Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Алтан түлхүүр буюу гурван “Э”-гийн адал явдал
2017 оны 3 сарын 6 [Уншсан тоо: 97209]

Төгсгөлөөс нь харвал...

Монголын улстөрд “болсон ба болох” хоёр таагүй үйл явц бий. Болсон нь ОУВС-гийн хөтөлбөр. Улс орон ердөө 5 жилийн дотор ОУВС-ын хамгийн адгийн хөтөлбөрт харагдахдаа тулах нь санамсаргүй үйл явц биш, харин зайлшгүй болох байсан залуурт үйл явц шиг харагдаад байгаа юм даа. Эцсийн мөчид манай муу ЗГ, ОУВС ба Хятадын зээлийн дунд тоглож, аль аль талаас нь ахиухан хөнгөлөлт эдлэхийг хичээж байгаа үед гэнэт Далай ламыг урьж ирээд тэнцвэрийг бүрмөсөн байхгүй болгож, тэр хэрээр зальдах гэж байсан ЗГ-ийг ОУВС-ын өмнө шившиг болгож, ямар ч тулгалтыг хүлээн авахаас аргагүй байдалд оруулж “дагзаар нь савсан” үйл явцыг зохион байгуулагч нь хэн бэ?

АН-ынхан гэмээр авч тэд өнгөрсөн онд арилаад өгсөн, ОУВС-ын хөтөлбөрөөр айлгаж байгаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүргэн ах Б.Болдынхоо карьерт ашигтай тусах гэрээг Дубайд хийсэн нь мэдээж нөлөөлсөн байж таарна. Хамгийн гол нь Монголд оруулсан хөрөнгө оффшор руу гулсчихдаг байсанд өнөөгийн хямралын шалтгаан байсныг 2016 оны сонгуулийн хийрхлээр МАНАН-гийнхан яаж нуух гээд чадалгүй алдчихсан юм. Эцэстээ оффшороос л хөрөнгө оруулалт орж ирдэг гэж эсрэгээр гөрдөх гээд чадалгүй нам дарагджээ...

МАН-ынхан гэвэл эрх барьж байхдаа ийм тэнэг алхам хийх үү? Хамгийн гол шалтгаан бол авилга, амлалт, тансаглал л даа, асуудлыг өөрөөсөө харъя гэвэл. Үүнээс аль ч нам татгалзаж чадахаа байсан нь манай өнөөгийн эмгэнэл юм. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд зайлшгүй хүчтэй нөлөөлнө. Ялангуяа ХАОАТ-ын 20 хувь, тэтгэврийн насыг 65 болгосон нь... Харин хадгаламжийн хүүнээс авах татварын тухайд манай нийт хадгаламжийн 96 хувь нь хадгаламж эзэмшигчдийн 2 хувьд оногддог талаар “талх” Ганхуяг 6-7 жилийн өмнө мэдээлсэн нь төдийлөн өөрчлөгдөөгүй учраас баячуулын тансаглалыг хумихад илүү нөлөөтэй юм. Чухам энэ татварыг тогтоолгохгүйн төлөө УИХ дахь банкирууд ба хадгаламж эзэмшигчид үхэн хатан зүтгэдэг байсан билээ.

Болох асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явагдах “хар пропаганда” нь яс цусны асуудал байх бололтой. М.Энхболдын хувьд ойлгомжтой. Харин Р.Амаржаргал, Ц.Нямдорж, Н.Алтанхуяг нарын тухай яриад эхлэхээр “баруун аймгийнхан” гэдэг цол чимэг цуурайтна даа. Мэдээж эхлээд М.Энхболд руу “цихуа” хувилбарын дайралт эрчимжинэ, хариуд нь “баруун аймгийнхан” гэдэг цэнэгтэй сум ниснэ.

Саяхныг баруун аймгийхан гэж Ар, өвөр хангайхныг хэлдэг байлаа. Баруун халхын уртын дуу гэвэл энэ орчмын дуу, дуулах ая дан, арга барил өөр. Одоо бол Ховд, Увсынхныг хэлдэг болж. Энэ нь юуг харуулж байна гэхээр Монгол Улс нэг үндэстний нэгдмэл улс болсныг харуулж байна. Монголын л баруун аймаг. Аймаг бие даасан нэг овог угсааны нэрийдэл байснаа өдгөө засаг захиргааны ерийн нэгж болж, яс угсаа заахаа больсон нь бүр Даян хааны үе.

Р.Амаржаргалыг хэн ч баруун аймгийнх гэж боддоггүй, ядаж байхад “ө”, “ү”-г аялгатай хэлдэг баруун аймгийн нийтлэг имиж байхгүй. Хөгшрөхөөрөө “ака”-даад эхэлдэггүй юм бол... Харин Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, Н.Алтанхуяг нар бол жаахан аялгатай ярьдаг. Бас нэг “нууц” баруун аймгийн хүн бол Ч.Сайханбилэг, хүмүүс Дорнодынх л гэж боддог, мань хүн Ерөнхий сайд болоод будилж, тойрог сонгох нутагтаа очиж байна гээд Дорнодод хүндтэй тосуулж, гэрэл цацруулан инээж явсан, гэтэл үнэндээ яс угсаа хөөвөл баруун аймгийн, Ховдын хүн, гэтэл мань эр өөрийгөө Дорнодын хүн гэж боддог байхгүй юу. Мань Дорнодын хүн маань харин түүхэнд нэрээ үлдээх гэж баахан баллав даа.

Коммунизмын жилүүдэд атар эзэмших, үйлдвэржүүлэх, уурхай ашиглах бодлогын явцад хөдөлмөрлөх хүчнийг зөв байршуулах кампанит ажлын хүрээнд баруун аймгаас хэдэн арван мянган залуусыг төв, зүүн бүсэд байршуулсны үр дүн. Бас цэрэг цуухад мордсон хүн тэндээ эхнэр аваад нутагладаг ингээд сайхан нэгджээ. Гэхдээ эртний овог хөөвөл ойрдын шарнууд элкэний хүн, буриадын шарнууд овгийн хүнтэй суувал бараг л хамаатантайгаа суусан хэрэгт орох байх. Тиймээс энэ бол яг шарнуудын асуудал шиг эдгэсэн асуудал. Баруун аймгийнх гэх утгагүй, адилхан ойрд атал Увс, Ховдынхон нэгнээсээ өөр болчихож.

Харин тэр “Увсхүн”-ий тухай шуугиан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ашигтай, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ашиггүй тусах болжээ. Гэтэл “Увсхүн” гэдэг нь дөрвөд, баяд биш өмнөд сумдын элжигин халхуудыг ч хамарсан нэр томъёо, тэгж яривал энэ нэр томъёог санаачлагч нь элжигин халх хүн байвал яах вэ? Тэгэхээр тэр баруун зүүний асуудал эцэстээ падлийгүй хэрэг, зүгээр л хэлье гэж хэлээд ч чихний хажуугаар өнгөрөөх зүйл болжээ. Харин ч Богд хаант улсын хүн амыг гурав нугалах тооны хүн амтай Улаанбаатарт баруун зүүн дүүргийнх, хотын төвийнх гэсэн “нутгархал” газар авах шинжтэй байна уу?

Ингэж үзвэл “хар” суртал М.Энхболдоос бусдад нөлөөлөхгүй бололтой. Сонгууль эхэлмэгц ялагдаж яваа Ардчилсан нам яг коммунист арга хэрэглэж М.Энхболдоос гурван үеийн намтар шаардах байх. Тэгээд коммунист шалгуураар эцсийн дүнгээ гаргахыг сонгогчдод тулгах болов уу? Гэвч монголчууд хужаа хужаа гэвч цагаа болохоор сонгочихдог л “үндэсний мэдрэмжгүй” нөхөд дөө, манай Халхын хээгүй, цүл пал араншин уу? Эсвэл арван мянгат хараад алгаа тосож, хорин мянгат хараад хормойгоо тосдогийнх уу?

Дашрамд саналаа худалдагчдад хэлэхэд тэгэхэд өгсөн 50 мянган төгрөгөө хүүхдийн мөнгө суутгах, НДШ нэмэх, татвар нэмэх гэх мэт аргаар өндөр хүүтэй буцаагаад авчихсныг өглөө болгон санаж байгаа байх даа!

Эцэстээ хүн амын 80 хувийг бүрдүүлдэг “халх”-аас маань яахаараа Ерөнхийлөгчид дэвших улстөрч байдаггүй бил ээ? Э.Бат-Үүл буриад, Ө.Энхтүвшин хотгойд... ингэсгээд дуусч байна.

Гурвал

Дайн байлдаан хоёр талын хооронд болж байсан түүх хэзээ ч байсангүй ээ, үргэлж гуравдагч байдаг. Тэр гуравдагч л асуудлыг шийддэг талтай.

Энэ удаад хуулиар гуравдагч тал нь хуулиараа Н.Энхбаяр юм. Мань хүн нэг удаа Ерөнхийлөгч болох эрхтэй байх аа? Манийгаа бодвол “хагас” эрхтэй, бид бол хоёр удаа сонгогдох эрхтэй, харин энэ эрхээ 3 сая монголоос гуравхан хүн л хасуулсан. Тэднийг П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж гэдэг.

Оны өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусгаарлах нэрээр МАН-ынхан бяцхан засвар хийснийг АН үхэн эсэргүүцэв. Тэр засварыг товчилбол “Энхбаярыг л дэвшүүлэхгүй” гэсэн үг байсан юм. Харин яг энд УИХ ба Ерөнхийлөгчийн эрхийн тэнцвэр харагдана. УИХ 65-ийн бүлгээр хуулийн өөрчлөлтийг өлхөн хийж бол чадна. Ерөнхийлөгчийн хоригийг ч нулимана. Чи хэн юм бэ?... Хариуд нь Ерөнхийлөгч эрхийн дагуу Н.Энхбаярыг ялаас чөлөөлчихвөл парламентыг буцаагаад цэрээр булчихна. Хэн нь илүү эрхтэй байна? Парламент субботник хийгээд л шалдан бөгсөөрөө газардана. Парламент Ерөнхийлөгчийн шийдвэрт хориг тавих эрхтэй юу? Ийм үед парламентад ганц эрх үлдэх нь огцруулах. Гэвч УИХ-ын дэгийн тухай хуулиас Ерөнхийлөгчийг огцруулах процедурыг нарийвчлан заасан заалтуудыг бүр 2009 онд аваад хаячихсныг хэдэн гишүүн мэддэг бол оо, хөөрхий. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хуулийн тулаан яг энэ заагт өрнөж байна. Н.Энхбаярын “хагас эрхийг” эдлүүлэх үү, үгүй юу?

Ерөнхийлөгч болохыг хүсэж байгаа парламентын дарга ба Ерөнхийлөгчөө өгөх Ерөнхийлөгч хоёрын дундуур “хар муур” гүйж, тэдний эв нэгдлийг бутаргаж чаджээ. Ц.Элбэгдорж бол зуумхай бөгөөд богино гараанд хурдтай ганцаарчилсан тоглогч. Харин М.Энхболд бол реактив удирдлагад дуртай хүн. Басхүү Ерөнхийлөгчийн институц ба парламентын институцийн шийдвэр гаргах процедурын ялгаа энэ. М.Энхболд “Эрдэнэт”-ийн асуудлаар Ц.Элбэгдоржийг хаацайлж чадаагүй ба харин МАН-ын “реакц” “Эрдэнэт”-ийг буцааж авах ёстой гэсэн шийдвэрт хүргэсэн юм. Учир нь нарийндаа Ц.Элбэгдорж нар хугацаанд шахагдаагүй бол дараа нь “Багануурын уурхай” ба “ТЭЦ-4”-ийг нэмж залгиад Монголын ЭЗ-ийн 60 хувийг барьчих санаатай байсан, харин үүнийг нь өөрөөс нь өөр улстөрч бол харин ч хүсээгүй дээ, бүр АН-ынхан хүртэл.

Ц.Элбэгдорж уурлав, ингээд “дайсны дайсан миний нөхөр” зарчмаар Н.Энхбаярыг “домбоноос нь гаргах” цаг болсон гэж үзсэн бололтой байна. Н.Энхбаяр М.Энхболдын өгсөн аюулгүй байдлын баталгаанаас өөрөө эрх мэдлийг гартаа авахыг илүүд үзнэ, ер нь сүүдэртээ ч итгэдэггүй тэрээр бүхнийг имэрч хазаж үзэж байж л итгэдэг нэгэн билээ. Энэ зан нь гай ч болсон, тус ч болсон, өөрт нь. Энэ бол М.Энхболдын “Ахиллын өсгий”-г нь харвахаар заналхийлсэн хэрэг байв. Парламентын нөр их ажил ямар ч хэрэгцээгүй субботник болохдоо туллаа.

М.Энхболд Ц.Элбэгдоржийг хаацайлсан бол өөрийн тэжээж өсгөөд тэжээлгэж яваа хүү сахал Эрдэнэбилэгээр Ц.Элбэгдоржтой дам холбоотой болох нь нотлогдох гээд байв. Хариуцлагатай сонгуулийн өмнө нэр хүнд нь унасан Ерөнхийлөгчтэй ямар нэг сэжмээр холбогдох нь өөрт муу гэж тооцсон ч эцсийн дүндээ гол холбоотноо алджээ. “Дутуу алсан могой” болсон Ц.Элбэгдорж М.Энхболдыг ороож эхэлжээ. МАН-ын эмзэг цэгийг ч Ерөнхийлөгч бас сайн мэдэх тул У.Хүрэлсүхийн амбиц дээр тоглож, ар талыг нь бутаргаж эхлэв.

МАН дахь хагарал


Уг нь М.Энхболд гурван жилийн өмнө хэдэн шил “Абсолют” суллангаа У.Хүрэлсүхтэй Тэмүжин, Жамух шиг явна гэж андгайлж Ерөнхий сайдын суудлыг амласан ч түүнээсээ буцаж өөрөө “ууланд шахаж буугаад”, “голд шахаж буусан” ЗГ-аа өөрийн дуулгавартай хүнд өгчихсөн нь МАН дахь хагарлыг өдөөв. Хурандаа У.Хүрэлсүхэд чамд “Шойгу”-гийн дүр яг тохирно гэжээ.

Д.Медведев нь Ж.Эрдэнэбат болчихов. Уураа хамраараа гаргачихалгүй тэсэж, аятай цагийг хүлээж байсан У.Хүрэлсүх шахаанд орж хөдөлгөөнгүй болсон М.Энхболдын араар гэзэг ороон хөдөлж эхлэв. У.Хүрэлсүхийн шахалт ба М.Энхболдын шийдвэргүй байдалд хавчуулагдсан Ерөнхий сайд УИХ-ын, намын даргынхаа эрх ашгийн эсрэг шийдвэр гарган “поп”-дож эхэлжээ. Хамгийн сүүлд М.Энхболдын холбооны гол ажил “Дүнжингарав” өвлийн уралдаанд нь хориг тавьж үзэв. Богдхан уулыг Дүнжингарав гэж нэрлэдэг гэж эндүүрдэг ч уг нь “Дүнжингарбо” бол Богд уулын тахилгын сүмийн нэр байгаад, сүм нь үерт автчихсан юм билээ л дээ. Уяачдын холбоо бол морины хорхойтны, Баабарын хэлдгээр “марк цуглуулагчдын клуб” төдий олон нийтийн 120 мянган гишүнтэй байгууллага биш. Энэ бол хаалттай улстөр-эдийн засгийн клуб. Нууц клан, МАН, АН-тай өрсөлдөм хүчтэй “нам”, гал бүр нэг фракц л гэсэн үг.

Аливаа тендер, лицензийн асуудал тэнд л шийдэгддэг бөгөөд энэ хаалттай клубт орох шалгуур, төлбөр нь эзнээсээ худалдаж авдаг олон арван сая төгрөгийн үнэтэй морь бөлгөө. Галын цуглаан дээр зөвхөн морь бус, эмээл, хөөрөгний “Сотбис” маягийн дуудлага худалдаа болдог нь авилга авч өгөх, тендер, лиценз зохицуулах Монгол арга болж, тэндэх мөнгөний эргэлт аль хэдийнээ Монголын хөрөнгийн биржээс хамаагүй давсан ажгуу. Сонгуулийн мөнгө ч, улс даяар болох сонгуулийн сүлжээ зохион байгуулах ажил ч тэнд өрнөдөг юм. Учир уяачдын холбоо аймаг сүм бүрт “үүртэй”, аймаг сумын баячуулын цугладаг газар мөн. Чухам сонгуулийн өмнөх хамгийн том цуглаан, мөнгө эргүүлэх ажлыг нь Ж.Эрдэнэбат тасалдуулахыг санаархсан нь уучилж болшгүй алдаа мөн. Хамгийн дуулгавартай байх ёстой Ж.Эрдэнэбат бүх эрхээ ОУВС-д өгчихөөд хор найруулах завтай болж байна бус уу?

Одоо М.Энхболд болгоомжлох цаг, ар талд нь юу болоод байна?

МАН-ын фронтууд

...Дэгээнд хамгийн түрүүнд хамгийн сулаараа Д.Оюунхорол ороод иржээ. “Утааны эсрэг” тэмцэлд яг “Дон Кихот” лугаа адил уухайлан боссон Ерөнхийлөгчийн зарласан нээлттэй хуралд бүрэн эрхт төлөөлөгчөөр гүйж очсон түүнийг МАН-ынхан папарацдаж, “унтаа” сайд болгож орхив. Ер нь яахаараа Ерөнхийлөгчийн зарласан хуралд МАН-ын ЗГ-ын сайд очоод тухтай нь аргагүй унтаж байх ёстой юм? Д.Оюунхорол хожим алдаагаа засах гэж ҮАБЗ-ын хурал дээр Ерөнхийлөгч рүү дайрч үзсэн авч нэг бүдэрвэл долоо бүдрэхийн үлгэрээр нөгөө талдаа балбуулаад дуусчээ. Нам нь хамгаалсангүй, ингээд таг гацав.

Тэгээд МАН-ынхан сурсан аргаа хэрэглэж өрөөнд нь авсан зургийг тараажээ. Хариуд нь фракц нь МАН-ынхан (нөгөө талаа хэлж байна) нэгнээ ингэж “чаддаг” талаар чөлөөт сайтуудад нийтлэл бичиж тараахдаа (автор нь Хүрэлсүх байхдаа ч яах вэ дээ) МАНАН-гийн гомо нарын өнгөрсөн сонгуулиар амжилттай ашигласан, Г.Уянгын нэр холбогдсон бичлэгийг хийсэн МАН-ын хүндэт хотын даргыг илчилж баллав. Су.Батболд тэр бичлэгээ бүр чуулганы танхимд намынхандаа үзүүлж явсныг МАН-ын гишүүд дуу нэгтэй батлан, Г.Уянгад ярьж М.Энхболдын бүлэглэлийн эсрэг турхирчээ. Хот бол М.Энхболдын найдвартай ар тал болохоор зохион байгуулагдсан бүтэц байсан юм. Су.Батболдыг Ц.Сундуйгаар сахиулсан нь учиртай. Хотын намын хороон дарга, хотын мэр болгох туйлын хүсэлтэй этгээд шилэн дээр нь амьсгалж байхад Су.Батболд хаашаа ч хөдлөхгүй, хамгийн дуулгавартай байх нь ойлгомжтой. Гэтэл У.Хүрэлсүхийн тал яг тэр эмзэг цэг рүү нь дайрч, Су.Батболдыг нь шившиглээд Д.Оюунхоролоор оролдохгүй байхыг сануулсан ч хариуд нь гүйцэтгэх ажиллагаа “амжилттай” явуулж Д.Оюунхоролын сонгуулийн менежерийг авилга авч байхад нь хуулийн дагуу гардаж, нийтэд урьдчилан мэдээлэл түгээж байгаад барьж, нэгмөсөн дарж авахаар улайрчээ. Манай авилгын хуульд ганцхан тохиолдолд “Авилгач авилга авч байгаад гардуулбал...” авилгын хэрэгт ордог өндөр босготойг энд тооцох ёстой. Энэ дуулиан дундуур Су ч балрах нь дөхснөө мэдэж, шуурхайлан ажиллаж “ТВ9”-өөр гарсан “Айлын хоол амттай” нэвтрүүлгээс Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг тараасан талаар болон өөрийн нэрийг нэг бүрчлэн хасуулж “монтажны мастер” болохоо дахин нотложээ. Хотын хэвлэлийн зардал ЗГ-аас арай илүү хүртээмжтэй байгаа юм л даа...

У.Хүрэлсүхийн “Зүүний хүчний холбоо”-ны хоёр дахь хүн нь Д.Оюунхорол. Ч.Сайханбилэгийг МАНАН-тахад МАН-аас “Зүүний хүчний холбоо” л идэвхтэй оролцсон ба Д.Бямбацогт Ерөнхийлөгчийн “зөвшөөрлөөр” хэдэн хүнээ шургалуулсныг эс тооцвол хамтарсан ЗГ-т орсон хүмүүсийн 60 хувь нь МАН-ын бус У.Хүрэлсүх, Д.Оюунхоролын хамаатан, хамсаатан байсан юм. Өлөн МАН-ынхан тэр цагаас нэг цадсан “Зүүний хүчний холбоо”-г нүд үзүүрлэдэг болсон юм.

Энэ зөрчил дунд Ж.Эрдэнэбат үйлээ үзжээ. Цэрэгжсэн зүүнтнүүд хужаа нартайгаа Хиагтын тулаан хийх шахуу юм болов. Ялангуяа Д.Оюунхоролын хятадын жуулчдыг оруулж ирэх тухай яриа нь М.Энхболдын эсрэг хийсэн санаатай алхамд тооцогдов. Түүнд улайм цайм нөгөө талд үйлчилдэг Ц.Мөнх-Оргилыг хамаатуулахыг МАН-ын бусад бүлэглэл маш их хүссэн юм. Учир нь Ц.Мөнх-Оргил Д.Оюунхоролыг өмөөрч байгаа мэт харагдахаар мэдэгдэл хийхдээ уг асуудлыг БОАЖЯ-наас оруулсныг Гадаад хэргийн сайдын хувьд батлаж орхисон юм.

Кабинет хагаралд оров. Шадар сайд ба Байгаль орчны яам, ЗГХЭГ нь нэг талд, нөгөө талд М.Энхболдынхон гарчээ. Хэн нь хүчтэйг бүү мэд, гэхдээ ирээдүйд намын дарга, Ерөнхий сайд болох Шадар сайд, одоогийн УИХ-ын дарга, намын даргыг жинлээд үзэх ухаан МАН-ынханд хангалттай бий л дээ.  У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилоогүйнхээ төлөө төлсөн төлбөр нь эргээд гай дуудахын чинээ тэр үед санасангүй л дээ. М.Энхболдын талынхан ЗГХЭГ-ийн дарга генсек асан Ж.Мөнхбатыг төнхөж, мөрдөж эхлэснээр фронтын жигүүр тэлжээ. Энэ хагарлын улмаас ЗГ-ын зарим салбар хуралдаанд сайдууд нь хүмүүсээ явуулахгүй их зан гаргадаг болов. Ингээд Засгийн газарт хордлого тусав.

У.Хүрэлсүх энэ удаад гэнэдэхгүйгээр намын эрхийг авах бодолтой алгуур хөдлөж, М.Энхболдыг мөр даган ажиглаж, ажиллаж байна. М.Энхболдыг дэвшүүлээд араар нь Ц.Элбэгдоржтой холбоолж унагаад намын дарга ба Ерөнхий сайдын суудлыг авах нь түүний гол зорилго байж болох л юм. Хэдий нуур амгалан, нугас амгалан мэт авч МАН-ын нууран дээр МАНАН хөшиглөж, дор нь хог шаарууд булингартаж бужигналдаж байна. Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа унах нь энэ удаад харин баталгаатай болжээ. Харин МАН М.Энхболдоо гаргадаг болов уу? Унагадаг болов уу? Хэрэв У.Хүрэлсүх найдвартай, хязгааргүй эрхтэй засаглая гэвэл унагаж л таарах гээд байна. М.Энхболдын “Ахиллийн өсгий” энэ бөлгөө...

АН-ынхан сунасаар... Ингэж байгаад эцэстээ тасрах вий дээ!

Баянзүрх дүүрийн ИТХ-ын таван тойрог маргаантай жил дамнажээ. Шүүхээр заргалдсан АН-ынхан шийдвэр өөрийнх нь талд гарахыг баттай мэдэж байв. Ерөнхийлөгчийн хүү тэндээс дэвшсэн шүү дээ. Ж.Батзандангийн олж тавьсан БзД-ийн Засаг дарга Ерөнхийлөгид хандарч нүхээ малтахаа харин ч сайн мэддэг даваа толгой байж л дээ.

Харин МАН-ынхан үүнийг мэдэж байгаа тулд шүүхэд ялагдах нь тодорхой “де юре” эрхгүй таван төлөөлөгчөө оролцуулан дүүргийн ИТХ-ын нууцаар, яаралтай хуралдуулаад Баянзүрхийн Засаг даргыг томилж, эрхийг хүчээр авахаар шийджээ. Уг нь түүнийгээ битүүнд хийсэн бол илүү үр дүнтэй атал цагаалах нь чухал тул алгуурлаж, сар шинэ дөнгөж өнгөрөөд ийм алхам хийжээ.

Түүнийг нь АН-ынхан эсэргүүцэж эсэргүүцэл, жагсаал болсон бөгөөд ар тал нь найдвартай жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж, дураар авирласанд цагдаа хий ашиглажээ. Ингээд Баянзүрхэд “Бага газрын” тулаан эхлэв. АН-д ямар ч нөхцлөөр хамаагүй улстөрийн акц л чухал. Сунгаагаар томилогдсон шинэ баг ажилдаа орж, аппарат нь ажиллаж эхэлсэн тул харьцангуй зохион байгуулалт, дэмжлэг сайтай нь ажиглагдаж байна. Одоо энэ баасыг цэвэрлэх ажлыг Су.Батболд гардан хийх ёстой. Үүгээр түүний улстөрийн карьерын нас тодорхойлогдоно. Хэрэв амжилтгүй ажиллавал ЗГ солигдох үеэр түүнийг ч бас зайлуулахад МАН өөрөө бэлэн байна.

Харин АН түүгээр дамжиж дүүргийн асуудлыг хотын, улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн томоохон акц болгохыг хүсэж байгаа нь дамжиггүй. Энэ будлиан ханиад мэт тархах халдвартай... Асуудлыг удаан барьж МАН-ынхныг самууруулж байгаад Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөөх сунгааг явуулахаар бэлтгэж байна. Сунгаанд Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг оролцоно. Нэг сумт нь хэн байх бол?...

Түүхийн давтамж буюу АН-ын ялах хувилбарууд

Түүх давтагддаг, эхнийх нь инээдэм, удаахь нь эмгэнэл байдаг гэгчээр АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэсэн найдвараа бараг л алдчихаад байна. Ядаж байхад олон нэр дэвших хүсэлтэй хүмүүс нь шоронгоос зугтаж, төрийн өндөр хамгаалалтанд орох гэж зүтгэж хүмүүс мэт харагдаад байх боллоо.

Ардчилсан намын байтугай ардчиллын нэр хүнд ингэтлээ унасан үе 2000 оноос хойш тохиолдсон уу? Тэгэхэд Н.Энхбаяр 72-ийн бүлэг байгуулж “хаан” болох шахсан, түүнээс арай гэж салсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын даргын буюу төрийн гурван өндөрлөгийг гурвууланг нь дараалан эзэмшигч өнөө болтол төрөөгүй л байна. Гэвч эцэст нь түүний ил далд дайснууд хамжиж байгаад “оймсыг” нь гозолзуулсан, түүнийг хорихын тулд шоронгийн цоожинд “алтан түлхүүр” шургуулсан, энэ нь дайснуудад нь гай болсноос гавъяа болоогүй. Төрийн гурван өндөрлөгийн хэн нь ч түүний араас “өргүүлэн орох” жишиг тогтсон билээ.

Долоон жилийн шаргуу тамир шавхсан тэмцлийн эцэст Н.Энхбаяр шургуулсан түлхүүрийн оосроос атгаад байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч буухын өмнө “цагаан мөр” татна гэвэл Н.Энхбаярын бүх ялыг өршөөж чадна. Ингэвэл харин бирдийг домбоноос нь сулласан шиг юм болно доо. АН-ынхан нийтлэгээрээ С.Баяр шиг стандартбусаар сэтгэдэг бол АН Н.Энхбаярыг өөрөөсөө нэр дэвшүүлбэл гарцаагүй ялах нэг хувилбар бий. П.Очирбатыг тэгж дэвшүүлээд харьцуулшгүй өндөр зиндааны сэхээтэн Л.Түдэв гуайг ялж байсан түүх бий. Даанч АН-ыхан ялахыг бус ялсны дараахь ашгаа л тооцож зүүрмэглэдэг зүүдэн өвчний түгээмэл халдвартай учраас үүнийг бараг хүсэхгүй.

Н.Энхбаярын 6 балиусны тухай домог улстөрийн хүрээнд яригддаг юм. Тэрээр 6 хүнийг хамгийн түрүүнд балиусдахыг юу юунаас илүү хүсдэг. Хамгийн урт бөгөөд том балиусыг С.Баярт зориулж хурцалсан. 7 байшинтай С.Баярыг Их британиас дуудаж ирүүлээд найм дахь том байшинд халамжлахаа тэр мэднэ. Хоёр дахь нь Ц.Нямдоржид зориулагдана. Гурав дахь нь Элбэгдорж Ерөнхийлөгчид зориулагдсан авч тохирч чадвал 7 дахь нь болох биз. Н.Энхбаяр шиг хүн балиусаа солино уу, гэхээс хуйлна гэж лав байхгүй. Оронд нь дөрөвдэх нь Сү.Батболд ороод ирнэ, тав дахь нь Т.Бадамжунайд, зургаа дахь нь М.Энхболдод зориулагдсан юм. Харин түүний энэ “балиусууд” одоо бол ард түмний хүсэлд нүгэлтэй сайхан нийцнэ дээ... Тэгээд цааш нь У.Хүрэлсүх, Ч.Улаан, Д.Тэрбишдагва гэх мэтээр лав 50 ахмад туршлагатай (голдуу МАН-ын хүн худалдаж сурсан туршлагатай) гишүүдийн жагсаалт бий. Энэ дунд Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Тэмүүжин зэрэг АН-ын залуу дунд үеийнхэн бий. Ард түмний далд ухамсар юу хүсэж байгаа гээч, яг үүнийг. Тэгээд ч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн суудалд нэг л удаа суух учраас шалавхан үүнийг нь хийлгээд, тэгээд гавъяаных нь амралтанд гаргахсаан...

АН-аас дэвшвэл АН-ыхан аврагдана гэж найдалтгүй, учир нь тэд өөрсдөө нэгийгээ матаад, МАН мартагдчихдаг шүү дээ. Харин Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг өршөөж М.Энхболдын хуваагчаар турхирвал 1. М.Энхболд, 2. Н.Энхбаяр, 3. АН-ын дэвшигч гэсэн дүнтэй сонгууль шувтарч болзошгүй, за “сайнаар” бодвол 1. Н.Энхбаяр, 2. М.Энхболд, 3. АН-ын нэр дэвшигч гэсэн дараалалтай шувтрах байх. Өөр хувилбар байхгүй биз...? Ер нь Н.Энхбаярыг хэн хуваагч гээд байна аа? Хуваагч томдвол тэнцүүгийн тэмдгийн нэг талд ганцаараа үлдээд “хуваагдагчаа” төдийгүй “хариугаа” ч бариад идчихнэ дээ?

Намуудын рейтинг ижил тэнцүү байхад нэр дэвшигчийн тэмцэлдэх дайчин чадвар тун чухал үүрэгтэй. Чухамдаа тухайн үед АН-аас Ц.Элбэгдорж л биш бол өөр хэн ч Н.Энхбаярыг ялахын тулд тамтаг болтлоо зүтгэж чадахгүй байсан юм, тэгээд уйлж, дуулж байгаад ч болов ялсан л юм даа. Тэгэхэд АН-ын нөгөө хувилбар Э.Бат-Үүл байлаа шүү дээ. Э.Бат-Үүл тийм үед нийтлэлээ бичээд суучихна. Р.Амаржаргал ч бас төстэй араншинтай. Гэхдээ бас өнөөдөр тооцох нь М.Энхболд бол Н.Энхбаяр биш юм. Бүр М.Энхсайхан шиг сургаар цагаан тугаа өргөдөг хүн бол бүр ч бүтэшгүй. Тиймээс Н.Энхбаяраар тогловол тоглосон шиг тоглох хэрэгтэй, дутуу алсан могой шиг бол бүтэхгүй. Өөрсдөө хазуулна.

Н.Энхбаяр АН-аас дэвшвэл (АН+МАН+МАНАН-гаас бусад)=Энхбаяр гэсэн нэгдэл дээр гарна. Гэхдээ Н.Энхбаяр өөрөө дэвшихээрээ алдаа гаргадаг гэмтэй. Хоёр дахь боломжит хувилбар Н.Алтанхуяг. Тэмцэлдэх чадвараар сайн, сонгууль сайн удирддаг, харин баг нь? АН-д урвалт гарвал яах вэ? Н.Алтанхуяг намын даргын сонгуульд тэгтлээ улайраагүй нь Ерөнхийлөгчид дэвшихийн тулд төгсгөлдөө хазаараа татсан байж магадгүй юм. Тиймээс намын даргын сунгааны үеэр багцалсан дэмжигчид дээрээ нэмээд жаахан санал цуглуулахад л сунгаанд гялалзаад гараад ирэх магадлал туйлын өндөр.

Р.Амаржаргал дэвшвэл тэмцэлдэх чадвар сул ч багтаа шахагдаад нэлээд явах байх. Гэвч цаад фон нь Ц.Элбэгдорж гэж харагдвал яг Лу.Гантөмөр шиг гуравлаад дуусах юм биш байгаа? Чухамдаа ийм шалтгаанаар М.Энхболд Ц.Элбэгдоржоос холдохын түүс болоод тэр нь “Эрдэнэт”-ийн асуудалд нөлөөлсөн байж магадгүйеэ? Сунгаанд Р.Амаржаргалтай Э.Бат-Үүлийг зэрэгцүүлж байгаа нь бас л сунгаанд оролцож байгаа өөрийн талыг хуваах эрсдэл үүсгэхгүй юу? Ерөнхийлөгчид. Алдаагаа ийм богино хугацаанд давтах гэж байх уу? Эсвэл ваакумд орчихоод алдаагаа олж харахгүй, эсбөгөөс Н.Алтанхуягийг унагасандаа тайвшраад ахиж алдаад байна уу?

Иймэрхүү нөхцөлд АН-д Н.Энхбаяр ба намынхнаасаа дэвшүүлэхээс гадна Б.Жаргалсайханыг дэвшүүлэх нөөц хувилбар яригдаж байгаа бололтой. Ингэвэл МАН-ыг хуваагчаар Н.Энхбаяр дэвшиж, Б.Жаргалсайхан (АН+гуравдагч хүчний дэмжигчид) дэвших хувилбарыг тооцож байх магадлал бий. Ингэж нарийн боддоггүй гэж шүүмжлэгчид байдаг л юм, гэхдээ энэ байтугай нарийн тооцсон ярианууд хаана ч болдог л юм даа. Даан ч яриа учраас мартчихдаг болохоос. АН-ын нэр дэвшигчид дан ганц АН-ын гишүүд дэмжигчдэд тулгуурлаж ялна гэж бодож байгаа бол түүн шиг худал юм байхгүй нь харин үнэн дээ!

МАНАН-гийн 26 жилийн будлиан, өнөөгийн байгаа байдал нь ялагдсан АН-ыг өрөвдөх сэтгэхүйг нийгэмд тархаахгүй нам дараад байгаа юм л даа. МАН бүтэлгүйтэх тусам АН-ын рейтинг ч дагаж унаж байна. Тэгээд ч ийм богино хугацаанд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нэр хүндээ босгож амжихгүй нь бололтой, “МАСС медиа”-гаас зохион байгуулж буй босгох ажиллагаа нь урьдчилж төлөвлөлгүйгээр туршилтын байлдаан хийж нөхцөл байдлыг тодруулаад түүндээ хийсэн дүгнэлтээс хоёрдугаар үеийн босголт хийх тактик барьж байх шиг байна. Ингэж тулсан үед арай л нүсэр бөгөөд удаан биш үү? Ардын үг яахаараа “Чингис” зочид буудлын танхимаас эхэлдэг юм. Уг нь Сүхбаатарын талбай, Нарантуулын лангуу, Долоон буудлын худгийн мөстсөн дошин дээрээс эхэлдэггүй бил үү?

Ийм үед МАН-аас нэр дэвших нь тодорхой болсон учраас л М.Энхболд, сунгааны үеийн АН-ын далд сурталчилгааг баллуурдахын тулд өөрөө баруун этгээдээс эхлэн тойрч эхэлж байна. Харин түүний талаарх сэтгэдлийг тандахаар У.Хүрэлсүх гэдэг даран аялж байна. Эхлээд АН дараа нь МАН, араас нь Зүүний хүчний холбоо...

Одоо ингэж хавчуулагдсан М.Энхболдод хамгийн шулуухан арга бол 65 бүлгээс Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг оруулж ирээд сар хэлэлцүүлээд ороход ялалтын бамбараа бариад алхаснаас юуны ялгаа вэ? 3-р сард амжихгүй бол цаашид энэ талаар мөрөөдөөд ч хэрэггүй болно. Учир нь С.Жавхлан Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг тэнгэрээсээ асуутал “Болохгүй” гэж хэлсэн ба тэр тэнгэр нь бүр “Эрдэнэт”-ийн хувьчлалын асуудлаар Ерөнхийлөгчийг дэмж гэж зарлигдсан байх магадлалтай болоод явчихлаа. Аль нэг улстөрч тэгж хэлсэн бол танинхсан, даан ч тэнгэрийг нь бол танихгүй юм, УИХ 76 суудалтай, харин тэнгэр бол 99. Мэдэхээс Хан хурмаст, Эсрүүн, Бисман, Атаа таван тэнгэр гэсхийгээд мэлийчихэж байна даа, би. Гэхдээ тэр тэнгэр нь Монголын татварын албаар л дамжуулж үг хэлээ болов уу?

Дээр нь МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн супер менежер С.Баяр ИБУИНВУ-д залуу авгайтайгаа хамт итгэмжлэх жуухаа барьж явна. М.Энхболд түүнийг байснаас байгаагүй нь дээр гэж бодов уу? Эсвэл Ерөнхийлөгч салгав уу? Байвал гай болно гэдэг хувилбар л илүү үнэнд нийцэх болов уу? С.Баяр, У.Хүрэлсүх, Элбэгээ гурав нийлбэл өөрийг нь элбэгхэн пойлдчихно л доо...

Эхлэлтэй холбоход Ерөнхийлөгч хэн байхыг гуравдагч шийднэ, тэр нь Н.Энхбаяр байх уу? Аль эсвэл МАН-д У.Хүрэлсүхийн фракц бослого гаргаснаар шийдэгдэх үү? Эсвэл АН-аас тусгаарлагдсан ч зууралдаж байгаа Ерөнхийлөгчийн фракц М.Энхболдод тусласнаар шийдэгдэх үү? гэдэг нь ердөө АН-д удахгүй өрнөх Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааны дараа л ил болно. Ерөнхийлөгчийн сонгууль бол урьдчилж бэлтгэсэн тавилтаар явдаг золигийн сонгууль л юм даа... Түр завсарлая даа...
 


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив