Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шастирын мөрөөр цагдаагийнхан мөшгисөн түүх...
2017 оны 6 сарын 6 [Уншсан тоо: 34020]

Нийтлэлч, сэтгүүлч А.Баатархуягтай ярилцлаа.

Сур: Танаас Эрүүгийн цагдаа байцаалт авсан гэж сонслоо. Энэ ямар учиртай явдал болов? Хэний гомдлоор Таныг ингэж асуух болов?

А.Б: Тэгсэн. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын хүү Э.Анар гэгч цагдаад гомдол гаргасан юм байна. Тэр гомдол гэгч нь наад захын шаардлага хангаагүй, компьютерт бичээд Э.Анар гэгч гарын үсгээ зурсан хоёр нүүр бичиг байх юм. Уг нь өргөдлийг “гомдогч” өөрийн гараар бичиж өгдөг журамтай, би бас эрхбиш алба тушаалд байсан хүн албан хэргийн энэ зэрэг наад захын стандарт мэдэлгүй яах вэ? Миний бодох нь тэр хүү биш харин М.Энхболд болон түүний штаб гомдол зохиож тэр хүүгээр гарын үсэг зуруулаад өгчихсөн байх. Түүнийг нь манай чекистүүд шуурхай мөрдөөд эрүүгийн хэрэг болгох гэж зүтгэж байна. Уг нь хүүхдийг ийм юманд хутгамааргүй л байгаа юм, ядарч байгаа юм байлгүй дээ!

Сур: Гомдлын утга нь?

А.Б: Гомдолдоо өөрийн өвөө Г.Миеэгомбо гуайн намтрыг биччихэж. Араас нь манайхныг уг удмаар нь яс үндсээр ялгаварлан гадуурхлаа, манай аавыг хулгайч гэж гүтгэсэн байна гэсэн агуулгатай. Тэр хүү яагаад монгол, хятадын тухай үлгэр бичихээр “яс үндсээр гадуурхлаа”, “доромжиллоо”, “гүтгэлээ” гээд байдаг юм бол оо? гэж өөрөөс нь асуулгалаа. Цаанаас нь нэг юм хатгаад байгаа бололтой дог. Нэг юм байх нь гарцаагүй байна.

Сур: Яагаад тэгж үзэх болсон юм бол? Таны “шастир” М.Энхболдыг гүтгэсэн юм уу?

А.Б: Өө, би ч бас ойлгоогүй гэдгээ хэллээ л дээ. Энэ бичвэр бол Монгол хаан, Хятад хааны хооронд болж буй мэтгэлцээнийг харуулсан ёгт үлгэр, шастир юм. Энэ бол “нийтлэл” гэдэг төрөл зүйл, сэтгүүлзүйн  жанр ч биш. Би фейсбүүк хуудастаа тавьсанд утга зохиолын “шедевр” болох магадлалтай гээд утга зохиолын группуудэд ихээхэн тархаан уншсан байна билээ. Тэгээд л Хятад гэсэнд эмзэглэсэн юм уу, Монгол гэсэнд эмзэглэсэн юм болов уу? гэж хариу асуулгалаа. Аягүй “хайбрид” гомдол байгаа байхгүй юу, аль талд нь гомдоод ч байгаа юм. “Чингисийн 9 өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир” гэж байдаг даа, түүний л зохиомж юм. Би бол Эзоп, Салтыков-Щэдринийхээс эхлээд ёгт үлгэр уншиж өслөө. Монгол ёгт үлгэр ч олныг шимтэн уншлаа. Гол баатрууд нь зохиомол дүр юм л гэлээ. Хэр боловсролтой улс байгаа юм, үлгэрийг үнэн гэж боддог бол ч хэцүүхэн л улс шиг. Үнэнээ үлгэр болгож байгаа улс энэ хэр сэтгэх, хардаж сэжиглэх ч энүүхэнд байх өө! Үе үеийн төр мунхрахаараа үлгэртэй хөөцөлддөг нь унахын шинж л гэдэг юм. Тэр хэрээр үлгэр ч олширдог. ЗХУ-ын төгсгөл үед онигоо олширсон шиг.

Сур: Урт хутгат гэж хэн бэ?

А.Б: Та яг байцаагч шиг асуулаа. Урт хутгат гэдэг Монголчуудыг, ер нь нүүдэлчдийг хэлдэг юм. Хятадууд ч, бүр баруун сарт тариаланчид ч. Эртнээс эр, эмгүй хутгатай явдгаас болсон хэрэг л дээ. Лев Гумилёв гуай бол “Нүүдэлчид ялангуяа 40-өөс дээш насанд шүд нь их мууддаг, бас өндөрлөг газар махны болц тааруу учраас хутга авч явахаас аргагүй” гэж дүгнэсэн байдаг юм. Ногоо цагаачдын жимс ногоо хэрчдэг хариугүй нимгэн хутганаас мах иддэг хутга их урт, том, зузаан аймаар харагддаг байсан хэрэг.

Сур: МАН-ынхан хутга гэхээр аймаар юм, Гитлерийн “урт хутганы шөнө” гэгчийг санагдууллаа гээд байсан. 

А.Б: Хутга бол Монголчуудын хувьд гал тогооны хэрэгсэл. Зүүсэн хутгаараа хүн дүрээд явсан тухай Та сонсоогүй л байлгүй. Дээхнэ манай хүргэн ахын найз Буриадууд морин тармуурны шүдээр хутга хийлгээд, сугандаа хавчуулаад “Араар цухуйж байна уу?” гэж асуудагсан. “Яаж байгаа юм?” гэж гайхахаар “Гахайн хутга, ийм байж зүрхэнд нь хүрнэ шүү дээ” гэж тайлбарладаг байсан. Тэгэхээр бас ангийн зориулалттай. Бас сур, шир зүсэхээс эхлээд чөдөр ногтны чагт зороход хүртэл хутга хэрэгтэй. Бас бодын мах эвдэнэ гэх мэтээр нүүдэлчдийн хувьд аж ахуйн маш чухал хэрэгсэл юм л даа. Урт хийхээс аргагүй.  Ийм ахуйд өсөөгүй хүн бол ойлгохгүй байх нь ч бас хир ээ хир, хөөрхий. Сонирхуулахад 1920-оод оны хэвлэлд нэг шүүмжлэлт мэдээ байсныг уншиж билээ. Энэ хутга гаргахыг хуулиар хорихгүй бол оросуудын нөлөөгөөр хутга шөвөг гаргадаг муухай үйлдэл хүрээний залуусаас хэд хэд гарлаа гэж их сэжиглэж шүүмжилсэн байдаг. Тэр үеэс л сэтгэлгээ эрлийзжиж, хутганаас айдаг болж л дээ. Ер нь Монголд хүний хутганаас ташуур нь илүү аюултай зэвсэг байх шүү!    

Сур: Тэр “Урт хутганы шөнө” гэгчийн тухай...

А.Б: Европт тийм түүх олон бий. Тамплиерүүдийг хядсан Варфоломейн шөнөөс эхлээд... Сүүлд Хитлер нэг шөнө яг тийм “цэвэрлэгээ” хийсэн юм гэдэг. Гэхдээ нам дотроо... Баахан урвагч шарвагч, хоёр нүүртэн, мөнгөний шуналтан, эрийг эмлэгчдийг цэвэрлэж намынхаа эгнээг ариутгасан юм даг уу? Түүнийг манай гүүш нар орчуулахдаа монгол хэлцтэй дүйлгэж “Урт хутганы шөнө” гэж орчуулсан хэрэг. Ийм жишээ олон, жишээ нь Зул сарын баяр гэж байна. Европт тэгж нэрлэдэггүй, Монголын “Зулын 25-нтай” агуулга нэг учраас орчуулахдаа ингэж нэрлэжээ. Зонхов гэгээний жанч халсны буян, Христийн жанч халсны буяны баярыг л адилтгасан хэрэг. Ер нь бүх гэгээд, бурхад өдөр шөнө тэнцэх цагт төрж, таалал болдог нь Ертөнц дахины шажны домогт давхцдаг ойлголт юм л даа. Тиймээс “Урт хутганы шөнө” бол Гийтлаарынх гээд, тиймээс Баттулга урт хутгатай фашист гэж бичих нь наад зах нь соёлжих байтугай бүдүүлгийн шинж. Би тийм мунхаг хүмүүсийг бүр нэг тоодоггүй л дээ. Юмны зиндаа ийм юман дээр гарахаас өмссөн зүүсэн дээр гардаггүй юм. МАН-ын боловсон хүчний боловсролын хэмжээ л юм биз дээ. Бүр нэг сэтгэлгээ нь хүртэл эрлийз болчихсон. 

Сур: Анх “Урт хутгат”-аас гэж байгаад заналхийлснийг цагдаад өгсөн юм байна гэж ойлгоод байсан юм л даа...

А.Б: Тэр харин зорилготой операци юм шиг байна. Өөртөө заналхийлэл бичээд түүнийгээ заналхийлөгчийн нэрийг дарж байгаад фейсбүүкт тавьсан байна билээ. Би тэр постны дор “Цагдаад өг” гэж зөвлөсөн. Миний бичсэн нэрийг ашиглаж заналхийлж болохгүй шүү дээ. Гэвч одоо учрыг нь олж байна. Олон нийтэд болохоор заналхийлсэн этгээдийг цагдаад өгсөн юм байна гэх ойлголт төрүүлээд, харин цагдаад өгөхдөө миний шастирыг нэр заагаад өгчихөж байгаа байхгүй юу. Бас “Захиалга ба наймаа” өгүүллийг гомдолдоо дурдсан атлаа тэр өгүүллийн юу нь “таалагдаагүйг” огт дурдаагүй байна билээ. Тэгэхээр сонгууль дуустал “ам барих” болбол цааш нь хийчих гэсэн санаатай юм биз дээ! Одоо хүмүүс тэр заналхийлэгчийн нэрийг олж тогтоохоор цагдаагийнхан гүйлдэж байгаа гэж хүмүүс ойлгочихсон, харин араар нь манийгаа малиндах гэж байгаа байхгүй юу...  

Сур:  За урт хутгат нь тийм байдаг юм байж, улаан царайт нь хятадын далбаа гэсэн байсан. Хоёр үндэстэн улсын тухай болохоор ойлгож байна. Тэгвэл тэр нэрүүд, Тулга, Ми Еэ гэж...

А.Б: Саяхан жүжигчин Баттулгын зургийг нэр дэвшигч Х.Баттулгын зурагтай зэрэгцүүлж тавиад Хятадууд хүүхэддээ Баттулга гэдэг нэр өгдөг гэж авсан байна билээ. Одоо Баттулга гэдэг нэртэй хүмүүс МАН-ыг цагдаад өгч нэрээ цэвэрлэж авахгүй бол та нар бүгдээрээ “хужаа” гэгч болох нь байна. Иргэдээ харин ингэж доромжилж болохгүй ээ! 

Би бүх дүр зохиомол гэсэн, Урт хутгат Монголын хаан Тулга нэртэй нь бид чинь даяар Монголын ариун голомт биз дээ? Худлаа гэвэл төрийн дуулалд байгаа. Монголын голомт тулганд байдаг юм аа, халуун ханз, пийшин зууханд биш. 

Тэр “Ми Еэ”-гийн тухай тэр нэрээс болоод МАН-ынхан нэр дэвшигчээсээ эхлээд бүгд “хятад болох дуртай” байх шиг. Та минь, Ми овог бол Хятадын 100 овгийн нэг. Яг зуу ч биш л дээ 160-аад овог байдаг юм. “Ми” гэдэг чинь “тутарга” гэсэн үг ээ. Тутарга гэж монголоор хэлэхээр эрлийз хэлтнүүд бас ойлгохгүй ээ, “цагаан будаа” гэж төвдөөр тодруулахаас... “Еэ” бол хятадууд авгайлахдаа хэрэглэдэг дагавар. Энэ ёс Монголд ч нэвтэрсэн. Сүүеэ, Гооёо, Жааяа гэж авгайлдаг чинь энэ ёс, монголын эгшиг зохицох ёсоор өргөлттэй эгшгээ балархай эгшиг нь дагадаг ёсоор “яа, ёо” болчихоод байгаагаас хятад-төвд үет хэлний “еэ” гэсэн үг шүү дээ. Хятад хүн Да Еэ гэвэл “Их эзэнтэн” л гэсэн үг. Монголчууд Дааяа гэж ярьдаг. Би бас “еэ”-гээр Юаний Монголчуудын толгойг хага цохих уриалга бичиг нуусан “Еэвэнг” нь сануулах гэсэн юм. МАН-ынхан жаахан бичиг үсэгт тайлагдмаар л байгаа юм, өөрсдөө ч үр хүүхдээ сайхан монгол-дорнын соёлд сургамаар, яагаа ч үгүй эрлийз хэл боловсролтой болгочих юм даа. 

Нөгөө үлдсэн фэншүйгийн тухайд Баабар тайлбарласан байна билээ. Миний энэ ярьж байгааг уншаад МАН-ын пиарчид болоод хөлснийхөн ичих болов уу? Боловсролгүйдээ бачимдаад бүр ч мугуйдлах болов уу? Би харин энэ үгээрээ тэнэг, боловсролгүй гэж тэднийг хангалттай гутаалаа. Ойлгодог юм болов уу?

Монгол улсын цагдаа бол Монгол улсад бүртгэлтэй Гомбын Миеэгомбо, Миеэгомбын Энхболд, Энхболдын Анар гэх мэт тодорхой “обьект, субьектийн” нэр төр мөрийг хамгаалдаг л юм байгаа биз. Харин “Ми Еэ” гэхээр л нэр дэвшигчийн удам судар гээд батлаад харайгаад байж боломгүй юм. Үлгэр хөөгөөд явбал “Есөн өрлөгтэй цэцэлсэн өнчин хүүгийн шастир”-ыг мөрдөөд тэр цэцэн өнчин хүүг ч бариад хорьчих бололтой!  

Сур: Хужаагийн тухай...

А.Б: МАН-ынхан хужаагаас ч, хятадаас айдаг ч юм шиг. Хятад ба хужаа гэсэн ойлголт тэс өмнөө юм. Би бол нангиад гэж уг монгол нэршлээр бичсэн. “Хятад” буюу “кидан” гэж хэлэхэд ч энэ үг гутам хүмүүс ч байдаг л юм. Харин “хужаа” буюу “хуа цяо” бол хэрэмний чинад хоёр мөрний саваас далайн хөвөө хүрсэн нутгаасаа цагаачилж гарсан хүмүүс, түүний тасардаггүй үр удмыг хэлдэг. Энэ үлгэрт “хужаа” гэсэн нэг ч үг байхгүй. Тэгэхээр дахин хэлэхэд яагаад гомдох болсныг би л лав ойлгохгүй байгаа шүү. Би чинь эрүүл саруул ухаанаа алдаагүй л хүн дээ!

Сур: Тэр нэг чийгтэй чулуун ордноос чинь хөөгөөд... гэсэн хэсэгт эмзэглээд байгаа юм биш үү?

А.Б: Бас нэг эрлийз боловсролтон Чингис хаан чулуун ордон барьсангүй. Хятадууд бол аугаа хот босгосон энэ тэр гэсэн нь санагдаад... Тэр чулуун ордноос нь Ин зун хааныг нь сугалж гаргаад, чийг бамаас нь салгаж, тав гэзэг тавьж, тал нутагт хонь хариулгаж эрүүлжүүлээд буцааж байсан миний дээдсийн түүх бий. Тэр түүхээр би бахархахгүй бол хэн бахархах юм. Түүнд бахардаад байх юу байна? 

Сур: Бас ...

А.Б: За дүү, одоо больё! Нийтээр эрлийзжсэн энэ хотод Монголын тухай монголоор биччихээд түүнийгээ үг бүрчлэн тайлбарлана гэдэг ёстой төвөгтэй юм. Монголоороо үлдсэн нь ойлгоно биз, үгүй бол тэр л биз. Үүнээс болоод өглөө бүр “Монголын радио Монголоор мэндэлж байна уу?” гэж асуумаар санагддаг болчихсон шүү... 

Сур: Сүүлчийн асуулт. Та нэр дэвшигч М.Энхболдыг эрлийз гэдэгт итгэдэг үү?

А.Б: Харин би М.Энхболдын эрлийз бишийг баталсан гурван үеийн намтрыг нь хүлээж байна. Энэ бол социализмын үеэс тогтсон төр улсын жишиг. Эцсийн эцэст эрлийз гэгдээд байгаа хүн өөрөө мөн, бишээ батлах ёстой. Ямарваа хүн хэнээс ч илүү өөрөө, өөрийгөө л мэднэ. Хэрэв эрлийз бол би хариу нэхэмжлэл гаргана... Би бас нэр төртэй хүн биз дээ? Гэхдээ би эрлийз бишээс нь үл хамаараад түүнд саналаа өгөхгүй...  

Ерөнхийлөгч болох нь байтугай яагаа ч үгүй байж үр хүүхэд нь хүртэл төр улсын шүүх цагдааг хөдөлгөж байгаа ийм гэр бүлийг харсаар байж Монголчууд итгэж саналаа өгөх үү? Урд өмнөх эхнэрээ толгой дээрээ гаргасан удирдагчдын тухай зөндөө л мэднэ. Харин бүр үр хүүхэд нь хүртэл гар дүрдэг ийм ёс харсангүй. “Ээлтэй Ерөнхийлөгч” болно гэнэ үү? Ийм “ээлтэй” байх юм бол Монголын шорон цөөдөх биз. Ингэж ч эвтэй болгодоггүй байх аа... Шоронгоор эвтэй болгодог үе Монгол дууссан ч хоёр хөршид дуусаагүйг санаж байх ёстой! Наадуулын чинь ярих дүр цагаан ч, явдал мөр нь хар хүмүүс гэдгийг бүгд мэднэ!

Ер нь үүнийг уншаад Галсансүхийн шүлгийн мөр шиг “Монгол биш хүмүүс маш их баярлаад...” унах тул бах тавыг нь хангамааргүй байна.
 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив