Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Захиалга ба наймаа-2
2017 оны 6 сарын 29 [Уншсан тоо: 72296]

(М.Энхболд яагаад гурваар оров)

Түмо-гийн “хавчлын” хэрэг

Сая болж өнгөрсөн санал хураалт 1455 онд Хятадын түүхэнд “Түмо”-гийн хэрэг гэж нэршсэн үйл явцыг яг давтав. Тэгэхэд хагас сая цэрэгтэй Мин улсын Инзун хаан Монгол-Ойрдын 5 түмэн цэргийг угтаж хөдлөөд Бээжингээс холгүй “Түмо” худгийн нарийн хавцалд хаагдан ялагдаж, хаанаа олзлуулж, шившгийн хөндийд суусан түүх ээ... Мингийн ордны хуйвалдаанчид Ин зуныг “Армиа толгойлж хөдөлбөл Монголчууд айж зугатна” гэж хавчин ятгасаар урхинд хийчихсэн бөлгөө. Монголчууд хааныг нь өндөр үнээр буцаан худалдах санал тавихад Мингийн ордон татгалзаж, хөсөр хаяад дүүг нь хаан болгочихсон юмдаг... МАН-ынхан “хаан”-аа яг ингэж байна. Дашрамд Инзун бол хагас монгол цуст Юнле-гийн удмын хүн юм л даа. Энэ ч бас давхцал...

Яг л урьдчилан төсөөлснөөр, таамаглаж байснаар үйл явц өрнөж байна. Таамаг бол мэдээлэлд үндэслэдэг. М.Энхболдыг хэлээд л байсан, бүр 5 дугаар сарын 15-нд сонгуулийн кампанит ажил эхлэхээс 21 хоногийн өмнө бичсэн ижил нэртэй өгүүллийн хариуд нь “намайг гүтгэн мууллаа” гээд шүүх цагдаагаар гүйгээд, эцэст нь яав? Анхнаасаа М.Энхболдыг гурваар “унагах” тоглоомыг “намын хамт олон” нь гадаад дэмжлэгтэй хийж байсныг штаб нь ч, өөрөө ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин хэлэхээр уурласан “мал”. Хэт биеэ тоосных уу? Эсвэл угаасаа ийм тэнэг хүмүүсээр дүүрчихсэн юм уу, МАН?

Сонгууль эхэлж байхад гурваар гарна гэж МАН-ын штаб төсөөлж ч чадахгүй байсан ба мөнгө, эрх мэдэл, хүч чадалдаа эрдээд галзуурчихсан, ер нь бол Ерөнхийлөгчтэй болчихоод байсан юм. Гэвч тэр том армийг харууцгүй, нарийхан, гүн хавцалд шургуулчих ухаан хаанаас гарав? Мэдээж АН-ын штабын өдөж дуудсан урхинд бус харин өөрсдөө тийш нь шурган ороод түгжигдсэн шүү дээ. Тэгэхээр дотор нь байсан хэрэг...

Сонгуулийн санал хураалтаас 7 хоногийн өмнөх хамгийн сүүлийн судалгаагаар Х.Баттулга 39,1%, С.Ганбаатар 32,4%, М.Энхболд 28,2%-ийн рейтингтэй байсан. Бүтэн сар дороо, яг байрандаа дэвхцээд байгаагийнхаа шалтгааныг шинжилж илрүүлэх ухаан, бүтэц тэр том штабт байгаагүй гэж үү? Түүнээс хойш 7 хоногт ч онцын өөрчлөлт гараагүй. Угаасаа гардаг ч үгүй, хүмүүс сонголтоо хийчихсэн, харин 10 орчим хувь задгай үлдээд байсан, түүнийг хамах гэж Х.Баттулга хичээж байгааг МАН-ын штаб ойлгохгүй болтлоо самуурсныг гайхаад бардаггүй юм. Ерийн туршлагатай хүн ч үүнийг мэднэ. Үүнийг ч бас хэлж л байсан.

Энэ цагаас Х.Баттулгын штаб нэгэнт рейтингээрээ тасарчихаад “50+1” санал руу улайран зүтгэж байснаас биш МАН-тай байлдаагүй, харин М.Энхболдын штаб сохорчихоод ердөө ганцхан хүн рүү дайрч, Х.Баттулгын араас л уулгалж, харлаж, тамираа барж байсан. Гэхдээ МАН-ын штабыг ингүүлэх шалтгаан байсан, хэрэв Х.Баттулга шууд ялчихвал яана гэсэн айдас. Үүний дээрээс МАН-аас дараалсан үргээлгийг АН-ын штаб руу хийж, сонгогчдоо өөрөөсөө “бүлгээр нь” хөөж байв даа.

Нэгд, яагаад хоёрхон долоо хоног тэвччихгүй Доржзодовыг барих гэж хачин үйлдэл хийв? Өмнө нь зургаа, долуулаа очоод кафегаас аваад явж чадаж байсан ТЕГ-ынхан энэ удаад яагаад цагдаа, хүчний бүтэн зуут дайчлан сүржигнэв? ТЕГ одоо болтол “Ерөнхийлөгчийн мэдэлд” байсаар л байгаа. Уг нь Ерөнхий сайдууд номер нэг тушаалаараа ТЕГ-ын даргыг сольдог юм л даа, тагнуулгүй Ерөнхий сайд бол зүгээр нэг тоглоомын хүүхэлдэй байхгүй юу! Мөн Хууль зүйн яамны мэдлийн цагдаа нар үүнд яасан идэвхтэй атлаа ил тод оролцов оо?

Хоёрт: МАН-ын сар шинийн золголтын бичлэгийг хэн нямбай монтажлаад илгээв? МАН-ынхан аархуу аархуу гэхэд “Херо”-гынхноор золголтоо бичүүлээд, 10 саяын шампан дарс тамшаалаад найгаж, мөлхөж явах юм гэнэ дээ! Сүүлийн 7 хоногт богино хугацаанд гэхэд дэндүү олон бичлэгүүд Х.Баттулгын штабын хаягаар оржээ. Үүнээс болоод МАН-ын нүсэр арми эмх цэгцгүйгээр энэ тоосны араас л улайран гүйсээр баларч байгаагаа огт мэдрээгүй юм. Тэднийг энэ бодлогогүй үйлдлээс нь салгах гэж хэн ч оролдоогүй, хэлээгүй гэж үү?

Хэрэв ухаалаг “жанжин” бол ядаж тэр том хүчнийхээ гуравны нэгийг нөгөө өрсөлдөгч рүүгээ илгээх ёстой ёо? Эсвэл туршлагагүйтээд, залуудаад байна уу? Штабыг жижиг тойргийн арга барилтай хүн удирдвал ийм том сонгуульд арга барилын алдаа гарах нь гардаг, гэхдээ ийм тактикийн алдаа гаргана гэдэг байж боломгүй. Жижиг тойрогт гурван нэр дэвшигч байвал хэрхэн ажиллахтай ялгаа юу байна аа!

Би бол үүнийг дотоод “тавдугаар цувааны” санаатай “вакуумдсан” үйлдэл л гэж хэлнэ. Үнэндээ М.Энхболд намаасаа айж хувийн штаб зохион байгуулсан, түүндээ Ц.Элбэгдоржийнхныг дүүртэл чихсэнд ч багагүй учир бий. Тэд нэр дэвшигчийг вакуумджээ. Харин намын штаб нь ямар ч мэдрэмжгүй тагнуулын жижиг сажиг мэдээг даган тэмтчиж, нүсэр армиа туйлдуулж байж. Хажуугаар нь Ж.Эрдэнэбат “хамаатны ахдаа” туслахыг хичээвч нөгөө хоёр нь хаагаад ойртуулахгүй байж. Ингээд МАН-ын тулаан сонгуулийн талбарт биш харин М.Энхболдын эргэн тойронд өрнөж байжээ. Энд бол яг Н.Энхбаярыг унагасан тэр сонгуулийн түүх давтагдаж байгаа хэрэг л дээ.

Тэгэхэд ийм юм үзсэн туршлагатай жанжин Н.Энхбаяраар удирдуулсан С.Ганбаатарын штаб чөлөөт орон зайд маневрлаж, аль алины нь хүнд тулаанаас үлдсэн шархдагсад, хоцрогсдыг “бөөнөөр нь олзолж” явсан шүү дээ! М.Энхболд руу дайралт хийхэд үлдэгсэд С.Ганбаатарт очиж байсан, учир нь М.Энхболдод итгэл алдсан МАН-ынхан Н.Энхбаярт очиж наалдаж байв. Тэд хэзээ ч АН-д өгөхгүй. Харин Х.Баттулга руу дайрахад салсан “хөвөгчид” мөн л С.Ганбаатар руу очиж байсан дүр зургийг эрүүл ухаантай хэн ч харж болох байсан. Тэд хэзээ ч МАН-д өгөхгүй л дээ. С.Ганбаатарын штаб бол хоёр соронзтой байв даа.

АН-ын штаб ч тактикийн хоёр сонголттой байв, арагш эргэж үлдэгсдээ хамах уу? Урагшаа зүтгэх үү? Арагшаа эргэх замыг МАН хаачихаад байсан учраас, сонгуулийн хугацаа богино учраас цаашаа л зүтгэсэн. МАН-тай удаан зууралдвал бас рейтингээ алдаж мэдэх аюултай. Тэр ч байтугай “тулгуур гогцоо” хийж зам зууртаа С.Ганбаатар руу дайралт хийж сарниулах бүх замыг МАН өөрөө хаачихаад байсан шүү дээ!

Ийм нөхцөлд МАН “хуваагчаа” тэжээж байна гэж бодохоос аргагүй, гэхдээ С.Ганбаатарыг ийм өндөр авна гэсэн төсөөлөл “мартагдаж”, хэдхэн хоног үл тоосноос алдаа гарсан. 10 тэрбумыг амлаад орсон, АН-ын нэр дэвшигчээс ч мөнгөлөг загнаж, онгоцоор нисэж уулзалт хийж яваа, Н.Энхбаяраар фон хийсэн хүнийг “мөнгөний ресурсгүй, сүлжээгүй” тул өндөр авахгүй гээд холбоотонд нь найдаад орхиж болохгүй байж л дээ... Гэхдээ ийм алдааг МАН ч өөрөө хийж гурваар орж байна л даа. Хэн хөшгөн утаа тавиад байсан юм бол..?

Би бүр гайхаж хоцроод 6 сарын 22-нд өөрийн профайл дээрээ бичсэн. Нөхөд өө! С.Ганбаатараа хараач, наадах чинь Х.Баттулгад хамаагүй, та нарт хамаатай болсон, суурь чинь эвдэрлээ гэж... Одоо үүнийг, сонгуулийн эхний шатны дүн гарснаас хойш л бүгдээрээ “гайхан” уншиж байна. Тэгэхэд хэрэв МАН С.Ганбаатарыг “нухчихсан” бол өдийд Х.Баттулга тасраад гарчих байсан л даа. Ямар ч мууд сайн тал байдгийг харвал М.Энхболд Х.Баттулгад ялагдах бол байх л асуудал, харин С.Ганбаатарт ялагдаад, хоёрт орохын тулд 13000 саналын төлөө үхэлдэж арчаагаа алдана гэдэг шившиг байхгүй юу.

МАН-д бас ухаан балартаагүй хэсэг байж, 50 сая воны бичлэг, асуудлаар  цагдаагаа ажиллуулж, шуурхай шалгаж шүүхэд шилжүүлсэн авч “ШҮҮХ НЬ БУЦААГААД  ШИДЧИХСЭН” юм. Үндэслэл нь дутуу шалгасан. Нэр дэвшигчийн  өндөр зэрэглэлийн хамгаалалтанд байгаа С.Ганбаатараас заавал тайлбар, байцаалт авах ёстой гэжээ. Харин С.Ганбаатар өчүүхэн ч сэв гаргаагүй, МАН-ын дайчин сурвалжлагч “Ийгл”-ийнхний “50 сая воны талаар тайлбарлаач?” гэсэн асуултад “Баярлалаа, Хөвсгөл явлаа, баяртай” гэсэн гайхамшигтай хариулт өгсөн. Учир нь тэр воны талаар сайн ч, муу ч хариулт өгсөн бол үзэгчдэд хүрэхээсээ өмнө хавтаст хэрэгт орох байсан юм, тэгээд ч хариулт эфирт биш сошлд түгээ биз дээ? Тиймээс Хөвсгөлийн тухай ярьсан нь хууль зүйн талаасаа маш зөв.

Ингээд С.Ганбаатар цаг хугацааны хавчилаар шургаад алдагдчихсан. Энд л асуудлын гогцоо бий! Яагаад? Яагаад ядаж 7 хоногийн өмнө үүнийг анзаараагүй юм бол? Яагаад үргэлж урд нь явсан С.Ганбаатарын өсөлтийг байнга хянаж байгаагүй юм бол? Ингээд С.Ганбаатарыг яаж ч чадахгүй байсаар санал хураалтанд оров.

Харин энэ удаад хар машин ажиллаагүй. М.Энхболдын штаб ялагдлаа нөхөх гэж мөлхөө ухуулгад шилжиж сонгогчдйг худалдан авахад асар их мөнгө зарцуулсан байсан нь салхинд хийсэв. Яагаад? Гайхамшиг үргэлжилсээр... С.Ганбаатарыг хоёроор гаргах хэрэгтэй байсан юм. Тэгээд яасан гээч? Орой 23.30 минутад 13 000 саналаар илүүрхэж явлаа шүү дээ, М.Энхболдоос...

Тэгэхэд л МАН ухаан орж, Х.Баттулгыг хаяад ганцхан С.Ганбаатартай ноцолдож эхэлсэн. Эцсийн мөчид бажгадаж байгааг нь харахаар бах ч ханах шиг. Хариу нь М.Энхболд өглөө гэхэд С.Ганбаатараас ердөө 0,14 хувийн саналаар илүү гарч “шившгийн хөндий”-гөөс мултрав. Гэвч өөртөө нэмж шившиг нааж байж. Эцсийн “бодат дүн” яг сонгуулиас 7 хоногийн өмнөх судалгааны прогнозыг яг давтжээ. Харин луйврын дараа бол ондоо... 

Үнэндээ тэр шөнө С.Ганбаатарыг ялахын тулд Х.Баттулгад өгсөн саналыг л зөөсөн. Баян-Өлгийн нэг хэсгийн хороонд 1006 хүн санал өгсний 1000 нь М.Энхболдод, 6 нь С.Ганбаатарт байж болох уу? Хоёрт нэр дэвшигчдийн авсан санал нь санал өгсөн хүмүүсийн тоонд тулчихаад 13000 сонгогчийн санал луйвардах математик бололцоогүй болсон байхад “сонгогч” нэмж байгаад луйвар хийсэн байна.

Нуулгүй хэлэхэд би ч “айсан”, “Рио”-гийн төлөвлөгөө нүдэн дээр хэрэгжихэд! “За тэр хэлээгүй юу?” гэж онгирох ч хаашаа юм, асуудал өөрийн зөнч мэргэнийг батлахад биш “Тэгээд мэдсээр байж үүний эсрэг юу хийсэн юм бэ?” гэдэгт хариулахад хариуцлага оршдог. Гэтэл нөхцөл байдал ямар байсныг хүмүүс ойлгодог ч үгүй.

Яг тэр үед “М.Энхболд штабаа хаяад явчихжээ” гэсэн мэдээ түгсэн. Хүмүүс М.Энхболдыг “шаралхаад, уйлаад” явчихлаа гэлцэн шоолж байсан авч өдий зиндааны улстөрч тэгдэггүй юм л даа. Тэр шууд Ерөнхий сайдаа дагуулаад Ерөнхийлөгчтэй уулзахаар явсан байна. ҮАБЗ “протоколгүй” бас С.Баяргүй хуралджээ. Тэгэхэд л М.Энхболд өөрийнх нь эсрэг явагдсан дараалсан “үргээлгүүд” хаанаас явсныг бүрэн ухаарчихсан байж л дээ.

С.Баяр үгүй бол М.Энхболдыг “гуравлах” ажил явахгүй, МАН-ын дотоод асуудал Ц.Элбэгдоржид хамаагүй. Нөгөө талаас энд “Таван толгой”, “Эрдэнэт” дэх эрх ашиг “Оюу толгойн” эрх ашиггүйгээр яригдах боломжтой гэсэн үг.

Хэдий “С.Баяр-С.Ганбаатар-Ц.Элбэгдорж” гэсэн гурвал “Рио Тинто”-гийн эрх ашиг дээр тоглолт хийж болох ч харин ҮАБЗ-ийн гурвал нөгөө хоёр дээр нь (Эрдэнэт, Таван толгой) ярилцах боломж бий юм. Тэгээд ч СЕХ-ны дарга Ц.Элбэгдоржоос, нарийн бичгийн дарга М.Энхболдоос шууд удирдлагатай бол “гадаад хүчин зүйл”-ээс үл хамааран дотоод “луйвар” хийх боломжтой, ингэхдээ тулбал С.Баяр жижигдэж, жийгдэж байгаа юм л даа. Юуны өмнө М.Энхболд “шившгийн хөндий”-гөөс буюу гуравдугаар байрнаас сугарах хэрэгцээ тулсан байв, амалсан байх магадлалтай нь “Эрдэнэт” л гэж таамаглаад хязгаарлая даа.

Нөгөө талаас үүний дараа С.Баяр яаран У.Хүрэлсүхээр дамжуулсан үргээлгээ нам дотроо хийж эхэлжээ. Хамгийн гайхмаар нь С.Ганбаатарыг М.Энхболд луйвардсан атал барууны зарим хэвлэлд Х.Баттулгыг зүхсэн материал хэвлэгддэг байгаа..! Тэд ялагджээ.

Монголд эрх ашгаа тулган хүлээлгэх гадаадын хоёр хүчин зүйл Монголд тэмцэлдэж байгааг Хятадын хэвлэлүүд ч, барууны хэвлэлүүд ч энэ сонгуулийн үеэр нууж хаалгүй ил тод мэдээлж байсан билээ. Тиймээс сонгуулийн санал хураалтын орой Монголын “дотоод дахь нөөц боломжоор” түрж “Хятад” хүчин тактикийн ялалт хийлээ. Хятадууд барууныханд ноцтой анхааруулга өгөв.

Одоо хоёр дахь шатны санал хураалтад Монголчууд бие даан Хятадын нөлөөлөлд сүүлчийн цохилт өгөх нь “Монгол ялна” гэсэн урианы жинхэнэ утга санаа билээ. Энэ уриаг одоо иргэд тайлбаргүй ойлгох байх.

Энэ санал хураалтын дүнгээс дараахь дүгнэлтийг хийж болж байна.

1.    МАН буруу хүнээ нэр дэвшүүлсэн байна. Үндсэн хуулийн 30.2 дахь заалтанд байгаа “уугуул” гэдэг томъёоллыг өмнөд хөршийн шахалтаар анзаараагүй дүр үзүүлсэн ч сонгогчид энэ хуулийг хэрэгжүүлэхийг үүргээ гэж боджээ. “Монгол ялна” гэдэг уриа М.Энхболдод сөрөг, харин С.Ганбаатарт зарим талаар эерэг тусч байсныг хэлэх хэрэгтэй.
2.    М.Энхболдын сул тал нь тэр “инкубаторын өндөг” байжээ. Ердөө л баас живдэггүй гэгчээр дуулгавартай, ам бөхтэй тэрээр намын дээд удирдлагын хүч тэнцүү тулгаралт бүрээс ашиг олж, дээш мацаж байснаас биш хувь улстөрчийн хувьд “хал үзэж халуун чулуу долоогоогүй” улстөрч юм. Тиймээс сонгуулийн кампанит ажлын үеэр ялангуяа мэтгэлцээний хариуцлагатай үед санаачлага алдаж, бүхнийг өөрөөсөө зайлуулж, буруу хүндээ итгэж байжээ.
3.    Монголчууд 5000 жилийн түүхэнд алдаагүй төрийн тэргүүнээ гол өрсөлдөгч үндэстэндээ алдахгүй байх дархлаа нь хүчтэй байгааг нотоллоо. Ийм өчүүхэн төдий сэжиг гарвал Монголчууд эсрэгцэн нэгдэж байна. Тиймээс цаашид намууд Үндсэн хуулийн энэ заалтыг хатуу дагаж мөрдөх, судлах, хамгийн гол нь энэ заалтыг парламентаар хэлэлцэж, улам сайжруулж, хөдөлбөргүй тогтоон мөрдүүлэх шаардлага бий болсон байна.
4.    С.Ганбаатар зөв байршсан улстөрч ба тэрээр сайтар өнгөлөн далдалсан дүрээр барууныхны зорилтыг хэрэгжүүлэх гэж зүтгэсэн байна. Түүний амжилт бол иргэний хөдөлгөөнүүдийн дэмжлэгийг Н.Энхбаяртай хамтатган цуглуулсан масс, Н.Энхбаярын МАН, МАХН дахь нэр хүнд, М.Энхболдын штабын санхүүжилт, гадаад санхүүжилт ба олон нийтэй харилцах зөвлөгөөний нийлбэр юм. Энэ бүгд нийлээд М.Энхболдыг давж гарч чадаж байна. С.Ганбаатарт шударгаар баяр хүргэх ёстой, эрх баригч намын даргыг ялсан нэр хүнд түүнд үүрд хадгалагдах болно. Энэ бол хувьсгалчаас улстөрч болсон гайхалтай хувирал юм.
5.    М.Энхболд Ц.Элбэгдоржтой тохиролцсон бол “хар машины” зарим нууцлал алдагдсан байх магадлалтай учраас дахин санал хураалтад онцгой анхаарах ёстой. Луйврын Баян-Өлгийд хийж байгааг ч бас анзаарах ёстой. Яагаад үндэсний цөөнх оршин суудаг тэр алслагдсан хязгаарт хийв? Үндсэрхэхдээ тулбал казахууд халхуудаас илүү хятадуудад дургүйг би мэдэх юм л даа.
6.    МАН-д хотын фракцыг цэвэрлэх томоохон ажиллагаа бэлтгэгдэж байгаа нь үнэн болно. Хэрэв М.Энхболд ялбал энэ цэвэрлэгээ ба албан тушаалын хуваарилалт хэрэгжихгүй учраас М.Энхболдыг ялуулах сонирхол үндсэндээ алга болжээ.
7.    М.Энхболд нэгэнт шившгийн хөндийгөөс мултарсан бол дахин санал хураалтад ялах нь легитим шинжгүй учраас энэ удаад ялах ёс суртахууны эрх байхгүй болно.
8.    Нэгэнт ялах эрхгүй тул тэрээр дахин сонгууль явуулахыг хичээж байна. Цагаан хуудсыг ашиглаж хэн ч ялахгүй сонгууль хийгээд дахин нэр дэвшилтэнд намаа оруулахыг зорьж байна. Үүнтэй наадмаар дэвэх хүсэлтэй Ц.Элбэгдорж, өөрөө нэр дэвших хүсэлтэй Н.Энхбаяр нар санал нэгдэж байна. Гурван “Э” нэгджээ.
9.    МОНГОЛ ЯЛНА!
 
 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn