Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Их хурлын энгийн арифметик
2009 оны 11 сарын 19 [Уншсан тоо: 32599]
Зүй тогтол буюу томъёо

Бүх зүйл систем болдог. Монголын парламентыг нэг танхимтай 76 гишүүнтэй байгуулсан цагаас парламент нь улстөрийн бүхий л шийдлийг гаргах систем болсон. Шийдэл нь хамгийн энгийн буюу ердийн олонхи (38+1) гэсэн үндсэн томъёогоор шийдэгдэх хуультай. Ердийн олонх болоход буюу 51 хувиар асуудал шийдэхэд энэ томъёолол таарна. Намууд сонгуульд 38+1 суудал авахын төлөө үзэлцэнэ. Сонгуулийн дараа намуудын бүлгийн харьцаа их чухал. Жишээ нь 1996 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл 50 суудалтай байлаа. Цөөнх болсон МАХН 25, МУНН 1 суудалтай байв. Гэтэл тэр үед сонгуульд ялагдаад хоёр дахин цөөн суудал авсан хэрнээ асуудал хэлэлцэхэд МАХН ямагт ялдаг байв. Үүний учир нь тухайн үеийн хуулиар асуудлыг ирцийн гуравны хоёроор шийддэг байв. 76 тэгш тоо, хоёр хүчинтэй байхад энэ тэгш тооны сондгойрол нь ялалт, ялагдлыг шийддэг. Гурав хуваагдвал гуравдагч нь 1 суудалтай байсан ч асуудлыг шийдэхэд чухал нөлөөтэй болно. Үүний дээрээс ирц, тухайн санал хураалтанд оролцогч хэд байхаас үүдээд үйл олон хувилбар гарна.  

1996 онд МАХН, МУНН-ыг талдаа татаж чадсанаар нөлөөгөө хадгалж байв. МАХН хурал хаяад, МУНН-ыг уруу татахад л парламентын санал хураалт хүчинтэй байх ирц хүрэхгүй гацаж байв. Ингээд шийдвэр гаргахын тулд эрх баригчид буулт хийдэг байсан. Гацааг 1996 оны сонгуулиас гурван жилийн дараа л арай гэж өөрчилсөн, их энгийн боловч энэ гарцыг олоход ийм л урт хугацаа шаардлагатай байж. Энгийн хэлбэл парламентын санал хураалт хүчинтэй байхын тулд заавал гуравны хоёр оролцох шаардлагагүй ба   ирц 50 хувьтай байхад санал хураалт хүчинтэй байв. Ардчилсан холбоо эвсэл амьсгаа авахтай болсон ч эвсэл гурван жилийн ялагдлын дараа дотроо задарч орхисон байв. Хөдөөний буюу элсний 13, МҮДН-ынхэн, АН-ынхан, МСДН-ынхэн гэж задарсан энэ олонхи яаж ч чадалгүй байсаар 2000 оны сонгуулиар нам тавиулсан.

72+1+1+1 буюу МАХН>АН+ИЗН+МАШСН гэсэн системд бол яалт ч байхгүй Н.Энхбаяр хаан болчихов. Энэ үеэс л дарангуйллын анхны шинж тэмдэгүүд илэрч, Гүйцэтгэх засаглалын тэргүүн намын даргын эрх мэдлээр түрж парламентаа эрхэндээ авчээ. Түүнийг хязгаарлагдмал эрхтэй Ерөнхийлөгч сөрж чадахгүй байлаа. МАХН парламентдаа хэт олонх, гүйцэтгэх засаглалыг дангаараа байгуулсан, Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хэрнээ  төрийн эрх мэдлийн гажуудлаас болж дотоодын хямралд нэрвэгдэж сульдаад 2004 онд сөрөг хүчнийхэн нэгдсэн “Эх орон ардчилал” эвсэлд ялагдах шахсан юм. Энэ үеийн төгсгөлд МАХН өөрөө сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх болсон буюу Ерөнхийлөгч сөрөг хүчин болж хувирсан юм. Энэ бол ардчилсан системийн үндсэн зарчим ажиллаж эхэлсэн хэрэг бөгөөд сөрөг хүчингүй, хэт эрх мэдэлтний гарт орсон Засгийн газар парламент нь Ерөнхийлөгчийг сөрөг хүчний байр сууринд аваачсан юм.
2004 онд МАХН төрийн бүх эр мэдлийг гартаа барьж байснаараа түрээ барьж яаж ийгээд парламентыг тэхий дундуур нь хувааж авснаас дахин гацаа үүсэв. Эцэстээ 38=25+7+1+1... гэсэн эмх замбараагүй хагарал болж хувирсан. Хувь заяаны шоглоом хэцүү. Ардчилсан хүчнийхэн буцаад 1996 оны суудлаа баттай хадгалах хэмжээнд хүртэл нөгөөх үндсэн хуулийн нэмэлт нь буцчихсан байв. Уг нь 1996 оны парламентад МАХН-ын 25 гишүүн хурал хаяхад л парламент гацдаг байсан бол 204 оноос хойш АН тоо томшгүй удаа хурал хаяхад МАХН дангаараа шийдьэрээ гаргачихаад байлаа. Тэр үед АН-аас үндсэн хуулийн нэмэлтийг буцаах санал олонтаа гаргадаг байсныг санаж байгаа хүн хэр олон бол. Хэрэв нэмэлтийг буцаачихвал АН хүчирхэг, яг 1996 оны МАХН шиг бүлэгтэй болох байв. Гэхдээ их махраагүй, тэр үед АН парламентад албан ёсны бүлэгтэй байгаагүй, зөвлөл гэгч огт хуулинд байхгүй малгай дор гишүүдээ нэгтгэж байв. МАХН үүнийг харж байсан учраас АН дангаараа бүлэг байгуулах боломжийг нь хаасан байлаа. Бүлгийг сонгуульд оролцсон субьект л байгуулна, эвсэл задарсан бол бүлэг байгуулж болохгүй гэсэн тайлбарыг АН-аар өөрөөр нь хийлгэсэн юм. Алтан гадасынхан тэр үед М.Энхсайханыг дагаж бууриа сахиж үлдсэн, хожим ҮШН болсон долоон гишүүн дээр Б.Батбаатар, эсвэл Э.Бат-Үүл нэгдвэл бүлэг болоод өөрсдийг нь хээр хаяна гэж айснаас бүлэггүй болох тайлбараа гаргасан билээ.

Харин өнөөгийн парламент 44+1+1+1+29=75 гэсэн бүтэцтэй. Намуудын их багын тэмдгийн хоёр талд гаргах боломжгүй, учир нь Засгийн газарт хамтарснаар томъёолбол 44+29 > 1+1+1 гэсэн томъёо гарна. Энэ бол 2000 оны Засгийн газар гэсэн үг. Зүй тогтол юм уу, хаашаа юм манай парлемент эргээд 2000 оных шиг бүтэцтэй болчихжээ. Зүй тоглоо харцгаая. 1996, 2004 оны парламент, 2000, 2008 оны парламент дахь хүчний хуваарилалт ямар нэг байдлаар төстэй байдалд оржээ. Гэвч энэ спираль давтамжийн дотоод бүтэц улам нарийсан өөрчлөгдсөнөөс өнөөдөр улстөрийн шийдлийн хариу  огт өөр гарахаар байна.

Өнөөгийн парламентын дотоод бүтэц

Энэ ялгааг тодруулах эхний асуулт нь Ерөнхий сайд С.Баяр яагаад Н.Энхбаяр шиг “хаан” болж чадахгүй байна аа? Тэнцүүгийн тэмдгийн их талынхан дотроо МАХН (19+25) + АН (5+4+20) гэж хуваагдана. Засгийн газрын тэсч үлдэх гол хүч нь (МАХН-ын 25 + АН-ын /Алтан гадас/ 20)=45 гишүүн. Өөрөөр хэлбэл засгийн газар МАХН-ын 44 гишүүн дээр бус хоёр намын 45 гишүүн дээр тогтож байна.  

Ийм үед энгийн тооцоогоор Ерөнхий сайд хамтарсан Засгийн газар байгуулахдаа ердөө ганцхан кнопны хожоо гаргасан байна. Тэр 19 кноп алдаад, 20 кноп нэмж авчээ. 2008 оны сонгуулийн өмнө л намын дарга С.Баяр, ерөнхийлөгч Н.Энхбаяр нар өөрийн талынхныг дэвшүүлэх ухаан сорьсон бодлого бодож байв. Эцэстээ намын даргын хувьд С.Баяр ялимгүй давуу тал олж өөрийн талаас илүү олныг дэвшүүлжээ. Дараа нь С.Баяр Н.Энхбаярын бүлэглэлийн хүчийг сулруулахын тулд ялагдсан хүмүүс хариуцлагаа хүлээ, албан тушаал өгөхгүй гэж байв. Харин Н.Энхбаярын тал аюулыг мэдрэхийн хэрээр улам нягтарчээ. М.Энхболдын Засгийн газрыг унагах зорилготой байгуулагдсан “Элсний 13” улам өргөжиж 19 гишүүнтэй болжээ. Сонгуулийн өмнөх ухаан сорьсон нүүдлийнхээ дүнд С.Баяр хэдий зохион байгуулалтаар сулхан ч 25 гишүүнтэй болж чадсан байна. Энэ хүчиндээ тулгуурлан хамтарсан засгийн газар байгуулж чадсан. Тэр АН-тай хамтарснаар элснийхнийг шахан бутаргаж дуулгавартай байлгаж чадна гэж тооцсон ч санаснаар нь болсонгүй. Ингээд эцсийн дүндээ (+1) гэсэн хожоо л хийжээ.

Энэ үед АН сонгуульд ялагдсан ч Засгийн газарт хамтрах шийдвэр гаргаснаараа ялагдлаа нөхөв. Яг өнөөдөр бол МАХН-ын дарга С.Баяр тэр нэгэн цагт “Бутаргагч вирус тээгчид” гэж шоолж байсан Алтан гадасынхантай эвсчихээд байна. Засгийн газрын бүтцийг харвал Х.Баттулга /МоАХ фракц/, Лу.Болд /Зүүн хойд Ази/, С.Ламбаа /МҮДН/ гэх мэтээр бүх фракцийг хамруулсан мэт авч парламент дахь дэмжлэгийг тооцвол үндсэндээ цэвэр Алтан гадаст тулгуурлаж байгаа юм. Харин өнөөдөр нөхцөл байдал хүндхэн болжээ. Н.Энхбаяр алтан гадасыг салгачихвал л Засгийн газар унаж мэдэхээр байгаа биз. Гэвч бас тийм бишээ, Ерөнхий сайдад нөөц хангалттай бий.

Н.Энхбаяр ба түүний команд

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Н.Энхбаяр парламентад эргэн орж ирэх сонирхолтой байна. Үүний тулд Чингэлтэйн нөхөн сонгуульд өрсөлдөх ёстой. МАХН дахь бүлэглэлүүдийн дотоод тэмцэл нь Н.Энхбаярыг парламентад оруулж ирэх эсэхийг шийдэхэд чиглэж байгаа юм. Хэрэв Н.Энхбаяр парламентад орж ирвэл Засгийн газарт Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас ч илүү аюул учруулах юм. Энэ гаргалгааг 2009 оны 5 сарын 23-ны “Өдрийн сонин”-д “Н.Энхбаярын дараах улстөр” өгүүлэлдээ гаргасан. Үүнд тайвширсан Н.Энхбаярын бүлэглэл сонгуулийн ялагдлын дараа сүрхий заргалдаагүй, өөр илүү боломж байгаа бол заавал ялагдалтайгаа зууралдах хэрэг юун. Хэрэв заргалдсан бол нийгийн тогтворгүй байдал дээд цэгтээ хүрч, ахин бослого үймээн, эмх замбараагүй байдал дэгдэж мэдэх тул ингэсгээд хуурчихсан нь дээр байв. Гэвч Н.Энхбаярын энэ нөөц хувилбарыг МАХН таслах гэж оролсоноос дараагийн хямрал эхлээд байна. Өмнө нь асуудал нам хоорондын шинжтэй байсан бол одоо цэвэр МАХН-ын дотоод асуудал болон хувирсан байна. Чухам энэ дотоод асуудал нь Оюу толгойн гэрээгээр дамжуулан Засгийн газрыг унагах тоглоомыг үүсгэсэн байна.  

Хардах синдромд нэрвэгдсэн, хүчирхэг бие хүн, улстөрийн палианы гадна үлдэхгүйн төлөө тэмцэж байна. Хэрэв энэ удаа чадахгүй бол чилийсэн гурван жил хүлээх ба улстөрийн нөлөөгөө хадгалахын тулд намаа байнга хутган үймүүлэх хэрэгтэй болно. Н.Энхбаяр өөрөө хүсэхгүй байлаа ч түүнийг дагагсад эрх ашгийнхаа төлөө нууц ноёноо дэргэдээ авчрах гэж гэж шахаж байгаа юм. Хэрэв Н.Энхбаяр парламентад орж ирвэл парламент дахь хуучинсагууд нэгдэж, Засгийн газрыг унагах нь гарцаагүй. Үүнд МАХН-ынхан ч, АН-ынхан ч хамрагдана. С.Баяр, Ц.Элбэгдорж нар 2008 оны парламентын сонгуульд намын ялалтаа бодож гарцаагүй ялах хуучин парламентчдаа дэвшүүлсэн юм. Тэд ялсан. Урвалт шарвалт, хор найруулга, уламжлалт хэлхээ холбоогоор бат хүлэгдсэн тэд өөрийн хүч нөлөө, эрх мэдэлд хэнбугайг ч ойртуулах дургүй байгаа билээ.

Ц.Элбэгдорж, С.Баяр нар тэдний хувьд шинэ хүн. Эдэнтэй учраа ололцох бус шахаж, дарамталж ажиллах нь хууччуулд дээр юм. Гэхдээ тэд одоохондоо “толгойлогчгүй” байна. Өнгөрсөн сарын эхнээс Засгийн газарт дараалсан аюулын дохио иржээ. Ерөнхийлөгчийн сонгуульд “С.Баяр болон Засгийн газар идэвхгүй оролцсоноос ялагдлаа” гэж бурууг тохох оролдлого идэвхжив. Засгийн газарт хамтарснаар намын хүч суларсан ба “Зорилгоо хэрэгжүүлэхэд арга нь ямар байх нь хамаагүй” гэсэн улайрсан коммунист сэдлээр Засгийн газрыг хүчээр буруутгах санаархал МАХН идэвхжжээ. Энэ нь хоёр хандлагтай байна. С.Баяр намынхаа хуучинсаг хүчин ба толгойгоо өндийлгөж байгаа цоо шинэ хүмүүсийн завсарт хавчуулагджээ.

Сонгуулийн ялагдлаар далимдуулж эрх мэдлийг авах санаархал аль аль үеийнхэнд байна. Хууччуул эрх ямбаа сэргээх, шинэчүүл эрх мэдлийг авч үзэх хүсэлтэй. Энэ хоёр бүлэглэлийн зорилго нэг цэгт төвлөрч байгаа нь Засгийн газрыг унагах. Засгийн газрыг унагаснаар л зорилтоо хэрэгжүүлнэ.

Үүнийг улам бодтой болгож байгаа МАХН дахь дотоод хүчин зүйл нь дангаараа Засгийн газар байгуулбал үй олон хүн төрд шургалах боломжтой юм. Энгийнээр төрийн албанд томилогдох МАХН-ын гишүүдийн тоо хоёр дахин олширно. С.Баярын гол тулгуур хотын бүлэглэл агаад шадар сайд М.Энхболд одоо байгаадаа сэтгэл хангалуун байна. “Элсний 19” анхны саналыг М.Энхболдод хүргүүлж, Ерөнхий сайдын сэнтий санал болгожээ. Гэвч М.Энхболд өөрийг нь унагасан тэдэнд итгэхгүй байна. Дараагийн алхам нь намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг тойрсон залуучуудыг өдөөн хатгахад чиглэжээ. Өдөөн хатгалганд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, шинэ гишүүн Д.Бямбацогт нар оржээ. Тэд хуучин МАСЗХ-г сэргээж, намын болон Засгийн эрхэнд цоо шинэ залуучуудыг гаргах ёстой гэсэн байр сууринд хүрснээр Засгийн газарт шинэ дарамт болжээ.

Хүний үйлдэл цэвэр сэтгэл зүйн шинжтэй. УИХ-ын гишүүн Д.Бямбацогт ердөө л хоёр сарын өмнө “Асуудлыг би шийддэггүй, ах нар л мэддэг” гэж даруухан загнасныхаа төлөө сүрхий шүүмжлүүлсэн юм. Ц.Элбэгдоржийн сонгуулийн олон нийттэй харьцах ажлыг удирдсан М.Ганбаатар “Найз аа, хэрэв чи ах нараар асуудал шийдүүлэх гэсэн юм бол яах гэж УИХ-ын гишүүн болсон юм бэ? Өөрийн гэх толгой байна уу?” гэж асууж байв. Тойрогтоо ч сүрхий шүүмжлүүлсэн дуулгавартай залуу Д.Бямбацогт гэнэт идэвхжиж, бие даасан байр сууринд гарахдаа Засгийн газрын дайсан болж хувирчээ.

Тэр УИХ-ын чуулганаар Оюу толгойн гэрээний асуудлыг батлахын өмнөхөн Ж.Энхбаярын хамт хэвлэлийн хурал хийлгэж, Монголын тал алсдаа хувьцааны 50 хүртэл хувийг эзэмших ёстой гэж зарлаж, үүнийгээ байнгын хорооны шийдвэр гэж хэлснээрээ гэрээг бүрмөсөн гацаасан билээ. Энэ бол Д.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын үг биш юм. Бүр 2006 онд “Айвенхоу майнз” компанийхантай Ерөнхийлөгч Н.Энхбаяр уулзахдаа “Та нар 51 хувийг зөвшөөрчих, тэгвэл би гэрээг чинь батлуулаад өгье” гэж хэлсэн байна. Мэдээж нөгөө тал нь зөвшөөрөөгүй. Сонгуульд ялагдсаныхаа дараа Н.Энхбаяр өөрийн бүлэглэлийн 19 гишүүн ба залуучуудыг “дагуулан” Европоор аялсны үр дүн гарч туршлагагүй улстөрчид хууччуулынхаа хүүхэлдэй болж байгаа хэрэг л дээ. Гэрээг батлагдашгүй нөхцлөөр шахаж гацаавал чухамхүү гэрээ байгуулахын төлөө л бий болсон гэдэг хамтарсан Засгийн газар оршин тогтнох нь утгагүй юм. Н.Энхбаярын “Монголдоо 51%”  гэсэн сайхан уриалга л олон нийтийг эргүүлчихэж магадгүй тул Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эртнээс “Хувь тохиролцолгүй одоо байгаа татварын нөхцлөөр хөрөнгөоруулалтыг эхлүүлэх” байр сууриа хэлсэн гэж таамаглаж болох байна. Одоохондоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын гол “дайсан” Н.Энхбаяр юм. Н.Энхбаяр бас хөдөлгөөнүүдийн энэ 51 хувийн саналаараа талдаа татсан юм. Олон жил гэрээг өөрийн талд ашигтай шийдүүлэх гэж зүтгэж байгаа хөдөлгөөнүүд “Сайн үйлийн төлөө шуламтай нөхцөхөөс ч” татгалзаагүй нь аргагүй.

Намын төв аппаратад “УИХ дахь залуучууд генсекийн далбаан дор идэвхжсэн” гэсэн мэдээлэл санаатай тархааж байна. Эдгээр залуус юу ч хийж болзошгүй. Энэ бүхний эцэст МАХН дахь бүлэглэлийн тэнцвэр алдагдаж 21:23 болж С.Баяр хоёр хүнээ алджээ. Энэ зуур Сүхбаатарынхан идэвхжиж, Ч.Улааныгаа Ерөнхий сайд болгохоор гүйлдэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн амлалтандаа Н.Энхбаяр хүрнэ гэж найдсан уу, эсвэл цаадахь нь ахиж сануулсан уу? Ахиад хоёрыг алдвал бүлгээ алдана, бүлгээ алдвал...

Ахиад хоёр

Оны эхээр банкны системийг хамарсан доргилт, О.Чулуунбатын хэт зоримог зөвлөгөө ба Сангийн сайдын унхиагүй байдал, Монгол банкны бодлогогүй хурц алхмаас болж Засгийн газар, парламент дахь МАХН-ын бүлгийн нэгдмэл байдалд сүрхий хохирол учирчээ. Эдийн засгийн хүндрэлийн бурууг зөвлөгөө өгсөн О.Чулуунбат, унхиагүй Сангийн сайд, мэдлэггүй муйхар Монгол банкны ерөнхийлөгчийн аль нь хариуцах вэ? гэдгээр маргаан үүсч, эцэст нь О.Чулуунбат Засгийн газар, Монгол банкыг ширүүхэн шүүмжлээд дайсан болов. Биеэ даасан бодолтой тэр одоохондоо гуйвж дайвж байгаа ч хамгийн гайтай нь шүүмжлэлд шаралхсан С.Баярцогт алдаагаа булахын тулд Засгийн газраа унагах гэж гүйдэг болжээ. Гэм хоргүй тал нь С.Баярцогт АН-ынх тулд Засгийн газрын тулгуур болсон МАХН-ын гишүүдийг цөөлөөгүй боловч “Алтан гадас” эргэж болзошгүй юм.

О.Чулуунбат төгрөгийн нийлүүлэлтийг хумихыг эсэргүүцэж, долларын нийлүүлэлт нэмэх зөвлөгөө өгсөнд Сангийн яам олиггүй ажилласнаас Монгол банк оны эхний хагаст 800 тэрбум төгрөг зах зээлээс татаж эдийн засгийн хүндрэл үүсчээ. Хэрэв төгрөгийг ингэж огцом татахгүй бол инфляци замаа алдахаас Сангийн яам болгоомжилжээ. Гэхдээ энэ үйлдлийн цаана Ерөнхийлөгч /Н.Энхбаяр/, Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд гэсэн гурвалжин харагддаг.  

Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр Ерөнхий сайд Сангийн сайдаа магтаж байсан ч О.Чулуунбат, С.Баярцогт нарыг шүүмжлэх болоход О.Чулуунбатын талд орсон бололтой. Одоо хүчний харьцааг тооцвол бараг тэнцчихээд байна. Дээр нь үнэн бол УИХ-ын даргыг ажлаа өг гэж шахсан байна. Ингэвэл хоёрыг алдчихлаа л гэсэн үг.

Аюул одоо МАХН-ын бүлгээс үнэртэж байна. Хэрэв МАХН-ын бүлэг дэх сөрөг 19+2+2=23 болсон бол аюултай хэрэг. Ингэх л юм бол МАХН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах асуудал босгож УИХ-д оруулах чадамжтай болчихож байгаа юм. Ингэж дүгнэх ноцтой шалтгаан байгаа нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үед МАХН дахь сөрөг бүлэглэл ба АН дахь эрх баригч бүлэглэл нэгдсэн шийдвэр гаргаж Оюу толгойн гэрээг гацаасан юм. Тэд нэгдэхээрээ парламентын 66 хувь болж байна.

Сөрөг давшилт  

Хэрэв байдал энэ чигээрээ үргэлжилбэл УИХ-ын намрын чуулган нээгдэхэд Засгийн газар хүнд байдалд орж магадгүй байна. Энэ үед УИХ-ын нөхөн сонгууль болж байх юм. Хоёр зам бий, аль аль нь Засгийн газарт ашиггүй. Нэгдүгээр зам нь МАХН Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дэвшүүлээд ялна. Ингэсэн тохиолдолд Н.Энхбаяр парламентад орж ирээд хуучинсаг бүлэглэлүүдийг нэгтгэн Засгийн газрыг унагана.

Хоёрдугаар зам нь Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй байх буюу дэвшүүлээд унагах. Ингэсэн тохиолдолд МАХН-ын дотоодоос хоёр сонгуульд дараалан ялагдсаны хариуцлагыг намын даргадаа тулган хүлээлгэх замаар огцруулаад давхар Засгийн газрыг огцруулах.

Ийм нөхцөлд яах вэ? Шийдэмгий бөгөөд шазруун Ерөнхий сайд өрсөхөөр  шийдсэн бололтой байна. Энэ наймдугаар сарын 10-ны орчим МАХН-ын дарга, Ерөнхий сайд парламентын ээлжит бус чуулган зарлахаар төлөвлөж байна. Энэ үеэр Оюу толгойн гэрээг батлахыг УИХ-д тулган шаардах болно. Хэрэв батлахгүй бол Засгийн газрыг огцруулна гэж айлгах болно. Ингэж яарах ч шалтгаан бий. Хэрэв гэрээг УИХ батлахгүй бол “Рио Тинто” компани “Оюу толгой” төслийг хаяж явна гэж мэдэгдээд, Ерөнхий сайдын энэ алхамыг сонссоныхоо дараа түдгэлзээд байна.

“Айвенхоу майнз”-ын “Рио Тинто”-гоос зээлсэн 300 сая ам.долларын зээлийн хугацаа энэ 10 дугаар сард дуусна. Одоо гэрээ батлахад ганцхан гацаа үлдээд байна. Тэр нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар. “Рио Тинто” уг нь гэрээг одоо байгаа таварын нөхцлөөр ямарваа хөнгөлөлтгүй батлахад бэлэн байгаа авч энэ татвараас болгоомжилж байна. Тус компани дэлхийн 32 оронд уул уурхайн олборлолт эрхэлж байгаа, хэрэв Монголын парламентын тулгаж буй 68 хувийн онцгой татварыг зөвшөөрөөд хөрөнгө оруулалтаа эхлүүлбэл бусад орнууд энэ жишгээр 68 биш юм гэхэд 10, 20 ч бай хувийн татвар тогтоохыг оролдож болзошгүй юм.

Иймд Засгийн газраараа дэнчин тавьж байгаад 68 хувийн татвараас бусад татварыг хэвээр үлдээх замаар гэрээг байгуулах шахааг С.Баяр хийхийг оролдох болно. Ингэхийн учир нь нэгд одоогоор сөрөг бүлэглэлүүд толгойлогчгүй байна. МАХН-ын сөрөг бүлгийг Д.Тэрбишдагва толгойлж буй нэртэй боловч тэр хүлээн зөвшөөрөгдсөн лидер биш юм. Тиймээс Засгийн газар унавал Засгийн эрхийг дангаар барих сонирхолтой МАХН-ын хуучуул ба залуучуудын бүлэглэлүүд дотроо алалдаж эхэлнэ. Залуучуудын бүлэглэл одоо бол Засгийн эрхийг дангаараа авч чадахгүйгээ мэднэ. Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр тохиролцож чадахгүй тул найман сард Засгийн газрын асуудлыг тулгаснаараа илэрхий давуу талтай болох юм. С.Баяр одоо хаашаа ч юм алга болчихсон У.Хүрэлсүхийг хүлээж байлраа. Хэрэв У.Хүрэлсүх ирж, хэл амаа ололцвол тулгалт хийнэ. Гэхдээ Засгийн газрын асуудал УИХ-д орж ирэхгүй ч байж болзошгүй, яагаад гэвэл асуудлыг парламенад оруулахаасаа өмнө МАХН-ын бүлэг дотроо тулгалт хийвэл,  сөргөлдөгчид хүч дутуугаа мэдвэл бууж өгөөд амаа хамхиж, аятай цагийг хүлээнэ. Хэрэв бууж өгөхгүй бол УИХ-д оруулна. Гэвч энэ бол аюултай, учир нь Засгийн газар хутганы ирэн дээр байгааг олон нийт мэдчихнэ. Тэгээд  Засгийн газрыг унагах асуудлыг УИХ хэлэлцэх хэргийнхээ төлөвлөгөөнд  оруулахуйц нөхцөл байдал үүснэ.

Хоёрдугаарт огцрох асуудлыг наймдугаар сард тавьснаараа асуудал даамжирч УИХ-д орж ирдлэг юм гэхэд Засгийн газар ахиад хагас жил найдвартай тогтох нөхцлөө олж авна. Хуулиар Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг шийдсэнээс хойш хагас жил дахин ийм асуудал тавихгүй байх ёстой. Одоохондоо Засгийн газарт нөөц хүч хангалттай гэж тооцож болохоор байна.

Олон тулгуурт Засгийн газар

Хэдийгээр МАХН-ын бүлгийн тал нь эсрэгцээд байгаа боловч АН-ын бүлгийн олонхи Засгийн газрыг хамгаална. Нөгөө талаас хүчний байдлыг шинжвэл гэрээ байгуулах талыг баримтлагчид УИХ-ын 34 хувийг бүрдүүлж байна.

Энэ бол 25 гишүүн. Үүн дээрээс гэрээний асуудлаар ижил байрсуурьтай байгаа Ерөнхийлөгч болон Засгийн газарт байгаа Х.Баттулгын дэмжлэгээр МоАХ фракцыг талдаа татаж чадна. Зүүн хойд Ази фракц тус фракцын үзэл сурталч Баабар, толгойлогч Лу.Болдын нөлөөгөөр Засгийн газрыг дэмжинэ.

МҮДН фракц сарниж орох ба С.Ламбаа сайд, Н.Батбаяр гишүүн нар дөрвөн гишүүнээ таллаж магадгүй. Дэрээс нь Ногоон нам, ИЗН, бие даагч гурав Засгийн газрыг дэмжих магадлал бий. Алтан гадас фракц ч нэгдмэл бус байгаа ба АН-ын дарга шадар сайд Н.Алтанхуяг Засгийн газраа авч үлдэхийн төлөө ажиллаж, харин Сангийн сайд С.Баярцогт огцруулахын төлөө ажиллаж болзошгүй байв. Гэхдээ кноп дарахдаа тулбал яах нь тодорхойгүй л дээ. Ерөнхий сайд гэрээ байгуулахад гай болж байсан сул талаа харжээ. Н.Батбаяр нар залуу сайд Д.Зоригтыг цохлон дарамталж, туршлагагүй бас мэдлэггүй хүүхдээс болж ашиггүй гэрээ хийж байна гэж шүүмжилж байв. Тиймээс гэрээнд өөрчлөлт оруулахыг “Рио Тинто”-гоор зөвшөөрүүл чадсаныхаа дараагаар хэлэлцээр хийх ажлын хэсгийг С.Баярцогтоор толгойлуулжээ. Одоо бол С.Баярцогт өөрийн ажлаа хамгаалахаас өөр гарцгүй тул хаашаа ч явж чадахгүй нь ойлгомжтой.  

Энэ байдлаараа Засгийн газар одоохондоо парламент дотроосоо хүчтэй дэмжлэгтэйгээ мэдэрч байна.  Ингэхээр Ерөнхий сайд огцорно гэж “туних” нь цагаа олсон алхам юм. Үнэндээ парламент Засгийн газарт сайн дураар огцрохоос өөр зам үлдээгүйг “Хутганы ирэн дээрх Засгийн газар” өгүүлэлдээ тодорхой бичсэн, гэвч хутганы ир доошоо харчихжээ. Ийнхүү Засгийн газар урхинаас гарчихлаа гэж үү?

Гэрээ батлагдах уу?

Үүнйи өмнө гэрээг эсэргүүцэгч Н.Энхбаярын бүлэглэл яагаад огцом өргөжсөний шалтгааныг тодруулах нь чухал юм. Уг нь Н.Энхбаяр энэ бүхнийг эхлүүлсэн. Их өрийг төлөхийн өмнө Н.Энхбаяр Роберт Фрийдландаас 85 сая ам.доллар зээлээд Оюу толгойн орд газрыг багтаасан 600 мянган га газарт хууль зөрчин ашиглалтын лиценз олгосон юм. 85 саяын сарын 3 хувийн хүү гэдэг их өндөр хүү, жилийн хугацаанд хүү нь 36 хувь болж байна. Энэ бол одоо Засгийн газар авах гээд байгаа 125 сая ам.долларын зээлийн хүүнээс даруй 3 дахин өндөр хүү. Зээлийн 85 сая ам.долларыг эргүүлж төлсөн авч хүүг яасан нь тодорхойгүй. Томоохон луйварт голдуу өндөр тогтоосон хүүг үлдээх замаар хахууль эргэдэг жамтай.

2004 онд Н.Энхбаяр ялчихна гэж тооцож байсан ч ялагдаж, Засгийн газраа өгөөд УИХ-ын даргын суудалд түр орогноод Ерөнхийлөгчид дэвшсэнээр гэрээнд нөлөөтэй оролцох боломжоо тавиад туучихсан юм. Одоо бол Н.Энхбаяр гэрээг эсэргүүцэгчдийг толгойлж байна. Олон хүн Н.Энхбаяр үнэн сэтгэлээсээ гэрээг эсэргүүцэж байна гэж төөрөлдөж байна. Үнэндээ бол Н.Энхбаяр гэрээний хугацааг хойшлуулаад өөрийн тоглоомын хүнийг Засгийн газрын толгойд тавьсныхаа дараа ямар ч нөхцөлөөр хамаагүй гэрээг байгуулах хүсэлтэй байна. Ингэснээр тэр улстөрийн тавцанд үүрд “Намбар ван” болж үлдэнэ гэж тооцоолж байгаа байх. Энэ бол улстөрчийн хувьд байж болох л тооцоо алхам, ингэлээ гээд улсын эрх ашигт нэг их ноцтой хохирол учрахгүй, гэрээг С.Баяр мутарлах, Н.Энхбаяр мутарлахын хооронд нэг их зөрүү байхгүй л дээ.

Гагцхүү Н.Энхбаярын энэ уран нарийн тоглолт нь “Рио Тинто”-г хөөж явуулаад Хятадууд, эсбөгөөс алсдаа Оросууд орж ирэх үүдийг нээчих вий гэдэгт л асуудлын гол нь байгаа билээ. “Айвенхоу майнз” Н.Энхбаярын дорнын маягийн уран үгэнд хууртсаар нэр хүндээ алдаж гүйцсэн, гэхдээ өнөөдөр Монголд “Айвенхоу биш Рио нь хэрэгтэй” байгаа юм. “Айвенхоу майнз” ч гэсэн дээ, үнэндээ “Рио”-г алдахаас айж байна. Бас нөгөө талдаа хууртаж залхсан Н.Энхбаяраас айж байна. Тиймээс тус компанийнхан бүхий л боломжоо дайчлан Засгийн газар ба Риог авч үлдэх, хоёр талд зуучлан гэрээний нөхцлийг Монголын талд ашигтай байдлаар засварлахаар зүтгэж байна.

Сүүлийн үеийн байдлыг харвал хүчний хуваарилалт ба бодат байдлыг мэдэрсэн УИХ-ынхан шинэ хувилбараар гэрээг батлах талаар ярилцаж байна. Энэ нь хэрэв 68 хувийн татварыг хөнгөлдөг юм гэхэд энэ татвараас орох ёстой мөнгөөр боловсруулах үйлдвэр барих ёстой гэж шаардах байх. Мэдээж үйлдвэрийн 34 хувь хуулиар Монголынх байх ба 25 хувийн агуулгатай зэсийн концентрацийг 68 хувийн татвартай зөөхөөс цэвэр зэсийг онцгой татваргүй гаргах нь хөрөнгө оруулагчдад хэрэгтэй л дээ. Хэрэв ингэж тохирч чадвал гэрээ сайн муу шахалтын дор сүрхий боломжийн нөхцөлтэй байгуулагдах нь байна.

Гэрээ ба Хятад гогцоо

Засгийн газар урхинаас гарлаа, гэвч Хятад урхи чангарсаар байна. Парламент гэрээг гацааж, Засгийн газар шалаанд орсны дараахнаас Монгол ёстой л буцалж эхэллээ. 7 дугаар сарын 27-ны үдээс хойш “Рио Тинто”-гийн төлөөлөгчид Ерөнхий сайдтай уулзлаа. Мөн өдрийн 18 цагийн үед “Айвенхоу майнз”-ын захирлууд Монголд буув. Ерөнхий сайд “Рио Тинто”-гийн төлөөлөгчдөөс гэрээг батлах хугацааг түр хойшлуулж хүлээзнэхийг хүссэн байна. Ингэхдээ парламентын шийдвэр ба Засгийн газрын нөхцөл байдлыг албан ёсоор бичгээр тайлбарлажээ. Уг бичигт эцсийн хугацааг 8 дугаар сарын 10 гэж тэмдэглэжээ. Харин үүнийг гэрээг эсэргүүцэгч тал мэдэж байгаа тул ээлжит бус чуулганыг зарлахгүйгээр намрын чуулганаар хэлэлцэхийг оролдож болзошгүй юм. Ээлжит бус зарлавал гэрээг ярьсаар тарах болно. Харин намар боласуудлыг яаж ч өргөжүүлж, хувиргаж болно.

Хэрэв энэ хэлэлцээр бүтэхгүй бол “Рио Тинто” намаргэхэд албан ёсоор Монголоос гарч байгаагаа зарлана гэж байна. Энэ бол хатуухан хэлбэл сүрдүүлэг юм. Гэрээ гацсаны дараахан БНХАУ-ын төмөр замын дэд сайд айлчилж, гэв гэнэтхэн Монголын засгийн газартай Таван толгой, Чойр, Чойбалсангийн хэвтээ тэнхлэгийн төмөр зам тавих гэрээ байгуулав. Гэрээг 18 цагт зурах байсан авч хоёр цагийн дотор бараг л аман хэлэлцээрээр тохироод 20 цагт баталсан ба маш таатай нөхцлөөр байгуудах шиг боллоо.

Ингэснээр Оюу толгойн зэсийг Хятадаас өөр хаашаа ч гаргахааргүй болгож байна. Хэдийгээр коммунизмын үед Оросууд Байгаль-Амарын төмөр замаа салаалж, Мардайн ураны ордыг дайруулан Чойбалсан хүргэсэн ч Д.Идэвхтэн алдар хүндийнхээ оргилд байхдаа зам төмрийг нь хятад руу төмрийн хаягдал болгон гаргаж, сэргээх аргагүй болгожээ. Оросууд цаанаас төмөр зам тавьдаг юм гэхэд стандарт таарахгүй. Өөрөөр хэлбэл Оросууд Монголд өргөн төмөр зам тавьсан, өөрийнх нь стандарт ч тийм юм. Харин Хятадууд нарийн төмөр зам тавьж таарна. Оросууд “Оюу толгой” болон “Таван толгойн” ашигт малтмалаас хуваалцахыг хүсдэг юм гэхэд Чойрт эсвэл Чойбалсанд галт тэрэгний дугуй солих томоохон обьект барихаас өөр гарцгүй болж байна. Ийнхүү Монгол магадгүй дэлхийд ганцаараа хоёр стандартын төмөр замтай улс боллоо.  Босоо нь өргөн, хэвтээ нь нарийн төмөр зам байх ажээ.

Чойр-Чойбалсангийн төмөр зам Оросын нутагт биш, Хятадын нутгаар дамжин Тянжин руу эргэх магадлал их боллоо. Ийнхүү дорнод Халхын талд БНХАУ-Оюу толгой-Таван толгой-Чойр-Чойбалсан-БНХАУ гэсэн Хятад цагариг үүсч байна.  Энэ цагариган дотор одоо нээгдсэн Монголын бүхий л баялгийн цөм бий.     Уг нь энэ төслийн одоогоос хэдхэн жилийн өмнө ОХУ-ын Ерөнхий сайд Фрадковын айчлалын үеэр Таван толгойг сонирхож байсан Оросын төрийн компаниуд “Внизарубежгеология”, “Оросын төмөр зам” нийгэмлэг, “Внешторг” банкны консорциум санал болгож байсан билээ. Энэ хэвтээ зам айхтар их хөрөнгө оруулалт шаардахгүй, Таван толгойгоос Чойр, Чойроос Чойбалсан хүртэл том байтгуай жижиг гол ч байхгүй, хөндөлдсөн уул нуруу ч байхгүй тэгш цагаан тал юм.

Нэгэнт “Рио Тинто”-гийн хувьцааны 20 хувийг авч чадахгүйгээ мэдсэн Хятадууд стратегиа маш богино хугацаанд өөрчилж 19 тэрбум ам.доллар зарж хувьцаа авахын оронд түүний ердөө 10 хувийг зарцуулаад баялгийг татах зам, үүдээ нээж эхэллээ. Гэрээ батлагдаж, уурхай барих ажилтай зэрэгцэн төмөр зам тавих ажил ундрах нь байна. Энэ бол Оросуудын тооцоогоор 2,0 тэрбум ам.долларын төсөл, гэхдээ бодат тооцоогоор бол 1,25 тэрбумд л тавьчихна. Уурхай дангаараа ашиглалтанд орвол хятадууд баяжмал зөөгөөд унана. Тиймээс 68 хувийн татварын оронд боловсруулах үйлдвэр бариулсан нь Монголд илүү ашигтай болчихож байна. Ингэж байж л энэ урхинаас мутарна, өөр зам харагдахгүй байна. Нөхцөл байдал сараар биш өдрөөр өөрчлөгдөж байна.

Ийнхүү хөрөнгө оруулалт Монголд цутгаж эхэллээ. Үүний дараахан Өмнөд Солонгосчууд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалтай зэрэгцэж ирээд Таван толгой дахь ашиг сонирхлоо илэрхийлж андуураагүй бол 260 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт санал болгов. Одоо энэ гэрээний гацаа л гарвал Монголд энэ намрын усархаг бороо шиг их мөнгөөр бороо орох нь. Ямар боловч 8 дугаар сарын 11, 12-нд байнгын хорооны хуралдаан зарлачихаад байна...
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив