Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Жинхэнэ хямрал
2014 оны 10 сарын 27 [Уншсан тоо: 74207]

Чөтгөрийн тойрог

Асуудлыг үйл явдлаас түр ч болох нь хөндийрч, нэг гүнзгий амьсгаа аваад нэг харчих завтай хүн байна уу? Бүр тактикийн тоглолтууд нь хүртэл зөрчил үүсгэж байна, үүнээс болоод төрийн хямралд хотынхон ороод ирлээ. Даан ч удалгүй орон нутгийн “эрх баригчид” ороод ирнэ. Ингээд хямрал бүр дампуурал болно. Учир нь яг энэ шийдэлгүй эргүүлэг дунд дайран дээр давс гэгчээр төсөв хэлэлцэж байгаа тул энэ сэжмээр хот, орон нутаг дайнд татагдан орох болж байгаа юм л даа.

Хоёр асуудал зэрэгцэж яваад байна. Аль нэг шийдэл нь нөгөөгөө үгүйсгэнэ. Гэтэл хоёр моринд нэг эмээл тохох гэж оролдоод байгаа нь систем өөрийн хяналтаа алдсаны шинж. Нэг дэх нь сайд нарыг томилох, нөгөө нь Ерөнхий сайдыг огцруулах. Хэрэв Ерөнхий сайд огцорчих юм бол сайд нарыг томилоод яах юм, “албаа аваагүй сайд” гэсэн нэг нэр хоёр хоч үүсгэх гэж үү? Тэгэхээр сайд нарыг томилох нь зүгээр л “субботник”.

Парламент асуудлыг дараалах чадвараа алдсан байна. Тиймээс сайд нарын асуудлыг хойш тавиад Ерөнхий сайдын асуудлыг эхлээд шийдэх ёстой мэт. Гэтэл цаг хугацааны дарааллаар бол эхлээд сайд нараа томилж, дараа нь Ерөнхий сайдын асуудлыг ярих ёстой болдог. Эндээс л үйл явцын зөрчил үүсээд байна.

Тэгвэл эхлээд сайд нараа томилно гэж тооцъё. Дараа нь Ерөнхий сайдын асуудлыг шийдье гэхээр нэг дэх нь мөддөө шийдэгдэхгүй, тиймээс сөрөг хүчнээс тулгасан Ерөнхий сайдын ялыг хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байна. Сайд нараа томилчихлоо гэхэд Ерөнхий сайд уначихвал ахиад л сайд нарын асуудлыг яриад эхэлнэ. Эргээд эхний цэгтээ очиж байна. Шийдэл яг адилхан. Үүнийг чөтгөрийн тойрог гэхгүй бол өөр юуг чөтгөрийн тойрог гэх вэ?

Хүчний харьцаа ба тоглолтууд   

Яахав зүйрлэхэд адилавтар нэг жишээ байгаа учраас зүйрлэж байна л даа. Ядаж 100 хоног нь хүртэл. Наполеон Орост 680 мянган цэргээ хөлдөөгөөд буцахад гэзэг даран элджээ. Оросууд хохирол ихтэй тул хоцорч, харин Австри, Прусс амдаж, хоёр талаас нь хавчиж цохихыг оролджээ. Наполеон энэ зуур амжиж дахин цэрэг цуглуулаад хил дээрээ тэдний эсрэг гайхалтай маневрлаж, нэгдэх завдал өгөлгүй салгаж цохиод алхуулахгүй байж. Гэхдээ бүрмөсөн бутцохих цагийн боломжгүй учраас нэг тулаан ялаад дайснаа мөшгиж устгахын оронд дараагийнхтай нь тулалдаанд орж байж. Нөгөөдүүл нь Наполеоныг хөөж мунгинаад, ялагдаад аргаа барж байжээ.

Гэтэл Наполеоны Гадаад хэргийн сайд ховорхон “адгийн шаар” Талейран (хожим Наполеон “Ач санахгүй хүн шиг адгийн шаар байдаггүй” гэсэн) холбоотнуудад захидал илгээжээ. Та нар юунд хил дээр наад Наполеонтойгоо хөөцөлдөөд байгаа юм бэ? Шууд Парис руу давшаад авчихаач... Үүнийг сонссон Наполеон “Уг нь аль хэдийн яг ингэх байсан байхгүй юу” гэж хашгирсан гэдэг. Бусдыг нь бүгд л мэднэ.

Яг үүн шиг ерөнхий сайд гурван фронт дээр маневрлаад байна. МАН-ын эсрэг “Би ганцхан алдаа гаргасан, тэр нь МАН-тай эвсээгүй” гэж байна. Тийм л дээ, мань хүн уг нь 2012 онд “ач санаад” МАН-тай эвсчихсэн бол одоо ингэж үйлээ үзэхгүй, бараг л Н.Энхбаяр болчих байсан. Үгүйдээ л С.Баяр болно. Ингэж хэлсний дараа АН-ынханд хөлөг баатрын бардамнал төрж, “Хэрэв бид Н.Алтанхуягийг унагадаг юм гэхэд лав л МАН-ын өргөн барьснаар унагаж болохгүй” гэсэн шийдэлд хүрсэн байна. Унагая гэвэл өөрсдөө л унагая. Гэвч бас нэг асуудал байна. Унагах хүсэлтэн олон бий. Хэрэв МАН-ын саналаар унагахгүй гэвэл ахиад өргөн барьтал хагас жил хүлээх хэрэгтэй. Эсвэл Засгийн газрыг өргөн барих хувилбар бий ч ингэвэл ёстой намаа самарна.

Яг энэ үеэр ямар чөтгөр нь хатгасан юм, хотынхон босчээ. Шалтгаан нь “Авилгын загалмайлсан эцэгтэй гэрээ байгуулсан”. Энэ бослого “но”-той. Яагаад гэвэл аль хавар л давхар дээлний асуудал ид гаарч байхад энэ гэрээний үндсэн эх олон нийтэд ил болсон. Хагас жилийн өмнө ил болсон энэ гэрээнд гарын үсэг зурж болохгүйг даргадаа сануулах зав АН-ын нөгөө хоёр том даргад, хотын намын хороонд олдоогүй юм шиг байна.

Хотын дарга Э.Бат-Үүлийн мэдэгдэл АН-ын хуйвалдагчдад зориг оруулж, УИХ-ын АН-ын бүлгийн 18 гишүүний гарын үсэг цугласан гэгддэг “өөрийгөө унагах” шахаагаар оргилдоо хүрчээ. Э.Бат-Үүлд ингэх хэд хэдэн шалтаг бий. Нэгд хотод шаардлагатай хөрөнгө оруулалт шаардсан ч авах боломжгүй болсон, хоёрт Ерөнхий сайдын асуудал нэгэнт эвгүй болсон бол үй олон хүн түүнийг хатгах хангалттай шалтгаан байсан: “Та Ерөнхий сайд болбол хотын хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой” гэсэн “шударга шийдэл” хэлэх хүн захаасаа олдоно. АН 130 мянган гишүүнтэй гэдэг, эрх барьж буй намд гишүүний тоо нэмэгдэнэ, яаж ч байршуулаад төрийн эрх барих хугацаанд даргын ээлжинд орох сонирхолтой хоёрдугаар эгнээ хангалттай олон хүнтэй.

Яг ийм явуулга УИХ-ын дарга З.Энхболдод ч хангалттай очиж байгааг тааж ядах юмгүй. Мань хүнийг бараг л Луй XYIII гэлцээ биз? Ингээд нэг талд МАН, ар талд нь хотын намын хороо, хажуугаас нь парламент шахаж байгаа нөхцөлд эцсийн холбоотноо цааш нь түлхэх ямар ч тэнэг байхгүй л дээ. Хэрэв МАХН-тай байгуулах гэрээнээс татгалзвал МАН, АН, МАХН-ын хамтарсан интервенцид орно. Хэрэв Ерөнхий сайд найдваргүй боллоо гэж дуулдах л юм бол “Цезарьт мэс өргөхийг хүсэгчид” хангалттай олноор цуглана.

Ийм нөхцөлд мань хүн зөв дараалалтай маневрлах шаардлагатай болжээ. Эхлээд Н.Энхбаяртай хийсэн гэрээнээсээ ухрахгүй гэдгээ батлав. МҮАН гомдоно л доо, гэхдээ квотыг нь давхар баталгаажуулах замаар барьж болно. Дараа нь МҮАН-тай ч салангид гэрээ байгуулъя, төслөө аваад ир гэсэн. Одоохондоо гурван гишүүнтэй МҮАН-аас нэг нь нэр төрөө боддог юм гэхэд нөгөө хоёр нь үлдэж л таарна. Нэг сайд байсан, нөгөө нь сайд болно гэж бодож байгаа. Ингээд 10 санал татна. МАХН-ын дарга Н.Энхбаяр “ажилсаг” тул гишүүдийнхээ өрөөгөөр нэг бүрчлэн орж уулзаж ятгав.

Засаг баригч нэг нам ИЗН гэрээг аль эрт байгуулсан гэж мэдэгдэв. Хоёр санал. Бие даагчдаас хоёр нь Засгийн газрыг дэмжихээ мэдэгдсэн. Дахин хоёр санал. Ингээд хоёр санал алдаад 14 санал татаж байна.

Дараа нь ард талдаа буй тавдугаар цувааг дарах ёстой. Үүний тулд шаардсаных нь дагуу ҮЗХ-ны хурал зарлаж болно. Шалтаг нь гэрээг хэлэлцэе. Асуудлыг УИХ дээр биш, нам дотроо шийдэх нь гишүүдийнхээ оролцоог хангасан алхам мөн биз? Тэгээд ч огцруулах шалтгааныг шүүн хэлэлцэх, Түгжилд “унаж яваа морь чинь ч...” гэж хэлэх,  босоо ороолонг дарах ном унших гэх мэт хэтэрхий олон асуудал хуримтлагдсан тул “хамтын шийдвэрт” хүрэх ёстой юм. Муудвал хариуцлагыг хамтдаа үүрнэ, сайндвал орой нь цүү хаясан ч болно... Ийм нөхцөлд АН-аас “өргөн баригчид” өргөдлөө буцааж татах ёстой. Хэрэв татахгүй бол намд том хагарал үүснэ. Энэ бол дарга нарынх биш гишүүдийнх нь талцал болно. М.Энхсайханыг унагах гэж довтолсон 1997 онд энэ хувилбарыг буюу ҮЗХ-оор хэлэлцүүлэх хувилбарыг намынхан нь санал болгож байжээ. Гэтэл мань хүн “Төрийн асуудлыг ордонд шийднэ. Улстөр ордонд байх ёстой. Гудамжинд хамаагүй” гэж зөрүүдлээд өөрөө нисчихсэн гэдэг юм билээ.

Гэтэл яг хэрэгтэй үед тусламж иржээ. Ерөнхийлөгч Европд айлчлаад буцаж ирэв. АН-ын олон гишүүн Ерөнхийлөгч л Засгийн газрыг унагах гэж аль эртнээс зүтгээд байна гэсэн ойлголттой явсан бололтой юм. МАН-ынхны хэлсэн үгийг сонсвол тэд бүр их итгэсэн байх. Тиймээс сайд нарыг томилох ажлыг гацаачихаад хаяад явчихлаа гэж боджээ. Сургаар л гүйлдээд байсан хэрэг.

Хамгийн түрүүнд Ерөнхийлөгч Ж.Батзанданг болчимгүй алхам хийлээ зэмлэсэн мэдээ иржээ. Бас Ерөнхийлөгчид “сайхан мэдээ” дуулгахаар гүйлдэгсэд гайхаж хоцров. Ерөнхийлөгч давхар дээлийг л тайлах зарчмын асуудал ярьсан болохоос Засгийн газрыг унагах гээгүй нь тодорхой болжээ. Угаасаа “Би байхдаа Засгийн газрыг унагахгүй, зовлонг нь мэднэ” гэж хэлсэн. Иймээс засгаа өргөх дугуйлан тарж эхлэв.

Одоо бол асуудал тодорхой болж байх шиг байна. Өрсөлдөгчид нь хүртэл гайхмаар чадварлаг маневр нь УИХ-ын даргын айлчлал Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар шийдэл гаргах байнгын хорооны хуралдаантай давхцаж байна. “Надад хөшүүрэг өг, би дэлхийг эргүүлье” гэдэг шиг парламентыг эргүүлэхэд ердөө тав хоногийн завсарлага л хэрэгтэй байж. Түүнийг нь “шинэ гэрээний дагуу” эвсэл авчээ.

Саяхан ирсэн айлчлалаараа дарга нь асар их боломж олгосон хөршийндөө хариу айлчилж байгаа учраас үүнд өндөр ач холбогдол өгөх ёстой. Нарийн царигийн асуудлыг шийдмэгцээ УИХ-ын дарга ганзагалаатай мордов. Тээврийн асуудал шийдлээ олсон бол удах хэрэггүй, эртхэн өмнөд хөрштэй ярилцаж нүүрсний экспортоо сэргээх нь зөв. “Ерөнхий сайдаа өргөнө” гэж хатуу шийдээд олон нийтэд түүнийгээ зарлачихсан АН-ын гишүүдээс бүрэлдэхүүнд нь оруулбал нэг ч гэсэн хүн “хүнд ялаас” мултарна.

Ард нь УИХ-ын даргыг айлчлах хойгуур УИХ-ыг олонхийн бүлгээс дэвшүүлсэн дэд даргын хувьд Р.Гончигдорж санаачлагыг гартаа авах тул томъёоллоос авахуулаад олон зүйлийг зохицуулах, байнгын хороон дээр аваад гарах боломж нээгдэж байна. Мань хүн Төрийн байгуулалтын байнгын хороонд байдаг.  Яахав харж л байя.

Улстөр бол хэлэлцэн тохирохоос өөр юу ч биш.

Ер нь бол АН МАХН-тай байгуулсан гэрээгээ тэгтлээ сүрхий мөрдөнө гэдэг юу л бол. Н.Энхбаяр ч үүнийг мэдэж байгаа. Гэхдээ эрх ашиг нийлсэн үед туршлагатай улстөрчид янаг амрагийн явдлаа гэр бүлийн асуудал болохгүйг мэдэлгүй дээ. Аль аль нь тактикийн заль хэрэглэж байгаа, цаашдаа эрх ашиг нийлбэл удаан явалдана, нийлэхгүй бол тэгсгээд хоёр тийш болно.

Харин үүнийг АН-ынхан шийднэ. Нам нь “сал гэвэл салж болох ч” эрх ашиг байгаа үед ойлголцол гэрээтэй гэрээгүй үргэлжилж л таарна шүү дээ. Тиймээс сая МАН-аас зохиомжилсон “нууц” хавсралтын эмгэнэлт жүжиг үнэндээ шал дэмий асуудал байсан юм. Харин энэ удаа Дэмбээг маань золиод гарна гэж байгаа бол жинхэнэ шившиг, МАН-д бас залуучууд гэж байдаг юм шүү.

2016 оны сонгуульд АН-ын хамгийн гол өрсөлдөгч нь гарцаагүй МАН юм. Тиймээс хуваагчтай хэн байхаас үл хамаарч эвсэх нь АН-ын өөрийнх нь эрх ашиг. Хоёрт “Алтан гадас” бол нам дамнасан бүлэглэл биш болсон ба АН-д олонх болж үлдсэн фракц. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо МАН-тай эвсэлгүй зөрүүдэлснээрээ нам дамнасан энэ хүчирхэг бүлэглэлийн МАН дахь фракцыг золионд гаргачихсан юм. Энэ бүлэглэл бүр Н.Энхбаярыг анх Ерөнхий сайд болоход тэр үеийн МАХН-ын санаачлагаар үүссэн ба мөн л тэр намтай тогтоосон харилцаагаараа АН-даа олонх болсон фракц юм. Өнөөдөр энэ фракцыг хуучин “Алтан гадас”-тай адилтгах юм бол нэр л байна, тэр тусмаа сая гэрээ байгуулсан МАХН-ын нэр ч хамаатай.

Одоо болж буй үйл явдал нь хүмүүсийн стереотип (тогтсон төсөөлөл) ба үүний улмаас салгаж харж чадахгүй байгаа үйл явцын зөрчил юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр АН-ын фракцуудаас нөгөө муу нэрт “Алтан гадас” л Ерөнхий сайдаа дагаж нам дамнасан бүлэглэл болохын эсрэг ажиллаж байгаа юм. Харин нөгөөдүүл нь өмнөх түүхэн муу нэрийг нь ашиглаж ноёрхогч фракцаа унагахыг оролдовч бодит байдал дээр МАН-тай эвсэх зам руу эргэлтгүй орчихоод байгаа юм.

МАН-ын улайрлын шалтгаан

Харин МАН-ын хувьд өнгөрсөн зун “Максима”-гаар хийлгэсэн 3000 хүний судалгаагаар рейтинг нь АН-аас доогуур гарсан ба инфляцийн улмаас ард түмэн АН-ыг үзэн ядаж, МАН-ыг тахин шүтэж байгаа гэж тооцсон нь батлагдаагүй юм. Энэ судалгаа бол анкетын болон фокус групп, ганцаарчилсан ярилцлагын аргуудыг зэрэг ашигласан нүсэр бөгөөд бодитой үр дүн гарахуйц зйүл юм билээ. Судалгаагаар Монголын шилдэг улстөрчдийн жагсаалтад аль эрт титмээ өгсөн Н.Багабандийг эс тооцвол дөнгөж 16-д Д.Бямбацогт МАН-аас арайхийж багтсан ч туйлын тогтворгүй, популист байр суурьтай гэгдсэн байв. С.Баяраас хүлээсэн хүлээлт, “Оюу толгойн” ашиггүй гэрээ ба сонгуулийн ялагдлын дараа лидерт төвлөсөн тус намаас олон нийт С.Баяраас илүү лидер шаардсан юм. Гэтэл тийм элбэг С.Баяр гэж хаана байх вэ? Ямар цор ганцаар жагсаалтад нэрлэгдсэн Н.Багабандийг буцаагаад тавилтай биш.

Намын албан ёсны лидер М.Энхболдын тухайд бүр сураг ч үгүй байсан агаад “гудамжнаас лидер ол” гэсэн судалгааны багийн зөвлөмжийн дараа намын аппарат нь бүр гутралд ороод байсан юм. Тиймээс мөнгийг шүтэхгүй гэчихээд хамгийн мөнгөтэй гэгддэг хотын фракцийг намын толгойд гаргаснаас улам бүр унаж буйгаа, ойрын хугацаанд намын удирдлагыг солихын чухлыг тус намын залуус ойлгоод байв. У.Хүрэлсүхийг улам бүр олон хүн хүрээлж, цаадах нь Х.Баттулгатай сүжирч эхлэснээр бүр ч их сандралд автжээ. С.Баяр ч намын байраар эргэлдэж эхлэснээс удирдлагуудын хар сэр дээд цэгтээ тулсан юм. Тиймээс парламентын бүлгээр дамжуулан Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй унагах замаар ядаж нам дахь нэр хүндээ сэргээхийг өнөөгийн удирдлагууд нь хүссэн. 

Гацаа

Хамгийн гол дүгнэлт нь хэрэв Н.Алтанхуягийн Засгийн газар унадаг юм бол МАНАН дахин бий болохоос өөр гарцгүй гэдэгт байсан учраас бүр ч их улайрчээ. Учир нь АН-ынхан МАХН-ыг ингэтлээ муулчихаад эвсэх хэцүү, дангаараа засаглах боломж хомс. МҮАН-тай салангид гэрээ байгуулаад ч бүтэл муу, мэдээж сайн стратегич бол МАХН-ын дарга Н.Энхбаяр эвслийн нөгөө нэг субьект МҮАН-аар дамжуулж дараагийн Засгийн газар дахь квотоо хадгалж, АН-ын бусад фракцынхантай найзын харилцаа тогтоож чадна гэж найдах л үлдэнэ. 

АН дангаараа засагладаг юм гэхэд одоогийнхоос хэд дахин хэврэг байх нь гарцаагүй. Учир нь 2012 рнд Засгийн эрхийг аваад албан тушаалын маргаанд МАН-тай орж байсан бол энэ удаад дотооддоо зөрчилд орно. Дээрээс нь парламент дахь бусад хүчнүүд эвсэж дарангуйлна. Эдийн засгийн байдал сайжрахыг тэсч хүлээж чадах уу? Наад зах нь эдийн засгаа түр ч болов сэхээхийн тулд шинэ Ерөнхий сайд нь өнөө болтол гацаад байгаа “Оюу толгойн” гэрээг яг С.Баяр шиг зүтгүүлээд, яг түүн шиг зугтахаас өөр гарцгүй болох байх.

Тиймээс нэг бол МАН-тай эвсэх, үүний тулд М.Энхболдод хүсээд байгаа УИХ-ын даргыг нь өгөөд, цөөнх сайд амлах, ингэснээрээ 2017 оны сонгуульд нэр дэвших хүнийг нь давхар бэлтгэж өгөх хавханд орох байсан юм. Ерөнхий сайд болох хүн нь Н.Алтанхуягийн адил наждаа эдлэхгүйн тулд парламент дахь бүх хүчний ”порцоор” Засаг байгуулахгүй бол мөн л удахгүй унана. 

Гэвч ингэлээ гээд “давхар дээлгүй” засгийн газар урт насалдаггүй. Тэсч үлдэхийн тулд хэд дахин илүү төлбөр төлөх ёстой. Энэ давхар дээл өнгөц харахад гишүүний давхар дээл боловч яг нарийндаа Засгийн газрын давхар дээл юм. 1996-2000 онд Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газрууд ээлж дараалан сүйрсний дараа Засгийн газрыг тогтвортой байлгах “цорын ганц арга” гэж Үндсэн хуулинд давхар дээл тэргүүтэй долоон өөрчлөлт оруулсан ба энэ нь Н.Энхбаярын эрин үеийг эхлүүлсэн билээ. Түүний эрин үе хамгийн “тогтвортой засагласан”, “тогтворгүй байдал” хүсэгчид алуулангаа алдсан, эцэстээ түүнээс салахын тулд яаж аргаа барлаа? Тэр үед алийгаа алдаж байсан нөхөд одоо л өдрөөр сүүлээ сэрвээн дээрээ агсчихдаг боловч шөнө зүүдлэхдээ яадгийг бүү мэд. Зарим нь ч зүүдээ ярьж байх шиг... 

Ингээд гацаа үүссэн байна. Нэг бол давхар дээлний асуудлаар Ерөнхийлөгчтэй зөрчилдөх, эсвэл бүх парламентын “их найрын” засгийн газар байгуулах. Нөгөө талаас Н.Алтанхуяг, З.Энхболд нар “хувьсгалчдаас хойш” нам, төрийн эрхэнд гарсан АН-ын хоёр лидер нь юм. Хэрэв Н.Алтанхуягийн З.Энхболдоор сольдог юм гэхэд дараагийн Засгийн газар нь унавал АН-д яг өнөөгийн МАН-ын зовлон нүүрлэж, “бага хаад”ын үе эхлэх аюултайг хаа хаанаа ойлгож байгаа юм.

Үүнээс наана бас нэг ойлгомжгүй асуудал үүссэн нь дараагийн Ерөнхий сайд З.Энхболд уу, Э.Бат-Үүл үү? гэдэгт байсан. Энэ хоёр хүн эс хүслээ ч ард нь байгаа фракцууд тэднийг нам-засгийн эрхийн төлөө тэмцэлд түлхэн оруулснаас үүсэх гайг дуудсанд орвол тэнцвэрийг барьж байгаа Н.Алтанхуягийгаа байлгаж байсан нь дээр. Ерөнхийлөгч хоёр дахь хувилбарыг сонгосон бололтой. 

Яг одоо бол АН маш зөв хуваарилалттай байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хотын дарга гэсэн төрийн томоохон албад тэнцвэртэй хуваагдсан ийм алтан боломжийг энэ цаг үе олгосон байна. Хэрэв нэгийг нь хөдөлгөвөл АН-д зөрчил үүснэ. Үүсэх үүсэхдээ гудамжны намд биш төрийн бүх салаа салбарыг хамарсан хямралд хүрэх болно.

Хямрал хаа хүрэх бол?

Өнөөгийн үндсэн хуулийн тогтолцоо бүх боломжоо шавхсан байна. Яаж ч бодсон Засгийн газар огцордог л юм бол хамгийн түрүүнд Үндсэн хуулиндаа гар хүрэхээс аргагүй. Наад зах нь дордуулсан долоогоо буцааж авна, цаад зах нь засаглалын тогтолцоогоо сонгодог парламентын хэлбэр рүү нь нэг алхуулах ёстой. АН дөрвөн жил засаглаад Үндсэн хуулийг долоо дордуулаад арай амьтай гарсан, ахин дөрвөн жил засаглахдаа буцаагаад байранд тавиад гарлаа гэсэн өгүүлбэр түүхэнд үлдэх заагт дэнжигнэж байна. Нэг танхимтай цөөн гишүүнтэй парламент Засгийн газрыг удаан тэсгээх ямар ч хүсэлгүй, тэр дундаа хямралын үед, сөрөг хүчин гуравны нэгийг бүрдүүлж байгаа үед, хүсвэл нэг угшилтай намаа татах бололцоотой үед...

Ийм шалтгаанаар Ерөнхийлөгч ба Засгийн газрын хооронд зохиомол зөрчил үүсгээд Ерөнхийлөгчийн хүслээс гадуур Засгийн газрыг золиослох шахаж байна. АН-ынхан “МАН давхар дээлтэй байж болдог, манай засаг нөмгөн явдаг байж болох уу?” гэлцэж байна. Гэхдээ Ерөнхийлөгч хэлсэндээ хүрэх юм байна гэж үзэхэд хүргэж буй одоогийн энэ баталгааны цаад учир нь “Дан дээлтэй ч байсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын төлөө ажиллана” гэсэн үг болохыг одоо л ойлгох байх. Гэхдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах 2017 оныг хүртэлх богино хугацаанд энэ соёл хэвших үү? Дараагийн парламент Засгийн газраа давхар дээлгүй тогтвортой ажиллуулах хэмжээнд, нэг тал нь хэт давуу хэмжээнд бүрэлдэх үү? Хэрэв бүрдвэл ахиад 2000 оных шиг “автортаризм” руу халтирахгүй гэх баталгаа бий юу? Үндсэн хуулийн өөрчлөлтийг буцаахгүй л бол ахиад дарангуйлагч төрөх хөрс нь бордоотойгоо байгаа.

Ойролцоо судалтай намууд өнөөгийнх шиг бужигнана, нэг талд хэт давуу өгвөл хэт төвлөрсөн засаглалд шилжинэ. АН эвдрэлцвэл түүх яг давтагдана. МАН-ын толгойд байсан дурын улстөрч шууд дарангуйлагч болно.

Дээр нь хямрал улам бүр үндсэн хуулийн зөрчлийг хөндөж байгаа ба хэрэв Засгийн газар унавал МАН, эвсэл, бие даагчид, АН-ын гомдогсод нийлээд Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхээр санал асуулга явуулахаар шахаж эхэлбэл тогтолцоо бүрмөсөн бутрах болно. Ингэх шалтгаан нь Засгийн газрыг хянах эрхээ булаацалдсанаас л үүднэ. Хямрал гурвалсан хэмжээст орвол шийдэл бүр л хэцүү болж тогтолцоогоо бүрмөсөн сүйгэнэ. Тэгвэл ч яалт ч үгүй шинэ үндсэн хууль руу орж таарах нь. Ер нь Үндсэн хуулийнхаа дараагийн хувилбарыг бэлтгэж байсан нь дээр болж байх шиг?   



    

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив