Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Золиос ба хүлээс-2
2015 оны 9 сарын 2 [Уншсан тоо: 60158]

Ухаан ба сэтгэл

Эртний үгэнд “Ухаан ихэдвэл сэтгэл дутна, сэтгэл ихэдвэл ухаан дутна” гэдэг. Өнөөдөр монголчууд ухаан сэтгэлийг тэнцүүлэх бус аль нэгийг сонгохоос өөр гарцгүй болов. Өршөөлийн хуулийн хоригийн тухайд ярьж байна.

Хэрэв сэтгэл ихэдвэл авилгачдыг өршөөнө, ухаан ихэдвэл өршөөхгүй. Дундын хувилбар үнэндээ байхгүй. Ухаан ихэдвэл ч ихэдтүгэй гэж залбирч байна. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр М.Энхсайханы дэвшүүлсэн “Авилгачдыг цээрлүүлнэ” урианаас эхлээд 2015 оны Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Өршөөлийн тухай” хуульд тавьсан хоригийг хүртэлх нэгэн арван жилийн улстөрийн тэмцлийн түүх бол нам намтайгаа бус харин авилгатай л тэмцсэн түүх юм.

Барилаа, хорилоо, харгислалаа, ардчиллыг булшиллаа, дарангуйллаа гэлцдэг ч үнэндээ АН эрх барьж байх үед л авилгатай арай л ширүүн үзэлцдэг, тэр романтизм нь заримдаа хэтрээд хүний өөрийн ялгалгүй хамдаг. Романтизм нь хэтэрвэл ч хэтэртүгэй. Намын авилгач гэж байдаггүй авилгач л гэж байдаг.

АН-ын дутагдалтай тал нь тууштай бус. Үлгэрт “ангас ангас гэж идвэл амттай байдаг, өмөг өмөг гэж идвэл өмхий байдаг” гэхээр амаа ангайлгаад барьсан хулганаа алдчихдаг үнэг шиг л барьснаа тавьчих гээд байдаг, лоббинд амархан автдаг. МАН бол барьдаг ч үгүй, тавьдаг ч үгүй, цаагуур нь авилгын буглаа нийгмийг хэрж, эцэстээ цусанд нь орох шахсан түүх саяхных. Үүнийг тогтвортой засаглал гэхэд хэцүү. МАН, АН-ын авилагтай хийх тэмцэлд ийм ялгаа бий.

Авилгатай тэмцэнэ гэсэн урианаас МАН–ынхан “цус үнэртэж байна” гэж сэжиглэж ёрлож байсан, удалгүй намын залуус нь нэгнээ хөнөөхдөө тулсан аймшигт хэрэг гарсан. Тэгсгээд л намжсан. Анх хэд дэхээ ч юм Ерөнхий сайд болохдоо Ц.Элбэгдорж үдээстэй цаас урж авилгатай тэмцэж эхэлсэн, гааль дахь авилгатай тэмцэж эхэлсэн, хэд дэхээ ч юм унасан. Ядаж ийм үйлдэл хийх зориг тэр үеийг хүртэл хэн гэдэг улстөрчид байсан юм бэ?

АТГ байгуулагдсан, нэг дарга нь үрэгдэж, нэг дарга нь шоронд сууж элдэв юм л болсон, чухамдаа энэ газар бий болсноос хойш авилгын хэргээр цагаан захтнууд “сууж” эхэлсэн. Авилгачид ардын хүүхдүүд шиг хилс ч байсан амаа хамхиад ачигдаад явчихдаггүй, шоронгоос өшөө авах байтугай өршөөл зарлуулж чаддаг улс. АТГ хяналтгүй дураар дургидаг, өртөг ихтэй тендерт шалгарсан компанийн эздийг “хууль бус л замаар авсан байж таарна” гэсэн үндэслэлээр дуудаж шахамдуулдаг авилгын бас нэг шинэ төрөл санаачилсан гэх мэт хэл ам байдаг, Ерөнхийлөгч захиалга өгөөд хомроглодог, ялсан намын зэвсэг болдог гэх мэт яриа хэл ам тасардаггүй нь АТГ-аас “түлхүүр гардсан” авилгачдын оролцоотой нь ойлгомжтой, тиймээс бага зэрэг алдааг нь засаад явбал зохилтой, харин авилгачид суувал ч сууг. Ялсан нам нь ялагдсан намынхаа авилгачдыг хомроголовол ч хомроголог. Намуудын хорихыг нь хориглож болохгүй, өршөөхийг нь өөгшүүлж болохгүй. Намын авилгач гэж байдаггүй авилгач л гэж байдаг, тиймээс буруу системийн золио болох буруу юм хийсэн хүн өөртөө гомдох ёстой.

Авилгыг сэтгэлээр биш ухаанаар л зогсооно. “Нүүргүй загнах нь шударгын шинж” гэж Равжаа хутагт хэлсэн. Ядаж нэг нам нь нөгөө намынхаа авилгачдад нүүргүй загнаж байвал ард түмэн л хожино.

Зарчим ба хувь хүн

Авилгатай хийх тэмцэл ямар их ээдрээ будлиантай, ямар хүнд хэцүү, хүн чанар хийгээд хүнлэг бусын заагийн хэрхэн эвдэж ирсний гэрч нь өнөө үеийнхэн бид өөрсдөө. Манай танайгаа ч ялгахгүй үе олон таарч байсан. Хүнд хэцүү шийдэл бүхэн эцсийн дүндээ хүн чанарт тулдаг нь хүний ниймийн ёс л доо. Харин авилга гэгч энэ адгийн тийрэн хүн чанарын ард нуугдвал дийлдэхээ болино.

Бүгд л харж байна шүү дээ, авилгачид “өршөөлд хамрагдах өдрөө хоног тоолон хүлээж байгаа алдаж эндсэн иргэдийг бодсон нийгмийн хүн чанарын ард” нуугдаж байна. Хэрэв бид сүүлийн 10 гаруй жилийн авилгатай хийсэн тэмцэлд олсон бага боловч ололтоо хадгалж үлдэе гэвэл албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хэрхэвч өршөөж болохгүй. Хэрэв өршөөх л юм бол монгол ялагдана.

Тиймээс хүн чанараас салгахын тулд бүгдээрээ нэг авилгачийн талаар ярихаа болъё “авилга хэмээх амьд организм, бий болсон бодат үзэгдэл, устаж мөхөхөөс амь тэмцэн зугтаж арга мэхээ шавхаж буй сүнс сүүдрийг” ярьцгаая. “Европт коммунизмын хий үзэгдэл тэнүүчилж байна” гэдэг шиг “Монголд авилгын хий үзэгдэл галзуурч байна”. Нэг хүний асуудал яриад л эхэлбэл гарцаагүй “хүн чанар” руу орно. Тэр ч байтугай сүүлийн үед ихэд идэвхжсэн “авилгачдыг чөлөөлөх” хөдөлгөөний олон идэвхтэн “өчүүхэн алдаа эндэгдэл гаргасан хамаатан садан, найз нөхөр, хамтран зүтгэгч танил талдаа л сэтгэл гаргаж байгаа” болохоос бус авилгыг үзэн яддаг түүнийг жигшдэг байх. Нэгийг чөлөөлчихвөл яав л гэж, манай хүн л буруугүй, буруутай ч “тун жаахан” буруутай, хэлмэгдсэн хүн, харин бусад авилгачийг бол шоронд нь хатаах хэрэгтэй гэж ярьж яваа олон танилтай хүн би.

Хөгшөөн ганц юм бичээд өгөөч, ганцхан хүний л тухай шүү дээ, надад их тус болж явсан гэмгүй хэлмэгдсэн юм хөөрхий, чамд дараа тус болох л хүн, тэр хүн биш юм гэхэд би туслаж чадна гэж олон хүн гуйж байна, энэ миний мундаг сайнд биш аргаа л барж байна шүү дээ тэд, хүнээ гаргаж авах гээд. Үнэндээ улстөрийн хүрээнд сайн муугаар хэлэлцэж хэрэлдэж явсан 10 гаруй жил бол яг энэ асуудалтай холбоотой хэдэн арван найз нөхөд, дайсан өстөн танилтай болгодог. Тэр тусмаа “ядарсан дайснууд” хамгийн түрүүнд ханддаг юм. Хэрэв дайснаа зөвтгөвөл бас л “хүн чанар ёс суртахууны давхар зөвтгөл” нөгөө талд “бонусаар” оногддог учраас.

Гэвч тэр болгонд нэг л хариу өгч байна. Энд хувь хүний тухай биш зарчмын асуудал тавигдаж байна шүү дээ гэж.

Нэгийг суллавал жишиг болж нийтээр суллагдана.Уинстон Черчилль “Нэг хүн үхвэл бөөн уй гашуу, сая сая хүн үхвэл зүгээр л статистик” гэсэнчлэн нэг авилгачийг яривал хүн чанарт тулна, нийтэд нь яривал зарчим л болно.Зарчим алдагдвал завхрал болно.Сайн авилгач муу авилгач гэж байдаггүй, авилгач л гэж байдаг.

Хэрэв хувь хүний асуудал болговол авилгачдын гэм нүглээс мултрах эцсийн арга нь хувь хүнийг хүн чанараар нь дарамтлах, шахаанд оруулах, хүн чанараар нь тоглоход л чиглэдэг. “Хүн чанаргүй адгийн шаар чамайг сайн явахыг чинь харна аа...” гэсэн үг бүр түүний дараа сайтаар гардаг мэдээ, твиттер, фейсбүүкээр тархдаг нүүрээ нуусан хараал ерөөл, шүд зуулт, улангассан тэчъяадал бүр цаанаа хүн чанарын ёс суртахууны зөвтгөлтэй байдаг юм аа.

Золиос ба хүлээс

Тиймээс нөхөд өө, нэг зүйлийг зөвшөөрье. Өршөөлийн хуулийн хоригийг хүлээн авсныхаа төлөө хараалгаж буй бүхнийг зарчимдаа үнэнч байсан гэж үзье. Өнөөдөр хэрэв авилгатай шийдвэртэй тэмцье л гэж байгаа бол  “Хүлээс нь хүн чанар, золиос нь авилгачид”. Ахиад хэлэхэд нэг авилгач баригдах суллагдах нь бөөн улс төр, олон авилгачийг барих суллах бол зүгээр л статистик. Тиймээс зарчмыг хувь хүнээс ялгавал нийгэм дэх үймээн бужигнаан алга болчих төдий хөөс.

Их олон хүн авилгатай шийдвэртэй тэмцэх хэрэгтэй, аливаа үйлдэлд их бага ямар нэг золио заавал гардаг, шийдвэртэй тэмцэхэд золио гаргах эр зориг хэрэгтэй, түүнийг “манай төр” хийхгүй байна, сул дорой байна, авилгачдын толгойг илж байна гэж хийрхдэг. Гэхдээ золиог хэн ч хүсдэггүй, эсбөгөөс бүр өнгөрсөн зууны хэлмэгдэлтэй холбож бодоод бүгд айгаад замхардаг. Харин өнөөдөр тэр хүмүүс хамгийн чанга дуугарах ёстой, золиос хүсэгчид авилгатай хийх тэмцлийн золиос болгож авилгачдыг өршөөхгүй байх шударга зан хэрэгтэй. 

Өршөөлийн хуульд хориг тавих субьектийнхээ хувьд хамгийн их хараалгаж байгаа хүн бол Ерөнхийлөгч. Түүний хүн чанараар хамгийн их оролдож байна. Улстөр дэхь нэг үеийнхнээ зольж өөрөө баатар болох гэсэн хогийн бэртэгчин, нэг намынхаа нөхдийг авардаггүй хүн чанаргүй адгийн шаар, удахгүй өөрөө араас нь явах адилхан авилгач, хүний зовлонгоор хоол хийсэн бэрд... Монголчууд цол чимэг бодож олохдоо гартах биш.

Ерөнхийлөгч нэг хүний асуудал биш зарчим ярьж байна гэж ойлгоё. Тэр авилгачийн тухай биш авилгын тухай ярьж байна гэдгийг нийгэмд ойлгуулахгүйн тулд бүхий л арга чаргаа хэрэглэн хувь хүний асуудал болгох гэж улайрч байгааг бүгд л харж байна. Уг нь бид бүгдээрээ дээр доргүй авилгыг үзэн яддаг жигшдэг хүмүүс биш бил үү? Яг цагаа тулахаар яахаараа ийм олон хүн авилгачийг өмөөрөх нэрээр авилгыг өмөөрдөг юм бэ? Наад авилгачид чинь би нэг жаахан хусчихъя бүгд л тэгж байгаа шүү дээ гэж дор бүрдээ бодсон бэртэгчингүүд. Авилга аваагүй, амьдралаа төрийн албаар сайжруулаагүй хүнийг тэнэг, арчаагүй гэж шоолдог болсон тийм л орчны нэг эс. Ийм эсүүд нийлж авилгын эдийг бий болгосон, тэр хорт эд эсүүд нийгмийн эрхтэн бүрт идэвхжиж байна. Тэднийг устгах вакцин хиймэгцээ араас нь вакцинаа устгах ерөндөг тарьж болохгүй.

Ц.Элбэгдорж гэдэг хувь хүн, өөрийн амьдрал карьерийн намтартай бүтээгдсэн бие хүн боловч “Ерөнхийлөгч” гэдэг цол нь, эрх мэдэл нь түүнийг хувь хүний асуудал биш зарчим ярих түвшинд аваачдаг. Чухамхүү авилгачдыг өршөөх хууль нь хувь хүнд зориулагдсан бол, өмнөөс нь зарчим сөргүүлж тавьж байгаа бол, нийгэм энэ хоёроос зарчмыг нь хүлээн авах ёстой. Харин хувь хүмүүс хувь асуудлаа өөрсдөө зохицуулаг, бидэнд ямар хамаатай юм бэ?

Хувь асуудлаа “ерөнхийлөгч байсан ба байгаа факттай” хутгаж улстөрийн асуудал болгон дэвэргэж зарчим эвдэх нь манай өнөөгийн дүр төрх, манай өнөөдрийн улстөрийн гол арга мэх, манай улстөрчдийн нэр нүүрээ барж буй гол шалтгаан.

Зарчим ба хувь асуудлыг ялгаж салгаж ойлгож байгаа эсэхээс бие хүмүүсийн төлөвшил улмаар нийгмийн оюун санааны төлөвшил харагддаг. Зарчим алдагдахыг манай иргэд “хувь, хувьсгалын асуудлаа холилоо” гэж ярьдаг юм. Гагцхүү “хувь, хувьсгалын асуудал холилдсоныг” ухаарах зав өгөлгүй улайран дайрах замаар эсрэг этгээдээ хувь хүний хувьд ганцаардуулан шахамдуулж асуудлыг шийдүүлдэг болсон нь ахиад хэлэхэд манай хямралын гол шалтгаан шүү дээ. Үй олон бие болоод хувь хүмүүсийн маргаан зөрчил бий. Үзэл санааны, үйл ажиллагааны зарчмын гэх мэт. Тэр бүрийг нийгмийн асуудал болгож зарчим гажуудуулснаас үүнд оролцогч хүн тус бүр нэр хүндээ алдаж байна, улмаар сайн нэртэй нэг ч хүн үлдэхгүй боллоо.

Баабар үүнийг эрт хэлсэн “Монгол хүний аливаа зарчмын мэт асуудлын ард дандаа хувийн өчүүхэн атгаг сонирхол нуугдаж байдаг” гэж.

Өршөөлийн хууль ба түүнд тавьсан хэсэгчилсэн хоригтой холбоотой үйл явц яг энэ замаар явж байна. Хоригийг Ерөнхийлөгч ба Ерөнхийлөгч байсан хүмүүсийн хувийн хонзонгийн асуудал болгон тайлбарлаж дэвэргэх нь Н.Энхбаяр гэдэг хүн ашигтай тусах нь юу л бол. Харин ч эсрэг нөлөө үзүүлээд эхэллээ. “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгч л болоогүй бол, эзнийхээ нүүрэн дээр суусан ялааг алах гээд муна шүүрдэг тэнэг зарцын үлгэр нийгэмд яригдаагүй бол асуудал аль эрт нэг тийшээ болчих байсан ч юм бил үү?

Хошигноход манайхан спортын ганцаарчилсан төрөлд сайн учраас зарчмын тоглолтыг ойлгодоггүй сонирхдоггүй, хувь хүмүүс хэрэлдээд эхлэхээр л соотойгоод ирдэг. Аль талын нь үзэн ядагчид баасан дээр шавсан ялаа шиг шунгиналдаж өтөө цацахыг боддог. Ийм жишээн дээр монгол феномен гайхалтай сайн үйлчилж байна. Асуудал дэвэрч хүн бүрийн анхаарлыг татах авч шийдэлд онцын нөлөө байхгүй. Баас нь хатчихвал яанам бэ?

Стандарт халаглал болсон үг шиг “Үүнээс болоод монголчууд талцаад” байгаа юм байхгүй, монголчууд бүгдээрээ авилгыг, авилгын хэрэгтнийг шийтгэх ёстой гэж үзэж байгаа. Оролцоо нь хязгаарлагдмал олонхийн хүсэл эрмэлзлийг цөөнхийн чиглэсэн зорилготой, шахуу давтамжтай шахалттай харьцуулах нь гэнэн хэрэг мөн. Тиймээс зарчмаа барьцгаая нөхөд өө!

Өнөөдөр улстөрийн ашиг хонжоо, нэр төр бодохоос илүүтэй авилгатай хийх тэмцэлд ухралт гаргахгүйн тулд монголчууд санаа нэгтэй авилгатай тэмцэх зарчим дээр нэгдэх ёстой. Авилгын хэрэгт өршөөл байхгүй гэдгийг батлахын тулд цагаан захтны хэрэгт холбогдсон цөөн хэдэн нөхдийг золио болгоход буруу нь юу гэж? Төр төмөр нүүрээ харуулах ёстой, хүн хүндээ бус төр авилгад төмөр нүүр харуулж байна гэж ойлгох ёстой.

Авилгатай хийх тэмцлээс ухрахгүй гэсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэл хоригийг түүний хувь амбиц, улстөрд хожоо олох гэсэн алхам гэж тайлбарлах нь хэр үнэмшилтэй вэ? Хаалттай хуралдааны үеэр албан тушаалын гэмт хэргийг өмгөөлсөн, энэ заалтыг дэмжсэн гишүүд олон нийтээс шүүмжлэл сонсоогүй, тэгээд олонхоороо хүч түрэн баталсан байна. Харин эсэргүүцсэн цөөнх үүнийгээ албан ёсоор мэдэгдсэнийхээ төлөө хараал ерөөлийн бай болж байна. Монголд авилга ингэтлээ нэвшсэн юм гэж үү? гэмээр л байна. Нөгөө их шударга ёс ярьдаг нүүрээ нуусан цэцэн тэнэгүүд авилгачийг өмөөрч хэн болохоо харуулж байна. Монголчууд цөөхөн, хэн нь хэний хэн болохыг танина. Тэд авилгачийг дагаж хооллож байсан паразитууд. 

Ил тодоор авилгын хэргийг өршөөхийг эсэргүүцсэн Ерөнхийлөгч олон нийтээс увайгүй шүүмжлэл сонсож байгааг юу ч гэж тайлбарламаар юм бэ дээ. Авилгачид хүчтэй байна гэж үзэх үү? Хэрэв хараамаар байвал ядаж өөр асуудлаар хараа, тэртэй тэргүй амьдрал баян, гагцхүү энэ удаад авилгачдыг өмөөрөхөө больцгооё.

Парламент ээлжит бус чуулганы үеэр маш осолтой алхам хийсэн бөгөөд парламентын засаглалын сүүлийн нэр хүндийг алдах шахсан юм. Үгүйдээ парламент тэсч үлдлээ гэхэд эрх баригч нам ясаа цайлгана. Нөгөө талаас Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнд дургүйдээ түүний зөв алхамыг эсэргүүцэх нь эрүүл саруул үйлдэл мөн үү? Үнэндээ асуудлыг “зарчим ба хувь хүн”, “ухаан ба сэтгэл”, “золиос ба хүлээс” гэсэн дэнсэн дээр тавилгүй аль нэгийг сонгож шийдэхээс өөр гарц  алга.

Хүн чанар ярьж нялцганаж, сэтгэлтэй хүн болж жүжиглэж, хүлээстэйгээ тарчилж байснаас зарчим, ухаан, золиос гурвыг нь сонгох ёстой. Бид авилгатай тэмцэж байгаагаа алхам бүртээ санаж явах хэрэгтэй мэт.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив