Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тээрэмтэй байлдагсад
2017 оны 6 сарын 5 [Уншсан тоо: 44023]

МАН-д энэ удаа

МАН-д энэ удаа тун сонин үйл явцууд өрнөж байна. Үүнийг “улстөрийн сеймологичид” л тодруулна уу гэхээс энгийн нүдээр хараад дүгнэхэд бэрх юм. Чичирхийлэл үе үе мэдрэгдэж, ан цав гарч, уур савсана. МАН-д урд өмнө ийм зүйл болж байсангүй л дээ. 

Жишээ нь Ж.Батсуурийг огцруулсныг Ж.Батсуурьтай адил жижиг асуудал гэж харж болохгүй юм. Сонгуулийн үед намын даргын ар талд, ялангуяа Засгийн газарт ийм ноцтой хагарал гарна гэдэг зөрчил хурцадсаны шинж юм. Дангаараа засаглаж байсан түүхэндээ МАН ингэсэн бил үү? Нөгөө бат цул нэгдэл хаачив? М.Энхболдыг “Эв нэгдлийн ЗГ”-ыг толгойлж байхад ингэж цөмсөөр хөнтөрсөн, яг тэр түүх давтагдаж байх шиг. Үүнд л асуудлын ноцтой нь байгаа юм. М.Энхболд ЗГ дахь хяналтаа алдаж, Ж.Эрдэнэбат санаачлагыг авахаар зүтгэж байна. Харин Ж.Эрдэнэбатын энэ зүтгэл МАН дахь сөрөг фракцуудад аюулын дохио өгснөөс тэмцэл ширүүсчээ. 

МАН дахь гол асуудал бол маш прагматик. М.Энхболдын дараа ЗГ-ийг хэн толгойлох гээд байна? Ж.Эрдэнэбатын “жолоогоо чанга атгалаа” нэртэй суртал нэвтрүүлэг харин өөрийнх нь олмыг нь суллачихаж. Угаасаа хойд олмоо чангалалгүй мордсон. Асуудал хоёр талтай, нэгд Ж.Эрдэнэбат цэвэрлэгээ явуулж байна, сахилгажуулах зорилготой. Хоёрт У.Хүрэлсүхийн талын дарамт шахалт хэрээс хэтэрч, үүнд нь хамгийн жижиг, хамгийн сул, хамгийн дуулгавартай хүн өртчихлөө. Уг яам нь ач холбогдлын хувьд их том, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг хамарсан. М.Энхболдын талын хамгийн ярих дуртай сэдвийг хариуцсан салбар.

Одоо МАН-д М.Энхболд ялах эсэх нь хамаагүй, нэгэнт нэр дэвшсэнээс хойш тэр намд падлийгүй болсон. Тиймээс түүний хяналтанд байсан “өндөрлөгүүдийг” хэн авах вэ? гэдэг л намын дотоод дахь тулгамдсан асуудал болсон хэрэг. Энэ бол төвлөрсөн удирдлагын сул тал. Одоо л бүх албан тушаалуудыг булааж авахгүй бол сарын дараа бол олон хүний мөрөөдөл замхарч болзошгүй тул яарах хэрэгтэй. Ер нь намаа бодсон ч ингэхээс аргагүй. 

Хэрэв ялагдвал томоохон хагарал үүснэ шүү дээ, тэр хагарлын суурийг “Зөвлөлдөх ардчиллынхан” Г.Занданшатар, Д.Цогтбаатар нарын “Америкт төгсөгчдийн холбоо” цутгаж, Ц.Элбэгдорж дэмжиж, төрөөс санхүүжүүлж байна. Америк маягийн “Ардчилсан социализм”-ыг баримтлагч нам. Нэгэнт байгуулбал АН-аас хэн хэн орох нь тодорхой. Энэ зөвлөлдөгчид л МАН-ыг булшилчихаж магадгүй байна. Ц.Элбэгдоржийн “дэмжлэг” ийм “нөөц буудал” бэлтгэх далд аюултайг МАН-ын хашир кадрууд мэдэхгүй л байв гэж... 

Хэт төвлөрсөн, нэг хүнээс хамааралтай систем задрах дохио өгөхөөр тэр их өвийг булаалдагсад олширдог, учир нь энэ нийгэм өөрөө “ардчилсан маягтай” юм л даа. Ямар ч коммунист ийм ардчилсан элементийг ашиглахаас татгалзахгүй. Хуучин тоталитар уламжлал ба гажуу ч болов ардчилсан дэглэмийн зөрчил ингэж үйлчилж байгаа юм.  

Нойл зогсолт

Үймээнээс болоод М.Энхболдын штаб “О” зогсолт хийсэн байна. Аргаа барахдаа, хоцрох вий гэсэн айдсаасаа болж өрсөлдөгчдийнхөө үйл ажиллагааг зогсоохыг хичээж байна. Ийм үед цорын ганц тогтвортой ажиллаж буй төрийн институцийг эрх мэдлээрээ дамжуулан өөртөө дайчлан ашиглах л зам үлдсэн. Энэ бол бодлоготой хийж байгаа ажил гэхээсээ илүүтэй нөхцөл байдлын улмаас аргагүйдэн авч буй арга хэмжээ юм. Харилцаа холбооны зохицуулах хороогоор дамжуулж телевизүүдийг дарамтлуулаад зогсохгүй, СЕХ-г хүч нэмэн оролцуулаад, дээр нь цагдаагийнхныг дайчилж байна. М.Энхболдын эсрэг байж “магадгүй” бүхнийг мөрдөн мөшгиж, дарамтлан шалгаж, дуудан байцааж байна. Яг Геббельсийн үгийн хувилбараар “Дараад бай, дараад бай, бидний эсрэг байгаа бүхнийг дараад бай, хариуцлагыг нь та нар биш нам хүлээнэ”.

М.Энхболдын хүч энэ үү? Төрийн байгууллагууд сонгуульд өрсөлдөж байгаа улстөрийн хүчнүүдийн нэгэнд ингэж үйлчилж болдог юм уу? М.Энхболд УИХ-ын дарга, бас намын даргаараа дамжуулж төрийн аппаратыг “хувьдаа” зарцлах ёсон байна уу? 5 дугаар сарын 27-ноос хойш тэр хуулиар “нэр дэвшигчийн” статустай болсон. Түүний үг, үйлдэл бүр “сонгууль” болсон, тэгэхээс аргагүй, түүнийг нь хуулиар зааж, төр баталгаажуулсан. Тиймээс олонхийг толгойлж байгаа дэд дарга Ц.Нямдоржид хурал удирдах эрхийг шилжүүлэх нь наад зах нь ёс зүйтэй үйлдэл мөн биз? Тэгэхгүй бол М.Энхболд индэр дээрээс хувиараа “поп”-роод эхэлнэ шүү дээ.

Х.Баттулгын штаб бол дөнгөж бүрдэж байгаа юм байна. Хаа очиж АН нэр дэвшигч дээрээ нэгдэж чадсан нь Х.Баттулгын өнгөрсөн хугацааны ажлын үр дүн байх. АН-д энэ бол маш том боломж, намаа цаашид бэхжүүлэн авч явах үүрэгтэйн хувьд С.Эрдэнэ ч байр сууриа сайтар бэхлэхийг хүсэж байгаатай яв цав нийцэж байна. Нам дахь эрх ашгууд нэгдвэл цул хүчин болно, ядаж л хамаг хагарлын “мөлжүүртэй яс” болдог, МАН-ыг сарниулж байгаа төрийн албан тушаалын “үртэс ч” байхгүй нь АН-д давуу тал болжээ. Тэгэхээр М.Энхболдыг эсрэг “харласан” тэр их цуу шуугиан хаанаас гарсан байх вэ? Ерөөсөө саяхны хар хүчний тэмцэл, М.Энхболдыг барьцаандаа авах гэсэн хар хүчнүүдийн л увайгүй үйлдэл юм биш үү?  

С.Ганбаатарын штабыг бол бүр “амархан” зогсоож байна. Санхүүжилтийг нь гацаачихаж. Ингэхийн тулд хоёр гурван банкны эзэдтэй тохиролцоход л хангалттай. М.Энхболд ба С.Баярын зөрчилдсөн шийдвэр сөрөг реакц үзүүлж байна. Хөөрхий С.Ганбаатар явган явж нэг үзээд, эцэст нь олонтой газар бадар барьж байна. Өнөө хуваагчаа ингэж “баллаж” ач холбогдолгүй болгосны горыг М.Энхболд өөр дээрээ амсаж байна. Өнөөдүүл нь эргэж ноцов. Ноцох ноцохдоо ноцтойгоор шүү!

Мөнгө, төгрөгийн гачаалд орсон штабууд нь цэгцрэхээсээ өмнө сошиал орчинд эмх замбараагүй дайтаж эхлэжээ. Мөнгөнөөс харьцангуй бага хамааралтай эрх чөлөө, ер нь Монголд үлдсэн эрх чөлөө тэр өчүүхэн буланд, “хийсвэр” орчинд л амь тавин таталдаж байгаа шүү дээ. Ингээд “Цукербергийн компанийн” Азийн жижиг салбарт дайн үүсэв. Харин энэ ”жижиг” салбар маш нөлөөтэй. Үүнд нь өвөрлөгчид ч татагдан орж байна. Сонгуулийн сурталчилгаа “сошиал эрх чөлөө”-гөөр дамжин Монгол угсаатныг хамрах шинжтэй. Энэ бол шинэ үзэгдэл мөн, ер нь Монгол байгаа хилээсээ өргөн уудам орон зайг хамарсан том угсаатан гэдгийг эндээс мэдэрч болно. Бас болгоомжлох нь энэ их олон “сөрөг” постуудыг Монгол руу хэн шидээд байна вэ? Ийм зүйл хийх чадвартай ганцхан хүчин бий. “Ри Тинто”. Энэ байдлаар бол М.Энхболд нэгдүгээр шатнаас жийгдэх тухай миний “верс” батлагдах нь шиг байна.

Харин үүний хариуд МАН маш эмх замбараагүй, байгаа онохгүй самарсан хөдөлгөөн хийв. С.Ганбаатарын штабаас өвөрлөгчид болон эрлийзийн асуудлаар хорон шордолт хийгээд байхад л Х.Баттулгын штаб руу галласаар ар талаа хядуулаад дууслаа. Тэр байтугай өвөрлөгчийн асуудлаар Хятадуудыг өмөөрч тун таагүй нэр зүүлээ. Ямар сайндаа Монгол Ардын Нам Хятад Ардын Нам болчихоогүй байгаа гэж эргэлзсэнээ бичих вэ дээ? Арай Хятад манай “колони” болчихсныг, мэдэхгүй яваад байгаа юм биш байгаа даа? Фронтын шугамыг бүрэн харж байгаа хүн тэр штабт байна уу?

Одоо болтол М.Энхболдын (МАН-ын гэж хэлэхэд хэцүү болсон тул нэр дэвшигчээр нь овоглохоос аргагүй) сонгуулийн штабыг хэн удирдаж байгаа нь ойлгомжгүй байна. С.Баяр ч орж ирж үймүүлээд, Ц.Элбэгдорж ч орж ирээд чангаагаад, өөрөө ч санаа нь зовж хутгалдаад яг хун, хавч, цурхай гурвын үлгэр лүгээ адил таг гацжээ. Энэ гацаанаас гарах ганцхан арга бий, хун нь болдог санж уу, цурхай нь болдог сан уу? хавч нь ч болдог санж уу? нөгөө хоёроо хөөж явуулахгүй бол энэ хэвээр сонгуулийн богино хугацааг барах төлөвтэй. 

Хажуугаар нь Ц.Элбэгдорж чухам тэндэх санаачлагаа алдахгүйн тулд тэмцэлдээд Х.Баттулгын эсрэг “огт” хөдлөхгүй байна, харин С.Баяр С.Ганбаатарын хувилбарыг барьчихаад бас тээг болоод байна. Гэтэл МАХН-ын штаб тэр чигээрээ М.Энхболдын эсрэг эргэчихлээ шүү дээ! М.Энхболд төрөлх араншингаараа дундын хувилбар олох гэж тархиа гашилгаж эцэст нь “Хоёрдугаар шат гарна, тэгээд сахилгажсан намынхаа дахин сонгуульд оролцох идэвхээр ялна” гэсэн хувилбараар өөрийгөө тайвшруулж суугаа бололтой. Ер нь бол шийдэл гаргаж чаддаггүй хүн юм байна гэдгийг ойлголоо. Зан араншингийн дутагдалтай талаа илрүүлсэн хүн сонгуульд ялах юу л бол. С.Баяр л С.Ганбаатар бол хуваагч, Х.Баттулгыг хуваагаад унагана гэсэн “Ле Пэний үлгэрээ” ятгасаар тархийг нь барьсан бололтой юм. Тэгээд л тэр... 

Ер нь хэн сонгуульд нэр дэвшээд байна аа? Хэн штабыг нь бариад байна аа? МАН уу, АН уу? гэх мэт орооцолдсон юм болчихож. Аргаа барахад Ц.Элбэгдорж сонгуулийн дараа Х.Баттулгад “Хөгшин нь яаж тусласныг хараа биз?” гээд инээгээд суух л хүн. Харин С.Баяр... Тэр яагаад ажлаа хийхгүй байна, ажил нь Их британид, Лондонд Монголоо төлөөлөх болохоос Монголд “Рио”-г төлөөлөх биш биз дээ?

Сүйрэл

Ажиглавал намын “үзэл суртлын” хэлтэс бүрмөсөн сүйрч, харин санхүүгийн болон орон нутгийн салбарыг хариуцсан хэлтсүүд л идэвхжиж байгаа бололтой байна. Суртал нэвтрүүлэг, сурталчилгааны талбарт хүнд ялагдал хүлээлээ, үүнээс сугаран гарч чадахгүй нь ойлгомжтой болчихож, армиараа тээрэмтэй байлдаж сүржигнэсээр. Энэ бүтэлгүйтлээс нь болоод С.Ганбаатар МАН-д дайсан болчихлоо. Хамгийн аюултай хорон цохилтыг тэднийх системтэй зохион байгуулалттай хийж байна. Хүч султай ч улайрсан ийм хүч маш хөнөөлтэй. Яг Умард Солонгос шиг “Мөнгө өгөхгүй бол пуужингаа харвана“ гэж байна. Н.Энхбаярын намынхандаа хэлсэн үг ч үнэн. “Мөнгөгүй бол би ч гарахгүй шүү дээ” гэж.

Тиймээс М.Энхболд яг 2016 онд хэрэглэсэн тактик руугаа шахагдан орж байна. Мөлх, худалдан ав, үүндээ засаг захиргааны хуваарьт хязгааргүй ноёрхсон давуу талаа ашигла. “Мөнгө ачсан илжиг ямар ч хэрмийн хаалгыг нээдэг”.  Ялахад гурван юм  л хэрэгтэй “Мөнгө, мөнгө бас дахин мөнгө”    
 
Сонгуулийн кампани эхлэхээсээ өмнө сүйрсэн ийм тохиолдол урьд өмнө бараг л байсангүй, ядаж эхлээд сүйрдэг байсан юм. Яг сая унасан АН-2 шиг. Дураараа төвийн удирдлагагүй ийм замбараагүй тэмцэл эрээвэр хураавар, хөлсний нүсэр том армид боло уг нь хэвийн үзэгдэл л дээ. Арми нь өөрөө өөртэйгээ байлдаад хамаг хөлс хүчээ бараад дууслаа. Намынх нь генсек сонин тараагаад явж байгаа тухай мэдээ үнэн бол энэ бүрмөсөн замбараагаа алдсаны шинж шүү дээ. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг хуучин цагт Ю.Цэдэнбал даргын албан тушаал шүү дээ!

Эцэстээ мөнгөө суллаж, С.Ганбаатар “UB палас”-т ухуулагчидаа цуглуулж, зөвлөгөө хийх зар тарааж эхэлжээ. Уг нь энэ бараг хагас сарын өмнө хийх ёстой ажил. Нэгэнт штабаа үзэл суртлаар нэгтгэсэн бол одоо араас нь санхүүгээр дэмжих ёстой, хэрэв санхүү тасалдвал ахиад Хятадтай холбоотой маргаан яг саяынх шиг дэгдэнэ. Тэр бүр М.Энхболд л хохирно. Яг Умард Солонгосыг аргаддаг Хятад лугаа адил нөхцөл байдалд орчихжээ. 

Хэрэв мөнгө тасалдаж, санхүүжилт нь бүрэн зогсвол С.Ганбаатар нэрээ татаад “С.Баттулгыг дэмжээрэй!” гэж уриалаад тоглоомоос гарчихаж чадна. Тэр уян хатан, баригддаггүй хүн л дээ. Ингэх нь нэгд, цаашдын улстөрийн нэр хүндэд нь сонгуульд авсан саналаас нь хэд дахин давах асар том капитал авчирна. Хоёрт, тэр хэзээ ч МАН-ын талбарт удаан тэсэхгүйгээ мэдэж байгаа, энэ бол нерв шавхсан ажил. Тэр хүний морь унасан хүн өндийж хатирна гэгчээр морь нь бусгавал  үсрээд л буухад бэлэн байгаа шүү дээ! Гуравт түүний штабын хүмүүсийг МАН цагдаагийн хүчээр баривчилж, тэд ямар ч хамгаалалтгүй байгаа нь өсөрхөл төрүүлнэ үү гэхээс талархал төрүүлэхгүй л байх. 

Тиймээс эх орныг доройтуулан хямрааж байгаа МАНАН ба МАН-ын эсрэг тэмцэлд хувь улстөрчийн хувьд хүлээсэн үүргийнхээ дагуу ийм алхам хийлээ гэвэл М.Энхболд бүрмөсөн ялагдана. Ингэсэн тохиолдолд 60 тэрбумын сүлжээ нь ч аврахгүй л дээ... 



 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив