Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хамгийн алдартай протокол
2014 оны 4 сарын 10 [Уншсан тоо: 147553]
“Хуйвалдааныг протоколддоггүй” гэж Баабар нэгэнтээ бичиж байсан. Эрх баригчид сэтгүүлчдийг “Бичсэн зүйлээ нотло, протоколыг нь аваад ир” гэж шүүхээр дарамталдаг байсан тэр цөвүүн цагийн хамгийн оновчтой бөгөөд алдартай хариулт байсан юм.

Гэтэл хуйвалдааныг протоколддог юм байна, та минь. “Сионы мэргэдийн протоколууд” буюу Оросоор “Протоколы Сионских мудрецов”, англиар “The Protocols of the Elders of Zion” гэдэг, хар ярианд ердөө л “Протоколууд” гэдэг нэг алдартай ном байна.

Энэ ч цустай ном л доо. Гитлер гуай уншаад 6 сая жүүдээр гал түлсэн ч гэдэг. А.Гитлерээс гадна антисемитүүд хэдийг цааш нь харуулсан юм бүү мэд. Нэг их цөөдөхгүй байх. Жүүд нь жүүдийгээ жүүд учраас алж байсан өнгөрсөн зууны эхний улаан хагасын хамгийн алдартай ном байх. Гэтэл яг энэ протокол дээр нь болохоор “Жүүдүүд хохирол золио их гаргасан ч жүүдбишчүүдийн дэргэд юу ч биш” гэсэн байдаг. Тэгээд л тэнцүүлэх гээд үзчихсэн юм даг уу.

Орчуулагдаагүй хэл бараг байхгүй л гэдэг. Бүр 1920 оноос өмнө Япон хэлээр гарчихсан байж. Тэр үеийн боловсролтой гэгддэг хүмүүсийн дундаас энэ номыг уншаагүй юм гэхэд ядаж сонсоогүй хүнийг олохуйяа бэрх болжээ. Тэр ч байтугай Хенри Форд машинаа үйлдвэрлэхийн хажуугаар энэ номыг хагас сая хувь үйлдвэрлэн АНУ даяар тараасан гээд бодохоор ямар ном нь ойлгомжтой биз дээ.

Харин Монголд гараагүй юм билээ, гараагүй ч гэж өнгөрсөн хавар л орчуулагч Ж.Болд орчуулж хувиараа 300 хувь хэвлэсэн нь ёстой аманд ч үгүй хамарт ч үгүй гэгч болж олдохоо байжээ. Монголчууд ч юмыг хийх гэж алдаг улс хойно. Коммунизм байгуулах гээд өнөөх зурагт хуудаст дүрсэлсэнчлэн 70 жил саадтай морин харайлт хийгээд байсан хэр нь хамгийн гол “библи” болсон “Капитал”-ыг бүрэн эхээр нь орчуулаагүй л байсан даа. Хойно (ЗХУ-д) намын дээд төгссөн манай дарга нар “Капитал”-ын товчлолыг уншаад л даргын диплом авдаг байсан гэж байгаа. Бахархууштай нь хамгийн сайн товчлол нь Н.И.Бухариных бас манай Д.Төмөр-Очир гуайнх байсан, түүнийг нь авч уншихын тулд хар, шар, цагаангүй бараг сарын өмнө номын санд захиалга өгдөг байсан гэдэг.  
 
Энэ протокол үнэн эсэх нь эргэлзээтэй гэгддэг. Францад хуралдсан жүүдийн хурлын протоколыг нэг эмэгтэй хулгайлаад С.А.Нилус гэгчид өгснийг 1905, 1907, 1917 онд гурван удаа Үнэн алдартны сүмийн хэвлэх үйлдвэрт хэвлэн тараасан байдаг. Анзаарвал Оросод хувьсгалт хөдөлгөөн идэвхжих бүрт хэвлэсэн байх юм. Хөөрхий С.Нилус гуай ч нялуулахаасаа өмнө Октябрийн хувьсгалын дараа хамгийн түрүүнд дүрвэсэн байх. Жүүдүүд худал гэж, харин жүүдийг үзэн ядагчид үнэн гэж зуун жил маргаж, бусад нь уншсаар өнөөг хүрсэн ном.

Өөр нэг баримт ч байдаг. Анх энэ номыг Оросын тусгай албадаас зохиосон бөгөөд Францын хэвлэлийнхнийг мөнгөөр угждаг Оросын тагнуулын алба Францын Засгийн газрыг барьж байх зорилгоор түгээсэн гэдэг. Хожим Октябрийн хувьсгалын өмнөхөн Оросын хаан II Николай уг номыг яагаад ч юм олж уншаад коммунистуудын эсрэг ашиглах сайхан санаа төрж,  тагнуулын албаныхаа даргад хандтал “өөрийн нь зохиол” болохыг мэджээ. Тэгээд “Үнэн бол хэчнээн сайхан байж вэ?” гэж ихэд харамссан гэдэг.

Энэ ном өдгөө ч дэлхий дахинаар үнэ цэнээ алдаагүйн бас нэг шалтгаан нь “Хуйвалдааны онол”-ын библи нь юм л даа. “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын гэрээ, тус компанийн увайгүйтэл, манай бүтэлгүйтлийн дараа Монголд ч энэ “Хуйвалдааны онол” цурманд оруулсан түймэр аятай нийгмийн хөрсөн доогуур нэвчин тархаж байгаа билээ. Ингэхдээ глобалчлал, неолиберализм, неоколоничлолын эсрэг үндэсний үзлийн хөдөлгөөн шахуу болж тархаж байгаа ба харин манай либералууд болохоор тэднийг неокоммунист болгож цоллох гэж үйлээ үзэж байгааг энэ хоёр “нео”-гийн заагт “гуйвж дайвж” байгаа мань мэт мэдэхгүй өөр хэн мэдэх билээ. Гуйвж дайвахын учир нь аль аль талд нь миний нөхөд бий.

Үнэндээ бол энэ номд либерал улстөрийн тогтолцоо, дэлхийн шинэ дэг журам энэ тэр гэгчийн гэм нүгэл, согогийг сайхан илчилсэн л дээ. Гэхдээ жүүдүүд бус Оросын хаант засаг л Европыг доош нь хийсэн байж магадгүй, яагаад гэвэл “Ромын пап, Оросын хаанаас өөр либерализмыг сөрөн зогсож, ард түмнийхээ гүн хүндлэлийг хүлээсэн засаг дэлхийд үлдээгүй” гэх мэтээр засагтаа тал зассан мөрүүд бий. Яаж ч бодсон энэ ном манайхны хөнгөн сэтгэгчдийн ярьдагчлан нэг билэг танхай хүний “Үлгэрлэвээс Гитлер лугаа адил жүүдийг үзэн ядсан” санаанаас үүдэлтэй зохиол биш, бас ч гүн гүнзгий агуулгатай юм. Өөрөөр хэлбэл ганц хүний зохиол гэхэд ахдахаар, тиймээс зарим нь доктор, профессор хүн зохиосон энэ тэр гэдэг ч юу л бол.

Өнгөрсөн зууны сүүлийн хагаст ялангуяа европ дахь фашизмын ялагдлаас хойш энэ номыг араб дахин, исламын ертөнцөд үй олноор хэвлэсэн ба тэндэхийн улстөрчдийн ширээний ном болсон эд. Мэдээж Израйлтай холбоотой шалтгаанаар.

Ертөнцийн түүхэнд тод улаан мөр (коммунист биш) үлдээсэн энэ номыг орчуулагч Ж.Болд гуайгаас зөвшөөрөл авч дахин хэвлэхэд бараг л бэлэн болчихлоо. Герман орчуулга нь хамгийн сайн гэж сонссон тул оны эхээр “Майн нэгнийг хөрөнгөтний газар үзэв” гэдэг шиг “цагаан сарыг европод үзэж” явахдаа нэг хуучинг авчирсантай нь (Германаар капут учраас зарим өгүүлбэрийг уншуулж, агуулгаар нь тулгасан юм шүү) тулгаж дахин редакторлаад дуусав. Дашрамд Зүүн Германы Төв номын санг буулгаж, хурааж хуримтлуулсан номыг нь зүгээр өгч байна билээ дээ. Гэхдээ Оросоос эхтэй тул оросоос орчуулсан нь хамгийн чухал.

XX зууны эхэн үеийнхний боловсрол мэдлэг ямар билээ, хэллэг, найруулга нь хуучны маягтай тул орчуулагч Ж.Болд гуайд ямар хүнд байсан нь ойлгомжтой. 1930-аад онд хэвлэсэн “Нууц товчоо”-г өнөөгийн оросууд уншаад ойлгох гэж зовдог гэлцдэгийг бодвол. Өнөөдөр ч В.Лениний зохиолын орчуулгыг унших гээд хавсарсан нийлмэл өгүүлбэр дотор нь төөрч логикоо алдсанаас ойлгохгүй болчих юм гэх олон хүнтэй таарч байсан. Өнөөгийн хэвлэлийн найруулга ч дээ, үлгэрлэвээс хүүхдийн нухаш л юм, амандаа хийгээд л залгихаар. Уг нь сайхан нэлийсэн өгүүлэл нийтлэлийн, сунайсан урт өгүүлбэрийг зажилж ойлговол тархиныхаа хэдэн арааны зэвийг арилгаж, бас ч мэдлэгээр тослох нигууртай юмдаг. Гэхдээ номыг уншуулах гэж гаргадаг тул урт өгүүлбэрүүдийг ёстой нэг жиргэж өгсөн л дөө. Герман орчуулгын сайн гэдэг нь ийм учиртай, маш ойлгомжтой юм билээ.

Энэ удаад бас л 300 хүнд уншуулна. Гэхдээ зургаан ном бүхий цуврал гарах юм. Урт урт өгүүлбэртэй, ойлгоход хэцүү хэцүү. Хүүхдэд шүдэнз өгч болохгүйн адил бас гарчиг уншихаас цаашгүй, сонины хагас нүүр уншаад нойр нь хүрдэг юмнуудад уншуулчихаар Монголынхоо сэхээтэй, бодолтой болгоныг муулж, “сэтгэгдэл нь хөдлөөд” эхлэх вий гэж айх юм байна шүү дээ.   
   
Протоколыг гаргах бүртээ л өмнөтгөл бичдэг юм байна. Зарим зохиогч нь тодорхойгүй, зарим нь Хенри Форд өөрөө байх жишээтэй. Тиймээс олон орчуулгын өмнөх үгийг хэвлээд байвал бараг нөгөө 24-хөн протоколоосоо урт “тухай нь” болчих гээд байгаа тул ядаж монгол хэвлэлийн өмнөтгөлийг хэвлэлийн “зардал хэмнээд” “baabar.mn” сайтад гаргая гэж бодлоо. Гэхдээ уншихааргүй ном рекламдаж байгаа юм биш, унших хүнд олдохгүй учраас гайхуулж байгаа юм.

Тэртэй тэргүй ховор гарах учраас протоколын зарим хэсгээс бас сонирхуулахаар орууллаа. “Урт юманд” дургүй хүмүүс битгий уншаарай. Басхүү англи, орос, герман, араб, түрэг хэвлэлийг нь уншсан хүн байвал алдаа оноог хэлж туслана уу хэмээн хүндэтгэн хүсэх байна. Харин 1905 оны номыг 2013 оны үйл явдалтай хольж хутгаад төрийн гурван намханаас эхлээд эхлээд 75 (манай эхнэр гайгүй намхан шдээ), Баабарыг хүртэл хужаа хувхай, тагнуул туршуулаар нь дуудаад байхгүй байхыг хүсье. Хүний өмнөөс зовох юм байна шүү.

Хэрэв манайхан аятайхан сэтгэгдэлтэй хүлээж авбал протоколын сүүлийн 13-аас нь эшлэл гаргая, “Зарим хүнд эшлэл хэрэглээд сурчих нь том боловсрол” гэж Черчилль хэлсэн гэл үү? “Черчилль чинь юу билээ? Кино жүжигчин байх аа” гэж бодож байвал битгий уншаарай, хө. Тэгээд ч эдгээр эшлэлүүдийг шууд ашиглах хэрэггүй, бусад абзаац нь огт өөр санаатай болгочихсон байгаа. Таатай хүлээн авагчид бол ингэхгүй нь ойлгомжтой учраас ном худалдаж авдаггүй, улсын үнэгүй интернетээр элдэвлэж суугаа нөгөөдүүлд л хэлж байгаа юм шүү.

“СИОНЫ МЭРГЭДИЙН ПРОТОКОЛУУД”-аас

Протокол № 1:

Миний бие өнөөгийн нийгмийн тогтолцоог бидний болон гоёчуудын (С.А.Нилусын тайлбарласнаар “гоечууд” гэдэг нь загалмайн шашинтнууд хийгээд “жүүдбиш” хүн. Цаашид ч энэ нэршлийг ашиглана, гэхдээ монгол дуудлагад ойртуулж гоёчууд гэж бичив) байр сууринаас тодорхойлъё.

...Улс төрийн эрх чөлөө гэдэг бол бодат бус, хий хоосон-зохиомол зүйл. Энэ зохиомол зүйлийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй, хэрэв өөрийнх нь нам төрийн эрхэнд байгаа намыг дарах санаатай бол намдаа ард олныг татан оруулахын тулд “улс төрийн эрх чөлөө” гэгчийг өгөөш болгон ашиглах юм. Хэрэв эсрэг тал нь “либерализм” гэгч эрх чөлөөний үзэл бодлоор халдварлаж, үзэл бодлынхоо төлөө бүхий л хүчээ дайчлахаас татгалзвал манай нам зорилгодоо хүрэхэд хялбар болно. Чухам үүнд л манай онолын манлайлал илэрнэ: Удирдлагын жолоо алдрахад оршин тогтнох хуулийн дагуу жолоог өөр гар булааж, эсвэл шүүрэн авах ёстой. Сохор ард олон удирдлагагүйгээр ганц өдөр ч амьдрах чадваргүй тул либерализмын уршгаар суларч доройтсон хуучин засгийн оронд шинэ засаг тогтоно.

...Зөв зүйтэй алхамаа тодорхойлохдоо бид, массын өөдгүй дорой, хувирамтгай, туйлбаргүй, зөвхөн өөрийн ахуй амьдралын нөхцөл, энх амгаланг хичээдэг бэртэгчин араншинг нь тооцох хэрэгтэй. Массын хүч бол сохор, ухаалаг бус, бодлогогүй, бусдын үгэнд оромтгой гэдгийг ойлгох хэрэгтэй. Сохор хүн бусад сохруудыг дагуулан явбал ангалд л хүргэнэ.

... Ард түмний өөрийгөө удирдах зарчим урт насгүй, өөрөөр хэлвэл өөрсдийн орчноос цойлогсдоор удирдуулсан ард түмэн эрх мэдэл, нэр хүндийн хойноос улайрсан улс төрийн нам хоорондын дайсагналын улмаас үүсэх замбараагүй байдалдаа орооцолдон өөрөө өөрийгөө хөнөөнө. Ард олны хувийн ашиг сонирхол ба улс орныг удирдах бодлого хоёр холилдвол уужуу тайвнаар, ул суурьтай элдэв өрсөлдөөнгүйгээр бодож боловсруулж чадна гэж үү? Тэд гадаадын дайснаас өөрийгээ хамгаалж чадна гэж үү? Энэ бол санашгүй зүйл, учир нь массад хамрагдсан хүн бүрийн толгойн тоогоор бутран сарнисан нийгмийг дагуулах ямар ч төлөвлөгөө хүн тус бүрийн эрх ашгийг тусгах гэж гажсанаас нэгдмэл цул чанараа алдаж, ойлгомжгүй, биелэгдэшгүй болдог юм.

...Эрх чөлөө гэгч хийсвэр зүйл нь “Засгийн газар гэдэг улс орныг өмчлөгч, эзэмшигч болсон ард түмнээр удирдуулдаг зүйл мөн. Түүнийг хэрэглэж, хуучирсан бээлий мэт сольж болдог” гэж масст ятган ойлгуулах боломж олгодог юм.

Протокол №2:

...Гоёчууд түүхийг ажиглаж мэдлэг олохдоо манай онолын хэвшсэн загвараар хүлээж авахаас биш бодитоор ханддаггүй, түүхэн үйл явцын шалтгаан үр дүнд ямар ч шүүмж, дүгнэлт хийдэггүй. Тийм учраас бид тэдэнтэй ярих ч зүйл байхгүй, тэд харин цаг нь болтол цэнгэж баярлаад, шинэ цэнгэл жаргал ирнэ гэж найдаад, эсвээс өнгөрснийг дурсаад байж л байг.

   Бидний зүгээс шинжлэх ухааны (онолын) хууль гээд ухуулчихсан тэр зүйлс тэднийг үйлдэлд чиглүүлэгч гол үүргээ гүйцэтгэж л байг. Ингүүлэхийн тулд л бид өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний аливаа онолд мухар сохроор итгэх итгэлийг нь байнга хөөрөгддөг юм. Гоё сэхээтнүүд мэдлэгээрээ гайхуулдаг ч логик ухаанаар давхар шалгадаггүй тул тэдний оюун ухааныг бидэнд ашигтай чиглэл рүү хандуулж төлөвшүүлэх зорилгоор манай агентуудын хооронд нь хольж найруулсан “шинжлэх ухаанаас” олж авсан мэдээллээ ажил хэрэг болгох гэж хөдөлцгөөж л байг.

... Өнөөгийн үндсэн хуулиудын дэнсний гол элэгдэж эвдрэх хүртлээ зогсолтгүй савлаж байхаар бид тохируулсан, удахгүй гол нь хугарч дэнсний таваг холбирох болно. Гоёчууд дэнсийг нилээд сайн тогтоосон гэж бодож, удахгүй тэнцвэрээ олно хэмээн хүлээсээр байгаа.

... Эрх мэдлийн хэнээтнүүдийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг болгохын тулд тэдний бие даасан, либерал байдлыг нь хөгжүүлэхэд бүх хүчээ хандуулсан юм. Бид бүх хүчнүүдийг хооронд нь тэрсэлдүүлсэн юм. Бүхий л арга чаргаа шавхан, зөрчлийг дэвэргэж, улс төрийн бүх намуудыг зэвсэглэж, төрийн эрх мэдлийг тэмцлийн гол бай болгож, эрх ямба, сагсуурлын обьект болгосон юм. Төр гэдэг зүйлийг бид элдэв үймээн самуун дэгддэг тайз болгон хувиргаж чадлаа... Хэсэг хугацааны дараа хаа сайгүй замбараагүй байдал, дампуурал бий болох юм.

Бид ард олонд оногдох хий хоосон, ёс төдий хуурмаг эрхүүдийг үндсэн хуульд оруулж өгсөн. "Ард түмний эрх мэдэл" гэж нэрлэдэг тэр зүйлүүд оюун санаанд л оршихоос бус амьдралд хэзээ ч хэрэгжих боломжгүй. Чалчигчдад чалчих эрх, сэтгүүлчдэд бодит ажил хэргийн хажуугаар элдэв дэмий зүйл бичих эрх олгосон. Хүнд хүчир хөдөлмөрт нухчуулан бөгтийсөн пролетариуд бидний төлөвлөснийг хэрэгжүүлэхээр зүтгэж, бидний бэлдэж тавьсан хүмүүс, бидний агентуудын төлөө саналаа өгдөг учраас бид ширээн дээрээсээ хоолны шавхруу хаяж өгдөг. Өөр ямар эрхийг тэд үндсэн хуулиасаа хүртсэн билээ...?

Протокол №4:

...Гоёчуудад аливааг бодож ухаарах завдал өгөхгүйн тулд тэдний оюун ухааныг аж үйлдвэр, худалдаанд хандуулж сатааруулах хэрэгтэй. Ингэснээр бүх улс орнууд өөр өөрийн ашгийн төлөө тэмцэлдэж, нийтийн дайснаа олж харахгүйд хүрнэ. “Эрх чөлөө” гэгчээр гоёчуудын нийгмийг бүрэн ялзралд оруулж сүйрүүлэхийн тулд үйлдвэрлэлийг арилжааны хөрсөн дээр буулгах хэрэгтэй.

Бусдын дээр гарах гэсэн ширүүн өрсөлдөөн, эдийн засгийн хөшүүрэг нь гутранги, хөндий хүйтэн, хатуу сэтгэлтэй нийгмийг бий болгох бөгөөд тэр нь хэдийнээ бий болоод байгаа билээ. Ийм нийгэмд улс төрийн бодлого, шашин шүтлэгийг жигшдэг юм. Ийм нийгмийг удирдах гол зүйл нь “тооцоо” буюу эд хөрөнгийн жаргал цэнгэлийг өгч чадах алт байх юм. Чухам тэр цагт л гоёчуудын нийгмийн доод анги сайн үйлсийн төлөө бус, тэр тусмаа нийгмийнхээ сайн сайхны төлөө бүр биш, ердөө л ямбатнуудыг үзэн ядах үзлийнхээ үүднээс л засаглалын төлөөх бидний тэмцэлд нэгдэж, манай гол өрсөлдөгч сэхээтэн гоёчуудын эсрэг тэмцэх юм.

Протокол №5:

...Манай шинэ удирдлагын гол зорилго бол нийгмийн оюун санааг шүүмжлэл өрнүүлэх байдлаар сулруулах, аливааг эрэгцүүлэн бодох чадварыг нь устгаж, эсэргүүцэл үзүүлээд байхааргүй болгох, оюун ухааныг нь хий хоосон цэцэрхэл хоорондоо шидэлцэхээс илүү гарахааргүй байдалд хандуулах явдал юм.

Ард түмэн бол хувь хүмүүсийн нэг адил үеэс үед хэлсэн, ярьсныг ажил хэрэг гэж үзэж ирсэн бөгөөд хэлж ярьсныхаа дагуу нийгэмд амласан зүйлээ биелүүлсэн үү, үгүй юу гэдгийг нэг их анзаараад байдаггүй, хоосон үзүүлэнд сэтгэл нь цадаж ирсэн юм. Тийм учраас бид үзүүлэн болсон байгууллагуудыг байгуулна, тэд л хөгжил дэвшлийн төлөө ямар сайн сайхан зүйл хийсэн тухайгаа ганган чамин үг уралдуулан хэлнэ.

Бид улс төрийн бүх намууд, бүх хөдөлгөөний либерал царайлсан байдлыг нь өөрийн болгож, тэднийг уран илтгэгч нараар хангана, тэд уран донгодсоор хүмүүсийг залхааж, илтгэгч нарт дургүй болно.

Нийгмийн үзэл бодлыг эзэмдэхийн тулд гоёчууд ойлгохгүй, төөрөлдөж гайхшралд ороод, улмаар “Улс төрийн асуудлыг нийгмийг удирдаж байгаа хүмүүс л мэдэхээс биш масс мэдэх шаардлагагүй тул тэд ямар ч үзэл бодолгүй байх нь дээр” гэсэн бодолтой болох хүртэл нь хоорондоо зөрчилдсөн олон үзэл бодлыг тал талаас нь өгнө.

Протокол №6:


...Гоёчуудын аж үйлдвэрлэлийг сүйрүүлэхийн тулд бид дамын наймаанд дэм болох үүднээс тансаг хэрэглээг өөгшүүлж, бүхнийг залгигч тансаг хэрэглээнд дасгана. Тэгээд цалин хөлсийг нэмэхийн сацуугаар газар тариалан, мал аж ахуйн салбарын нуралтаас болсон гэх шалтгаар амьдралын нэн тэргүүн хэрэгцээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг нэмнэ. Ингэхээр нэмэгдсэн цалин нь ажилчдын амьдралд ямар ч нэмэр болохгүй. Тэгээд ч зогсохгүй ажилчдыг анархи байдал, согтууруулах ундаанд дасгаж байгаад аж үйлдвэрлэлийн үндсийг нь ганхуулах ажиллагааг нарийн ухаанаар маш гүнзгий хэрэгжүүлэхийн зэрэгцээ, гоечуудын сэхээтнийг газраас зайлуулах бүх арга хэмжээг авна.

Энэ үнэнийг гоечуудад цагаас нь өмнө мэдрүүлэхгүйн тулд бид өөрсдийнхөө зохиосон эдийн засгийн онолуудын идэвхтэй сурталчлахдаа аль болох ажилчин ангийн тусын тулд, эдийн засгийн агуу зарчмуудын тусын тулд хийж байгаа мэт гоёчилсон үгээр халхавчлах юм.

Протокол №8:

...Гоёчуудын захиргааны ажилтнууд цаасан дээр гарын үсгээ зурахдаа түүнийг уншдаггүй, ажлаа хувийн эрх ашиг, нэр төрийн сонирхлоор л гүйцэтгэдэг юм.

...Улс орнуудын төрийн байгууллагуудын хариуцлагатай албан тушаалыг ах дүү еврейчүүдэд өгөх нь аюултай бол, эдгээр албан тушаалд тавих хүн нь ард түмэндээ нэр нүүрээ барсан этгээд байвал зохино. Тэд бидний үгэнд орохгүй тохиолдолд түүнийг шүүх, эсвэл цөллөг л хүлээж байх ёстой агаад тэд амьсгаа хураах хүртлээ бидний сонирхлыг хамгаалах ёстой юм.

Протокол №10:

...Ингэхийн тулд нийгмийн анги, бусад хязгаарлалыг үл харгалзан бүх нийтийн санал хураалт явуулж олонхийн абсолют засаглалыг байгуулна. Үүнийг сэхээтний анги хийж чадахгүй. Ийм журам тогтоосноор бүх хүмүүсийг өөрийгөө л үнэлэх үзэл бодолд сургаж, бид гоёчуудын гэр бүлийн агуулга, түүний хүн хүмүүжүүлэх үнэ цэнийг эвдэнэ. Тодорхой нэг хүнийг тахин шүтэх үзлийг үгүй хийснээр бидний удирдлага дор байх масс тэднийг дэвшүүлэх нь бүү хэл, ам ч ангайлгахгүй болно.

Масс дуулгавартай, анхааралтай байсныхаа төлөө биднээс мөнгө авч, тэгээд зөвхөн бидний үгийг сонсож дассан байна. Тэдний удирдагчдын оронд бидний тавьсан манай төлөөний хүмүүсийн удирдлагаар хөдөлдөг тийм сохор хүчийг бид бий болгоно. Эдгээр лидерүүдээс тэдний авах цалин хөлс, тэдэнд хаях хаялга, элдэв хангамж бүрэн хамаарна гэдгийг мэдэх учир ард олон манай дэглэмд л захирагдана.

Байгууллагууд засаг захиргаа, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн удирдлагын бүх функцийг хуваан авдаг, тиймээс эдгээр байгууллагууд хүний биед эд эрхтнүүд тодорхой үүрэг гүйцэтгэдгийн адил төрд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв төрийн аль нэг эрхтэнийг нь гэмтээвэл хүний бие өвчилдгийн адил төр өвчилж ... үхнэ.

Бид төрийн биед либерализмын хорыг гаднаас оруулснаар түүний улс төрийн бүтэц өөрчлөгдсөн: “Төр цус задрах” гэсэн үхэлд хүргэх өвчнөөр өвчилсөн юм. Одоо төр амь тавихыг л хүлээх юм. Либерализмын улмаас гоёчуудын аврал болох хэмжээгүй эрхт засгийг халж үндсэн хуульт төр үүссэн. Үндсэн хууль нь болохоор эвдрэл, задрал бутрал, хэрүүл маргаан, санал зөрөлдөөн, биегүй хоосон намуудын суртал ухуулга, намуудын чиглэл хандлага... гэх мэтийг үүсгэдэг. Нэг үгээр хэлэхэд төрийн үйл ажиллагааг бие даасан шинжгүй болгодог гэдгийг та бүгд сайн мэдэж байгаа.

Ерөнхийлөгчийг масс сонгоно, Ерөнхийлөгч нь харин тохиолдлын хүмүүс, бидний боолууд дотроос дэвшүүлсэн хүн байна. Чухам энэ л жүүдбиш ард түмнүүдийн дор тавьсан бидний тэсрэх бөмбөгний суурь нь байх юм.

...Бид төлөвлөсөн ажиллагаагаа чухам ийм үр дүнд хүргэхийн тулд бид ерөнхийлөгч болох хүмүүсээр урьд өмнө нь илрээгүй хар муу үйлдэлтэй буюу ямар нэг "булхайтай" хүнийг тулхэнэ, тэгсэн цагт тэд булхай нь илэрнэ гэсэн айдастаа хүлэгдэж, эрх мэдэлд хүрсэн хүмүүсийн нэг адил ерөнхийлөгчийн эрх ямба, бусдаас давуу байдал, нэр хүндээ хадгалж үлдэхийг хичээх учраас бидний хэлснийг үнэнчээр биелүүлнэ. Депутатуудын танхим Ерөнхийлөгчийг хаацайлж, хамгаалж, түүнийг сонгох боловч бид хуульд өөрчлөлт оруулах, санаачлах эрхийг нь тэднээс булаан аваад, тэр эрхийг бидний гарт хүүхэлдэй болох хариуцлагатай ерөнхийлөгчид олгоно. Тэр цагт ерөнхийлөгчийн эрх мэдэл элдэв давшилт дайралтын бай болох боловч түүнд ард түмэнтэй харьцах эрх, өөрөөр хэлбэл өөрийнхээ төлөөний хүмүүсийг алгасч бидэнд сохроор зүтгэдэг үймсэн олны олонхийг түшиж шийдвэр гаргах эрхийг нь олгох байдлаар өөрийгөө хамгаалах боломжийг олгоно.

Үүнээс үл хамааран ерөнхийлөгчид бид онц байдал тогтоох эрх олгоно. Энэ эрхийг олгохдоо бид ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний тэргүүлэгчийн хувьд, шинэ бүгд найрамдах үндсэн хуулийн хариуцлагатай төлөөлөгчийн хувьд өөрт нь олгогдсон эрхийнх нь дагуу түүнийг хамгаална гэсэн үндэслэл гаргаж өгөх юм.

Ийм нөхцөлд гэрэлт сүмийн түлхүүр нь бидний гарт байж, биднээс өөр хэн ч хууль баталдаг тэр хүчийг удирдахгүй нь мэдээж... Түүнчлэн шинэ үндсэн хуулиар ардын төлөөлөгчдийн тоог хамгийн багаар тогтоосноор улс төрийн хүсэл эрмэлзэл, улс төрийн эрхийг өвлөх явдлыг нь тэр хэмжээгээр сааруулна. Тэр явцуу хүрээ хязгаар дотроо санамсаргүйгээр улс төрөөр дүрэлзэх аваас нийт ард түмэнд хандах, тэднийг уриалах байдлаар түүнийг нь "үгүй" болгоно...

Танхим, сенатын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилох асуудал ерөнхийлөгчөөс хамаатай байна. Парламентын байнгын чуулганыг хэдхэн сар чуулдаг болгоно. Мөн ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд парламентыг цуглуулах, татан буулгах эрхтэй болох агаад татан буулгасан тохиолдолд шинэ парламентыг томилох хүртэл цагийг аль болох сунгана.

...Тухайн үед үйлчилж байгаа хуулиудыг олон янзаар тайлбарлаж болох ба тайлбарыг Ерөнхийлөгч бидний заавраар л хийнэ: Тэгээд ч тэрээр “Бид ингэх шаардлагатай байна” гэхэд хуулийг хүчингүй болгох, түүгээр ч барахгүй түр үйлчлэх хууль санал болгоод зогсохгүй улс орны дээд эрх ашгийн үүднээс Засгийн газраас үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шинээр өөрчлөлт оруулах эрхтэй байна.

Протокол №12:

...Олон янзаар тайлбарлаж болох "Эрх чөлөө" гэдэг үгийг бид дараах байдлаар тодорхойлно. Үүнд: Эрх чөлөө гэдэг бол хуулиар зөвшөөрөгдсөн бүх зүйлийг хийх эрх юм. Энэ үгийг ингэж тодорхойлбол хожим нь бидэнд үйлчлэх бөгөөд бүх эрх чөлөө бидний гарт орно, учир нь гагцхүү “хууль” бидний дээр дурьдсан хөтөлбөрийн дагуу бидний хүссэн аливааг устгах буюу байгуулна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг бид дараах байдлаар ашиглана. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр ямар үүрэг гүйцэтгэж байна? Гоёчуудын шунал тачаалыг дэвэргэж, намуудын хувиа хичээсэн ашиг сонирхлыг хөөрөгдөж бидэнд үйлчилж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хий хоосон, шудрага бус, худал хуурмаг байдаг тул чухам юунд үйлчлээд байгааг олонх хүмүүс огт ойлгодоггүй. Харин бид түүнийг эмээллээд, хазаарыг нь хатуу гарт атгуулах бөгөөд бусад хэвлэлийг ч мөн ийм болгоно, эс тэгвээс бид бусад ном, хэвлэн нийтлэгчдийн бай болж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дайралт давшилтанд өртөх нь утгагүй хэрэг.

... Мэдээллийн ямар ч байгууллага бидний хараа хяналтгүйгээр нийгэмд нэвтрэх ёсгүй. Үүнийг бид өнөөдөр ч хийдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа бүх мэдээ, мэдээллийг хэдхэн агентлагт төвлөрүүлэн хүлээн авдаг. Эдгээр агентлаг цаашид манай байгууллага болон хувирч, дан ганц бидний захиалгаар л нэвтрүүлэг хийнэ. Хэрэв дэлхийд болж буй үйл явдлын талаар гоёчууд бидний зүүлгэсэн нүдний шилний өнгөт шүүлтүүрээр хардаг болох хүртэл оюун ухаанд нь нөлөөлж чадах бол, хэрэв дэлхийн аль ч улсад гоёчуудын тэнэгээр нэрлэдэг “төрийн нууцад” нь ямар ч саад тотгоргүй нэвтэрч чаддаг болох юм бол бүх дэлхийд манай хааны ноёрхол тогтсон цагт юу болох билээ?!

... Либерал үзэлтэн гэгдээд байгаа тэр хүмүүс чинь үнэн хэрэгтээ хийж буй үйлдлээрээ биш юм гэхэд санаа бодлоороо бол анархистууд. Тэд бүгдээрээ дан ганц хувийн бодолдоо хөтлөгдсөн, өөрөөр хэлбэл “эсэргүүцэж л байвал болно” гэж боддог, эрх чөлөө гэсэн хий хоосон зэрэглээний араас хөөцөлдөж байдаг юм...

Протокол №13

...Гэдсээ тэжээх шаардлага нь гоёчуудын дуу хоолойг таглаж бидний дуулгавартай зарц болгох юм. Хэвлэл мэдээллийн байгууллагынхны дотроос элсүүлсэн манай агентууд бид албан ёсныхоо бичиг баримтад дурьдахад ч эвгүй зүйлийг манай тушаалаар хэлэлцүүлэг болгон өрнүүлэх бөгөөд тэр шуугиан дуулианы дагуу шаардлагатай арга хэмжээгээ авч, олон түмэнд асуудал нэгэнт болчихсон байдлаар хүргэх юм. Нэгэнт шийдчихсэн асуудлыг өөрчлөхийг шаардаж хэн ч чадахгүй, тэгээд ч амьдрал байдлыг улам сайжруулсан байдлаар харуулах юм чинь...

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүсийн оюун санааг өөр шинэ асуудлуудад чиглүүлэх юм (бид ард олныг ямагт шинэ зүйлийг эрэлхийлдэг болгон сургасан билээ). Өнөөг хүртэл хэлэлцэх асуудлынхаа учрыг олоогүй хирнээ бусдын асуудлыг шийдвэрлэдэг хоосон толгойтнууд юу хэлэлцэх гээд байгаагаа огт мэдэхгүйгээр тэдгээр шинэ асуудлуудыг хэлэлцэхээр ханцуй шамлан дайран орно. Харин улс төрийн асуудлыг олон зууны туршид үүсгэн бий болгож, удирдан залж ирсэн тэр хүмүүсээс өөр хэн ч мэдэхгүй.

...Бие дааж сэтгэхээ больсоор эцэст нь хүмүүс бидэнтэй нэг дуугаар дугарах болно, учир нь бид тэдний санаа бодлыг өөр тийш нь чиглүүлэх дараагийн шинэ санаануудыг хэлж өгөх юм... Ингэхдээ тэр санаануудыг мэдээж “бидэнтэй санаа нийлдэггүй” гэгддэг хүмүүсийн нэрээр өгнө.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив