд тооцогдохгүй. Намын Төв хорооныхон илүү хүндтэй. Үлгэрлэвээс манай МАХН-ын Улс төрийн товчоонд төрийн удирдлагын бүхий л шийдвэрийг зангиддаг байсантай адил. Сайд бол товчооны орлогч хавьцаа л эрэмблэгдэнэ шүү дээ. Энэ тогтолцоогоор СМТА бол статус өндөр. БНМАУ-ын Мэдээлэл радио телевизийн улсын хороо (МРТУХ) гэж байсан, үүнд “МонЦаМэ” агентлаг, Үндэсний телевиз, радио, холбоо багтдаг ба хороон дарга сайдын эрх мэдэлтэй, дээр нь агентлагийн даргыг хавсардаг байж. Гадаадаас хүлээн авах ба гадаадад түгээх мэдээлэл “МонЦаМэ” агентлагаар л дамжих учиртай. Яам, тусгай хороод ижил зиндаатай байсан. Сайд хөгшрөөд элчинд явдаг бол МРТУХ-ын дарга НТХ-ны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч болон дэвшинэ. Ялгаа байгаа биз?

Ким Чан Гуан дарга өөрийн улсын үнэлэмжийг сайн мэдэж байна. Умард Солонгос бол дэлхий дахины анхаарлын төвд байгааг дурдаад энэ хэрээр мэдээлэл солилцох шаардлага байгааг ч дурдав. Манай орон дайсагнагч орнуудын хүрээлэл дунд байгаа учраас тэд үнэн бодат байдлыг гуйвуулсан мэдээлэл их цацаж байна. “СМТА” барууны томоохон агентлаг “AП”, “Ройтерс”,”Киодо цусин”-тай холбоо тогтоож, бодат мэдээлэл түгээх талаар ажиллаж байна гээд “МонЦаМэ” агентлаг ч Солонгосын хойгийн нөхцөл байдал, манай орны талаар бодат мэдээлэл түгээж байхыг хүсэж байна гэлээ. Мөн Монголын талаар, байгалийн баялагтаа тулгуурлан ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн зэрэгцээ олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, олон улсын тавцанд нэр хүндээ өсгөж буй Танай Засгийн газрын үйл ажиллагааг сайшаан хүлээн авдаг гээд хоёр агентлаг мэдээлэл солилцсоноор хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулна гэж итгэж байна гэлээ.

Би ч чухам ийм зорилгоор айлчлал хийж байгаагаа дурдаад ямар ч агентлаг бодат мэдээлэл түгээх зорилго тавьдгийг дурдав. Энэ бол дамаа улсын нэр хүндтэй холбоотой асуудал шүү дээ. Ямар ч нөхцөлд манай түүхэн замнал, өнөөгийн эдийн засгийн өсөлт зэрэг бидэнд нэр төрийн давуу тал олгож буй хүчин зүйлүүд байгааг мэдрэх таатай л юм. Дотооддоо яаж ч ярьж болох ч гадаад харилцаанд бол ийм л юм гэдгийг онцлох ёстой байх.

Түүхэн нэр хүнд маань Чингис хаантай огт холбоогүй, XX зууны түүхэн ололттой хамаатай. “МонЦаМэ” агентлаг бол Умард Солонгосын агентлагтай хамгийн анх хэлэлцээр байгуулсан, харилцааны 65 жилийн түүхтэй учраас бизнесийн хэлээр “найдвартай түнш” юм. Мэдээж тэр үеийн систем хоорондын өрсөлдөөн нөлөөлсөн л биз, гэхдээ л манай удирдагчдын “зөв, мэргэн бодлогын” үр шимийг үр хойчис бид хүртэж л байна шүү дээ. Гагцхүү Монголчууд умардуудтай наймааны хэлээр огт ярьж болохгүй, цэвэр мэргэжлийн хэлээр, бас түүхэн хэлээр яривал гайхалтай сайн ойлголцож чадах юм гэдгийг анхаарах ёстой болов уу!

Энэ удаагийн хэлэлцээрээр бид санасан зорьсондоо 100 хувь хүрээгүй ч “МонЦаМэ” агентлаг Умард Солонгост дээр дурдсан дэлхийн томоохон агентлагуудаас гадна “ИТАР-ТАСС”, “Синхуа”-тай дөхсөн түвшинд ажиллах боломжтой болсонд олзуурхаж байлаа. Умард Солонгост “ИТАР-ТАСС”, “Синхуа” хоёр байнгын товчоотой, өөрийн сурвалжлагчийг ажиллуулдаг бол АНУ-ын “Ассошейтэд Пресс” ба Японы “Киодо цусин” сурвалжлагчаа хойд Солонгосоос авч ажиллуулж, мэдээллийг сансрын холбоогоор авдаг байна. “Ройтерс”-той мэдээлэл солилцох түвшний харилцаатай ажээ.

Тиймээс манай давуу тал гэх үү?, таатай хөрс гэх үү?, энэ маань дэлхийн агентлагуудаас Умардтай харилцаж буй харилцаанд “МонЦаМэ”-г айргийн 3-5-д орох төвшний харилцаатай болголоо гэж цээжний тооцоо хийж суулаа. Солонгос зүйр үгэнд “Эхлэл бол ажлын хагас” гэж ярьдаг. Ингэж тооцвол бидний “шинэ эхлэл” хоёр талын харилцаагаар бүр ч хол ахижээ. Уламжлалт нэр хүндээ улам бататгах нь манай агентлагийн ёс суртахууны үүрэг боллоо. Хэрэв бид чармайвал Умардын талаар хамгийн зөв мэдээлэл түгээгч болж, энэ хэрээр олон улсад нэр хүндээ өсгөж чадах байх, “байх ч гэж чадах” ёстой. Бид ижил төвшинд харилцаж чадна, яагаад гэвэл аль аль нь их гүрний, эсвэл түүхэн зөрчилдөөний “комплекс” алга. Бас туулсан зам, түүхэн харилцаагаар нэгнээ маш сайн мэдэрнэ, мэднэ. Барууныхан бол умардын тогтолцоог яагаад ч ойлгохгүй юм билээ. Тэгэхээр тэд хэчнээн сайн ч алдана, харин бид алдахгүй. Ийм нөхцөлд бид маш сайн хамтарч чадах юм биш үү?

Хоолноос гараад өрөөндөө орлоо. Пенъяаны ажлын цаг дууссан тул орой тансаг зоогийн газрууд, тусгай дэлгүүрүүдээс бусад нь хаалттай. Нэгэнт хооллосон тул амрах л үлдэх шив. Ном барьж хэвттэл өрөөний утас дуугарав. ЭСЯ-нд манайхан цуглажээ. Яаран гараад 10 минутын дараа ЭСЯ-ндаа очлоо. ЭСЯ-ныхан нийлээд бүгд цуглаж, ажил төрлөө ч ярив. Би ч амжилттай яваагаа дуулгав. Элчин сайд маргааш аж үйлдвэрийн хот Хамгун руу хамт явъя гэж урив. Пүрэвсүрэн зөвлөх, Баабар, Мо даргыг тэнд урьжээ. Уг нь хөдөө орон нутгийг нь үзэх хүсэл даанч их байв, гэвч нөгөөдөр Ким Ен Нам даргатай уулзах учиртайгаа хэлэв. Тэгээд тэд явахаар боллоо.

ЭСЯ-нд агентлагаас эрхлэн гаргадаг сэтгүүл, сонин авчирснаа өгөв. Бас 1911 оноос өнөөг хүртэл манай нэгэн улсын таван төрийн сүлдийг торгон дээр хэвлэснээ ч өгөв. Энэ бол бахархах түүх мөн, Азид анхны тусгаар улсуудын нэг гэдгийг батлана. Өмнө ба одоо үеийнхэн сүлд тэмдэг ондоо ч бүгд нэгэн зууны турш нэг зорилгын төлөө, Монгол улсын төлөө ажиллаж байгаа билээ л. 

7 дугаар сарын 17. Хотоос гарах замд

Энэ өдөр айлчлалын төлөвлөгөө ёсоор Үндэсний бэлгийн музей үзэх ёстой. Өглөө эрт босоод өглөөний цайгаа алдалгүй уув. Зочид буудалд дэлхийн томоохон буудлуудын адил Швед гал тогоо алга. Гэхдээ будаа, наймаалж, тахиа, загасны мах тэргүүтэн, хоёр гурван төрлийн салат, хоёр төрлийн жимсний шүүс байна. Мөн тогооч өндөг шарж өгч байна.

Гадаадад яваа Монголчуудын гол хоол бол өглөөнийх байдаг. Учир нь тэр бүр хоол таардаггүй, орон нутгийн чанартай хоол идэж чаддаггүй хүнд Швед гал тогоо бол жинхэнэ хоол байдаг юм. Би бол тухайн улсад очоод ард түмний хамгийн их иддэг хоолыг л сурдаг. Манайхаар бол гурилтай шөл, цуйван, бууз, хуушуур гэсэн үг. Японд асуусаар “рамён” идсэн. Сианд бас манайхаар бол хуурай гамбир хөшиглөсөн шөл идсэн. Ийм хоол хамгийн амттай, дээр нь ард түмний жор орсон тул идэнгитэй байдаг. Монголчууд хүнд хоол бага иддэг ард түмэн, тиймээс барахгүй ч амсаад явбал барж.

Гараад бэлгийн музей руу явлаа. Хотоос холгүй уулын нэгэн богиновтор аманд музейг байгуулжээ. Зам засаж, зүлэг мод арчилж буй хүмүүс олон харагдана. Пенъяаныг баярын сэтгэгдлээр төсөөлж, дүүрэн улаан туг, уриа лозунгаар дүүрсэн хот байдаг гэж бодвол эндүүрэл.

Томоохон уулзваруудад чулуун самбарт зурсан хоёр удирдагчийн зурагт самбар байна. Түүнийгээ арчлан сэргээх нь тэргүүн зорилт ажээ. “Америкийн империалистуудыг алаад өг!!!” гэх мэт уриа лозун огт алга. Хаа нэг тааралдахаас нэг уртхан лозунгийг хэрэг болгож “За энэ л өнөөх лозунг байх” гэж бодоод орчуулуулбал “Зүлэг модоо хайрлаж, эрүүл орчинд аз жаргалтай амьдаръя” гэж бичсэн байв. Социализмын үед ялалтын баяраар дүүрдэг махчдыг дарж буй цустай жадтай буу барьсан улаан цэргийн сүрлэг зурагтай төстэй зурагт самбар харагдсангүй дээ. Өдөр тутмын эгэл амьдралыг дайнаар цочоогоод байдаггүй бололтой юм.

Харин хаа сайгүй спортын ордон, задгай цэнгэлдэх хүрээлэн барьж байхтай тааралдана. Шинэ удирдагч ард түмнийхээ эрүүл мэндийг ихээхэн бодож байгаа ба нийтийн биеийн тамирыг ихээхэн дэмжин хөхүүлдэг ажээ. Өлсгөлөн хүмүүсийг биеийн тамирт албадаж болох уу? Тэгэхээр өлсгөлөн байхгүй гэсэн үг.
Гэр хэлбэртэй том цогцолбор юу болох тухай асуувал өвлийн спортын ордон гэнэ. Үлгэрлэвээс манай “Усан спорт сургалтын төв” нь бараг хоёр зуун метр үргэлжилсэн шилэн байшин ба дээвэр нь усны долгио хэлбэртэй ажээ. Энд томоохон обьектуудад боржин чулуу, шилийг их ашигладаг нь ажиглагдав. Хаашаа л явна орон сууцны шинэ хороолол нүдэнд тусна. Гайхалтай гоёмсог цогцолбор хороолол хараа булаана. Хотын төлөвлөлтийг маш сайн бодож хийдэг нь хаана ч мэдэгдэнэ. Тэдон мөрөн дээгүүр тавьсан хоёр гүүрийг даваад ирэхэд л цэлийсэн өргөн чөлөө, гоёмсог байшингийн зохиомж нүднээ үзэсгэлэнтэй харагдана.

Мод зүлгийн тухайд ярих юм биш. Ёстой ногоон хот гэж Пенъяаныг л хэлэх байх. Хотын нэр нь “Модот эрэг” ч билүү дээ, тийм утгатай юм гэсэн. Мөрний эрэг, тэгээд ийм чийглэг газарт ёстой хүрзээ зоогоод мартсан ч ургачих байх л даа. Бүр эгнүүлж тарьсан модны мөчир дор боржин чулуугаар сүүдрэвч барьж, амьд мөчрөөр дээвэрлэж “маягласан” байхыг ч харсан. Ер нь манай Улаанбаатараас өөр модгүй хот ховор л доо. Айлууд ньтагтан дээрээ хүртэл цэцэг тарих юм. Хорин давхар байшинд тагтан дээрээ цэцэг тариагүй  нэг ч айл алга.

Хотын захын гэр хороолол гэдэг ойлголт алга. Нэлээд “эртнийх” гэж болох хоёр давхар хуучивтар барилгууд хааяа харагдана. Эртдээ 1960-1970-аад оны загвар. Пенъяан бол 5000 жилийн түүхтэй хот, гэхдээ дайны үед энд босоо юм юу ч үлдээгүй гэж нэгэн тайлбарлагч хэлж байсан. Үнэндээ дайны үед Умардыг бөмбөгдөөд ёстой л газартай нь тэгшилсэн гэдгийг барууныхан ч зөвшөөрдөг. Сүүлдээ бөмбөгдөх ч утгагүй болоод хоосон онгоц нисгэж хохирол үзэх шаардлагагүй болсон юм билээ. Газар бүрхэн давшиж яваа Хятадын сайн дурынхныг л бөмбөгдөхгүй бол шүү дээ. Тиймээс Пенъяан бол шинэ, орчин үеийн хот. Албан газар бүрийн орох хаалганы дээр хоёр удирдагчийн том хөрөг байрлуулдаг.

Гол барилгажилтийг Ким Ил Сун даргын үед хийж, Ким Жон Ил даргын үед жаахан зогсонги байгаад одоо сэргэж буй бололтой. Ямар ч барилга барьсан архитектурын бүтээлч шийдэл заавал оруулсан байх нь энэ талаар барагтайхан надад хүртэл илт мэдрэгдэж байна.

Бэлгийн музейд

Явсаар бэлгийн музейд хүрлээ. Өмнөө мөн л өргөн чулуу дэвссэн талбайтай, боржин чулуугаар өрсөн нүсэр байгууламж. Хаалганых нь нэг хавтас л найман тонн жинтэй. Энд Умардын удирдагчдад дэлхийн Солонгос үндэстнүүдээс өгсөн бэлгийг төрөлжүүлэн тавьжээ.

Уулын дор агуу байгууламж барьж, бүх бэлгийн музей болгосон гэж ярьдаг байсан, тэр музей нэлээд хэд салбарласны нэг нь энэ бололтой. Дэлхий дахинд Солонгосын хойгоос гадна 10 гаруй сая Солонгосчууд амьдардаг байна. Голдуу Япон, Өмнөд, Хятадын Солонгосчуудын бэлэг байна. АНУ-аас ч ирүүлсэн бэлэг байна. Бас өөрийн улсын иргэдийн бэлэг ч байна. Бэлгийн хувьд ярих юм алга. Гайхалтай, басхүү сэтгэл шингэсэн бэлэг ч байна. Нэгэн эхнэр лут том бар агнаад Ким Ил Сун даргад арьсыг нь бэлэглэжээ. Нөхөртэйгөө бэлгээ гардуулж буй үеийн фото зураг нь байна. Шинэ ургацын дээж, багын анд нөхөд нь хадгалж үлдсэн зургаа хясаагаар урлаж, бас хатгамаллаж илгээсэн нь байна. Гурваас зургаан тонн жинтэй гантиг тэргүүтэн үнэт чулуугаар бүтээсэн барс хэд хэд байна. Барс нь дэлхий дээр хурц хумст савраа тавьсан ба хумс нь голдуу АНУ-ын газрын зурагт таарсан байна. Хатгамал, алт, үнэт металл эдлэлээс эхлээд эртний эдлэл орчин үеийн бэлэг дурсгал ч байна. Одоо мартаагүй бол тэнд 8000 үзмэр дэлгээтэй байгаа гэсэн, цаана нь хэд буй юм бүү мэд.

“Самсунг” корпорацийн эзэн Ким Жон Ил даргад шинэ загварын гар утасныхаа “дээжийг” явуулжээ. Ингэхдээ “Та бэлгийг өөрөө хэрэглэлгүй үзэсгэлэнд тавьдагийг бид мэднэ ээ, тиймээс та нэгийг нь үзэсгэлэнд тавиад нөгөөг нь заавал хэрэглээрэй” гэж хичээнгүйлэн хүссэн захиа ч байна, хоёр дахь гар утас нь ч байна. Өмнөдийн нэгэн мебелийн үйлдвэрийнхэн Умардын удирдагчдийн гэр бүлийн хэрэгцээнд зориулж сонгодог хийцийн манайхаар “ком тавилга” хэд хэдийг явуулсан нь ч байна. Бүгд үзэсгэлэнд заларчээ. Үзэсгэлэнд тавьсан үзүүлэнг тоочиж барахгүй, хүнд бэлэглэж болох бүхнийг бэлэглэжээ, гэхдээ манайхан очоод үзэж бас болно шүү дээ.

Музейн дарга хатагтай Монголын талаар сүрхий мэддэг юм байна. Тайлбарыг хэд дамжуулахгүйн тулд шууд орос хэлээр сонсов. Жаахан Солонгос аялгатай л болохоос албаны орос хэлээр тунчиг гайхалтай тайлбарлаж байна. Хаа ч очсон тайлбарлагч хүүхнүүд нь үндэснийхээ ганган хийцтэй, торон чимэгтэй торгон хувцсыг тун ч нямбай өмссөн байх ажээ. Лав л надтай нэг ч албан, европ хувцастай тайлбарлагч таараагүй, тэр ч байтугай музейн дарга өөрөө үндэсний хувцастай байв. Гарахдаа үүдний гантиг өрөөнд зочдын дэвтэрт сэтгэгдлээ үлдээлээ.

Машин ирэх зуур цэцэрлэгт тамхилав. Буутай цэргүүд манаа халж байна. Жигд өндөртэй, АК үүрсэн залуус, шинэ формтой алхаж явна. Бэлгийн музейгээс буудалдаа ирж амсхийгээд үдээс хойш Чүчэ цамхаг, ялалтын хаалга үзэх учиртай.

Энд ахиад л нөгөө бичлэгийн асуудал гарч байна. Манайхан оросоор “Чүчхе” үзэл гэдэг, үнэндээ шууд “Чүче” гээд биччихэж болох дуудлагатай юм. Чүче цамхагт ирвэл хүмүүс цуглаж байна. Ялалтын ойн баярын жагсаалын бэлтгэл хийх гэж байгаа ажээ. Пенъяаны төвийн замуудыг хаажээ. Шар тууз татахын зэрэгцээ, замын цагдаа нар дохиод явуулахгүй байх янзтай. СМТА-ын машин, зочинтой явж байна гэж тайлбарласны дараа социализмын үеийн манай пионерийн ёслолын хувцас шиг цав цагаан китель, цэнхэр өмдтэй ахмад саадгүй нэвтрүүлсэн ч нэлээд тойрч явж орлоо.

Эндэхийн замын цагдаа нар машингүй байсан ч, бороотойд ч, нартайд ч байнга маш урлагтайгаар зохицуулж байдаг гэсэн үнэн үү? гэж надаас бас асуусан шүү. Би дандаа танхай этгээдүүдтэй таарсан юм уу? Нэг ч тийм юм харагдаагүй. Халуунд явган зам авто замыг заагласан модны сүүдэрт л зогсож байх юм билээ. Машин жаахан бөөгнөвөл зохицуулчихаж байна. Эндэхийн цэргийн машин хар дээр цагаанаар бичсэн номертай, энгийнх нь цагаан дээр хараар бичсэн. Осолтой нь цэргийн машин давхиж явбал өмнүүр нь дайрах гээд хэрэггүй. Шудраад гарах янзтай юм. “Урдуур нь дайраач, дипломат дугаартай машиныг яав л гэж, гэрэл асчихсан байна шүү дээ” гэж Монгол зан гаргасан ч  ёсыг мэддэг хүн зогссон нь зөв байжээ. Цэргийн том машинууд гэрэл дохио үл харгалзан сүнгэнэхэд нь зохицуулагчийг нь харвал өнөөх чинь харин ёслоод номхон зогсчихсон байдаг байгаа. Эндэхийн зохицуулагчид цэргийн алба хаагсад гэнэ. Харин эмэгтэй зохицуулагч олон.

Дарга нар нь номергүй машин унана. Том дарга нар нь кадиллак лимузин унадаг юм билээ. Элчингийн хорооллоос хоёр лимузин гарсныг Энхсайхан бид хоёр дагаж давхисан ч гүйцэлгүй алдчихаж билээ. Ийм машинд Ун дарга, эсвэл Нам дарга л явдаг гэж тэр хэлсэн тул сонирхоод дагахгүй юу.

Чүче цамхаг бол хэзээд гэрэлтэй байдаг Пенъяаны цорын ганц байгууламж. Боржин чулуугаар хийсэн энэ цамхаг дэлхийд хамгийн өндөр нь ажээ. Вашинтоны харандаагаас ямар вэ? гэвэл өндөр гэж байна. Хөшөө Тэдон мөрний зүг харсан талдаа Чүче гэсэн бичигтэй ба орой дээрээ асаж буй бамбарыг дүрсэлсэн, хээтэй боржин чулуугаар өрсөн нарийхан өндөр цамхаг. Цамхагийн яг дор ажилчин, тариачин, бичгийн хүнийг дүрсэлсэн нөгөө “Мосфильм”-ийн киноны өмнө гардаг хөшөөрхүү хөшөө байна.

Бас л ялгарч байгаа биз? Зөвлөлтийн ч, Хятадын ч далбаанд “алх, хадуур” буюу “ажилчин-тариачны” бэлгэдэл байдаг бол Ким Ил Сун дарга дунд нь заавал “эрдэмтэн, бичгийн хүнийг оруулах ёстой” гэжээ. “Эрдэмтэн, бичгийн хүнгүйгээр улс орон хөгжин дэвшихгүй” гэж тэрбээр онцлон хэлжээ. Энэ ч үнэн, дээрээс нь Пенъяанд метроны төв буудлын ойролцоо харваас нүд тусам өндөр барилга шинээр барьж буйг хараад “Энэ ямар учиртай барилга вэ?” гэж асуувал “Эрдэмтдийн орон сууц” гэж хариулсан. Эрдэмтдийг ихэд хөхүүлэн дэмждэг ажээ.

“Чүче” цамхагийн эргэн тойронд уудам талбайд Сталинградын цогцолбортой адил “Улс орны хөгжил цэцэглэлт, ялалт амжилтад анги давхарга бүрийн оролцоог магтан дуулсан” сүрлэг хөшөөдийг байрлуулжээ. Тайлбарыг оросоор сонсов. Цамхагийн дотор цахилгаан шаттай ба нэг хоёрын тоо тэгээд нэг дүрс байна. Тэр бол хамгийн дээд давхар гэсэн үг. Цамхагийн дээд давхар нь Америкийн эрх чөлөөний хөшөөтэй адил бамбар тойрсон тавцантай юм. Тэр тавцан дээрээс Пенъяан хот алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдана. Зураг авахуулахын завсар өнгийвөл цамхагийн дорх талбайд жагсаалын бэлтгэл хийж буй хүмүүсийн гайхалтай дүр зураг харагдав. Цэцэг барьж, туг далбаагаа мандуулсан Солонгосчууд гоёмсог хэлбэр үүсгэн жагсаад уриа цуурайтуулна. Сэтгэл хөдлөм юм гээч.   

Бууж ирээд цамхагийн нэг давхарт дэлгэн тавьсан зургийн цомог, бэлэг дурсгалын зүйлс үзэв. Сувенир хийх тал дээр жаахан тааруу, үзэмж сайнгүй ч 15 доллараар “Чүче” цамхагийн жижиг хувилбарыг авлаа. Гэхдээ чанар бол ярилтгүй ажээ, учир нь цэвэр модоор урласан байна. Ер нь Умардад хуурамч эд гэж байхгүй, юмыг орлуулахгүй, цэвэр материалаар хийхийг чухалчилдаг нь илт анзаарагдана. Цамхагт ороход хана туурганд Чүче үзлийн тухай, Ким Ил Сун даргын тухай дэлхийн олон хэлээр бичсэн голдуу их сургууль, судалгааны институтээс ирүүлсэн дурсгалын хавтангуудыг байрлуулсан байна, Монголоос алга.  

Тэндээсээ хөдлөж Ялалтын хаалга хүрэв. Ялалтын хаалга хэмээх сүрлэг хаалгыг саяхан барьжээ, олон бэлгэдэл шингээснийг хэлсэн, гэвч олонхийг мартжээ. Тэр бүрийг цээжлэх хэцүү, гагцхүү хаалгыг барихад 15 мянган тонн боржин чулуу ашигласан гэдгийг асуусан тулдаа тогтоосон байна. Хаалганы хэмжээг багцаалдвал дөрвөн баганын голоор дөрвөн машин зөрөхүйц өргөн. Хэрэгтэй мэдээллийг нетээс олоод уншчихвал байж л байгаа байх. Хийц, зохиомж бол янзтай, хэлэх ч үг байхгүй. Дээврийг хийхдээ хүртэл Солонгосын үндэсний хэв маягийг илт шингээжээ.

Хаалганаас зүүн зүгт тун холгүй хоёр гурван зуун метр зайд хөшөө дурсгалын томоохон цогцолбор бүхий талбай байгаа нь Ким Ил Сун удирдагч Японы цэргийг бутцохиод, Пенъяаныг чөлөөлөөд, хотод орж ирээд анх үг хэлсэн талбай юм байна. Байгуулсан уг шалтгаан нь манай Сүхбаатарын талбайтай яг адил. Гэхдээ төв талбай биш.

Манай Төв талбайг, жанжин Хүрээг чөлөөлөөд орж ирэхэд талбайн голд ухаа хонгор морь нь шээсэн тул (уучлаарай үүнийг аятайхнаар хэлж яагаад ч болохгүй байна, нөгөө хасаг цэргийн тухай онигоонд гардаг шиг “бие засаж” гэлтэй биш, тэгээд ч өөр юмны тухай бичихдээ өөрийнхнийхээ эвгүйгээр бичих ёсгүйг ойлгож байгаа шүү), түүнийг нь бэлгэшээж байгуулсан ч билүү нэг домог бий. Уг нь коммунизмын жилүүдэд аль ч албан эх сурвалжид ийм домог байгаагүй л юм даа, хожим л нэг мангар нь энэ бүдүүлэгдүүхэн домгийг зохиосон байх гэж боддог юм.

Ким Ил Сун удирдагчийн тэр талбайд анх хэлсэн үгийг нь том чулуун самбар дээр алтан үсгээр бичжээ. Ингэхдээ улс орныг цэцэглэн хөгжүүлэхэд эрдэмтэн мэргэд, ажилчин, тариачид бүхий хүч чадал, оюун санаагаа нэгтгэх учиртайг анх онцлон хэлсэн байна. Яагаад ч юм 70 гэсэн тоо л санаанд буугаад байна, жишээ тэр самбарын өргөн 70 метр гэх мэт, ялалтын 70 жилийн ойгоор босгосон байх.

Үгүй одоо, тайлбарлагчийг үгийг тэмдэглэж аваад л “сурвалжлагчийн субботник” хийгээд байлтай биш, эрхбиш нэг дарга ухаантай амьтан яваа учраас “ихийн шийр” барьж, нуруугаа үүрсэн дүртэй, үзэх сонирхох, асуух лавлахаа гол болгосон хэрэг. Дашрамд Ким Ил Сун дарга нуруугаа үүрэх дуртай хүн байсан бололтой, олон зураг хөшөөнд нуруугаа үүрснээр дүрсэлжээ. Бодоод байх нь тэр талбай бичиг дурсгал, байгуулсан шалтгаан аль ч утгаараа манай төв талбайг л санагдуулаад байгаа юм даа. Жанжны хөшөөний бичг “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтээр нэгэн зүг зориглон хөдөлвөөс...” гэж эхэлдэг. Тэр талбайн хажууд дэлхийн хамгийн олон хүн багтдаг нөгөө алдарт цэнгэлдэх хүрээлэн байдаг. Тайлбар дуусмагц хөшөөний нэг баганан дотор орж бэлэг дурсгалын зүйлс үзэж, ил захидлын цомог,тэмдэг авав. Нэг юм үзүүлээд л бэлэг дурсгалын зүйл ав гэж хүсэх янзтай, зах зээлжиж л байгаа юм байна даа.

Ингээд энэ өдөр үзэх зүйл дууссан тул үйлчилсэнд талархаад, дагалдах Солонгос ажилтнуудад “ЭСЯ орж Монгол руу утсаар ярих чухал хэрэгтэй байна” гэж шалтаглан буудалдаа очихыг хүсмэгцээ элчингийн машинд суугаад давхичихлаа. Зах орох гэж тэр...



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив