Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Цусан өнгөт үүрийн туяа”
2015 оны 1 сарын 7 [Уншсан тоо: 107429]

Өмнөд хөршид “Чонон сүлд” романаас дутахгүй шуугиан дэгдээж буй бас нэг ном гарсан талаар сонсоод удаагүй байтал нэгэн өвөрлөгч эрдэмтэн манай агентлагийн Ерөнхий редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Сүрэнжавт “Та л энэ номыг орчуулж барна” гэж бэлэглэжээ. Сү Жянвэйн “Умраас мандсан цусан өнгөт үүрийн туяа” буюу хятад үндэстний соёл иргэншил хийгээд ханз үсгийн үүсэл гарал  хэмээх энэ номыг баргийн хүн орчуулж барахгүйн учир нь сонгодог ханз олон оржээ. Ярианд “гү вэн” гэх ажээ.

Өнөөгийн Хятадад хэрэглэж байгаагаас өөр Тайваньд уламжлан хэрэглэж буй энэ ханзыг уншдаг хүн бол Япон, Солонгос ханзыг шууд уншина гэнэ. Үлгэрлэвээс манай шинэ хуучин бичиг лугаа адил юм уу даа, тиймээс түүхийн мэргэжлийн хүн бэлтгэхдээ тулбал Тайваньд энэ сонгодог ханзыг гадарладаг болгож төгсгөх ёстой юм билээ. Номын гол нь Хятадын соёл иргэншил, түүний онцлогийн бэлгэ тэмдэг болсон ханз үсгийн тухай.

Хятадын ханз үсэг бол угтаа Алтайн нүүдэлчдээс улбаатай, тэр дундаа хадны сүг зургаас үүсэлтэй гэдгийг батлахад чиглэжээ. Хятадын соёл иргэншлийн өлгий хөх, шар мөрний адаг, далайн эргийн соёлд үндэслэсэн, хятад ханз үсэг яст мэлхийн хуяган дээрх бичгээс үүсэлтэй гэдэг “домгийн” уламжлалт ойлголтыг энэ ном бүр орвонгоор нь эргүүлж, өнөөх бүхий л бичиг судартаа “Ху” нар буюу бүдүүлгүүд гэж тэмдэглэж ирсэн Умардын нүүдэлчдээс соёл иргэншлийнхээ угийг хайсан нь бүр гайхшируулж орхижээ, хятадуудыг. Гээд бас няцаахад бэрх судалгааны арвин материалыг агуулсан номыг хэвлэж л орхиж.

“Умраас мандсан цусан өнгөт үүрийн туяа” гэхийн учир нь ерөөс умрын нүүдэлчид хятадад төр засаг, соёл, ёс журмыг хүчээр тулгасан гэдэг санааг агуулж байна. Ц.Сүрэнжав гуай орчуулж эхлээд л бүр шимтэж, энэ гайхалтай номыг орчуулж гаргавал миний хятад хэлтэй 40 гаруй жил ноцолдож 50 гаруй ном орчуулсны  нэг хэрэг бүтнэ гэж гайхуулан хорхойсуулах болов.

Зөвхөн бичиг үсэг ч бус хятадын тотем луу мөн л умрын чоно тотемоос гаралтай, газрын чоно тэнгэрийн луу болсон санжээ. Тэр ч байтугай Хятадын домгийн хаадын төр улсуудаас эхлээд анхны нэгдсэн төр улс Цин гүрний “ордны хэл монгол хэл” байсан гэх мэт бүр гайхаж хоцром элдэв нотолгоо энд байна. Хятадыг анхлан нэгтгэсэн Цин Ши хуанди бол монголоор ярьдаг Зүрчин хүн байсан гэж баталжээ. Ийм бол манай Хүн гүрний Модун шаньюй Цин гүрний ордныхонтой хэл нэвтрэлцэх гэж зовдоггүй байсан хэрэг.

Номыг уншихын тулд Хятадын түүхийн талаар муугүй мэдлэгтэй байх ёстой. Бид ер нь хятадын түүхийг хэр мэддэг билээ? Уламжлалт бичгийн хэлэнд Хятадыг “Нанхиад” гэдэг нь Өмнөд (нан) хиан ордныхон гэсэн утгатай ажээ. Хиан бол нэн эртний Азийн ноёрхогч гол овог агаад өдгөө хүртэлх түүхэн туршийн хүн, монгол, хятад, зүрчин, түрэг олон төрт улсын язгууртан овог ажээ. Шаньюй, Хаган, Хуанди гэх зэрэг цол үнэндээ хиан овгийг заасан үг болжээ. Гэхдээ уурлахаа азна, үндсэрхэг нөхөд өө! Нэгэнтээ Чоно багштай “Хүн гүрний тухай өгүүлэх нь” номынх нь талаар телевизийн ярилцлага хийхэд Хүн гүрэн бол эртний хятадын Ся угсааныхан, Ся-гийнхан унаад умарш зугтаж, Алтай Хангайн бэлчирт ирээд, энд буй ард иргэдийг Бодончар мэт хурааж төр улс байгуулсан гэж нотлохыг нь өөрт буй манай албан ёсны түүхэн дэхь мөхөс баримтаар эсэргүүцсээр жаран минутыг барж билээ. Гэтэл энэ номоос ухвал эсрэгээр, өмнөөс Ся нар биш, умраас “хиан” угсааныхан очиж төр ёс, бичиг соёлыг тулгасан агаад хожим Күнзийн сурталтнууд энэ түүхийг баллаж мушгихын тулд бүхнийг хийсэн гэж тодорч байна. Харин өдгөө бидний нэрлэж дадсан Хятад гэдэг бол манай түүхэнд ордог Киданыг (Хятан) л хэлж буй хэрэг шүү дээ. Китай, Cathay гэдэг бол Өмнөдөд Киданчууд ноёрхож байх үед евродынхон сонсож нэрлэсний улбаа. Ж.Ведерфордын номонд бичсэнээр бол Колумби Испаниас гарахдаа “Сathay-н хаан”-д өргөх итгэмжлэх захидалтай явжээ. Харин тэр үед Батмөнх Даян (Энэ цол нь “Да Юань” буюу Их Юаний хаан гэсэн үг гэж “Нүүдэлчдийн сүүлчийн эзэнт гүрэн” номдоо Японы эрдэмтэн Мияваки Жүнко тайлжээ) хаан Монголд хаанчилж байжээ. Харин Минчүүд Их гүрний хасбуу (энэ нийлмэл үг, хятадаар сударт хас буюу хаш чулуу, “бо” буюу эрдэнэ гэсэн үгээр тэмдэглэжээ) буюу Монголын Их Юаний хас эрдэнийн тамга булаахаар тавантаа цэрэглээд бүтлээ алдаад байв. Харин Англичууд хожуу Манж Чин гүрний үед л Хятад сайтар танилцсан учраас “China” гэдэг.

Нэгэнт бичсэнийх сонирхуулахад Сү бээр нэгэн ханзыг үзүүлээд “Та харж байна уу? Хятадын дарга Си Жинпиний овгийн “Си” энэ байна, Хятад зуун овог дотор энэ ханз үгүй ээ, харин энд бичсэнээр энэ бол эртний нүүдэлчдийн язгууртан угсааны овог болох нь гарцаагүй байна” гэв. Түүнийг нь байтугай өөр ямар “Си” байдгийг мэдэхгүй надад ёстой л нөгөө эрээн цоохор л харагдана. Харин манай Сүеэд мэргэн цоохор ажгуу. Оросыг маажвал татар л гарна гэдэг шиг Хятадын күнзийн сурталтнуудын хэдэн мянган жил нуун далдалсан түүхийн хуудас бүрийн “ханз бүрийг маажвал” юу ч гарч болох ажээ. Бид ярилцаж байгаад “Хятадын Гумилёв” гэж нэрлэсэн Сү Жянвэй гэгч энэ түүхчийн номын хэсгээс СГЗ Ц.Сүрэнжавын зөвшөөрлөөр хүргэж байна. Энэ номыг ивээн тэтгэж хэвлүүлэх номын садан байваас Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Сүрэнжавтай холбогдоно уу!



Нэгдүгээр бүлэг. Гурван хаан таван эзэн

1.    Эрвээхэй далавчаан дэвэх төдийд...

Хятад үндэстний иргэншил хэрхэн соёолж гарсныг өгүүлэхийн өмнө эхлээд 900  жилийн тэртээд очиж нэгэн “Эрвээхэйн далавч дэвэн хөдөлсөн”-ийг заавал анзаарч үзэх ёстой болно.

Монголын өндөрлөг, манай эриний XII зууны эхэн цагт Онон мөрний хөвөөнд (Оунун гол, Хар мөрний эхэн салаа урсгал) ой шугуй дотор Есүхэй хэмээх нэртэй нэгэн монгол хүн ан хийж яваад Мэргид аймгийн морьтой хүн бүхээгтэй тэргэнд шинэ бэр суулган хөтөлж айсууг гэнэт олж үзжээ. Энэ шинэ бэр нь Хонгирад овгийн  хүн бөгөөд нэрийг Өэлүн гэдэг санжээ. Есүхэй шинэ бэр үзэсгэлэнт сайхан төрснийг, хамгаалан хөтөлж яваа хүргэн болооч ганцаар байхыг үзжээ. Хүмүүний санаанд нэг л агшин зуурын бодол төрсөн бол түүнийг хорьж барихын аргагүйн эрхэнд тэр бээр ороо мориныхоон амыг эргүүлж хуй салхин мэт хурдлан хариад, өргөө гэртээн орж, ах дүү хоёроон дуудаж дагуулан морион давирч, илдээн атгасаар эргэн довтолж хүрэв. Энэ Есүхэй баатар хэмээгч тэр цагт нэг эхнэртэй байсан тул шинэ бэрийг булааж авахаар шийдвэр зориг хөвчилжээ.

Тэр цагт шинэ хүргэн гурвын гурван хүн барс ирвэс мэт дайран ирэхийг үзээд өөрийн эмийг хамгаалъя гэвч хүчин эс хүрэх болсон тул Өэлүн энэ байдлыг олж хараад  нөхөр бологч хүнээн санд мэнд зам буруулан дутаа хэмээн ятган өгүүлсэн нь: “ Чи тэр хүмүүсийн зүс царайг харав уу? Тэд нар лав  чамайг хорлох гэж буй! Чи зөвхөн амь насаан хамгаалж үз.Сайхан охид хаа сайгүй л байгаа. Миний төлөө амь насаан битгий алдаж гээчих! Сайхан охин олж авбал хожим миний нэрээр нэрлэвэл намайг мартахгүй болно, чи!” гэвэй.

Энэ үед шинэ хүргэн аргагүйн эрхэнд бүхээгт тэргээн орхиж морион даврин дайжин одсонд гурван хүн яаран хөөлдөж уулын хэдэн жалгыг гаталж, хэдэн горхийг өнгөрсөн юм бүү мэд, мөнөөх гурван хүн түүнийг хөөж гүйцсэнгүй. Тэгээд тэр гурван хүн мориныхоон амыг эргүүлж олзынхоон өмнө хүрч ирээд шинэ бэрийг үзэхүл үнэхээр хөөрхөн төрсөн болохыг үзээд үлэмж ихээр баярлажээ. Есүхэйн нэг дүү нь уйлан хайлан яваа шинэ бэрд инээн баясан өгүүлрүүн: “Тэврэх чинь даваад олныг давсан, уйлагдах чинь усуд олныг гэтэлсэн, хайлваас халиаж үл үзэх чамайг, хайваас хаалгыг үл олох чи, уйлаад юуны хэрэг болох?” гэвэл Өэлүн уйлахаан зогсож, эм ухаж таниад Есүхэй түүний нөхөр болжухуй”. Энэ бол “Монголын нууц товчоон”-д өгүүлсэн Чингис хааны эцэг, эхийн тухай үлгэр болно.

Масроу хүн төрөлхтний хэрэгцээний таван үе шатыг зааж гаргахдаан, хүний хэрэгцээ таван үе давхрагатай гээд амьдрах хэрэгцээ, аюулгүй байх хэрэгцээ, нийгмийн хэрэгцээ, хүндлэлийн хэрэгцээ, өөрийгөөн эзэмдэхийн хэрэгцээ гэжээ. Харин Фроидын суртахууны онолоор бол бэлгийн сэдэл бол хүн төрөлхтний суртахууны үндсэн гол бүрдэл бөгөөд бэлгийн хөөрөл нь хүн төрөлхтөний үйл ажиллагааны гүн давхаргаас үүдэл шалтгаантай байдаг гэсэн байдаг. Үүнээс үзэхүл Есүхэйн  сэдэл  бол байгалийн зохистой жам ёсны үйлдэл байжээ.

Нүүдэлчин үндэстний эмэгтэй хүнийг булааж авдаг ийм зан үйл нь үнэмлэхүй өнө эртний ёс байжээ. Энэ бол магад ч үгүй байгалийн сонголтын үр дүн, өөр хоорондоон үржилд орохоос зайлсхийсэн, төрөл аймгаан үржүүлж олшруулахыг батгалгаажуулах гэсэн хэрэг байж таарна. Есүхэйн ажиллагаа бол нэг тийм хээр талын ёс заншил, “баатар”-ын эрэлхэг үйл явдал гэж үзэгдэх бөгөөд “Монголын нууц товчоон”-д баатар эрийн эрэлхэг зоригийг магтан дуулсан аясаар бичигджээ.
Есүхэйн Өэлүнийг “булаан авсан” шиг ийм явдал Монголын өндөрлөгт түм буман удаа гарсан байж болох бөгөөд энэ удаад ч зөвхөн хүн төрөлхтөний өгүүлшгүй урт удаан түүхэнд тохиолдсон нэг удаагийн “эрвээхэйн далавч” дэвсэн төдий үйлдэл болох юм!

“Эрвээхэйн нөлөө тусгал” гэхүл цаг уурч эрдэмтдийн хэлэхээр бол нэгэн зүйл их байгалийн үзэгдэл агаад өмнөд Америкийн Амазонкийн тэгш тал нутгийн халуун бүсийн ой ширэнгэд эрвээхэйн далавч хоромхон зуур дэвэхэд орчин тойрны агаар өчүүхэн долигсохын төдий зүйл ажээ. Ийм өчүүхэн бага агаарын хөдлөл нь агаар огторгуйн урсгалыг залган долигсуулаад дамжин давтсаар тасралтгүй хүчийг олж, умард хагас бөмбөрцгийн нэлгэр их далайн мандалд агаарын хуйлрах их урсгалыг бий болгоод эцэстээн хар шуурга болон өргөжих ажим. Хуйлрах салхи шуурга газрын бөмбөрцгийн эргэлдэх хөдөлгөөний хүчийг дагаж эрчмийг олж умар зүгт шилжээд хүнийг алан жилэн болгож, салхи шуурганд автагдсан Флоридагийн нам дор газар орон тэр аяараа далайн усанд живээд Лузиана мужийн тоо томшгүй олон байшингийн дээвэр хуурч агаарт хийсэн эргэлдэх бөлгөө......

Үүнтэй нэгэн адил бидний авч үзэж байгаа XIII зууны дэлхийн түүхэн дэх “Монголын салхи шуурга” тийн бий болсон нь эцсийн бүлэгт Онон мөрнийг чиглэсэн нэгэн удаагийн эрвээхэйн далавч дэвсэн төдийтэй агаар нэг хэрэг болох юм.

Чухам л энэ учраас Есүхэй эхнэр булааснаас Чингис хаан Тэмүүжин үүсэн бүрэлдэж төрөөд, энэ удаа эхнэр булааснаас болж Есүхэй мэргидүүдтэй атаатан дайсан болж, мөнөөх эхнэрээ булаагдсан хүн нь Мэргид аймгийн тэргүүлэгчийн дүү Их Чилээдүй нэрт (монгол утга нь “Их чоно”) байжухуй. Мэргид аймаг бол Монголын 72 овгийн нэг, тухайн цагийн Монголын өндөрлөгийн нэгэн хүчирхэг аймаг байсан хэрэг юм.

Хожим нь Есүхэй татааруудад хорлогдож бие барсан ба Есүхэйг үхэх хүртэл мэргидүүд уг явдлыг санаандаан хадгалсаар явжухуй. “Шүд шүдээн хэмэлдэг” гэдэгчлэн хорсолт заналын өс авалт бол нүүдэлчин үндэстний үйл ажиллагааны дэг ёс бөлгөө. Тэгээд тэд Тэмүжиний хүрээнд гэнэт довтлон ирж, Тэмүжиний шинэ буулгасан эхнэр Бүртийг булаан авч оджээ. Энэ Бүрт хэмээгч нь Өэлүнтэй нэгэн адил Хонгирад аймгаас ирсэн бөгөөд тэд бараг адилхан хувь заяаг эдэлсэн байдаг.

Мэргидүүд Бүртийг булаан аваад зогссонгүй, бас Тэмүжинийг мөрдөн хөөж энэ хорын үзүүрийг нэг мөр таслая гэсэн ажээ. Тэмүжин Бурхан (Хэнтийн нурууны салбар) ууланд шурган оржээ. Мэргидүүд үүнд хэдэн өдөр уулыг тойрон бүслээд сүүлдээн Тэмүжин одоо уулын аль нэг хавцалд өлбөрч үхээ биз гээд холдож оджээ.

Мэргидүүдийн бодсон шиг юм болсонгүй, Тэмүжин ууланд амьд байсаар гарч иржээ. Бурхан уул түүнд бие далдлах газар болж тэр өвсний үндэс, зэрлэг жимс идээд бат чангаар амьд мэнд гарч чаджээ. Чингис хаан хожим нь энэ уулыг өөрийн ариун дагшин газар болгоод сүүлдээн түүний наснаас элвэл энэ газарт онгол гэсэн гэрээс үлдээжээ. Тэр цагаас хойш бурхан уул болон түүний хавь ойр эргэнд мал хариулж болохгүй, ухаж төнхөж болохгүй, тэр байтугай хэмжилт тандалт, эрэл хайгуул хийж болохгүй гэснээр Бурхан уул монголчуудын зүрх сэтгэлд ариун дагшин газар болжээ.

Бүртээн эргүүлж авахын тулд Тэмүжин журамт эцэг Ван хан болон үнэнч анд Жамухаас тус дэм үзүүлэхийг хүсчээ. Ванхан бол Монголын Хэрэйд аймгийн эзэн хан, Жамуха харин Монголын Тайчууд(?) аймгийн тэргүүн билээ. Ван хан Есүхэй баатартай найртай явснаан бодож, Жамуха хүүхэд ахуй цагтаан Тэмүжинтэй “анд” барилдсан (анд гэх нь Монгол хэлний “ах дүү” гэсэн шиг утгатай) тангаргаан санаж Тэмүжингийн хүсэлтийг хүлээн авсан агаад бүр ч илүү чухал нь гэвэл Мэргидүүд бол тэдний Монголын өндөрлөгийг эзэрхэн эрхшээхэд нийтийн дайсан болж байсан хэрэг юм.

Тэмүжиний өрнөн дэгжирсэн хийгээд эзэрхэн эрхшээсэн үйл хэрэг нь санаа нийлж нэгдээд эхнэрээн эргүүлж авснаас эхтэй, эхнэрээн эргүүлэн булааж дайлан дийлж авсан нь түүний аугаа их үйл хэрэг байсан юм. Эхнэрээн эгүүлж авахаас өмнө Тэмүжин хүнд хүчрийг үүрч зовж зүдэрсэн нь өнчин хүүгийн бага насны зовлон бэрхтэй цаг байсан бол эхнэрээн эгүүлэн булааж авснаар Тэмүжиний Монголын өндөрлөгийг нэгтгэх үйл хэргийн эхлэлийг тавьсан байдаг.

Тэд цэргээ гурван зам хувааж Мэргидийн өвөлжөө бууцыг бүчин бүслээд ширүүн байлдаан хийсний сүүлээр мэргидүүд цохиулан сүйрч, Тэмүжин алдаж явуулаад жил гаруй болсон гэргий Бүртээн буцаан булааж аваад, Ван хан Жамуха хоёр харин асар их эд баялаг хүн хүчийг уулгалан авчээ. Тэр явдлаас хойш Тэмүжиний ойр хавьд цуглан ирэгсэд улам улмаа олон болж, хээр талын тэргүүлэгчийн сүр хүчин өдөр ирэхүйеэ өргөжин тэлээд, хэдэн жил бололгүй тэр бээр Монголын Хиан аймгийн хаанд өргөгдөв.

Манай эриний 1217 онд Чингис хаан их жанжин Сүбээдэйд Мэргидийн үлдэгдлийг үргэлжлэн нэхэмжлэхийг зарлиг болсон агаад энэ үед мэргидүүд өмнөд Оросын Хивчаагийн хээр талд дайжин хүрсэн байв. Сүбээдэйн аян дайны ажиллагааг Чингис хаан ийн тайлж хэлж өгчээ.

“...Харин харвалцаж уургат хулан, сумт буга болж одов. Тэднийг жигүүрт болж нисч тэнгэрт гарваас шонхор болж нисч эс барих уу, тарвага болж хумсаараан малтаж газарт орвоос царил болж цоолж эс хүрэх үү. Би эртээс ясандаан янгинатал хорсов! Тэр цаг дор би Бурхан ууланд шурган орж, гарц зам саатуулж, амиан хоргоож явахад нас бага, дотроон айж бачимдаж байлаа. Өнөө болоход ам тангаргаан бодож он удаж сар хоног өнгөрсөн ч тасралтгүй хөөж нэхэмжлэх ёстой!...” (“Юань улсын судар”)

Энэ бол Чингис хааны монголчууд Европ руу хүрч очихын уг шалтгаан бөгөөд Тэмүжин насан багадаан сэтгэлийн гүнд хадагдаж үлдсэн мэргидүүдийг өшин хорсох атаа хорсол Европын гай гамшгийн эх үүсвэр болсон хэрэг болно. Баруунаа дайжин одсон мэргидүүд тэнд бүрэн эрхшээгдсэний дараа Европ монголын сумны харвалтанд өртөх болж, “тэнгэрийн ташуур” дахин эргэлдэж эхлэв!

Онон мөрний хөвөөнд нэгэн өчүүхэн эрвээхэйн далавч дэвсэн нь эцсийн эцэст XIII зууны дэлхийн түүхэн дэх “Монголын салхи шуурга”-ыг хөдөлгөж тэр хүчит шуурга даян дэлхийн үндэстнүүдийн байршил байдлыг хувирган өөрчилсөн болохыг үүнээс үзэж болно.

Түүх хэмээгч нь ер нь санамсаргүй хийгээд гарцаагүй хоёрын нэгдэл бөгөөд түүх нь ямагт санамсаргүй өчүүхэн явдлын хэлхээ холбоот хувьсал өрнөлт байдаг авай. Өөрөөр хэлэхүл давалгаалан долиглох дэлхийн түүх нь даажигнан тохуурхагч хүн төрөлхтний иргэншлийн өрнөл агаад угийг нь ухаж, үндсийг нь гаргах бололцоо боломж  хэзээ ямагт байсаар байдаг болой. Түүх гэдэг нь огтхон ч далд чанадын зүйл биш, түүх хэмээгч нь хүний мөн чанарт оршин, хүний хүн ёсноос үүдэн, эцэстээн хүний угийн тэр чанарт уусан шингэдэг ажим. Түүхийг тандан судлана гэдэг нь хэрэг дээрээн хүний мөн чанарыг тандан судлах явдал болно. 

Бид Хятад үндэстний иргэншлийн үүсэл гарлыг эрж хайх замаар замнахад тэр даруйд нэг зангилаа чухал сонголт хийх асуудалд тулж очих бөгөөд хүний мөн чанар нь сайн юм уу, эсвэл муу юм уу гэхэд хүрнэ. Хоёр өөр зам мөрөөс чи нэгийг нь сонгох хэрэгтэй болно. Тэр нь онхийн өөр түүхийн төрх төлвийг олж үзэхэд хүнийг хөтлөнө. Гэтэл кунзын сургаалтны “хүн эхлээд угийн чанар нь сайн байжээ” гэсэн үзэл ухагдахууныг иш үндэс болговол жинхэнэ ёсны хятад үндэстний иргэншлийн эх үүслийн хөгжлийн түүхийг тусган үзүүлэх арга чаргагүй юм. Эрин цаг түүх судлаачдаас хөг даныг нь өөрчилж уг үндсийг нь ухаж үзэхийг уриалан дуудаж байна.

“Мэргид” гэх нь умардын нүүдэлчин үндэстний нэн эрт цагийн үндэстний нэрийдэл юм. “Түүхэн тэмдэглэл. Хятадын уг эхийн дурсгал” гэдэг сударт гарсан авч “Мижу” буюу “шигүү хулс” гэж тэмдэглэсэн байх юм. Монгол хэлний нэг онцлог гэхүл хэлийг нугалж дуудах нь олонтоо болохоор монгол хэлний язгуурын үндэстний нэрийн дуудлагад дунд нь ямагт  “R” авиа гарч ирдэг тул “Мижу” гэхэд “Миржу” (Мэйрчи буюу Мэрги) гэж дуудагдана. Энэ бүхэн бол өөр өөр ханз үсгийн дуудлагаар энэхүү алтай хэлний үндэстний нэрийдлийг дуудсан төдий хэрэг болохоос биш харин ханз үсгийн утгын талаас нь тайлбарласан хэрэг биш болох юм.


2. Гурван хаан, таван эзэн ямар хэлээр ярьдаг байв?


Хятад үндэстний иргэншил нь “Гурван хаан, таван эзэн”-ээс эхтэй бөгөөд эдүгээгээс 5000 жилийн өмнөөс ирэл гаралтай юм. “Гурван хаан” гэх нь Фүси, Шэннун, болон Хуанди гурвыг хэлж байгаа хэрэг юм. Тэдэнд нарийн тодорхой он цаг гэж байхгүй зөвхөн урьд хождын дараалал л байгаа юм. Цаг хугацааг нь ойролцоогоор мянган жилээр багцаалж байна. Түүний дараа “таван эзэн”-ий он цаг эхлэх ба цаг хугацаа нь ойролцоогоор 300 жилээр авч үздэг билээ.

“Фүси”-ийг бас “Тай У” гэх ба хамгийн анх “Чэнжи”-д (Өнөөгийн Гансу мужийн Тяншүйн орчимд) улс байгуулж, харин дараа нь дотор газар луу шилжирчээ. Төв нийслэл нь “Ванчию”-д (Өнөөгийн Хэнаны Хуайян-ы эргэнд) байжээ. Өгүүлэхээр бол тэд луугаар тотем болгодог, цэрэг армиа “Луугийн цэрэг” хэмээмой. Түүнийг луу тотемийн  уг эхлэл гэж үзэх ба домогт гарахаар бол найман хүлэл бас Фүси-гийн эх үүсэл юм гэнэ.

“Фүси” гэх нь үнэндээ бол умардын нүүдэлчин үндэстний овгийн нэрийдэл бөгөөд Хятадын түүхэнд ер хэзээ ч алга болсонгүй, өдий төдий газар өөр өөр дуудлагаар бичсээр Юань гүрнээс хойш ерөнхийдөөн “Уян” гэж дуудах болжээ. “Алтан улсын түүх Тайзү”-д “Ванъян” гэж бичсэн ба Алтан улсын тайзүгийн нэрийг “Ванъян Агда”  гэдэг санжээ. Алтайн нүүдэлчин үндэстэн эртнээс нааш овог үндэстний нэрээр нэрийдэл болгодог байжээ. Овог үндэстэн алга болохгүйн учир ийм хүний нэр  түүхэнд тасалдалгүй гарсаар иржээ. Фүси-гийн нэрнээс тэдний үндэстний төрх байдлыг бид үзэж болох юм. Тэд Алтан улсын тайзүгийн ярьдаг хэлтэй төстэй хэлээр ярьдаг байсан байж таарна.

“Зурхай”-д өгүүлрүүн, “Фүсид овог үгүй, Шэннунд овог буй” гэжүхүй. Үүний утга нь “Шэннун” Фүси-г залгаж  дараа нь эзэн ван болсон, Шэннун төр улсын тогтнол маш урт удаан гэсэн санаа болно. “Эзэн вангийн эрин цагийн дурсгал”-д тэмдэглэснээс үзэхүл мөн улсын түүх таван зуун жил удаж сая эзэн хаан нь үе солигджээ.

Хятадын эрт цагийн судрын таван хааны удиртгал өмнөтгөлд хэдэн зүйл өөр өөр тэмдэглэл байх ба харин Си Мачяны “Түүхэн тэмдэглэл. Таван хааны угийн дурсгал”-д тэмдэглэсэн таван эзэнд Хуанди, Жуансү, Дику, Таняо, Ушүн нар орно.

Хуанди бол энэ жагсаалтын эхэнд орно.

Эхлээд Хуандийн тухай өгүүлье. “Түүхэн тэмдэглэл”-д өгүүлснээр бол Хуандийн хүчээн авч мандсан нь хоёр удаагийн шийдвэрлэх дайнтай холбоотой ажээ. Өгүүлрүүн: “Өндөр дээдийн эрин цагт Шэннун овогтны эхэн дээдэс юм л бол харилцан хатгалдаж асан агаад, харин хамгийн халгаатай нь Чи Юу байжухуй...”,  “(Хуанди бээр) Яндитай Хөтөл булгийн хээр хөдөө дайтаж Шэннун бээр ялагдсанд Шэннун овгийн өмнөөс Хуанди болжухуй...”, “(Хуанди бээр) Жоулугийн хөндийд Яндиг хөнөөгөөд хожмын цагт өндөр дээд хэмээн өргөгдөж тэнгэрийн хөвгүүн болжээ...”, “Тэнгэрийн доор бүтэл муутан байсныг Хуанди бээр дайлан дагуулав...”, “Хуанди бээр нэгэн насанд “амар жимэр алхайж суусангүй”, эхнээс эцсийг хүртэл зүүнээ одож баруунаа хүрээд  аян дайн хийж амсхийгээгүй болой...”

Үүнээс үзэхүл Хуанди бөгөөс таван мянган жилийн тэртээх Чингис хаан байжухуй! Эрт цагийн “Улсын хэл”-нд тэмдэглэснээр, Хуанди болон Яндитай ахан дүүгийн харьцаатай байсан энэ нь мөн л гайхах зүйлгүй бөгөөд юун гэвэл Чингис хаан бас л эхлээд “анд” Жамухыг байлдан дийлээд дараа нь мандан дэгжирсэн байдаг билээ. Түүхэнд нүүдэлчдийн эзэнт улсын мандал бадрал нь ер нь дотоодын тэмцлээс эхэлсэн байдаг. Сүр хүчин тэнцүү дайсан байхдаан тэд “ахан дүүс”-ийн харилцаатай байснаан тулалдан ялж, тунан дийлээд тэгээд эзэрхэн жанжилж, эрхшээн авдаг байсан хэрэг.

“Хуанди бээр бас умарш Сүнюү-г (Хүннү) дайлаад” эцэстээн өргөн уудам эзэнт улсыг байгуулж, “Дорно зүгт тэнгис (Зүүн тэнгис) хүрч, өмнөш Мөрөнд (Хөх мөрөн) тулсан” нь аанай л Хуандийн “амар жимэр алхайж суугаагүйн” үр дүн болой. “Амар жимэр алхайж суугаагүй” гэдэг нь үнэн хэрэгтээн Алтайн нүүдэлчин үндэстэн эртний оршин тогтнолын арга маягтай зүйрлэх юм биш, тэд бол нэг газар тогтож суулгүй шилжин нүүж, амар заяагаан үзэлгүй байлдан тулалдаж, бүр тодруулж хэлвэл угаас нэг тогтсон газар идээшин суудаггүй байсан хэрэг. Чингис хаан “амар жимэр суусансан” билүү?

Аль ч өнцгөөс нь үзэхүл Хуандийн үеэс Чингис хааны сүүдэр тусч эхэлсэн хэрэг. Си Мачян хэлэхдээ, “(Хуанди) энд тэнд шилжин явсаар байнгын суух газар орон гэж юм байсангүй...”, “цэрэг цуухаар хуаран суурингийн хамгаалалт болгоно...” “Баруун зүүнээ ихээр хянаж цагдаад, түмэн улсыг түүнчлэн сахиму...”  гэжээ. Харин Чингис хаан суурин хүрээлж суухдаан мөн л “хишигтэн” (ордны харуул) цэргээр орд өргөөгөөн хамгаалуулж асан агаад энэ нь нүүдэлчин үндэстний эрт үеийн суурин суух арга маяг байв. Монгол хэлээр “Хүрээ” хэмээмой. XIII зууны перс хүн “Судрын чуулган” бүтээлдээ монголчуудын “хүрээ”-г ингэж дүрслэн бичсэн байдаг. “Монголчуудын овог аймаг ямар нэг газарт түр сууршин суувал тэд ер нь нэг тойрог үүсгэн суугаад овог аймгийн тэргүүн нь тойрог хүрээний төвд суух агаад үүнийгээн хүрээ хэмээлцэнэ. Дайсан этгээд довтлон ирвээс тэд ийм арга маягаар дайсныг угтан тосох бөлгөө.”

“Судрын чуулганд” бас монголчуудын цэрэг анги зүүн, баруун хоёр жигүүрт хуваагдаж эзэн хаан их голын цэрэг дотор явдаг гэжээ. Нүүдэлчдийн цэрэг анги ер нь зүүн, гол, баруун жигүүр болж байрлаад, эсвэл дэвүүр хэлбэрийг үүсгэх авай. Энэ бол бас үнэндээн бүхий л нүүдэлчдийн эзэнт улсын төр захиргааны тогтолцооны онцлог байдал юм. Хуанди бээр “зүүн баруун их хянагч”-ийг бий болгосон нь нүүдэлчдийн соёлтой холбогдоно. Хуанди бээр “түмэн улсыг түүнчлэн хянаж” чадах агаад энэ нь тариалан эрхлэн суурин суудаг үндэстний эрхшээн чадах цэргийн чадвар биш, ер ийм байдал Хан үндэстний байгуулсан төр улсын үед угаас ер гарч байгаагүй байдаг.

Эзэн хаан бөгөөс алив үндэстний дүр төрх болох тул түүний өндөр их алдар нэрнээс үүнийг олж үзэж болохын дээр түүний  дээд их алдар хүндийг  “хувилгаан  агшны орон” хэмээх ба машид байлдаанч болно. Түүхийн судар тэмдэглэлд өгүүлснээр “хувилгаан агшны орны цэргийн эрдэм чадвар” нь гурван үеийг дамжин элсэн гэх атал хожим алдагдан алга болжээ. “Хувилгаан агшны орон” нь “Зүрчи” хэмээмой. “Судрын чуулган”-д тэмдэглэснээр энэ бол монгол хэлний зүрчин гэх үгийн дуудлага болой.

“Байлдаанч улсын бодлого”-д “Хүннүгийн шаньюү Си Аочи бас Ян Ваншү” гэж тэмдэглэжээ. Энэ “Си Аочи” гэх нь мөн л “Зүрчи”-ийн өөр бичлэг болно. Жингийн сүүлээр өмнөд Хүннүгийн их шаньюүн алдар их нэрийг “Чи Утун” хэмээх агаад тэр бээр хожим өмнө зүг довтолж “Умард Хан” улсыг байгуулжээ. Энэ “Чи Утун” гэх нь мөн л “Зүрчи” гэхийн өөр нэг бичлэг байх ажээ. “Мингийн түүх” сударт Монголын ойрад аймагт “Гүйлич” хаан гэж байсан хэмээн тэмдэглэсэн нь мөн л “Зүрчи”-ийн өөр нэг бичлэг байх аж. Ийм өөр өөр бичлэг нь өөр өөр ханз үсгээр Алтай язгуурын үндэстний нэрийн дуудлагыг тэмдэглэсэн байх ба үндэсний нэрийдэл болгосон нь Алтайн нүүдэлчин үндэстний өвөрмөц том бэлэгдэл болжээ. Хуанди бээр “хувилгаан агшны орон”-той төстэй хэлээр хэлэлцдэг байсан байж таарна. Тэхгүй бол тэр яахан дайн байлдааныг удирдан зааварлах билээ?

Жуансү таван хаан дотроо хоёрдугаарт жагсана. “Түүхэн тэмдэглэл”-д өгүүлэхээр “Жуансү бөгөөс Хуандийн ач омбол, Хуандийн суурийг залгав” гэсэн авч харамсалтай нь Си Мачян түүний талаар тэмдэглэсэн зүйл даанч бага байх ажээ.
“Жуансү” гэдэг энэ хоёр үсэг бол хүний нэрэнд тусгайлан хэрэглэдэг үсэг гэдгийг бид мэднэ. Түүний угийн дуудлага нь ямар байсан бол? Бичээчийн үзэхээр бол зөвхөн үсгийн дүрсийг хувааж салгаж байж л дүгнэлт гаргаж болно. Дээрх хоёр ханз үсэг хоюул дүрсээр дуудагдах үсэг, харин үсгийн дуудагдах дүрсийн  хажууд нь “页”үсэг тавьжээ. Хоёр үсэг хоюул уг нь адилхан дуудагдаж байсан байж болох юм. Хэрэв “Xu,xu” гэж дуудвал “......” гийн өөр бичлэг болно. Энэ бол Алтайн нүүдэлчин үндэстний гарамгай удмынхны нэрийдэл болох агаад Хятадын эртний түүхэнд олон зүйлийн өөр өөр бичлэгтэй байдаг.

“Вэйгийн судар” дотор “Сүсүгийн цадиг” гэж байх агаад түүнд өгүүлэхээр бол “Сүсү бол Дунху (зүүн ху нар. Ц.С)-гийн салаа удам болой” хэмээмү. Хүннүгийн нэг төрөл, үнэнийг хэлэхүл Сяньбийн салаа салбартай нэг гарал, төрлийн харьцаатай, гагцхүү Монголын өндөрлөгийг эзэрхэн булаалдах явцын дунд харилцан дайсан болжээ.

Умард Вэй улсын үеийн сүсү нар цагтаан өргөн уудам хээр талын эзэнт гүрэн байгуулсан агаад улсын нэрийг нь “Жужан”, дотор газрыг эзэрхэхээр орохыг оролджээ. “Сүсү нар” юм л бол умард Вэй улстай дайсагналцдаг байж. Вэйгийн хүний бичсэн түүхийн номд мэдээж хэрэг тэднийг гутаан дооршоодог байсан тул үндэснийх нь нэрэн дээр “өт хорхой” гэдэг үг нэмдэг байжээ. Гэтэл “Сүсү нар” угаас ханз үсэг хэрэглэдэггүй, бас хятадаар ярьдаггүй болохоор энэ байдлыг угаас эс мэддэг байсан байж таарна. Тэд нар адилхан аян дайн, дээрэм тонуулаар амь зуудаг байсан болохоор ингэлээ гээд тэд цөм сул дорой, ичгүүртэй өт хорхой болчихоогүй нь мэдээж хэрэг. Түүхийн ном судрын тэмдэглэлээс Сүйгийн төр хүрч иртэл тэд мөн л Монголын өндөрлөгийн нэг хүчирхэг үндэстэн байсаар байсан бөгөөд зөвхөн “Сүйгийн судар”-т энэ үндэстний нэрийдлийг “Рүрү” гэж тэмдэглэсэн хэдий ч мөнхүү хоёр зүйлийн дуудлага адилхан юм.

Таван хааны үеийн ханз үсэг дөнгөж соёолж гарч байсан үе болохоор тийм олон арвин дүрсийн дуудлагатай үсэг байсан байж таарахгүй, харин хамгийн анхны үсгийн тэмдэгтүүд нь цөм л дүрсийн үсэг бөгөөд дүрсийн дуудлагатай үсэг ханз үсгийн хөгжлийн хожуу үед сая гарч ирсэн байх ёстой гэдгийг мэдвэл зохино.

“Жуанси” гэх хоёр үсэг хожмын хүмүүс эрт балрын эзэн хааны нэрийг тэмдэглэхээр тусгайлан зохиосон ханз үсэг гэдэг нь илэрхий юм. Ханз үсгийн уг анхны дуудлага өөр болсны шалтгаан маш олон боловч энэ хоёр тусгайлан хэрэглэсэн ханз үсгийн дуудлага өөрчлөгдсөн нь магадгүй кунзын сургаалтнууд санаатайгаар үйлдсэн хэрэг байж мэдэх ба хүннүг “Сүсү” гэдэг сэжиг эргэлзээнээс зайлсхийхээр энд нэгэн зүйлийн нарийн ээдрээтэй үндэстний сэтгэл зүй, онолын талын хэрэгцээ шаардлага байсан байж болно. “Сүсү” гэдэг энэ үндэстний нэрийдэл нь үнэндээн ерөөсөөн устаж алга болоогүй, явсаар явсаар Нурхачийн цаг үеийг хүрээд аанай л зүрчиний том овог болсон, Чингийн түүхэнд “шүшү” (тааваар, дураар гэсэн утга.Ц.С) гэж бичсэн, тэр ч байтугай ”Шүшү гүрү” овог байсан нь хэдийгээр Чингийн хаадын удам угсаатай төрлийн холбоотой ч гэсэн цусан төрлийн харьцаа нь нилээд холдсон байжээ.

Ди Кү гуравт жагсана. “Түүхэн тэмдэглэл”-д өгүүлснээр, түүний эцгийн нэр “Жяо Жи” гэх, энэ нь мөн л “Зүрчи” гэдэг үгийн өөр бичлэг гэдэг нь илэрхий. Бас өгүүлрүүн, (Ди Кү) Жү Зи овогтой гэргий авч, үнэнчээр амьдраад, Ди Кү хальсан ч үе улиран оршив. Энэ “Жү Зи” мөн л “Зүрчи”-ийн өөр бичлэг, тэд болохоор ямагт үндэстний нэрийдлээрээ нэрээ болгож дассан, нэг нэртэй нэг овогтой байх нь гарцаагүй зүйл болох тул эртний хүмүүс нэг нь нөгөөгөөсөө ялгарахын тулд аргагүй эрхэнд өөр өөр ханз үсэг хэрэглэж, үндэстнийхээ нэрийг дуудаж байснаас өөр өөр бичлэг буй болжээ.

Ди Кү-гийн суурийг залгагч “Жи” (Үнэнч. Ц.С) бээр сууринд есхөн жил суугаад өөр хүнээр халагдсан, сууринд суусан хугацаа нь богинохон болохоор “Таван хаан”- зэрэгт багтаж орж чадаагүй байдаг. Си Мачян чухам ийм асан болохоор “Дайли” (орлон суугч. Ц.С) гэж тэмдэглэсэн байх ба утга нь ердөө л “Үнэнч” завсрын хүн гэсэн санаа юм. Тэр чухам хэрхэн хүнд хүчирхэгдэж хааны суурийг булаагдсан тухайд тэмдэглээгүй болохоор бидэнд мэдэх аргагүй юм.

Энэ нь кунзын сурталтны “хүндлүүлэгч бээр цээр хүлээнэ” гэх ойлголттой холбоотой байж таарах агаад, учир нь гэхүл суурийг булаан авагч нь яах аргагүй кунзын сургаалтны онол ухаанд байдаг “гэгээн хүн” гэгдэх Тан Яо байжээ. Түүний нэрийг “Жи” хэмээх ба магадгүй хожмын хүмүүс түүнд нэг нэхэн өргөсөн цол өгсөн юм байх. Үсгийн утгаас нь хөөж үзэхүл эзний эрхийг булаагаад тавьсангүй гэх утга байх нь үхсэн ч амьд ч “тушаалаан эрхэм хүнд эс өгнө” гэсэн санаатай бөгөөд энэ хүн бээр тэрсэлдэн хүрээд Тан Яо-гийн зэвсгийн хүчинд харгаад суудлаасаан бууж байж сая хэн ч биш болсон нь лавтай.

Ди Яо дөрөвдүгээрт жагсана. Түүхийн сударт тэмдэглэснээр тэр бөгөөс “Жи”-гийн эх ондоотой дүү, цагтаан Жи-д Тангийн хойч гэгдээд “Тан Яо” гэж нэрлэгджээ.

Си Мачяны тэмдэглэлээс үзэхүл Ди Яогийн хүчирхэг мандсан үеийн улсын байдал Хуандийн үеэс давж, өгүүлрүүн, “Ди Яо бээр түмэн улстай нэгдэж, зарлиг туурвиж  хошуу байгуулан, умардад сууж, эчнээ нийслэлд  байжухуй”

Энэхүү “эчнээ нийслэлд байжухуй” гэдгээс үндэстний төрх байдлын тухай нэн чухал мэдээг олж үзэж болох ба “Уул усны судар”-т өгүүлэхээр бол “Умард тэнгисийн дотоодод Шан нэртэй нийслэл аж ахуй...”, эрт цагийн “Умард тэнгис” гэх нь Байгал нуурыг хэлэх бөлгөө. “Умард тэнгисийн дотоодод” гэх нь Умард тэнгисийн өмнөдөд гэсэн утга, юу гэхүл энэ бол дотор газрын хүний газар зүйн ойлголт төсөөлөл болох юм.

Энэ нь Ди Яогийн “эчнээ нийслэлд” гэх нь Монголын өндөрлөгийн төв хэсэгт байх Хэнтийн уулнаа болсон хэрэг гэсэн үг болно. Хэнтийн уул бол нэгэн усны хагалбарын хөвч хангай, Хэнтийн уулнаас эх авч умарш урсах голын урсгалууд нь цөм л умарш одож Байгал нуурт цутгадаг. Хэнтийн уулын өмнө этгээдэд тэгш дор өргөн уудам тал газар байх ба эрт урдаас нааш умард хүннүгийн хааны удмынхан оршин суудаг газар орон байжээ. “Эчнээ нийслэл” гэх нь “Орд” (ordo) гэх бөгөөд монгол хэлний угийн утга нь “Хааны цацар” болно. Энэхүү эчнээ нийслэл буюу “Ёуду” гэх нь авианы дуудлага, утгын орчуулга хоёрын цогц нэгдэл бөгөөд учир юун гэхүл дотор газрын хан үндэстний ойлголтоор энэ нь гүн аглаг, айж сүрдмээр, ул мөрийг эрж олохуйяа бэрх газар бөлгөө.

Чухам юуны учир түүхэнд нэр үлдсэн нүүдэлчдийн эзэн гүрнүүд цөм өөрийнхөө “Орд”-ыг Хэнтий уулын хормой хөлд байгуулдаг байсан юм бол?  “Күл тегиний хөшөө”-нд түүний нууцыг тэмдэглэхдээн “Дужиншан (Хэнтийг хэлж буй)-аас илүү сайн газар гэж огт үгүй, хээр талын олон овог аймгийг үр ашигтай эзэрхдэг газар орон бол Дужиншанд буй” гэсэн байдаг.

“Күл тегиний хөшөө” бол Тан гүрний үеийн (Түрэгийн) Билгээ хааны босгуулсан хөшөө, тэрээр хөшөөний бичигт түүний суурийг залгамжлагч хийгээд өөрийн үр ач нарыг сануулаад, ордыг өмнөдийн нутагт, эсвэл баруун өмнө чигт байх Зүүнгарын тэгш тал нутаг руу  шилжүүлэх гэж оролдож хэрхэвч болохгүй, учир юун гэхүл зөвхөн Дужиншанд л байх аваас Монголын өндөрлөгийн зүүн баруун хоёр жигүүрийг эзэрхэн барьж байх хамгийн шилдэг байрлал мөн. Чухам энд л сахин суувал зүүн барууныг эрхшээж, өмнөд умардын тухайд түрж болно, ухарч болно. Хааны ордыг эндээн байлгавал дотор газрын бүс нутагт заналхийлж, дарамталж болно бас өнөөдөр олон цэргээр үлдсэн газрыг хураан захирч болно, Монголын өндөрлөгийг эрхшээе гэхүл, дотор газрыг түрж оръё гэхүл энэ газар бол зайлшгүй сахиж байх ёстой эрдэнийн газар болой.

Ди Яо энэ газрыг тун ч ихээр анхааран үзэж байсан нь илт бөгөөд тэр үед Монголын өндөрлөг дэх Хүннү нар бараг бүгдээр Ди Яо-д эрхшээгдсэн эсвэл Ди Яо өөрөөн угаас “Эчнээ нийслэл”-ээс өмнөш шилжин ирсэн байж таарна.

Тэгвэл “Хэшү” гэдэг нь юу юм бол? “Хэшү” буюу “Хэшуо” гэх нь манжийн зүрчин хэлээр “Hoso” гэх ба “толгой” гэсэн утгыг (“Алтан улсын түүх. Төрийн хэлний тайлбар”-т үүнийг жич тайлбарлажээ) хөөж задалвал “Нэг улс, нэг хошуу, нэг зэрэглэл” гэсэн утга болно. Умард Алтан улсын хаант улсад “Хошоо” гэх нь “язгууртны доторхи язгууртан”, засаг баригч чин вангийн давхар түшмэлийн хүндэтгэлийн цол хэргэм болно. Нурхач амьд сэрүүндээ “найман хошуу”-ны нийтээр захирах эзэн вангийн шинэ тогтолцоог бий болгон тогтоожээ. Түүхэнд “хэшү” гэж бас үндэстний нэрийдэл болсон байдаг ба Баруун Ся-г бас “Хэшэн” гэж нэрэлж байсан нь үнэндээн нэг нэрийн өөр өөр бичлэг юм. Монголын Юань гүрний үе болж ирэхэд монголчууд Гансу болон Хөхнуурын тангуд хүнийг мөн л “Хэшэн” (Хашин) гэж нэрлэж байжээ.

Ди Яогийн цагт эчнээ нийслэлд суун асан нүүдэлчин үндэстний тэргүүнүүд “хэшуо” гэдэг нэр цолтой байсан бөгөөд эсвэл өөрсдийгээн “хэшэн” гэж нэрлэж байсан байж мэднэ. Ди Яо “зарлиг туурвиж хэшү тогтоов” гэх нь “Хуулиар хошууг тогтоов, “Хошууг сануулан хэлэв” гэсэн үг болох юм. Ди Яо дотор газар орсныхоон сүүлээр энэхүү умардын “Орд”-оо төрөл төрхөмдөөн шилжүүлэн өгч харуулж хамгаалуулсан байж болно.

“Ёуду” болон “Хэшү” гэх нь авианы дуудлага, утгын орчуулга хоёрын цогц нэгдэл, энэ мэт ийм цогц нэгдэл нь “Түүхэн тэмдэглэл”-д хаа сайгүй  тохиолдох агаад  юм л бол хүнийг нэгэн шүүдрийн дусал мэт болгосон байх атал түүхийн үнэн мөн түүн дотор уусан хадгалагдсан байх авай. Түүнээс гадна түүхэнд газар хагалж тариалдаг хан үндэстний байгуулсан төр улс нь угийн төрх байдлаараан умар зүг рүү тийм гүнзгий нэвтэрч хүрсэнгүй бөгөөд энэ нь бас “Тан Яо бол газар хагалан тариалдаг суурин үндэстнээс ирэл гаралтай байж чадахгүй” гэдгийг гэрчилж байгаа юм.

Ди Шүн таван хааны дотор тавд жагсмой. Бас У Шүн хэмээмой. Яо болон У гэх нь хаан ширээгээн харилцан найр тавьсан үлгэртэй, гэтлээ бас күнзын сургаалтнуудад магтагдсан төдий. Энэ хоёр хүн кунзын сургаалтны номлолд “гэгээн хутаг хүн” хэмээгдэнэ. “Яо Шүний эрин цаг” хэмээгч нь мөн л нийгэм улс төрийн өгүүлэхүйеэ нэн сайхан төлөөний нэр үг, Яо Шүний эрин цагт эргэн очих нь кунзын сургаалийн номлолын эцсийн хөөцөлдлөгө, Кунзын сургаалтны өгүүлсэн омог төгөлдөр байр суурь нь Яо Шүний хаан ширээгээн харилцан найр тавьсан явдлыг сэжиглэхийн аргагүй түүхийн үнэн болгосон байдаг.

“Түүхэн тэмдэглэл”-д ингэж тэмдэглэсэн байдаг. Ди Яо хөгширч, хүү нь “Дан Жу” үнэнч бус тул эзэн хааны суурийг хэнд шилжүүлэн өгөх нь Ди Яо-гийн сэтгэлийн өвчин болжээ. Тэгээд нэг хүн Ди Яо-д У Шүн-ийг санал болгосонд энэ У Шүн ер үнэнч шударгуу хүн мөн үү биш үү туршиж үзье хэмээгээд Ди Яо хоёр охин болох “Э Хуан” (Гуа эзэгтэй. Ц. С) болон “Нү Еин” (Эзэгтэй баатар. Ц.С) хоёрыг Шүнд эхнэр болгож өгөөд “хоёр охинд хэрхэн хандахыг нь” харахаар болжээ. Түүнээс гадна Ди  Яо бээр бас өөрийн 9 хүүгээн Шүний хажууд хамт байлгаж, түүний ёс журмыг үзэж харахаар болж гэнэ.

Ди Яо бас Шүнээр “тэнгэрийн хүүгийн бодлого явуулуулж”, дөрвөн зүгийг харуулдан сахиулж, ав хоморго хийлгэж, цаазын ёсыг тодорхойлуулж гэнэ. Шүн бээр ”Алтаар ял золих” дэглэмийг анх удаа тогтоосон нь гувчуур төлж гэмээн цайруулах, үнэ өртгийг илээр тооцох болгож чанд хатуугаар үйлдэх болжээ. Шүн бээр бас “таван насанд нэгэнтээ ав хомрого хийх” ёсыг тогтоосон нь таван жилд нэг удаа олон бүгдээр Шүний тогтоосон газарт хуран цуглах дэг ёс болжээ.  Тэгээд “дөрвөн зүгт тэнгэрийн доорхыг эрхшээж”, Шүний их алдар ертөнцөд мандаад, нэр сүр нь тэнгэрийн дор түгжээ.

Энэ бол үзтэл “арга гаргаж” нэрийг олсон хэрэг биш, харин жинхэнэ ёсоор тэнгэрийн доорх эрх дархыг эзэлсэн явдал болжээ. Си Мачян тэмдэглэхдээн, “Яо бээр сууринд 28 жил суугаад элэв”, тэр завсар Ди Яо хэдэнтээ Шүнд эзний эрхийг өгье гэсэн боловч “Шүн бээр сэтгэлдээн үл таалав” хэмээсэн үүний утга нь Шүн бээр ёс суртал нь нэн өндөр тул их суурийг эс аваад, Яо суурийг түүнд өгөх нь гэж сонсоод нүүрэн дээр нь баясал эс үзэгдэв гэнэ.

Хятадын түүхийн талаар бага ч гэсэн мэдлэгтэй хүн ч Кунзын сургаалтны иймэрхүү үг ярианд итгэхгүй билээ. Юу гэвэл ийм эзэн суурийг найр тавьсан гэх улс төрийн арга башраас хойш үй түмэн үйл явдал болж өнгөрсөн атал Яо Шүний нэрийг дурдсан нь анхны удаа ажээ. Жинхэнэ үнэн түүх нь бараг доорхи мэт байсан болов уу.

Ийм их сүр хүчин төгөлдөр Ди Яо хожим болж ирээд нэгэн харьяат аймгийн тэргүүнд дөрлүүлж, элэг доог болоод Яо бээр өөрийн амийг өмгөөлөхөөр хоёрын хоёр охиныг  Шүнд өгсөн байх нь. Яогийн эрхэм түшмэл юм бол, хэрэв Яо түүнд нэг л охин өгвөл нэн зохистой, эзэнд хүргэнийг эвээр татсан хэрэг явдал Хятадын түүхэнд өдий төдий байдаг боловч нэгэн зэрэг хоёрын хоёр охиныг нэг хүнд гэргий болгож өгсөн нь арай ч байж боломгүй, даан ч арга ядсан явдал болно. Яо 9 хүүтэй атал хэнд нь ч суурийг үл өгсөн нь Шүнтэй тэднийг тэнцүүлэхийн аргагүй байсан гэсэн үг. “Яо бээр хоёр охиныг Шүнд эхнэр болгон өгч өврийг нь тэмтрүүлээд, 9 хүүгээн хажууд нь хамт байлгаж гадна талыг нь тандуулсан” нь Яо-гийн нэгэн зүйл “улс төрийн сорилт” байсан биш харин үнэнийг хэлэхэд улс төрийн эмгэнэлт жүжиг тавьсан хэрэг, мөнөөх Ди Яо тийм тартагтаан тулсан гутамшигт байдалд хүрсэн  явдал байжээ!

Эрт цагийн “Хулсан ном”-д үүнийг жишиж өгүүлсэн нь: “Яо-гийн суртал доройтоод Шүнийг яллах гэжээ. Шүн харин Яог яллаад, Дан Жу-г хязгаарт илгээж, эцэгтэй нь уулзуулсангүй” гэжээ. “Түүхэн тэмдэглэл”-д бас өгүүлсэн нь “Яо сүйдээд......Шүн Дан Жу-г  өмнө голын өмнө гаргаж холдуулжээ” гэсэн нь Ди Яогийн хүү “Дун Жу” Шүнд баригдаж алс холын “зэрлэг буйд” газарт цөлөгджээ гэсэн үг болно.

Энэхүү “Дан Жу” бол үнэндээн “Тайж” (titsi)-гийн өөр бичлэг. Манж хэлний “тайж” гэх нь чин ван гэсэн утгатай. Манжийн түүхийг үзэж уншсан хүн “тайж” гэхийг мэдэхгүй гэж байхгүй, Чин төрийн түүхийн материалуудад маш их давтагдаж гардаг юм. Үнэндээн Чингис хааны өвөг дээдэст “тайж” гэдэг цол хэргэм бас байжухуй. “Монголын нууц товчоон”-д “тажи” гэсэн төдий.

Шүн-ий нэгэн насны явдал нь Чингис хааныхтай тун ч төстэй авай! Шүн бээр бас л өндөр дээд ирэл гаралтай, тэр Жуансү эзний хойч үр, зөвхөн дундаан хүрээд доройтож, Шүний үе болоход “цөм өчүүхэн боол зарц болжээ”. Шүний төрсөн эх нь эрт нас барж, хойд эх нь “Сян” гэдэг нэртэй хөвгүүнтэй байжээ. Хойд эх нь Шүнийг адлаж, олонтоо хороох тохиол хайжээ. Учир нь Шүн амьд байвал түүний “Сян” хөвгүүн айлын хэрэг явдлыг өвлөн залгахад гол саад  тотгор болох байв гэнэ. Гэвч Шүн бээр ухаан сэргэлэн, тамир тэнхээтэй тул олон удаа үхлээс дайжин гарчээ. Чухам л ийм идэр залуу насан дээрээн хүнд хүчрийг туулж гарах туршлагатай болсноор тэд хамтдаан шийдвэр зориг, чанд хатуу зан чанарыг эзэмшиж эцэстээн их үйл хэргийг бүтээжээ. Тийнхүү “Дан Жу” давагдаж, тэнгэрийн доорхи тэр мэтээр Шүнд сүжирчээ”. Энэ “давагдаж” гэдэг нь “хөөгдөж гарчээ” гэсэн утга болно.

Шүн бээр эрт цагийн монгол хэлээр ярьдаг байсан нь илт бөгөөд Учир нь эртний бичигт Шүний эхийн нэрийг “”водэн” хэмээмүй. “Водэн” гэх нь монгол хэлний “хэдүн” гэхийн өөр бичлэг юм. Монгол хэлний утга нь хааны хатан эсвэл гэргий гэсэн үг болох юм.

“Түүхэн тэмдэглэл”-д өгүүлснээр Ди Шүний хошой түшмэлийн нэрийг “Баи” хэмээсэн бөгөөд баи хэмээгдэгч  Ди Шүнд төгс төгөлдөр ёсны цаазыг бүтээж өгчээ. “Баи” гэх нь “Баян” гэхийн өөр бичлэг, монгол хэлээр бол баян эрхэмсэг, ухаан саруул гэсэн утга болно. Түүхэнд “Баян” гэх нэртэй хүн нэн олон гарах бөгөөд тэдний нэг нь ч хятад хүн байсангүй. Хубилайд өмнөд Сүн улсыг мөхөөж өгсөн жанжин бас л Баян гэдэг нэртэйг бид санах ёстой.

Учир нь Ди Шүн бээр цагтаан бас нэг “У” гэх нэг албаны  хэргэмтэй байсан болохоор мөн л “У Шүн” гэж нэрлэгдэж байсан аж. Тэр бээр “У” хэмээх газарт эрхшээгдэж байсан хэрэг огтхон ч биш, энэ бол ердөө л нэг язгууртны нэрийдэл, үүнийг “Ёсны ном, Шүн-ий судраас уг баримтыг үзэж болно. “Эзэн өгүүлрүүн, За, зөвшилдье!  И чи бээр эзэн хаан бол! Тэргүүнээ бараалхан байцаагдах болов уу. Жу ху-г (Улаан барс) дагаж, Шюн Пи-д (өтөг баавгай) тал өг”. Ди Шүн өгүүлрүүн, И (Ди Шүн-ий их түшмэл) чи эдүгээ миний “У” хэргэмийг хүлээн авагтун! И өвдөг сөхрөн, толгой гудайж, энэ цол хэргэмийг Жу Ху, Шюн Пи-д өгөх болов уу. Үзэхүл У бөгөөс эрхэм язгууртны цол хэргэм, харин газрын нэр бус болой” гэжүхүй.

Энэ ямар гээчийн нэг цол хэргэм  буй? Бид “Ляо улсын түүх”-ээс уг сүвэгчийг олж болно. Ляо вант төрийг байгуулсан “Елу Абужи”  “Юү Юе” гэх энэ эрхэм язгууртны цол хэргэмийг үе улируулан залгамжилсан бөгөөд энэхүү цол хэргэм Ляогийн төрийн үед мөн л оршин байсаар байжухуй. “Ляо улсын түүх”-энд өгүүлрүүн, “Юү Юе, эрхэм түшмэл, их гавьяагүй бол эс соёрхоно. Өмнөд умардад суугч их вангийн дээр байна”. Үүнийг бичээчийн үзэхээр бол “У” гэхийн угийн дуудлага нь “Юү Юе” мөн. Шүн бол угтаан Ди Яо-гийн “Юү Юе” болно. “Мэнзы. Эрвэн сэрвэн” сударт өгүүлрүүн “Шүн бээр Дун И-гийн хүн болой.” гэжүхүй. Шүн-ий овог аймаг Ляодунгаас ирсэн. Тэр бол Абужитай адилхан нэг хэлтэй байсан нь бүрэн бололцоотой юм.

Шүн бээр хожмын өдөр хүний оронд хүрч суух юм гэж зүүдэндээ ч мэдээгүй биз. Түүний түшмэл Да Юүжин өөрийн ёсоор биеэн зассанаар Яо-гийн эмгэнэлт явдал мөн Шүн-ий биед давтагджухуй. Хожим нь Шүн-ий эзний суурь Да Юе-д булаагдаж, Шүн-ий хөвгүүн “Шан Жүн” бээр буруудан буужээ. “Түүхэн тэмдэглэл”-д өгүүлснээр “Юү бээр Шүн-ий хөвгүүнд автсан нь Шүн Яо-д дагасан мэт ажгуу”. Эрх мэдлийг сэлгэсэн арга нь арга ядсан мэт.

Алтай язгуурын хэлтэй үндэстэн угсаатны нэрийдлийг задлан шинжиж үзэхүл бидэнд гурван эзэн таван хаан цөм л эрт балрын хүннүгийн үг хэлээр хэлэлцдэг байсныг няцаах учир шалтгаангүй ажим.







"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив