Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дөчин мянгаас дөрвөн мянга нь…
2009 оны 11 сарын 19 [Уншсан тоо: 32704]
Төрийн албан хаагч
Засгийн газраас төрийн албан хаагчдад зориулж 4000 орон сууц худалдаж авах юм гэнэ. Урд насандаа ямар буян хураасан нь төрийн албанд ордог байна аа? гэмээр. Төрийн албан хаагчид цалин багатайгаараа түрж байгаад нийгмийн даатгалаа төрөөр төлүүлнэ, нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг даалгана, 7 хоногт 5 өдөр ажиллана, авилга авна тэгээд дээрээс нь байраар хангуулна гэнэ.
Монгол Улс 145 000 төрийн албан хаагчтай. Хүн ам 2.750 мянга. Хүн амын 50 гаруй хувь нь хүүхэд, хөгшид. Үлдсэн нь ажлын насны иргэд. Армийг төрийн албанд тооцоод ийм олон хүн ажилладаг юм уу гэхээр манай армийн бие бүрэлдэхүүн 10 мянгаас хэтэрдэггүй юм байна. 7000 цагдаа бий. Тэгэхээр армиасаа 13.5 дахин олон албан хаагчтай байх нь. Баялаг бүтээгч үйлдвэрлэлийн салбарт эднээс ердөө хоёр дахин олон хүн ажилладаг. Үлдсэн нь үйлчилгээний салбарт ажиллана.
Энэ бүхэн манай улсын гажиг хөгжлийг харуулж байна. Үнэндээ энэ улсыг баялаг бүтээгч салбарт ажиллаж буй 280 орчим мянган хүн л нуруундаа үүрч байна. Үйлчилгээний салбарынхан амиа тээнэ. Монголын 10 хүний 5 нь ажил эрхэлдэг. Энэ таван хүний нэг нь гадаадад ажиллаж байна. Нөгөө нэг нь ажил хийдэг ч  тэжээвэр, өөрөөр хэлбэл төрийн албан хаагч. Үлдсэн гурвын хоёр нь үйлчилгээний салбарт ажилладаг. Ингээд бодоод үзвэл Монголын 10 хүний нэг нь л баялаг бүтээж байна. Хүүхэд хөгшдөө тэжээгээд дээрээс нь төрийн албан хаагчдыг тэжээх үүрэгтэй болжээ. Гэтэл өнөөх албан хаагчид нь юу хийдэг вэ?  Авилга авч, хүнд суртал гаргаж, асар үнэтэй тавилгатай халуун өрөөнд тарвалзаж, төрөөс үй олон халамж хүртэнэ, дээрээс нь бизнес эрхлэгчдийг шулна. Ингэх эрхтэй юм шиг загнана.
2005 онд хоёр нам анх хамтарсан Засгийн газар байгуулахад төрийн албан хаагчдын орон тоо даруй 15 000-аар нэмэгдэж байлаа. Эд бол бүгд дарга нар. Улстөрийн албан тушаалтны тоог нэмлээ, дагаж орсон нам нь дэд даргаар хүмүүсээ шургалуулахад л ийм олон орон тоо нэмэгдэж байна. Эндээс 145 000 төрийн албан хаагчийн 30 орчим мянга нь дарга юм байна гэсэн дүгнэлт гарна. 3.5 ажилтанд нэг дарга оногдоно гэсэн үг. Энэ арай дэндсэн байгаа биз? Тэд юу ч бүтээдэггүй, баялаг хуримтлалыг бол ганц сайхан сүйтгэдэг. Зөвхөн эдэнд төсвийн бараг тал нь буюу нэг их наяд шахам төгрөг зарцуулж байна. Энэ бол Монгол улсын 1999 оны төсвийг гурав нугалсантай тэнцэх мөнгө юм шүү. Энэ хүмүүсийг дулаан, цахилгаан, байр сав, тамга тэмдэгээр хангахын тулд шүү дээ. Тэгээд тэд намаараа талцан сонгууль будлиантуулж, хүнд суртал гаргаж, хахууль шиншилж, гадаадад амарч байна. Тэд төрийн нэрийг унагаж байгаа юм. Гэхдээ хэлэх дуртай үг нь би “Төрд ажиллаж байна”
Цомхотгол
Ардчилсан хувьсгалын дараахан хүмүүс төрийн албанаас зугтдаг байлаа. Цалин бага, ахуй хангамж муу тул бүгд л ганзага үүрч, гадаадаас бараа зөөхийг хүсэж байлаа. Тэр үед төрийн хөөрхий ядуу төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж чадахгүй ч  нийгмийн асуудлыг нь шийдэх замаар төрд тогтоохыг оролдож байв. Гэхдээ төрийн албанд ажиллагчдын тоо 100 мянгаас буурч байгаагүй юм. Мэдээж эмч, багш нар жин дарж байсан. 1990 оноос хойш Засгийн газрууд хоёр удаа цомхотгол явуулсан. Сүүлчийнх нь 2004 оны сонгуулийн өмнө Н.Энхбаярын Засгийн газраас төрийн албаны цомхотгол явуулж билээ. Тэгэхэд баахан цэвэрлэгч, манаач л халагдсан. Үүнийхээ “үр дүнд” өдий хэмжээний санал алдаж балрангаа алдсан.
Анхных нь 1996 онд шинэчлэх эрмэлзэл дүүрэн, эрч хүчтэй залуухан Ерөнхий сайд М.Энхсайханы шийдвэрээр 15 000 албан хаагчийг халсан ба тэд намаар ялгаварлан гадуурхлаа гэж уйлагнаж байгаад буцаад ажилдаа орсон юмдаг. Тэр цагаас төрийн алба намчирхдаг болсон юм. Ингэхээс аргагүй 1996 оныг хүртэл төрийн албанд дан ганц МАХН-ынхан л байсан, хэнийг ч халсан МАХН-ын гишүүнийг л халах байв. Халах ёстой хүмүүс нь тэд байсан юм, тэд захиргааны албан хаагч байлаа. Хожим Н.Энхбаярын цомхотголоос дүгнэвэл М.Энхсайханы тооцоо зөв байжээ, төрийн албан хаагч 100 мянгаас хэтэрч болохгүй юм байна. Өнөөдөр 45000 албан хаагч илүүдсэн байна. Эднийг цомхотгох ёстой, тэр тусмаа төрийн захиргааны албан хаагчдыг. Мерфийн хуулиар бол түшмэл олшрох тусам ажил нь ихэддэг, яагаад гэвэл түшмэл түшмэлдээ ажил гаргаж өгдөг. Үүнийг нь бид хүнд суртал гэдэг.
2004 оноос төрийн албанд орох сонирхол сэргэсэн юм. Жижиг бизнес эрхэлснээс төрийн алба хаасан нь дээр. Яагаад гэвэл ажил бага орлого их. Шуудхан хэлэхэд энэ бол авилга цэцэглэсний шинж байлаа.
Намаар халамжлуулагсад
Төрийн алба ашигтай байх тусам албандаа үлдэхийн төлөө юу хийхээс буцахгүй албан хаагчид бий болов. Төрийнхөн намуудын гишүүдийн тоог хэдэн арван мянгаар нь нэмж байлаа. Үзэл бодол хамаагүй, ажил чухал. Энэ бол цэвэр прагматик сонирхол байлаа. Дараа нь ажлаа хадгалж үлдэхэд нам нь засгийн эрхэнд байх ёстойг ойгосон. Тэгээд хамаг будлиан булхайг үүсгэсэн. 2000 оноос хойш МАХН-ын сонгогчид төрд үнэмлэхүй олонх болсон билээ. Өөрийгөө зүүний нам гэж нэрлэх дуртай МАХН-ынхан гишүүдийнхээ нийгмийн асуудлыг төрийн албаар хангаж болохыг ойлгосон юм. Төрийн албанд ор, намдаа үнэнч бай, яаж мөнгө олох нь намд хамаагүй. Эндээс авилга цэцэглэж, төрийн дарамт, хүнд суртал ихсэх анхны хандлага ажиглагдсан юм. Төрөөс төрсөн тэрбумтнууд бий боллоо. Гааль, шүүх, мэргэжлийн хяналт, татвар зэрэг өндөр ашигтай ажлын байрууд гарч ирлээ.
Намын гишүүн-төрийн албаар дамжуулж бизнесийн салбарыг хяналтандаа авахыг оролдож, эхлээд татвар, дараа нь мэргэжлийн хяналтынхныг сүрхий эрх мэдлээр хангав. Ингэхдээ улстөрийн албан тушаалтнаар дамжуулан сахилгажуулжээ. Нийгэм ухарч нам гэгч төрийн дээр гарав. Төрийн албаны ажлын байр намын гишүүдэд хүрэлцэхээ болихоор улстөрийн албан тушаал сайдаас эхлээд мэргэшсэн төрийн албанд хүртэл “дэд” албан тушаалуудыг бий болгож байж хүчээр 15000 ажлын байр шинээр гаргаж ирж байсан юм. Одоо төрийн алба байж болох дээд хэмжээндээ хүрч томорсон байна. Халамж зардалд нь улсын сан хоосрох шахаж байхад нэмээд орон сууц өгөх юм гэнэ. Яагаад тэр вэ?
Хямрал
Социализмын үед “Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүрдэг, Москвад унгахад Улаанбаатарт баадаг” гэж онигоо байсан юм. Харин өнөөдөр дэлхийн санхүүгийн хямралын сургаар Монголын эдийн засаг сүйрдэг болжээ.
2008 оны сүүлээс зүв зүгээр байсан эдийн засгаа манай эрх баригчид зохиомлоор хямраасан юм. Хямралын шалтгаан нь хууль бусаар зах зээлд нийлүүлсэн төгрөг байв. Банкнуудын цуглуулсан бодат депозитоос /хадгаламжийн хэмжээ 1.3 их наяд төгрөг байжээ/ хоёр дахин их төгрөгийг буюу 2.6 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн байв. Арилжааны  банкууд 1.3 их наядаас илүү зээл олгож чадахгүй юм.  Тиймээс үлдсэн нь Монгол банкны эмисс байлаа. Энэ мөнгөний дийлэнх улстөрийн бүлэглэлүүдээс дамжин барилгын салбарт оржээ.
Энэ эмиссээр барилгын салбарт “бум” үүсчээ. Нийслэлд нүд эргэх зайгүй барилга босч байлаа. Газрын наймаа дээд цэгтээ хүрч цэцэглэсэн ба Токио, Ню-Йоркоос өндөр үнэтэй газар Улаанбаатар, Алма-Атад л байсан юм. Өндөр үнэтэй газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, авилгын мөнгийг угаах арга нь барилга барих байлаа. Үнэтэй газар дээр чанар муутай барилга бариад бодат ханшнаас 2-3 дахин өндөр үнээр зарж газрын наймааны мөнгийг угаадаг байлаа. Улаанбаатар хотын газрын үнэлгээг гаргахад 15 тэрбум ам.доллар гэж байв. Энэ бол бодат үнэлгээ биш, авилгын өртөг юм. Зөвхөн дуурийн театрын өмнөх 0.33 га газрын авилга  хагас тэрбум төгрөгт үнэ хүрч байлаа. Компаниуд газрыг авилгаар худалдан авч дийлэхээ болиход барилгын бизнес цэцэглэсэн юм. Үнэтэй газар дээр барилга барьж, барилгын үнэнд өртгийг нь шингээж зарвал их ашиг олно. Аль болох өндөр байшин барих ёстой.
Хууль бус далд эдийн засгийн мөнгө бодат эдийн засагт ингэж л угаасны хүчинд хууль ёсны болон орж байв. Эдийн засаг 4-5 жилд хоёр дахин тэллээ. Барилгын салбар хамгийн ашигтай салбар болсон ба үй олон барилгын компаниуд бий болжээ. Гэвч хотын эрх баригчдын мэдлийн компаниуд цөөн том компаниуд жишээ нь хотын мэр, ерөнхий сайд, шадар сайдын сийлбэртэй модон сандал дамжин харайсаар байгаа М.Энхболдын “Эко”, “Алтай” констракшн, хотын мэр одоо эрхэм гишүүн Ц.Батбаярын “Ганьт”, хотын газрыг дамжуулан зарагч Ц.Наранхүүгийн “Дүнжингарав” гэх мэт нь асар их мөнгө эргүүлж, хуучин ЗХУ-ын “СОТ-1”, “СОТ-2”-оос дутуугүй олон барилга барьж байсан юм. Энэ барилгын ажлаа тэд эмиссээр санхүүжүүлж байлаа. Түүнээс бус арилжааны банкууд ийм хэмжээний зээл олгох чадваргүй байв. Ганцхан тоо жишиж үзье. Өнөөдөр Улаанбаатарт тэрбум ам.долларын дутуу барилга бий гэнэ. Гэтэл манай арилжааны банкуудын хадгаламжийн хэмжээ 1.3 их наяд төгрөг буюу дутуу барилгын фондтой тэнцэж байна.
2008 оны эхээр гэнэт төгрөгийн эмисс бодат эдийн засагт нөлөөлж эхэлжээ. Чөлөөтэй хөрвөдөг манай төгрөг ханшийг нь баталгаажуулдаг дотоодын зах зээл дэхь доллараас хоёр дахин их болжээ. Долларын ханш өсөж огцом өсөж, ердөө долоохон хоногт 500 орчим төгрөгөөр нэмэгджээ. Уг нь ханш жилдээ дунджаар 100 орчим төгрөгөөр өсдөг байлаа. Өөрөөр хэлбэл инфляц 7-8 хувьд тогтвортой байснаа гэв гэнэт өндөр халуунтай хүнийх шиг 37-38 хувь хүрч өслөө. А.Батсүх “Монгол банк”-ны Ерөнхийлөгч болмогцоо инфляцийн түвшин огцом нэмэгдэх гэж байгааг анзаарч оны төгсгөлөөс төгрөгийн нийлүүлэлтийг хязгаарлаж эхэлсэн байна. Гэхдээ үүнийгээ алгуур болгоомжтой хийж байв. Гэтэл бодат байдал түүнийг гүйцэж, айсандаа албан ажлаа өгчээ.
Үүнээс гарах хоёр арга зам байлаа. Нэгд төгрөгийн нийлүүлэлтийг багасгах, эвсэл эдийн засгаа хумилгүй долларын нийлүүлэлтийг ихэсгэх. Бодат тооцоогоор 1.3 орчим их наяд төгрөгийг зах зээлээс татах, эсвэл 1.2 тэрбум ам.доллар нийлүүлэх ийм л сонголтын өмнө иржээ. Эхнийх нь дотоодод улстөрийн аргаар хийж болно, харин хоёр дахь замыг нь О.Чулуунбат нарын санхүүчид санал болгож байв. Хэрэв хоёр дахь аргыг хэрэгжүүлсэн бол манай эдийн засаг хямрахгүйгээр барахгүй бүр өсөн нэмэгдэх байсан юм.  
Чухам ийм шалтгаанаар Засгийн газар хямралын эсрэг төлөвлөгөө гэгчийн олон зүйл заалтын дор нуусан 1.2 тэрбум ам.доллар олох төлөвлөгөөг УИХ-аар батлуулахаар оруулж ирсэн ба түүнийг батлаад өгч. Гэвч Засгийн газар ажиллаж чадаагүйгээс эхний аргад шилжиж оны эхний улиралд 800 тэрбум төгрөгийг зах зээлээс ховх сорчихов. “Форбес” сэтгүүлч бичсэнээр үүний дараа Монголын эдийн засгийн зүрх золтой л зогсчихоогүй юм. Эргэж байгаа цусных нь дөрөвний нэгийг юүлбэл ямар ч амьд организм тэсэхгүй зүрх нь зогсоно. Үүн шиг л юм болсон.  Үүнд улстөрийн мугуйд ажилд гаршсан Монгол банкны шинэ Ерөнхийлөгчийн үүрэг их бий. Өнөөдөр бодлогын хүүг 9.5-14.5 болгосноор л эдийн засгаа хөмөрчилгүй авч үлдсэн мэт яриад байгаа нь зүгээр л жүжиг. Тэр бодлогын хүү энэ тэр нь эдийн засагт ямар ч нөлөө үзүүлэх чадваргүй зүйл. Харин УИХ-ын гишүүд үүнд нь хууртаад хүүгийн зөрүү энэ тэрхэнээр ноцолдсоор Сангийн яамыг ч, Монгол банкыг ч буруутгаж чадсангүй.
Уг нь хууль бус эмисс, барилгын салбарын уналт, Монгол банкны харгислал энэ тэр нь С.Баярын гол тулгуур хотын бүлэглэлийг бүрмөсөн бутниргэчихэд хангалттай шалтгаан байсан юм.  Байх ч болно.
Ээлжит бус чуулганаар яагаад Засгийн газрыг унагасангүй вэ?
Ээлжит бус чуулганаар Монгол банк, Сангийн яамыг хямралын эсрэг ажиллаж чадаагүйг нь илчилж, гэрээг гацаах, Засгийн газрг унагах зорилгоор мэдээлэл сонсох тавдугаар асуудлыг оруулж ирсэн авч О.Чулуунбат Засгийн газрын талд орсноор юу ч бүтсэнгүй. Бас нэг нөлөөлсөн хүчин зүйл нь Д.Медведевийн айлчлал байлаа. Анх Оюу толгойн гэрээг гацаахад УИХ-ын гишүүдийн 66 хувь оролцож байлаа. Гэтэл сая 5-6 гишүүн л эсрэг санал өгч байсан юм. Засгийн газрын хямралын эсрэг төлөвлөгөө бол зөвхөн Оюу толгойн гэрээ батлагдвал л хэрэгжих боломжтойг олон гишүүн ойлгож байлаа. 1,2 тэрбумыг ганцхан “Рио” л өгч чадна. Гэрээ гацсан бол Засгийн газрын төлөвлөгөө хэрэгжээгүй гэсэн үг. Хямралын эсрэг ажиллаж чадаагүй Засгийн газар огцрох нь зүй.
Гэрээг гацаагчдыг хуучин Ерөнхийлөгч Н.Энхбаяр толгойлж байгаа нь илэрхий болмогц Д.Медведевээр их өр тэглэгдээгүйг сануулжээ. Үүний дараа улстөрийн тавцангаас унасан дээрээ нэр хүндээ бүрмөсөн балласан хуучин Ерөнхийлөгчийн талынхан салхинд замхрах утаа мэт сарнижээ. Засгийн газрыг унагах гол асуудал болох учиртай Монгол банкны мэдээллийг сонсож шүүмжлэх ёстой нөгөө 66 хувь “Сонгогчдоо эргэмээр байна” гээд гараад зугтчихсан байв. Д.Пүрэвдоржийн утгагүй яриаг УИХ-ын гишүүдийн 20 хувь нь ч сонсоогүй билээ.
Юун эдийн засаг, их өр тэглэгдээгүй байна, цаана чинь. Д.Медведев буусан оройгоо Монголын шинэ хуучин Ерөнхийлөгчтэй хагас цаг орчим ярихдаа их өрийн асуудлыг сөхөх гэж байгаагаа мэдэгдсэн бололтой. Үүний дараа Н.Энхбаярын талынхан бүрэн ялагдлаа хүлээжээ, “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ батлахад хамгийн чухал хоёр асуудлыг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулж дөнгөсөн байснаа тэр оройдоо хөсөр хаяад цагаан тугаа өргөцгөөжээ. Гэрээний асуудал шийдэгдэх торгон мөчид айлчилж ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэл Оюу толгойн гэрээг шуудруулаад зогсохгүй Оросууд Таван толгойд урхи бэлтгэснийг илчилж өглөө.
Хэрэв Сангийн яам, Монгол банкны мэдээллийг өмнөө оруулсан бол Засгийн газар огцорч, гэрээ байгуулах субъект байхгүй болсноор гэрээ гацаж болох байлаа. Гэвч дарааллыг нь эсрэгээр тогтоож, эхлээд гэрээний заалтуудыг оруулсан юм. Үүнд гурав дахь хүчин зүйл нөлөөлжээ.
Гурав дахь хүчин зүйл нь гэрээг ээлжит бус чуулганаар хэлэлцэхийн өмнөхөн Засгийн газрын хуралдаанаас гаргасан, бэлэн болсон 4000 орон сууцыг төсвийн мөнгөөр худалдан авч, “төрийн албан хаагчдад” олгох шийдвэр байлаа. Энэ бол цэвэр хахууль юм. Үүнээс хэд нь хямралын эсрэг төлөвлөгөөг хэлэлцэлгүй хаяад явсан гишүүдэд очих бол? Төсвийн алдагдал хэрээс хэтэрч, хүүхдийн мөнгөө өгөх эх үүсвэрээ хүртэл баллачихаад байгаа Засгийн газар ямар мөнгөөр энэ их хөрөнгийг худалдаж авах юм? гэж нэгч УИХ-ын гишүүн асуугаагүй.
Хахууль ба уламжлал
2005 оны сонгуулиар нийслэлийн АН-аас дэвшүүлсэн “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг тухайн үед хэрэгжих магадлалгүй гэлцэж байв. Гэвч энэ хөтөлбөр хэрэгжингээ алджээ. Үүнд төрийн нөлөө байгаагүй юм. Гагцхүү энэ хөтөлбөрөөс ашиг олж болохыг мэдэрсэн газрын наймаа, барилгын мөнгө хүүлэлээр гаршсан улстөрийн томоохон бүлэглэлүүдийн идэвх чармайлтаар хол явжээ. Хэрэгжүүлэгчид нь АН-ынхан биш, МАХН-ынхан байсанд л шоглоом бий.
Оны эхний улиралд Монгол банк зах зээлээс 800 тэрбум төгрөг татсан нь барилга, банкны салбарыг бүрмөсөн сүйтгэжээ. Хэтэрхий олон барилга дуусалгүй үлдэв. Энэ 800 тэрбум нь богино хугацаанд аймшигтай томорсон барилгын салбарыг хөдөлгөж байсан билээ. Банкууд барилгын салбарт олгодог зээлээ зогсоожээ. Хэрэв их хэмжээний зээл олговол энэ салбарыг хянадаг улстөрийн бүлэглэлүүд зээлээ төлөхгүйн тулд банкуудыг дампууруулж ч чадна гэдгийг “Анод”-ын жишээн дээр мэдэрсэн юм. Нөгөө талаар хүн амын худалдан авах чадвараас хэт давсан өндөр үнэтэй барилга зах зээлд мөддөө борлогдохгүйг банкныхан сайн мэдэж байгаа юм. Тиймээс барилгад өгсөн зээл бүр чанаргүй гэсэн ангилалд шууд орно.
Энэ алдаагаа барилгын салбарыг хянагчид хэзээ хойно мэджээ. Борлогдохгүй хэт үнэтэй бүтээгдэхүүн хэчнээн ч үйлдвэрлээд нэмэргүй, алдагдалд орно. Банкны зээлийг арилжааны банкуудаас хүчээр авч чадахгүй, Монгол банк 800 тэрбумыг арай гэж татсаныхаа дараа эдийн  засагт их мөнгө буцааж нийлүүлэхээс айсаар байна. Харин Оюу толгойн гэрээ батлагдаад доллар орж ирж гэмээ нь төгрөгийн нийлүүлэлтээ нэмж болно. Гэхдээ хэзээ ч билээ? Гэтэл тэрбум долларын өртөгтэй дутуу баригдсан барилгууд үлдсэн байдаг. Сайтар харвал барилгын салбарын энэ дампуурал нь яг ХЗХ-ны дампуурлыг санагдуулж байна. Тиймээс Засгийн газар уламжлалт аргаа хэрэглэжээ. ХЗХ-ны өрийн 50 хувийг төр үүрч байсан тэр л арга.
Төр бол юу ч голдоггүй, юу ч авч чаддаг, ямар ч хяналтгүй, дураараа дургиж болох  их мөнгөний уурхай юм. Тиймээс 4000 орон сууцыг төрд шахахаар шийджээ. Барилгынхан төрд их нөлөөтэй байна. Гэхдээ тэд бас хоёр хуваагджээ. Эхний хэсэг нь энэ шийдвэрийг гаргуулж чадсан улстөрийн бүлэглэлүүдийн мэдлийнх. Нөгөө хэсэг нь улстөрийн бүлэглэлээс ангид бизнес эрхлэгчид. Тэд О.Чулуунбатыг толгойлогчоороо сонгожээ. Одоо тэд төрд аль тал нь олон сууц шахах вэ? гэдгээ шийдэхээр үзэлцэж эхэлнэ. Энэ бүхний эцэст төр аягүй бол 4000 биш бүр олон орон сууц худалдаж авах байх. Хувийн хэвшилд цаг наргүй ажиллаж, татвар төлдөг бидний мөнгөөр байр аваад төрийн албан хаагчиддаа өгөх гэж байгааг сонсохоор мань мэтийн уур хүрэхгүй яах билээ? Бид тэгэхээр хүн биш боолууд, тэд хүн байх нь.
Хамгийн хоржоонтой нь төрийн эрх мэдэлд байгаа этгээдүүд төрд барилгаа шахаад, тэр орон сууцнуудаа өөрийнхөө гар бологчдод “үнэгүй шахам” бэлэглэх замаар давхар ашиг олно. Өөрийнхөө юмыг өөртөө зарна гэсэн үг л дээ, мөнгийг нь бас өөрийнх нь төр гаргаж өгөх юм байна. Бас олон барилга хахуулийн журмаар Засгийн газрыг “өрөвдсөн” УИХ-ын гишүүдэд оногдоно. Ердөө дөрөвхөн мянган орон сууц. Төрийн албанд 145 000 хүн бий. Мэдээж төрөөс олгох орон сууцыг насаараа төрд зүтгэсэн, ядуу төрийн албан хаагчид биш харин шахаагаар орж ирээд байр аваад гардаг, төрийн албыг гадаадад дээд сургуульд явах шат дамжлага болгодог дээрээ татаастай, улстөр-ураг төрлийн дэмжлэгээр төрд шургалсан тэр л хэсэг авч таарна. Одоогоос хэдэн жилийн өмнө Засгийн газрын албан хаагчидад орон сууц барьж өгөх болжээ. Орон сууцаа зээлээр аваад насан туршдаа төлөх байж. Тэгэхэд хөөрхий төрийн албан хаагчид м.кв нь 350 ам.долларын үнийг дийлээгүйгээс олонх нь дарга нарынх нь болоод дууссан гэдэг юм. Ийм л юм болно доо. Ийнхүү “40 мянган айлын орон сууц хөтөлбөр” “4 мянган албан хаагчийн орон сууц” хөтөлбөр болон шувтарч байна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив