Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Каддафийн “ногоон ном”
2014 оны 8 сарын 15 [Уншсан тоо: 80423]
Ливийн хувьсгалын удирдагч Муаммар Каддафи /1942-2011/-ийг мэдэхгүй хүн улстөр сонирхогчдын хүрээнд лав үгүй биз ээ. Ялангуяа түүний амьдралын төгсгөл дэлхий дахины анхаарлын төвд өнгөрсөн гэхэд болно. 1969 оноос 2011 оныг хүртэл 42 жил Ливи орныг удирдаж, этгээд содон ааш авираараа дэлхийн удирдагчид дунд гайхагддаг байсан тэрбээр 2011 оны 8 дугаар сарын 23-нд НАТО-гийн бөмбөгдөлтөд өртөн үймээн самууны хөлд нэрвэгдсэн эх орондоо, өөртөө зориулан хийлгэсэн алтан гар бууныхаа суманд амиа алдаж, тэр нь дэлхийн мэдээллийн хэрэгслүүдээр дуулиан шуугиантайгаар цацагдсан билээ. Эртний Карфаген Ромын заналхийлэл дор мөхсөний адил тавилан өнөөгийн Ливид давтагдсан ч юм шиг.

Муаммар Каддафийн улс төрийн онолын бүтээл болох “Ногоон ном” нь “Арабын онцлогтой социализм” ямар байж болохыг тунхагласан бүтээл. Исламын ертөнцөд олон “ногоон ном” байдгаас хамгийн алдаршсан нь Каддафийнх.

1975 онд араб хэлээр гарч, дараа жил нь англи хэлээр хэвлэгдсэн, “дэлхийн улс төрийн гурав дахь түгээмэл онол” хэмээн “өөрөө” тодотгосон уг бүтээлдээ тэрбээр төрийн байгууллаас эхлээд улстөрийн нам, парламент, нийгмийн анги давхарга, хэвлэл мэдээлэл, отог омог, гэр бүл, үндэстэн ястан, боловсрол гэх мэт нийгмийн бүхий л салбар, оролцогчдын тухайд үзэл бодлоо илэрхийлжээ. Бүр спортоор хичээллэх, морь унах, үзвэр үзэх, хөгжим сонсож, уран зураг сонирхох тухайд хүртэл ач холбогдол өгч өөрийн үзлээ бичсэн байдаг.

“Ногоон ном”-д “Хэрвээ сонгуульд ялсан нам парламентыг бүрдүүлсэн бол тэр нь ард түмнийх биш, харин тухайн намын л парламент бөгөөд ард түмнийг бус гагцхүү тэр намыг л төлөөлөх болно”, “Намын тогтолцоо дарангуйллын ил шулуухан, эрээ цээргүй хэлбэр мөн”, “Нам хоорондын тэмцэлд идэгдсэн нийгэм отог омог болон овог хоорондын толхилцоонд автсан нийгмээс өөрцгүй”, “Санал хураалт бол ардчиллыг завхруулж буй хэрэг. Хүмүүс “за” юмуу “үгүй” гэж хариуллаа ч үнэндээ бол өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж чадахгүй, харин ч өнөөгийн ардчиллын балгаар тэд дуу хоолойгоо цагдуулж байна”, “Дэлхийн улс орнууд залуу үеийнхэндээ тулган хүлээлгэчихээд магтан сайшаагаад байгаа заавал эзэмших боловсрол гэдэг нь эрх чөлөө, бас байгалиас заяасан хүний авьяас чадварыг нухчин дарах арга хэрэгсэл мөн”, “Өнөөгийн нийгэмд гэрийн үйлчлэгч нь төлбөртэй ч бай, төлбөргүй ч бай ялгаагүй боолын байдалтай байна. Тэд бол шинэ үеийн боолууд”, “Бокс болон бөхийн янз бүрийн төрлүүд бол хүн төрөлхтөн адал балмад үйлдлийн үлдэгдэл хоцрогдлоосоо хараахан бүрмөсөн ангижраагүй байгаагийн нотолгоо мөн” гэх мэт онч ишлэлүүд олон бий.

Монголын үндэсний мэдээллийн “МонЦаМэ” агентлагийн “МонЦаМэ” цувралын хүрээнд Муаммар Каддафийн “Ногоон ном”-ыг 1989 онд Зөвлөлтийн “Международные книги” хэвлэлийн газар зохиогчийн өмнөх үгтэйгээр орос хэлээр хэвлэн гаргасныг эх болгон анх удаа монгол хэлнээ “Новости Монголий” сонины редактор Б.Ариунбаярын орчуулгаар олны хүртээл болгож байна. Англи орчуулгатай нь агентлагийн Англи хэлний нэгдсэн редакцийн дарга Г.Пүрэвсамбуу тулган редакторласан болно. Анхааруулахад ардчилалтай орны иргэд ардчилалгүй байна гэж улс орноо шүүмжилдэг бол ардчилалгүй орны удирдагчид бид хамгийн ардчилсан гэж хэлэх дуртай байдаг бололтой.

“Ногоон ном”. Нэгдүгээр бүлэг. VI хэсэг


АРДЫН ИХ ХУРАЛ БА АРДЫН ХОРООД

Ардын их хурлууд бол ардын ардчиллыг хэрэгжүүлэх цорын ганц арга хэрэглүүр мөн.

Засаглалын бусад аливаа тогтолцоо ардчилалтай байж чадахгүй. Өнөөгийн ертөнц дэх нийгмийн бүхий л тогтолцоо засаглалын энэхүү арга замыг дагахгүй аваас ардчилал гэж байхгүй. Ардын их хурал нь ардчилалд хүрэх зам дахь ард түмний хөдөлгөөний эцсийн зорилго юм.

Ардын их хурал хийгээд ардын хороод бол ардчиллын төлөөх ард түмний тэмцлийн эцсийн үр дүн мөн.

Ардын их хурал болон ардын хороод нь уран зөгнөлийн үр дагавар биш харин ардчилалд хүрэхийн төлөө тэмцэхдээ хуримтлуулсан хүн төрөлхтний бүхий л туршлагыг өөртөө агуулсан хүний сэтгэлгээний хөгжлийн үр дүн мөн. 

Шууд ардчилал бол амьдралд хэрэгжлээ гээд хэрүүл маргаан, санал зөрөлдөөн үл дагуулах эрхэм дээд шийдэл мөн. Гэхдээ нийт ард түмэн хэд хичнээн байлаа ч улс төрийн асуудлуудаа хэлэлцэж, судалж, тодорхойлохоор цөм хамтдаа нэг дор цугларч чадахгүй болохоор улс түмэн бодит амьдралаас хол тасархай, цэвэр үл гүйцэлдэх үзэл болж хоцорсон шууд ардчиллын зарчмаас холдон хөндийрсөн юм. Харин үүний оронд депутатуудын хурал, намуудын эвсэл, санал хураалт гэх мэт засаглалын арга хэрэгслийн тухай өдий төдий онол гарч ирсэн бөгөөд тэдгээр нь ард түмнийг улс төрийн үйл ажиллагаанд оролцохоос холдуулан, бүрэн эрхийг нь хасч, эрх мэдлийг нь зарим нэгэн бие хүмүүсээс эхлээд анги, отог омог, овог, парламент юмуу намууд хүртэлх бие биенээ халж сольж, өөр хоорондоо цаг үргэлж дайсагналцсан засаглалын арга хэрэгслүүдийн гарт шилжүүлсэн. “Ногоон ном” шууд ардчилалд хүрэх замыг улс түмэнд гайхамшигтай тодорхой хэлбэрээр зааж өгөх болно. Урьд өмнө  хэрэгжиж байгаагүй ч гэлээ шууд ардчилал нь дарангуй засаглалын жинхэнэ арга мөн. Бүх дэлхийн 3 дахь үзэл онол шууд ардчиллын асуудлыг шийдвэрлэх бодитой хандлагыг санал болгож байгаа болохоор дэлхий дахинаа ардчиллын асуудлыг нэг мөр шийдэж болно. Олон түмэн засаглалын дангаар ноёлох бүх хэлбэрийг устгавал зохино. Парламентын ч бай, отог омог, овог аймгийн ч бай, ангийн эсвэл нэг, хоёр болон хэд хэдэн намын ч бай ялгаагүй бүх засаглалыг “ардчиллын янз бүрийн хэлбэр” хэмээн гоёчлон нэрлэдэг.

Ардчилалд хүрэх зам ганцхан бөгөөд түүнд нэг л үзэл онол бий. Ардчилсан гэгдэж буй дэглэмүүд адил төсгүй, олон янз байх нь тэдний ардчилалгүй болохыг л нотлон харуулж байна. Ард түмний эрх мэдэл гагцхүү нэг хэлбэрээр илрэх ба түүнийг ганцхан аргаар буюу ардын их хурал болон ардын хороод байгуулах арга замаар л хэрэгжүүлэх боломжтой. Ардын их хуралгүйгээр ардчилал байхгүй. Ардын хороод газар сайгүй байвал зохино.

Эхлээд нийт хүн амыг анхдагч доод шатны ардын хурлуудад хуваана. Их Хурал болгон хороог удирдах байгууллагаараа сонгоно. Хороод ардын их хурлуудыг, ингэхдээ нэгэнт анхдагч бус хурлуудыг тойргийн түвшинд эмхлэн байгуулна. Цаашилбал ардын анхдагч их хурлуудад нэгдсэн олон түмэн ардын засаг захиргааны хороодыг сонгох бөгөөд тэдгээр нь төрийн захиргааны үүрэг хүлээж, нийгмийн аж ахуйн бүх салбарын удирдлагыг өөртөө авна. Нийгмийн аж ахуйн салбаруудыг удирдаж байгаа ардын хороод бодлогыг нь тодорхойлж, гүйцэтгэлд нь хяналт тавьдаг ардын анхдагч их хурлуудын өмнө ажлаа тайлагнана. Ингэснээр удирдлага хийгээд хяналт ард түмнийх болж, “Ардчилал гэдэг бол ард түмэн засгийн газарт хяналт тавих явдал мөн” хэмээн тунхагладаг ардчиллын үеэ өнгөрөөсөн тодорхойлолтын оронд “Ардчилал бол ард түмний өөрийн хяналт мөн” гэсэн зөв тодорхойлолт гарч ирнэ.

Ардын их хурлын гишүүд болцгоосон бүх иргэд эрхэлж буй ажил төрлийнхээ хувьд ажилчин, тариачин, оюутан, худалдаачин, гар урлаач, албан хаагч гэх мэт нийгмийн янз бүрийн бүлэг давхаргад харьяалагдана. Тийнхүү гишүүнчлэлтэй болж, ардын анхдагч их хурлууд эсвэл ардын хороодын удирдлагад оролцохын сацуу тэд өөрсдийн үйлдвэрчний эвлэл болон мэргэжлийн холбоодыг байгуулах ёстой.

Ардын их хурал, ардын хороод, үйлдвэрчний эвлэл болон мэргэжлийн холбоодоор хэлэлцэж буй асуудлуудыг тэдгээрийн удирдах байгууллагууд хамтран чуулдаг Бүх нийтийн Ардын Их Хурлаар эцэслэн шийдвэрлэнэ. Жилд нэг удаа болох Бүх нийтийн АИХ-ын үйл ажиллагааны дүнг ардын анхдагч их хурлуудад ажлаа тайлагнадаг ардын хороодоор гүйцэтгүүлэхээр ардын их хурал, ардын хороод, үйлдвэрчний эвлэл болон мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Бүх нийтийн АИХ бол парламентад байдаг шиг хэсэг бүлэг гишүүдийн чуулга уулзалт биш, харин мэргэжлийнхээ шинж чанараар нэгдэн нийлсэн ардын их хурал, ардын хороод, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл болон бусад байгууллагын чуулга уулзалт мөн.

Засаглалын арга хэрэгслийн тухай асуудлыг ийнхүү зүй зохистой шийдвэрлэж, дарангуйллын хэлбэрүүдийг эцэс болгоно. Ард түмэн засаглалын арга хэрэгсэл болно. Дэлхий дахинаа ардчиллын асуудал эгнэгт, бүрэн төгс шийдэгдэнэ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив