Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Долигонох ину...
2016 оны 10 сарын 18 [Уншсан тоо: 58604]

Албан ажлаа авч үлдэх гэж МАН-д долигнох нь гээд шууд бах чинь ханаж байгаа биз? За, яамай даа. Ханасан бол үргэлжлүүлээд уншаарай. Нуудаг бус өчихөд энэхүү долигнолыг бичихийн тулд дөрвөн боть номын хахуульд явсан нь үнэн бөлгөө...

Нэг юмыг би их олон үзлээ. Судлаач Д.Ганхуягтай нүүр тулан уулзаж ярилцсан олон хүн “Энэ хүн чинь ийм хүн байсан юм уу?” л гэх юм. Ямар хүн гэж?... Боловсон, ярилцагч хүнийхээ атга эвийг олдог, маргаанд ухаалаг, хүнийг хүндэтгэж харьцдаг, ерөнхийдөө маш боловсон этгээд. Хумсаа нусан муур шиг ч юм уу?

Судлаач Ганаатай анх уулзсан хүмүүс айж бэргээд амыг нь дагуулах гээд байдаг талтай, гэтэл цаадахь нь зуу татвал бүр аятайхан зантай болчихоод байдаг. Цаад хүн нь Д.Ганхуяг судлаачтай уулзах уулзалтаа нэгд толгой түрүүгүй загнуулна, хоёрт өвдгөн дээрээ гараа тавьж суугаад лекц уншуулна, гуравт ойлгоогүй бол зодуулна гэж төсөөлж төлөвлөдөг байх. Тэгээд уулзалт огт өөр болохоор “соёлын шоконд ороод” ядаж гүйцэт танилцаж ч чадалгүй өнгөрнө дөө. Мань хүн ч тэгээд олон хүнтэй уулзах биш. Баргийн хүнийг бол хэмжинэ шүү дээ. Уулзаад таалагдаагүй хүнийхээ утсыг ч авахгүй.

Өнөөгийн нийгэм мангар абсурд тээ? Хүнийг маш хийсвэр үнэлдэг. Жишээ нь твиттерийн найзуудыг яг найз гэх үү? гэж би өөрөөсөө асуудаг юм. За даа юу л бол. Тиймээс ориг Ганхуягийн тухай....

Ориг Д.Ганхуяг бол хүнийг бол хэзээ ч хүнийг муулдаггүй. Их сайндаа л муудалцсан тухайгаа “Юу ч мэдэхгүй нэг мангар юм солиороод байхаар нь наагаад л хаясан” гэж 1980-аад оны стилиэр яриад нэг их инээнэ. Энэ өгүүлбэрт Ганхуяг судлаачийн “ярианы хэлэнд” агуулагддаг бүх “муухай” үг багтчихаж байгаа юм. Харин бичгийн хэлний тухайд бүгд л мэддэг газар даа. Уг нь ярианы хэл нь “бохир” бичгийн хэл нь “цэвэр” байх ёстой гэсэн ойлголттой ард түмэн билээ, бид. Гэхдээ твиттерийн хэлийг бичгийн хэл гэх ч бас хаашаа юм, тийм үү? Нэмж хэлэхэд тэр нүүр тулж уулзсан хүнтэйгээ хэзээ ч муудалцдаггүй болохоор хаана муудалцдаг нь тодорхой. Чамирхахаараа хатуу хайрцагтай “555” тамхиа дуустал хүн дайлна.

Нөхөр Ганхуягийг сайн мэддэг найзууд нь “архичин” гэдэг. “Архичид л нэгнээ архичин” гэдгийг би дөч хүрсэн эрийн хувьд нэг муу юм мэдээд байхтайгаа. Нэг удаа “За даа, Ганаа ах минь би ч нэлээн татдаг болох янзтай даг. Социализмын үеийн нэлээд дуртай гэгддэг нөхрөөс илүү л хүртээд байна даа. Тэр үед баяр ёслолоор хугас шилээс давсныг л үздэггүй байлаа шүү дээ. Уянгаа ч үглэхгүй болохоор даврах л янзтай” гэлээ. Хариу нь “Одоо уудаг нас даа, хүү минь. Дөч гараад ирэхээр найзууд олон болж, танилын хүрээ ч өргөсдөг. Ажил албатай үед ганц юм бариад ирэх, яриад суух хүн захаасаа л таардаг юм. Би яг чиний насан дээр ирээдүйтэй боловсон хүчин гэгдэж байхдаа гудамжаар зүгээр явдаггүй, тав алхаад л нэг хүнтэй гар бариад зогсдог байсан. Олон ч танилтай, голдуу эрдэмтэд, албан хаагчид, намын ажилтнууд... Манай Отгон (эхнэр нь) уурлаад хурдан явъя, гудамжаар ч зүгээр явчихгүй гэж үглэдэг байлаа шүү дээ” гэдэг байгаа. Тэгээд хэнтэй, хаана уухаа мэддэг тааруулдаг бол болоо” гэж хазаарлах, ташуурдахын дундуур зөвлөсөн юм. Намайг уруу татах нь...?

Тэгээд... ажил албанаасаа халагдаад хавчигдаж зовоход аандаа цөөрөөд, зугтаад эхэлдэг. Тэр нь ч амар байдаг юм. Дэмий хүмүүстэй бол дэмий. Ийм л “архичин”-ы тухай домог нэг бол хамт ууж байсан хүмүүсээс гарсан, эсвэл архийг нь зөөж байсан хүмүүсээс л гарсан. Гэхдээ ууж байгаа архиныхаа зургийг тавьж гайхуулах нь хуулийн хувьд биш юм гэхэд ёсзүйн хувьд залууст буруу үлгэр дуурайл үзүүлнэ гэдэг “коммунист” төлөвшилтэй хүн.

“Тэр Баатархуяг гэж ямар нөхөр байна? гэж нэгхүн асуулгахад “Нэг юм уухаараа хоёрыг ууя гэдэг тийм л эрхүн” гэж намайг матсаныг би худал хэлдэггүй, найдвартай хүнээс сонссон. Ер нь бол би уудаггүй, эрх баригчдыг элдвээр шүүмжилсэн үйлийн үрээ хүртэж цөсөө авахуулсан, энэ ажлын хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын өндөр зэрэглэлтэй, гүрүүптэй хүн. Судлаач ч надаас дээрдэхгүй хүн муулдаг учраас бас цөсгүй болчихсон. Гэхдээ цөсгүй ч, сөстэй эр. Ингээд “архичин” цол нь буурлаа.

Ганхуяг судлаач уг нь инжинаар хүн байгаа юм. МУИС-ыг инженер-эдийн засгийн ангийг төгссөн. Гэхдээ орчин үеийн жишгээр тэтгэвэрт гараад юмуу, ажлаасаа халагдаад “орчуулагч, судлаач” болоогүй, тэтгэвэрт ч гараагүй цэл залуугаараа. Сургууль төгсөхөд нь “толгойтой бацаан”-ыг Төв хороо татаж аваад замыг нь заачихсан гэдэг. Ар өврийн хаалга байгаагүй, Налайхын ажилчны л хүүхэд.

Түүнийг нь мэддэг хотын намын хороон дарга, УТТ-ны гишүүн Б.Алтангэрэл Төв хороогоор орж гарахдаа анзаараад хэд хэдэн удаа Налайх руу дагуулан явж (маршал Х.Чойбалсан Ю.Цэдэнбалыг Ерөнхий сайд болмогц нутагт нь дагуулж очдог уламжлал бас “ямар нэг хэлбэрээр” үргэлжлээд байсан бололтой) тэр үеийн хотын намын хороонд байртай, ахиж дэвших ажил санал болгосон ч судалгааны ажил хийнэ гээд зугтчихсан гэдэг. Зугтахдаа Болгарт, тухайн үед сүрхий хөгжиж байсан Нийгмийн процессын удирдлагын академид суралцахаар явчихаж. Хүн нь сониуч учраас Тимошоарын бослогын ялалтын дараа Бухарестад хэрэг болгож очиж, цэгэн бөмбөгдлөгөд өртсөн байшингуудыг нь нүдээр харж, бөөнөөрөө хоргодож байсан босогчдыг бөмбөгдөөд хүний цусны тосонд халтиргаатай болсон метроны буудлуудаар нь хэрэг болгож гулгаж явсан гэдэг. Судалгаа хийж байхгүй юу. Ямар ч удирдамжтай явсан юм.

Мань хүнийг “зүгээр л нэг муу сайн дурын бараг бөөн дурын өөртөө цол олгосон судлаач”, гадаад явж юм үзээгүй гар, эдийн засаг бичлээ, нийгмийн удирдлагын онол бичлээ гэж даапаалдаг орчин үеийн гаруудын өмнөөс ичиж зовно гэж юүхэв. Төв хороо, нийгмийн ухааны академид 10 гаруй жил ажиллаж, системдээ тухайн чиглэлийн судалгаагаар толгой цохиж байсан Болгарт (муу Болгар юу юм гэж л алав, таминь) академи төгссөн, бас ч үгүй УИХ-ын дэргэдэх судалгааны төвийн захирал байсан хүнийг шүү. Нялх тугал бараас айдаггүй гэж дорнын үг байдаг. Бас юу судалдаг юм гэж нэгнээсээ асуусан ч байх шиг. Нийгмийн удирдлага судалдаг уг нь том гар л даа. Тэр нялх өөрийгөө либраал гээд итгэчихсэн нөхдийн таалалд нийцүүлж хэлбэл нийгмийн инженерчлэлийн зориуд бэлтгэсэн мэргэжилтэн, коммунист лагерийн малнуудын тархийг угаах зорилготой бүтээсэн машин байгаа юм.

Болгарт байхад нь энд хувьсгал ялсан ч ирээд намын шугамаар хурдан дэвшиж, бүр МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хүрчихээд нэг өдөр өргөдлөө өгөөд явчихаж. Н.Энхбаяртай таараагүй учраас. Н.Энхбаяртай таараагүй гэхээр архи ууж агсам тавиад л өөд уруугүй хэрэлдээд л байсан маягтай төсөөлдөг бололтой юм. Үзэл бодлын, улстөрийн зөрчил бол хүнд. “Нацагийн хүү, Намбарын хүүтэй наргиж явсан толгой” нэгэнтэй нь нанчилдаж эхэлж. Би ч бас дээрдэхгүй амьтан. АН-ын нарийн бичгийн дарга байтлаа ҮЗХ дээрээс “ажлаа ав аа” гээд хаяад алхчихсан. Тэгээгүй бол нөгөө нарийн бичиг Л.Тэмүүжин шиг бас УИХ-ын гишүүн болоод үзчих ч байсан юм бил үү?

Н.Энхбаярын хаанчлалын жилүүдэд түүн шиг хавчигдан зовсон нь үгүй. МАХН-ын УЗ-ын гишүүнээс гараад УИХ-ын ТГ-ын болон Ерөнхийлөгчийн ТГ-т рефрентээс эхлээд судлаач, эрдэм шинжилгээний ажилтан хүртэл “доошилж”, тэр бүрийд “ван”-д долигоногчид хэзээд олдож, таван ч ажлаас нь хавчсаар гаргаж л байж. Бүр “Гидденс”-ийг (албаар номын нь нэрийг тавьсангүй, алиа юмнууд сургийг нь сонсчихоод цэцэрхээд эхэлбэл яршиг. Мухар үхэрт худаг бүү үзүүл гэж) орчуулчихаад байхад нь “үр бүтээлгүй ажилласан” гэж матаад мулталж дөнгөдөг л байсан хэрэг. Заримдаа залуу судлаачдыг цуглуулж сардаа ганц эрдэм шинжилгээний өгүүлэл гаргахгүй бол ямар үхсний нь судлаач байдаг юм гэхчилэн “дарамталж” ёс зүйн “ноцтой алдаа” гаргадаг байсан нь хааны чихний хаагуур л өнгөрөв гэж... Өөрийгөө хүртэл тодорхой хугацаанд тодорхой сэдвээр заавал юм бичих ёстой гэж “дарамталдаг” хүн бусдад яг л тэгж хандах нь ойлгомжтой. Ийм замаар улсын нийгмийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хор учруулагчийг үтэр түргэн халбал “ван” шагнана.

Тэр үед бас л манай “Монгол таймс”-ыг хааж, Г.Уянга бид хоёр “Улстөрийн сонин”-оо хөл дээр нь тогтоох гэж мачийж байв. Тэгэхэд Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа”-нд нүүрээ цензурдэж ярьдаг Н.Дугар биднийг судлаачтай танилцуулсан юм. “Маш их архивтай, хрониктой мундаг судлаачтай танилцуулна” гэсэн нь Ганаа ах байсан юм. Үнэхээр маш их баримт цуглуулсан байсан. Түүнийгээ “Энэ бол судлаачийн ажил” гэж даруухнаар тайлбарлаад он, сар, өдөр эшлэл зүүлттэй цуглуулсан хэдэн мянган баримтын каталоги үзүүлэв. Тэгээд судлаач хүн хэзээ ч баримтгүй хий хоосон зүйлд тулгуурлаж юм бичдэггүй гэж зааварлаж билээ.

Тэгэхэд өгүүллээ задлан шинжлээд, нэгтгэн дүгнэх арга барилаар бичиж сурах (анализ бас синтез) санаатай ноцолдож байсан маань онолын багштай болж их л хөнгөрч билээ. Харин манай мундагчуул энэ арга барилыг мэддэггүйгээс ч юм уу, сүрхий “логиктой” бичиж байна гэж магтах. Логик нь найруулгадаа голлодог юм аа гэлтэй биш. Үйл явцын өрнөл үй олон оролцогчтой үед гарцаагүй ингэх шаардлага тулгардаг, гэтэл сүүлийн үеийн уншигч “Хэн гэдэг хулгайч яаж шаасан гэнэ ээ” л гэх юм. Тэгээд л эшлээд л хүн муулаад л, эсвэл яс хаяад жиргэх... Одоо ч Ганаа ахын өгүүллүүдийн дараа яг ийм юмнууд сад тавьдаг.

Тэгээд “Улстөрийн сонин”-ы редакцид бид гурваас гадна СГЗ Г.Дашрэнцэн агсан, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Г.Эрдэнэбат (Добу мэргэн, Дува сохор хоёр), тусгаар улсын төрийн дууллын үгэнд гадаад орны тухай байж болохгүй гээд “Зөвлөлт гүрэнтэй заяа холбож...” гэж эхэлдэг бадгийг малчдын календарь зохиохдоо хасч хэвлэснээс Дундговь аймагт 27 жил бригадын тоо бүртгэгчээр цөлөгдсөн Ц.Навагчамба агсан зэрэг хамгийн болдоггүй, хэлмэгдсэн, хэлмэгдээд байгаа, хэлмэгдэх гэж байгаа нөхөд дугуй дугуйгаараа нийлээд хэлмэгдэж өгсөн дөө.

Тэгээд Ганаа ах манай сонин дээр өгүүллүүдээ “үнэгүй” нийлүүлдэг болов. Үнэ нь гэж шинэ жил хамт тэмдэглээд баахан зураг авахуулаад угаалгаад байтал хулгайч туучихаж, гэтэл тэр нь ГЕГ-ын дарга Х.Баатарын ширээн дээр байна гэсэн мэдээ ирдэг байгаа. Тийм л байсан.

Тэр цагаас бид “үерхэж”, нөхөрлөж байна. Эхний өгүүллүүд нь цэвэр эрдэм шинжилгээний өгүүллүүд байлаа. Эшлэл зүүлттэй, албан үгийг агуулга ба утгын алдаагүй тетрис шиг нямбай өрсөн, он, сар, өдөр... гэвч түүнийг ойлгож уншина гэдэг хэцүү. Тэгээд Уянга засч эхэллээ, гэтэл мань хүн “Миний өгүүллийг тэр тэр  (баахан ланжгар эрдэмтдийн нэр хэлсэн санагдана) гуай ч засаж байгаагүй юм. “Үнэн” сонин ч ланжгар байхдаа миний өгүүллийг (мань эр хэзээ ч нийтлэл гэж ярьж байгаагүй, одоо ч ярьдаггүй) засахгүй тавьдаг байсан...” гэж томорч байна. Аз болоход манай Дашка хамт байж таарав. “Ганхуяг аа, чи эрдэм шинжилгээний өгүүлэл гаргах гээгүй, нийтийн сонинд юм бичиж байна. Чиний тэр судалгаа энэ тэр тэндээ юм байгаа биз, сэтгүүл зүй бол над шиг мангар юмнуудад ойлгогдохоор бичихийг хэлдэг юм. Ер нь бол гар хүрэх тусам сонины “юм” сайн болдог юмшдээ” гэж явуулж байна. Тэр цагаас Ганаа ахыг өгүүллээ хялбаршуулж бичдэг болгож, авъяасыг нь буруу хөгжүүлсэнд Дашка бид хэд буруутай. Гэхдээ мань хүн өнөөх лавлахаасаа хэзээ ч зөрсөн гаргалгаатай өгүүлэл бичиж байгаагүй, тэгж сурах ч үгүй байх. Угаасаа судалгаанд тулгуурладаг болохоор... Харин Ганаа ах Дашкаг “Сайхан монгол ухаантай, лут хүн байсан” гэж магтдаг.

Одоо л үхсэн арслан өшиглөв гэгчээр “Би Энхбаярыг тэгэхэд үгүй мөн алж байсан даа” гэдэг увайгүй нөхдийг харахаар бөөлжис цутгаад байдаг болохоос бид мөн ч алалдаж байсан даа. Тэгэхэд дуу нь цаашаа орчихсон гүлдийж явдаг нөхөд л өнөөдөр мөн ч сүгсэлзэж байна. Яахав хүний л араншин. Ямар гавъяа байгуулсан ч биш. Харин ялыг бол бидний дээрээс бороо шиг л оруулж байв даа.
“Улстөрийн сонин” ГЕГ-ын дарга Х.Баатартай шүүхдэлцээд... Шүүх хурал завсарлахад Ганаа ах Х.Баатартай очиж “Сайн уу?” гэж мэндлээд “Гарч тамхилъя” гэдэг юм. УИХТГ-т хамт ажилладаг байсан юм билээ. Тамхиа бариад гарцгаалаа. Гармагцаа ганц сайн “зарчмын хэрүүл” хийлээ дээ. Тэгэхэд л хамгийн аюултай хараалыг нь сонсож билээ. “Чам шиг муу гонжгорыг харна аа” л гэж байна. Шүүх хурал шийдвэрээ унших гээд дуудахад “За баяртай, дараагийн шүүх дээр уулзъя” гээд эргээд алхчихаж билээ. “Сайн уу? гэж эхлээд “Баяртай” гэж дуусдаг нүүр тулсан хэрүүл бол хотын сэхээтний соёлын салшгүй нэг хэсэг мөн...” нүүрээ нуучихаад бичиж болдоггүй үгээр бөөлждөг нөхөд өө!

Тэгээд яахав шүүхийн шийдвэр нь “Бичүүлэгч этгээдийн нийгэм эзэлж буй байр суурийг харгалзан үзсэн гэх хошин үндэслэлээр “Улстөрийн сонин” буруутай гэж гарлуу, яалаа. Тэгэхэд шүүхийн шийдвэр хүртэл ингэж бичигдэж гардаг байсан юм. Үй олон буруутгал дунд байсан болохоор одоо ч андуурах юм байна шүү.

Тэгээд л Х.Баатар, түүний дараа Ч.Улаан, дараа нь О.Чулуунбат гээд нэхэмжлэлүүд явж өгсөн. Эцэстээ Н.Энхбаяр намын даргын хувьд гэж шүүхдэлцээд 230 төгрөгийн торгууль ч оноосон удаа бий. Манай уншигчид түүнийг нь 230 мянган төгрөг гэж ойлгож мөнгө цуглуулсныг нь буцааж тоо ёсоор нь өгөх гэж бөөн юм болж байлаа.  

О.Чулуунбат агсан (төрөл дээшлэх болтугай) өнгөрөхийнхөө өмнө хүнээр Ганаа ахыг дуудуулсан байна билээ. Харин Ганаа ах очиж амжаагүй, очоод ч “Уучлаарай” гэх биш, надад буруу байхгүй гэж ярьж байсан. Их л юм ярих байсан болов уу. Шүүх Ганаа ахад хүчээр тулгаж эрүүгийн хариуцлага уншчихаад дор нь Ардын хувьсгалын ... жилийн ойг тохиолдуулан өршөөсүгэй гэж жүжиглэж байсан түүхийн үргэлжлэл ийм. Тэгэхэд Ганаа ахын хадам ээж нь хадган дээр алтан бөгжөө тавьж өгөөд “Хүүг минь төр өршөөлөө” гэж байсан гэдэг юм. Ийм юман дундуур туучаад гарсан даа.

Хожим Ерөнхийлөгчийн сонгуульд ялмагц нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид захидал илгээж, хилс шийтгүүлсэн тул эрхийн дагуу цагаадах учиртайгаа мэдүүлтэл хариуд нь “Та хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авах уу?” гэж асуулгаад гэдэнг нь хөдөлгөж орхисон байв. Тэгээд л Энхбаяр, Элбэгдорж хоёрт ямар ч ялгаа алга гэж үздэг болчихсон.

Аль алийг нь таньж мэддэг хүний хувьд өөртөө алба үүрээгүй ч “Та яах нь вэ? Ийм төрөөс авсан ял ирээдүйд алдар болно, “ван”-тай хэрхэн арсалдаж байсны нотолгоо болно. Энхбаярыг би л шүүмжилж байсан гэж цээжээ дэлдэгчээс тэр үед чамд үүний чинь төлөө ямар шагнал (ял) хүртээсэн бэ? гэж асуухад амар бус уу?” гэж цэвэр “баруун аймгийн” логикоор эерүүлбэл “Миний нэр төрийг хэнбугай ч дэвслэх эрх байхгүй” гэж тас цохисон. Яг рыцарь шиг.

Ийм түүх бас намд нь давтагдсан. Сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлгийн сценариар Н.Энхбаярын үед Д.Ганхуяг гэгч этгээдийг намаас нь хөөж “хохироосон” байна. Н.Энхбаярын дараа генсек болсон одоо Шадар сайд У.Хүрэлсүхийн чармайлтаар гэж сонссон, цагаатгаж, намын гишүүнээр нь эргүүлэн авч, тогтоолын хуулбарыг хүргүүлжээ. Харин нөхөр Х.Д.Ганхуяг цагаатгаад зогсохгүй хэлмэгдүүлэн зовоосныхоо төлөө уучлал гуйхыг шаардсаар... Н.Энхбаяр явчихсан, түүний л хэрэг гэж өнөөдөр бултах, харин мань Ганаа “Нам чинь устчихаагүй юм байгаа биз дээ, хамтын удирдлагын, ардчилсан байгууллага юм бол бүх хариуцлагаа хүлээ л дээ, ядаж нэг иргэнийхээ өмнө...” гэж зөрүүдэлсээр... Бодоод байх нь ээ, уучлаарай гэх их хэцүү юм шиг, Монголд. Ийм л нэр төрдөө хайртай хүн, нэр төрд дуртай биш шүү.

Тэгэхэд “Улстөрийн сонин”-ыхон бүгд л “шагнал” хүртсэн. Ял гавъяа хоёрыг ингэж зэрэгцүүлдэг юмыг олон үзлээ дээ. Манай талийгаач СГЗ Г.Дашрэнцэн агсан “Монголын хамгийн баян” хүнээр тодорч байсан. Шүүхээс оноосон торгуулийнх нь хэмжээг нэмээд үзэхэд 30 тэрбум болж байл уу, нэхэмжлэл нь 120 тэрбум болж байсан даа. Тэгэхэд манай сонин Н.Энхбаяр Ерөнхийлөгчид хандаж “Хэдий бид өнөөдөр ингэж уралцаж байгаа ч таныг зовох цагт бид л өмгөөлөх байх даа” гэж бичиж байсан. Яг тэр ёсоор болсон, бөгсийг нь долоогчид тэгэхэд хуралдсан шүлсээ буцааж нулимаад л...

Гээд өмнөхөө үгүйсгэн, түүхээ мартан өмгөөлөх ч хаашаа юм. Бурууг нь хэлж л байсан, хэлсээр л байх болно. Гэхдээ олон хүнтэй эргээд зөв буруугаа нүүр тулан ярилцах цаг ирдэг л юм. Хувийн атаа жөтөө өс хонзонгоор тангараг тасрах, зарчмын асуудлаар сөргөлдөхөд том ялгаа бий.

2012 оны сонгуулийн дараа Уянгаа УИХ-ын гишүүн болоод Ганаа ахыг зөвлөхөөр томилсон. Ийм хүн угаасаа бидэнд олдохгүй л дээ, хэзээ хийсэн буяны үр юм. Хөдөлгөөнүүдийн тэмцлийн үеэр ч бидэнд найдвартай зөвлөгч, худалдаад идчихэлгүй яг дэргэд түшиг тулгуур болж байсан хүн шүү дээ. Тэгэхэд манай Дашка “Миний дүү нар ийм ухаантай, наад нэг амьтан чинь насаараа хэлмэгдэж зовсон хүн, аштай юу” гээд нулимсаа нуулгүй арчиж байсан. Харин бид нэгнээ үзэл санааны анд нөхөд гэдэг. Хамт тэмцэж явсан, хамтдаа үр дүнгээ үзнэ.

“МОНЦАМЭ” агентлагаас дэлхийн алдаршсан улстөрийн номын цуврал гаргах болоход захиалж, гуйж байж нийгэм түүхийн онолуудын хялбарчилсан зургаан тайлбар өгүүлэл, дэлхийг өөрчилсөн гурван тунхагийн орчуулгыг нь “зүгээр авч” нэг ном болгож хэвлэсэн. Коммунизм нь сүйрчихээд байхад улс орноо хөгжүүлэх гээд Марксын формацийн онолыг тойрч яриад л 26 жил болж байгаа улс шүү бид. Өөр ямар ч нийгмийн хөгжлийн онол байдаггүй гээд итгэчихсэн, иймдээ тулахаараа л Монголчууд “хомо советникус” мөнөөсөө мөн. Өөр онол байхгүй юм бол яах гэж хувьсгал хийсэн байж таарах вэ? Лениний хөшөөнд мөргөж эхэлсэн, Ямар ч хувьсгал гэхэв хоё. Зүрх нь түрүүлээд, тархи нь зогсчихсон. Францын хүний эрх эрх чөлөөний тунхагт “Үндэсний эрх хүний эрхээс дээр” гээд тунхаглачихсан байхад хүний эрх л яриад, ардчилал нь юм гэнэ ээ...

Цувралыг хэвлэсэн хойноо нэг багц дурсгахад “Би ч ланжгар юм, Ленин, Мао, Ким, Каддафи, Сионы протокол, Ганхуягийн ном хамт хэвлэгдээд л гэж хошигнож байлаа. Улстөр яримаар бичмээр, хэнээрхмээр, чалчмаар байгаа бол ядаж энэ нэг жижигхэн хөх номыг нь уншчихаад, ядаж түүний тухайг нь яривал бас л сүрхий “боловсролтой” харагдана шүү.

Гэхдээ хорвоо уужим болохоор сайн гэгддэг найз нөхдөөс илүү туслах хүн байх юм. Өнгөрсөн зун УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаяр Ганаа ахтай уулзаж (нэг удаа биш өмнө нь олон уулзсан байж таарна) “Та номоо гарга, би мөнгийг нь гаргая” гэжээ. Тэгээд саяхан гурван ланжгар боть хэвлэгдэн гарлаа. Хүн ч бас л ихийг хийж амждаг юм байна гэж бахархах сэтгэл аандаа төрөв. Нөгөө долоо хоног бүр өгүүлэл бич гэж өөрийгөө дарамталдаг зангийнх нь үр дүн.

Сайхан ч хэвлэж, тэр хавтас, хэвлэлт энэ тэр бол ярих юмгүй. Гэхдээ нэг шүүмжлэл байна. Юмыг заавал муулж байж санаа амардаг болохоор яая гэхэв. Амарчлаад, бичсэн өгүүллийг нь он оноор нь хуваагаад өрөөд хэвлэчихэж. Мөнхийн үсэг хэвлэж бол чадаж байна, ярих юм байхгүй, харин ном хийх бол учиртай. Жишээ нь сэдэвчлээд хийж болно, орчуулгуудыг нь ялгаж ботилоод хэвлэж ч болно. Бас ном хэвлэх соёл гэж нэг юм байна. Өгүүллүүдийг нь өрөхдөө дандаа нүүрэн талаас нь биш юм гэхэд ядаж шинэ нүүрнээс эхлүүлсэн бол илүү цэгцтэй баймаар санагдсан шүү. Гэхдээ хэрэв тэгж хэвлэсэн бол бүр тоймгүй зузаан болж зардал ч талийх янзтай юм билээ. Харин ч Ж.Энхбаяр гишүүн мөнгөндөө гар татаагүй байна билээ.

Энэ хөргийг уг нь номд зориулъя гэж бодсон ч уншигчид нь бараглах юм хойно, харин эзнийх нь тухай бичмээр болов. Энэ хүнийг нийгэмд “фэндэх” хэмжээнд мэдэхгүй байх, мэдэх албагүй л дээ, гэхдээ номыг нь уншихын өмнө хэн бэ? гэдгийг нь  мэдээд авбал, бас яагаад ингэж бичих болов, ямар баримт судалгаанд тулгуурлав, насныхаа гуравны нэгийг нийгэмд ад шоо болж өнгөрүүлчихээд хаанаас ийм их мөнгө олов?, энэ ер нь ийм зузаан ном хэвлүүлдэг хэн юм, бичиж буй асуудалдаа хэр ойр байсан юм, твиттерт яагаад ийм ууртай байдаг юм, ямар боловсрол мэдлэгтэй юм гэхчлэн аливаа номыг уншихад үргэлж дагалддаг, түүнээс болоод уншиж буйгаа ойлгохоо байчихдаг эргэлзээ ба тээнэгэлзийн асуултын хариултыг түрүүлээд өгчих нь зөв байх. Нэг нь хариултыг нь өмнөөс нь хэлэхэд Х.Д.Ганхуяг бол боловсролгүй хоосон хонгио, нүүрээ нуусан лаларуудыг (харалган гэсэн төвд үг ээ) үзэж чаддаггүй юм. Үүнийг ойлгоод номыг нь тайван уншвал ойлгомжтой байх. Нөгөө талаас судлаачийн гурван боть номд орсон өгүүлэл бүрт түүний туулсан амьдрал, үзсэн зовлон жаргал, сурсан мэдсэн, харсан үзсэн туршлага судалгаа бий гэдгийг л тодотгох гэсэн юм.

Өөр ч юм бий. Л.Н.Гумилёвын “Этногенез и биосфера Земли” номын гайхалтай судалгаатай орчуулга дарагдсаар л байгаа. Нэг орчуулга хэвлэгдсэн л дээ, би л лав аваагүй, Ганаа ахын орчуулгыг файлаар аваад уншиж байна. Дээр нь А.П.Паршевын алдаршсан “Почему Россия не Америка” ном зохиогчийнх нь гараар бичиж өгсөн орчуулан хэвлэх зөвшөөрөлтөйгээ байж л байна. Уг нь манай Монголд тун чиг хэрэгтэй ном байгаа юм. Мань А.Паршев нь одоо Оросын гол зөвлөхүүдийн нэг болоод мандаж байгаа. Үйлдвэрлэл аж ахуй хөгжүүлэхэд ландшафтын (энд цэвэр Гумилёвын томъёоллоор хэрэглэж байгааг анхаарна уу) нөлөөллийг маш гярхай харж тооцсон ном. “МОНЦАМЭ цуврал”-д оруулж хэвлэх санаатай хадгалаад байсан ч нэгд мөнгө байхгүй, хоёрт ажлаа өглөө. Хэрэв сонирхсон хүн байвал Ганаа ахтай яриад санхүүжүүлж болно. Гэх мэт, гэх мэт.

Би бол яах вэ? Ганаа ахад долигонож байгаа хүн. Тийм ээ, бид таарсан таар шуудайнууд, хөгийн өнгөтэй өнгөгүй хувьсгалч, гацаагч, хуучинсаг, посткоммунист, популист, фашист, хүний ул шагайгч, Маркс, Ленинээс эшлэгч, политэкономын навтарга, Оросын талыг баримтлагч, либерализмыг эсэргүүцэгч, хонзогногч, хүн доромжилж бахаа хангагч, оккульт сонирхогч, шизофрений халдвартай (энэ харин надад өгсөн хүндтэй цол биш шүү, за, твиттерийн тэмдэгтийн хэмжээнээс давчихаж уу)... өө тийм, Налайхын хужаа нар. Бид хоёр нэгийгээ магтаж Монголчуудын оюун санааг хордуулж, хэдэн төгрөгийг нь хусаад хувааж архи болгоод цуслах гэж байгаа нь үнэн, үнэн. 

Тээр хараа биз дээ, номын нэр нь “Монголчууд Та нар юу юм!?”, “Монгол улс том уу? жижиг үү?”, “ШУ наашаа, луйварчид цаашаа” ч гэх шиг. Бас болоогүй ээ,  номынхоо зохиогчийн нэрийг тавихдаа хүртэл Орос маягаар Х.Д.Ганхуяг гэнэ үү?



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив