Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Уугуул
2017 оны 6 сарын 13 [Уншсан тоо: 26978]


Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь заалт “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байдаг. 

Монгол Улс парламентын засаглалтай гэдэг авч сүүлийн үед ерөнхийлөгч-парламентын хосолмол засаглалтай улс гэдэг болсон. Энэ “уугуул” гэдэг үгийг Монгол Улсын Үндсэн хуульд зөвхөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тухайлан заасан 30 дугаар бүлгийн 2-т ганцхан удаа хэрэглэсэн байна. Парламентын гишүүдийг, тэр дундаа УИХ-ын даргыг сонгоход энэ үзүүлэлтийг харгалздаггүй, Ерөнхий сайд болоод сайд нарыг томилоход ч, аймаг, нийслэлийг удирдах, бүх шатны сонгуульт болон улстөрийн албанд дэвшүүлэх, томилоход ч энэ “шалгуур” байхгүй.

Ерөнхий сайд асан С.Баяр “Түмэн олноосоо сонгогддог төрийн тэргүүн гэдэг бол том эрх мэдэл, том хүндэтгэл, том бэлгэдэл юм гэж...” хэлжээ. “Том бэлгэдэл” шүү! Бас сонссон нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай яг С.Баяр сайдаас асуусан асуултад “Би Ерөнхийлөгчид дэвшиж болохгүй ээ, бид бол түших учиртай хүмүүс юм” гэж хариулсан тухай сонсож байв. Энэ тухай лавлая гэж бодож байна. Хэрэв ингэж хэлсэн бол тэр буурал баавай Төрт ёсны хүнд хүндэтгэлээ Монголынхоо төрд илэрхийлжээ. Эс боловч хүндлэл үл буурна.

Ерөнхийлөгч бол “бэлгэдэл” гэдэг нь ажил хийдэггүй гэсэн үг биш, харин үндэсний эрхэм дээд “бэлгэ тэмдэг (символ) - хаан” гэсэн агуулгатай гэж би ойлгодог. Давхар олгодог Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн тэргүүн гэдэг зэрэг дэвийг бодсон ч тэр энэ “бэлгэдэл” бол гүн гүнзгий утга агуулгатай. Зэвсэгт хүчнээ харийнхны мэдэлд өгч болох уу? Үндэсний асуудлаа “уугуул” биш, нутагшаагүй хүнд өгч болох уу? Оросын БХЯ-ны сайд С.Шойгуг нэрлэх биз, гэвч ОХУ-ын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч нь В.Путин юм. 

Уугуул гэдэг үг, бэлгэдэл хоёр бол Монгол Улсын Үндсэн хуульд шигтгэж өгсөн Монголчуудын үндэсний дархлаа, мэдрэмж, ирээдүйг хамтад нь агуулсан ойлголт юм. Анх энэ “уугуул” гэдэг үгийг “таван үеэрээ Монголд амьдарсан “цэвэр” монгол хүн” гэж ойлгож байсан билээ. Энэ тухай Оросын хэвлэлд ч бичиж байсан. Одоо үндэсний архивт үзвэл Монголчууд долоон үеэ мэдэх боломжтой юм билээ. 

Ерөнхийлөгчийн сонгууль бүрээр энэ “уугуул”-ын эсрэг утга “эрлийз”-ийн тухай асуудал яригддаг гэж МАН-ынхан хэлж байгаа нь үнэн. Тэгэх ч ёстой. Чухам яг Ерөнхийлөгчийн сонгуулиар ёс мэт энэ асуудал өндөр хэмжээнд яригддаг нь монголчуудын үндэсний дархлааны систем ажиллаж байгааг харуулдаг. Чухам ямар түвшинд гэдэг тусдаа асуудал. УИХ-ын сонгуулийн үеэр хэсэгчилсэн тойргуудад иймэрхүү асуудал гарах нь гардаг ч бүр цэвэр “либерал”-аар бодоход энэ парламентад “үндэсний төлөөлөл” ямар нэг хэмжээгээр орох ёстой биз дээ? Тиймээс хуулинд заагаагүй энэ шалгуур сул үйлчилдэг билээ.

Харин Ерөнхийлөгчид бол бусдаас онцгой цор ганц шалгуур давсан төлөөлөл байх ёстой энэ бол “уугуул монгол хүн”. Монгол улсад амьдарч буй бүх хүн монгол хүн гэгдэх эрхтэй. Гэхдээ Ерөнхийлөгч л “уугуул” монгол хүн байх ёстой. Ядаж л эртнээс тахиж шүтэж ирсэн байлдааны догшин хар сүлдийг тайж тахих үүрэг энэ хүний мэдэлд очдог юм аа. Үүнийг бас бүгд ойлгодог юм аа!

Эрлийз

Энэ үг бол “уугуул” гэдэг үгийн эсрэг утга. Үгнээс сэжиглэдэг бол хуулийн заалтаар “уугуул биш” гэсэн үг. Тиймээс одооноос мал амьтанд ч хэрэглэдэг “эрлийз” гэдэг үгийг хүнд (хуулиар нэр дэвшигчид) хэрэглэлгүй “уугуул биш” гэсэн “хуульд нийцсэн” нэр томъёог ашиглах саналыг дэвшүүлж байна.  

Монголчууд одоо ч феодал зангаасаа салаагүй, хуучин халх дөрөв, шавь тавын засаг захиргааны хуваариар “хамжлагын хувьд” өөрийгөө тодорхойлох нь ёст хүний чамирхал болж. Үндэсний бөхөд хүртэл “хотын хүн” алга хөдөөгөөр цоллоод байна, аав ээжийнх нь нутгаар цоллоод байна гэдэг шүүмжлэл гардаг нь, үүнийг хатуу дэглэмжсэн коммунист дарангуйллын үед ч устгаж чадаагүй нь бас л “уугуул”-тай холбоотой. Бүр одоо тухайн нутагт төрөөгүй байсан ч аавын нутгаар “...аймгийн ... сумын уугуул” гэж цоллодог болоод байна. Энэ бол Монгол үндэсний ёс уламжлалыг хамгийн сайн хадгалж буй бөхийн барилдааны ёс жаягт Монголчуудын уламжлал, үндэсний мэдрэмж шилжин, найдвартай хадгалагдаж буй нотолгоо. Эрлийз морь уралдуулсан тухай маргаан байдгаас “эрлийз бөх”-ийн асуудал байдаггүй билээ.

Эрлийз гэдэг үгийг “доромжлол, хараал, зүхэл, гүтгэлэг” гэж ойлгож байгаа бол үнэхээр “ноцтой” сэдэв мөнөөсөө мөн. Гэвч энэ бол Үндсэн хуулиар зөвшөөрсөн юм. Яагаад гэвэл “Уугуул хүнийг сонго!” гэж бидний дагаж мөрдөх дүрэмд хоёргүй утгаар зааж өгсөн байна. Намууд нэр дэвшүүлэхдээ Үндсэн хуулинд заасан энэ шалгуурыг хангах хүнийг дэвшүүлэх ёстой, энэ шүүлтүүрээр нэр дэвшигчээ оруулж байж гаргах учиртай юм. 

“Чингис хаанаас хойшхи Монголчуудын зохион байгуулалтын хамгийн дээд хэлбэр” гэгдэж байсан МАН хэрэв өөрсдийн хүчлэн тогтоосон уламжлалыг эвдсэн бол туйлын хариуцлагагүй алхам хийсэн, эсбөгөөс зохион байгуулалтаа алдсан, гурав дахь тайлбар бол санаатай үйлдэл мөн. Ядаж л коммунист засаглалын жилүүдэд тогтсон боловсон хүчний шалгуурт тавьдаг туйлын зөв шүүлтүүр “гурван үеийн намтар”-т үндэслэн Үндсэн хуулийн шалгуурыг хангасан байх гэж найдаж байна. Намын мандал бадрал ба доройтол буурлын үеийн бэлгэ тэмдэг Ю.Цэдэнбалын уламжлалаас татгалзаагүй гэж найдна.

Хуулинд, тэр дундаа Үндсэн хуулинд “Уугуул” гэсэн үг байгаа л бол “уугуул” хүнийг дэвшүүл, хэрэв “уугуул биш” бол ард түмэн сонгох ёсгүй юм. Хэрэв энэ заалтыг аливаа нам зөрчсөн бол тухайн намд “Үндсэн хуулийг дагаж мөрдөх”-ыг анхааруулах, цаашид мартахгүй болтол сануулах эрхээ ард түмэн давхар эдлэх учиртай юм. Нийтээрээ “Цус шинжилгээний лаборатори” ажиллуулдаг байгаа тухай муйхар хариулт ч үүнд нэмэр болохгүй. Нийтээрээ “цус шүүх” лаборатори ажиллуулахыг “Үндсэн хууль” зөвшөөрсөн юм. 

Чухам ийм учраас нэр дэвшигч хэнбугай ч “уугуул” гэдгээ батлах үүрэгтэй, хэрэв батлаж чадахгүй бол Үндсэн хуулийн шалгуурт тэнцэж чадаагүй учраас сонгогдох эсэх нь сонгогчдын өмнө эргэлзээтэй болох учиртай. Үндсэн хуулийн 30.2 заалт бол манай үндэсний бодлогын “гал хамгаалагч” мөн, “уугуул” гэдэг бол гал хамгаалагчийн “нарийн утас” мөн. Хэрэв ард түмний зүгээс хүчдэл ирвэл энэ утас тасарч, Монголын ард түмний бэлгэдэл, ёс журам хадгалагдан үлдэх ёстой.

Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэрэв “уугуул биш”-ийн тухай асуудал яригдвал хэнбугай ч ялархаж, “үндэс угсаагаар ялгаварлалаа” гэж гоншигнох хэрэггүй. Ямар ч түгээмэл зрчимд тулгуурласан бай, аливаа “Үндсэн хууль” өөрөө үндэстэн-улсын (nation state) эрх ашгийг, онцлогийг ямар нэгэн байдлаар зайлшгүй тусгасан байдаг нь жам юм. Тиймээс ямар ч нэр дэвшигч алба тушаалын өндөрлөгөөс үл хамаарч “Үндсэн хуулинд” заасны дагуу “уугуул” мөн гэдгээ л батла! гэсэн шаардлагад намын хамт хүлцэн захирагдах ёстой. Хэрэв үүнийг эс дагавал нийтээр нуга дарах болно. 

Үүний тулд Монгол Улсад хүн амаа нарийн бүртгэн хадгалсан архив гэж байгаа, тэр архив бүгдэд хуулийн дагуу нээлттэй үйлчилгээ үзүүлдэг. Чухам асуудлыг хэр дэвэргэх нь тухайн асуудалд холбоотой цорын ганц субьект-нэр дэвшигчээс л шалтгаална. Үүргээ биелүүлэхийг шаардах нь Үндсэн хуулийг сануулж, сахиулах нь иргэн бидний журамт үүрэг мөн. Либерализм, глобализм, интернационализм бол үндэснийг нэгжин хуваадаг талтай, гэхдээ аливаа хувь хүн хэнбугай ч үндэстнээс урган гараагүй тусгайлсан эрх эдлэх учиргүй юм. Чухам иймээс олон хүн үндэсний асуудал дээр нэгддэг. Нацист, фашист гэгдэж байгаад ч болов. 

Түгээмэл асуудал болох нь

Уугуул гэдэг углуургаараа бол нутаг эзэмшихтэй холбоотой асуудал юм. Өнөө “Үхэртийн хөндий манайх” гэдэг хошин үзэгдэл юм, энгийнээр. Аливаа үндэстэн тухайн нутагт 100 жил оршин суувал уугуул гэж тооцох тухай ОУ-ын жишиг байна. Энэ зуун жил бол ойролцоогоор хүний 5 үе юм. Тиймээс “уугуул” гэдэг үгийг энэ багцаагаар оруулсан ажээ гэж бодож байна. 

Монголын “уугуул биш” хүнд ганцхан Ерөнхийлөгчид дэвшихгүй байх хориг бий. Түүнээс бусад эрх, эрх чөлөө хангалттай бий, бүх шатны парламентад сонгогдох, парламентыг даргалах, нийслэл, Засгийн газрыг тэргүүлэх, үүгээр дамжин ҮАБЗ-ийн гишүүнээр ч томилогдох эрх бий. Энэ эрхийг эдэлж буй уугуул бус хүн цөөн бус. 

Мөн энэ асуудал хөршүүдэд хамаагүй, манай дотоод асуудал. Хэрэв уугуул биш, орос гаралтан байвал энэ заалт мөн л хүчинтэй үйлчилнэ, зөвхөн хоёр хөрш гэлтгүй өдгөө цөөрөн буй дэлхийн бүх үндэстэнд тэр дундаа туйлын харамсалтай ч Монгол угсаатнуудад ч үйлчилнэ шүү дээ.

Хэрэв Оросын төрийн тэргүүнд дэвшигч цэвэр орос биш бол жүүд гаралтай бол Жириновскийгоос эхлээд хашгичаад эхэлнэ. Өнгөрсөн зууны эх ба сүүлчээр Орос эзэнт гүрэн ба ЗХУ-аас тусгаарласан Польш, Финлянд, Балтийн улсуудад, өдгөө Украйнд, Гүржид, бүр Казахстанд орос гаралтан дэвшвэл манайхтай ялгаагүй, зарим талаар илүү хатуу ширүүн шүүлтүүр шүүмж өрнөх л болно. Болгар, Грект Турк гаралтан, Испанид Франц гаралтан дэвшвэл мөн л адилхан асуудал өрнөж яригдана. Бүгд Найрамдахын эринг эхлүүлж байсан Францчууд ч аугаа узурпаторынхаа Корсик гарлыг шүүн хэлэлцдэг байсан. Энэ бол гайхаж жигших үзэгдэл биш, бид Бүгд найрамдахчууд ч гэлээ үндэстэн улсын иргэд. 

Хэрэв Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог бол хуйвалдаж, нууж, гуйвуулж болно. Ийм зорилготой Үндсэн хуулийн өөрчлөлт, заалтыг сонгуулийн өмнө хэлэлцсэн билээ. Харин нийт ард түмнээс сонгож байгаа бол элдэв заль мэх, төрийн эрх мэдэл, хууль хүчний байгууллагын дарамт шахалтыг ашиглан хууль зөрчихийг тэр дундаа “Үндсэн хууль” зөрчихийг ард түмэнд тулгавал, энэ талаар үгээ хэлж, саналаа илэрхийлсэн хүмүүсийг хуулиар дарангуйлахыг оролдвол энэ нь өөрөө “Үндсэн хуулийн” нэр хүндэд сэв суулгаж, гажуудсан нийгмийн суурь ханыг сэвтүүлэн нураах, гардан тоосго сугалсан алхам болно. 

Бид Үндсэн хуулиндаа заасан үндэснийхээ эрх ашгийг л эрхэмлэнэ. Эрхэмлэж яв хэмээн эрх чөлөө тусгаар тогтнолыг бидэнд өвлүүлсэн юм, үүнийг бид зээлдэж аваагүй!
 
 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив