Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Энхбаярын дараагийн улстөр
2009 оны 11 сарын 19 [Уншсан тоо: 33936]
Хийхийг нь бусад хийж, муу нэрийг нь Н.Энхбаяр л үүрдэг болж. Энэ удаагийн нөхөн сонгуульд Н.Энхбаяр өөрөө дэвшихийг нэг их хүсэхгүй байгаа гэнэ. МАХН-ын залуу улстөрч, өнгөрсөн сонгуулийн үеэр түүний төлөө идэвхийлэн зүтгэсэн залуучууд ингэж ярьж байна. Гагцхүү дэвших эсэх шуугианы гол эзэд нь түүнийг тойрон хүрээлэгчид, түүний нэрээр олз ашгаа ологсод, хэзээ ч лидер болох тавилангүй “акулыг дагаж хооллогсод” ажээ.
Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг унагасан хүмүүс бол тэд. Шинэ санаа, шинэ ажил хэрэг бүхнийг тэд баллуурдаж байж. Ингэх хэрэг юунд байв гэвэл Н.Энхбаярын нүүрэн дээр л ажил хэрэгч болж харагдах гэж тэр. Юу ч хийдэггүй, гагцхүү шийдвэр гаргах хурал болохоор хамгийн түрүүнд давхиад ирдэг, тэгээд ажил хийж байгаа нь энэ гэж бүхнийг баллуурддаг тэр л этгээдүүд. Энэ үйлдэл нь нэр дэвшигчээ баллаж байгааг олонх нь мэддэггүй, мэдлээ ч тэр хамаагүй, гагцхүү Н.Энхбаярын нүүрэн дээр нь долигонож, санаа тавьсан дүр үзүүлж байвал болох нь тэр. “Дарга аа ингэж болохгүй ээ, хуудас бүрт та л байх ёстой”… Амихандаа их долигонож байгаа царай нь, өнөөх нь хүний үг дууламтгай юм болохоор за тэгвэл өөрчилье  л гэнэ. Тэгээд асар их мөнгө огт хэрэггүй плакатанд шингээд хийсч байж.  
Залуус Н.Энхбаярын тухай сурталчилгааны ном хийгээд ирэхэд бут ниргээд хуудас болгонд түүний зургийг оруулах ёстой гэж хэлнэ. Тэгээд эрээн хувцас өмсөөд цэргүүдтэй гүйж яваа зургийг нь оруулах ёстой гэнэ. Ерөнхийлөгч хэдий зэвсэгт хүчний командлагч авч цэргүүдтэй хөлсөө цувуулаад өдөр бүр гүйдэг гэж үү? Бүр 2004 онд Самбарын Энхбаяр хоч зүүлгээд унах замыг нь зассан тэр л арга барилаа солихыг ч бодохгүй яваа тэр хөгшчүүл. Эдний үгээр мөн ч удаан явлаа, мөн ч хурдан уруудлаа.
Галсансүхийн нэг шүлэг байдаг даа. Чиний хэлсэн бүхнийг дагасан, гэхдээ чамд ганцхан зөвлөгөө өгье чи битгий хуц… гэж. Эцсийн дүндээ нөхөн сонгуульд Н.Энхбаяр дэвшээд унах юм бол тэд хохирохгүй, Н.Энхбаяр л хохирно. Тэр тусмаа улстөрийн карьертаа бүрмөсөн цэг хатгаж болзошгүй. Харин унагачихаад уйлж нэг үзээд олонх нь хаяад л явчихна, үүн шиг амар юм хаа байхав дээ. Тиймээс Н.Энхбаяр нэг удаа ч болов хуц гээд хэлчихвэл өөрт нь хэрэгтэй. Үнэндээ энэ удаад Н.Энхбаярт аз турших хүсэл туйлын бага байгаа, нөгөөдүүлд нь аз турших сонирхол их байгаа, тэр тусмаа өөрөө биш хүнээр аз турших гэж байгаа юм хойно цаадуул нь зоригтой шийдэмгий байлгүй яах вэ?
 Эд бол нэг тал нь. Нөгөө тал нь Н.Энхбаярыг дэвшвэл “хамтарч” ажиллаад багагүй мөнгө цохих санаатай хүмүүс. Тэд нөгөөдүүлээсээ арай л жудагтай нь ажлынхаа хөлсийг авна, тэд л ажилладаг шүү дээ. Н.Энхбаярын нэг давуу тал нь тэр баг цуглуулах гэж зовдоггүй, бүгд л түүнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байдаг юм билээ. Хэрэв тэдний лобби хүчтэй бол өдийд Н.Энхбаяр итгэмтгий зангаараа ялчихсан л гэж бодож байгаа. Ер нь бол Н.Энхбаяр “дэвшье” гээд хэлчихэд л мөнгө, PR баг, телевиз, сонин, хэвлэх үйлдвэр, ажиглагч, ухуулагчийн баг нь өөрөө л босоод ирнэ. Асуудал нь дэвших эсэхэд биш, ялах эсэхэд л байдаг гэдгийг л бодох ёстой.   
Наад зах нь Н.Энхбаярын зөвшөөрөлгүйгээр нөгөөдүүл нь Чингэлтэйн хороодоор гүйж, мөнгө тарааж эхэлсэн. Ингэснийхээ төлөө Н.Энхбаярыгаа сүйтгэж байна, яагаад гэвэл намынхан нь үүнд өсөрхөж эхэлжээ. Саяхан Н.Энхбаяр “Алба тушаал ахих тусам хүний эрхэнд орчихдог” гэжээ. Энэ үнэн үг, тэр их эртнээс хүний эрхэнд орчихсон билээ. Харин наадуул нь нэрийг барьж мөнгө хийж, хүн луйвардаж, хор найруулж, гэхдээ энэ бүх нүглээ Н.Энхбаярын төлөө хийж буй буян мэт өөрт нь ярьж явдаг билээ л.
Нэр дэвшихийн төлөө
Үүнийг Н.Энхбаяр өөрөө мэдэж байгаа эсэхийг ёстой бурхан л мэдэх байх. МАХН-ын нэр дэвшүүлэх ажиллагаа дүрмийн дагуу эхэлжээ. Эхлээд намын үүрүүдээс нэр дэвшигчийг тодруулах ёстой. Гэтэл Н.Энхбаярын нэрийг барьсан хүмүүс бүх үүрүүдээр ажиллаж эхэлжээ. Тэд намын үүр бүрээс 10 хүн сонгож олоод тус бүрт нь 100 мянган төгрөг өгөхөөр амлажээ. Энэ мөнгийг авсан хүмүүсийн үүрэг нь тэд цаашид тус бүр 10 хүн олох ёстой. Хоёрдугаар эгнээнийхэн тус бүр 50 мянган төгрөг авна. Энэ бол сүлжээ үүсгэхийг оролдож буй хэрэг. Чингэлтэй дүүрэг 19 хороотой, хороо бүрт намын үүр бий тул нэг үүрт эхний удаад 19 000 000 төгрөг тарааж байна. Хоёр дахь ээлжинд 95 000 000 төгрөг зарцуулна. Ердөө нэр дэвших анхан шатны үүрүүдийн саналын төлөө эхний ээлжинд 114 сая төгрөгийг зүгээр л гарынхаа салаагаар урсгаж байна. Харин намдаа үнэнч гишүүд нь энэ мэдээг дээш нь хүргэжээ. Чингэлтэй дүүргийн МАХН ердөө 1900 гишүүнтэй гэж үү? 9 дүгээр сарын 19-нд үүрүүд хуралдана. Харин Н.Энхбаяр намын гишүүнчлэлээ сэргээгүй байгаа. Н.Энхбаяр намын үүрээ “ололгүй” удсан юм, тэгээд Сүхбаатар дүүргийн наймдугаар үүрт бүртгэлтэй байснаа мэджээ, энэ үүрийг нутгийнх нь хүн даргалдаг ажээ. Энэ нутгийн дарга Н.Энхбаярын гишүүнчлэлийг бараг унахыг нь мэдээд гуравдугаар сард ч сэргээчихсэн байж ч магадгүй юм.
МАХН-ын хотын намын хороо эсрэг арга хэмжээ авч эхэлжээ. Ингэх тусам зарах мөнгөний хэмжээ ихэснэ. Нэгдүгээрт намын бодлогоор дэвшүүлэх хүнээ сөргүүлж таарна.  Хоёрдугаарт намаас бодлогоор дэвшүүлж буй хүнийг дэмжихийг үүрэгдэж таарна. Гуравдугаарт хороодоос гарч ирсэн ч дүүргийн намын хороо дарахыг оролдоно, мөнгө үйлчилээд хотын намын хороо руу давдаг юм гэхэд энд хамгийн ширүүн тулаан болно. Н.Энхбаяртай ил нүдэлцэхээ больсон М.Энхболд яг энд хариугаа авчихаж болзошгүй. Наад зах нь парламент дахь Н.Энхбаярын бүлэглэлийг тэргүүлж байгаа Д.Тэрбишдагва амбицаа дарж чадахгүй хөдөө аж ахуйн сайд болсных нь төлөө хотын бүлгийн нууц ноён Т.Бадамжунайгийн бөгсийг ухаж байгаа гэж юүхэв. Сайд болсонд Т.Бадамжунайн буруу байхгүйн адил нэр дэвшсэнд Н.Энхбаярын буруу байхгүй гэж бодоход л энэ хоёрын зөрчил Н.Энхбаярыг хотын намын хорооны храл дээр арччихаж болно. Тэгээд эцэст нь 25-нд болох намын бага хурал яаж хүлээж авахыг таашгүй. Бас л эрсдэлтэй замаар явж байна, хэрэв Н.Энхбаяр нам дотроо уначихвал ямар бие даалтай биш, гэхдээ нөөцийн буудал бэлтгэсэн, тэр нь “Үндэсний фронт”
Гэтэл Н.Энхбаяр бэртэлтэй гэж хэлээд хэнтэй ч уулзахгүй бүгээд байдаг. Наадуул нь юу сэдэж байгаа нь тодорхой. Н.Энхбаярыг ямар ч үнээр хамаагүй дэвшүүлнэ, Ямар ч үнээр бай ялуулна. Тэгээд сонгогдмогц МАХН-ын бүлэг дэхь 20 гаруй гишүүнтэй сөрөг фракц, Н.Энхбаярыг ороод ирмэгц тоо нь улам нэмэгдэх тул энэ хүчээр Н.Энхбаярыг дахин “хаан” болгохыг оролдоно. Ингээд хуучин сайхан цаг эргэж ирнэ гэж тооцоолж байна. Чухам ийм шалтгаанаар Н.Энхбаярын нэрийг барьсан зарим улстөрч “Айвенхоу майнз”-ын төлөөлөгчидтэй уулзаж, гэрээг 10 дугаар сард батлах санал тавьсан байгаа юм.
Гэрээг байгуулсан хүн л цаашид Монголын улстөрд мөнхийн ноёрхлоо тогтоох болно. Оюу толгойг ашиглана гэдэг нь дотоодын компаниудад асар их бизнесийн боломж нээх бөгөөд Н.Энхбаярыг гаргах гэж улайраад байгаагийн цаад учир шалтгаан нь энэ бүх боломжийг л мэдэлдээ авах гэж хичээж байгаагийнх. Гэвч асуудал хүнд бөгөөд зовиуртай үргэлжилнэ. Гэрээг 10 дугаар сар хүртэл хойшлуулдаг юм гэхэд яг тэр үед Рио Тинто-Айвенхоу майнзын  гэрээний хугацаа дуусна. Хэрэв гэрээг хойшлуулбал Н.Энхбаяр орж ирээд Засгийн газрыг унагах гэж оролдоно, хэдийгээр МАХН-ын бүлгийн олонх Н.Энхбаяртай нэгдлээ ч АН-ын бүлгийг талдаа татахад хугацаа орно, яахав Н.Энхбаяр “Алтан гадас”-ынхантай тохиролцсон байдаг юм гэхэд Засгийн газрыг унагаад дахин байгуулах процедурын хугацаа сараар тогтохгүй. Ийм нөхцөлд гэрээ 10 дугаар сард батлагдана гэдэг гонжийн жоо. Тэгээд “Рио” гараад явна, оронд нь “Чайналко” орж ирэх байлгүй дээ. Энэ яахав ирээдүй, харин одоо яах бол?
Хэрэв дэвших сонирхолтой бол яагаад?
Н.Энхбаяр өөрөө ямар нөхцөлд дэвшихийг хүсэх вэ? 2012 оны сонгууль хүртэл ердөө хоёрхон жилийн хугацаа үлдээд байна. Парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орчихсон байна. Ийм тойрог руу төрийн тэргүүн байсан нь байтугай хуучин гишүүд ч гүйхгүй. Та анх нөхөнгөөр гарч ирсэн, хоёр дахь удаагийн тань их үсрэлт бас л нөхөн байх учиртай гэж ятгаж байгаа юм болов уу даа.
Уг нь нэгдүгээрт өдий зэргийн улстөрч нөхөнгөөр орж нүдний булай болдоггүй юм. Хоёрдугаарт төрийн тэргүүнээс буусан хүн нөхөн сонгуульд дэвшдэг шившигт практик дэлхийд байдаггүй. Ийм атал өрсөлдөгчиддөө сөрөг сурталчилгааны асар их санаа өгөн барин парламент руу тэмүүлэхийн учир юунд байна? Нэгдүгээрт айдас. Түүнд парламентын гишүүний халдашгүй дархан эрх юунаас ч илүү чухал байна. О.Чулуунбатыг хамгаалж байгаа, Л.Гүндалайг хамгаалж байгаа тэр л дархан эрх.       
Хэрэв 2012 оныг хүлээвэл Оюу толгойн гэрээний дараа байр сууриа бэхжүүлсэн С.Баяр түүнийг оролдож эхэлнэ гэж айж байна. Найман жил дараалан нарийн судалгаатай бичигдсэн хавтаст хэргийн материал дурын сонины архиваас олдоно. Эхнийх нь их өрийн асуудал. Н.Энхбаяр нэр дэвших нь МАХН-д өөрт нь асар муу нөлөөтэй байгаа юм. Хэрэв тэгвэл их өрийг тэглээгүй буруутан нь ганцхан Н.Энхбаяр биш, давхар МАХН болно. Зөвхөн үүнээс болж МАХН өөрөө Н.Энхбаярыг унагахын түүс болж байгаа юм. Бодлогын хувьд ярихад л Н.Энхбаярыг дэвшүүлчихээд түүнийг унагахын тулд их өрийн асуудлыг лавшруулан гүнзгийрүүлж, улсаа өрөнд оруулах хэрэгцээ байхгүй юм. Энэ бол Н.Энхбаярыг унагахын тулд 180 сая ам.доллар зарлагадах хэрэг гарна гэсэн үг. Яахав их өрийн зөрүү 22 сая ам.долларыг Н.Энхбаяраас шахаж гаргуулдаг юм гэхэд цаана нь 160 хол гарсан ам.долларын өр хаанаас гарах вэ?
Хэрэв Н.Энхбаярын энэ талын жагсаалтыг үргэлжлүүлбэл эртний дарагдмал казиногийн хэргээс эхэлнэ. ТЕГ одоо С.Баярын найз Р.Болдын мэдэлд байна, Хэрэв энэ асуудлыг сөхөж эхэлбэл олон хүн хумигдаж толгойгоо барих хэрэг гарах байх. Казиногоор эхэлж, их өрөөр дууссан энэ жагсаалтын хооронд лав л 30 гаруй “асуудал” бий юм.  
Н.Энхбаяр дэвшлээ гэхэд одоогийн энэ байдлаар бол МАХН Н.Энхбаярыг унагах гэж бүх хүчээ дайчлах нь. Хэрэв ялагдвал дараалан сонгуульд ялагдсаны хариуцлага С.Баярт биш Н.ЭНхбаярт өөрт нь оногдох учраас сөрж ажиллахдаа МАХН ямар нэг хариуцлагаас харин ч нэг айхгүй байлгүй дээ. Ийм нөхцөлд Н.Энхбаярыг парламентад оруулж ирснээс бараг дахин сонгууль явуулсан нь дээр байлгүй.  
Хамгийн анхны ажиглалтаар бол Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх оролдлого нь намаа яалт ч үгүй хуваачихаж байна. Энэ урхагтай хуваагдмал байдал нь алсдаа Н.Энхбаярын гараар МАХН-ыг багалзуурдахын цондон. Хэрэв намаас гадуур Н.Энхбаяр дэвшдэг юм бол МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярыг хуваагч болж хувирна гэсэн үг.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив