Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Өнөөгийн Орос”
2013 оны 12 сарын 17 [Уншсан тоо: 95802]
Манипуляциас суртал нэвтрүүлэгт

Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “РИА Новости” агентлагийг татан буулгах зарлигт гарын үсэг зурсан нь энэ долоо хоногийн дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын гол сэдэв болж байна. Нэг талаас салбарын дотоодын сэдэв учраас их анхаарч буй мэт авч нөгөө талаас олон улсын анхаарал татсан сэдэв юм. Ингэхдээ жирийн иргэдээс илүүтэй улстөрийн засаглагчдын анхаарлыг илүү татаж байгаа нь дамжиггүй.

Энэ өгүүллийг яаран бичих шалтгаан нь “За тэр харав уу? Оросууд агентлагаа татан буулгаж байна, төсөв хүнд байхад “МонЦаМэ”-г ч татан буулгаад хэдэн төгрөг хэмнээдэхье” гэхнээ ядахгүй олон хүн байгаа учраас.

“РИА Новости”-ийг татан буулгасан шалтгаан нь илүү хүчирхэг мэдээллийн агентлаг бий болгох зорилготой. Татан буулгасан агентлагийн бааз суурь дээр Олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлаг байгуулахаар болжээ.

Шинээр байгуулагдаж буй агентлагийн Ерөнхий захирлаар манайхны сайн мэдэх сэтгүүлч Дмитрий Киселевыг томилсон байна. Д.Киселев өмнө нь “ВГТРК” холдингийн (Бүх Оросын Улсын Телевиз, Радиогийн компани) Ерөнхий захирлын албыг хашиж байсан ба “Россия-1” сувгийн “Долоо хоногийн мэдээ” хөтөлбөрийг хөтлөн явуулж байв.

Тэрээр Оросын шилдэг сэтгүүлч, олон нийттэй харилцах (монголд PR-чин гэдэг, оросууд политтехнологич гэдэг) мэргэжилтний нэгд тооцогддог агаад эрс алхам хийдгээрээ алдартай. “Авто тээврийн осолд орсон ч ижил хүйстнүүдээс цус авах, зүрхийг нь шилжүүлэн суулгахыг хориглох хэрэгтэй. Тэдний эрхтэн жирийн хүний биед зохицохгүй тул булах юм уу, шатах хэрэгтэй” гэж хэлснээрээ ижил хүйстнүүдийг түлхэж, харин тэднийг ад үзэгчдийг татсан. Хэрэв байгаль дээр ижил хүйстнүүд 10 хувь байдаг юм бол хожоотой л наймаа.

Москва хотын даргын сонгуулийн үеэр сөрөг хүчнээс нэр дэвшигч, хүчтэй өрсөлдөгч А.Навальныйг Оросуудын үзэн яддаг фашистуудтай зүйрлэж унагасан тэрээр саяхан Европын Холбоонд нэгдэхийг шаардсан Украины эсэргүүцлийн жагсаалыг буруушаасан нэвтрүүлэг хийсэн нь Украинчуудын дургүйцлийг төрүүлсэн нь дамжиггүй. Парламентын гишүүн Алексей Митрофанов “Киселёв бол хүчтэй суртал нэвтрүүлэгч. Тэр энэ ажилд томилогдож байгаа нь сайн хэрэг” гэж үнэлжээ. Д.Киселёв бол Оросын үндэсний үзэлтэн учраас В.Путинд таалагдсан бололтой.

“Энэ удаагийн өөрчлөлт нь Оросын мэдээллийн салбарт хийж буй Путины алхмуудын нэг. Аль хэдийнэ хатуу дүрэм журам тогтоосон салбарт илүү хяналт тогтоох гэсэн бодлого” гэж “РИА Новости” агентлагийнхан англи хэлээр гардаг цахим хуудастаа мэдээлээд амжжээ.

Өөрчлөлт нь одоогийн засаг захиргаанд итгэх итгэл буурч байгаа үед төрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хянах хяналтыг чангатгах /бэхжүүлэх/ гэсэн засгийн газрын оролдлоготой холбоотой гэж барууны мэдээллийн хэрэгслүүд ишлэх дуртай Хонконг, Энэтхэг зэрэг орны судлагдсан хэвлэлүүдээр эхлэн дүгнэж эхлэв. Иймэрхүү ишлэлүүдийг барууныхан маш болгоомжтой хэрэглэдэг, ингэхдээ дурдсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлээд дам ишлэх байдлаар дэлхий дахин түгээдэг “сонгодог” тогтолцоо бүр хүйтэн дайны үед бүрэлдсэн юм. Үүнийгээ тэд дахин ашиглаж эхэллээ.

Кремлийн албан ёсны цахим хуудсанд байрлуулсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн өөр нэг зарлигаар “Холбооны төсвөөс санхүүждэг ОХУ-ын төрийн мэдлийн радио нэвтрүүлгийн  “Оросын дуу хоолой” компанийг татан буулгах” болжээ.

Зарлигт дурдсанаар, тус радиостанцын эзэмшилд байсан хөрөнгө Олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн мэдэлд шилжсэн байна. Түүнчлэн “Родина” сэтгүүлийг “Российская газета” сонинд нэгтгэснийг Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ. Ийнхүү хэвлэл мэдээллийн уламжлалт болон орчин үеийн салбарыг нэгтгэсэн хүчирхэг агентлаг төрлөө.
 
“Россия сегодня” агентлагийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь ОХУ-ын төрийн бодлого, тус улсын нийгмийн амьдралыг гадаадад мэдээлэх явдал мөн” гэж зарлигт дурджээ. Уг шийдвэрүүд нь төсөв хэмнэх, мэдээллийн хэрэгслийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой гэж ЕТГ-ын дарга Сергей Иванов хэлээд “Орос улс үндэсний эрх ашигт тулгуурласан, өөрийн гэсэн бие даасан бодлоготой. Үүнийг олон улсад тайлбарлах хэцүү байдаг хэдий ч бид энэ алхмыг хийх ёстой байсан” гэж мэдэгдсэн нь анхаарал татна.

“Хуучин “РИА Новости” агентлагийн Оросын иргэдэд зориулан хэрэгжүүлж байсан төслүүдийн олонх нь гадаадын иргэдэд зориулан үйл ажиллагаа явуулах шинэ байгууллагад хэрэгжихгүй” гэж “РИА Новости” агентлагийн Ерөнхий редактор Светлана Миронюк тэмдэглэжээ. Тэгээд хуучин мэргэжилтнүүдээ ажлаар хангах, төрөөс нөхөн олговор олгуулахаа амласан байна. Энэ бүхнээс харвал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дотоод манипуляцид бус гадаад суртал нэвтрүүлэгт ихээхэн анхаарч эхэлсэн бололтой.

Чухам иймээс гадаад орчинд “Россия сегодня”, Д.Киселёвээс их болгоомжилж байгаа нь ойлгомжтой. Өнөөгийн байдлаар Оросын төрийн мэдэлд ВГТРК (манайхаар МҮОНРТ), “ОРТ” суваг (манайд MNB), “Культура” телевиз, “Метеор-ТВ” кабелийн сувгийн сүлжээ, “Радио России”, “Оросын дуу хоолой”, “Маяк”, “Радио Орфей” зэрэг радио, “Российская газета”, “Российские Вести” сонинууд, “Российская Федерация”, “Россия” сэтгүүл, “ИТАР-ТАСС”, “Россия сегодня" агентлаг байна.

Агентлаг бол нэг сонин, нэг сэтгүүл төдий эд биш. Агентлагаас эрхлэн гаргадаг олон арван сонин, сэтгүүл, мэдээллийн товхимол бий. Олонх нь гадаад сурталчилгааны зориулалттай ч мөн төр засгийг шуурхай мэдээлэл, тоймоор хангах үүрэг хүлээдэг. Жишээ нь “МонЦаМэ” агентлагаас “Оюу толгой”-н гэрээний асуудлаарх Монголын талын байр суурийг илэрхийлсэн мэдээллийг “ИТАР-ТАСС” агентлаг “Пульс планеты” мэдээллийн хаалттай товхимолдоо хэвлэн тарааж бидэнд тусласан байв.


Шинэ хүйтэн дайн уу? “Russia Tuday” ба “Россия Сегодня”

1906 оноос үүсэлтэй “РИА Новости” бол түүхэн уламжлалаараа Зөвлөлтийн гадаад суртал нэвтрүүлгийн маш хүчирхэг зэвсэг байсан юм. Аугаа их эх орны дайн эхлэснээс хоёр хоногийн дараа Зөвлөлтийн мэдээлэх товчоог байгуулсан нь “РИА Новости” агентлагийн алдаршсан түүхийн эхлэл байв. И.Левитаны “Зөвлөлтийн мэдээлэх товчооноос мэдээлж байна” гэж эхэлдэг мэдээ Зөвлөлтийн дайны суртал нэвтрүүлгийн оргил байв.

1961 онд “АПН” болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд Монголд “Хэвлэлийн Новости агентлаг” нэрээр мэднэ. Хүйтэн дайны үед ч “АПН” Зөвлөлтийн гадаад суртал нэвтрүүлгийн хүчирхэг хэрэгсэл байж, олон арван сая хувиар хэвлэгддэг маш чанартай бүтээгдэхүүнээ дэлхий дахинд “цацаж” байв. Тэр дайнд өрнөдийнхөн радио станцууд, телевизийн сувгуудыг өргөн ашигладаг байсан бол коммунист лагерийнхан хэвлэмэл бүтээгдэхүүнд тулгуурлаж байсан нь тус агентлагийн уламжлалтай ч холбоотой байх.

ЗХУ хүйтэн дайнд ялагдан задарсны дараа “АПН” нэрээ сольж “РИА Новости” агентлаг болсон нь “Оросын мэдээллийн “Мэдээ” агентлаг” гэсэн үг. 1993 оноос “РИА” төрийн мэдээлэл-шинжилгээний агентлаг статустай болсон. Орос Улс В.Путины удирдлагаар өндийхдөө мэдээллийн агентлагуудаа улсын мэдэлд буцаан авчээ. Гэтэл бид нефть, хийн компаниудаа л авсан гэж бодсоор байна.

“РИА Новости” нь олон тооны мэдээллийн агентлагуудаас бүрдсэн мэдээллийн холдинг болоод байсан юм. Бүрэлдэхүүнд нь Оросын олон улсын мэдээллийн агентлаг, Эдийн засгийн мэдээллийн “Прайм” агентлаг, Хууль эрх зүй, шүүхийн мэдээллийн агентлаг /РАПСИ/, спортын мэдээллийн “Р-Спорт” агентлаг, судалгааны “РИА Рейтинг” агентлаг, орос, англи хэлээр сонин гаргадаг “Московские новости” хэвлэлийн газар, ОХУ болон гадаад орнуудад байрлах мульти медиа хэвлэлийн төвүүд, 22 хэлээр дамжуулдаг 40 гаруй интернэт эх сурвалжууд багтдаг. Түүнээс гадна, Оросын 69 хот, дэлхийн 49 улсад өөрийн сүлжээтэйгээс гадна Казахстан, Азербайжан, Украин, Армен, Гүрж, Молдав, Беларусьт төлөөлөгчийн газар, ТУХН болон Балтийн орнуудад байнгын сурвалжлагчтай юм.


“Russia Today” телевизийн тухай


Тус агентлагийн хамгийн алдартай, амжилттай төслийн нэг нь 2005 онд “ТВ Новости” охин компанийн гадаад хэл дээрх “Russia Today” суваг юм. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат АНУ-д байхдаа орос хэл дээрх суваг үзэх захиалга өгөхөд тус сувгийг нээж өгсөн гэдэг. Энэ суваг интернетийн сүлжээнд 1 000 000 000 (нэг тэрбум) хүн үзсэн дэлхийн хамгийн анхны мэдээллийн суваг болсон байна.

Нэг тэрбум дахь үзэгчээ зарласан “RT” сувгийн мэдээнд дурдсанаар дэлхийн 100 гаруй оронд 430 сая байнгын үзэгчидтэй болсон ба 2011 оноос АНУ-ын томоохон хотуудын 85 сая гаруй хүн тус сувгийн нэвтрүүлгийг кабелийн болон сансрын сувгаар тогтмол захиалж, хүлээн авч үздэг болжээ. Мөн Европт цацдаг англи хэл дээрх хөтөлбөр нь 17 сая гаруй байнгын үзэгчтэй болсон байна. 2013 оны 6 дугаар сараас тэдэнтэй “Америкийн ярилцлагын хаан” Ларри Кинг хамтран ажиллаж, зөвхөн “RT” сувгаар үзүүлдэг тусгай нэвтрүүлгээ хийж эхэлжээ. АНУ-ын хамгийн том таван хотод “Russia Today” байнгын үзэгчдийнхээ тоогоор “Euronews”, “France 24”, “Deutsche Welle”, “Al Jazeera-English”, “NHK World” болон Хятадын “CCTV News” сувгуудаас хол түрүүлжээ. Нью-Йоркт л гэхэд “RT” сувгийн долоо хоногийн үзэгчдийнх нь тоо Японы “NHK World”-оос 9 дахин, Чикагод өдөр тутмын үзэгчдийнх нь тоо “Аль-Жазира”-гаас гурав дахин олон болсон байна.

“RT” сувгийг байнга үзэгчдийн дундаж нас “35-49”, боловсрол “дээд”, эрэгтэй гэсэн үзүүлэлттэй байгаа нь чанарын хувьд тун сайн үзүүлэлт юм. Мөн энэ сувгийн мэдээллийг байнга хүлээн авахаар бүртгүүлсэн үзэгчдийнх нь 20 гаруй хувь нь магистр эсвэл доктор зэрэгтэй, ихэнх үзэгчид нь эзэд, менежерүүд, хувиараа бизнес эрхлэгчид эсвэл засгийн газрын байгууллагад ажилладаг түшмэдүүд ажээ.

Британийн телевизийн сувгуудын чансааг гаргадаг “Broadcasters’ Audience Research Board”-ын мэдээлснээр 2012 оны сүүлийн хагаст ойролцоогоор 2-2,5 сая британичууд “RT” сувгийг байнга хүлээн авч үздэг болсноор ”Russia Today” нь “BBC” ба “Sky” сувгуудын дараа орох хамгийн олон үзэгчтэй мэдээллийн суваг болсон байна. Үүний зэрэгцээ “Youtube”-д жинхэнэ хит болж 300 000 000 үзэгчтэй болжээ.

2011 оны 3-р сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон АНУ-ын Конгрессын дэргэдэх Төсвийн хороонд хандаж Америкийн суртал нэвтрүүлгийг олон нийтийн мэдээллийн шинэ хэрэгслүүдээр /фейсбүүк, твиттер, социал сүлжээнүүд г.м/ дамжуулах зорилготой нэмэлт санхүүжилт авах шалтгаанаа тайлбарлахдаа; “Бид одоо мэдээллийн дайны нөхцөлд байгаа, тэгээд энэ дайнд бид бүхэн ялагдал хүлээж эхлэсэн гэдгийг би та бүхэнд шуудхан хэлж байна. “Al Jazeera” одоо биднийг ялж байна. Хятадууд англиар болон бусад хэлээр нэвтрүүлгээ цацдаг дэлхийн хэмжээний телевизийн сүлжээтэй болсон. Мөн оросууд ч англи хэл дээрх сувгаа байгуулсан байгаа (‘’Russia Today’’-г хэлж байна). Би түүнийг хэд хэдэн орнуудад үзэж байсан, тэгээд үүнээс сургамж авууштай юм байна гэж үзсэн шүү. Бид одоо ч дэлхийн дахинд мэдээллийн дайн явуулж байгаа. Хүйтэн дайны үед бид хүчтэй эсэргүүцэлгүй шахам давшиж, Америкийн байр суурийг дэлхийн дахинд хүргэх тал дээр маш сайн ажилласан. Гэвч “Хүйтэн дайн”-д ялсныхаа дараа бид “маш сайн, бүх зүйлийг хийсэн, одоо хангалттай” гэж бодсон юм. Харин өнөөдөр бид үүнийхээ төлөө хэт өндөр төлбөр төлж байна. Манай хувийн ОНМХ-үүд энэ цоорхойг бөглөж чадахгүй байна. Хэрэг дээрээ манай хувийн ОНМХ-үүд, ялангуяа тэдний цацаж байгаа амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлийн тухай нэвтрүүлгүүдийг харвал америкчуудад ашиггүй, бидний хэтийн зорилго, манай үнэт зүйлсэд тохирохгүй юмнуудыг үзүүлж сурталчилдаг болоод байна...” гэжээ

АНУ-ын гадаад суртал нэвтрүүлгийн ажиллагааг зохицуулж байдаг 750 сая ам.долларын төсөвтэй “Өргөн нэвтрүүлгийг удирдах зөвлөл” агентлагийн тэргүүн, суртал нэвтрүүлгийн алдарт “Америкийн дуу хоолой”-г удирддаг У.Айзексон “Манай дайснуудад ялах боломж олгож болохгүй. Тэд бол “Russia Today”, Ираны “Press TV”, Венесуэлийн “Telesur” мөн мэдээжийн хэрэг Хятад юм” гэж мэдэгдсэн нь шүүмжлэлд өртсөний дараа Хиллари Клинтон энэхүү мэдэгдлийг хийжээ. (Эх сурв. Анг:  Hillary Clinton: US Losing Information War to Alternative Media. Монг: ubman.mn. “МонЦаМэ тойм” 2013.10. № 10)

Өнөөгийн Орос орон. Хүйтэн дайны ялагдлын үнс нурман дундаас өндийн босож байх шиг байна. Мэдээллийн дайнд ялагдсан Орос гүрэн орчин үеийн мэдээллийн шинэ технологиор дахин зэвсэглээд өндийж байна уу?


“РИА”+”RT”+“Оросын дуу хоолой” радио станц


“Америкийн дуу хоолойг” дуурайсан нэртэй “Оросын дуу хоолой” радио станц нь 44 хэлээр гадаад нэвтрүүлгээ цацдаг бөгөөд монгол, түрэг, хиндү зэрэг 7 хэл дээрх нэвтрүүлгээ зогсоох тухай хагас жилийн өмнөөс ярьж эхэлж байсан юм.

Энэ нь эдийн засгийн хэмнэлтээс үүдсэн шалтгаантай гэж зарим хүмүүс ярьж байгаа ч өөр бусад шалтгаан ч байж болзошгүй юм. Үүнд технологийн хөгжил голлон нөлөөлж, радио нэвтрүүлгийн үр нөлөө буурсантай холбоотой байж болзошгүй юм. Жишээ нь монгол хэл дээрх нэвтрүүлгийн тухайд Монголд сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн шинэ технологи-телевиз, интернетээс мэдээлэл авагчдын тоо эрс өсч, радио нэвтрүүлэг сонсогчдын тоо эрс буурчээ. Радио дотроо “Оросын дуу хоолой” радио нэвтрүүлгээ цацдаг урт, дунд долгионы нэвтрүүлгийг хүлээн авагчдын тоо бүр ч буурч байна. “Оросын дуу хоолой радио” Монголын радиогийн сувгаар өдөрт хоёр удаа 30 минутын нэвтрүүлгийг монгол хэл дээр бэлтгэн цацдаг байв. Урт дунд долгионы нэвтрүүлэг Монгол орны өнцөг булан бүрт хүрч байгаа ч харамсалтай нь хүлээн авч сонсогчид цөөрчээ. Нийтлэлч Д.Цэнддоо нэгэнтээ “Босогчдын радио станцархуу” гэж зүйрлэж байв. Урт, дунд долгионы нэвтрүүлэг хүлээн авах нь бараг тусгай мэргэжил, тусгай төхөөрөмж шаардсан “мэргэжлийн шахуу” ажил болоод байна.

Хөдөө орон нутагт ч радио сонсогчдын тоо эрс буурсан агаад судалгаагаар “Сансрын хүлээн авагч бүхий телевизээс голлох мэдээллээ авдаг” гэсэн дүн гарсаар байна. Малчид, хөдөө орон нутгийн иргэд коммунизмын жилүүдэд зайгаар ажилладаг, хаа ч авч явах боломжтой зөөврийн бага оврын “WEF”, “Сокол” маркийн радио хүлээн авагч өргөн хэрэглэснээр мэдээллийг хамгийн шуурхай найдвартай хүлээн авдаг байсан. Гэвч  сүүлийн 20 жилд эдгээр хүлээн авагч Монголын зах зээлд шинээр худалдаанд гараагүй юм.

Хуучин радиог засаж сэлбэж ашигласаар байсан ч одоо бараг сэлбэг ч үлдээгүй байх. Радио сонсогчдын олонх автомашины богино долгионы хүлээн авагчаар радио сонсдог болоод байна.

Уг нь Монголын 50-иас дээш насныхан Москвагийн радиогийн нэвтрүүлгийг сонсох дуртай агаад үгүйлдэг хүмүүс цөөнгүй. Магадгүй ийм шалтгаанаар “Оросын дуу хоолой” радио станцын нэвтрүүлгийг манай тал хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ. “Оросын дуу хоолой” Монголын радиогоос илгээсэн Монгол мэргэжилтнийг хүлээн авалгүй буцаагаад байсан юм.

Оросын сүлд хоёр толгойтой бүргэд байдаг. Энэ бол дэлхийн хамгийн том эх газар Евразийн их гүрний бэлгэдэл. Миний харж байгаагаар В.Путин “ИТАР-ТАСС”-тай зэрэгцүүлэн бас нэгэн хүчирхэг агентлагийг зохион байгуулж байгаа нь өрнө, дорныг чиглэсэн системтэй суртал нэвтрүүлэг явуулахаар тооцсон хэрэг болов уу?

Саяхан болж өнгөрсөн Ази Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын холбооны тэргүүнээр “ИТАР-ТАСС” агентлаг сонгогдсон. Ердөө 41 настай С.Михайлов энэ том агентлагийг ноднингийн 9 дүгээр сараас удирдаж байна. Энэ холбоонд дэлхийн 30 гаруй орны 40 гаруй агентлаг багтдаг. “ИТАР-ТАСС” бол мэдээллийн хувьд дорно зүг харсан толгой, харин “Россия сегодня” өрнө зүг харсан толгой болж байх шиг байна. Ингэх шалтгаан нь “Оросын дуу хоолой” радиогийн дорнын орнуудад цацаж байсан нэвтрүүлгүүдийг хааж, өрнөдөд амжилт олсон “РИА”-тай нэгтгэж “Россия сегодня” агентлагийг байгуулсанд оршино. Шинэтгэлийг 3 сарын хугацаанд багтааж дуусгах төлөвтэй байна.

Энэ талаарх урьдчилсан мэдээллүүдийг “МонЦаМэ” агентлагаас эрхлэн гаргадаг “МонЦаМэ тойм” сэтгүүлийн 2013 оны 10 дугаар сарын “Түрэлт ба сөрөлт” дугаарт нийтлэснээс уншиж болно.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив