Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Өнгөрсөн ба ирээдүйн заагт
2009 оны 11 сарын 19 [Уншсан тоо: 42308]
Монголчууд эртнээс газар хөндөхийг цээрлэдэг байсныг бид мэднэ. Төв Азийн өндөрлөг газар, нимгэн хөрстэй бидний эх оронд газар сүйтгэвэл бэлчээргүй болох тул газрыг ихэд эрхэмлэн хайрлаж байв. Ухаж төнхөж ашигт малтмал олборлох нь байтугай тариг ч ховор байж. Түрэгүүд Алтай орчмоос төмрийн хүдэр олборлодог байсан гэдэг. Аж үйлдвэржилтийн нөлөө бүр ХХ зуун гарсны дараа л Монголд нэвтэрсэн ба андуурч байж болзошгүй шүү, анхны олборлолт нь Богд хаант Монгол Улсын үед Бороогоос алт олборлож эхэлсэн байна. Гададын хөрөнгө оруулалтаар концессын гэрээгээр ашиглаж байсан энэ уурхайг хожим Германы технологиор сайжруулсан ба эцэст нь “Бороо гоулд” ухаад дуусах шив дээ. Анх олборлосон алтаараа шинэ тулгар улсын улсын санг тэтгэх, армиа бэхжүүлэх зэвсэг худалдан авахыг оролдож байв. Үүнээс өмнө хятадууд хаа нэг нууцаар үнэт чулуу, нүүрс олборлож  тухай бүр нутгийнхны ширүүн эсэргүүцэлтэй тулдаг байжээ.

1.Нүүрс:

Монголын анхны уурхай бол Налайхын чулуун нүүрсний уурхай юм. Аж үйлдвэрийн комбинат байгуулагдсанаар үйлдвэрийн зууханд нүүрс хэрэгтэй болсон ба улмаар Улаанбаатар хот өргөжиж төвийн халаалтын систем, цахилгааны сүлжээ нэвтрэхэд цахилгаан станцад нүүрс чухал шаардлагатай болж, хуучин Хятадууд гар аргаар олборлож байсан нүүрсний ордыг үйлдвэрийн аргаар олборлодог болсон юм. Монголын анхны 45 километр төмөр замыг Улаанбаатар-Налайхын чиглэлд тавьсан ба нарийн төмөр зам байсан гэдэг.

2.Нефть:

1943 оны зун Гитлер Оросыг Каспийн нефтийн эх үүсвэрээс нь салгахын тулд Кавказ, Ижил мөрний чиглэлд улангасан зүтгэжээ. Нөхцөл байдал хүндэрсэнд Зөвлөлтийнхөн алсыг харж яг тэр зун Монголд нефтийн хайгуулын томоохон анги илгээжээ. Монголын газар нутгийн 70 хувь нь тосон занарын давхаргаар бүрхэгдсэн ба эртни чулуужсан мод нефть болохын өмнө занар болдог тул найдлага тун их байжээ. Хайгуулын дүнд Зүүнбаян орчимоос нефть олборлож байв. Оросууд Сталинградад вермахтыг бутцохиж, нефтийн өөр орд хэрэггүй болсон тул Монголыг орхижээ.  1960-аад онд энд нефть олборлож 66 октантай шатахуун нэрдэг байжээ.

1960-аад онд Ерөнхий сайд болсон Ю.Цэдэнбал улс орноо мал аж ахуй-аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болгох зорилт дэвшүүллээ. Аж үйлдвэрийн салбарт уул уурхай тэргүүлэх ач холбогдолтой болжээ. Тэр үед хүнд аж үйлдвэрийн хөгжлөөр улсын хөгжлийг тодорхойлдог сэтгэхүй коммунист лагерт тогтсон байв. Аж үйлдвэржүүлэлт дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизмд хүрнэ гэж Ильич хэлжээ. Аж үйлдвэрийн салбарын ууган хөдөлмөрийн баатарыг Налайхаас тодруулсан нь санамсаргүй хэрэг биш байв. Налайхын дараа нийслэлийг нүүрсээр хангах зорилготой Багануур, Багахангай, Шивээ Овоогийн уурхай, шинэ аж үйлдвэрийн төв Дархан, Эрдэнэтийг нүүрсээр хангах Шарын голын уурхайг ашиглалтанд оруулж төмөр зам тавьжээ.
3. Зэс:
Олон нийтийн санал асуулгаар 20-р зууны бүтээн байгуулалтаар тодорсон Эрдэнэтийн зэс молибдений уулын баяжуулах үйлдвэр бол хэмжээгээрээ дэлхийн эхний 10 үйлдвэрийн тоонд орох том үйүлдвэр байв. Тухайн үед Эрдэнэтийг ашиглалтанд оруулснаар БНМАУ-ын ДНБ хоёр дахин нэмэгдэнэ гэж сурталдаж байлаа. Гэвч Эрдэнэтийн Уулын баяжуулах комбинат ашиглалтанд орсон цагаасаа алдагдалтай ажиллаж эхэлжээ. Уг нь Эрдэнэтийн ордыг Чехийн геологичид нээсэн юм. 1968 оны Прагийн хэрэг явдлын дараа Чехүүд номхорчээ. Зөвлөлтийнхөн ид хүчээ авч латин Америкт коммунист хувьсгалын баатрууд төрөн гарч байсан цаг. Төв Америкад хүчээр засгийн эрхийг авах эрмэлзэлтэй Куба маягийн коммунист отрядууд партизанчилж байв. Өмнөд Америкт зүүний нөлөө тусч сонгуулиар Чилийн зүүний намынхан ялж, Сальвадор Альенде Засгийн эрхэнд гарчээ. Чили бол зэсийн асар их баялгтай орон, чухам энэ нь Зөвлөлтийнхөнд хэрэгтэй байв. Гэвч Америкийн дэмжлэгээр генерал Августо Пиночет төрийн эргэлт хийж, Хунтынхан засгийн эрхэнд гарснаар коммунист лагерь зэсийн гачаалд оржээ. Ертөнцийн хаа хамаагүй мэт баруун өмнөд этгээдэд болсон энэ үйл явдал Монголд Оросууд томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулах шалтгаан болсон юм.

Эрдэнэтийн хөрөнгийг ЗХУ гаргажээ. Монгол ордоо ашиглуулав. Одоо л бид Эрдэнэтийг жишээ болгож ярьдагаас үнэндээ тэр үед хувьцаа энэ тэр гэж байсангүй. “Эрдэнэт” Монголыг тамирдуулж байжээ. Эрдэнэтийн алдагдлыг Монголын төсвөөс хаадаг байв. БНМАУ ЗХУ-аас асар их хэмжээний зээл авч түүнийхээ багагүй хэсгийг Эрдэнэтийн дотацид зарцуулж байлаа. ЗХУ Эрдэнэтийн ордыг сорчлон олборлож байв. Уг орд нь агуу том, ордын хойд хил Хөвсгөл аймагт хүрдэг. БНМАУ-ын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ тоон утгаараа асар их өссөн ч ашиг орлого тун хангалтгүй байв. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн “Өдрийн сонинд” өгсөн ярилцлагаас харж болно.  

Нууц тогтоол.

Монгол хүн бол Монгол хүн л байдаг. 1980-аад оны дундуур ЗХУ-ын “Госплан”-ы мэргэжилтнүүд Монголд иржээ. Эрдэнэтийн үйлдвэрээс гаргаж ЗХУ-д “экспортлож” буй зэс-молибдений баяжмалын оронд Монголд өгөх бараа бүтээгдэхүүн зээл тусламжийн асуудлыг ярилцжээ. Оросууд их дарамтлан шахжээ. Тэр үеэр Адуева гэгч халимаг эмэгтэй “Эрдэнэт” үйлдвэрийн маш нууцын зэрэглэлтэй технологийн картыг Монголчуудад нууцаар өгчихжээ. Зэсийн баяжмалтай зэрэгцэн алт, мөнгө, газрын ховор элементүүд огт үнэгүй гарч байсныг үйлдвэр ашиглалтанд орсноос 10 шахам жилийн дараа л Монголчууд мэджээ. Учир нь ЗХУ олборлох, баяжуулах үйлдвэрийг нь Монголд байгуулаад зэс боловсруулах үйлдвэрийг өөрийн нутагт байгуулжээ. Эрдэнэтийн зэс голдуу Казахстаны Балхаш дахь боловсруулах үйлдвэрт очдог байжээ. Тэнд баяжмалыг боловсруулж, дагалдах баялгийг нь ялган авснаар зэсээс олж буй орлогоосоо дутуугүй орлого нууцаар олж байсан нь технологийн картаар илэрчээ. Уг технологийн картанд үндэслэн Ерөнхий сайд болоод байсан Ж.Батмөнх агсан 1985 онд нууц тогтоолоор комисс байгуулж, баяжмалыг нууцаар шинжлээд “алдаж буй” байлчгийнхаа тооцоог гаргаж авчээ. Үүнийхээ дараа ЗХУ-аас алдагдсан баялгаа нэхэж эхэлсэн байна. Оросууд ихэд эвгүйцсэн ба хэдийгээр мугуйдлан зүтгэсэн боловч Монголчууд яаж ийгээд тонн баяжмал тутмаас 85 килограмм мөнгө буцаан авдаг болжээ. Үүний дараачаас Монголчууд “Эрдэнэт”-ийн ордыг тонож буй Оросуудад дургүйцэх явдал нэмэгдэж, энэ нь 1990 оны Ардчилсан хувьсгалын үед эдийн засгийн гол асуудал болжээ. Монголчууд Оросуудад өргүй, бид баялгаа хувхайртлаа тонуулсан гэж Монголчууд үзэж байв. Үүнтэй зэрэгцэн ашиглаж байсан Мардайн ураны орд, ашиглахаар зэхэж байсан Асгатын мөнгөний ордын асуудал босч иржээ.

1990 оны ардчилсан хувьсгалын дараа ЗХУ Монголоос цэргээ гаргаад зогссонгүй Монголтой хийж буй бартерийн худалдааг бүрмөсөн хаажээ. Өөрөөр хэлбэл Монголын экспортын гол бүтээгдэхүүн зэсийн баяжмалаар бараа бүтээгдэхүүн сольдогоо болив. Нэгэнт Монголоос баяжмал авахгүй тул Эрдэнэтийг хөсөр хаяжээ. Ингэснээр Монголын эдийн засаг бүрэн сүйрэх байв. Бараг л Хятадад хаяад өгчихжээ. Мөн Монголын хөнгөн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний гол зах зээл ЗХУ-ын Сибирьт байсан, гэвч Оросууд улам хатуурхаж импортын гаалийн татвараа байнга өсгөсөөр 45 хувь хүргэж боосон юм. Экспортын татвар нь ч ийм л байсан. Энэ ганцхан Монголыг боох гэсэн хэрэг биш байх л даа, нэгэнт төвлөрсөн эдийн засагтай улс байсан тул төсөвтөө ахиухан мөнгө цуглуулах оролдлого байж, түүнд нь Монгол ширвэгдэж болох л байв. Энэ бол манайдаа л эдийн засгийн хориг болж тусч байлаа. ЗХУ-д хямрал гаарч, үйлдвэрүүд нь сул зогсож, улсын дотаци зогссон тул үнэндээ Монголын зэсийн баяжмалын хэрэгцээ ч тэдэнд байхгүй болсон юм. Ийнхүү ардчилсан Монгол Улс улстөрийн түүхэн сонголтынхоо төлөө эдийн засгийн хүндхэн хавчлагад оржээ. Энэ бол коммунизмын үеийн бидний баялгаа ашиглаж байсан гашуун түүх билээ л. Тиймээс би Эрдэнэтийг сайны жишээ болгох дургүй байдаг.

Оросууд эргэж ирэхэд.

ЗХУ задарч, дотоодын дайн самуунд идэгдсэн ОХУ Монголыг гэнэт саналаа. Монголчууд өрийн асуудлыг сөхөж, тэглэхийг шаардаж эхэлжээ. Энгийн ойлголтоор говь цөл, элчилгүй талд малаа хариулж байгаа нь тэсч үлдээд нуран сүйдсэн хот балгадын ор суурин дээр нь шарилж цэцэглэж байх ёстой Монголчууд огт өөрөөр угтжээ. Хүн бүр ноолуураар хувцаслаж, “Нокиа” гар утсаар ярьж, “Икеа”-гийн тавилгыг голж байв. Улаанбаатарынх нь гудамжаар машин пиг чихээстэй. Орос телевизор, орос хөргөгч, орос машин Монголын зах зээлээс шахагджээ. Томоохон дэлгүүрүүд нь дэлхийн аль л нэртэй брэндийн цахилгаан бараагаар дүүрч, хямдрал зарлаад сүйд болж байв. Айлчлалыг дагаж ирсэн Оросууд Улаанбаатарын дэлгүүрүүдийн орлогыг яаж нэмж байсныг мэдэх юм. Сая хүнтэй хотод Орос цахилгаан бараа зардаг гүйгээ муутай ганцхан дэлгүүр, хуучин байшинд байрлаж байв. Оросын “НТВ”-ын сэтгүүлч Улаанбаатарыг дорнын Лас-Вегас гэж нэрлэж байв. Үйлчилгээний салбар нь Оросыг бараадуулахгүй хол тасарч хөгжжээ. Монголчууд Оросыг ДХБ-д элсүүлж, өөртөө таатай нөхцөл үүсгэж, Оросын зах зээлд нэвтрэхийг оролдож байлаа. Гэнэтхэн Улаан-Үдэд сүүлийн хорин жил баригдаагүй өндөр байшин босоодохсон чинь Монголын компанийн хөрөнгө оруулалтаар боссон байв.

Эрдэнэтийн зэс дэлхийн зах зээлд хүрч, зах зээлийн үнийг тогтооход нөлөөлөгч үйлдвэр болчихжээ. Зөвлөлтийн үе дууссаны дараахан Балхаш руу ачуулсан баяжмалынхаа үнийг Монголчууд нэхсэнд Казахсан руу чихээд өнгөрчээ. Казахстан Монголд өртэй болов.

Гэхдээ хожим Оросууд заль гаргаж байж Эрдэнэтийн 49 хувийг буцааж авсан юм. Аль БНМАУ-ын үед Монголчууд ЗХУ-д ачуулсан баяжмалд агуулагдаж байсан дагалдах баялгаараа хөрөнгө оруулалтыг нь буцааж төлсөн ба 40 жилийн хугацаанд зөвхөн газрын төлбөр, ой, ус ашигласны төлбөрийг тооцоход л Эрдэнэт Монголын  100 хувь мэдлийн үйлдвэр болох учиртай байв. Эрдэнэтийг хаясан Оросод зэсийн бизнес тийм ч сүрхий эд биш болж, төмөр, хөнгөн цагаан, никель, төмрийн төлөө алалдаж байхад зэс боловсруулах хоёр үйлдвэр нь сүйрч байв. Эрдэнэтийг дөнгөн данган торгоож, Оюу толгог санах ч хэрэггүй болсон Оросууд одоо Удоканы ордоо ашиглахаар төлөвлөж байна. Гэхдээ 10 жилийн дараа л олборлож эхлэх төлөвтэй. Дээрээс нь хөрөнгө оруулалт байхгүй тул энэ бол мөрөөдөл л байх даа.

М.Касъянов өрийг 70:30-аар хөнгөлдөг Парисын клубын зарчмаас илүү хөнгөлөлттэй нөхцлөөр тохиролцое гэж Монголын эрх баригчдыг хуураад төрийн думаас гадуур өрийн асуудлыг шийдэхдээ 98 хувь хөнгөлсний араар Эрдэнэтийн 49 хувийг мэдэлдээ үүрд авч үлдэж чадав. Үүнийхээ шанд Монголын эрх баригчдыг 22 сая ам.доллараар хахуульдсан юм.  Монголд Орос хэрэггүй, харин Монгол Оросод хэрэгтэй байжээ.

Барьцаанд одсон зэсийн ордууд

Их өр 11,8 тэрбум ам.доллар болжээ. Оросууд шахаж байж нэг шилжих рублийг нэг ам.доллартай дүйцүүлжээ. Монголчууд их өрийн 2 хувьд 250 сая ам.доллар төлөх болжээ. Яг энэ үеэр Монголын өмнөд нутагт зэсийн ауйгаа том орд нээгдсэн дуулиан дэлхий дахинд тарж байв. Энэ бол 1,2 тэрбум тонн зэсийн хүдэртэй Эрдэнэтээс гурав дахин том буюу 2,7 тэрбум тонн зэсийн хүдэр бүхий орд. Яагаад гурав дахин том гэхээр хүдэр дэхв зэсийн агууламж нь Эрдэнэтийнхээс хоёр дахин өндөр. Өрийн 250 саяыг төлөхийн тулд Монголын Засгийн газар  ордыг нээсэн “Айвенхоу майнз” компаниас 85 сая ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлэв. Хариуд нь 600 000 га газарт ашиглалтын лиценз олгожээ.

Жилийн дараа төлбөрөө төлсөн, харин хүүг нь яасан нь мэдэхгүй. Зэсийн үнэ өссөн таатай үе байсан тул ажрахгүй төлчихсөн юм. Ингээд Монголын эрх баригчид зэсийн хоёр том ордоо хоёуланг нь зэрэг барьцаанд тавиад туучихсан түүхтэй. “Айвенхоу майнз” голдуу хайгуулын ажил эрхэлж, нэсэн ордоо үнэ хүргэж зардаг жижиг компани байлаа. Гэхдээ энэ удаад тус компанийг үүсгэн байгуулагч Р.Фрийдланд нээсэн ордоо зарахыг хүссэнгүй. Түүн шиг аз туршин мөнгө босгодог хүнийг хүртэл татаж байгааг харахад л энэ орд гайхамшигтай эд л дээ. Тэр дэлхийн аварга Рио Тинтог дагуулж иржээ. Үүнд л Фрийдландын гавъяа бий.

Хятадын хялгаснаас нарийн ухаан

Өнгөрсөн жилүүдийн түүхийг харахад Хятадууд Монголд ихээхэн далд ажиллаж байсан юм. Эрхбиш Бээжингийн олимпын өмнө төмрийн хэрэгцээ эрс өссөн тул манай төмрийн ордуудыг ил тод цөлмөжээ. Жишээлж хэлэхэд олны ярих нь Сэлэнгийн Төмөртэйн хүдрийн орд Зян Зэминийх байжээ. Тэрээр Монголд айлчлах үедээ манай эрх баригчдаас ордыг “гуйж” авчээ. Түүний компани эндээс асар өндөр агуулгатай төмрийн хүдрийн “дээжийг” вагон вагонаар нь зөөж улсдаа худалдаж их ашиг олсон гэлцдэг. Энэ бол улстөрийн бодлого гэхээс илүү сүрхий овжин бизнес л байсан юм. Бээжингийн олимп ч дууслаа, төмрийн ордуудын шуугиан ч тасарлаа…

Зарим жижиг гарууд алтны ордуудыг ашиглахыг санаархсан ч үнэндээ Монголын улстөрийнхний тоглоом болж, хамаг ашгаа алдаад сүйрцгээсэн юм. Үүний дараа Хятадууд Монголчуудтай хамтарч бизнес хийхээс  их болгоомжилдог болжээ. Н.Энхбаяр “Мянганы зам” тавих зорилгоо биелүүлэхийн тулд Хятадын компаниудад төмөр, алтны жижгэвтэр орд олгоод, хариуд нь зам тавих гэрээ хийдэг байсан юм. Тиймээс Сэлэнгэ хятад ажилчдаар дүүрч, замыг Хятадууд л тавьдаг байв. Одоо тэр цаг ч өнгөрч. Гэхдээ энэ компаниуд хятадын нэр хүндийг хангалттай унагаж амжсан билээ. Харин улстөрийн алсын бодлогоор стратегийн эрх ашгаа хамгаалахдаа үрэлгэн мэт атлаа яагаад ч эргэж маргахгүй замыг сонгодог. Үүний нэг жишээ бол Дорнод аймаг дахь Тамсагийн нефтийн орд.

Соког худалдаж авсан нь.

Анх энэ ордыг Америкийн “Соко ойл” компани нээсэн юм. Монголчууд энэ ордуудаас нефть олборлож дотоодын хэрэгцээгээ хангана гэж бодож байлаа. Тамсагийн ордын нэг хэсэг нь манай нутагт, нөгөө хэсэг нь БНХАУ-ын нутагт байдаг. Зүүнбаянгаас нефть гаргаж байсныг мартаагүй Монголчууд Дорнодын талаас Их нууруудын хотгор хүртэл өргөн уудам нутагт нефтийн хайгуул хийсэн юм. Олон компанийн хайгуул амжилтгүй болсон ба тэд эрсдлээ үүрээд явцгаасан. Харин “Соко ойл” нефть олжээ. Ерөнхийлөгч П.Очирбат сэтгэл хөдөлсөндөө дээлээ нефтиэр мялааж байлаа. Монголд орд нээмэгц Хятадууд ч хайгуул хийж, хил дамнасан ордын нөгөө талаас хятадын нефтийн томоохон компани “Дачин” нефть олборлож эхэллээ. Тухайн үед “Соко ойл” Монголд 70 сая ам.долларын хайгуул хийсэн нь маш том тоо, хөрөнгө оруулалт гэгдэж байв. Гэвч олборлосон нефтиэ боловсруулж, шатахуун нэрэх үйлдвэр байсангүй. “Оюуны ундраа” компанийн С.Отгонбаяр зэрэг биенесмэнүүдийн сэтгэл хөдөлж Налайхад нефть нэрэх үйлдвэр байгуулахаар хашаа хатгасан зэрэг нь ганцхан цохилтоор л нуран унав. Учир нь “Соко ойл” бүх хувьцаагаа БНХАУ-ын “Дачин” компанид зараад алга болчихсон юм. “Соко ойл” мөн л Монголын нефтийн ордыг рекламдаж байгаад мөнгө босгосон, Монголд нефть нэрэх бололцоогүй тул түүхий нефть Хятад руу гаргаад олигтой ашиг олохгүй байв. Монголчууд нийслэлийнхээ ойролцоо нефтийн үйлдвэр барих гэж байлаа, гэвч энэ хүртэл машинаар нефть зөөх өртөг ихтэй, үйлдвэр нь хэзээ босох юм бүү мэд, дээрээс нь Монголчууд нефтийн үнийг төлж чадахгүй нь тодорхой. Тиймээс тэр үед “Соко ойл”-ын гүйцэтгэх захирал байсан Роберт Вашон хувьцаагаа хятадад өгөхийг илүүд үзсэн юм. Нефть олборлох техногийг мэдэхгүй л дээ, тиймээс нэг их мэдэмхийрмээргүй байна. Гэхдээ нефтийн ордын хочр захад цооног өрөмдөөд нэг цооногоор нь илүү хүнд масстай ус шахаж нөгөө цооногоос нь олборлодог гэнэ. Хэрэв энэ үнэн бол тамсагт ус шахах цооног, хилийн цаана нефть авах цооног гаргавал нефтийн орд 100 хувь хятадынх болж байна гэсэн үг. Монголын талаас олборлох нефтийн хэмжээ буурна. Манай Засгийн газрын төлөөлөгч гэж нэг даргын хүүхэд уип унаж давхихаас цаашгүй, тэгээд бараг л Хятадын тооцоогоор багахан нефть Хөх хотын үйлдвэрт нэрээд манай руу ачуулж байгаа билээ. Үүний дараа саяхан Монголын ураны ордыг эзэмшиж байсан Канадын компанийг худалдаж авах оролдлого хийсэн нь өмнөх аргаа хоёр дахиа давтсан буй хэрэг юм.

Гурав дахь удаагаа энэ аргаа “Рио Тинто”-д хэрэглэжээ. Чайналко Оюу толгойд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа “Рио Тинто”-гийн хувьцааны 20 хуьд 19,5 тэрбум ам.доллар санал болгов. Энэ бол Монголын нефть, ураны ордуудад хяналтаа тогтоосон арга нь. Австралийн парламентын шийдвэрээс болоод энэ хэлэлцлээр  зогсов. Одоо Оюу толгойн гэрээ батлагдах найдвар ихсэх тусам Хятад догширч байна. Риогийн дөрвөн ажилтанд тагнуулын, бас авилгын хэрэг тулгажээ. Энэ хэрэг бол Хятадад хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог. Өөрийн хүн байсан бол өдийд өчиггүй цаазалчих байсан биз. Тэгээд Риогоос 100 тэрбум ам.доллар нэхжээ.

Монгол гацаа.

Монголын парламент гэрэг хэлэлцэхээс яаж ийгээд цааргалсаар байна. Уг нь Ерөнхий сайд 8 дугаар сарын 10-нд чуулган хуралдуулах бодолтой байжээ. Гэвч УИХ-ын дарга эзгүй, гэсээр долоо хоног хожжээ. УИХ-ын даргаар чуулган зарлуулахын тулд Ерөнхий сайд ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмж гаргуулаад ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх болжээ. Ингэж байж УИХ-ын даргыг “олж авах” байсан байх. Гэвч УИХ-ын дарга нэг хоног бултав. Ерөнхий сайд ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон болж ЗГ-ын ээлжит бус хуралдаанаа өнгөрөөгөөд дараагийнхыг нь зарлачихаад хүлээж байв. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр нэг болсон уу яасан, ямар боловч гэрээг ҮАБЗ нэг товлосноосоо нэг хоногийн дараа хуралдаад хэлэлцүүлэх шийдвэр гаргажээ. Одоо УИХ-ын чуулган зарлахаас өөр замгүй болсон байх. Засгийн газрын ээлжит бус хурал ч нэг хоног хойшилж хуралдаад гэрээний төслийг УИХ-д өргөн барих болжээ. Энэ зуур “Рио Тинто”, “Айвенхоу майнз” компаниас УИХ-ын гишүүдэд илгээсэн захидлаар шалтаглаж хэрүүл үүсгэхийг УИХ-ын Тамгын газар бас оролдов. Гэтэл УИХ-ын гишүүдийн нэрийн өмнөөс хариу захидал бичих шийдвэрийг хэн гаргасан нь тодорхойгүй болж бантан болжээ. УИХ-ын олонх гишүүн үүнийг мэдээгүй ба бараг тамгын газрын дэд дарга нь дур мэдэн захиа бичсэн болж таараад байна.

УИХ-д биш гишүүдэд бичсэн захидалд УИХ-ын тамгын газар хариу өгсөн нь гайхалтай хэрэг болжээ. Уг захидалд Монгол Улс та бүхний шийдвэрээс хамаарч “хөгжих, эс хөгжих” салаа замын уулзварт байна гээд биччихжээ. Хариуд нь УИХ-ын Тамгын газар “Бид сонголтоо 1990 онд хийсэн” гэж мэтгэжээ. Асуудлыг улстөрийн талаас нь биш, эдийн засгийн талаас нь харах ёстой. Улстөрийн ардчиллыг бид хийгээд 20 жил болж байна. Харин эдийн засгийн хувьд үүнийгээ баталгаажуулах эсэхтээ тулаад байна. Шинэ цагийн Бадамдоржтонгууд, авилгачид төрөөр дүүрэн язганаж байна. ҮАБЗ тус ордыг ашиглах шийдвэрээ “Гуравдагч этгээдтэй хийх” гэж гаргасан байгаа.

Аюул юунд байна вэ?

Олон хүн үүнийг уншаад “За тэр харав уу? Айвенхоугийн захиалга” гэх байх. Тгэвэл ний нуугүй үнэнийг бичье. Үнэндээ аюул “Айвенхоу майнз”-д байна. Оюу толгойн гэрээний анхны хэлэлцүүлэг бүтэлгүйтсэний дараа Роберт Фрийдланд Чайналкогийн гүйцэтгэх захиралтай байранд нь уулзсан талаар “Ройтерс” мэдээлжээ. Уулзалтын талаар тодорхой мэдээллийг аль аль тал нь өгсөнгүй.

Хэрэв манай парламент гэрээ байгуулахгүй бол “Рио Тинтог” явсны дараа “Айвенхоу майнз” “Чайналкод” хамтран ажиллах санал тавьж болзошгүй, магадгүй ийм аюултай ирээдүйгээс айсандаа бараг галзуурчихаад байгаа Р.Фрийдланд ажил хэргийн уулзалтууд эхэлжээ. “Рио Тинто” “Айвенхоу майнз” компанийн хувьцааны 9,95 хувийг буюу 37 сая хувьцааг нь 303 сая ам.доллараар худалдан авч эзэмшдэг болсон. Хэрэв гэрээ батлагдвал “Рио Тинто” нэмж 46 сая ширхэг хувьцааг авах эрхтэй ба ингэснээр Айвенхоугийн 19,9 хувийг эзэмшинэ. Үүний дээрээс Рио Тинто 92,1 сая ширхэг хувьцааг бусдад шилжүүлэх эрхгүйгээр худалдан авах эрхтэй. Мөн “Рио Тинто” энэ оны 10 дугаар сарыг хүртэл хугацаатай 350 сая долларын зээлийг Айвенхоу майнзад олгосон ба гэрээ батлагдвал энэ зээлээ хувьцаа болгон авах ажээ. Ингэснээр “Рио Тинто” Айвенхоугийн хувьцааны 46 хувийг эзэмших эрхтэй болж, нийтдээ 2,3 тэрбум ам.доллар хөрөнгө оруулах хэлэлцээр хийсэн ба энэ хөрөнгө оруулалтын 95-аас доошгүй хувийг гагцхүү Оюу толгойн ордод оруулах болзолтой байгаа юм байна. Хэрэв гэрээ батлагдвал хувьцааны 34 хувь Монголд оногдох ба хувьцааны 80 хувь “Рио Тинто” ба Монголд үлдсэн 20 хувийн 5,24 хувь нь Р.Фрийдландад 15 орчим хувь нь 17 томоохон компанийн мэдэлд үлдэх юм.   

Хэрэв гэрээ байгуулахгүй бол Рио Тинто Айвенхоугаас зээлээ буцааж аваад зогсохгүй эзэмшиж буй хувьцаагаа зарах магадлалтай юм. Зээлээ эргүүлэн төлөх, мөн их хэмжээний /37 сая ширхэг хувьцаа/ хувьцаа зарагдахаар орох, гэрээ байгуулаагүйгээс нэр хүнд унаснаар хувьцааных нь үнэ унах зэргээс шалтгаалж “Айвенхоу майнз” тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээх нь байна. Мөн тус компанийн хувьцааг эзэмшиж буй 17 томоохон компани хувьцаагаа яах нь тодорхойгүй байна. Лав л дараад байхгүй нь лав. Ийм том бооцоонд хамаг хөрөнгөө хаясан Роберт Фрийдландын хувьд энэ бол сүйрэл юм.

Ийм нөхцөлд Р.Фрийдланд ордыг сонирхож буй “Чайналко”-д ашиг олох нь байтугай алдагдалд орчихооргүй үнээр лицензээ зараад тоглоомноос гарчихыг бодох нь байна. Ингэснээр 60 жилийн хугацаатай ашиглалтын лиценз хятадуудын гарт орох ба Хятадууд манай газар нутгийн 10 орчим хувийг энэ лицензээр л эрхэндээ авчих юм. Энэ бол аюул биш гэж үү? Ямар ч цэрэг хэрэггүй, тэр тусмаа 19,5 тэрбум доллар ч хэрэггүй, ердөө л тэрбум доллар л байхад хангалттай ажээ. Эцсийн дүндээ 2004 оны сонгуульд ялах шоу хийх гэсэндээ их өрийг төлөх гэж улайрч, түүндээ барьцаалагдаж 2003 оны 12 сард зээлсэн 85 сая ам.долларын зээлийн төлөө ашиглалтын лиценз өгсөн тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр үүний хариуцлагыг хүлээх үү?  Аль эсвэл энэ зээлийг олж ирсэн гэгддэг Ц.мөнх-Оргил хүлээх үү?

Гайхалтай нь Н.Энхбаяр өөрөө гэрээг батлуулахгүйн тулд бүхий л хүчин чармайлтаа шавхаж байна. Ил санаархал нь нөхөн сонгуульд нэр дэвших л асуудал шүү дээ. Хэрэв далд санаа байгаа бол тэр нь өмнөд хязгаарын ордыг Хятадын мэдэлд зүгээр л өгөх нь байна. Хятадууд үүнийг төлөвлөсөн юм шиг төмөр замаа ч тавиад эхлэх нь.

Р.Фрийдланд хятадтай хамтрах шалтгаан нь Айвенхоу майнзын охин компани “Жиншань гоулд майн” компани Хятадын Өвөр Монгол, Ганьсу мужийн 2-3 ордод алт олборлож байна. Хилийн цаахна 3,9 сая унц алтны нөөцтэй “CSH217 chan shan Hao” ордыг ашиглаад эхэлсэн байна. Мөн хэнань мужид 160 тонн баяжмал боловсруулж, 30 тонн цэвэр алт үйлдэрлэх хүчин чадалтай уурхай эзэмшдэг. Ийм нөхцөлд Р.Фрийдланд Хятадудтай хэл амаа ололцож чадна. Энэ оны эхээр тэр хятад дахь компанийнхаа хувьцааны 42 хувийг Хятадын алтны хамгийн том компанид худалдахаа зарласан байна.

Чухам энэ нь Монголчуудын сонголт болсон байна. Их сайнаар төсөөлөхөд Оюу толгой 1970-аад оны Эрдэнэт л болно.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив