Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төвдөд аялсан тэмдэглэл-3
2015 оны 9 сарын 10 [Уншсан тоо: 129444]

Өглөө босч шүршүүрт орж сэргээд гарлаа. Самадийн хийд, Сэра хийд үзэх юм. Монголчууд эргэл мөргөлөөр явахдаа Төвдийн Гандан, Сэра, Дашлхүмбэ, Бэрээвэн хийдэд мөргөдөг байсан тул лав л “хагас буддист” мань мэтэд сонирхолтой аялал болох нь ойлгомжтой.

Лхасаас холгүй уулын аманд байдаг Сэра хийдийг сүрхий додомдож тохижуулжээ. Учир начрыг нь интернетээс олоод харчихад болно. Гэхдээ орос, англи, монгол хувилбаруудыг нь харьцуулж үзэх нь дээр. Манайхан л ойшоодоггүй болохоос монгол хувилбар хэзээд илүү зөв байдаг. Яагаад гэвэл бид угаасаа мэддэг юмаа бичдэг, харин цаадуул чинь соёлын болоод ухамсрын том саадыг гэтлэх болдог. Олонх нь гэтлэж чаддаггүй. Гэхдээ бид өөрсдийнхөөс илүүтэй нөгөөдүүлд итгэдэг, учир нь илүү “шинжлэх ухаанч бөгөөд ойлгомжтой” гэж үздэг учраас. Ийм хүнийг орчин үеийн хүн гэх ч хаашаа юм. Мэддэг юмаа бусдаас дахин сурах гэж байх уу?

Түүнчлэн ярилцсаар цагаан шохойгоор будсан нөгөө л Төвд хийцийн давхар чулуун байшингуудын дундуур бетондсон давчуу гудамжаар өгсөн явсаар хурлын дуган руу алхаж явлаа. Тусгай дугаартай хар жийпнүүд хийд дотор чөлөөтэй явах ба аль нэг байшингийн гадаа зогсоход нас өндөр лам бууж харагдана. Шавь нар нь бололтой залуу лам нар газар гишгүүлэлгүй тосч аваад өргөж одох нь нэг дарга л хөөрхий хөгшнийг залаад хүргэж ирж буй бололтой. Зарим нь ламаа залаад одно.

Төвдийн хийдүүд бол бие даасан хот юм. Сүм дуганаар хязгаарлагдахгүй лам нарын орон байр, гал тогоо, цуглах талбай, номын сан гээд “эхнэрээс бусад” хүнд хэрэгтэй бүхэн бий. Хийдүүдийг голдуу уулын амыг эзлүүлэн барьсан байдаг. Ойр орчмын онцгой хад чулуун дээр бурхан сийлж зурсан нь алсаас гоёмсог харагдана. Лхасын өндөр уулс модгүй, яг л Алтайн уулс шиг хад чулуун хүрэн уулс. Модыг уулын хормой хийд орчим бас голын хөвөөгөөр тарьжээ. Аглаг өндөрт бясалгалын шар дээвэртэй бяцхан улаан байшингууд ч харагдана.

Хийдийн гадна хашааны хаалгаар ормогц яг манай Гандангийн өмнөх шиг хоёр талаар нь шашны эд зүйлсийн дэлгүүр байдаг. Тэндээс хадаг авч болно, үүргийн худалдаачид голдуу дарцаг зарж байх вий. Түүнийг өнгөрөөд дотор хэрмийн хаалгаар хийд рүү ордог. Ахиад дацан бүр тусгай хэрмэн дотор байх юм. Тийш нь зөвхөн явган хаалгаар л орно. Анзаарагдахуйц онцлог нь Төвдөд хадаг нэг их хэрэглэдэггүй юм байна. Дэлгүүрт ч хадаг цөөн, байвал цагаан, шар голдуу байна. Дарцаг л их өргөн хэрэглэх юм. Орохдоо билет авч орно, сүм хийд “үзэх” тогтсон ханш нь нэг хүн 60 юань бололтой. Бэрээвэнг бид өөрсдөө үзнэ гэсэн тул ийм үнэ төлсөн. Тэгэхээр Сэраг үзэхэд энэ хавьцаа л үнэтэй байх. Урьдчилаад захиалга өгсөн бол хэлээд л тасалбараа авчихдаг юм байна. Тасалбарын өргөн тал үзэгчид оногдох ба ил захидал болчих юм. Харин Потала 200 юань.

         

Гол дуганын хүсэр модон хаалга дэлгээтэй, өндөр босгоор алхаж ормогц шатсан шар тос, арц хүжсийн үнэр анхилж, нимгэн цэнхэр утаа манантаж угтав. Уншлагагүй юм. Зүүн гар тийш эргэвэл нэгэн лам мөргөлчдөөс өргөл хүлээн авч, хадаг өгч харагдав. Мөргөлчид голдуу савтай шар тос барьжээ. Мөнгө өгч бас болно. Монголоос цагаан, шар хоёр хадаг аваад гарсныхаа цагааныг нь цүнхлээд гарсан. Юмыг яаж мэдэх вэ? гээд хоёр юаниар нэг цагаан хадаг нэмж авлаа. Магнайд хэлж нэг хадаг авахууллаа. Тэр хадгууд бол өргөлийнх, харин авсан хадгуудаа хэцэнд тохох ба мөргөлчдөд “зардаг”, мөргөлчид бурханд тавьдаг, буцаад энд ирдэг. Хийдэд орсон хадаг шүншигтэй болж, эдийн засгийн болоод шашны эргэлтэнд орж буй нь тэр. Сүм хийдүүд өргөлөөр санхүүждэг бололтой.

Яг үүдээр орвол уншлагын танхимын хойморт ямар нэг хувилгааны бурханчилсан дүр харагдана. Түүний ард нэлээд зайтай хийдийн гол шүтээнүүд заларч байдаг. Хөхийн (чан, зэн буддизм) шашныхантай төстэй юм. Тайваний хөхийн шажны нэг хийдэд зочлоход хийдийг үндэслэгч багшаа яг ингэж залаад яг ард нь нуруугаар нь нийлүүлэн буруу харуулаад Мандшир залсан байж билээ. Гэхдээ сэлэмгүй номхон Мандшир.

Харин манайд тэгдэггүй санагдана. Сэрад Зонхов богдын шавь, хийдийг үндэслэгчийн сэрэг дүр бий. Бид нар зөв тойрч мөргөв. Төвдүүд нялх хүүхдээ гар дээрээ авч, дээш харуулж бурхан шүтээнээс адис аван явах ба хүүхдүүд нь ч дассан бололтой эхийнхээ гар дээр сарвалзаад л инээж байх. Сүмийн хоёр хатавчинд хамгаалагч догшин сахиуснууд байдаг. Баруун зүүн хананд олон зуун Аюуш, Манал тэргүүтэн бурхад байна.

Яг хоймор, гол бурхадад хүрэхийн наадтай амьд мэт бурхан багшийг өндөр сэнтийд “ил” залсан байх ба сэнтийг түшүүлэн тавьсан шатаар авирч мөргөдөг. Бусад бурхад шилэн хоргонд. Түүний дэргэд нэлээд ааштай лам зогсож мөргөлчдийг шавдуулна. Мөргөлчдыг “барын сүүлээр” зоддог Төвд гэсгүй нарын дээрэнгүйг монголчууд их хэлцдэг. Үнэндээ шавсан олныг шууд бөгөөд үр дүнтэй зохицуулах хамгийн шалгарсан арга л энэ бололтой.

Орчин үеийн Төвдийн хийдүүд харин тэгтлээ багширсан мөргөлчингүй аж. Хүүхэдтэй хүмүүсийг урдаа оруулаад жаахан сийрмэгц Монголоос яваагаа хэлтэл дараагийн хүмүүст хэдэн үг хашгиран зогсоов. Ингэснээр тааваараа мөргөж, залбирч болохоор болов. Шатаар өгсөж цагаан хадгаа өргөөд бурхан багийн өвдөгнөөс нь адис аваад буулаа. Магнай ч удтал даатган залбирав. Бууж ирэхээр нь орохдоо жуулчин шиг л аашлаад байсан, харин мөргөхдөө аюулын сүсэгтэй юм, “Чамд чин сүжигт цол” олголоо гэвэл инээгээд “Энд эрхгүй сүжиг төрөх юм байна шүү, тиймээ” гэлээ. Надад ч тэгж санагдсаныг хэлэв. Магнай “Бурхадад залбирахын тулд эхлээд магтаал хэлнэ, дараа нь ард түмний тусын тулд залбирна, эцэст нь өөрийн хүслийг даатгах ёстой биз?” гэлээ. Хэрэв бурханд мөргөхдөө юу юугүй мөнгө төгрөг өргөөд, хариу наймаалцаад, өргөсөн мөнгийг 100 нугалж өгөөч, элбэг баян болгоод өгөөч, намайг,... намайг л... гээд эхэлбэл таалдаггүй л гэлцдэг. Өргөлд их бага биш сэтгэл сүсэг чухал. Ер нь манайхан “сүсэг” гэдэг үгийг их олон янзаар хэлэх юм. Сүсэг, сүжиг, сүзэг, сүшиг ... гэх мэт.

Түүнээс гадна санаанд байгаагаар өнөө лам залуу нэгэн гуутай бурхан тахисан хүмүүс мөргөсөөр хонхойсон чулуун хананд аваачсан, их л учиртай шүтээн гэсэн.

Төвдийн хийдийн гол бурхад дуганын хана дагуу хоргонд байдаг. Өмнө хэлсэн хувилгааны дүрийн ард, яг хойморт гурван цагийн бурхан заларч байв. Төвдөд ганц Бурхан багшийг бус өнгөрсөн цагийн Амитаба, эдүгээ цагийн Шагжаамүни, ирээдүй цагийг бэлгэдсэн Майдар гурвыг хамтад нь залдаг ажээ. Өнгөрөгч хүмүүсээ Амитаба бурханд, өнөөгийн явдлаа Шагжаамунид, ирээдүйгээ Майдар бурханд даатгаж мөргөх ёстой гэнэ.

Гурван цагийн бурхадын зүүн гарт Зонхов бурхан тэргүүтэн шавь дагуулууд байна. Баруун гарт хийдийн хамба хувилгаадын дүр байх нь нийтлэг. Гагцхүү Сэрагийн гол онцлог нь баруун гарт нь улааны шашны багш нарыг залжээ. “Улааны шашин чинь шарын шашны дайсан биз дээ?” гэж Магнай гайхав. Номын багш нар, гэгээрсэн хутагтууд тул өнгөрсөн дайсагнал хамаагүй, ер нь хүмүүс бодохдоо дайсагнал эцэс төгсгөл үгүй, үе дамжуулан дарсан дайснаа үгүйсгэдэг гэдэг нь хийрхэл л дээ. Тэгээд ч эд хоорондоо дайтсангүй ээ, монголчууд л өмнөөс нь алалдаж цусан далай болсон. Улааны шажны оройгүй мэргэд, багш нар Төвдийн буддизмыг хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан билээ. Одоо ч Төвдөд улааны урсгалын хийдүүд, хувилгаад олон байдаг. Зарим хүн тойм ойлголтоор Бутан, Төвдөд шар, зүүн өмнөд Ази, Энэтхэг, Балбад улааны шашин байдаг гэж ойлгодог нь ч буруу.

Өнгөрсөн жил Мөнхбаярыг эргэхдээ Эрдэнэ зуу хийдээр орсон. Гол дуганы гадна хүмүүс бөөгнөрөөд Төвдөөс их том хувилгаан ирж ном айлдаж байгаа тул номыг дуу сонсож даган баясч байна гэлцэж байв. Эрдэнэзуугийн гэсгүй лам манай Уянгыг их л таньж хажуугийн дуганд уриад айраг өгсөн юм. Тэгэхдээ Төвдийн улааны шажны тэргүүн ном тавьж байгаа гэж билээ. Манай Эрдэнэзуу уг нь улааны хийд юм билээ. Абтай сайн ханы үед шарынхан буюу Гэлэгвагийнхан төвдөд бүрэн ноёрхоогүй цаг. Хожим Монголчууд л шийдчихсэн.

Бурхдын нэр ба тайлбарыг англи, хятадаар тайлбарлан бичсэн зэс пайз нэг бүрчлэн хадсан нь эргэл мөргөлийн газар бус жуулчдад зориулсан үзмэр мэт санагдана. Төвдөөр бичилтгүй, тэд энэ талаарх бүхнийг мэднэ шүү дээ. Магнай англи тайлбарыг орчуулж, би түүнийг нь монголчилж, дундаас асуулт гарвал тайлбарлагчаас асууж мөргөл, танин мэдэхүй, жуулчлал гурвыг хослуулан явлаа. Тэр ч байтугай мань хүн орчуулгадаа “илт тольдож” гэж мэт номын үг хэрэглэсэнд “дээр нь нэмээд номын хаан” цол олгоё гэвэл бас л инээв. Манайхны цолыг бол бодож төвдөхгүй нэгэндээ олгодог уламжлалаа сэргээж байгаа юм гэлцэж нэгнээ явуулсаар гарлаа.

Хаа очиж монголчууд төвд үгийг нутагшуулж, төвд гэлтгүй самгард үгийг ч өөрийн аялгад тааруулж нутагшуулж авчээ. “Je Tsongkhapa”-г Зонхов гэнэ. “Gyatso” гэхийг Жамц гэж дуудна. Таrа-г Дарь эх гэж нэрлэж сурч. XIY Далай ламын нэрийг “Tenzin Gyatso” гэж англи галигаар бичсэнийг монголоор Данзанжамц гэж “орчуулах” болдог. “Maitreya гэвэл Майдар гэж дуудна. Шакьяамуни буюу бурхан багшийг Шагжаамун гэж дуудна. “Blama” гэхийг балам, лам гэж дуудна.

Хүмүүсийн тархинд хоногшсон нэг их том ламын ам руу ард олон хамгаа ачиж туугаад орж байгаа хувьсгалын эхэн үеийн зурагт хуудас байдаг даа. Тэр зурагт хуудас давхар жрт тайлбартай байсан ба хожим социалист үзэл ухамсар дээшилсэн тул тайлбарыг орхичихсон юм билээ. Тэр тайлбар нь “Гандангийн эрдэмт баламын өгүүлэх нь: ...” гэж эхэлдэг. Уг нь лам нарт зориулсан ухуулах хуудас байж.

Манайхан “Sera хийдийг Сэрээ, Tashi Lhunpo” хийдийг Дашлхүмбэ, “Drepung хийдийг Бэрээвэн, “Ganden хийдийг Гандан гэж нэрлэж мөргөл үйлддэг нь Төвдийн “gelugpa буюу Монгол дуудлагаар гэлэгвагийн хийдүүд ажгуу. Потала ордонг Будаалин гэнэ. Монгол-Төвдийн шар малгайтны шажныг “ламын шажин” гэх нь бий. Тиймээс монголчууд аль хийдийг сонгож эргэл мөргөл хийхээ маш сайн мэддэг байсан хэрэг. Өнөөгийн Монголчууд “их л боловсролтой тул” төвдийн буддизмыг дан ганц шарын шашнаар төлөөлүүлж ойлгодог авч үнэндээ маш олон урсгалтай, тэр урсгал бүрийн олон хийдүүдтэй. Нарийн учир мэдэхгүй хүн бон шашны хийдүүдэд ч орчих вий. Хаа очиж Монголын шашин шижир мэт цэвэр ганц л урсгал хэт зонхилсон.

“Женко” Майдар бүтээж байгаа нь бас л холын бодолтой ажил санж гэлцсээр гарлаа. Хэчнээн орчин үежсэн ч бид ямар нэг хэмжээгээр буддын оюун санааны ертөнц дунд өсөж бойжсон хүмүүс тул цаанаасаа л сүсэг төрдөг бололтой. Сүм дуганын дотор засал, бурхан шүтээн, тавиг тахилга энэ тэр бол үнэхээр сүсэг төрүүлэхээр сүрдэм агаад ур хийц, дэглэлт энэ тэр бол үгээр бичишгүй. Зөвхөн Төвдөд 1500 жил жил нутагшин боловсорч, туйлдаа хүртэл хөгжсөн шашин соёл шүү дээ.

Яагаад гурван бурхан (төрийн гурван өндөрлөг аятай) зэрэг тахидаг юм гэж ламаас асуувал “Будда тоо томшгүй олон дүртэй. Бурхан багш бол нэг л дүр. Өнгөрсөн, одоо, эцэс хойчид хязгааргүй олон тодорно. Энэ хийдэд байгаа олон зуун бурхан бүгдээрээ будда. Тухайн цаг үе, тухайн тохиолдол бүрт будда тодордог. Хүн бүрт будда болох боломж бий, олон мянган бурханы дүр байвч эцсийн дүндээ бүгд будда. Зонхов богд, Далай багш, Жавзандамба хутагт нь Жанрайсиг, Мандшир, Дарнадын хувилгаан гэгдэх ч яг үнэндээ бүгдээрээ будда” гэлээ. Тайлбарлагчаас Буддагийн зэрэгт хүрэхийн тулд заавал 7 шатыг дамжих ёстой юу гэвэл “Заавал ч гэх нь хаашаа юм, хүний заяа л мэдэж дээ, “Бодь мөрийн зэрэг” гарахаас өмнө ч сахилтай сахилгүй будда төрж л байсан” гээд инээв. Овоохон эсэргүү гар уу, үгүй юу?

Хятадууд үзмэр болгох гэсэн, Төвдүүд шүтээнээ хадгалах гэсэн оюун санааны хүнд тэмцэл дуган бүрт явагдаж байна. Аль ч хийдэд дуган дотор зураг авахыг хориглодог ба хориглосон тэмдэгийг дуганын багананд хадаж, чиг заасан төмөр хөлтэй гурвалжин тэмдэг дээр ч бичиж. Гарцаагүй зураг авах шаардлагатай бол нэмж 20 юань төлөх ёстой. Андуураагүй л бол анзаарагдсан Төвдүүд бурханд мөнгө өргөхдөө хятадын төрийн сүлд, Маогийн зургийг уруу нь харуулж тавих юм. Бас нэг далд эсэргүүцэл?

Гол сүмээс уруудаж явтал Жэ дацангийн хашаанд ном хаялцаж байна. Залуухан лам ганцаар өндөрдүү суудалд суужээ. Зуу гаран лам хоёр тал болж суугаад, тэднээс ээлжлэн босч асууж, хариулж ёстой үзэж тарж байна. Босоо нь хөлөө өргөж дэвсээд л, гараа бүр толгойнхоо араас далайж ирээд л алга ташин тачигнаж бусад нь дэмжин уухайлах буюу заримдаа инээлдэх юм. “Алга ташдаг нь алганы судсаа доргиож тогтоосон номоо сэргээдэг” гэж бичсэн байдгийг уншсанаа хэлбэл “өрсөлдөгчөө нэг ялбал алгаа нэг ташдаг” гэж хэлэв. Төвдүүд номын дуу сонсон баясч, жуулчид үзэгдлийг нь харан баясч удалгүй завсарлах болов. Хийдийн гал тогооноос бяцхан банди нар манж цав зөөн гүйлдэнэ. Энэ жинхэнэ “цол хамгаалах” ном хаялцаан уу? гэвэл хөтөч маань “Үгүй, дасгал хийж байна” гэв. Дараа нь үзсэн хийдүүдээс Сэра их л хөлтэй, амьд байсан нь манай монгол гэвштэй холбоотой гэнэ.

Үүнийг зүгээр ч сонирхуулахын төдийгээр бус, тусгайлан бичих ёстой. 1419 онд үндэслэсэн Сэра хийдийн 69 дэх хамба нь 1993 оныг хүртэл Монгол хүн байгаад дүрст лагшнаа номын агаарт хураасан байна. Хийдэд хамбуудын алтадсан дүрийг бурханчлан тахидаг ба тэдний дунд Дамдин-Янсан Ядамын хувилгаан хэмээн тахисан энэ хүн бол бол гавж, лхарамба, аграмба, гэвш Сэнгээ хувилгаан болой. 1986 онд гэвшийг Далай лам залж Түвдийн мэргэдэд Дамдин Янсан бурхны увдисыг хүртээлгэж байжээ. Бакула римбүүчи “Сэнгээ хувилгаан бол Далай ламын ч, миний ч багш” гэж байсан юм билээ.  Бурхны шашинд хэн нь аль номоор илүү байна, түүнд шавь ор гэдэг. Дээрхийн гэгээн байлаа гээд бүх номд оройлно гэж үгүй.

“Нууц тарнийн энэ цагийн дээд болон гүнийн утга учир, аацаа, тайлал, маргааш гэхэд Халхын Сэнгээ гэвшид тулж очиж, тунаж хоцрон, түүийхээр болж үлдэхээр боллоо” гэж Сэрагийн Гомба Жамъяан лам хэлж байсан гэдэг. “Винай, Зод хоёрыг 14 жил тэмтрэн бясалган хөөцөлдсөн хүн энэ их газар (Төвд) гэхэд миний төдийхнөөр дуусах бололтой” гэж гэвш өөрөө харамсан ярьж байсан гэдэг. Нууцын номд нэвтэрч оройд нь гарсан энэ хүн Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, өнөөгийн засаг захиргааны хуваариар Архангайн Тариатын хүн ажээ.

Түүний сойвон нь “Түвдэд шашин ном эзгүйрэн доройтож эхэлсэн маш хүнд үед багш маань их хэргийн замч болж Түвдийн шашныг хөтөлж гарсан хүн” гэж дурссан байдаг. Өөрөөр хэлбэл Сэнгээ гэвш өөрийн нэр нүүрээр Хятадын Засгийн газраас Төвдөд хэрэгжүүлж байсан шашныг хатуу хязгаарлах бодлогыг илт зөөлрүүлсэн гэлцдэг. Магадгүй түүний үр байх Лхасын ламын шашны томоохон гурван хийдээс хамгийн “амьтай” нь Сэра хийд болох нь илт мэдрэгдэж байна. Сүм хийд дэхь лам нарын тоог эрс багасгаж бараг л музей болгосон энэ үед лав л ном хаялцаж байгаа дацан энд байна. Гол дуганы тахилч лам тийм ч учраас биднийг Монголоос явна гэхээр илт талтай хандсан болов уу гэж бодно. Түүний намтрыг Төвдөд “Чандмань эрдэнийн эрх”, Энэтхэгт “Саран чандманийн толь” нэртэй хэвлэсэн байна. Энэ талаар Монголд ганцхан хүн профессор Д.Чулуунжав гуай бичиж, Сэнгээ гэвшийн мэндэлсний 110 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Ивээн тэтгэгч нь “Ханбүргэдэйн” эзэн Сандагаа. Халхын нэгэн эрдэмт ламын талаар харин бид огт мэддэггүй авай.

Тэндээс гарч машиндаа сууж Лхасаас гарч давхив. Эртний номонд бичдэг өндөр даваануудыг засч тэгшлээд уулын бэл дагуулан тахиралдсан засмал зам тавьж, хүнд бетоноор хашжээ. Лхасаас зүүн хойд зүг рүү л яваад байгаа бололтой. Уулын хажуу, голын горьдрил, жалга судгийн тэгш газрыг алга дарам ч үлдээлгүй чулуугаар, эсбөгөөс торлон хашаад ногоо тарьжээ. Хэрмэн хашаатай Төвдийн давхар байшинтай айлууд, багавтар тосгон харагдана. Бүгдээрээ жижигхэн хятадын төрийн далбаа харагдахуйц хийсгэсэн байна. Ярлун голын урсгалын дээд рүү шинэ хот босгож байна.

Төвд айлаар орж үзье гэсэн авч хамаагүй орж болохгүй гэнэ. Шинжаанд явж байхдаа нэг хасгийн гэрт явж ортол өнөө согтуу хасаг чинь хутга шөвөг барьж дөвчигнөсөн дурсамж сэргэсэн тул оръё гэж хүчилсэнгүй. Хуучны тэмдэглэлд ийм давхар байшингийн нэг давхарт мал хуйгаа хашаад Төвдүүд хоёр давхартаа амьдардаг гэж бичсэн байдгийг дурдвал одоо хулгай зэлгий байхгүй болсон, нэг давхарт голдуу гараж л бий. Малаа хашаандаа хашдаг гэв. Нэг айлын гадаа түр зогсож, хашааг нь өнгийвөл нохой л хуцаад сүйд. “Төвд мастиф” гэж хөтөч маань бахархангуй хэллээ, тэр халтар нохой нь өнөө Хятадын баячуулын зугаа үнэтэй сагсгар гарзыг бус харин манай хаа сайгүй гүйлддэг нохдыг санагдуулам. Оригоороо л гэсэн үг л дээ.

Даваан дээр гарвал базарваань, машин маань нэг олон өнгийн туузтай нүсэр том шүхэр дор орчих шиг болсон нь овоо таарсан байжээ. Овоо ч гэж овоо, бүхэл бүтэн уулыг хэдэн зуун метр сунасан дарцгуудаар завсаргүй бүтээжээ. Давааны хоёр оройг холбосон их дарцаг дор яваад орчихож. Зүйрлэвэл манай Ум толгойг, эсвэл Хийморийн овоо, Зайсан толгойг тэр чигээр нь дарцгаар бүтээгээд холбочихсон бол ямар харагдах вэ? Тийм л юм. Замын хажуугийн хад чулуун дээр цагаан будгаар хаа сайгүй шат зуржээ. Энэ ямар учиртай юм гэвэл хүмүүс буян хийгээд тэнгэрт төрөхийг бэлгэдэж ингэж зурдаг юм гэлээ.

Бидний хараад хуйлаастай дарцаг барьсан наймаачид гүйлдэн ирэв. Бид “дарцаг авахгүй” гээд жаал зураг авч байгаад цааш хөдөллөө. Явсаар Драк Ерпа хэмээх самадийн хийдэд ирлээ. Нэг их том хос цагаан суварга дөнгөж бариад дууссан бололтой урд нь баглаа цэцгүүд өрж тавьсан нь гялалзан харагдана. Бид буугаад хийдэд дараа очъё, жинхэнэ бясалгалын агуй үзмээр байна гэвэл эгцдүү элгэн хад бүхий олон агуйтай уулыг заав. Бас л дарцагаар гоёжээ.

Уулаар явах ёстой санах юм биш, хүний хөлөөр гарсан нарийхан жимээр өгсөв. Амьсгаа давчдаад хол явж чадах юм биш. Магнай зүүсэн “Casio protrek” цагийнхаа өндөр хэмжигчийг харуулсанд 3960 гэж байна. Тун хэрэгтэй цаг юм, Төвд явсан хүн зүүж явмаар эд чинь харин тэр юм билээ. Уулын ташууг хэлэх үү? Бараг мөлхөж байж холоос харсан нэгэн агуйн үүдэнд ирэв. Хүн мөлхөөд орох дайны амсартай, цаанаа нэлээд уужим бололтой. Дотор нь баахан цац овоолоод орхисон байх ба хадаг, шуудайтай юм хийгээд орхижээ. Ойрд хүн ирээгүй нь илт, амсрыг нь цагаан хадгаар хаажээ.

Ахиад нэг агуй үзтэл мөн л тиймэрхүү тул буцав. Даян, баясалгалд суусан ламд хүмүүс очсоор жим гарсан байжээ. Буцаад хийдэд хүрэв. Харин хийд рүү бол засмал чулуу, бетон замаар өгсөөд оччих юм. Гэхдээ л амьсгаа давхцах нь хэцүү. Хуучин хийдийг нураасан бололтой чулуун суурь, ханын үлдэгдэл харагдана. Түүнээс дуганы “инженерийн шугам сүлжээний” талаар сүрхий мэдлэгтэй болж болох аж.

Гол сүмүүд нь тээр дээр, цохио түшүүлж эсбөгөөс уулын элгэн хадаар нэг хана хийж түшүүлэн барьсан харагдана. Тэр том уулыг аалзны тор мэт өнгө өнгийн дарцгаар хэржээ. Өндөр цохиодын оройг холбоод хэдэн зуун мертурт дарцаг татсан нь гайхмаар. Харин засмал замын хажуугаар хүрдийг олон арваар нь эгнүүлэн байрлуулжээ. Зарим дуганыг шинээр барьж байх юм. Явсаар дуганууд руу орлоо. Гэтэл тэр дуган нь үүдээр ормогц коридороор холбосон олон агуйнуудын нүүр байх нь тэр. Агуйн хана зулын тортогт дарагдсан байх ба заримыг нь хааж зул өргөсөн, зарим нь бясалгал үйлдэж гэгээрсэн лам нарын зургийг тахисан байх ба зарим нь одоо ч ашиглаж байгаа нь илт. Олбог ширээ, вандан сандал, сан хүж, усан тахилга бүрэн байна. Ном унших чимээгээр баримжаалан бясалгалч харахаар очвол дуу хураагчид номоо бичээд лам нь хаашаа ч юм оджээ. Асуувал зарим лам жуулчид бужигнаад эхлэхээр агуйгаа ингэж орхиод өөр газар очиж бясалгаж суудаг ажээ.

Нэгэн бясалгалчтай уулзаж жаал хуучлав. Би амихандаа их л сонин юм ярих, гэтэл өнөөх маань энгийн зүйл мэт зөвшөөх. Энд тэндээс элдэв сонссон дуулснаа хамж шимэн учир начрыг асуухад найрсагаар тайлбарлаж өгөх буюу толгой сэгсэрч инээд алдах. Тэгээд хадаг өргөөд салах ёс хийж, даатгаж ном уншуулж болдог эсэхийг асуувал би сэтгэлдээ авлаа, тэр тэр дуганд ороод гараарай л гэв. Нэгэн хэрэг бүтэв. Хөтөч маань энэ нөхөрийг дагаад сунаж унах нь гэж төвөгшөөсөн аятай “Би буулаа” гээд яваад өгөв.

Заасан нь гаднаасаа багавтар дуганууд байх ба тэнд олон бурхадыг тахиж, дунд нь том хүрд байруулсан байна. Гэхдээ багавтар гэгдэх дуганы гол танхимаас цааш уулын агуй зассан хэд хэдэн өрөөд байх аж. Голдуу нууцсын бурхад, догшид тахидаг юм байна.  

Ер нь тус хийдийг жуулчид хүлээн авах зориулалтаар засаж бэлтгэсэн нь илт. Магнай хаа яваа юм бүү мэт. Бүгдийг нь нэгбүрчлэн үзээд маш тодорхой төсөөлөлтэй болж аваад буцлаа. Уруудахад харин амар юм. Зогсоолд хүрээд нөгөө хоёроо хайвал Магнай нэгэн цагаан асрын гадаа зогсчихсон даллаж байна.

Гүйсээр очвол “Хөгшөөн суу, цай уу, идээ ид” гээд бүр нэг эзэн шинжтэй. Нэгэн төвдийг дуудаад “Манай найзыг суулгаж, цай хийж өг” гэвэл өнөөх нь гүйж ирээд олбог дэвсэж суухыг уриад, халуун савнаас цай аягалав. Магнай өөр замаар явж нөгөө уулын бэлд барьсан шинэ хийд үзээд иржээ. Хөтөч хоёр тийшээ салаад дураараа тэнэж одсон Монголын алийг нь дагахаа мэдэхгүй төөрч орхисон бололтой.

Магнай буцаж ирээд намайг хүлээх зуур шинэ суваргыг арайвнах ном хурах гэж байгаа Төвдүүд рүү очжээ. Угийн найрсаг, хүнтэй амархан учраа олдог хүн тул өөрийгөө Монголоос явааг хэлж, лам нартай нь танилцаж, дороо ижий ахай болоод авч. Хятад хүн олон Төвдүүд рүү ойртдоггүй атал мань хүн алхаж очоод шуудхан “Төвд нөхөд сайн уу? Монголоос явна, цай ууя, ам цангаад байна” гэжээ. Төвдүүд олбог дэвсэж, ууттай боорцог, гамбир дэлгэж хууч хөөрчээ.

Суваргыг засаг захиргаанаас хөрөнгө гаргаж, дээр нь чинээлэг Төвдүүд хандив нэмж барьжээ. Тэгээд лам нарыг урьж аравнайлж байхтай бид таарсанд бэлгэшээж байна. Тэр өдөр гуравдахь өдөр байв. Өнөөдөр Далай ламын төрсөн өдөр гэхээр нь гайхаж хоцорсон ч энэ жилийн гуравдахь өдөр бүр Төвдүүд Далай ламын насан хутагт ном хурж, шашин номын аливаа үйлийг тааруулан үйлдэж тэмдэглэж байгаа учрыг сонсов. Яг төрсөн өдөр нь Лхагва гараг уу, эсбөгөөс энэ жил төрсөн өдөр нь лхагва гарагт таарч байгаа юу гэдгийг олигтой тодруулж чадсангүй ээ.

Цай нь чихэр амттай тул давс хийдэггүй юмуу гэж асуусан “өрөмтэй цайнд чихэр хийж уудаг, сүүтэй цайнд давс хийдэг, баяр ёслол тул өрөмтэй цай чанаж ирсэн” гээд инээмсэглэж байна. Сайхан цай хоёр аягыг ууж нэг хавтгай гамбир, дарайсан өрөм тавьж идэв. Манай эмээ хоолноос үлдсэн гурилын голд өрөм хавчуулж, ингэж хавтгайлаад зуухны хүхээн дээр тавьж жигнээд өгдөг байсансан, яг тэр амт.

Бид босч талархал илэрхийлээд хөтөч жолооч хоёр хүлээж ядаж байгаа шинжтэй машин руугаа алхав. Хаашаа ч хамаагүй явчихдаг, хэнтэй ч хамаагүй яриад суучихдаг хэцүүхэн нөхөдтэй учирлаа даа гэсэн харцаар угтав. Буцахад нэг бүсгүй гар өргөж уулын бэлд байх тосгонд дөхүүлж өгөөч гэсэнд урьж суулгав. Нас гуч гаран гэнэ, гэвч тавиад настай мэт оворжуу харагдах нь хатуу ширүүн уур амьсгал, амжиргааны нөхцөлтэй нь холбоотой байх. Цаг орчим давхиад буудалдаа буулаа.

Замын дагуу автосалонууд эгнэнэ. Дэлхий хамаг л үнэтэй машинууд шилэн танхимд зогсоно. Авдаг уу гэвэл “Авдаг аа, чинээлэг Төвдүүд шинэ европ машин унах дуртай” гэлээ. Хаа үйлдвэрлэдэгийг мэдэхгүй гэлээ. Хаана ч үйлдвэрлэсэн, бүр угсарсан бай, “Шинэ машин л хамгийн сайн” гэж Х.Форд хэлсэн гээ биз?

Энд тэнд утаа суунаглах нь Далай багшийнхаа төрсөн өдөрт өнөө айхтар арц гангаар сан тавьж байгаа хэрэг гэнэ.  Маргааш далай ламын ордон Поталаг үзнэ.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив