Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ленин амьд байна
2014 оны 9 сарын 3 [Уншсан тоо: 84987]
В.И.Ленин бол өнгөрсөн зуунд дэлхий ертөнцийн хамгийн цуутай хүмүүсийн нэг байв. “Дэлхийн хөдөлмөрчдийн их багш” гэж түүнийг өргөмжилсөн монголчууд найман настай балчраасаа наян настай буурал хүртлээ мэддэг, ном зохиолыг нь төрийн санхүүжилтээр олон арван ботиор орчуулан хэвлэж, хүчлэн тараадаг байсан. Харин 1990-ээд оноос хойш В.И.Ленинийг монголчуудад мартаж эхэлсэн. Нэг хэсэг нь түүнийг коммунизмаар мунхруулагч хэмээн харааж, нөгөө хэсэг нь Лениний тухай ярибал хоцрогдсонд тооцогдоно хэмээн нэр хичээж дуугүй болжээ.

Эхийн талаасаа монгол цустай гэгддэг, сүүтэй цайнд тэгтлээ орчихсон Лениний тухай болон түүний бичсэн зохиол, бичиг захидал, намтар гэх мэт бараг бүхий л бичгийн өв нь монгол хэлнээ буусан ч 1990-ээд оноос хойш устгасаар одоо олоход бэрх болжээ. 1980-аад оны дундуур тухайн үеийн МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институт, ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн институтээс эрхлэн Москвагийн “Прогресс” хэвлэлийн газарт хэвлүүлсэн В.И.Лениний 12 боть түүвэр зохиол бол түүний хамгийн үнэтэй цэнэтэй бүтээлүүдийг шингээсэн, орчуулга, хэвлэлтийн хувьд ч чамбай цуврал байсан юм.

“МонЦаМэ” цувралаар хэвлэн дахин олны хүртээл болгож буй «Империализм бол капитализмын дээд шат мөн» зохиолыг чухамхүү дээрх цуврал ботид 1987 онд ёүүлийн удаа монгол хэлээр хэвлэжээ. Дэлхийн улс төр судлаачид “Лениний хамгийн шилдэг хоёр бүтээлийн нэг” гэж үнэлдэг «Империализм бол капитализмын дээд шат мөн» номоо В.И.Ленин 1916 онд Цюрихт бичиж, «Империализм бол капитализмын шинэхэн үе мөн” (Хялбаршуулсан тойм) нэртэйгээр 1917 оны дөрөвдүгээр сарын 26-нд өөрийн бичсэн оршилтой анх хэвлүүлж байжээ.

Монголын залуу үе В.И.Ленин гэж хэн байсныг бараг мэдэхгүй шахам өсч өндийж байгаа ч дэлхий дахинаа Ленинийг улс төрийн удирдагч төдийгүй их сэтгэгч, бичиг соёлын гайхамшигтай чадвартан байсныг хүлээн зөвшөөрдөг, түүний бүтээлүүд үнэ цэнэтэйд тооцогдсоор байгаа юм. Интэрнэт мэдээллээс харахад ОХУ-ын иргэдийн дунд сүүлийн жилүүдэд Лениний нэр хүнд тогтмол өсч иржээ.

Ф.Оссендовскийн “Ленин” номыг орчуулсан орчуулагч Ж.Нэргүй ингэж ярьж байсан. “Зохиол бүтээлдээ эх хэлнийхээ хамгийн олон үг хэрэглэсэн хүнээр В.И.Ленин, А.С.Пушкин хоёр тодорч байнга өрсөлддөг. Коммунизмын жилүүдэд В.Ленин амжилттай манлайлж байсан ч коммунизм нуран унасны дараа мань хүн аман хүзүүнд баттай суужээ” гэж. Гэтэл сүүлийн үед ахиад өрсөлдөөн ширүүсчээ. Оросууд магадгүй түүний үзэл санааг биш, харин их гүрнээ санагалзаж байгаа биз.

Гэтэл монголд Ленинтэй явуулж буй тэмцэл зарим амжилт олж В.И.Лениний хөшөөг буулгасан ч түүний бага нас Володья бас л бат бөх суурин дээрээ зогссоор байна. Хүүхдээр оролдоод нэрийн хор гэж боддог байх л даа. Учир нь В.И.Лениний хөндөн бичиж байсан асуудлууд өнөөдөр ч манай дэлхийн хүн төрөлхтний хувьд чухал сэдэв хэвээр байгаа юм.

Бид “МонЦаМэ” цувралаар В.И.Лениний өөр нэгэн алдартай бүтээл, тэр ч байтугай манай 1990 оны Ардчилсан хувьсгалын библи болох шахсан “Төр ба хувсгал” зохиолыг нь тусгай ном болгон хэвлэхээр төлөвлөж байна. Бусад нь хэрэггүй биз ээ.

Нэг хараавал бурхнаа ч алдаг, нэг магтахаараа чөтгөр ч тахих дуртай Монголчууддаа шигшиж үлдээх номууд нь энэ л байх гэж бодлоо. Коммунистууд “Ленин амьд, амьдарсаар байгаа, үүрд амьдрах болно” гэдэг байсан. Коммунизм сүйрсэн ч “Ленин амьд” л байгаа биз дээ? Энэ ном нэг их өөрчлөгдөж гавиагүй дэлхий ертөнцөд хамгийн сайхан юм гэгдээд байгаа хөрөнгө оруулалтын (монголчууд яг “хөрөнгө” гэдэг үгээр “капиталыг” нэрлэсэн, харин оросууд “инвестиций” гэж нэрлэж байгаа) нөгөө талыг харж болох байх.

Коммунизмын үед энэ бүтээлийг нь уншсан хүн хэд бол доо, уншаад ч ойлгохгүй л байсан байх. Бүр эдийн засагчид нь хүртэл шүү дээ. Харин өнөөгийн бидэнд сүрхий ойлгомжтой байж магадгүй юм шүү.

ГАДААДАД КАПИТАЛ ГАРГАХ НЬ

“Империализм бол капитализмын дээд шат мөн” зохиол. IV бүлгээс

Чөлөөт өрсөлдөөн бүрэн ноёрхож байсан хуучин капитализмын онцлог нь гадаадад таваар гаргах явдал байлаа. Монополи ноёрхох болсон шинэхэн капитализмын онцлог нь гадаадад капитал гаргах явдал боллоо.

Капитализм бол ажиллах хүчийг ч таваар болгож хөгжлийнхөө дээд шатанд хүрсэн таваарын үйлдвэрлэл мөн. (Дашрамд К.Марксын “Капитал” зохиол “Капитал бол таваарын хуримтлал” юм гэж эхэлдэг. А.Б) Улс орны дотоодын, ялангуяа олон улсын арилжаа өсөх нь капитализмын ялгагдах нэг содон шинж мөн. Капитализмын үед үйлдвэрийн газар болон аж үйлдвэрийн салбар тус тусын ба орон тус тусын хөгжил жигд биш, үсрэлтийн шинжтэй байх нь зайлшгүй юм.

Эхлээд Англи улс хамгийн түрүүнд капиталист орон болж, XIX зууны дунд үеэр чөлөөт худалдаа нэвтрүүлэн «дэлхийн дархны газар» болох буюу орон бүхэнд бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэгч байх санаатай байлаа, харин үүнийх нь хариуд бусад орон түүнийг түүхий эдээр хангаж байх ёстой байв. Гэвч Английн энэ монополит байдал нь бүр XIX зууны сүүлчийн 25 жилд алдагдсан бөгөөд үүний учир бол бусад хэд хэдэн орон «хамгаалах» гаалиар өөрсдийгөө хамгаалан бие даасан капиталист улсууд болж хөгжсөн байна. (Манайх ДХБ-д яаран элссэнээр дотоодын үйлдвэрлэл өнөөг хүртэл босохгүй байна. Дотоод зах зээлээ дотоодын хөрөнгө оруулалтаас гадна өндөр тарифаар хамгаалдаг талаар бараг 10 жил ярьж байгаа авч үүнийг хийхийг хэн ч хүсдэггүй... А.Б)

XX зууны босгон дээр өөр төрлийн монополи бий болж байгаа нь бидэнд харагдаж байна, үүнд: нэгдүгээрт, хөгжингүй капитализмын бүх оронд капиталистуудын монополит холбоо тогтжээ; хоёрдугаарт, капиталын хуримтлал асар их хэмжээнд хүрсэн цөөн тооны хамгийн баян орон монополит байдалтай болжээ. Тэргүүний орнуудад асар их «илүүдэл капитал» бий болов.

Одоо хаана ч гэсэн аж үйлдвэрээс бүр хоцорч гүйцсэн газар тариаланг капитализм хөгжүүлж чаддагсан бол, хэдийгээр техникийн дэвшил гайхам их байвч хааяагүй өлсгөлөн гуйланчлалын байдлаар амь зогоож байгаа олон түмний амьдралын төвшинг капитализм дээшлүүлж чаддагсан бол капитал илүүдэх учиргүй нь мэдээж билээ.

Тэгээд ч капитализмыг шүүмжилсэн жижиг хөрөнгөтний шүүмжлэгчид нэлэнхийдээ тийм «шалтаг» зааж байна. Тэгвэл капитализм нь капитализм биш болохсон билээ. Яагаад гэвэл, хөгжил жигд биш, олон түмний амьдрал бараг өлсгөлөнгийн байдалтай байх нь энэхүү үйлдвэрлэлийн аргын үндсэн бөгөөд зайлшгүй нөхцөл, урьдчилсан нөхцөл юм. Капитализм, капитализм хэвээр байсан цагт капиталын илүүдлийг тухайн орны олон түмний амьдралын төвшинг дээшлүүлэхэд зориулдаггүй (хэрэв тийнхүү зориулбал капиталистуудын ашиг буурна) харин гадаадад, хоцрогдсон орнуудад капитал гаргаж, ашгаа нэмэгдүүлэхэд зориулдаг байна. Тэдгээр хоцрогдсон оронд капитал бага, газрын үнэ төдийлэн их биш, ажлын хөлс хямд, түүхий материал хямд учраас орж ирэх ашиг нь ямагт их байдаг юм. Хоцрогдсон нэлээд орон дэлхийн капитализмын эргэлтийн хүрээнд нэгэнт татагдан орж, төмөр замын гол шугам тавигдсан буюу тавигдаж эхэлсэн, аж үйлдвэр хөгжихийн наад захын нөхцөл хангагдсан зэрэг нь капиталыг гадаадад гаргах боломж бий болгожээ. Цөөн тооны оронд капитализм «хэмээс хэтрээд» капитал шингээх «ашигтай» талбар дутагдаж байгаагийн улмаас (газар тариалан хоцрогдмол, олон түмэн ядуу зүдүү байгаа нөхцөлд) капиталыг гадаадад гаргах зайлшгүй шаардлагатай болжээ.

Гадаадад капитал гаргах явдал зөвхөн XX зууны эхэнд асар их нэмэгдсэн нь эндээс харагдаж байна. Дайны өмнө гол гурван орноос гадаадад оруулсан капитал 175-200 миллиард франк болсон байна. Энэ капиталаас авсан орлогыг нь 5 хувь гэж бага хэмжээгээр бодоход жилд 8-10 миллиард франк болох ёстой байлаа. Хамгийн баян хэдхэн улс, дэлхийн олонх үндэстэн ба орныг империалист маягаар дарлан мөлжиж, капиталист маягаар шулан сорж байгаагийн дорвитой үндэс нь энэ дээ!

Гадаадад оруулсан энэ капитал янз бүрийн орны хооронд хэрхэн хуваагдаж вэ, түүнийг хаана оруулж вэ гэдэг асуултад орчин үеийн империализмын зарим нийтлэг харьцаа, хэлхээ холбоог харуулах барагцаалсан хариулт л өгч болох юм, үүнд:

Ази ба бусад тивд битгий хэл, Америкт ч асар их хэмжээтэй байгаа колонийн эзэмшил (жишээлбэл Канад) нь Англид тэргүүн байранд тавигдсан байна. Англиас капиталыг гадаадад асар ихээр гаргаж байгаа нь түүний колони асар их байгаатай нягт холбоотой бөгөөд тэдгээр колони империализмд ямар учир холбогдолтойг бид хожим ярих болно. Францынх бол өөр байна. Түүний гадаадад гаргасан капитал голцуу Европт, юуны өмнө Орос оронд оруулсан капитал (10 миллиардаас доошгүй франк) юм, тэгэхдээ энэ нь аж үйлдвэрийн газарт оруулсан капитал биш, харин ихэнхдээ зээллэгийн капитал, улсын зээллэг юм. Францын империализмыг Английн колонит империализмаас ялгаж мөнгө хүүлэгч империализм хэмээн нэрлэж болох юм. Германд гурав дахь хувилбар нь байна, үүнд: Герман бол колони цөөнтэй бөгөөд гадаадад оруулж байгаа капитал нь Европ ба Америкт тун жигд байдалтай хуваагджээ. Гадаадад гаргасан капитал нь тэр улс оронд капитализм хөгжихөд нөлөөлж, түүний хөгжлийг маш их хурдасгадаг байна. Ийм учраас хэрэв капиталыг гадаадад гаргах нь капитал гаргаж байгаа орнуудын хөгжлийг зохих хэмжээгээр зогсонги болгодог байлаа ч гэсэн тэр нь дэлхий дахинаа капитализмын цаашдын хөгжлийг өргөтгөн гүнзгийрүүлнэ.

Капитал гаргаж байгаа орнуудад зохих «ашиг хонжоо» олох бололцоо бараг цаг ямагт олддог байна, тэр ашиг хонжооны шинж чанар нь санхүүгийн капитал ба монополийн эрин үеийн өвөрмөц байдлыг тодорхой харуулж байна. Жишээ нь, 1913 оны аравдугаар сард Берлиний «Банк» сэтгүүлд бичсэнийг үзвэл:

«Капиталын олон улсын зах зээл дээр саяхнаас Аристофаны л бичсэн баймаар инээдмийн жүжиг гарч байна. Испаниас Балкан хүртэл, Оросоос Аргентин, Бразил, Хятад хүртэл харийн өдий төдий улс зээллэг авах гэсэн шаардлагыг мөнгөний том зах зээлийн өмнө ил буюу далдаар, заримдаа тун их шаргуу тавьж байна. Мөнгөний зах зээл одоо төдий л олигтой биш байна, улс төрийн хэтийн төлөв ч өөдтэй биш байна. Гэвч мөнгөний зах зээлийн нэг нь ч хөршийгөө урьтаад зээллэг олгочиж магадгүй, тэгээд зохих хэмжээний хариу тус олоод авчихаж магадгүй гэж айгаад зээллэг олгохоос татгалзаж зүрхлэхгүй юм. Олон улсын иймэрхүү наймаан дээр худалдааны гэрээ байгуулахдаа буулт хийлгэх, нүүрсний станц, усан буудал байгуулахыг зөвшөөрүүлэх, ихээхэн ашигтай концесс олгуулах, буу зэвсгийн захиалга авах мэтээр ямар нэгэн ашигтай зүйлийг зээлдүүлэгч нь хэзээд хүртдэг байна» гэжээ.

Санхүүгийн капитал монополийн эрин үеийг бий болгов. Харин монополиуд хаана ч гэсэн монополийн зарчмыг түгээж байна. Үүнд: нээлттэй зах зээл дээр өрсөлдөхийн оронд хонжоотой наймаанд «холбоо сүлбээг» ашигладаг болж байна. Зээллэг олгохдоо тэр л улсын бүтээгдэхүүнийг, ялангуяа зэвсэглэлийн зүйл ба хөлөг онгоц зэргийг худалдаж авахад уг зээллэгийн нэг хэсгийг зарцуулах явдлыг болзол болгож тавих нь бүр ердийн хэрэг болжээ. Франц улс сүүлийн 20 жилийн турш (1890-1910) ийм аргыг тун олонтаа хэрэглэжээ. Гадаадад капитал гаргах нь гадаадад таваар гаргах явдлыг урамшуулах нэг хэрэглүүр болж байна. Тэгэхдээ асар том үйлдвэрүүдийн хоорондоо наймаа тохиролцох нь Шильдерийн «зөөлөн» хэлснээр «хээл хахуулийг санагдуулахаар» юм. Германы “Крупп”, Францын “Шнейдер”, Английн “Армстронг” бол аварга том банкууд ба засгийн газартай нягт холбоотой бөгөөд зээллэгийн гэрээ байгуулахад амархан «аргалчихааргүй» тийм пүүсийн үлгэр жишээ мөн...


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив